Categories
мэдээ нийгэм

Самарт яваад сураггүй болсон иргэнийг олжээ DNN.mn

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэх газар дөрвөн хүн самар түүж явснаас нэг нь ор сураггүй алга болсон талаар мэдээлсэн.

Тодруулбал, нэгдүгээр сарын 8-ны 17:00 цагийн орчим сураггүй болж, тухайн хэргийн дуудлагыг нэгдүгээр сарын 9-ний 01:15 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнх нь хамтаар эрэн хайх ажлыг эхлүүлсэн юм.

Улмаар өчигдөр 15:25 цагт Ихтамир сумын Хан-Өндөр багийн Их-Өлөнт гэх газарт төөрсөн явж байхад нь эсэн мэнд олжээ.

Иргэний биеийн байдал хэвийн байгаа ажээ. Түүнийг Булган сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Өвөлжилт хүндэрсэн зарим суманд ЗИЛ-131 маркийн автомашинаар зам гаргаж байна DNN.mn

Өвөлжилт хүндэрсэн Төв аймгийн зарим суманд иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээж зам давааны цасыг арилгах, малчдад өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулахад зориулан зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс ЗИЛ-131 маркийн автомашиныг ажиллуулж байна.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баянхангай сумын нийт нутаг, Баяндэлгэр сумын ихэнх хэсэг, Эрдэнэ, Архуст, Баян, Дэлгэрхаан сумын нэлээд газар, Сэргэлэн, Баянцагаан, Баянжаргалан, Бүрэн, Эрдэнэсант, Баянчандмань сумын зарим нутаг зудын их эрсдэлтэй гарсан байна.

Мөн суманд цасны зузаан 22 см, Мөнгөнморьт, Баян, Алтанбулаг сумдаар 8-12 см, бусад сумдын нутгаар 2-6 см зузаан цастай байна.

Иймд тус аймгийн өвөлжилт хүндэрсэн Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст суманд иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээж зам, давааны цасыг арилгах, малчдад өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулахад зориулан аймгийн Засаг даргаас Батлан хамгаалахын сайдад хүсэлт тавьсны дагуу Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Гамшгийн хор уршгийг арилгах, дэмжлэг үзүүлэх бүлгийн томилгоот гурван нэгж ЗИЛ-131 маркийн автомашиныг энэ сарын 8-наас 20-ныг хүртэл ажиллуулахаар болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Энэ жил отроор 5.5 сая мал өвөлжиж байна DNN.mn

Улсын хэмжээнд нийт нутгийн 70 гаруй хувь цастай байна. Зудын байдлын үнэлгээгээр нутгийн 60 хувьд эрсдэл ихтэй, 30 гаруй хувьд дунд байгаа бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гарчээ. Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий зэрэг найман аймгийн 13 суманд цагаан зудын, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдал руу шилжжээ. Хамгийн их эрсдэлтэйд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг 15 аймгийн 194 сум орж байна. Дээрх аймаг, сумдад 99.820 өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87.905 өрх, 30.4 сая мал орон нутагтаа, 11.915 өрхийн 5.5 сая мал отроор өвөлжиж байна.

Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ: Тарилга андуурч хийлгэсэн иргэдийн биеийн байдал хэвийн байна DNN.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө.

Урьдчилан сэргийлэх тарилгыг андуурч хийсэн тохиолдол Сүхбаатар аймагт гарсан. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас хамтарсан ажлын баг гарган тус аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллажээ. Нэгдсэн багийн дүгнэлт тайланг ЭМЯ-нд нэгтгэн гаргах аж.

ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэхдээ, “2023 оны 1-р сарын 9-ний 20.00 цагийн орчимд Сүхбаатар аймгаас долоон иргэнийг хүлээн авсан. Эдгээр хүнд одоогоор тарилга андуурсантай холбоотой шинээр үүссэн өвчлөл байхгүй, биеийн байдал, хүнд, хүндэвтэр гэж оношлох байдал ажиглагдаагүй байна. Долоон хүнд тарилга хийхэд хэсэг газар улайсан, үрэвслийн шинж тэмдэгтэй, хоёр иргэнд тарьсан газраас шүүс гарах шинж илэрсэн. Хэсэг газрын үрэвслийн эсрэг эмчилгээ хийж байна. Хүлээж авснаас хойш эдгэээр хавсарсан эмгэгтэй хүмүүст нарийн мэргэжлийн эмч нарын хамт үзлэг шинжилгээг хийж байна.

Энэ хүмүүст галзуугийн эсрэг вакцин хийх байсан. Гэвч галзуу өвчинд өртөх эрсдэлгүй гэсэн эхний дүгнэлт гарсан учир галзуу өвчнөөс сэргийлэх вакцин хийх шаардлагагүй гэж үзсэн. Гэсэн хэдий ч үүсэж болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор цаашын эрүүл мэндийн асуудлыг нь онцгой анхаарч төв байгууллагад авчран хяналтад байлгаж байна. Хүнд хэлбэрийн сүрьеэ өвчнөөр өвчлөх эрсдэл маш бага гэдэг дата судалгаанууд байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнхбат: Эрээнд “Шинэ зээл”, “Хуучин зээл” гэж хоёр захаар ороход бараагаа үүдэндээ овоолсон байна лээ DNN.mn


БНХАУ-ын Эрээн хотноо зорчоод ирсэн иргэн Д.Мөнхбаттай ярилцлаа.


– Та Эрээн хот руу зорчоод ирсэн гэсэн. Тэндхийн нөхцөл байдал ямар байна вэ?

Мэдээллийн зөрүүтэй байдлаас болсон болов уу, ихэнх дэлгүүр нь хаалттай байсан бол өнөөдөр (өчигдөр) олон дэлгүүр нээгдчихсэн, худалдаа наймаагаа эхлэх гээд бараагаа татаад бужигнаж байгаа харагдсан. Бас нэг зүйл нь Хятад улсын гааль суудлын автомашин оруулахгүй байгаа учраас зорчигчдын урсгал сийрэг байна.

Хэрвээ суудлын автомашин оруулах асуудлаа шийдчихвэл аль аль талдаа хүлээлт их байна. Эрээн талдаа ч монголчууд орж ирээд, хэвийн амьдралдаа орох хүлээлт их байжээ гэж анзаарсан.

Гурван жилийн хугацаанд амьдрал нь биднээс ч хүнд нөхцөлд байсан гэдгээ ярьж байна лээ. Зогсоо зайгүй хөл хорьж байгаад одооноос л гайгүй болж байна, өвчлөл нь харьцангуй намжчихсан гэж ярина лээ. Хотынх нь хөл хөдөлгөөн их бужигнаж байсан.

– Монголчууд 3, 4 жил хадгалсан хуучин бараагаа гаргаж тавьж байна гэж яриад байгаа. Бараа таваарын хувьд ямархуу байх шиг байна?

– Эрээнд “Шинэ зээл”, “Хуучин зээл” гэж хоёр захаар ороход бараагаа үүдэндээ овоолсон байдалтай харагдсан. Аргагүй шүү дээ. Хоёр жил гаруй таг хаачихсан байж байгаад одоо л нээж байгаа учраас. Барааных нь шинэ хуучныг харин мэдэхгүй юм.

– Цаашаа гарах урсгалд тоо тогтоочихсон. Наашаа орж ирэх урсгал ямар байна вэ?

– Өчигдөр (уржигдар) л хил нээсэн учраас Эрээн талаасаа урсгал бага байна. Жижиг машин явуулахгүй байгаа учраас монголчуудын хөл хөдөлгөөн одоохондоо тэнд байхгүй. Өчигдөр (уржигдар) 300 зорчигч орно гэж ярьснаас яг хэд орсныг нь сайн мэдэхгүй байна.

– Нэг автобусанд хэдэн хүн сууж байна вэ?

– Манай автобус 50 хүнтэй явсан. Ямар ч байсан гарчхаад ирлээ. Аль аль талдаа л ажил цэгцрэх хүлээлттэй байна.

– Эрээн дотроо бол нөхцөл байдал намжчихсан, өвчний тархалтыг дарсан гэсэн үг үү?

– Өөрсдөө бол бүх хүмүүс КОВИД тусаад эдгэчихсэн. Одоо өвчин дарагдсан гэж ярьж байна.

– Дотроо баримталж байгаа ямар нэгэн хорио цээрийн дэглэм байна уу. Эрүүл ахуйн талаасаа ямар, ямар шаардлага тавьж байна?

– Ороход Хятад тал “Эрүүл мэндийн асуумж” л бөглүүлсэн. Өөр зүйл шаардсангүй. Наашаа орж ирэхдээ мөн асуумжаа бөглөсөн. Бид хоолны газарт хоол идээд, буудалд нь хоносон. Хаана ч хөл хорио, хязгаарласан зүйл алга. Харин хүмүүс нь бүгдээрээ масктай. 48 цагийн өмнө өгсөн шинжилгээг тоож ч харахгүй байна лээ.

Одоо жижиг гэрээний асуудлаа шийдээд, зорчих урсгалаа нэмбэл монголчууд орж ирнэ гэсэн хүлээлт их байгаа нь ажиглагдлаа. Зогсоо зайгүй хорио цээрийн дэглэмд байсаар байгаад их л ядарцгаасан юм шиг надад санагдсан шүү.

– Танд нэмж хэлэх мэдээлэл байна уу?

– Хоёр тал зорчигч тээвэр, ачаа тээврийн урсгалаа хурдан зохицуулаасай л гэж хүсэж байна. Тэгэхгүй бол мэдээллийн зөрүүтэй байдал үүсэж байна. Өчигдөр (уржигдар) Монгол талаас 20 суудлын автомашин оруулна гэж хэлсэн ч Хятадын гааль дээр ирэхэд албаны 20 машин орно гээд өчигдрийн хувьд есөн машин л урагшаа орсон. Хил дээр байсан бусад машиныг нь буцаачихсан юм билээ. Өнөөдрийн (өчигдрийн) хувьд бол жижиг машин яваагүй байх.

Categories
мэдээ цаг-үе

Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин хоцорсон хүүхдүүдэд 270 орчим сая төгрөг олгох суурь үнэлгээг тавьжээ DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Тухайн хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Хуулийн гол зорилго нь хэрэг маргааныг үнэн бодитой шийдвэрлэх, нийгэмд гарч байгаа гэмт хэрэг маргааныг шинжээчийн дүгнэлтийн дагуу бодитой шийдвэрлэхэд чиглэж байгаа.

Нөгөө талаар хэрэг маргаанд оролцогч холбогдогч нар ял завшихгүй, хэлмэгдэхгүй байх асуудлыг зохицуулах юм. Тус хуульд инженер техникийн асуудал, хөрөнгийн үнэлгээ зэрэг нарийн мэргэжил шаардсан шинжилгээний талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн.

Шүүх шинжилгээний ерөнхий газарт анх удаа хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ хийх нэгжийг байгуулан ажиллаж байна. Хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоож, нөхөн төлүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байна.

Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх заалтыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зохицуулна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирсон хүний сэтгэл санааны хохирлыг Эрүүгийн хуульд заасан 85 төрлийн гэмт хэргээр нөхөн төлүүлэхээр тусгасан. Шүүх шинжилгээний байгууллага шүүгчийн дүгнэлтээр шинжилгээ гаргана. Шүүхээс тухайн дүгнэлтийг үндэслэн хохирсон иргэний сэтгэл санааны нөхөн төлбөрийг төлүүлнэ” гэв.

Хүний амь насны хохирлын доод хэмжээг 82.5 сая төгрөгөөр тогтоосон

Хүний амь насны хохирлын хэмжээний тухайд “Нас барсан иргэний суурь буюу доод үнэлгээг БНСУ-д 150 орчим сая төгрөгөөр үнэлж байна. Шүүх маргааны шатанд нотлох баримтуудаа бүрдүүлж өгснөөр энэхүү үнэлгээ өсөх боломжтой. Хуулийг дордуулахгүйгээр хэрэглэнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, дээрх суурь үнэлгээг тавьж өгсөн. Энэ нь 82.5 сая орчим төгрөгийн үнэлгээ болж байгаа. Монгол Улсын хүн амын дундаж наслалтыг 72 гэж үзвэл 22 настай иргэн нас барлаа гэж бодвол 50 жил хөдөлмөр эрхлэх боломж харагдаж байгаа. Тиймээс 550 мянга буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нугалж, 50 жилээр үржүүлж, 137 сая орчим төгрөгийн суурь үнэлгээ тогтох юм. Тухайн хүний ар гэрт аль ашигтай байдлаар энэхүү аргачлалыг зохицуулна.

Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин хоцорсон хүүхдүүдэд энэхүү аргачлалыг хоёр дахин нугалж өгөх суурь үнэлгээг тавьсан. Ингэхээр 137 сая төгрөг 270 орчим сая төгрөг болно. Энэ нь зөвхөн шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нас барсан иргэнд олгох мөнгөн дүн юм. Үүний дараа тухайн хүний хийж хэрэгжүүлэх боломж бололцоог нотолж, маргалдаж, шүүх дээр үнэлгээг нэмэгдүүлэх боломжтой. Мөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

Хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт хохирогч бол, насанд хүрээгүй хүүхэд, амьжиргааны түвшин хэт доогуур хүмүүс энэхүү төлбөрийг төлөхгүй.

Шүүх шинжилгээний байгууллага энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газрын агентлаг болж ажиллахаар болсон. Орон тоог шинэчлэн тогтоож байгаа. Шинжээч нарын хараат бус байдлыг тус хуулиар зохицуулж байгаа. Шинэ хууль батлагдсанаар нийгэмд шударга ёс тогтож, хүний эрх чөлөө хангагдана гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

2023 оны эхний долоо хоногт коронавирусийн 67 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс манай улсын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан дүн.

Хоногт батлагдаж байгаа тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд 10-аас бага болсон байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш КОВИД-19-ийн шалтгаант нас баралт манай улсад бүртгэгдээгүй.

Өнөөдрийн байдлаар 34 хүн эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийн 94 хувь нь хүндэвтэр, 6 хувь нь хөнгөн гэсэн эмнэлзүйн эрэмбэтэй байна. Мөн 134 хүн гэрийн хяналтад байна.

Манай улсын хувьд энэ Омикроны дэд хувилбарыг үүсгэж байгаа BQ.1 хувилбар 92.5 хувь, BQ.1.1 2.5 хувь, BA.5 хувилбар 5 хувьтай байна” гэ

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин “Улбар шар” түвшинд хүрчээ DNN.mn

Халдварт Өвчний Үндэсний Төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өгч байна.

2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу “Улбар шар” түвшинд хүрчээ.

Томуу болон коронавирусийн халдварын эдгэрэлтэд агаарын бохирдол нөлөөлж буйг албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох хуулийн төсөл өргөн барьжээ DNN.mn

ХНХЯ-наас нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийг шинэчлэхээр төсөл боловсруулж УИХ-д өргөн барьжээ.

Хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулсан, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна.

Ингэснээр тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиас бусад хуульд заасан тэтгэвэр тогтоох нөхцөлийг энэ хуульд тусгаж, хууль хоорондын зөрчил арилж, уялдаа холбоо хангагдаж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах зэрэг эерэг үр дагавар бий болно гэж үзжээ.

Монгол Улсын хүн амын дундаж наслалт 2021 онд 71.01 жил болж, 26 жилийн өмнөх дундаж наслалтын түвшинтэй харьцуулахад 7.23 жилээр өсжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 болж 4.95 жилээр, эмэгтэйчүүдийнх 76.47 болж 11.04 жилээр өссөн байна. Тэтгэврийн насны хүн 2020 онд нийт хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувьд хүрэхээр байгаа аж.

Иймээс Монгол Улсын тэтгэврийн сангийн урт хугацааны тогтвортой байдал, тэтгэврийн зохистой хэмжээг хангах бодлогын хувилбарыг боловсруулах хэтийн тооцооллыг Дэлхийн банкны зөвлөхөөр хийлгэжээ.

Тэтгэврийн даатгалын сангаас 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар 476.2 мянга гаруй тэтгэвэр авагчдад 2.8 их наяд төгрөг зарцуулжээ. Өндөр насны тэтгэвэр авагчдын тоо нийт тэтгэвэр авагчдын 77.9 хувь буюу 371.1 мянгад хүрсэн байна.

Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2020 онд дөрөв байгаа бөгөөд 2025 оноос эхлэн хүн ам зүйн цонх үе хаагдаж, дундаж наслалт нэмэгдсэнээр нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсөж 2030 онд долоо, цаашид 2050 оноос есөн тэтгэвэр авагч болох тооцоолол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Хуульч, өмгөөлөгч Н.Ариунболд: С.Батдөлийг цагдан хорих асуудал Мөрдөх байгууллагуудын тогтолцооны гажуудлыг харууллаа DNN.mn

Гэртээ бэлнээр 7.3 тэрбум төгрөгтэй, дөрвөн тэрбум төгрөгтэй тэнцэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд хадгалж байсан гэх Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын газрын орлогч дарга С.Батдөлийг тойрсон дуулиан үргэлжилж байна. Нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгийг албаны нэгэн дэд дарга авлигаар авсан байх үндэслэл хэр бодит вэ. Энэ бол үнэндээ улс төр, бизнесийн томчуудын оролцоотой хөрөнгө гэдэг нь тодорхой. Тийм ч учраас өрнөж буй үйл явдлыг харахад С.Батдөлийг хорихгүй байлгах “далд гар” багагүй үйлчиллээ. Эцэст нь олон нийтийн шахалтаар сая түүнийг нэг сар хорих шийдвэрийг шүүх гаргав.

Эхний мэдээллээс харахад С.Батдөлд байсан гэх 7.3 тэрбум төгрөг төрөөс хийсэн хулгай биш. Төмөр замтай холбоотой аль нэг том компани, эсвэл хэсэг бүлэг томчуудын оролцоотой бизнесийнхэн авлигад өгсөн байж таарна. Харин ийм хэмжээний авлигын мөнгийг албаны дэд даргад өгөхгүй. С.Батдөл гагцхүү тэр мөнгийг нь дамжуулах, угаах үүрэгтэй нэгэн байсан нь үнэнд илүү ойр гэж улс төр, хуулийн хүрээнд ярилцаж буй юм. Эцсийн мөчид С.Батдөл хорих ангиас ямар мэдүүлэг өгч, хэн гэгч томчуудыг нэрлэж эхлэх вэ гэдгээр нүүрсний хэрэг үргэлжилнэ. Хууль зүйн талаас энэ өрнөлийг хэрхэн тайлбарлаж байна вэ.

Энэ талаар хуульч, өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа.


-С.Батдөлтэй холбогдох хэргийг хуульч хүний хувьд ажиглаж байгаа байх. Түүнийг цагдан хорихтой холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Үнэхээр хорих боломжгүй нөхцөл байдал байв уу, эсвэл санаатай үйлдэл байв уу?

-Манай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар наймаас дээш жилийн хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг цагдан хорих асуудлыг шүүгч, прокурор, мөрдөн байцаагчид хэргийнхээ нөхцөл байдлаас хамаарч үзэмжээрээ шахуу шийддэг. Харин наймаас доош жил хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэмт этгээдийг тийм зохицуулалт байхгүй. Хуульд заасан үндэслэлээр цагдан хорино гэдэг. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад 48 цагийн хугацаагаар саатуулах хуультай. Гэмт хэрэг үйлдэж олсон байж болзошгүй орлого ил болсны улмаас яаралтай 48 цагаар саатуулсан байна.

Ингээд цааш нь тэр хүнийг цагдан хорьё гэдэг саналаа прокурор шүүгч рүү явуулсан бололтой. Сэжигтэн хүн гэсэн ч эрхтэй. Мэдээллээс үзэхэд өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан юм байна. Бүх шүүх хүний өмгөөлүүлэх эрхийг хангах үүрэгтэй. Энэ эрхээр нь хангаад өмгөөлөгчөө авчраад шүүх хуралдаа ороорой гэсэн дүр зураг харагдаж байна.

-Өмгөөлөгчтэй үгүйгээс үл хамаараад цагдан хорилоо гэсэн тохиолдол олон дуулддаг. Магадгүй танд ч тохиолдож байсан болов уу?

-Тийм. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн шүүх дээр үйлчлүүлэгч маань “Би өмгөөлөгч авъя” гэхэд шүүгч нар “Таны өмгөөлөгч авах, авахгүй байх чинь шүүхэд хамаагүй” гээд шүүх хурлаа явуулаад, гурав дөрвөн сар цагдан хорьдог. Үүнээс харахад шүүгчээс болж хууль хэрэглээн дээрээ асуудал гардаг. Нөгөө талаар олон нийт цагдан хорих л ёстой гэдэг хандлагыг илэрхийлж байх шиг байна. Үнэндээ цагдан хорилоо гээд асуудал шийдэгдэхгүй. Дундад зууны үед л хүнийг дүүжилж алахыг харах гээд нийтээрээ гарч ирдэг байлаа. Олон нийт тийм юм хүсээд байх шиг байна. Үнэхээр олон нийтийн боломжийг хулгайлсан хүн байхад ингэж дуугарахаас аргагүй. Гэхдээ өнөөдөр хэддүгээр зуун билээ, ямар Үндсэн хуультай байгаа билээ. Хүний эрх гэж байна. Буруу зөрүүг шалгах ёстой. Тэр хүний мөнгө үү, эсвэл цаана нь эзэн байгаа юу. Эсвэл мөрдөн байцаалтын тактикийн асуудал байна уу. Магадгүй суллаж явуулбал цаад эзэнтэйгээ уулзах байсан уу гэх мэт бидний мэдэхгүй тактикийн асуудал байж болох юм. Тийм учраас хуульч хүнийхээ хувьд Баянгол дүүргийн шүүхээс өмгөөлөх эрхээр хангасан явдлыг буруу гэж үзэхгүй байна.

-Таныхаар цагдан хорих нь гол асуудал биш гэж байна. Харин олон нийт ийм хэмжээний хөрөнгө олдсон хүн эрх чөлөөтэй байгаа нь хууль бус үйлдэл гэж харж байна шүү дээ. Буруутгах аргагүй үндэслэл биш үү?

-Бид бүгдээрээ л харсан. Энэ хэрэг хууль шүүх гэхээс илүү цахим сүлжээний бай болж яваад байна. Хөгжлийн банкны хэрэг яг л ингэж өрнөсөн. 80 гаруй хүн холбогдож тэднээс 20 гаруйг нь сүр дуулиантайгаар баривчилсан. Олон нийт ч тэгж хүссэн. Гурван сар, дөрвөн сарын дараа нэг нэгээрээ суллагдсаар байгаад одоо цагдан хоригдож байгаа хүн нэг ч байхгүй. Тэгэхээр зөвхөн нэг удаагийн нийгмийн хэрэгцээг хангах үүднээс хүнийг үндэслэлгүйгээр цагдан хорих үйл ажиллагаа байж болохгүй. Үүн шиг наад хүн чинь гурван сарын дараа суллагдана шүү дээ. Тэр үед өөр сенсаци, мэдээлэл гараад ирнэ. С.Батдөл гэж хүнийг мартана. Ийм учраас шүүх янз бүрийн нийгмийн давлагаа, хийрхэл, бухимдалд автахгүйгээр шийдвэрлэх ёстой. Энэ удаагийн шийдвэрийг буруутгах үндэслэл алга.

-Шүүх ч тэр, прокурор ч тэр өөрсдийгөө хамгаалж, хуулийн хүрээнд ажилласан гэж мэдэгдэж байгаа. Гол нь яагаад олон нийт эргэлзээд унав?

-Харин манай мөрдөх байгууллага, прокурор дутуу ажилладаг явдал бий. Үнэхээр оргох гэж байгаа бол батлах ёстой. Зүгээр л энэ оргож болзошгүй гэж таамгаар цагдан хорих хуулийн зохицуулалт байж болохгүй.

-Ажлын цаг дууссаны дараа прокурорын санал ирсэн гэгдэж байгаа?

-Шүүх мөрдөх байгууллага биш. Хүнийг цагдан хорих гээд хэн хэзээ ирэхийг хүлээгээд суухгүй. Харин прокурорт жижүүрийн прокурор байдаг. Амралтын өдөр хэрэг гарвал жижүүрийн прокуророор яллах тогтоол дүгнэлтээ гаргуулаад шүүх рүү явуулдаг. Түүнээс биш жижүүрийн шүүх гэж байх боломжгүй. Хэрэв ингэж ажиллаад эхэлбэл Үндсэн хуулийн маш ноцтой алдаа болно. Хүмүүс магадгүй прокурор шиг жижүүрийн шүүгч сууж байгаад шийдэх байсан гэж үзээд байх шиг байна. Тийм боломжгүй.

-7.3 тэрбум төгрөг, дөрвөн тэрбумтай тэнцэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг сэжигтнээс хурааж авсан гэгдэж байгаа. Энэ нь цагдан хорих баримт нотолгоо болохгүй хэрэг үү?

-Энэ тохиолдолд 100 төгрөг байна уу, 100 тэрбум байна уу гэдгээс үл хамаарч хуулиараа шийдэгдэнэ. Тэр бол үндсэн гэмт хэрэг. Гэм буруугийн асуудал тусдаа. Ямар гэмт хэрэг үйлдэж олсон бэ гээд мөрдөх байгууллага цаашлаад тогтооно.

Харин цагдан хорио бол энэ хүн оргон зайлах гэж байна уу, эсвэл бусдад хууль бусаар нөлөөлөх гэж байна уу, мөрдөгчийг дарамтлахыг оролдож байна уу гэдэг талаас нь харна. Түүнээс биш мөнгө төгрөг нь ач холбогдолтой биш.

-Өмгөөлөх эрхээр хангахыг хүссэнээр цагдан хорих асуудлыг хойшлуулсан гэгдэж байгаа. Өмгөөлөгчтэй холбоотойгоор шүүх хурлыг хойшлуулдаг практик манайд нэлээд байдаг. Түүний нэг хувилбар болчихов уу?

-Хүн өмгөөлөгчөө сонгох эрхтэй. Хэн ч мэдэхгүй хүн гарч ирээд өмгөөлж болно. Улсын өмгөөлөгч гэж байгаа л даа. Үнэхээр ийм тохиолдол олон байдаг. 56 удаа өмгөөлөгчөө сольсон тохиолдол байгаа. Тиймээс хууль эрх зүйн энэ талын харилцаа дутуу дулимаг байгаа бол хуулийн зохицуулалтыг өөрчлөх ёстой. Хууль зүйн сайд ийм хэрэг яриад зогсохын оронд хууль эрх зүйн ийм өөрчлөлт, цоорхойг өөрчлөх асуудлыг ярих ёстой юм. Үүссэн асуудал дээр биш үүссэн асуудлыг шийдвэрлэх гэж Хууль зүйн сайд байдаг.

Түүнээс гадна өмгөөлөгч төрөөс цалин авдаггүй, өөрөө орлогоо олоод явдаг субьект. Хэн нэгний нөхөөсөнд явуулах гэж аль нэг шүүхийн өрөөнд суулгана гэвэл өрөөсгөл. Үнэхээр цаг тулчихсан, удахгүй ажлын цаг дуусах гээд байдаг. Гэтэл өмгөөлөгч байхгүй гээд хүлээгдээд байдаг. Нөгөө талаас гэмт хэргээ шуурхай шалгамаар байдаг. Ийм тохиолдолд өмгөөлөгчөөс болж үйл ажиллагаа хойшлох болчихоод байвал үүнийг хүлээн зөвшөөрсөн дүрэм журмыг илүү боловсронгуй л болго. Цаашид олон ийм толхиолдол гарна. Гарахаар ч байгаа. Энэ бол зөвхөн нэг л тохиолдол.

-Энэ хэрэг АТГ-т харьяалагдах байсан уу. Яагаад ЭЦА ороод ирэв?

-Түүнийг мэдэхгүй. Мэдээж аль ч мөрдөгч өөрт нь гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл орж ирээд шуурхай ажиллагаа хийх шаардлага үүсвэл хийж болно. Хүн зодож байхад би АТГ-ын мөрдөгч надад хамаагүй, ЭЦА хариуцна гээд хаяад явахгүй байлгүй дээ. Магадгүй нөгөө талаар мөрдөх байгууллагуудын үл ойлголцол, толхилцоон байж болно. Хэв журмын цагдаа жолоочийг торгоод зогсоод байж болохгүй. Замын цагдаа уурлах нь зөв.

-Мөрдөх байгууллагууд шүүхээс илүү хараат бус гэгддэг. Үүнийг баталсан хэргийн шийдвэрүүд олон байдаг. Магадгүй С.Батдөлд холбогдох хэрэг, түүнийг цагдан хорихоос эхлээд өрнөж байгаа үйл явдал зүгээр нэг өдөр тутмын хулгай, залилангийн хэргийн шийдвэрлэлт шиг явчихгүй болов уу?

-Прокурор илүү чадавхжих хэрэгтэй гэдэг л харагдаж байна. Прокурорын сонгон шалгаруулалт гэж та сонссон уу. Ерөнхий прокурорыг сонгон шалгаруулж тавилаа гэж дуулаагүй биз дээ. С.Батдөлийн хэрэг дээрээс харахад цагдан хорих талаар зарим нэг бичиг баримт нь шүүх дээрээ дутуу байсан гэж ойлгосон. Яаж прокурор болдгийг би мэдэхгүй юм. Энэ бол тогтолцооны асуудлыг хөндөх хэмжээнд хүрсэн асуудал. Өнөөдөр хэн нэгэн улстөрчийн санал болгосон хүн Ерөнхий прокуророор томилогддог. Ядаж л ШЕЗ шиг шалгаруулдаг болох хэрэгтэй. Мөрдөгч нарыг ч тэр. Энэ өрсөлдөөн дундаас чадвартай хүн гарч ирэх боломжийг бий болгох ёстой.

Өнөөдөр манай улсын бүхий л мөрдөх байгууллагын өндөр албан тушаалд шалгаруулалт хийдэггүй. ЦЕГ, АТГ, Прокурор гээд. Чадвартай шударга залуус зөндөө байна. Өрсөлдөх боломжийг нээж өгөх ёстой. Тэгвэл өнөөдрийн ийм кейс тохиолдол гарч олон нийтийг талцуулахгүй. Би проркурортой шүүх хурал дээр мэтгэлцдэг хүний хувьд хэлье. Зарим прокурор урсгалаараа, эсвэл хуучин хэв маягаараа, би л төр гэж далайлгаж асуудалд ханддаг. Ядаж л энгийн жишээ хэлэхэд, уран сайхны кинон дээр “Та дуугүй байх эрхтэй” гэдэг. Манайд бол ийм эрх байхгүй. Дуугүй байгаад байвал хэргээ илрүүлж чаддаггүй. Тэгэхээр тогтолцооны ялгаа гэж энэ. Уг нь аль болох мөрдөх байгууллага сэжигтэн хүнийг дуугүй байлгаж байгаад өөрсдөө чадвараараа хэргийг илрүүлэх зарчимтай. Гэтэл манайд аль болох байцаалт авч байж тэр дундаас хэргээ илрүүлдэг хуучин коммунист арга барил өнөөдрийг хүртэл явсаар байгаа юм.