Categories
мэдээ нийгэм

Монгол Улс 2010-2021 онд цахим шилжилтэд 919 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар мэдээлэл сонсов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл цахим шилжилтэд Монгол Улс хэр хэмжээний мөнгө зарцуулсан талаар асуув.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайд Н.Учрал “2010-2021 оны хооронд яам болон тэдний харьяа байгууллагуудад нийт 904 цахим хөтөлбөр хэрэгжүүлж, 919 тэрбум 150 сая төгрөг зарцуулсан.

Эдгээр төсөл хөтөлбөрийн

  • 43 хувь буюу 395.2 тэрбум төгрөг нь хандивлагч орнуудын зээл, буцалтгүй тусламж
  • 53 хувь буюу 487.1 тэрбум төгрөг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаас бүрдэж байгаа” гэж хариуллаа.
Categories
мэдээ нийгэм

Алслагдмал зам, талбай, замын нуухны цэвэрлэгээг бүрэн, чанартай хийхийг үүрэг болголоо DNN.mn

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлага мэдээлэл өгөв.

Зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг 18 аж ахуйн нэгж хариуцан ажилладаг

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн хэмжээнд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж, байгууллагын 971 үйлчлэгч 78 машин техниктэйгээр 13.2 сая ам метр зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь 180 км гаруй зам буюу гол магистрал замууд, дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд туслах зам талбай болон орон сууцны дундах 5.5 сая ам метр талбай, холбогдох ТҮК болон бусад аж ахуйн нэгж 4.7 сая ам метр талбайг хариуцан ажиллаж байгаа. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 4000 тонн гаруй давс, 2647 тонн бодис нөөцөлсөн. Энэ жил цас харьцангуй их орж байгаатай холбогдуулан давс, бодисын нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1786 тонн давс, 631.8 тонн бодисын үлдэгдэлтэй. Цаашид 1700 тонн гаруй давс, 527 тонн бодис татаж авна. Мөн дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагуудад татан авалт хийх чиглэлийг хүргүүлсэн. УБЗАА-наас дүүргүүдэд 675 тонн давсыг хүлээлгэн өгсөн. Мөн гэр хорооллын болон алслагдсан зам талбай, явган хүний замуудад цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлж байна. Ерөнхий менежерийн өгсөн чиглэлийн дагуу зам цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлын үнэлгээг хийнэ” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тохижилт, үйлчилгээний байгууллагууд өөрсдийн хариуцсан зам, талбайн цэвэрлэгээг хангалтгүй хийж байгааг онцолж, хүчин чадлаас шалтгаалан зарим тохиолдолд хувийн хэвшилтэй хамтрах боломж байгааг хэлж байлаа. Тэрбээр “Нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангахын тулд цэвэрлэгээг цаг алдахгүй хийх ёстой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэг хог ачилтын 11 шинэ машинаар шинэчлэл хийлээ DNN.mn

Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хог тээврийн байгууллагууддаа 11 шинэ хог тээврийн машин хүлээлгэн өглөө. Ийнхүү сүүлийн хагас жилийн дотор нийт 17 ширхэг хог тээврийн автомашиныг хүлээлгэн өгөөд байна. Өнөөдөр /2023.01.06/ хүлээлгэн өгсөн машинууд БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай Hyundai HD78 маркийн долоон автомашин, Hyundai HD170 маркийн дөрвөн автомашин юм. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд 8 тн хог шахаж ачих үйлдэлтэй ОХУ-д үйлдвэрлэсэн дөрвөн камаз маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн бол 2022 онд 5 тн хог шахаж ачих үйлдэлтэй БНСУ-д үйлдвэрлэсэн Hyundai HD78 маркийн зургаан автомашин, ОХУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалтын буюу өвлийн улиралд цас мөс цэвэрлэх, давс бодис цацдаг, зуны улиралд талбайн усалгаа, зам талбайн цэвэрлэгээ хийдэг хосолмол үйлдэлтэй хоёр автомашин тус тус шийдвэрлэн өгчээ.

Тодруулбал, 2021-2023 онд хог тээврийн 21, тусгай зориулалтын буюу зам цэвэрлэгээ, усалгааны хоёр авто машин зэрэг нийт 23 автомашиныг хог тээврийн байгууллагууддаа хүлээлгэн өгч парк шинэчлэлт хийлээ.

2023 онд ашиглалтын шаардлага хангахгүй машинуудыг бүрэн шинэчилж, парк шинэчлэлийг ажлыг үе шаттай үргэлжлүүлнэ хэмээн дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан жолооч нарт шинэ автомашинуудын түлхүүрийг гардуулан өгөх үеэрээ хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны тасалбарыг цахимаар бичүүлнэ DNN.mn

Нэгдүгээр сарын 8-ны өдөр Замын-Үүд-Эрээний хилийг нээж байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс улс хоорондын зорчих автобустай холбоотой мэдээллийг гаргасан. Тухайлбал, улс хооронд зорчих автобусны билетийг зөвхөн онлайнаар захиалах бөгөөд иргэд eticket.transdep.mn хаягаар хандаж, онлайн тасалбараа захиалах ёстой юм. Замын-Үүд-Эрээний автобус өдөр бүр 08:00, 08:30, 09:00, 09:30,10:00,10:30,11:00 цагуудад тээвэрлэлтийг гүйцэтгэх аж. Үнэ тарифийн хувьд том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 12500 төгрөгөөр зорчих аж.

Сануулахад, хилээр эхний ээлжид 300 зорчигчийг нэвтрүүлэх бөгөөд Монголоос Эрээнийг зорьж буй иргэд сүүлийн 48 цагийн дотор өгсөн PCR-ын шинжилгээний “сөрөг” хариутай байх ёстой юм. Тус хариугаа хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ тогтмол биедээ авж явах ёстойг мөн анхааруулсан байна.

Хэрэв тухайн иргэнд PCR-ын сөрөг хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцаах аж.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд цэвэр усны шугам задарч, таван айлын гэр усанд автжээ DNN.mn

ЦАГДАА ХОТХОН-АМГАЛАН” НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр буюу нэгдүгээр сарын 05-ны өдөр долоон цагийн орчимд цэвэр усны шугам задарснаас болж ойр хавийн айлууд усанд автжээ. Үүнд дүүргийн онцгой байдлын алба болон холбогдох албаныхан 24 цагийн турш ажиллаж засварын ажиллагааг үргэлжлүүлж байна. Нэг айлд 50-60 см хэмжээтэй ус орсон бөгөөд хажуу айлаар дамжсан байжээ. Одоогоор Цагдаа хотхоны айлууд зөөврийн усаар хэрэглээгээ хангаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна DNN.mn

Өнөө маргаашдаа Монгол-Алтай, Хэнтийн уулсаар ялимгүй цас орж, нэгдүгээр сарын 6-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -31…-36 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -27…-32 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуурын хотгороор -22…-27 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12…-17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -4…+1 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 01 дүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 7, 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.

Салхи 7-нд нутгийн зарим газраар, 9-нд Алтайн салбар уулсаар, 10- Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

О.Цагаанзам: Ариун цагаан сэтгэл, хайр Монголыг нэгтгэх ёстой гэж итгэдэг DNN.mn

Гэрэл зургийг Т.Чимгээ

Халимагийн алдарт туульч О.Цагаанзамтай долдугаар сард Улаанбаатарт ярилцсан юм.


-Таны дээлийн энгэр дэх тэмдэг содон харагдлаа. Таны залуугийн бичлэг, сүүлийн үеийнх дээр ч энэ тэмдэг давтагдаж байсан. Тэр нь ямар учиртай вэ?
-Овгийн тамга гэж байдаг. Баатад овгийн тамга ийм байсан.
-Гэр бүлийнхээ тухай яриач. Таныг тууль хайлахад яаж хүлээж авдаг вэ?
-Манайхан намайг тууль хайлахад хамт байсаар ижилдсэн хүмүүс шүү. Гурван хүүхэдтэй. Хоёр хүү, нэг хүүхэн. Гурван ачтай. Эхнэр маань авга нар овогтой. Төрөлх хэлний багш хүн.
-Ижил мөрний зүүн суга болох Ахтуба голын эрэг дагуу Алтан ордны нийслэл Бат хааны сарай (хот) байсан гэдэг. Халимагууд Бат хааныг дагалдаад Ижил мөрөн рүү очсон юм уу?
-Тэр бол анхны урсгал шүү. Бат хаан тийшээ очсон нь XIII зуун. Тэнд байршиж суурьшаад дайтаж, мөргөлдөөд тэгснээ Лалын шашинд орсон байна. Яваа яваандаа ногайчуудтай, холилдоод цугтаа байсан чинь XVII зуунд дахиад Монгол нутгаас торгуудын Хо өрлөг тайш энэ газрыг эзлээд, уугуул иргэдийг нь шахсан. Ногайчууд дунд бас монгол угсааныхан зөндөө шүү. Хонгирад, найман, хэрээд иргэд бас байсан. Тэд нь төрөлх хэлээ мартаад, турк хэлтэй болоод, Лалын шашинтай болж явсан үед Хо өрлөг Ижил мөрний хөвөөнд ирээд, ногайчуудыг эзэлж аваад, монгол угсаатныг тэднээс салгаж, заримыг нь буцааж үндэсний хэл, ёсонд оруулсан байдаг. 400 жилийн дараа ийм юм болж.
Одоо нэг сонин нь Биндэр сумын хавьд нэг нүдтэй хүний гавлын яс олдсон байна шүү. Дува сохорын түүхийг зөндөө хүмүүс худлаа гэдэг байсан. Дува сохор, Добу мэргэн ах дүү хоёр Бурхан халдун дээр зогсож байгаад, Дува сохор ганц нүдээрээ Алунгоог хараад, дүүдээ буулгаж өгдөг шүү дээ.
-Та Монгол Улсын иргэн болохыг хүсэж байсан. Ирлээ гэхэд элэг зүрхэнд ойрхон санагддаг нутаг ус байдаг уу?
-Надад хамгийн онцгой газар Бурхан халдун. Бурхан халдунаас Дува сохор, Добу мэргэн ах дүү хоёроос бид салбарлаад, явж явж Ижилийн хөвөөнд хүрсэн байна.Манайхны зарим нь өвөг дээдсийн нутаг Алтай гэдэг. Би бол бид Бурхан халдунаас гаралтай хүмүүс гэж боддог.
Бурхан халдун гэдэг нь бурхантай холбоотой гэсэн үг.Газрын хүйс гэж байдаг. Бурхан халдунаас бүгд гаралтай гэж би бодно.Хамгийн гол нь бид эцэг тэнгэртэй хэлхээ холбоогоо тасалж болохгүй.Орчлонгийн ёсоор амьдрах хэрэгтэй. Яаж амьдрах вэ гэхээр хариу нь “Жангар”-т бий.
-Таны хүсэлтийг хүлээж аваагүй, эсвэл хүлээж авах боломжгүй байсан тэр хүмүүст гомддог уу?
-Уралдаанд орсон морь толгойлж ирж чадахгүй бол юундаа гомдох билээ. Би ингэж боддог.Одоо Монгол гурван саяулаа. Үүн дээр гадагшаа гарсан монголчууд бас бий. Төв монгол гадагшаа гарсан монголчуудаа “шүүгээд” одоо хүртэл монгол чанараа алдаагүй хүмүүст давхар иргэншил өгөх хэрэгтэй гэж боддог. Тэгвэл Монгол гар, хөлөө сунгаж чадна.Нэг том дайсан учраад залгих гэтэл гар, хөл нь тэнийгээд, аманд нь багтахгүй шүү дээ.
Би заримдаа монгол найзуудтайгаа ярихдаа шоолно оо. Дээр үед дэлхийг эзлэх гээд сайн эрчүүд нь хурдан морио унаад, гараад явчихаж. Жижиг жаахан нусгай дүү нараа “Аав, ээжийгээ харж бай” гээд үлдээжээ. Олон жилийн дараа буцаад иртэл дүү нь ахыгаа танихгүй.(инээв) Миний бодлоор монгол геополитик бодох хэрэгтэй. Орос, Англи, Хятад, Америкт хүртэл монгол гаралтай эрдэм чадалтай хүмүүс олон бий.Тэдэнтэй холбоо, залгаатай байх учиртай.Хоёр иргэншлийн асуудлыг шийдчихвэл Монгол хүчирхэг, олуулаа болно шүү.
-Таны Бурхан халдунд тууль хайлж байгаа бичлэг харсан. Тэндээс их л эрчим хүч авсан байх гэж бодлоо?
– Бурхан халдуны хормойд нь тууль хайлсан юм. Бурхан халдундаа хүрээд, “Жангар”-ын хэсгээс хайлаад ирсэн. Бурхан халдунаа шүтээд, гал тахисан юм. Бид Бурхан халдунаас гаралтай хүмүүс шүү. Ижилийн хөвөөнөөс баатад Цагаанзам нь ирлээ, одоо хүртэл бид нь туулиа хайлаад, түүхээ мартаагүй явна гээд цэрэг маягаар илтгэсэн.
-Тууль хайлах зан үйл бөөгийнхтэй төстэй гэдэг. Ер нь туульчид бөөгийн онцгой чадвар байдаг болов уу?
-Тууль хайлж байхад зарим мэдрэмж төрдөг, харж үзэгдэж сонсогддог юм байдаг.
Алдарт богд Жангар бол үлгэр биш. Мухамед, Есүс, Буддагаас илүү манай бурхан
-Монгол гэрт, айл саахалтын цөөн хэдэн хүнд зориулж, тууль хайлж ирсэн уламжлалтай. Та Мексикт том танхимд “Жангар” тууль хайлж байсан. Том танхимд олон хүний өмнө тууль хайлахаар өөр мэдрэмж төрдөг үү, илүү их хүч шаарддаг уу?
-Эртний цагт амьдарч байсан өвөг дээдэс маань их л заяатай хүмүүс байж, дээрээс онгодоор тууль буулгаж өгсөн. Баруун Монголд 40 гаруй нэртэй тууль байсан гэж ярьдаг. Туулийг би тэнгэрийн их сургууль гэж боддог. 35 жил тууль хайлж байна. Хамгийн сонин нь гадаад хүмүүс хэл мэдэхгүй ч тууль их сонирхдог. 1200 хүн чимээгүй суугаад сонсож байсан. Манайхан өөрсдийнхөө үнэт зүйлийг анзаардаггүй, хүнийхийг шагшдаг. Гадаадад явахад тууль гэдэг агуу юм гэж мэдрэгдэж байна. “Хэл мэдэхгүй байж яагаад сонсоод байна вэ” гэхээр “Цаана нь нэг эмоци байна” гэдэг. “Жангар” туулийг дээрээс надад даалгасан. Зөв буруу, нүгэл буян, сайн, муу, хар цагааныг ялгах, олон хүмүүсийг нэгтгэж хамт амьдрахыг заадаг их ухаан туульд бий.
Анх тууль хайлж эхлэхдээ хүмүүс анзаарч байна уу гээд хардаг байсан л даа. Дараа нь тэр бүхнийг тоохоо байсан. Хүмүүс сонсвол сонсог. Би бол тууль хайлахдаа Алдарт Богд Жангараа магтаж, аав ээж өтгөсөө баярлуулан, дээд тэнгэртээ бид таны сургаалыг мартаагүй гэдгээ гэрчилж байгаа юм. Бид аав, ээжийнхээ заавраар амьдарч байна. Алдарт Богд Жангараа хайрлаж байна гэдгийг илтгэж байгаа юм. Танхимд мянган хүн сууж байна уу, сая хүн байна уу хамаагүй. Шашин гараагүй байхад тууль байсан гэж үздэг. Суут богд Чингис хаан туулийг сургаал болгож, олон ард түмнийг удирдаж байжээ.
Тууль хайлахад хүч шаардлагатай. “Халимагууд сонин хүмүүс, олуулаа цуглаад, дөрөв таван өдөр дараалан тууль сонсдог. Туулиа сонсож байхдаа зарим нь хашхирч уйлаад, малгайгаа газар шидээд, галзуураад байдаг” гэж Н.В.Гоголь гэж Оросын том зохиолч, халимагуудын түүхийг судлаад бичсэн байдаг. Тууль хайлахыг сонсогчид ч бас транст ордог, баатруудтай холбогдож, дотроосоо халуу дүүгэж, энерги хийморь сэргэдэг гэдэг.
Тууль бол манай эртний бурхан шашин шүү. Алдарт богд Жангар бол үлгэр биш. Мухамед, Есүс, Буддагаас илүү манай бурхан. Хэл, соёл бүх зүйлс нь манайх шүү. Жишээлбэл, дэргэд чинь эгэл хувцастай суугаа ээж, аавыгаа тоохгүй гадуур гүйсэн эрэгтэй, эмэгтэйг аав, ээж гэж дуудаад явж таарахгүй. Уг гарвалаа мэддэг байх хэрэгтэй. Жангар арван хоёр баатруудтайгаа догшин бурхад юм шүү. Тууль гэдэг бөөгийн үеийн үзэл суртал, тэнгэрийн үзэл суртал гэж би боддог.
-Та дунд сургуульд байхдаа хөлбөмбөг өшиглөх насандаа тууль цээжилж явжээ. Туулийг сурдаггүй, дээрээс өгөгддөг гэсэн байх аа.
-Би тав, зургаан насандаа “Жангар” туулийн хэсгээс сонсоод, их л айсан. Нэг морьтой хүн гарч зулаад (зугтаад), нөгөөдөх нь араас нь алахаар хөөж байгаа тухай хэсэг. Гал үдийн алдад хөөж гүйцээд, сэлмээр цавчиж байгааг дүрсэлдэг. Анх удаа “Жангар”-ын сцен сонсоод, айж цочсон. Дараа нь сургуульд сурч, хүзүүндээ улаан галстук зүүгээд, социализм, Карл Маркс гээд олон жил тэмцэв шүү. Тэгж яваад хорин хэдэн нас хүрээд, эргэн тойрноо харсан чинь дандаа худлаа, хулгай. Хүн юуны төлөө амьдардаг юм гээд сэтгэлээр унаад, үхмээр санагдсан. Тэгж байтал зүүдэнд Цагаан өвгөн ирж, хундагатай архи нүдэндээ нулимстай өгдөг юм байна. Түүний дараа дахиад нэг зүүдэнд ирж, арьсан гадартай ном өгөөд “Хүнд битгий үзүүл, аваад яв” гээд байсан. Өөрийн мэдэлгүй “Жангар”-ын замаар ороод тайвширсан. “Жангар”-ын хайр ивээлээр бүх дэлхийг тойрч явсан байна шүү. Энэ дэлхийн олон хүн “Жангар”-ын туулийг үнэхээр сонсох дуртай. Орчлон миний гэж хайрлаж суудаг гэсэн нь лав үнэн болж байна.
-Та Цагаанзам гэдэг нэрэндээ дуртай юу, Владимир Каруев гэдэг ч бас л таны нэр шүү дээ, тийм ээ?
-Намайг төрөхөд эмээ маань гэртээ харих сайхан замд төрсөн гээд Цагаанзам гэсэн нэр хайрласан юм билээ. Гагаа (манай аавын эгч) бол дөрөвдүгээр сард төрсөн юм чинь Лениний нэр өгье, Владимир гэж нэрлэе гээд эмээ, Гагаа хоёр булаацалдаад, надад хоёр нэр өгсөн. Халимагууд Сибирьт цөлөгдсөн байхад оросуудын дунд халимаг нэр өгнө гэдэг бас хэцүү байсан. Каруев гэдэг нь жинхэнэ монгол үг. Хар гэсэн үг юм шүү. Цагаанзам гэдэг эмээгийн өгсөн нэр миний хувьд их учир утгатай. Аав, ээжийн тухай дуулахдаа Цагаанзамаар нь явъя гэсэн юм. Халимагууд Сибирийн цөллөгөөс нутгаа тэмцэж, нутгийн захад орж ирж байхад би төрсөн гэдэг. Ээжийн өвөрт өсөөд, үгийг нь сонсоод явсан хүн шүү дээ
-Та Халимагийн ерөнхийлөгч К.Илюмжиновт зөвлөж байсан гэдэг. Бас Монголын төрийн тэргүүн нартай ч уулзаж явсан. Тэдэнд та юу хэлдэг вэ?
-Эгэл намайг хүлээж авсанд баярладаг. Миний ярьдаг хамгийн гол зүйлс Чингис хаан, Жангарын тухай байдаг. Салаад явсан ард түмнийг нийлүүлнэ гэдэг амаргүй, агуу хүч хэрэгтэй. Ариун цагаан сэтгэл, хайр Монголыг нэгтгэх ёстой гэж итгэдэг. Хамаатан садан, аав ээжийн хайрыг яг айргийн хөрөнгө шиг исгэх хэрэгтэй. Суут богд Чингис хааны аргаар гурван сая монголыг намаар бус хамаатан саднаар нь аравтын системээр хуваах учиртай. Хамаатны арван айл хэлэлцээд, толгойлох нэгнээ сонгоод гаргах юм. Арван айлынхан хэлэлцээд “Энэ л чадна даа” гэсэн зөв хүнээ аравтын даргаар сонгоно.
Аравтууд нэгдэж зуут болно. Зуутууд мянгат болно. Мянгатууд нь түмт болно. Монгол яг пирамид болоод, дээрээ 300 шилдэг хүнээ гаргана шүү. Тэр шилдэг хүмүүс нь ардаа ивээж чадах, хайр ивээлтэй хүмүүсээ УИХ-д гаргаж, Засгийн газрыг бүрдүүлж, монголчууд хад чулуу шиг хатуу, гаднаас дайсан халдаж чадахгүй болно. Дээрээс буусныг бүгдэд хуваагаад өгч чадна. Ийм системд хулгайч нар дургүй. Мэргэжил, ариун цагаан сэтгэлийг нь харгалзаж, төрд гаргах хүнээ батлах учиртай. Хэрвээ ариун цагаан сэтгэлгүй бол тэр хүнийг дээшээ гаргаж болохгүй.
-Ариун цагаан сэтгэлтэй биш бол аравтын дарга ч бүү болго гэсэн бил үү?
-Конфуцийн (Күнз) нэг үг бий. Дээр үед хулгай худалдаа дарагдсан цагт Конфуций тэргээ унаад явж байж. Нэг аймгийн дарга хүн тэрэг дагаад гүйнгээ асууж гэнэ. “Багш аа, хулгай худал ихдээд миний чадал хүрэхгүй байна, яах вэ” гэж. “Зөв хүмүүсийг буруу хүмүүсийн дээр гарга” гэсэн хариу сонсчээ. Зөв, буруу хүнийг яаж таних вэ гэхэд “Мэргэжилтэй, ариун цагаан сэтгэлтэйг нь сонго” гэж. Муу хүмүүс аргатай, мэдлэгтэй, эрх дархтай, шуундаа чадалтай байдаг. Гагцхүү тэдэнд ариун цагаан сэтгэл байхгүй. Тэд атгаад, шүүрээд л байдаг. Буддын шашинд зовлон шунаг сэтгэлээс үүдэлтэй гэдэг. Тэгэхээр Чингис хааны “Ариун цагаан сэтгэлгүй бол аравтын даргаар ч тавьж болохгүй” гэдэг үнэн. Жангар бол “Амьтай дэлхий цугаар минийх” гэж хайрлаж байна. Аравтын дарга бол арван өрхөө багтаагаад минийх гэж байна. Зуутын дарга бол зуутаа халаасандаа багтаана. Тэгж бүх юм тэгш тэнэгэр болно.
-Та сайн цэрэг байжээ. Халимагууд томоохон 28 дайнд оролцож байсан гэнэ. “Цавчихын тулд цавчсангүй, Оросын төлөө цавчлаа” гэсэн дууны үг хүртэл байх юм. Халимагууд дайнч гэгддэг ч тэд дайныг хүснэ гэж үү?
-Багад аав, ээж маань “Дайн дажин битгий болоосой” гэж ярьдаг байсан. Хуруугаараа бөмбөрдөхөөр “Битгий битгий, муу ёр дайн битгий дууд” гэдэг. Хөгшид дайнд дургүй. Өвчний нэр бүү хэл гэж бас цээрлэдэг байсан даа. Нэг хэсэг Чингис хааныг махчин, дайнч гэж ярьдаг байсан. Харин одоо “Мянган жилийн хамгийн соёлтой дайнч” гэж баталсан байна лээ.
-Украины дайнд жинхэнэ оросууд бус халимаг, тува, буриадууд үрэгдэж байна гэсэн жиргээ хараад шимширсэн. Хэний төлөө, юуны учир Монголын цусыг урсгана вэ?
-Зөв дайн, буруу дайн гэж бий. Украин, Оросын дайн зөв биш. Ард түмэн ярьж байна шүү “Олигархуудын дайн,энэ манай дайн биш” гэж байна. Энэ дайнд амиа өгөх учир шалтгаан байхгүй. Орос, Украин нэг цус, махтай хүмүүс.
-Таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөн хүн гэж хэнийг нэрлэх вэ?
-Ээжийн өвөрт өсөөд, үгийг нь сонсоод явсан хүн шүү дээ. “Ээж минь” дууг гадаадад дуулахаар ямар утгатай вэ гэж их асуудаг. Олон юм ярихын оронд амраар нь “Би дэлхий дээр юу харна, бүх юм ээжийг минь санагдуулна” гэж тайлбарладаг юм. “Нялх бага наснаас минь өвөртөө шахаад, хүү минь мод ургаж байна. Хулс нахиалж байна, гол урсаж байна гэж бүх дэлхийг тайлбарлаж өгсөн. Ээж надад сайхан нутаг, дэлхийг таниулсан, дэлхийг харахаар ээж санагдана гэж дуулж байгаа юм” гэдэг.
-Та аавын тухай дуулдаг уу?
-“Жангар” тууль эрэгтэйчүүдийн тухай, аавын тухай гэж боддог.Аавыг маань Охин гэж нэрлэдэг. Эрэгтэй хүүхэд тогтохгүй болохоор түүнд ийм нэр өгсөн юм билээ. Ээж минь 57хүрээд нас барсан. Аавын ээж 103 насалсан. Аав 73-тай, эмээ 100 настай байсан үе. Би аавын хүү, ээж байхгүй. Нэг удаа аав уурлаад зогсохгүй байхаар нь “Өөрөө ээжтэй байж, ээж байхгүй намайг яагаад загнаад байгаа юм бэ” гэсэн.Тэгсэн чинь таг болж билээ.
-Дува сохорын дөрвөн хүүгээс дөрвөн ойрад салаалсан гэдэг. Халимаг хөгшид Дува сохор эргэн төрөхийг хүлээдэг гэж сонссон?
-Дөрвөн ойрад ядраад муудаад ирвэл дээд тэнгэрээс нэг нүдтэй хүү (Дува сохор) илгээнэ гэж ярьдаг. Гурав, дөрвөн удаа тэгж төрсөн байна. 1910 онд манай Цагааннуурт баатад овогтой эхнэр нэг нүдтэй хүү төрүүлсэн гэж эмээ маань ярьдаг. Төрөөд хашхирахад нь хүмүүс бүгд чихээ таглаад зугтсан байгаа юм. Хонины сүүл хөхүүлэхээр залгичихаад байж. Шашныхан нэг нүдтэй хүүхэд төрвөл ээжийн алтан уураг амлуулалгүй, шууд аваад явдаг гэж ярьдаг. Амьдаар нь гурвалжин модон хайрцагт хийгээд, ар зүг рүү харсан салаа зам дээр нүх ухаад булдаг. Дээрээс нь ном уншаад дардаг байсан гэдэг.Шарын шашин, социализмын үзэл суртал бидний олон зүйлийг мартуулсан. Анх юу байсныг босгож авах хэрэгтэй. Мартуулсан юмыг сэргээх хэрэгтэй.

Categories
мэдээ эдийн-засаг

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас авах 100 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг баталлаа DNN.mn

Доллар хямдарч байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон баталлаа.

Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмж, цалингийн дэмжлэг олгох, амьжиргааны түвшин доогуур бүсэд цэцэрлэг барих, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэхэд зарцуулах аж.

Манай улсын эдийн засагт үүсээд буй инфляц, төлбөрийн тэнцлийн сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг, ядуу иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор энэхүү зээлийг авч байгаа. Зээлээр орж ирэх төгрөгийг төсөвт, валютаа Төв банкны валютын нөөц дээрээ аваачиж тушаах зарцуулалттай. Ямар нэг төсөл, арга хэмжээ, бондын эргэн төлөлт огт биш гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлж байв.

Энэхүү зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь долоон жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь гурван жил байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын нэгдсэн стандартын хоёрдугаар хэсгийн төслийг хэлэлцлээ DNN.mn

Нийслэлийн удирдлагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж, тус хуульд хот нэгдсэн стандарттай байхаар тусгасан билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нэгдсэн стандартын эхний хэсэг буюу есөн бүлэг, 38 стандартыг НИТХ-аар баталж, өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ.

Тэгвэл нэгдсэн стандартын хоёрдугаар хэсэг буюу 29 стандартын төслийг боловсруулаад буй. Энэхүү төслийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах, мэргэжлийн бүх байгууллагын саналыг тусгах, оролцогч талуудын үндэслэл бүхий саналыг тусган цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтийн дунд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц, гудамж, зам, барилга байгууламжийн хаягжилт, нийгмийн аюулгүй байдал, барилгын материал зэрэг 29 стандартын төслийг таван хэсэгт багцлан товч танилцуулж, холбогдох байгууллага, иргэдийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Улаанбаатар хотын өнгө үзэмж, төлөвлөлтөөс эхлээд иргэдийн амьдрах орчин, зам, нийтийн тээвэр гээд бүхий л хүрээнд нөлөөлөх энэхүү стандартуудын төслийг хэлэлцүүлж байна. Энд хэлэлцэж буй төслүүдэд иргэд, олон нийт, байгууллагуудын санал, шүүмжлэл тусаж байж бүгдэд ээлтэй, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, хэрэгжүүлэхэд хялбар баримт бичиг боловсруулна. Цаашлаад баталсан стандартуудыг хэрэгжүүлэх, хяналт тавихад ч иргэд, олон нийтийн оролцоо чухал юм” хэмээв. Мөн стандартуудын төслийг боловсруулахдаа Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомж, гаднын улс орнуудын сайн жишигт нийцүүлэн, хялбар, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарсан талаар хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 300 орчим хүн оролцож, санал, бодлоо хуваалцаж байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

УДЭТ-ын найруулагчаар М.Батболдыг томилжээ DNN.mn

УДЭТ-ийн 9, 10 дугаар сарын үзвэрийн хуваарь | Peak News

УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Хишигзаяа, найруулагчаар М.Батболд, туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав нарыг тус тус томилжээ. Тэд оны өмнөхөн шинэхэн ажилдаа орсон байна.

Найруулагч М.Батболд “Фауст”, “Гэм зэм” жүжгийг найруулан тавьсан юм. Тэрбээр хамгийн сүүлд АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа амилуулсан билээ.

Ташрамд дурдахад, УДЭТ-ын урхан бүтээлчид “Сычуаны сайн