Categories
мэдээ цаг-үе

ШӨХТГ-аас нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавина DNN.mn

НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН ТӨРӨЛТ ЦОГЦ ШИЙДЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА  - Зам, тээврийн хөгжлийн яам

ШӨХТГ өнгөрсөн оны 11 дүгээр сард нийслэлийн Нийтийн тээврийн газарт хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл хариу өгөөгүй байна.

Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн оролцоо чухал үүрэгтэй. Гэтэл иргэдийн мэдээлэл авах эрх хангагдахгүй, зорьсон газартаа очихын тулд ямар чиглэлийн автобусанд суух нь тодорхойгүй, хэзээ ирэх нь таамаг мэт байдаг гэсэн иргэдийн гомдлын дагуу өнгөрсөн оны 11 дүгээр сард ШӨХТГ нийслэлийн Нийтийн тээврийн газарт хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн.

Гэтэл өнөөдрийг хүртэл хариу ирээгүй, 7 хоногийн өмнө Ард кино театрын автобусны буудал дээр шалгалт хийхэд тавьсан шаардлагуудыг биелүүлсэн байсан гэж ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун ярилаа.

Categories
мэдээ цаг-үе

Замын-Үүд боомт хэвийн горимд шилжлээ DNN.mn

Замын-Үүд боомтын зорчигч тээврийн цогцолборын барилга байгууламж болон барилгын дотор, гадна засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусжээ. Нийт 19.72 га талбайн бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээн авлаа.

Боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг Монгол Улсын төсвийн хөрөнгийн 30 тэрбум төгрөг, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 233 сая юанийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн юм

Мөн цар тахлын улмаас тусгай горимд шилжин ажиллаж байсан Замын-Үүд олон улсын боомтын авто замыг өнөөдрөөс нээж зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлснийг Замын-Үүд сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхболд: Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлагыг чангалах асуудал яригддаг ч одоогоор өөрчлөлт ороогүй байна DNN.mn


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа талаар ТЦА-наас онцолж байна. Энэ сарын 02-ны өдөр л гэхэд согтуугаар автомашин жолоодсон 54 зөрчлийг ТЦА-ны алба хаагчид илрүүлжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах тохиолдол ч түгээмэл байгааг сэрэмжлүүлж байгаа юм. Энэ өдрүүдэд цахимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 10 сая төгрөгөөр торгох, төлөөгүй тохиолдолд 2 жилийн хугацаанд албан ажил хийлгэх тухай мэдээлэл явж байгаа. Энэ асуудлын хүрээнд ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Б.Энхболдоос тодруулга авлаа.


-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид ямар шийтгэл оноож байна вэ. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт өөрчлөлт орсон гэв үү?

-УИХ-ын 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр баталсан “Зөрчлийн тухай” хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хуулийн 14.7 дугаар зүйлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих гэсэн хэсэгт өнөөдрийн байдлаар ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог чангатгах асуудал тогтмол яригддаг. Гэхдээ одоогоор өөрчлөлт ороогүй байна.

-Хүлээлгэж байгаа хариуцлагын тухайд тодруулахгүй юу?

-Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Мөн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Ямар зөрчил гаргасан тохиолдолд баривчлах шийтгэл оноож байна вэ?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ийм зохицуулалт бий. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. Өнөөдөр энэ заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Мөн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх зохицуулалт бий.

Үүнээс гадна согтуурсан, мансуурсан үедээ юм уу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Цогтгэрэл: АН яаралтай цэгцрэх нь Монгол Улсын Ардчилал, үндэсний эрх ашиг болчихоод байна DNN.mn

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-Та бүхний санаачилгаар АН-ын “Эв нэгдэл” ажлын хэсэг байгуулагдаж, хоёр хоногийн өмнө ҮБХ-ны гишүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо. АН-ын эвлэрэл яалт ч үгүй нийгэмд хүлээлт үүсгэж байна. Сөрөг хүчингүй эрх баригчид ямар байдгийг нийгэм, эдийн засгийн байдал тод харуулж байна шүү дээ?

-АН бол эрх чөлөөний үзэл санаан дээр суурилсан хүчтэй улс төрийн хүчин. Нөгөө талаасаа Монгол Улсын бүхий л аймаг, сум, баг хороодод салбартай, 30 жилийн туршлагатай нам. Энэ хугацаанд бүрэлдэн бий болсон ийм том улс төрийн хүчин гуравхан жилийн дотор яаж сульдаж, нурж, доройтдогийг бид харлаа. Энэ бол үнэхээр УИХ-д байгаа АН-ын хэдэн гишүүдийн асуудал биш. ҮБХ-ны хэдэн зуун хүний ч асуудал биш. Тэр тусмаа АН-ын 200 мянган гишүүд дэмжигчдийн асуудал бүр ч биш.

Энэ бол Монгол Улсын хувь заяа, тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Яагаад гэвэл Монгол Улсын парламентын засаглалын оршин тогтнох үндэс нь улс төрийн намууд. Гэтэл улс төрийн суурь, эрэлт хэрэгцээтэй энэ том нам ганхчихаар эрх баригчдын дураараа авирлалт, хоосон пиар, зүүний хүчний хэт халамжийн бодлого ямар сөрөг үр дагаварт хүргэдгийг нийгмээрээ мэдэрлээ. Тиймээс АН-ын цэгцрэлт, сэргэн мандалтын асуудал гарцаагүй нийгмийн захиалга болчихоод байна. Манай нам өнгөрсөн 2.5 жил маргаантай явж ирсэн болохоор УИХ дахь АН-ын 11 гишүүн санал нэгдээд АН-ын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ-ны гишүүдээрээ асуудлаа ярилцъя гэж шийдсэн. Дарга дээр биш, төлөөллийн төв байгууллага дээрээ суурилж, гарц гаргалгаагаа эрэлхийлж ажиллая гэж байгаа юм. Хоёрхон хоногийн дотор зар аваад ҮБХ-ны 200 гаруй гишүүн маань хөдөө, хотоос идэвхтэй ирж зөвлөлдөх уулзалтдаа оролцлоо. Энэ сарын 10-нд ҮБХ-гоо хуралдуулахаар бүгд санал нэгтэйгээр дэмжсэн байгаа.

-Зөвлөлдөх уулзалтад ирсэн ҮБХ-ны гишүүд намын эв нэгдлийн асуудалд ямар, ямар санал хэлж байна вэ?

-Ер нь ҮБХ-ны гишүүд маань энэ зөвлөлдөх уулзалтад ирсэн нь өөрөө намын эв нэгдэлд хаа, хаанаа маш их санаа зовниж байгаагийн тод дүр зураг юм.Намынхаа эв нэгдлийн асуудлыг хуулийн хүрээнд явуулахыг, эрх баригчдадаа шахалт үзүүлж ажиллахыг, өнгөрсөнд дүгнэлт хийж, цаашид ямар алхмуудыг хийх гээд олон асуудлыг гишүүд маань илэн далангүй, нүүр нүүрээ харалцан ярилцлаа.

-Энэ сарын 10-нд товлогдсон ҮБХ-ны хурлаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Намын даргынхаа асуудлыг дүрэм журмаараа яаж шийдэх эрх нь АН-ын төлөөллийн төв байгууллагад бий. Удахгүй товлогдох ҮБХ-ны хурлаа намын дүрэм, журмаа хэлэлцэнэ. Шаардлагатай бол намын их хурлаа дахиад зарлах талаар ярилцаж байгаа.

-АН-ын “Эв нэгдэл” ажлын хэсгийг С.Эрдэнэ зөвшөөрөхгүй байгаа харагдсан. Та бүхний УДШ-д хүргүүлэх материалыг бас хүлээж авахгүй гэх нөхцөл байдал үүсэх юм биш биз дээ?

-АН-ын маргалдаж байсан аль, аль талаас нь ажлын хэсэг болон зөвлөх багт орж ажиллахыг урьсан. Үнэхээр намынхаа эв нэгдлийн төлөө явъя гэж хүсч байгаа бол ажлын хэсэгт орж ажиллах нь хэн бүхэнд нээлттэй. Өнөөдөр С.Эрдэнэ, Х.Баттулга нар хоёр талд цөөхөн хүнтэй байгаад байх юм уу. Энэ тэгээд хэний эрх ашиг юм бэ. Намын гишүүд дэмжигчдийн эрх ашиг юм уу. Эсвэл Монгол Улсын эрх ашигт нийцэх үү. Иймд бүгд хувь хувийнхаа эрх ашгийг хойш тавья гээд УИХ дахь АН-ын 11 гишүүн намаа эв цаванд нь оруулахаар нэгдээд ажиллаж байна. Энэ бол зөвшилцөл ойлголцлын хувьд том хэмжээний үйл явдал. АН гацаанаасаа гарна гэдэгт итгэлтэй байна.

-АН хурдан эвлэж нэгдэхгүй бол дараагийн сонгууль хаяанд ирлээ шүү дээ?

-Хугацаа тун бага үлдлээ. Энэ чигээрээ байх нь хэний эрх ашиг юм бэ. Лав л ардчиллын эрх ашиг биш байх. АН-ын ч эрх ашиг биш. Дийлэнх олонхоороо нэгдэж, нийлье гээд санаа зовниод эв нэгдлээ олцгооё гэж байхад зарим нэг нь яагаад үгүйсгэж зугтаад байгаа юм бэ. Эндээс хэн нь намын эв нэгдлийн төлөө, хэн нь хувийн эрх ашгийн төлөө тэмцээд байгаа нь тод харагдах биз ээ.

-АН-ын даргад хэн тохиромжтой вэ. Та бүхэнд зураглал байна уу. Магадгүй АН өвгөчүүдээсээ салж байж жинхэнэ утгаараа сөрөг хүчнийхээ байр суурийг олж чадна гэх нийгмийн хандлага бий. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Хэн намын дарга болох уу, яаж шийдэгдэх үү гэдэг асуудал яригдсаар ирсэн сэдэв. Үүн дээр хоёр зүйл байгаа. Нэгдүгээрт, АН зөвхөн дарга сонгох гээд яваад байгаа юм биш. Ингэвэл өөрсдийнхөө хямралт байдлыг ойлгоогүй л байна гэсэн үг. Бид зөвхөн эв нэгдэл гэдэг үгийг илүү өргөн утгаар ойлгох ёстой. Бид нэг үнэт зүйлтэй, нэг зорилготой, нэг институци, нэг систем болж шинээр сэргэн мандаж байж АН Монголын ард түмний эрэлт хэрэгцээнд нийцнэ. Яг үнэндээ АН гэдэг бол Монголын ардчилал биш. АН-гүйгээр ч Монголын ардчилал оршино. Тиймээс бид эдгээр эрэлт хэрэгцээнд нийцэхийн тулд зөвхөн дарга биш, нэг үзэл баримтлал, нэг зорилго дор нэгдэх ёстой. Ингэж чадвал жинхэнэ утгаараа сэргэн мандана. Намын даргын асуудал дээр хэн дарга болох нь бүгдэд нээлттэй. Магадгүй үүний цаана хэн дарга болж болохгүй вэ гэдэг асуултад хариулж байж цаашаа үйл явц илүү эрүүлээр өрнөх ёстой.

-2023 онд ээлжит бус сонгууль болно гэж улс төрийн хүрээнийхний дунд яригдсаар ирлээ. Нүүрсний хулгай гээд нийгэмд болж бүтэхгүй бүхэн тогтолцооны гажуудал гэж эрх баригчид ярих боллоо. Хэрэв энэ биеллээ олбол танай нам эвлэж нэгдэж асуудлаа улам яаравчлуулах хэрэгтэй юм биш үү?

-Эрх баригчид нийтээрээ нийлээд нүүрс хулгайлахад үндсэн хууль ямар буруутай юм бэ. Тэд парламентад 62 суудалтай, гүйцэтгэх засаглалын эрхийг авсан. Тэднийг хянах хяналтын байгууллагууд, тогтоцоо нь байна. Үндсэн хуулиас болоод нүүрс хулгайлчихсан юм уу. Нүүрсний хулгайд хариуцлага тооцооч гэхээр тогтолцооны гажуудалтай холбодог. Тэмээ гэхээр ямаа гэдэгтэй адил. Миний хувьд Үндсэн хуулийг өөрчлөхийг эсэргүүцдэггүй. Гэхдээ эрх баригчид хулгай хийхэд яагаад Үндсэн хууль буруутай болчихож байгаа юм бэ. Эрх баригчид үүнд хариулах ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: Улстөрчдийн гар хөл макро эдийн засагт орохоор Төв банкийг байхгүй болгодог DNN.mn

Эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлын үеэр та 1992 оны Үндсэн хуулийн алдааг эрх баригчидтай холбож шүүмжилсэн. Шалтгааныг нь тайлбарлаад өгөхгүй юү?

-Зөвлөлдөх санал асуулга нэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх гээд байна. Ер нь ийм байдлаар нийгэм, улс төрд бий болсон хямралаас бултахаар манай эрх баригчид хөөцөлдөөд байна. Уржигдрын Төрийн ордонд болсон 100-гаад эрдэмтэд оролцсон эрдэм шинжилгээний бага хурал асуудал руугаа нарийн орохгүй гал унтраах маягтай асуудлаасаа тойрсон хурал болсон. Ялангуяа хуралдааны эхний илтгэлүүд 1992 оны Үндсэн хууль ямар ч алдаа оноогүй төгс юм шиг ярьж байна лээ. Миний хувьд үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь өнөөдөр нийгэмд үүссэн асуудлууд, ядуурал, иргэдийн бухимдал Үндсэн хууль болоод эрх баригчидтай холбоотой.

Саяхан Сүхбаатарын талбай иргэдийн “бухимдлаар “дүүрлээ” ш дээ. Эрх баригчдын байдал, улс төрийн тавцан дээр гарч ирсэн үйл явц тийм ч таатай байгаагүй. Ялангуяа эрх барьж байгаа хүмүүс маш их асуудалтай орооцолдсон. Нийтийн санхүү, төрийн өмчийг шамшигдуулах, хувьдаа ашиглах, түүгээр мөнгө хийх, тэр мөнгөөрөө намаа тэтгэх, нам нь цаашаа улс төрийн эрхээр дамжуулж төрийг булингартуулах ажил хавтгай явж байна.

Идэж уусан мөнгөний дүнг нь иргэдийн тоолж чадахааргүй тоо гарч ирдэг болсон. Саяхан л сая төгрөг их мөнгө байдаг байсан бол одоо тэрбум, их наядаар ярьж байна. Их наяд ч бага тоо шиг болчихлоо.

Хэсэг бүлэг этгээдүүдийг бид яагаад нам, Үндсэн хуулиар дамжуулж төрийн энэ их санхүү, өмч рүү оруулчихав. Маш их нийтийн өмчийг хэсэг бүлэг хүмүүс улс төрөөр дамжуулж идэж байна. Дээр нь газрын хэвлийн баялаг 32 тэрбум ам.долларын барьцаанд оччихсон байна. Энэ бүгдийг сүүлийн 30 жил төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүс хийсэн. Ийм байхад 1992 оны Үндсэн хууль гайхалтай байна гэж хэлж чадахгүй. Үндсэн хууль болохгүй байгаагийн нэг илрэл нь улс төрд гарч ирсэн хүмүүсийн хөрөнгөжсөн байдал, ааш аяг, эрх мэдлээ ашиглаж хөрөнгөө нуух үйл явц. Нөгөө талаас төрийн байгууламж нь хүртэл сайн зохицуулагдаагүйн тод илрэл.

-Үүний гарц гаргалгаа нь юу вэ. Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт хийснээр энэ асуудлууд шийдэгдэх үү?

-1992 оны Үндсэн хуулийн бүлэг бүрд эрдэмтэн мэргэд дүн шинжилгээг хийх ёстой. Ингэж нийгэм, эдийн засаг, улс төрд ямар мухардал авч ирэв, ямар саад болж байна, эсвэл хөгжил нь ямар байв гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй. Гэтэл үүнийг хэн хийх вэ гэдэг асуудал үүсч байна. Бидэнд өнөөдөр бие даасан институт болсон их сургууль алга. Шинжлэх ухааны академи гэж 46 хүрээлэнтэй, улсаас жилд 26 тэрбум төгрөгийн төсөв авдаг байгууллага байна. Энэ байгууллага болоод МУИС төрөөс хараат болсон. Доторх эрдэмтэд нь одоо байгаа Засгийн газрыг магтан дуулах, тэдэнд таатай хандах, төсвөө тануулахгүй байх гэж л гүйдэг болчихоод байна.

Шинжлэх ухааны академийг автономит эрхтэй болгох гэж үзэж байгаа. Санхүүгээс бусад талаараа бүрэн эрх чөлөөтэй ажиллах ёстой. Мөн МУИС ч гэсэн автономит эрхтэй байх ёстой. Ингэж байж бид эрдэмтдийн бодит дүгнэлтийг гаргаж ирж чадна. Ний нуугүй хэлэхэд, Төрийн ордонд болсон уржигдрын эрдэм шинжилгээний бага хурлын зургаан илтгэлийн ихэнх нь Засгийг газрыг тэр дундаа эрх баригчдын гал унтраах ажилд тал зассан дүгнэлтүүд байна лээ. Бид ийм эрдэмтэдтэй байгаа тохиолдолд Үндсэн хуулийн 30 жилийн үйл явцад олигтой дүгнэлт өгч чадахгүй. Өнөөдрийн нөөц бололцоо оюуныг харахад монголчууд одоогийн Үндсэн хуульдаа дүгнэлт өгч чадахгүй ирээдүйд бий болох Үндсэн хуулийг хийж чадахгүй юм билээ.

-Зөвлөлдөх хурлын үеэр та төрийн өндөрлөгүүд, дарга, сайд нарыг айхтар шүүмжилж хэлэв ээ дээ?

-2008 онд Эрүүгийн хуулиар ял авч байсан этгээд өнөөдөр Ерөнхийлөгч болчихсон байна. Үүний өмнө нь Эрүүгийн хуулиар ял авах гэж байсан, янз бүрийн бизнесийн хар бор ажилд орсон нөхөр Монгол Улсын Ерөнхийлөгч болчихоод бууж байсан. Д.Ламжав гуайн “Нэг хулгайчаа нөгөө хэдэн хулгайчууд нь дэмжиж байгаад гаргачихлаа. Энэ шударга ёс уу” гэж үнэн хэлсэн байгаа юм. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хоёр жилийн өмнө найзууд байлаа шүү дээ. Өмнөх нөхдүүдээ унагахын тулд хамтарсан тоглолт хийж байсан. Гэтэл өнөөдөр хонь, чоно болчихсон сууж байна.

Эрдэмтэд, оюуны потенциалтай хүмүүс засаг, төрд гарч ирэх бүх зам нь манайд хаалттай болчихсон. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд битгий хэл багахан агентлагийн даргад бололцооны хүн гарч ирэх боломжгүй болчихсон байна шүү дээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг амьд үлдээхийн тулд Д.Амарбаясгалан гэж нөхөр ЖДҮХС-гаас 40 УИХ-ын гишүүнтэйгээ нийлж 40 тэрбум төгрөгийг хахуульд авсан. Нийтийн мөнгө ийм зүйлд зарцуулагддаг болсон. Дараа нь Хөгжлийн банкыг тонох ажил АН-ын үед ч гарсан. МАН-ын үед бүр хуулийг нь сольж байгаад албан тушаалтнуудад мөнгийг нь өгсөн. Үүнээс харахад бизнесийн ертөнцөд хүртэл шударга ёс байхгүй болчихож байгаа юм. Эрх мэдэлтэнтэй ойрхон хүмүүс л хамгийн өртөгтэй мөнгийг авдаг. Хар л даа, Хөгжлийн банкнаас маш бага хүүтэй зээлийг тэд л авсан. Цаг хэцүүдлээ гэхэд Монголбанкаар мөнгө хэвлүүлээд хүүгүй шахуу мөнгийг тэд л авдаг. Ингээд энэ нь манай эдийн засгийг авлига хээл хахуул мафийн системд оруулчихаж байгаа юм.

-Зогсоохын тулд УИХ-д ямар зохицуулалт оруулах хэрэгтэй гэж та харж байна?

-Том төсөл нэртэй том мөнгө угаалтууд яваад эхэлчихсэн. Гэтэл бид манай Үндсэн хуульд нийтийн санхүү гэж байдаггүй. Манай Үндсэн хууль өөрөө эдийн засагжаагүй. Учир нь 1992 онд чөлөөт зах зээл, нийтийн санхүүгийн зах зээлийн тухай ойлголт ер нь байхгүй байсан. Тиймээс төр буюу төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнуудаас нийтийн санхүүг яаж хамгаалах вэ гэдэг хамгаалалт манайд байхгүй. Нийтийн санхүү гэдэг нь төсөв, Засгийн газрын зээл, сангийн мөнгүүд, төрийн өмч, орон нутгийн өмчүүдийг хэлнэ. Энэ нь эрх мэдэлтнүүдийн тоглоом болдгийг бид сүүлийн 30 жил, тэр дундаа сүүлийн 15 жилд илүү тод харж байна. Үүнийг дагасан бизнесийн асар том бүлэглэлүүд бий болчихсон. Бизнесийн бүлэглэл нь Хөгжлийн банкны мөнгөнөөс яаж авах вэ, Төв банкийг яаж эзэгнэж мөнгө хэвлүүлж яаж нууц далдуур санхүүжүүлэх үү, гадны зээлийг яаж бүлэглэл дундаа хуваах вэ гэдэг асуудал 2013 оноос хойш маш их явагдаж байна. Үүнийг хязгаарлах, зогсоох гэсэн албан тушаалтныг Үндсэн хуулиар хамгаалах зохицуулалт манайд байдаггүй. Үүнийг Үндсэн хуульд оруулах ёстой. Үүнээс гадна мөнгө бол эдийн засгийн гол хэрэглүүр. Энэ хэрэглүүрийг зохицуулдаг ганц байгууллага нь улс болгонд Төв банк нь байдаг.

Тиймээс Төв банк ямар ч эрх мэдэлтнээс хараат бусаар ажилладаг, зөвхөн мөнгөний ерөнтөнцөө мэддэг байх ёстой.

-Улстөрчид Төв банкийг эзэрхийлдэг байдлыг яаж зогсоох вэ?

-Улстөрчдийн гар хөл макро эдийн засагт орохоор Төв банкийг байхгүй болгодог. Тиймээс Төв банкийг Үндсэн хуулийн хамгаалалтад авдаг. Эрх мэдэлтэй хүмүүс гаднаас асар их зээл авч, тэр зээлээрээ өөрийнхөө хэрэгжүүлэх гэж байгаа потенциалгүй төслийг санхүүжүүлэх гэж оролддог. Тиймээс үүнийг нь хязгаарладаг. Жишээ нь, зарим улсад гаднаас авах зээл ДНБ-ий 5.1 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалт Үндсэн хууль дотор нь байгаа шүү дээ. Мөн Ерөнхий сайдыг нийтийн санхүү буюу татвараас цугласан мөнгийг үр гамгүй, ашиггүй зарцуулах вий гэдгийг хянадаг механизмыг хийж өгдөг. Энэ нь манайд мөн л байхгүй.

Ялангуяа УИХ-ын гишүүн, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч, Ерөнхийлөгч нарыг яаж нийтийн мөнгө рүү оруулахгүй, тэндээс ашиг олбол албан тушаалаас нь огцруулдаг механизм сүүлд хийгдсэн бүх улсын Үндсэн хуульд байгаа. Манайд бас л байхгүй.

Жишээ нь, 2016 онд Эрдэнэтийн 49 хувийг улсад авсан. Тухайн үед улс төрийн маш том тоглолт хийж авсан л даа. Ингэхдээ 2016 оны зургадугаар сарын 17, 19-нд 200, 200 саяар нийт 400 сая ам.доллар авсан байдаг. Үүнээс 20 хоногийн дараа мөнгөний ханш унасан. Өөрөөр хэлбэл, манай улсын зах зээлээс 400 сая ам.долларыг гаргах, оруулах нь мөнгөний бодлогыг маш их савлуулдаг. Тэр үед улс төрийн нөхдүүдийн уран тоглолтоор Эрдэнэтийн 49 хувийг авч ирсэн. Эрдэнэтийн 49 хувь манайд шилжсэнээр ямар ашиг тус өгч байна гэхээр ОХУ руу явах байсан бүх ашгийн мөнгө манайд үлдсэн. Жишээ нь, ковидын үеэр иргэдийн нэг их наяд төгрөгийн цахилгааны мөнгийг төллөө. Тухайн үеийн улстөрчид монголчуудад тусахаар зүйл хийсэн. Үүнийг зөвхөн өндөр түвшний эрх мэдэлтнүүд хийдэг. Гэтэл саяхан үүнтэй төстэй зүйл хийлээ. Гэхдээ энэ бол нууцын зэрэглэлд байгаа зүйл л дээ. Өмнөх Ерөнхийлөгч Монголбанкнаас санхүүжилт авсан байдаг. Тэр тоог нь би харсан учраас хэлж болохгүй байна. Гэтэл тэр мөнгөө гаргаад дараа нь Эрдэнэс Таван толгойгоос мөнгө оруулаад төмөр зам барилаа. Гэтэл үүний тэрбум гаруй ам.долларууд нь манай эдийн засагт асар их савлуулж байна. Мөнгө хэвлэж гаргах, долларжуулах, дахиад татах энэ процесс дээр мөнгөний ертөнцийг доргиохгүй байх үүрэг нь Төв банкных. Тиймээс Төв банкний ерөнхийлөгч зарим хэрэггүй зүйлд “Үгүй” гэж хэлж чаддаг байх ёстой. Гэтэл манайд чихдэж аваачаад загнаад маргааш нь мөнгө хэвлэж байгаа юм.

Саяхан өмнөх төрийн гурван өндөрлөгийн хийсэн нууцын зэрэглэлтэй оффтейк гэрээнүүд ил боллоо. Энэ нь цаанаа тэрбум ам.доллараар яригдах асар их мөнгө байгаа юм.

Төгрөгийн ханш өнгөрсөн жил 20 хувиар уналаа. Үүнд иргэд, аж ахуйн нэгжийн буруу байхгүй. Зөвхөн эрх мэдэлтэй хүмүүсийн хэт тансаглаж, зах зээлээс гэнэт мөнгө татаж өөр юм руу хийсэн л үйл явц байгаа юм. Энэ бүрт эдийн засагчид, санхүүч нар, хараат бус эрдэмтэд юм дуугарч хэлж байх ёстой. Ялангуяа МУИС-ийн эдийн засгийн тэнхим ч гэдэг юмуу. Эсвэл Монголбанкны эдийн засагчид. Гэтэл тэд бүгд үг хэлэх эрхгүй. Нууц гэсэн нэрээр бүгд хаалттай болсон. Эрх мэдэлтнүүдийг нийтийн санхүү рүү орох юмыг хязгаарлах арга хэмжээ авч байхгүй бол бид улсаараа сүйрэх гээд байгаа юм.

Өнөөдөр инфляци 15 хувь, төгрөгийн ханш 20 хувиар унасан нь сүүлийн зургаан жилийн хугацаанд төрийн өндөр албан тушаалтнуудын хийсэн ажлын гор.

Энэ бүр дээр чимээгүй байгаа эрдэмтдээр 1992 оны Үндсэн хууль зөв байна уу, буруу байна уу гэдгийг дүгнүүлэх хэцүү. Ийм их алдаануудыг олж харж хэлэхгүй байна шүү дээ. Би бол “Өдрийн сонин”-д байнга л энэ асуудлыг хэлж байсан. Мань мэт нь л ийм юм боллоо гэж чимээ өгч, чихнээс нь хонх уяж байгаа юм. Гэтэл үүнийг Үндсэн хуулиар тас цохидог, хариуцлага үүрүүлдэг ямар ч систем алга. Үндсэн хуулийн Цэц ч ажиллаж чадахгүй байна. Хүчний байгууллага ч хяналт тавьж чадахгүй байна.

-Том төсөл нэртэй мөнгө угаалт их явж байна гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Асар том дүнтэй гол гол оффтейк гэрээнүүд гараагүй. Хятадын талын аж ахуйн нэгж нь манай төрийг аргандаа оруулчихсан. Тэрийг хэлбэл бид зөвшөөрөхгүй гэх шиг. Бизнесийн гэрээг ил гаргаж тавихад ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тэр гэрээг манай одоогийн эрх барьж байгаа нөхдүүд өөрсдөө хийчихсэн болохоор бантаад байгаа юм.

Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар тав зургаан жилийн өмнөх АН-ын нөхдүүдийг тодруулж барьж гүйгээд байгаа болохоос өөрсдийн хийсэн “нүглээ” гаргаж ирэхгүй байна. Тэдний хийсэн нүгэлд маш их юм байгаа. Мэдээж бид газрын хэвлийн баялгаа ашиглаж мөнгө босгох хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ нь зөв системтэй, ил тод байх ёстой. Ирээдүйд хүүхдүүд маань төлөх мөнгө шүү дээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаан бар өдөр DNN.mn

2023.01.08, НЯМ ГАРИГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 17. ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

Аргын тооллын: 2023.01.08, Ням гариг

Наран ургах шингэх: 08.41-17.17

Үс засуулбал: Өнгө зүс доройтно

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдээ санаатайгаар олон нийтийн газар хаяж явсан эцгийг 7 сая төгрөгөөр торгожээ DNN.mn

Иргэн Зэлэм, Наран нар хамтран амьдарч, тэдний дундаас 2018 онд 1 сард охин Сод, 2019 оны 4 дүгээр сард охин Норов нар мэндэлжээ.

2018 оны 08 дугаар сард Наран нь Зэлэмийг өөр эхнэр, хүүхэдтэй гэдгийг мэдэж дээрх асуудлын улмаас маргалдаж Наран өөрийн хүүхдүүд болох Сод, Норов нартай тусдаа амьдарч эхэлсэн байна.

Нарангийн түрээслэн амьдарч байсан байрны түрээсийн хугацаа дууссан, ажил хийж мөнгө олох, эрүүл мэндийн шалтгаан гарсан зэрэг бусад шаардлагаар харах хүнгүй болсон тул хүүхдүүдийг асран хамгаалуулахаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн эцэг Зэлэмд гэрт нь аваачиж, хүлээлгэн өгчээ.

Гэтэл эцэг Зэлэм нь Сод, Норов нарын төрсөн эцэг мөн атлаа хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж 3 настай Сод, 1 ой гарантай Норов нарыг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GGGG” товерын дугаар давхарт орхиж явсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар, хүүхдийг асран хамгаалах үүрэг хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь уг үүргээсээ зайлсхийж, “… хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн” бол гэмт хэрэгт тооцож, 5,400,000-27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-5 жил хүртэл хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгчийг Зэлэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол бөхийн өргөөний тооно шинэчлэгджээ DNN.mn

Өвлийн дунд сарын шинийн 15-ны сайн өдөр Монголын үндэсний бөхийн холбоо Монгол бөхийн өргөөнийхөө тооныг шинэчилж бүтээлээ. Хуучин тоононы диаметр 3,5 метр байсан бол шинэ тооно 6 метрийн диаметртэй хоёр дахин хөнгөн байхаар хийгдсэн байна.

1998 оны арванхоёрдугаар сард бөхөд хайртай түмний буянаар ашиглалтад орсон, 2500 үзэгчийн суудалтай энэхүү өргөө өнгөрсөн жил нэгдүгээр давхартаа засварын ажил хийгээд зогсохгүй гаднах дөрвөн хүчтэн болон соёмбо алтан шаргал болж, өнгө нэмсэн. Мөн гаднах фасад болон 10 гаруй жил болсон хивсээ сольсон билээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим гацааанд оров DNN.mn

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дөрвөн удаа санал хураагаадспикерээ сонгож чадсангүй. Хэдийгээр Бүгд Найрамдах нам Конгрессын доод танхимыг хянаж байгаа боловч тус танхим дахь намын бүлгийн дарга Кевин Маккартни хууль тогтоох байгууллагын шинэ бүрэлдэхүүний ажлын эхний өдөр явагдсан гурван санал хураалтаар олонхын дэмжлэгийг авч чадаагүй бөгөөд өчигдөр явагдсан дөрөв дэхь санал хураалт ч амжилтгүй болсон юм. Төлөөлөгчдийн танхимын даргын сонгуульд ялахын тулд 218 санал авах ёстой бөгөөд гурав дахь шатны санал хураалтын дүнгээр түүний гол өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Хаким Жеффрис 212 санал авсан бол бүлгийн дарга өөрөө 202-ыг авчээ. Гурав дахь шатны санал хураалтын дүнгээр бүлгийн даргаа дэмжээгүй Бүгд Найрамдах намын гишүүдийн тоо эхний шатанд 19 байсан бол 20 болж нэмэгдсэн байна. Дөрөв дэх санал хураалтаар энэ дүн өөрчлөгдсөнгүй.

Ийнхүү АНУ-ын Конгрессын гишүүд сүүлийн 100 жилд анх удаагаа Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргыгаа эхний шатанд сонгож чадсангүй. Хамгийн сүүлд 1923 онд ийм тохиолдол гарч байжээ. Тухайн үед Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгохын тулд есөн шатны санал хураалт явагдсан байна. Энэ удаад мөн нэр дэвшигчдийн аль нэг нь олонхын санал авах хүртэл сонгууль үргэлжилнэ.

Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгохоос өмнө шинэ бүрэлдэхүүн тангаргаа өргөж, хууль тогтоох үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй юм.

Categories
мэдээ нийгэм

МИАТ Европ, АНУ-ын 10 хот руу нисэх боломжтой болжээ DNN.mn

МИАТ ТӨХК болон Туркиш Эйрлайнс компаниуд зорчигчдынхоо аялах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.

Тус хамтын ажиллагаагаар Туркиш Эйрлайнс нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хот руу хүрэх нислэгт маркетингийн тээвэрлэгчээр ажиллах аж.

Харин МИАТ компанийн үйлчлүүлэгчдэд Туркиш Эйрлайнс компанийн нислэгийн сүлжээгээр Европ болон АНУ-ын чиглэлд аялах боломжийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл Туркиш Эйрлайнс компани МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Истанбул чиглэлд TK аяллын дугаар бүхий нислэгийг үйлдэх гэнэ.

Хариуд нь МИАТ компани нь Истанбул-Улаанбаатар чиглэл болон Истанбул хотоос цааш Туркиш Эйрлайнсийн нислэг үйлддэг Европ болон АНУ-ын 10 хотын чиглэлд ОМ аяллын дугаар бүхий нислэгийг үйлдэх боломжтой болжээ.