Categories
мэдээ нийгэм

Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сард Япон Улсад хийсэн айлчлалын мөрөөр эрүүл мэнд, анагаах ухааны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжин, хоёр орны иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр Японы талтай идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.

Энэ тухай Санамж бичигт талуудыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Япон Улсын “Токүшюүкай медикал групп”-ийн Ерөнхийлөгч Хигашиүэ Шиничи нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд талууд:

-Улсын Гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн Зүрх, судасны төв байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах;

-Монгол Улсад оношилж чаддаггүй эмгэгүүдийг зөв оношилж, эмчилгээ хийх чиглэлээр монгол эмч нарт мэргэжил эзэмшүүлэх, боловсон хүчин бэлтгэх;

-Монгол Улсад эмчлүүлэх боломжгүй зарим өвчнийг Япон Улсад оношлуулах, эмнэл зүйн тусламж авах, Япон Улсын нарийн мэргэжлийн эмч нар сургалт хийх зэргээр хамтран ажиллана.

Шаардагдах зургаа хүртэл тэрбум иений санхүүжилтийг Япон Улсын “Токүшюүкай медикал групп” бүрэн хариуцах юм.

Санамж бичигт гарын үсэг зурахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх, “Монгол-Японы Тогтвортой хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярсайхан, “Токүшюүкай медикал групп”-ийн “Шоонан Камакүра” эмнэлгийн Ерөнхий захирал Кобаяаши Шюүзо, “Токүшюүкай медикал групп”-ийн Захиргааны газрын дарга Ишикава Ичиро, “Токүшюүкай медикал групп”-ийн Олон нийттэй харилцах газрын Ерөнхий менежер Үэда Ноборү нар байлцав.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Швейцарын эрдэмтэд усны уураас устөрөгч гаргаж авдаг төхөөрөмж бүтээжээ DNN.mn

Швейцарын эрдэмтэд агаараас усны уурыг шингээж, гэрэл ашиглан устөрөгч, хүчилтөрөгч болгон задалдаг төхөөрөмж бүтээсэн байна. Ийм төхөөрөмжийг нарны эрчим хүчний нөөцийг устөрөгчийн түлш хэлбэрээр бий болгоход ашиглаж болно гэж Лозаннагийн Политехникийн сургуулийн (EPFL) хэвлэлийн алба мэдээлэв.

“Бид Нарны энергийг устөрөгч үйлдвэрлэхэд ашигладаг системийг бий болгоход маш энгийн бөгөөд өргөжүүлэх боломжтой аргыг боловсруулж чадсан” гэж EPFL-ийн судлаач Марина Каретти ярилаа.

Сүүлийн 20 жил физикчид усны ууранд агуулагдах усны молекулуудыг гэрэл эсвэл эрчим хүч ашиглан хүчилтөрөгч, устөрөгч болгон ялгадаг олон тооны катализатор эсвэл ус задлах төхөөрөмжүүдийг бүтээжээ. Одоогоор ийм төхөөрөмжүүдийг амьдрал дээр хэрэглэдэг болтол хол байгаа ба үүнд устөрөгч, хүчилтөрөгчийн үйлдвэрлэлийн өртөг их, бүрдүүлж байгаа хэсгүүдийнх нь бат бөх чанар муу зэрэг хүчин зүйлс саад болж байгаа ажээ.

Устөрөгчийн энэ үүсгүүрийг нүдэнд ил хийн тархалтын электродуудыг хөгжүүлсний ачаар бүтээсэн байна. Цахиурын ислийн сэмэрдэс, цагаан тугалганы ислийн ялтсаас бүрдсэн сиймхий, тунгалаг тусгай бүтцийг ингэж нэрлэдэг бөгөөд дотор нь фторын атомын жижиг хэсгүүд байдаг аж. Энэ бүтцийн холбоосууд нь /нити/ агаарт байгаа усны молекулуудыг идэвхтэй шингээдэг бол цагаан тугалганы ислийн ялтсууд болон тэдгээрт холбогдсон металл ба полимерийн нэгдлүүдийн давхаргууд нарны цацрагийг шингээж, энергийг нь цахилгаан гүйдэл болгон хувиргадаг байна.

Энэхүү материалыг ашиглан эрдэмтэд нарны устөрөгчийн үүсгүүрийн загварыг бүтээжээ. Энэ нь хийн тархалтын электрод болон мембран бүхий сав бөгөөд энэ үүсгүүр нь зөвхөн устөрөгчийн түлшийг өөрөөрөө дамжуулдаг аж. Туршилтын явцад уг төхөөрөмж нь усны уурыг амжилттай шингээж, задалжээ. Ингэхдээ төхөөрөмжид шингэсэн гэрлийн энергийн 40 орчим хувийг ашиглан усыг задалж байгааг дараагийн туршилт харуулсан байна. Физикчдийн хэлснээр, энэ төхөөрөмж нь хүний оролцоогүйгээр маш удаан ажиллах чадвартай гэнэ. Харин түүнийг ажиллуулахын тулд нарны гэрэл, цэвэр агаар зайлшгүй хэрэгтэй байна.

Цаашдын туршилтууд нь хүн төрөлхтнийг устөрөгч дээр суурилсан сэргээгдэх эрчим хүчийг бий болгоход ойртуулна гэж эрдэмтэд найдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч дипломыг зогсоох блокчэйн үйлчилгээг нэвтрүүлнэ DNN.mn

Хуурамч диплом, оюуны өмчийн хулгай гардаг цоорхойг бөглөж, цаашид хуурамчаар диплом олгодог хууль бус үйл ажиллагааг эцэслэх блокчэйн үйлчилгээ нэвтрэхэд бэлэн болжээ.

Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв, Корэкс ХХК хамтран их, дээд сургуулиудын дипломыг блокчэйнээр дамжуулан бүртгэх үйлчилгээний хөгжүүлэлтийн ажил дууссан байна.

Эхний туршилтыг Монгол Улсын Их сургуулийг түшиглэн зохион байгуулсан бөгөөд тус сургууулийн 2022 оны төгсөлтийн 2300 орчим оюутны боловсролын баримт бичгийг блокчэйнээр бүртгээд байна.

Өнөөдрийн байдлаар блокчэйн үйлчилгээг нэвтрүүлэхээр СЭЗИС гэрээ байгуулсан бол 13 сургууль уулзалт хийж хүсэлтээ ирүүлээд байна. Энэ жил их дээд сургууль төгсөх 10 сургуулийн 5400 оюутны дипломыг блокчэйнээр бүртгэх бэлтгэл ажлыг хангажээ.

Categories
мэдээ нийгэм

Хойлог шувууг хууль бусаар тээвэрлэж байсныг илрүүлжээ DNN.mn

Хойлог шувууны махыг 600 мянган төгрөгөөр худалдах гэж байхад нь  баривчиллаа – updown.mn

“Баян-Өлгий аймагт хойлог шувуу тээвэрлэж байна” гэсэн дуудлага энэ сарын 4-нд буюу өчигдөр 17:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, Баян-Өлгий аймгийн оршин суугч 35 настай, Ж гэх эрэгтэй Ховор амьтны жагсаалтад багтсан нэг хойлог шувуу хууль бусаар тээвэрлэж байсныг илрүүлж үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хууль бус ан агнахгүй байх, хууль бус ангийн гаралтай түүхий эд хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 53 жолооч согтуугаар жолоо барьж, 104 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

5 Dangers of Drinking and Driving

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1370, хулгайтай холбоотой 28, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 113, гэмт хэргийн шинжтэй 88 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 53, хүний биед халдсан 50, эрүүлжүүлэх байранд хоносон 104 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Монголчууд ирэх онд нэг сая жуулчин хүлээн авна DNN.mn

Цар тахал аялал жуулчлалын салбарын хэв маягийг өөрчилж, шинэ сэргэлтийг бий болгож байна.

Энэ хэрээр Монгол Улс аялал жуулчлалын салбарынхаа стратегийг улам боловсронгуй болгон шинийг сэдэж, гадны жуулчдыг татахад анхаарч эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байна. Энэ хүрээнд “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо”-г байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж ажиллаж байгаа юм. Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байхаас гадна үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын жилийн хуанлиг гаргалаа.

Улмаар аль ч улсын жуулчид Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандартыг бий болгох зорилгоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог байгуулан ажиллаж байна. УИХ-аас Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн батлахаар ажиллаж буй бөгөөд ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахалж байгаа юм. Аялал жуулчлалын тухай хуулиар тус салбарт хэд, хэдэн чухал зохицуулалтуудыг шийдэх шаардлагатай байгаа. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг дангаараа бүрдүүлдэг эл салбарын хувьд эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарна хэмээн Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Энэ хүрээнд Монгол Улс аймгуудаа өөр, өөрийнх нь онцлогт тохируулан аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх зорилт тавиад байна. Тодруулбал, манай улс аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёлын нөөцдөө тулгуурлан бүсчилж хөгжүүлэхээр болов. Тухайлбал, зүүн бүсэд түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх өндөр боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ хүрээнд тухайн бүсүүдэд зочид буудлын хүрэлцээ зэрэг аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах шаардлагатай нүүр тулж байгаа. Энэ бүхнийг Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлсэн найруулгад тусгаж буйгаараа онцлогтой. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, аялал жуулчлалын экспортын шинэ боломжийг нээхэд анхаарах юм. Тухайлбал, агаарын тээврийг төрөлжүүлэх хүрээнд 4-5 агаарын тээврийн боомтыг бий болгох замаар Хөвсгөл, Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлнэ. Энэ хүрээнд олон улсын шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн Улаангом хотоос ОХУ-ын хотууд руу шууд нислэг үйлдэхээс гадна хөвсгөл, хэнтий аймагт 4с зэрэглэлийн нисэх буудлыг бий болгон хөгжүүлэхээр тусгаад байна.

Үр өгөөжтэй, эдийн засагт чухал үүрэгтэй, байгаль орчинд хор нөлөөгүй аялал жуулчлалын салбарт цар тахлаас үүдэлтэй бууралт бий болсон ч эргээд сэргэх хандлага ажиглагдаж байгаа. Тус салбарт хийсэн судалгаа, дүн шинжилгээгээр жуулчдын тоо бага байгаа нь гурван шалтгаантай гэж үзжээ. Нэгдүгээрт, гадагш чиглэсэн маркетинг нэгдсэн бодлогоор хангах, нисэхийн либеральчлалыг яаралтай хийх, олон орны жуулчдын онцлогт тохирсон үйлчилгээний стандартыг бий болгох нь чухал гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тиймээс Монгол Улс 2023-2025 онд жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байна.

Цар тахлаас хойш аялагчдын хандлага тэс өөр болж ирсэн. Дэлхий дахинаа аялал жуулчлал хурдацтай хөгжиж, аяллын нэгдсэн үйлчилгээ онлайн хэлбэрт шилжсэн. Чамгүй хөрөнгө оруулалт, технологийн хөгжүүлэлт шаардсан энэхүү салбарт дотоод, гадаадын аялал жуулчлалд онлайн захиалгын цогц үйлчилгээг нэвтрүүлэхээс эхлээд монголчууд шинэчлэлүүд хийж эхэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 66 мянган төгрөг төлнө DNN.mn

ЭМДЕГ: Эмнэлэгт ЭМД-ын дэвтэргүйгээр регистрийн дугаараар болон хурууны  хээг уншуулж үзүүлэх боломжтой

Эрүүл мэндийн даатгалд иргэн сард 2020-2022 онд 4200 төгрөг, жилд 50,400 төгрөгийг төлдөг байсан. Тэгвэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор сард 5500, жилд 66 мянган төгрөгийг төлөхөөр болжээ.

Цалингийн доод хэмжээ нэмэгдснээр эрүүл мэндийн даатгалийн мөнгө хэрхэн нэмэгдэх талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодрууллаа, “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна гэж заасан байдаг. Энэ дагуу эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээх бөгөөд өмнө онд сарын 4200, жилийн 50,400 төгрөгийг төлдөг байсан. Тэгвэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор сард 5500, жилд 66 мянган төгрөгийг төлөхөөр болсон” гэлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар 19 нас хүрсэн өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч болж ЭМД-ын тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал хамрагдах үүрэгтэй. Хэдийгээр өвдөөгүй ч ирээдүйд учирч болох эрсдлээс сэргийлэн ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлснөөр бүх төрлийн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжтой. Төлсөн шимтгэл өвдөж, шаналсан хэн нэгний эрүүл мэнд, амь насыг хамгаалж байдаг.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх төлбөр:

  • 2016 он 46,080 төгрөг,
  • 2017он 57,600 төгрөг,
  • 2018 он 28,800 төгрөг,
  • 2019 он 38,400 төгрөг,
  • 2020 он 50,400 төгрөг,
  • 2021 он 50,400 төгрөг
  • 2022 он 50,400 төгрөг төлнө
Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсад жуулчлахад визийн шаардлагаас чөлөөлөгдсөн 34 улсын жагсаалт DNN.mn

Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлсөн билээ. Тэгвэл визийн шаардлагаас чөлөөлөгдсөн 34 улсын мэдээллийг хүргэе.

Бүгд Найрамдах Австри Улс

Бельгийн Хаант Улс

Унгар Улс

Бүгд Найрамдах Грек Улс

Данийн Хаант Улс

Испанийн Хаант Улс

Бүгд Найрамдах Итали Улс

Бүгд Найрамдах Латви Улс

Бүгд Найрамдах Литва Улс

Лихтенштайны Хаант Улс

Люксембургийн Их Гүнт Улс

Бүгд Найрамдах Мальт Улс

Нидерландын Хаант Улс

Бүгд Найрамдах Польш Улс

Бүгд Найрамдах Португал Улс

Бүгд Найрамдах Словак Улс

Бүгд Найрамдах Словени Улс

Бүгд Найрамдах Финланд Улс

Бүгд Найрамдах Франц Улс

Бүгд Найрамдах Хорват Улс

Бүгд Найрамдах Чех Улс

Шведийн Хаант Улс

Бүгд Найрамдах Эстони Улс

Норвегийн Хаант Улс

Бүгд Найрамдах Исланд Улс

Швейцарын Холбооны Улс

Бүгд Найрамдах Болгар Улс

Бүгд Найрамдах Ирланд Улс

Бүгд Найрамдах Кипр Улс

Румын Улс

Монакогийн Хаант Улс

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс

Австралийн Холбооны Улс

Шинэ Зеланд Улс

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

ЧУУЛГАН: Хархорум хот байгуулах хүрээнд 250.5 мянган га бүхий гурван газрыг сонгосон DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ц.Туваан нар Орхон голын хөндий нь нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний Луут хот, Уйгурын Хар балгас, Тахай балгас хэмээх нийслэл хотууд сүндэрлэж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг болохыг тодотгоод Хархорум хотыг бүтээн байгуулахад хэдий хэмжээний мөнгө санхүү шаардлагатай болох, хэдэн хүнтэй суурин байх талаар тодрууллаа. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Орхоны хөндийд хот байгуулахтай холбоотой БХБЯ, БШУЯ хэд хэдэн удаагийн судалгаа хийлгэсэн. Өнгөрсөн онд манай яам 400 орчим сая төгрөг зарцуулж, хотын байршлын ТЭЗҮ-ийг боловсруулах гэрээг хийгээд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гурван байршлын санал орж ирээд буй. Нэгдүгээр хувилбар бол Тоглохын талд 40.4 мянган га, хоёрдугаар хувилбар Өгий нуур орчимд 168.6 мянган га, гуравдугаар хувилбар нь Онгоцон хөндийд 41.4 мянган га, нийт 250.5 мянган га газрыг судлаад явж байна.

Шинэ хотын байршил тогтоосон судалгааг 2005 онд хийж, 2006 онд “Энэхүү судалгаа нь хэрэгжих боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан. УИХ-аас хот байгуулах шийдвэр гарсан тохиолдолд нэгдүгээрт хот байгуулах ТЭЗҮ-г боловсруулна. Түүний дараа дээр дурдсан байршлуудын аль дээр хэчнээн га газарт хотыг байгуулах вэ гэдэг асуудлаа шийднэ. Ингэхийн тулд уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын түвшинд шийдэх зэрэг ажлууд хүлээгдэж байна. ТЭЗҮ гарсны дараа хэдий төгрөгийн санхүүжилт шаардагдах, хэдэн хүн амтай байх гэх зэрэг асуудал илүү тодорхой болно” гэсэн тайлбарыг өгч байв.

Categories
мэдээ улс-төр

Х.Нямбаатар: Хоёр гишүүн үл ялиг маргасан юм шиг байна. Нэр усыг нь хэлээд яах вэ DNN.mn

Тайлбар байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн өрөөнд нэр бүхий хоёр гишүүн нударга зөрүүлсэн гэх мэдээлэл гараад байна.

Мөн Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар Д.Пүрэвдорж гишүүний өрөөнд орж, тэдэнтэй уулзсан тухай ч мэдээлэл гарсан юм. Тухайн үед юу болсон талаар сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид тодрууллаа.

Тэрбээр “Хоёр гишүүн маргасан бололтой байна. Өөрсдөө ярих байх. Би гэрч биш.

Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирснийг шалгуулахын тулд Төрийн ордны хуулиар цагдаагийн байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын байгууллага руу хандаж, орох зөвшөөрөл авдаг. Түүнийг нь оруулах ёстой гэдгийг л хэлсэн. Бүрэлдэхүүн нь ирсэн.

Хоёр гишүүн хоорондоо үл ялиг маргасан асуудал байгаа юм шиг байна. Би нэр усыг нь хэлээд яах вэ” гэв.