Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөл гэж хэн бэ? DNN.mn

Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн пүрэв гаригийн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан. С.Батдөлийг 48 цагийн хугацаатай баривчилсан мэдээлэл гараад байгаа юм.

Энэ хэргийн талаар өнгөрсөн Баасан гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн цагдаагийн албанаас Улаанбаатар төмөр замын албан тушаалтан Б болон түүний хамаарал бүхий хүмүүсийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Мөн 4 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм.

Хуулийнхан түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутган шалгаж буй. Учир нь С.Батдөлийг өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Мөрдлөгийн ажил нэлээд өргөн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд баривчилгаа цаашид ч үргэлжлэх бололтой.

С.Батдөл нь Улаанбаатар өртөөний орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд 2021 оноос Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч болон дэвшжээ. Тэрбээр Дархан- Уул аймгийн харьяат бөгөөд эхнэр, нэг хүүхэдтэй. С.Батдөл өмнө нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан удаатай гэнэ.

Нэгжлэгийн үеэр цагдаа нар С.Батдөлийн хамаарлын тансаг орон сууцнаас 7.3 тэрбум төгрөг хураан авахаас гадна өндөр мөнгөн дүнтэй үл хөдлөх хөрөнгийн нэг бус гэрчилгээ хураан авсан байгаа юм. Нэгжлэгийг С.Батдөлийн хамаарлын орон сууц, объектоос гадна түүний төрсөн ах С.Баттулгынд ч мөн нэгжлэгийг хийжээ. Учир нь С.Баттулга нь уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр 10 компанийн үүсгэн байгуулагч болон хувь эзэмшдэг юм байна. Уг хэрэгт түүний эхнэр М.Сайнбилэг татагдаж буй аж. Тодруулбал, эхнэр М.Сайнбилэгийн нэр дээр ч мөн хэд хэдэн компани бүртгэлтэй байгаа нь хуулийнхны анхаарлыг татжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын өнгөрсөн Баасан гарагт өгсөн мэдээллээр С.Батдөлийг 48 цагийн хугацаатай баривчилсан гэсэн ч шүүх уг асуудлыг хэлэлцээгүй, С.Батдөл буцаад эрх чөлөөтэй болсон гэх мэдээлэл гараад байгаа.

Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, прокуророос өнгөрсөн Баасан гарагийн 17:10 цагт С.Батдөлийг цагдан хорих саналыг шүүхэд ирүүлжээ. Шүүх саналыг хэлэлцэж эхлэхэд С.Батдөлийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Шүүх хурал давхцаж байгаа тул хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр 10:00 цагт прокурорын саналыг хэлэлцэхээр болжээ.

Түүнээс гадна шүүхийн тайлбарт “Яллагдагч С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлагдаагүй гэсэн тайлбарыг гаргасан болно” гэсэн байв.

С.БАТДӨЛИЙН 7.3 ТЭРБУМЫН ЭХ ҮҮСВЭР ХААНААС ЭХЛЭЛТЭЙ ВЭ?

Хуулийнхан С.Батдөлийг сэжиглэж буй гол үндэслэл нь төмөр замаар нүүрс тээврийн оочер дарааллыг өөрийн албан тушаал эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгон, бусдаас авлига авсан гэж үзэж буй.

Улаанбаатар төмөр замд энэ асуудал нэлээд эртнээс яригдаж буй. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сард АТГ-аас Улаанбаатар төмөр замын Дотоод аудитын хэлтсийн дарга Ж.Пунцагийг яг энэ төрлийн үйлдлээр баривчилж байв. Өөрөөр хэлбэл, вагоны оочер дайруулдаг, дундаас нь ашиг хүртдэг хууль бус үйлдлүүд өмнө нь ч байсан гэсэн үг. Тодруулж хэлбэл, КОВИД-ын үеийн хил гаалийн хаалттай байдлаас үүдэж боомтууд дээр нүүрс маш их хэмжээгээр бөөгнөрсөн. Ийм нүүрсийг автомашинаар болон төмөр замаар гаргаж, улсын төсөвт орлого төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Улаанбаатар төмөр зам энэ ажилд голлох үүрэгтэй оролцохыг Засгийн газраас даалгаж байв.

Энэ явдлыг Улаанбаатар төмөр замынхан ашиг хонжоо болгосны нэг нь С.Батдөл гэдгийг эх сурвалж хэлж байна. Харин С.Батдөл нүүрсний энэ хэргийн талаар өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Тиймэрхүү юм байхгүй байх. Тийм юм мэдэхгүй байна. Шалгадаг хуулийн байгууллага тогтооно биз. Бид дүрэм журмынх нь дагуу ажиллаж байгаа. Бид хүний вагоноор хүний нүүрсийг ачиж байгаа. Улаанбаатар төмөр зам зөвхөн тохируулгыг хийж өгч байгаа. Түүнээс хууль бус үйлдэл хийх ямар ч боломжгүй” гэж байв.

“С.БАТДӨЛИЙН АЛБАН ТУШААЛ БОЛ ООЧЕР ДАЙРУУЛААД 50 ВАГОН ГАРГАХАД 500 САЯ ТӨГРӨГ ОЛОХ ЭНҮҮХЭНД”

Энэ хэргийн хүрээнд бид Улаанбаатар төмөр замд ажилладаг нэгэн эх сурвалжтай ярилцлаа.

– С.Батдөл хэзээнээс энэ албан тушаалд ажиллаж эхэлсэн юм бэ. Түүний талаар мэдээлэл өгөхгүй юү?

– Жилийн өмнө л томилогдож байсан.

– Өмнө нь хаана ажилладаг байсан хэрэг вэ. Улаанбаатар төмөр замд байсан уу?

– Байсан. 2010 оноос Дархан өртөөнөөс ажиллаж эхэлсэн гэдэг. Мөн Сүхбаатар өртөө, Улаанбаатар төмөр замын Толгойт өртөө, цаашлаад Замын даргын ажлын албанд ажиллаж байсан. Сүүлд 2019-2021 онд Улаанбаатар өртөөний орлогч дарга байсан. Түүнээсээ “Д” алба руу шилжсэн юм билээ.

– Д алба гэдэг нь юу вэ?

– Хөдөлгөөний алба гэсэн үг. Хөдөлгөөнийг дахин хуваарилах хэлтэс гэж байдаг. Өнөөдрийн тээврийн зохион байгуулалтын алба гэсэн үг. Түүний орлогч даргаар ажилладаг хүн. Өөрөөр хэлбэл, яг л тээвэр зохион байгуулалтыг дагнан хариуцдаг албан тушаалтай байсан.

– Түүнийг албан тушаалаа ашиглаж төмөр замын нүүрс тээврийн оочер дарааллыг бусдад олгодог байсан гэж хуулийнхан үзэж байгаа. Үнэхээр төмөр замд ийм цоорхой байдаг хэрэг үү?

– С.Батдөлийн хийж байгаа ажил нь тийм хэлбэр рүү оруулах магадал өндөр. Хуучин тэр албаар явж өнгөрсөн хүмүүст ийм боломж зөндөө байсан юм байна гэдгийг нотолж байгаа явдал. Нэг ёсондоо, тэнд л ийм ажлыг хийж болно. Төмөр зам бол цахим болгосон л гэдэг. Гэхдээ цахимыг хүн хийдэг учраас цаана нь юм байдаг л байхгүй юу.

– Орлогч дарга ийм хэмжээний хууль бус үйлдлийг хийж, хөрөнгөтэй болсон гэхээр түүнээсээ дээш албан тушаалтнууд ч улсад илүү ихээр хохирол учруулдаг байж болзошгүй гэсэн өнцгийг олон нийт хэлж байгаа. Боломжтой юу?

– Баримтгүй учраас хэлэхэд эрт байна. Гол нь энэ явдлаас төмөр замын энэ албан тушаал дээр ажиллаж байгаа хүмүүсийн хэн нь хэний хамаарал, хэн нь хэний хамгаалалтад байна вэ гэдэг гогцоо. Түүнээс биш хүн бүр очоод хийгээд байдаг эд биш. Ил болбол алуулна гэдгээ мэдэж байгаа хүмүүс. Үүнийг мэдэж байгаад хийж байна гэдэг дээрээ хамгаалалттай л хүмүүс хийнэ.

– Мөнгөн дүн ярьж болох уу. Орлогч дарга тэрбумаар яригдах хөрөнгө хураасан гэхээр авлигын хэмжээ нь нэлээд өндөр гэсэн үг үү?

– Энэ хэрэг бол вагон зохицуулдаг хэдэн хүний хийж байгаа ажил. Энэ хэрэг бол тэд төмөр замын ачаа тээврийн орлогоос аваад байгаа юм биш. Энэ бол хэдэн вагонтой компани, хувь хүмүүсийн ачаа тээврээ хурдан хийлгэх гэсэн. вагоноо ажилд явуулах гэсэндээ шахаанд орж авлига өгч байгаа хэрэг.

Одоо бол нэг удаадаа нүүрсний 50 вагон явуулдаг болчихсон. Түүнд оочер дайруулаад нүүрсээ ачуулахад 500 сая төгрөг хаях юу ч биш. Хилээр гаргаад хятадуудад 50 вагон нүүрсээ зараад л алдагдлаа нөхчихнө. Эсвэл оочероо зарахад л хангалттай олох ашиг гэдгийг ойлгож байгаа хүмүүсийн хийж байгаа ажил. Хамгийн гол нь С.Батдөлийн албан тушаал ийм хууль бус үйлдэл хийх боломжтой юу гэвэл тийм гэв.

Categories
мэдээ нийгэм

С.Батдөлийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ DNN.mn

УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг цагдан хорих эсэхийг Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ. Энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо DNN.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт нэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, аваргуудаа тодрууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч бүртгүүлснээс шигшээ тоглолтод 140 шатарчин (эрэгтэй 104, эмэгтэй 36) тунан үлдээд байсан юм. Тамирчид Швейцарь системээр найман өрөг тоглосон.

Ингээд эмэгтэй ангилалд Баянгол дүүргийн Б.Анужин тэргүүн байрыг эзэлсэн бол Говь-Алтай аймгийн А.Нарансолонго хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргийн Г.Алтанзул гуравдугаар байрыг тус тус эзэлсэн.

Харин эрэгтэй ангилалд Дорнод аймгийн Б.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр, Баянгол дүүргийн Б.Мөнхсаруул хоёрдугаар байр, Хэнтий аймгийн Г.Тамир гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Эхний гурван байранд шалгарсан эмэгтэй, эрэгтэй оролцогч тус бүр спортын дэд мастер цолын болзлыг хангаж буй юм. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан болно DNN.mn

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан”-ы танхимд тус тус болох юм. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг тус тус хуралдана.

Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанаар Хянан шалгагч, шинжээч нарын ажиллах хугацааг сунгах тухай Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Categories
мэдээ цаг-үе

ЭМД-ын сангаас 19 төрлийн эмийг 100 хувь хөнгөлөн олгож эхэллээ DNN.mn

Капитал банканд байсан ЭМД-ын хөрөнгийг төвлөрүүлэх арга хэмжээг авч байна  | News.MN

Эрүүл мэндийн яамнаас 2022 онд хийж хэрэгжүүлсэн “Онцлох 10” ажлыг цувралаар танилцуулж байна.

2022 онд эхлүүлсэн нэг чухал ажил бол “Новартис аксесс” хөтөлбөрийг эхлүүлж, нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлж олгож эхэлсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, Швейцар улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Новартис аксесс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил 2019 онд эхэлсэн бөгөөд 2022 оны хоёрдугаар сард Эрүүл мэндийн сайд С.Энхболдын А/120 дугаар тушаалаар 24 нэрийн эмийн импортын лицензийг олгосон.

Тэгвэл өнгөрсөн 10 дугаар сард Монгол улсын Хүний эмийн зөвлөл хуралдаж, энэхүү шийдвэрийг гаргасан.

Швейцар улсад төвтэй, “Новартис” компаниас хөгжиж байгаа улс орнуудад хэрэгжүүлж хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих , олон эмчлүүлэгчид хүрч үйлчлэх боломжийг бий болгох, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж халдварт болон халдварт бус өвчнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, Бага болон дунд орлоготой улсуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр тодорхой байр суурьтай хамтран ажиллах зорилготой бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар Монгол улс жилд дунджаар ЭМДС-ын ес тэрбум гаруй төгрөгийг хэмнэх боломж гарч байна.

Novartis access хөтөлбөрийн хүрээнд:

Зүрх судасны системд нөлөөлөх дараах 6 нэр төрлийн тунгийн ялгаатай 12 эм

Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн иргэдийн өдөр бүр хэрэглэдэг 3 нэр төрлийн тунгийн ялгаатай 6 эм

Хавдрын эсрэг дааврын гурван төрлийн бэлдмэлүүд

Гуурсан хоолойн багтраа өвчний эсрэг бэлдмэл

Системийн үйлдэлтэй нянгийн эсрэг бэлдмэл

Шээсний замын өвчлөлд хэрэглэх бэлдмэлүүд орж байгаа бөгөөд 5 жилийн хугацаанд Монгол Улс үйлдвэрлэгчийн үнэ болох 1 ам.доллароор худалдан авч улс орон даяар ЭМДЕГ-тай гэрээ байгуулан ажиллаж буй Улаанбаатар хот болон 21 аймаг дах 191 салбар эмийн сангаар улс орон даяар түгээж эхэлсэн.

Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ

Гомбожавын ЭРДЭНЭЦЭЦЭГ

(1946-2023)

Нүдний эмч Номч мэргэн овогт Гомбожавын Эрдэнэцэцэг нь 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олонд нөхөж баршгүй том орон зай үүсгэн, та биднийг цагийн эрх, хорвоогийн жамаар орхилоо.

Г.Эрдэнэцэцэг нь Улаанбаатар хотод Самаагийн Гомбожав, Жүгдэрийн Нанжидмаа нарын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Эцэг эхийн асрамж, цэцэрлэгээр хүмүүжиж 8 насандаа 1954 онд Улаанбаатар хотын IV бага сургууль, 1958 онд V дунд сургуульд элсэж, улмаар Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр 1969 онд төгсжээ.

Тэрбээр 1969-1975 онд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт нүд, чих хамар хоолойн эмчээр, 1975-1979 онд Эрүүлийг хамгаалах яаманд сайдын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1979-1980 онд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсад Прагийн эмч, эм зүйчийн мэргэжил дээш лүүлэх хүрээлэнд нүдний мэс засалчаар мэргэшжээ. Удалгүй 1980 оноос 1994 онд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт (УХТЭ) нүдний эмчээр, мөн хугацаанд тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын ажлыг хавсран хийж байжээ.

Хорвоо ертөнцийг харах мэлмийд зориулсан эмнэлгийн боловсрол олгох уриатай Орбис төсөл буюу олонд “нүдний нисдэг эмнэлэг” гэж түгсэн баг 1989 онд ирэхэд хамтран ажиллаж, мэдлэг, туршлагаа харилцан солилцож байлаа. Мөн УХТЭ-ийн захиргаанаас дахин эмчээр ажиллуулах хүсэлтийн дагуу 1996-1998 онд ажиллаж, өөрийн залгамж залуу эмч нарыг сурган бэлджээ.

Хожим 1994-2002 онд “Мэлмий” хувийн нүдний эмнэлэг-хувиараа эрхлэх аж ахуй (ХЭАА) байгуулан ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Хэдийн тэтгэвэрт гарсан байсан ч Анагаах ухааны Энэрэл коллежийг эм найруулагчийн дамжааг 2000 онд дүүргэсэн нь ямагт сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлдэг байсан хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл юм. “Эрүүл мэнд, эрдэм боловсрол, хоол хүнс бол хүн бүр машид анхаарч, төр сайтар хариуцах ёстой салбар” гэсэн түүний чанд байр суурь өнөөдөр ач холбогдолтой хэвээр байна.

Г.Эрдэнэцэцэг хүчээр бус хэлээр, бяраар бус ухаанаар асуудал шийддэг, “Зэвсэг барьсан ахан дүүс цэцэг барин золгох болтугай!” хэмээн ерөөдөг энхийн төлөө зүтгэлтэн төдийгүй Бурхны шашны буяны сайн үйл, эрдэм номыг дэлгэрүүлэх чин хүсэлтэй нэгэн байсан ба нийтийн тусын тулд үнэ төлбөргүй өндөр настан, хүүхэд, харааны бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх, эмчлэх, өнчин хүүхдийг баярлуулах үйлийг зохион байгуулдаг байв. Өөрийн эцэг С.Гомбожавын үүсгэн байгуулсан Азийн Буддистуудын Энх тайвны бага хурал байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, оролцож ирсэн бөгөөд Засгийн газрын шийдвэрээр 2005 онд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг С.Гомбожавын нэрэмжит болгон мөнхжүүлжээ. Мөн эцгийн алтан шарилын хүрээнд Зарлиг увдисын суварга бүтээсэн билээ.

Түүний хичээл зүтгэл, тууштай занг үнэлэн хамт олон, төрөөс Монголын үйлдвэрчний эвлэлийн хүндэт гишүүн, VII таван жилийн гавшгайч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Алдарт эхийн одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон зэрэг шагналаар шагнаж байжээ.

Тэрбээр үзэсгэлэн гоо шигээ энэрэнгүй, нинжин сэтгэлтэй, бусдын сайн сайхны төлөө үргэлж санаа сэтгэлээ зориулж, балчир хүүхдээс өтгөс буурлыг ялгалгуй хайрлан, өргөн тэтгэж, өөрөөсөө залуу, өтөл буурал насны хязгааргүй найз нөхдөөрөө хүрээлүүлэн бусдад нар гийх мэт инээд баяр баяслыг түгээн, өөрийн энэхүү үйл үйлдлээрээ үр хүүхдээрээ үлгэрлэн хүмүүжүүлж өсгөжээ.

Үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олондоо даруу төлөв, шулуун шударга, хүнлэг нөхөрсөг, өгөөмөр, энэрэнгүй, бүтээлч, хөдөлмөрч зарчимч гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хүндлэгдэн дурсагдах болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дамба: “Танктай хятадууд орж ирнэ” гэж өргөн цариг барьсан. Үр дүнд нь терминал байгуулж өртөг зардлыг л өсгөж байна DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамбатай ярилцлаа.


-Нүүрсний хэрэг, төмөр зам гээд тантай ярилцах сэдэв өргөн байна. Сүүлийнхээс нь нүүрсний асуудлаар эхэлье л дээ. Нүүрсний хулгай гарсан, маш их хэмжээний хохирол яригдаж байна. Уул уурхайн салбарынхан энэ асуудлыг яаж харж байна вэ?

-Би нэлээд олон жилийн өмнө ярьж байсан сэдэв. Нүүрсний тээвэр, аман нөхцөлөөр үнэ тохирдог тухай 10-аад жилийн өмнөөс хөндөж байлаа. Энэ асуудал Монголын нүүрсийг зах зээл дээр үнэд хүргэж чадахгүй байх нэг эх үүсвэр. Ам нөхцөл гэдэг нүүрсний олборлолтын өөрийн өртөг дээр жаахан ашиг нэмээд л зарж байгаа хэлбэр шүү дээ.

-Бүдүүлэг арга юм уу?

-Яахав, худалдаа наймаанд байж болох л арга байх. Олон улсын худалдаа наймаанд миний мэдэхээс гурван нөхцөл байдаг. Хамгийн түлхүү хэрэглэгддэг нь хил нөхцөл гэж бий. Бид өмнө нь Наушикаар жонш гаргаж, Орос, Украин руу нийлүүлдэг байлаа. Тэгэхэд Наушик дээрх үнээр ярьж өгдөг. Тэрнээс цааш өөрийнх нь нутгаар явах тээврийг өөрсдөө худалдан авагч тал хариуцдаг байв. Тэр нь ч амар. Бид Наушик хүртэл тээврийн зардлыг хариуцна. Ийм маягаар явбал янз бүрийн будлиан бага. Манайх нүүрсээ ингэж л явах байсан. Гэтэл уурхайн аман дээрээс нэг компани авна. Тэр нь цаад хэрэглэгч нь биш. Тээврийн компани, зуучлагч нар голдуу. Тэд аман дээрээс аваад Хятадын хил дээр аваачаад өгчихдөггүй.

Наана нь Цагаан хад гээд зохиомол цэг бий болгоод буулгачихдаг. Тэндээс нь дахиад нэг компани Хятадын хил дээр хүргэнэ. Энэ олон дамжлага яагаад үүссэн юм бэ гэхээр ерөөсөө нүүрсний хулгай хийх нөхцөлийг л бүрдүүлсэн хэрэг. Бид тухайн үед хулгай гэдэг талаас хараагүй. Мөнгө угааж байна гэж ярьж ирсэн. Уурхайгаас гарсан нүүрс гурав, дөрөв дамжиж эцсийн хэрэглэгчдээ хүрдэг. Энэ хооронд мөнгө угаалт, хулгай явагдсан.

-Ямартаа ч олон нийтийн анхааралд орлоо. Хохирол яригдаж байна. Цөөн ч болов хулгай хийсэн хүмүүс нь илэрч байгаа. Ахиц биз дээ?

-Тийм. Ямар нэгэн зөв бус менежмэнт, тогтолцоо байсан гэдэг нь ойлгомжтой. Тийм олон дамжлага бий болгоно гэдэг байгаль дэлхий бохирдоно, нүүрсний чанар хүртэл мууддаг. Буулгаад ачаад байхаар хорогдол их гардаг. Бид чинь баялгаа аль болох бага зардлаар хорогдол багатай тээгээд худалдан авагчдад хүргэж өгөх ёстой. Тэгж байж нүүрс ашигтай байх ёстой. Бүр инээдтэй юм гарч ирээд байгаа шүү дээ. Таван толгойгоос Цагаан хад хүртэл 220 гаруй км зайд тээсэн үнээс Цагаан хадаас Хятадын хил хүртэл 28 км тээсэн үнэ нь хэд дахин өндөр байх жишээтэй. Тэгэхээр энэ бол яалт ч үгүй зөв бус тогтолцоо явагдаж ирсний баталгаа.

-Нүүрс тээвэр ярихаар төмөр замын асуудал хөндөгддөг. Та ч энэ талаар нэлээд дуугарч ирсэн хүн. Өргөн нарийн цариг ярьсаар 10 жил гацсан энэ сэдэв өнөөдрийг хүртэл ямар зам туулсныг та л бодитоор ярих байх…?

-2008 оны үед манай уул уурхайн нүүрс олборлодог томоохон компаниуд, тухайлбал, “Энержи ресурс”, “МАК” төмөр зам тавья, тэгвэл нүүрс гаргахад тээврийн зардал бага болж, үнэд хүрнэ гэдэг саналыг тавьсан. Бүр ТЭЗҮ-ийг нь боловсруулчихсан байсан. Гэтэл үүнийг тухайн үеийн Зам тээврийн яамнаас эсэргүүцэж “Төмөр зам бол төрийн мэдэлд байх ёстой” гэж хаана ч байхгүй зарчим гаргаж ирсэн. Сүүлдээ Засгийн газраас “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” гэдэг хууль эрх зүйн акт болгож УИХ руу оуулсан. Энэ асуудал УИХ дээр нэлээд маргаантай байсан шүү дээ. Нэг хэсэг нь “Төрд байх нь зөв” гэхэд нөгөө хэсэг нь “Ингэж болохгүй, аж ахуйн зориулалттай нарийн царигийн төмөр зам байж болно. Энэ нь манай улсын гол магистрал замтай хамааралгүй учраас байж болно” гэсэн санаанууд гарч байсан. Ингээд УИХ-аар хэлэлцэгдсэн, үүн дээр тухайн үеийн Зам тээврийн яамнаас нэлээд лобби зохион байгуулсан бололтой, 2010 онд батлагдаж гарсан. Ингэхдээ өргөн царигийг зааж, төр заавал үүнийг хянана, аж ахуйн нэгжээр төмөр зам бариулахгүй” гэх мэт заалтууд орж ирсэн.

-Сүүлд нэлээд өөрчлөлт орсон байх шүү?

-Гэхдээ тэр хуулинд цөөнх болж байсан талын санал тодорхой хэмжээгээр орсон. Тухайлбал, “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын 4.1.2-т үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр замыг одоо ашиглаж байгаа төмөр замын шугамуудтай шууд холбогдох буюу огтлолцох нөхцөлд царигийн өргөн 1520 мм байна гэж өргөн царигаа баталгаажуулж оруулсан. Яахав энэ бол байж болох заалт. Учир нь манай Сүхбаатараас Замын-Үүд хүртэл төмөр зам маань өргөн царигтай. Мөн энэ заалт дотор бас нэг өгүүлбэр бий. “Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээврийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ гэж заасан. Жишээ нь, Таван толгой-Гашуунсухайт хүртэлх төмөр замын царигийг тухайн үеийн Засгийн газар шийдээд УИХ-аар хэлэлцүүлээд болно гэсэн хоёрдмол утгатай заалт байсан. Гэвч энэ заалт хэрэгжихгүй явсаар 2012 онд УИХ-ын тогтоол гарсан. Тэр тогтоол дээр Таван толгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Таван толгой-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замыг 1520 мм-ээр барих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газар байлаа. Гэвч Н.Алтанхуяг хэрэгжүүлж чадаагүй. Ямар нэгэн байдлаар эсэргүүцэгч нар нөлөөлсөөр байгаад саяхныг хүргэсэн. УИХ-ын 2012 оны тогтоолыг бүр 2020 оны тавдугаар сард хүчингүй болгуулсан. Түүнийг хэн ч бараг мэддэггүй. Таны хэлснээр маш олон удаа өөрчлөлт оруулсан шүү дээ. Нэг ёсондоо нарийн царигаар барих төмөр замын чиглэлүүдийг өөрчилж нэмсэн өөрчлөлтүүд л дээ. Тэгээд хамгийн сүүлд Таван толгой Гашуунсухайтын төмөр замыг барих ажлыг өргөн царигаар хийсэн.

-Нарийн царигаар барих ёстой. Ингэж бариагүйгээс Монгол Улс эдийн засгийн маш их боломжийг алдсан. Одоо ч алдаж байгаа. Та ч анх нарийн царигаар барих ёстой гэж төрийнхөнтэй ам мурийж явсан удаатай. Өнөөдөр үр дагаврыг нь юу гэж харж байна вэ?

-Нарийн гэж яриад байгаа 1435 мм-ийн цариг чинь дэлхий дээр байгаа нийт төмөр замын 60 гаруй хувийг эзэлдэг. Ер нь олон төмөр замын цариг байдаг. Дэлхийн түүхэнд бүр 13 төрлийн цариг байсан байдаг. 380 мм-ээс эхлээд 2160 мм хүртэл өргөнтэй байсан. Тэр нь тухайн орон нутаг, бүс нутгийн шинж чанартай, том компаниуд хоорондоо өрсөлдөх, бие биендээ замаа ашиглуулахгүйн тулд хийж байсан түүх байдаг. Харин өнөөдрийн түвшинд хоёр цариг л голлож байгаа. Нарийн цариг дэлхий дээр байгаа төмөр замын 63 хувийг эзэлдэг. Харин Орос, Монгол хоёрт байгаа өргөн цариг бол 18 хувь байгаа юм.

Нарийн царигийн нэг дугуйн дээрх ачаа даах чадвар өргөнөөс өндөр. Тодруулбал, нарийны нэг дугуйн дээрх ачааны хэмжээ 32-40 тонн байхад өргөн царигийнх 25 тонн байдаг. Маш их зөрүү байгаа биз. Энэ утгаараа тээж байгаа ачаандаа эдийн засгийн үр ашиг гаргадаг гэж үздэг. Тийм ч учраас дэлхийн олон орон нарийн царигийг хэрэглээд байгаа нь ийм учиртай.

Яахав, анх өргөн царигийг хуучин ЗХУ байх үед стратегийн бодлогоор зориуд Европын орнуудын төмөр замын царигаас зөрүүлж хийсэн гэж үздэг. Тийм шаардлага ч байсан. Ялангуяа дэлхийн II дайны үед төмөр замаар зэвсэг техник зөөхөөс эхлээд асуудал бий. Одоо бол зэсвэг техник гэхээс илүү бараа бүтээгдэхүүн, ялангуяа уул уурхайн чиглэлийн бүтээгдэхүүн дээр маш чухал ач холбогдолтой болсон.

-Харин манайх шинэ төмөр замуудаа өргөн царигаар барьчихсан. Нүүрс шууд гаргаж чадахгүй байгаа. Яг газар дээрх нөхцөл байдлыг та хэлээч?

-Нэгэнт өргөн цариг тавьчихаар Хятад руу нүүрс шууд гарахгүй. Терминал гээд бас нэг дамжлага нэмэгдчихсэн. Одоо дугуй солих уу, вагон солих уу, эсвэл буулгаад дахиж ачих маягаар явахаас аргагүй хүндрэл үүссэн. Энэ бол өртөг зардал л нэмэгдэж байна гэсэн үг. Ийм зохиомол юм хийх ямар шаардлага байгаа юм бэ. Уул уурхайн компаниуд аль болох бүтээгдэхүүнээ өртөг зардал багатай худалдаж борлуулах сонирхолтой. Энэ үүднээс нарийн царигийн төмөр зам тавиад БНХАУ-тай шууд холбох нь маш чухал байлаа. Гэтэл одоо өргөн цариг тавьчихсан. Нэгэнт тавьчихсан юм чинь терминал байгуулж шилжүүлэн ачих асуудал гарч ирж байгаа.

-“100 чухал сэдэв” нэвтрүүлгээр энэ асуудлыг яриад л нэлээд адлуулж

байсан шүү дээ, та?

-Энэ л асуудлыг ярьсан шүү дээ. Тэр үед Зам тээврийн сайд байсан Х.Баттулга “Өргөн цариг байх ёстой. Тэгэхгүй бол хятадууд танк ачаад ороод ирнэ” гэж ярьж байсан. Монголчууд яагаад түүнд итгэснийг би ойлгохгүй байгаа. Ямар нэгэн байдлаар тэр хүн бол Оросын геополитикийн бодлогыг Монголд хэрэгжүүлэх гэж зорьсон гэж би ойлгодог. Түүнд итгэдэг монголчууд мэдлэггүйгийнх л байх. Ялангуяа төмөр замын царигийн талаар ойлголт байгаагүйтэй холбоотой.

Угтаа Таван толгой-Гашуунсухайт руу тавьсан төмөр зам манай суурь төмөр замтай огт падлийгүй. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод зааснаар огтлолцох шаардлагагүй зам. Тийм хоёр дахь өгүүлбэрээр буюу Засгийн газар цаад хүлээж авах газрын царигаар шууд холбож тавьж болно гэж хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл үүнийг хэрэгжүүлсэнгүй, өдийг хүрчихлээ.

-Төмөр замын боомтуудыг нэмэх шаардлагатай. Өнөөдрийн байгаа хэдэн боомт дээр хүч болох ямар боомтууд байж болох вэ?

-Европ руу гарах төмөр зам бол Оросын нутгаар явна. Тэгэхээр өргөн царигаар л явж таарна. За тэр нь хамаа алга. Баруун талын Шивээхүрэн-Сэхээгийн боомт байна. Тэр боомтыг төмөр замтай болгох асуудал олон жил яригдаад одоо зогсонги байдалтай болсон. Уг нь их ойрхон доо, Нарийнсухайтын том ордоос 40-өөдхөн км зайтай. Төмөр зам татчихаж болно. Түүнээс гадна Говь-Алтайд байгаа Бургастай боомт, Ховдын Ярантын боомт байна. Эдгээр боомтыг төмөр замтай болгох боломж байгаа. Ярантын боомтоор л гэхэд Хятадаар дамжаад Казахстан, Киргизистан, Узбек рүү гарах боломжтой. Оросоор дамжаад явах боломж ч бий.

-ОХУ өөрийн газар нутаг дээгүүр дамжин өнгөрүүлэх сонирхол хэр юм бол?

-Хуучин болдог л байсан. Одоо Орос, Украины дайнаас болоод төмөр замын асуудал бас л гацчихлаа. Бид хуучин Украины Мариуполь хотод байдаг гангийн үйлдвэр рүү жонш нийлүүлдэг л байлаа. Тэгэхэд Оросоор дамжаад явдаг байсан. Боломжийн тээвэр байсан шүү.

-Нүүрсний шинэ ордуудын талаар сонирхмоор байна. Өнөөдөр бид олборлолт, экспорт л ярьдаг болж. Шинэ ордын

талаар мэдээлэл тун бүрхэг болоо юу даа?

-Уул уурхайн салбар 2012 он хүртэл мундаг хөгжсөн. Судалгаа хайгуул сайн хийгдсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл ч сайн олгогдож байсан шүү дээ. Түүний хүчинд олон шинэ ордыг нээж нөөцийг нь тогтоосон. Олон уурхай бий болсон. Харин 2012 оноос хойш хайгуулын лиценз олгохоо больсон. Бүр нэг үе Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилга гаргаад хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг тодорхой хугацаагүйгээр зогсоож байсан. Дараа нь түүнийгээ хүчингүй болгож эхэлсэн ч урьдынх шигээ ихээр биш. Сонгон шалгаруулалт гэж нэг үзээд л, эсвэл хэн түрүүлж онлайнаар бүртгүүлсэн нь орд эзэмшинэ гээд бөөн хэл ам, хэрүүл маргааны эх үүсвэр болов шүү. Түүнээс болж хайгуулын тусгай зөвшөөрөл олголт бараг зогссон гэж хэлж болно. Энэ бол уул уурхайн салбарт хар бараан толбо үлдээж байгаа юм. Өнөө хүртэл бид урьд жилүүдэд хийсэн хайгуул судалгааны үр дүнгээр нэг хэсэг шааригдаж явлаа. Одоо бол зогсоно.

Ер нь манай улс нутаг дэвсгэрийнхээ 20 орчим хувьд л нарийвчилсан хайгуул хийсэн. 80 хувьд хайгуул хийгээгүй. Хайгуул судалгаа хийнэ гэдэг тухайн улс орон өөрийнхөө хаана юу байгааг мэдэж авдаг чухал ач холбогдолтой. Айлд хүртэл авдарт нь юу байгааг өрхийн тэргүүн мэдэхгүй бол хэцүү биз дээ. Үүнийг хийхгүй явж ирнэ гэдэг бол маш харамсалтай. Тодорхой хугацааны дараа эдийн засагт нэлээд хүндрэл учрах байх. Уул уурхайн шинээр байгуулагдаж байгаа орд, компани сүүлийн хэдэн жил бараг байхгүй болсон. Ганц хоёр орд ярьсаар ирсэн, урагшилдаггүй. Гэтэл олборлолт зогсоогүй. Энэ нь нөөц баялаг хорогдож байна гэсэн үг. Түүнийг нөхөж, хайгуул хийж орд илрүүлж нөөцийн хэмжээг барьж байх ёстой. Тэр алдагдсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнэ: Та бид хоёр хүртэл зөрчилдөнө гэдэг чинь одоогийн тогтолцоо болохгүй байна гэсэн үг, Хүрэлсүх дарга аа… DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2023 оны нэгдүгээр сарын 3-ны дугаарт “Оюун-Эрдэнэ үнэн үү, поп уу” гэсэн нийтлэл гарлаа. Зарим хүмүүс анзаарахгүй өнгөрсөн байж магадгүй. Энэ нийтлэлд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын дарга болж, улмаар Ерөнхий сайдаар улс төрийн замнал нь үргэлжлэн, өнөөдрийг хүртэл юу хийгээд явааг өгүүлжээ. Монголын улс төрд амар заяа үзүүлэхгүй байгааг нь тун ойлгогдохоор цэгцэлсэн нийтлэл. Хэнтийн Бэрх тосгоны энэ бацааныг хотод хэн анх авчирсан, их улс төрд хэн дэмжиж ордонд оруулсан, орсон хойноо зангаа хэрхэн хувиргасан, өнөөдөр хэн болчихоод “хуцаад” явааг нь хүртэлх юм.

Эхэнд хэлэх нэг тодорхойлолт энэ нийтлэлд бий. “Санасандаа хүрэхийн тулд хэнийг ч, юуг ч гишгээд өнгөрдөг зантай нь энэ бүхэн холбоотой байж мэдэх юм” гэжээ. 2016 онд УИХ-ын гишүүн болж, 2019 онд ЗГХЭГ-ын дарга болж, 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших он жилүүдэд Монголд юу юу ч болоод өнгөрөв. Өнөөдөр тэрбээр Ерөнхий сайд, Намын даргын суудалд суужээ. Энэ суудалд хүрсэн хүн эгнэгт “босмооргүй” тийм сайхан суудал. Суудалтайгаа үхэн хатан зууралддаг өмнөх түүх дурайж байна. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ тэгж харагдахгүй байгаад л учир нь байна. Тэр ер нь ингэтлээ улс орныг доргиох ямар учир шалтгаантай, өс хонзонтой, санаа шулуудсан нөхөр болохыг уншлаа.
Анх авчирсан хүн нь У.Хүрэлсүх мөн юм байна. Олон жилийн өмнө Бэрх тосгоноос түүнийг У.Хүрэлсүх авчирч намын залуучуудын байгууллага болох НАМЗХ-гоо хариуцуулсан юм байна. Ингээд 2009 оноос МАН-ын төв аппаратад ажиллажээ. Улмаар 2016 онд М.Энхболд намын дарга байхдаа УИХ-д нэр дэвших боломж олгожээ. Ингэхээр түүний улс төрийн “том ах” нар нь У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр харагдана. Энэ хоёр эрхэмд ийм дүү нар олон. Гэвч Л.Оюун-Эрдэнэ энэ “хоёр ах”-даа дүү шиг нь байж чадахгүй болжээ. Өдөр хоног өнгөрөх тусам өөдөөс нь солиорох болсон нь ортой боллоо. Өөрт нь Их хурлын гишүүн болох боломж олгосон М.Энхболдыг анхны чуулганы хурал дээрээ сөрсөн, өдсөн. Нийтлэлд бичсэнээр бол Л.Оюун-Эрдэнэ түүнийг “Намын дарга байж яагаад Ерөнхий сайд болсонгүй вэ” гэж зандарсныг би ч санаж байна. “Энэ чинь яах гээд байгаа хүүхэд вэ” гэсэн дохиог Миеэд тэгэхэд өгсөн дөө. Ингээд зогсоогүй төд удалгүй 60 тэрбумын схемийг буцаан сэргээж гол дүр болох М.Энхболдод аваачиж наасан. Их хурлын гишүүн болгосон, болчихсон Л.Оюун-Эрдэнийг өмнөө зогсоогоод зандарч чадахгүйгээ мэдэрсэн М.Энхболд сүүлдээ түүнтэй хэд хэдэн удаа уулзаж “Энэ бүхнээ зогсоох”-ыг гуйсныг энд бичжээ. Харин нөгөөх нь гүрийснээр зангаа харуулсан байна.
Ингэх л учир шалтгаантай нэгэн байсныг М.Энхболд мартсан баймгүй юм гэж одоо гайхаж байна. Чухам юу болсныг энэ нийтлэлд сануулжээ. 2012 оны сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийг Америкт суралцаж байх хойгуур нь М.Энхболд түүний удирдаж байсан НАМЗХ-г нь МАН-ын залуус дундах “хун тайж” нар болох Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн тэргүүтэй залууст шилжүүлсэн юм байж. Үүнд нөхрийн гомдол хорсол хөдөлжээ. Энэ бүгдийн талаар МАН-ынхан бүгд мэддэг, ярьдаг юм байна. Нууж явсан энэ гомдол хорслоо тэрээр Их хурлын гишүүн болж авсныхаа дараа буюу 2017 оны зун твиттертээ “… Алдарт аалзны бодлогоор НАМЗХ-г хуваасан. Одоо М.Ганбаатарыг анд Амараагийнх нь эсрэг, Залуус М.Энхболд таны нясалж тоглодог Чапиев биш шүү” гэж бичиж эхэлснээр ил шулуун зарлажээ. М.Энхболдыг зуунгитайхан сөрөх нь тодорхой болжээ. Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн зүгээс М.Энхболдод “юм” санасандаа 60 тэрбумын хэргийг гаргаж ирсэн гэж ойлгохоор шулуухан бичжээ. Нөгөөх алдарт 60 тэрбумын нууц бичлэг дээр МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар НАМЗХ-ны удирдлагын талаар ярьж, НАМЗХ-г одоо Н.Номтойбаярт шилжүүлье, Л.Оюун-Эрдэнэ тэр Америктаа үлдэг… гэж ярьдгийг бүгд мэднэ. Үйл явдал цааш юу болсныг бид харсан. Энэ бүх баримт нотолгоо, нууц бичлэг үнэн болонгуут Л.Оюун-Эрдэнэ хөдөлж эхэлжээ. Ер нь энэ нөхөр нэг зуурснаа, зууснаа огт тавихыг хүсдэггүй бололтой. Тэр үргэлжлүүлэн 2019 он гарангуут Төв талбай дээр томоохон жагсаал зохион байгуулж, 30-аад мянган хүн оролцсон уг жагсаалтай хамжин М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгасан. Тус нийтлэлд “Гадаа жагсаж байгаад орж уулзсан Оюун-Эрдэнэ рүү харж буй М.Энхболдын харц ямар байсныг хүмүүс санаж байгаа. Гэрэл зурагчдын буулгасан патиар ч бий. Тэр нүд мөн ч их зүйл хэлсэн байдаг юм” гэж бичиж. Мөн ч хорон, үнэн, улс төрийн нийтлэл гэж үүнийг хэлнэ.
За, эндээс л МАНАН бүлэглэл буюу дотор нь задлахаар МАН дахь Хотын фракц, Эрдэнэтийн 49 хувийнхны хүч суларч эхэлсэн гэж улс төр судлаачид үздэг юм байна. Энэ дээр нэмж нэг зүйлийг бичихэд, энэ бүгдийг анзаарч, чагнаархаж явсан сэтгүүлчийн хувьд…тухайн үедээ “Л.Оюун-Эрдэнээс ямар ч байсан “юм” ол” гэж гурван үсэгтэй газрын тухайн үеийн дарга өрөөндөө, байцаагчаа зандарч байна гэж дуулддаг байсан юм шүү. Тийм нөхцөлд “юм” олдоогүйг бодоход Л.Оюун-Эрдэнэ нээнтэггүй тэнэг нь үнэн юм шиг байна лээ. Тэр үед хүзүүнд нь олс углаж чадаагүй алдсан түүнийг одоо зогсоох нь өнгөрсөн биз дээ.
Тэрбээр М.Энхболд, МАНАН бүлэглэлтэй үзэлцсээр яваад 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад голлох үүргийг гүйцэтгэв. Улмаар түүнтэй Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нарын олон гишүүн нэгдэж, дээр нь сөрөг хүчний гишүүд нэмэгдсэн. Сүүлдээ УИХ дахь 65 суудалтай МАН-ын гишүүд 33:32-ын бүлэг болон хуувагдсан юм. Ж.Эрдэнэбатын оронд У.Хүрэлсүх гарч ирсэн. 2019 оны эхээр түүнийг ЗГХЭГ-ын даргаар томилов. Ажлаа авангуутаа Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, тийшээ баахан хар машинтай очиж битүүмжилсэн порцессыг хүмүүс санана байх. Энэ мэтээр цааш ажиллах, тэмцэх эрхийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд болонгуутаа түүнд олгожээ гэдгийг эндээс уншиж болно. Ингээд 2020 он гармагц ковид гарч дэлхий нийтийн асуудал болов. Монгол Улс хэдэн сар хилээ хааж, хоёр удаа бүх нийтийн хатуу хөл хорио тогтоолоо. Вакцин тодорхойгүй болж, бүх зүйл муудсан. Тэр үед ковидын шинж тэмдэгтэй эх, хүүхэд хоёрыг төрөх газраас углааштай зөөсөн хэргээр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдлоо. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хоёр жил өнгөрч, олон үйл явдал өнгөрлөө. Ерөнхий сайд болоод дэвшүүлсэн дөрвөн зорилтын сүүлийнх нь болох “Шударга ёс”-ны талаар нь энэ нийтлэлд онцлон дурджээ. Тэр нь өнөөдрийн нийгмийн гол сэдэв учраас арга ч үгүй биз. Тус нийтлэлд бичсэнээр “Уг нь нүүрсний хулгай 10 гаруй жилийн настай. Яг үнэндээ нүүрсний хулгайг хамгийн сайн “мэдэх” хүмүүс нь үе үеийн Ерөнхий сайдууд. Харин Л.Оюун-Эрдэнийн тухайд өнгөрсөн хавраас шууд ярьж эхэлсэн. Эх сурвалжуудын мэдээллээр өнгөрсөн Цагаан сарын үеэр Хятадад айлчлах үеэр нь энэ асуудал яригдсан гэдэг. Хятадын талаас манай нүүрсний хулгайн “босс”-уудыг нэрлэж өгчээ. Зургаан хүний нэр яригддаг. Харин Л.Оюун-Эрдэнэ тэдгээр нэрсийг зарлаагүй ч “Энэ хулгайн араас нөлөө бүхий улс төрчид гарч ирнэ шүү” гэж 2022 оны дөрөвдүгээр сард мэдэгдчихсэн. Ингээд хэдэн сарын дараа аравдугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Таван толгой” компанид онцгой дэглэм тогтоосон. Ингээд нүүрсний хулгайчидтай албан ёсоор дайн эхлүүлсэн” гэжээ. Энэ бүгд үнэн л дээ. Ялангуяа тэр Хятадын талаас нэрлэсэн зургаан улстөрчийн тухайд Оюук л нэрлэх, зарлах ёстой. Бараг л нэрлэнэ дээ…
Нүүрсний “дайн”-ыг эхлүүлээд хоёр сарын хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд ил далд, хөшигний наана цаана маш их зүйлс боллоо. Ард түмэн төдийлөн мэдэхгүй олон үйл явдал үргэлжилж байна. Энэхүү нийтлэлийг сайн тунгаан уншвал ээдрээтэй, түвэгтэй, далд бүхний цаадах үнэн байдал үнэртэнэ. Үнэртэх учраас миний бие онцгойлон авч шигшин тоймлож байгаа юм шүү.
Нүүрсний хулгайтай хийж байгаа тэмцэл явсаар яг өнөөдрийн байдлаар төрийн том институцитэй ил цагаан зөрчилдөхөд хүрчээ. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм. Яг ингэж энэ нийтлэлд тодорхой бичсэн байна шүү. Мөн Монголын нүүрсний хулгайчдын боссууд болох зургаан хүний нэрийг Хятадын талаас Ерөнхий сайдад хэлсэн гэдэг өгүүлбэрийг тогтоож аваарай. Тэд бол бүгдээр Монголын том улстөрчид, та бидний дахин дахин УИХ-д сонгодог хүмүүс, сайд дарга нар байгаа. Энэ нь энэхүү нийтлэлийн гол Шүгэл үлээлт. Маш том акц, баримт. Үргэлжлүүлэн үнэнийг тунхаглах нь нээлттэй байгаа сэдэв. Нүүрсний хулгайчдын эсрэг дайны оргил үе ойртож ирсний шинж…
Гол асуудалдаа оръё. Хэнтийн Бэрх тосгоноос хөтөлж авчирсан том ах У.Хүрэлсүхтэйгээ зөрчилдөхийн учир юу билээ. Нийтлэлд дурдсанаар “Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон МАН-ын голдуу хүмүүс Ерөнхийлөгч дээр очиж аврал хүсэх болсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд их яригддаг. Тийм ч биз. Яагаад гэвэл Шүүх нь Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг. Л.Оюун-Эрдэнэ болохоор намынхнаа хамгаалахгүй гэчихсэн. Ингээд төрсөн ах дүүс шиг явж ирсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр маань зөрчилдөж эхэлсэн байгаа юм. Зөрчил нь одоо ч үргэлжилж байна. Мэдээлэлд ойр нөхдийн сэм ярьснаар бол тэр хоёрын саяхан болсон уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж “Та бид хоёр хүртэл зөрчилдөнө гэдэг чинь одоогийн энэ тогтолцоо болохгүй байна гэсэн үг” гэж хэлжээ. Энэ бол баримт, бодитой хэлсэн үг. Ер нь олон эх сурвалж “Ах, дүү хоёрын зодоон хөшигний ард нэлээд удаан үргэлжилж байна” гэж ярих болжээ. Нийтлэлд бичсэнээр “У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын зам албан ёсоор салсан. Харин төрийн институци хоорондын харилцаа л үлдсэн. Эв нь таарвал хэн нь ч хэнийгээ “дэгээдчих” хүсэлтэй. Жишээ нь, хүнгүй газарт, хясааны ирмэг дээр таарлаа гэж бодвол хэн хэнийгээ бодох юмгүй түлхэхээр болсон гээд байгаа юм” гэжээ. Эх сурвалж бол эх сурвалж л байдаг. Тэднээс үнэн ундардаг. Хөгжлийн банк, Нүүрсний хулгай явсаар төрийн хоёр томын дунд ийнхүү эвлэршгүй асуудал үүссэн нь тодорхой боллоо.
Энэ бүгдийн дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр тодорхой гарч ирсэн нь хүмүүсийн анхаарлын төвд байна. Энэ хүн Л.Оюун-Эрдэнэ хоёр нэгэн цагт ойр дөт явсныг нийтлэлд сануулаад улмаар “Тэднийг холбодог хүн нь Л.Оюун-Эрдэнийн ах гэдгийг Монгол даяараа мэднэ. Тэр утгаар нь харвал хамгаалж үлдэх магадлал өндөр. Гэхдээ Мөрдөх байгууллагууд нэрийг нь зарлаж, нөгөөх нь яаран хил давж одсоныг бодвол Л.Оюун-Эрдэнэ түүнийг хамгаалахгүй, харин хэрэг түвэг нь нотлогдвол “явуулчихаж” магадгүй гэсэн үг” гэж бичжээ. Нийтлэлийн энэхүү дүгнэлтэд эргэлзэх юм алга. Зарим хүмүүсийн бодож байгаагаас огт өөр хандлагыг Л.Оюун-Эрдэнэ харуулж ирсэн. Тэрээр 2018 онд болсон МАН-ын 3 дугаар Бага хурал дээр олны өмнө шууд л “Энхболд дарга аа, та л Баттулга гэж хүнийг Сингапураас авчирч байсан. Бадамжунайг Синга руу явуулж авчран, ял авах гэж байхад нь өршөөгөөд, өөрөө захиалж нэр дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ. Тийм биз дээ, Энхболд дарга аа. Үүнийг чинь л МАНАН гэж яриад байгаа юм. Үнэн гэвэл энэ” гэж нийгмийн сүлжээнд одоо ч явж байдаг бичлэгийг оруулжээ. Мөн АН-ын өнөөдрийн хагаралд МАН ямар ч хамаагүй, Баттулга, Элбэгдорж гэж хоёр хүн л хагалсан гэж түүнийг Ерөнхийлөгч байх үед нь ҮАБЗ-ийн хурал дээр хэлснийг ч энэ нийтлэл сануулсан байх юм. Үүнээс гадна нийтлэлд 2022 оны дөрөвдүгээр сард Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр уулзаж түүнээс Ерөнхийлөгч асан “Сахал Эрдэнэбилэгийг тайван байлгахыг хүссэн. Хариуд нь Л.Оюун-Эрдэнэ хуулийнхаа дагуу яваг гэснээр муудалцаад салсан” гэдгийг хүртэл бичжээ. Энэ мэтчилэн энэ хоёр хүн хэзээ ч ойлголцохгүй болсны баталгаа нь сая Х.Баттулга АТГ-т очиж мэдүүлэг өгснийхөө дараа тэндээсээ шууд ордон орж ЕТГ-ын дарга Я.Содбаатартай уулзсан явдал юм. Түүнээс хоёр хоногийн дараа гадаад руу ниссэн зэрэг нь логиктой ажээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга шууд Ерөнхий сайдтай уулзаж яагаад болсонгүй вэ. Учир нь нөгөөдөх нь нүүр өгөхөөргүй болжээ. Бүгд хуулийн дагуу шийдэгдэнэ хэмээн эцэслэн ойлгуулж. Х.Баттулгад нэмэр болох байтугай өөрийн ойр тойрныхноо Л.Оюун-Эрдэнээс хамгаалах гэж хүнд байдалд орсон У.Хүрэлсүх рүү очоод нэмэргүй гэдгээ Женко мэдэх болж. Энэ бүгдийн эцэст Монголын гадна талд уулзалт, найруулгаа явуулахаар явсан гэх Х.Баттулгын талаарх мэдээлэл бараг үнэн болох нь энэхүү нийтлэлээс харагдаж байна.
Ийм л нэг ноцтой, логиктой, өнөөдөр бужигнуулж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн юунд хүрэх зорилготой, юу хийгээд явааг “гэрэл цохиулсан” нийтлэл “Өдрийн сонин”-ы шинэ оны эхний дугаарт хэвлэгдсэнийг Монголын улс төрд чухам юу болоод байгааг багцаалахыг хүссэн хүмүүс уншина биз ээ. Өнөөдөр Төрийн ордонд “Л.Оюун-Эрдэнэ ба бусад” гэсэн талцал үргэлжилж байна гэж нийтлэлийн төгсгөлд бичсэн байна лээ…
Categories
мэдээ цаг-үе

Улаагчин туулай өдөр DNN.mn

2023.1.9, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.1.9, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 08.40-17.18
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -6 хэм хүйтэн DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -34…-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29…-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -19…-24 градус, бусад нутгаар -24…-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.