Categories
гадаад мэдээ

Хацү башёд зодоглох монгол сумочдын нэрс тодорлоо DNN.mn

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны анхны башё маргааш эхэлнэ. Энэ удаагийн башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй монголын сүмочид барилдана. Харин жонокүчи зиндаанд ошиогава дэвжээний Казэноүми Ц.Билгүүн анхны башёдоо зодоглохоор болжээ.Сумо бөхийн таван зиндаанд манай 20 бөх барилдах бол Хошёорюү С.Бямбасүрэн сэкивакэ, Кирибаяма Б.Лхагвасүрэн комүсүби цолтойгоор хүч үзнэ.

Дээд зиндаанд ёкозүно Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд нар хүч сорино. Харин жүрёо зиндаанд Хокүсэйхо Э.Даваанинж, Оошёоүма П.Дэлгэрбаяр нар барилдах юм.

Макүшита зиндаанд Тамашохо Э.Энхманлай, Дэванорюү Т.Тэмүүлэн, Хокүтомарү Н.Чинзориг, Араүмо Б.Төртогтох, Хокүтэнкай Г.Сүхбат, Саданохикари Д.Наранцогт нар барилдана. Санданмэ зиндаанд Токисома Б.Анхбаяр, Котокэнрюү Г.Билгүүн, жонокүчи зиндаанд Казэноүми Ц.Билгүүн барилдах юм байна.

Categories
гадаад мэдээ

Газрын тосны үнэ огцом унав DNN.mn

Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвт шинжээчид санаа зовних болоод байгаа энэ үед газрын тосны үнэ огцом унажээ. Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн газрын тосны хоёрдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.33 ам.доллар буюу 4.15 хувиар унаж, 76.93 ам.долларт хүрсэн бол Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны гуравдугаар сард нийлүүлэх үнэ 3.81 ам.доллароор (4.43 хувь) буурч, 82.1 ам.долларт хүрсэн байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, улмаар газрын тосны эрэлт буурах вий гэдэгт сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн арилжаа эрхлэгчид санаа зовниж байжээ.

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева саяхан, 2023 онд дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орох эрсдэлтэй байгааг цохон тэмдэглээд, энэ он өнгөрсөн жилээс “хүндхэн” өнгөрөх төлөвтэй байгааг сэрэмжлүүлж байсан юм.

АНУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш чангарч байгаа нь ч мөн газрын тосны үнэд нөлөөлсөн юм байна. Биржийн арилжаагаар голлох зургаан валютын эсрэг ханшийг илтгэдэг ам.долларын индекс 0.95 хувиар өсөж, 104.5070 нэгжид хүрсэн гэж “Reuters” мэдээлэв..

.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ барилгад дүгнэлт гаргадаг боллоо DNN.mn

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь барилга байгууламжийн хийц, бүтээцийн бат бэхийн чанарыг үл эвдэх технологи ашиглан барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийж, мэргэжлийн дүгнэлт гаргадаг боллоо.

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2017- 2019 онд хэрэгжүүлсэн “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлсэн.

Гамшгийн судлалын үндэсний хүрээлэн нь Швед улсад үйлдвэрлэгдсэн пандит лаб, шмидт алх, профометр багажуудаар барилгын материалын нягт, цууралт, бетоны үе, аматурын зэврэлт зэргийг хэмжиж барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвар, эрсдэлийг тодорхойлж тус багаж төхөөрөмжийг ажиллагаанд оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэдэд өгөх зөвлөмж DNN.mn

Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэдэд өгөх зөвлөмж:

1. Онцын шаардлагагүй бол халдварын тархалт өндөртэй улс оронд зорчихгүй байх;

2. Дотоод орчин, нийтийн тээврийн хэрэгсэл, олон хүн цугларсан газарт амны хаалт заавал зүүж, 2 цаг тутамд солих;
3. Гараа бохирдсон тухай бүр савандаж угаах, эсвэл гар халдваргүйжүүлэгч ашиглах;
4. Хүн хоорондын зай барих;
5. Коронавируст халдвар (Ковид-19)-аар өвдсөн болон дархлаажуулалтад хамрагдснаас хойш 6 сар өнгөрсөн бол дархлаа сэргээх тунд хамрагдах;
6. Хуурай ханиалгах, хоолой өвдөх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бусдаас өөрийгөө тусгаарлан амны хаалт тогтмол зүүх, эрүүл мэндийн байгууллагад хандах;
7. Ханиах, найтаах зэрэг халдварын шинж тэмдэгтэй хүнээс зай барих;
8. Нэг тавагнаас олноор иддэг хоолноос татгалзах;
9. Хил хяналтын байгууллагын тавьсан шаардлага, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв
Categories
гадаад мэдээ

Мөсөн голууд хайлж байна DNN.mn

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн мөсөн голуудын тэн хагас, жижиг голууд энэ зууны эцэс гэхэд хайлж үгүй болох төлөвтэй байгаа ч дэлхийн дулаарлыг тогтоон барьснаар заримыг нь хадгалж авч үлдэх боломжтой болохыг судалгаагаар тогтоожээ. Дэлхийн 215 мянган мөсөн голын төлөв байдлын дэлгэрэнгүй судалгааг Америкийн “Science” сэтгүүлд нийтэлсэн байна.

Мөсөн гол хайлснаас үүдэн далайн түвшин нэмэгдэх, цэвэр усны нөөц хомсдох тул ийм үр дагавраас сэргийлэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь чухал ач холбогдолтой болохыг судлаачид онцолжээ. Судалгаагаар бодлого боловсруулагчдад чиглэл болохын тулд дэлхийн дулаарал мөсөн голуудад хэрхэн нөлөөлөхийг тодорхойлохдоо дэлхий цельсийн 1.5 хэм, 2.0 хэм, 3.0 хэм, 4.0 хэмээр дулаарах дөрвөн хувилбарыг гаргасан байна.

Ослогийн их сургуулийн судлаач, уг судалгааг ахлан явуулсан Регина Хок, агаарын хэм нэмэгдэх тусам голууд улам хурдацтай хайлж, устаж үгүй болно хэмээгээд, энэ өсөлтийг бууруулж чадвал төдий чинээгээр мөсөн гол үгүй болохоос сэргийлж чадна гэв. Харин Европын Альп, Кавказ, Андын нуруу, мөн АНУ-ын баруун хэсэг зэрэг харьцангуй цөөн мөсөн голтой бүс нутгууд энэ зууны эцэс гэхэд аль ч хувилбараас үл хамааран ерөнхийдөө бүх мөс нь хайлна гэж Р.Хок хэлжээ.

Хүн төрөлхтөн дэлхийн дулааралтай дорвитой тэмцсэнээр мөсөн голын хайлж устаж үгүй болох явцыг сааруулж удаашруулах боломжтой бөгөөд бодлого боловсруулагчдаас их зүйл хамаарах аж.

Г.АМАРСАНА

Categories
мэдээ спорт

Таэквондогийн ”MNU TEAM CHAMPIONSHIPS’’ тэмцээн эхэллээ DNN.mn

Монголын үндэсний их сургуулийн нэрэмжит “ITF” таэквондогийн ”MNU TEAM CHAMPIONSHIPS’’ тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэхүү тэмцээн нь зөвхөн багийн төрлүүдээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Тэмцээн багийн тулаан, багийн түль, багийн хосен суль төрлөөр явагдаж байна. Багийн тулаан нь найм хүртлэх насны охид, хөвгүүд, 11-13 нас, 14-17 нас, насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй ангиллаар эхэллээ. Харин багийн түлийн төрөл нь өсвөр үе, 17 наснаас дээш өсвөр үе, насанд хүрэгчдийн ангиллаар болно. Хосен суль багийн тулаан нь бага нас 13-аас доош нас, 17-оос дээш насны охид, хөвгүүдийн болон насанд хүрэгчдийн багийн ангиллаар явагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 4000 тонн гаруй давс, 2647 тонн бодис нөөцөлжээ DNN.mn

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн хэмжээнд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж, байгууллагын 971 үйлчлэгч 78 машин техниктэйгээр 13.2 сая ам метр зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь 180 км гаруй зам буюу гол магистрал замууд, дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд туслах зам талбай болон орон сууцны дундах 5.5 сая ам метр талбай, холбогдох ТҮК болон бусад аж ахуйн нэгж 4.7 сая ам метр талбайг хариуцан ажиллаж байгаа. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 4000 тонн гаруй давс, 2647 тонн бодис нөөцөлсөн. Энэ жил цас харьцангуй их орж байгаатай холбогдуулан давс, бодисын нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1786 тонн давс, 631.8 тонн бодисын үлдэгдэлтэй. Цаашид 1700 тонн гаруй давс, 527 тонн бодис татаж авна. Мөн дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагуудад татан авалт хийх чиглэлийг хүргүүлсэн. УБЗАА-наас дүүргүүдэд 675 тонн давсыг хүлээлгэн өгсөн. Мөн гэр хорооллын болон алслагдсан зам талбай, явган хүний замуудад цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлж байна. Ерөнхий менежерийн өгсөн чиглэлийн дагуу зам цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлын үнэлгээг хийнэ” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тохижилт, үйлчилгээний байгууллагууд өөрсдийн хариуцсан зам, талбайн цэвэрлэгээг хангалтгүй хийж байгааг онцолж, хүчин чадлаас шалтгаалан зарим тохиолдолд хувийн хэвшилтэй хамтрах боломж байгааг хэлж байлаа. Тэрбээр “Нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангахын тулд цэвэрлэгээг цаг алдахгүй хийх ёстой” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Путины мэдэгдэл худал байсан нь батлагдав DNN.mn

Зул сарын баярыг тохиолдуулан энэ сарын 6-ны үдээс хойш байлдааны”гал зогсоох дэглэм” нэвтрүүлсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн ч Оросын талаас буудах явдал зогсоогүй учир олон украинчууд Христийн мэндэлсний баярын өмнөх оройг тэсрэх бөмбөгний хоргодох байранд өнгөрөөхөөс өөр аргагүйд хүрсэн байна.

Луганск мужийн дарга Сергей Гайдай “Оросууд 14 удаа их буугаар буудаж, манай нэг суурин руу гурван удаа дайрсан” гэж өөрийн “Telegram” сувагтаа бичжээ.”Чөлөөлөгдсөн тосгоны хүмүүс хоргодох байрандсууж байна. Ортодокс оросууд ийм л байдаг. Алуурчид бидэнд Зул сарын баярын мэнд хүргэж байгаа нь энэ” гэж бичсэн байна. Үүнийг Оросын тал зөвхөн хариу буудсан гэж тайлбарласан бол Украины эрх баригчид “гал зогсоох дэглэм” нэг минут ч үргэлжилсэнгүй гэж мэдэгдэв. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Кирило Тимошенко Москвагийн цагаар үд дундын үед Херсон хотыг буудсан тухай “ Тэд цохилтоо гал унтраах ангид өгсөн” гэж мэдэгдсэн. Хожим нь Херсон мужийн дарга Ярослав Янушевич уг буудлагын улмаас нэг аврагч амиа алдаж, өөр дөрвөн хүн шархадсан болохыг баталжээ. Мөн Краматорск хотод 14 хувийн байшин буудлагын улмаас сүйдсэн ч азаар хүний амь эрсдээгүй байна. Мөн 6-ны үдээс хойш Донецк мужийн Курахово хот мөн хүчтэй буудлагад өртжээ. Хотын дарга Роман Падун орон сууцны өндөр барилгуудад гэмтэл учруулж, орон нутгийн эмнэлгийн халдварт өвчний тасагт буудлагад өртөж, эмнэлгийн ажилчдаас нэг хүн шархадсан гэж мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замуудыг эзэнжүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмолжуулна DNN.mn

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал,

  • Халиа тошин үүсдэг байршлуудад хяналт, шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллах.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, замын эгнээ тусгаарлах хайс, хашлага засварлаж, бүрэн бүтэн байдлыг хангаж, угааж цэвэрлэх.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэлийн асалт хангалтгүй байгаад онцгойлон анхаарах.
  • Зам, талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийг түгжрэлийг бууруулах зорилгоор шөнийн цагаар ажиллуулах зохицуулалт хийх.
  • Явган хүний замын халтиргаа гулгааг арилгах ажилд төрийн байгууллагууд манлайлан оролцож, оюутан залуус, олон нийт, сайн дурын болон хүчний байгууллагуудыг татан оролцуулж, богино хугацаанд бодит үр дүнд хүрсэн олон нийтийг хамруулсан ажлыг зохион байгуулах.
  • Орон сууц, хотхон хороолол, гэр хорооллын дундах зам, талбай, автобусны буудал, замын нуухны цэвэрлэгээг бүрэн, чанартай хийх, бодис, давстай цасыг ногоон байгууламжид хийхгүй байх.
  • Шинээр ашиглалтад орсон болон цэвэрлэгээ, үйлчилгээ хийгдэхгүй байгаа замуудыг бүрэн эзэнжүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмолжуулах.
  • Аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр зам талбайн цэвэрлэгээг чанартай хийлгэж, хэрэглэж буй багаж хэрэгслийн нөөцийг бүрэн байлгах, хяналт тавих.
  • Давс, бодисын нөөцлөлтийг нэмэгдүүлж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, цаашид лабораторийн шинжилгээ хийлгэж, дүгнэлтэд үндэслэж ашиглалтад хүлээж авч байх.
  • Хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтэд орчин үеийн машин механизм, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглах талаар судалгаа, хөрөнгө төсвийн тооцоолол хийж, дүүрэг, хувийн хэвшлийн байгууллагуудын саналыг нэгтгэж танилцуулах. Төр хувийн хэвшлийн оролцоо хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухалчлах.
  • Дүүрэг бүр аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр хүртэл зам талбайн заагийг зурагжуулан баталгаажуулж, цэвэрлэгээ үйлчилгээний гэрээг байгуулах, 2023 онд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарь, аж ахуйн нэгж байгууллагуудыг бүрэн хамруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хотхон, хороолол дундах тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгааны зардлыг дүүргийн төсөвт тусгах, эзэнжүүлэх зэрэг үүрэг, даалгавар өглөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны 01-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 20-25 хэм, Байдраг, Завхан, Тэс, Туул голын хөндийгөөр 12-17 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -1 хэмээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. 12-14 хэм хүйтэн байна.


2023 оны 01 дүгээр сарын 08-наас 01 дүгээр сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө -5-10 хэм хүйтэн байна.