Categories
мэдээ нийгэм

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ, нөхцөл байдлын судалгааны үр дүнг хэлэлцлээ DNN.mn

Цэцэрлэгийн 2-р ээлжийн бүртгэл өнөөдөр эхэлж байна ~ Toim.mn: Tодорхой  тоймлоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаварын үнэлгээ хийж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгцээг тодорхойлж, холбогдох стандарт болон эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах зорилгоор “Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ”, “Үйлчилгээний нөхцөл байдлын судалгаа”-г хийж явцын тайланг мэргэжлийн байгууллагуудад хэлэлцүүллээ.
Үүнд:

1. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн өнөөгийн байдал, судалгааны үр дүнгээр :

Хууль, журамд заасан зарим зохицуулалтын давхардлыг арилгах, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг тогтолцооны хувьд системчлэх, цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болохыг онцолсон.

2. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал судалгааны үр дүнд:

Хүүхэд харах үйлчилгээ нь хүүхдийн эрхийг хамгаалж, хөгжлийг дэмжсэн нийгмийн халамж, хамгааллын шинэ үйлчилгээний эхлэлийг тавьж цаашид энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлэх суурь нь болсон байна. Мөн эцэг эхийн сонирхол хэрэгцээнд нийцсэн нээлттэй, уян хатан үйлчилгээний шинэ төрөл бий болсон байна.

Хүүхэд харах үйлчилгээнд улсын төсвөөс хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгож ирсэн нь хүүхдийн эрхийн үндсэн зарчмуудыг хангаж сургуулийн өмнөх насны хүүхэд бүрт төрөөс үзүүлж буй үйлчилгээг ямар нэгэн ялгаварлалгүй тэгш хүргэх нөхцлийг бүрдүүлсэн байна.

Төрийн үйлчилгээг Монгол Улсын 18-65 насны дунд боловсролтой иргэд эрхэлж болно гэж заасан нь ажилгүй байсан эмэгтэйчүүдийг ажлын байртай болоход чухал хувь нэмэр оруулж, 2016-2022 оны хооронд 5700 хүүхэд харагч ажиллаж иржээ.

Гэртээ хүүхдээ хараад ажил эрхлээгүй байгаа эцэг эхчүүд ажлын байртай болох, гэр бүлийн орлогоо нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ гэсэн дүгнэлт гаргасан байна

Categories
мэдээ нийгэм

Х.НЯМБААТАР: УБТЗ-ын албан тушаалтан Б гэх хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийн хураан авсан DNN.mn

Х.НЯМБААТАР: “Суруга Монгол” ХХК-ийн захирал Цүнэяки Харадтай холбоотой  хэргийг дахин шалгаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Улаанбаатар төмөр замын албан тушаалтан Б гэх хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7,3 тэрбум төгрөгийн хураан авсан. Иргэн Б-г 48 цагийн хугацаатай баривчилсан. Мөн дөрвөн тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх хэргээр мөрдөн шалгаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж, Монгол улс анх удаа 800.000 гаруй иргэнээ хамруулж чадлаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, өөрийгөө эрүүл гэж тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм.
Тус үйл ажиллагааг улс орон даяар хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах ажлын хүрээнд 2020-2022 онуудад нийслэлийн таван дүүрэг, лавлагаа шатлалын хоёр эмнэлэг, 20 аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эрүүл мэндийг дэмжих төв”-үүдийг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийн сургалтыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан билээ.
2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд 800,000 гаруй мянган иргэн хамрагдсан.
Мөн алслагдсан сумд, цэргийн ангиуд, цэргийн албан хаагчдын ар гэр, төмөр замын зангилаа өртөөнд ажиллаж, амьдарч буй иргэдийг Эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор УБТЗ-ийн Төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлгүүдтэй хамтран хөдөлгөөнт оношилгооны үйлчилгээг үзүүлж байна.

Цэргийн төв эмнэлгийн хувьд эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон камаз маркын гурван автомашинаар иргэдэд бүрэн үзлэг, шинжилгээ, оношилгоог нийт 12 аймгийн 8000 гаруй насанд хүрсэн иргэдэд Эрт илрүүлгийн үзлэг оношилгоо, шинжилгээнд багтсан насны багцын үзлэгийг хийсэн байна. Тус эмнэлэг нь нийт зургаан удаагийн ээлжээр 126 хоног 22 эмч, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хөдөлгөөнт оношилгоог иргэдэд үзүүлсэн байна.
Үүнээс гадна УБТЗ-ын Төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны тусгай галт тэргээр шугам зам дагуу ажилладаг төмөр замчид болон долоон аймгийн орон нутгийн иргэдийг орчин үеийн төрөлжсөн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд таван удаагийн аялалаар 23 эмч, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 1500 орчим иргэдийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоо шинжилгээнд хамруулсан.
Хөдөлгөөнт оношилгооны төвүүд 2023 оны тавдугаар сар хүртэл төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдийг хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид амьдралын чанарт ноцтой өөрчлөлт гаргаж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.
Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, лабораторийн шинжилгээгээр биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит В, С, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, багажийн шинжилгээгээр зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийлгэж, эмчийн үзлэг, дүгнэлт, зөвлөгөөг авч байна.
Иргэд дараах зургаан насны бүлгийн багцын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байна. Үүнд:

  1. 0-5 насны багц
  2. 6-17 насны багц
  3. 18-30 насны багц
  4. 31-45 насны багц
  5. 46-60 насны багц
  6. 61-ээс дээш насны багц

0-17 насны хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдаж байгаа бол насанд хүрсэн иргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн урилга, зохицуулалттайгаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас сонгох байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээний багцад хамрагдаж байгаа юм.
Насанд хүрэгчдийн хувьд 4 насны багцаар 11-17 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ҮСХ: Инфляцын түвшин 13.2 хувьтай гарлаа DNN.mn

Инфляцын түвшин 13,2 хувьд хүрчээ. Энэ талаар ҮСХ-оос мэдээллээ.

Тодруулбал, “Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өсөхөд, Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.4 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ DNN. mn

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнгөрсөн шөнө өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа байхад нь эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан байна.

Тодруулбал, С.Батдөл нь 2021 онд томилогдож, богино хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан аж. Албан тушаалд томилогдсон цагаасаа өөрийн хамаарал бүхийн тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагааг явуулдаг байсан байна. Мөн өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр олон үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валютыг хуримтлуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийнх нь нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Урьдчилсан дүнгээр 71.1 сая толгой мал тоологдов DNN.mn

Статистикийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллогыг 2022 оны 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулсан.

Тооллогын урьдчилсан дүнгээр 2023 оны нэгдүгээр сарын 5-ны байдлаар 71.1 сая мал тоологдоод байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 5.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Малын төрлөөр авч үзвэл, адуу 4.8 сая, үхэр 5.5 сая, тэмээ 470 мянга, хонь 32.7 сая, ямаа 27.6 сая тоологдов.

2022 оны мал тооллогын жилийн эцсийн урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 6.3 сая, Архангай аймаг 5.9 сая, Төв аймаг 5.11 сая, Хэнтий аймаг 5.1 сая, Сүхбаатар аймаг 4.6 сая мал тоолуулж тэргүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг 9 эрэгтэй, 2 эмэгтэй гишүүнтэйгээр байгууллаа DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, хуралдааныг даргалагч хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар нийт 88 хуулийн төслийг эцэслэн батлахаар товлосны зэрэгцээ Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төсөл, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай, “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийн зохих шатны хэлэлцүүлгийг хийнэ. Үдээс хойших хуралдаанаар “Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар”-х Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор товлосныг УИХ-ын дарга хэллээ.

Ингээд УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаас Төрийн байгуулалтын байнгын хороо руу буцаагдсан “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг тогтоолын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах гишүүдийн нэрсийг батлах явдал юм. Анх оруулж ирсэн хувилбарт эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулсангүй гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүд чуулганы өчигдрийн хуралдааны үеэр дэвшүүлсэн тул байнгын хороо өчигдөр дахин хуралдаж, нэрсийг шинэчлэн оруулж ирсэн байв. Үүнд,

1. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин

2. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг

3. Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс

4. Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар

5. Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар

6. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од

7. Хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах

8. Радио электроникийн инженер Д.Моондой

9. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан

10. МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан

11. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын нэрс багтсан байна. Эдгээр нэрс дотор өмнө нь нэр дэвшсэн 9 эрэгтэй болон хоёр эмэгтэйн нэрийг дэвшүүлсэн аж.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсаар байвал энэ хууль чинь сэг болно. Бид энэ удаа өөрчлөлт оруулвал, дараагийн улстөрчид мөн эл хуульд өөрчлөлт оруулах гэнэ. Хэрэв өөрчлөлт оруулах дээрээ тулвал Ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. Үндсэн хууль бол бидний хамгийн дээд дүрэм. Үндсэн хуульдаа үе үе өөрчлөлт оруулах нь үндэсний эрх ашигт нөлөөлөх эрсдэлтэй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэхүү зөвлөлдөх санал асуулгад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн тодорхойлж, гарц гаргалгаа гаргана” гэсэн зорилтыг дэвшүүлсэн хэмээсэн тайлбарыг өглөө.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжив.

Categories
мэдээ цаг-үе

Их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчид эрүүл мэндийн даатгалд сарын 5500 төгрөг төлнө DNN.mn

2022 оны иргэн, ААН-ийн төлөх эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ –  updown.mn

Цалингийн доод хэмжээ 550,000 төгрөг болсонтой холбогдуулан сайн дурын эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгджээ. Их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчид 19 наснаас эхлэн сайн дурын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хувиараа төлж эхэлдэг.

Энэ талаар Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас тодруулахад “Их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчид сайн дурын эрүүл мэндийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувьтай тэнцэх мөнгөн дүн буюу сарын 5,500 төгрөг, жилийн 66,000 төгрөг төлөхөөр болсон.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх оюутнууд ebarimt системээр дамжуулан тухайн жилийнхээ хувь хэмжээгээр төлж болно. Сайн дурын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2019 онд жилийн 38,200 төгрөг, 2020-2022 онд жилийн 50,400 төгрөгөөр нөхөн төлөх боломжтой.

Оюутнууд сайн дурын эрүүл мэндийн даатгалаа цаг тухайд нь төлснөөр “Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар”-тай гэрээт 2,300 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн үйлчилгээ авах бүрэн боломжтой” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Шатар сонирхогчдын 11 дэх удаагийн УАШТ-ий шигшээ тоглолт маргааш эхэлнэ DNN.mn

Шатар олимпод орохын төлөө

Үндсэн хуулийн өдрийг угтан УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт маргааш Төрийн ордонд эхэлнэ.

УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй энэ удаагийн Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч бүртгүүлснээс шигшээ тоглолтод 138 шатарчин оюун ухаанаараа өрсөлдөхөөр тунаад байна. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн нь анхан шатны (сум, дүүрэг), хагас шигшээ (аймаг, нийслэл), шигшээ тэмцээн гэсэн гурван үе шаттайгаар явагдаж байна.

Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн 1 жилийн хугацаанд чансаа нь 2000, эмэгтэй шатарчдын хувьд 1800-аас илүүгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид оролцох эрхтэй аж. Хоёр өдрийн турш болох шигшээ тэмцээнд оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглох бөгөөд эхний гурван байранд шалгарсан эмэгтэй, эрэгтэй оролцогч тус бүр спортын дэд мастер цолын болзлыг хангана. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авах юм.

ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГУУД

Эрэгтэй ангилал

2013 он Гомбожавын Саран-Эрдэнэ (Налайх)

2014 он Болдын Мөнхбаяр (БЗД)

2015 он Санжидын Алтангэрэл (Налайх)

2016 он Баасанжавын Цэцэнбаатар (Хөвсгөл)

2017 он Энхээгийн Энх-Амгалан (Мончесс)

2018 он Ганболдыи Амарсанаа (Хэнтий)

2019 он Алтанхуягийн Золжаргал (Орхон)

2020 он Дашдаваагийн Дүүрэнжаргзл (Дорнод)

2021 он Нармандахын Билгүүн (Өмнөговь) онлайн

2022 он Энхтунгалагийн Түвшинтөгс (Говьсүмбэр)

Эмэгтэй ангилал

2014 он Гэрэлчулууны Номин (Сэлэнгэ-Өмнөговь)

2015 он Төмөрбаатарын Март (Дархан-Уул)

2016 он Жаргалантуулын Даваасүрэн (ХУД)

2017 он Ганбаатарын Отгонтуяа (Хөвсгөл)

2018 он Эрдэнэбаатарын Одгэрэл (Дорноговь)

2019 он Өсөхбаярын Уянга (Баянзүрх)

2020 он Батнасангийн Халиун (Өмнөговь-НШХ)

2021 он Рустемийн Айганым (Баян-Өлгий) онлайн

2022 он Ганболдын Санчирдулам (ХУД)

Categories
мэдээ цаг-үе

ЭРЭЭН: Монгол иргэдийг хүлээж авахаар 22 зочид буудал бэлджээ DNN.mn

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн гурван жилийн дараа буюу энэ сарын 8-ны Ням гаргийн 08:00 цагт нээгдэх гэж байна. Эхний ээлжид манай улсаас 300 зорчигч автобусаар тус хот руу нэвтрэх юм.

Эрээн хотод сүүлийн гурван жил гадаадын иргэд зорчоогүй учраас хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаагүй ч монгол иргэдийг хүлээж авахаар 22 зочид буудлыг бэлджээ. Эдгээр зочид буудлын нэр, үнийн саналын талаарх мэдээллээ ирүүлсэн тухай албаны хүн мэдээлж байв.

Доорх жагсаалтаас харвал зочид буудлуудын өрөөний үнэ 45-288 юанийн хооронд байна. Монголбанкны өнөөдрийн ханшаар нэг юань 508 монгол төгрөгтэй тэнцэж байна.

зураг

Эх сурвалж: ГХЯ

Ингээд Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэхэд үйлчлэх зохицуулалтуудыг ГХЯ-наас мэдээлснээр хүргэж байна.

  • БНХАУ-ын гаалийн аппликэйшныг ухаалаг гар утсаараа эсвэл цаасан хэлбэрээр англи болон хятад хэл дээр бөглөж, урьдчилан мэдүүлнэ.
  • Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд явахаасаа 48 цагийн өмнө PCR шинжилгээний сөрөг хариутай байна. Коронавирусийн халдварын халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн болон PCR шинжилгээний хариу эерэг гарвал Хятадын хилээр нэвтрүүлэхгүй.
  • БНХАУ-д зорчоод буцаж ирж буй монгол иргэд эрүүл мэндийн асуумж бөглөнө.
  • Монгол Улсад ирэх хятад иргэд эрүүл мэндийн асуумж бөглөж хил нэвтэрнэ.
  • Ням гаргаас 8-аас доош хүний суудалтай, 20 машиныг өдөрт хилээр нэвтрүүлнэ. Суудлын автомашинд авч явах ачааны хязгаарыг хатуу баримтална. Тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын талын түншээрээ дамжуулан тус улсын гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ.
  • Эрээн хот руу өдөрт нэвтрэх ачаа тээврийн 100 машины бүртгэлийг Замын-Үүд дэх АТҮТ хариуцна. Монгол жолооч нар хил гараад тусгаарлагдахгүй. Өөрсдөө ачаагаа ачна. Хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.
  • Ачаа барааг машины заагдсан даацаас хэтрүүлэхгүй байна. Даац хэтэрсэн бол Эрээн хотын гаалийн ухаалаг систем гаргахгүй. Орж ирж буй барааны хадгалах хугацааг шалгах, халдваргүйжүүлэлтийг гаалийн байгууллага холбогдох журмын дагуу хийнэ.
  • БНХАУ аялал жуулчлал болон эмчилгээний зорилгоор зорчих иргэдийг нэвтрүүлэхгүй.
  • Хуучин загварын “УАЗ-469” маркийн машиныг хил хооронд ашиглахгүй.