Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүүхдийн Сан цар тахлын хариу арга хэмжээнд 2.9 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэв DNN.mn


Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын КОВИД-19 цар тахлын цаашдын бэлэн байдал, хариу арга хэмжээнд зориулж 2.9 тэрбум төгрөгийн нэмэлт тусламж үзүүллээ.

Тус санхүүжилтийг Герман улсын Засгийн газраас Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан хандивласан юм.

Тус хандиваар НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмийн хэрэгсэл нийлүүлж, мөн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн аливаа цар тахлын үеийн бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ, хариу арга хэмжээг улс орон даяар улам сайжруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүллээ.Цар тахал эхэлснээс хойш Монголд нийт сая гаруй халдвар бүртгэгдэж, 2023 оны 1 сарын байдлаар 2100 гаруй хүн амиа алдаад байна. Хэдийгээр өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч КОВИД-19 төдийгүй одоо ид дэгдээд байгаа улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх бэлэн байдал, хариу арга хэмжээг улам бэхжүүлэх шаардлагатай байгааг НҮБ-ын Хүүхдийн Сан болон ДЭМБ зөвлөж байна.

“Цар тахлын тохиолдлууд дэлхий даяар буурч байгаа хэдий ч КОВИД-19 нийгмийн эрүүл мэндийн нэн тэргүүний асуудал хэвээр байгаа. Тиймээс бид эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ, чадавхад хөрөнгө оруулалт хийж байх нь чухал. Дээрээс нь Монгол Улсад улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт ид оргил үедээ байна. Үүнд нь хүүхэд, жирэмсэн эхчүүд хамгийн ихээр өртөж байна. Тиймээс Германы Засгийн газрын энэ өгөөмөр санхүүжилтээр эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа тусламжийг үзүүлж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуассие-Комлан хэлэв.

Өнгөрсөн 2022 онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас нийт 6.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн яаралтай тусламжийн зөөврийн эмнэлэг, нярайн эрт үеийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай ургийн монитор, инкубатор, хувийн хамгаалах хэрэгсэл, хувцас, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл зэргийг эрүүл мэндийн салбарт хүлээлгэн өгөв.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрээс 1.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ DNN.mn

2,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 3 буюу нийт 42 дуудлага бүртгэгдлээ.

Алба хаагчид дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 9 иргэнийг гаргаж, 1.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн сумдын айл өрхийг нүүлгэхэд дэмжлэг үзүүлж байна DNN.mn

Дорнод аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан орон нутгийнхандаа нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлж байна.

Дорнод аймгийн Онцгой комиссоос тавьсан саналын дагуу өвөлжилт хүндэрч, цасанд боогдсон зарим сумын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхээр тус ангийн дөрвөн бүлэг томилогдон ажиллаж байгаа юм.

Өнөөгийн байдлаар ахлах ахлагч Б.Отгонжаргалаар ахлуулсан алба хаагчид Дорнод аймгийн Булган суманд ажиллаж, цасанд боогдсон айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна. Энэ талаар ахлах ахлагч Б.Отгонжаргал “Булган сум аймгийн төвөөсөө 50 гаруй км зайтай. Цас маш их орсон учраас нүүлгэх айлууддаа очиход хугацаа багагүй зарцуулж байна. Манай бүлэг долуулаа, бид өчигдрөөс эхлэн сум орон нутагт томилогдон ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн тус ангийнхан аймгийн төвд орсон их хэмжээний цасыг төрийн цэргийн бусад байгууллагуудтай хамтран цэвэрлэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлсэнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн цахим хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ХХААХҮЯ: Нийт нутгийн 70 гаруй хувь цастай байна DNN.mn

Нийт нутгийн 70 гаруй хувь зудын эрсдэлтэй хэвээр байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий зэрэг найман аймгийн 13 суманд цагаан зудын, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдал руу шилжлээ. Зудын эрсдэлийн хувьд нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэрэг байгаа бол 10 орчим хувьд бага эрсдэлтэй гарлаа.

Зуд болох нэн их эрсдэлтэй сумд: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг 15 аймгийн 194 сум байна.
Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Эдгээр аймаг, сумдад 99820 өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87905 өрх, 30.4 сая мал орон нутагтаа, 11915 өрх 5.5 сая мал отроор өвөлжиж байна.
Дээрх 160 сумын хүн амын халамжийн үйлчилгээнд хамрагдсан байдлыг авч үзвэл:
Хүнс, тэжээлийн дэмжлэг, туслалцаанд хамрагддаг 2194 өрх,
Малжуулах хөтөлбөрт хамрагдсан 773 өрх,
Хөгжлийн бэрхшээлтэй 0-16 насны 1425 хүүхэд,
Хөгжлийн бэрхшээлтэй 16-аас дээш насны 8405 иргэн,
Байнгын асаргааны тэтгэмж авдаг 5510 иргэн,
Ахмад настан 22121 иргэн
Өрх толгойлсон эх/эцгийн тэтгэмж авдаг 1370 иргэн
Хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагддаг 8030 иргэн
Жирэмсэн 3477 иргэн
0-3 насны хүүхдээ асарсны тэтгэмж авч байгаа 18883 иргэн байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 11-нээс хүйтний эрч эрс чангарна DNN.mn

Энэ сарын 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Өнөөдрийн хувьд Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлших бөгөөд цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр байх аж. Мөн Тэрэлж орчмоор үүлших бөгөөд цас орохгүй.

Нэгдүгээр сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар
  • 13-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхины хувьд:

  • 11-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор
  • 12-нд нутгийн зарим газраар,
  • 13-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүртэл ширүүсэх аж.

Түүнчлэн энэ сарын 12-ноос баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -30…-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

Жэк Ма-гийн давуу эрхийг цуцлав DNN.mn

Дэлхийн хамгийн том мобайл төлбөр тооцооны систем “Alipay”-г эзэмшдэг “Ант Групп”-ийн хяналтын хувь эзэмшлээсээ тэрбумтан Жэк Ма татгалзсан болохыг тус компани зарлажээ. Жэк Ма нь онлайн худалдааны Алибаба компанийг үүсгэн байгуулалцаж байсан ба “Ант Групп” нь Алибабагийн салбар юм. “Ант Групп”-ийн гаргасан мэдэгдэлд эзэмшлийн хуваарилалтыг хэн нэгэн дангаараа шийдвэр гаргахад нөлөөлж чадахгүй болгож өөрчилсөн гэжээ. Өмнө нь Ма шууд бусаар Ант Группийн 53.46 хувийг эзэмшиж, шийдвэр гаргахад нөлөөлдөг байсан гэнэ.. Харин шинэ хуваарилалтын дагуу тэр 6.2 хувийн саналын эрхтэй болж байгаа ажээ. Гэхдээ бүтцийн өөрчлөлт нь аль ч хувь эзэмшигчийн эдийн засгийн ашиг сонирхлыг хөндөхгүй, зөвхөн саналын эрхийг нь өөрчилж байгааг “Ант Групп” мэдэгдсэн байна.

Жэк Ма 2020 оны аравдугаар сард болсон арга хэмжээний үеэр Хятадын засгийн газрын бодлогыг шүүмжилснээсээ хойш олны нүднээс зугтах болсон юм. Тэр үеэс хойш Бээжингийн эрх баригчид Алибаба болон тус улсын бусад технологийн аварга компаниудын үйл ажиллагааг шалгаж, хяналтаа чангатгах болсон. Тухайлбал, “Ант Групп” дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том “IPO“-г Хонконгийн бирж дээр гаргахаар төлөвлөж байсныг эрх баригчид зогсоосон юм. Нэг үе Хятадын тэргүүн баянд тооцогддог байсан Жэк Магийн хөрөнгө өнгөрсөн хугацаанд $25 орчим тэрбумаар буураад байгаа билээ. Өнгөрсөн оны сүүлээр түүнийг Японд амьдарч байгаа гэх мэдээлэл цацагдаж байв. Харин Ант Группийн мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө түүнийг Тайландад яваа сураг гарсан байна. Бангкок хотын Жэй Фай ресторан сошиал хуудсандаа Жэк Ма тус ресторанд зоог бариад явсныг мэдээлж, гэрэл зургийг нь нийтэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл 74,250 төгрөг болон нэмэгджээ DNN,mn

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, албан журмаар даатгуулснаас бусад хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдах боломжтой байдаг. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгосон юм. Үүнийг дагаж иргэдийн төлөх сайн дурын даатгал 74,250 төгрөг болон нэмэгджээ.Цалингийн доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор сайн дурын даатгал хэрхэн нэмэгдсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодрууллаа, “2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 0-3 насны хүүхэдтэй болон, сайн дураараа даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хураамжийн хэмжээ нэмэгдсэн. НДШ хувиараа төлдөг 0-3 насны хүүхэдтэй ээжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэрээ хийсэн бол сард 12.5 хувиар буюу 34,375 төгрөгийг төлнө. Харин хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс 550 мянган төгрөгийн 13.5 хувь буюу 74,250 төгрөгийн шимтгэл төлнө”гэлээ.Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд мөн өөрчлөлт орж байгаа. ЭМД-д сайн дурын даатгал төлөгч иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувийг сар бүр төлдөг. Цалингийн доод хэмжээ 550 мянган төгрөг болж нэмэгдэхээс өмнө жилд 50,400 төгрөг төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 66,000 төгрөг болсон байна.
Categories
гадаад мэдээ

Путин ганцаараа мөргөл үйлджээ DNN.mn

Үнэн алдартны шашны Зул сарын баярын мөргөлийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цор ганцаараа үйлдсэнийг нийтэд тарсан зураг, дүрс бичлэгүүд харуулав. Тэрээр Кремлийн дэргэдэх Благовещенскийн дуганд ирж, Христийн мэндэлсэн өдрийн ёслолыг үйлджээ. Өмнөх жилүүдэд тэр сүсэгтнүүдтэй хамт уг ёслолыг үйлддэг байв. Путин сүүлийн үед амь насанд нь халдана хэмээн олны дунд байхаас цэрвэдэг болсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ нь нэг талаас коронавирусийн халдвар авахаас болгоомжилсон, нөгөө талаас тойрон хүрээлэгчдийнхээ хэнд ч итгэхгүй болсны шинж тэмдэг гэж ажиглагчид үзэж байна. Тэрбээр хүмүүстэй уулзахдаа 4 метр урт ширээний ард сууж, эсвэл видео холбоо ашиглаж зайнаас харьцах болсон. Кремлийн ордноос гаргасан мэдэгдэлд Путин мөргөлийн үеэр “Нийгмийг нэгтгэх, ой санамжийг хадгалах, залуучуудыг хүмүүжүүлэх, гэр бүлийн институцийг бэхжүүлэхэд Оросын үнэн алдартны сүм болон Христийн шашны гүйцэтгэдэг үүрэг өндөр болохыг онцолж, талархал илэрхийлсэн” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

4G сүлжээний хэрэглэгчдийн тоо 2.9 саяд хүрчээ DNN.mn

Монгол Улсын хэмжээнд нийт 1537 байршилд 4G сүлжээний бааз станц ажиллаж байна.

Мөн 4G сүлжээний нийт хэрэглэгчдийн тоо 2.9 сая болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.37 хувиар, хэрэглэгчдийн үүсгэсэн дата хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.2 хувь өслөө гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн гурван хэрэгт 51 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа DNN.mn

АТГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРТ АЖИЛЛАСАН ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА | Хууль  зүй, дотоод хэргийн яам

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны нэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 75 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 769 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, зургаан хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 754 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн дөрвөн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн гурван хэрэгт 51 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Яллагдагч “Б” нь Зэвсэгт хүчний …-р ангийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Яллагдагч “М” нь Зэвсэгт хүчний …-р ангийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Яллагдагч “А” нь Зэвсэгт хүчний …-р ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа холбогдох албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Зэвсэгт хүчний …-р ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Баян-Өлгий аймгийн сумын удирдах албан тушаалтан “Ж” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.