Categories
мэдээ утга-зоxиол

Б.Баярсайхан “Алаг заяа” өгүүллэг DNN.mn


Монголын зохиолчдын эвлэл “Жендерийн мэдрэмжтэй зохиолчид” төсөл хэрэгжүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг төслийн хүрээнд зорилтот бүтээл бүтээх 15 зохиолчийг нас, хүйс, амьдарч буй газар, бичлэгийн олон төрөл жанраар туурвидаг байдлыг харгалзан сонгосон бөгөөд тэдний бүтээлийг цувралаар уншигчдад хүргэж байгаа аж. Түүнчлэн шилдэг нэг өгүүллэгийг шалгаруулж, энэ сарын 19-нд болох “Утгын чимэг-2022” наадмын үеэр үзэгчдэд хүргэнэ.

Намрын тарлантсан шар талаар тарган морио бахардтал давхисаар Бадрах овоон дээр гарч буув. Амьсгаадсан морины цээжний хөх мах чичирч, шавартай хөлс сад тавин урсжээ. Бадрахын цээжийг дэлгээд харвал уур омогтоо дэлбэрэх шахсан зүрх “Яачихсан алаг заяа вэ. Яачихсан барагддаггүй үйл, яачихсан лай ланчиг вэ” гэж бачимдан оволзож байж таарна. Арван хэдтэй хүү байхдаа хүн дуурайж, халийвр үүрч тарвага эргүүлж яваад өрөөсөн нүд сохор тарвага нам буудчихаж билээ. Сохор тарвага байсанд цочин хэлмэгдэж, сэжиг төрөөд, амийг нь тасалсан өнөөх амьтнаа нүх рүү нь буцааж хийчхээд явсан атал өнөөх нь сэтгэлийн мухраас холдоогүй байж. Хэдхэн мөчийн өмнө сургуулийн захирлын хэлсэн үг чихийг нь өрөмдөж орчхоод, тэрэнтэй зэрэгцэн сохор тарваганы тухай хөндүүр дурсамж ахин сэрж, сэтгэлийг нь шаналган шархирааж байжээ.

Зургаан охинтой, ганц хүү хүлээж горьдсоор байтал отгон нь хүү байж, хүүтэй болсон дэнхэр Бадрах гэртээ багталгүй баярлан хөөрч байсан цаг саяхан. Юм гэдэг гаажтай. Хүсэн хүлээсэн ганц хүү нь харанхуй бүүдэн болохыг мэдэх цагт Бадрахын хөл доорх газар цөмөрчих шиг санагдсан юм. Яваагүй газар, хаалгыг нь татаагүй эмнэлэг үлдээгүй. Амьтан хүнээр дамжуулж, яриулж байж нэгэн хувийн эмнэлэг олжээ. “Цаг алдалгүй ирсэн байна. Нас нь зургаа долоо хүрчихвэл хараа орох магадлал бага байдаг” гэж эмч хэлэхэд Бадрах “Даанч дээ, тэр нэг гайтай явдлаас өөрөөр бол энэ орчлонд би хазгай гишгээгүй юм сан” гэж өөрийн золгүй хувь тавиландаа залбирч байв. Эхлээд нэг нүдэнд нь мэс засал хийжээ. Хүүгийнхээ боолттой нүд рүү итгэлийн оч сүүмэлзсэн нүдээр Бадрах, эхнэртэйгээ харж хэд хонов. “Мэс засал амжилттай болсоон, гам сайн бариарай. Миний өгсөн зааварчилгааг сайн дагаарай” гэж эмч хархүү хэлээд тэднийг үдэж өгсөн юм.

Бадрахын үйлийн лай барагдах болоогүй байжээ. Мэс засалд орсон ч хүү хараа орсонгүй. Ингэж тэгсээр бас хоёр жил өнгөрөв. Тэгтэл “Орбис” гэдэг гадаадын эмч нарын баг онгоцонд мэс засал хийдэг тухай яриа чих дэлсэж, “За даа, уулын мухарт суугаа биднийг хэн л нааш гэж тэрэнд оруулж өгөө аж дээ” гэж бодож байв. Хүний амьдралд муугаасаа сайн нь олон. Хүүд нь мэс засал хийсэн эмч хархүү, нэг өдөр давхиж иржээ. Бүр тэр холоос, хотоос зорин зорин ирсэн эмчид хатуурхаж, харилхаж чадсангүй. Эмч хархүүгийн зүрхэнд бас нэгэн гэмшил явсаар л байсан хэрэг.

– Миний хагалгаа муу болсон гэж хэлэхгүй ээ. Буруу байсан гэж хэлэхгүй. Тэгэхдээ л амжилттай болоогүй гэдгийг бодохоор сэтгэл өвдөөд байдаг юм. “Орбис” эмнэлэг гэж улс орнуудад онгоцоор нисэж очиж хагалгаа хийдэг лут мэс засалчид байдаг. Бид ажил хэргийн шугамаар холбоотой байдаг болохоор Монголд хийх хагалгааны нэрс дотор таны хүүг оруулсан юм гэв.

Бадрахын сэтгэл хачин ихээр догдолж, үелзээд ирэв. Эхнэр нь зуухны өмнө бөгтийгөөд суучихсан чимээгүй мэгшүүлж байлаа. Ингээд тэд хөдлөв. Хүү эцгийгээ үнэрээр нь дуу хоолойгоор нь танина. Аавынхаа өвөр дээр, тамхи ханхалсан энгэрт нь хярж наалдаастай хотын бараа харжээ.

Эмнэлгийн гадаа, модны сүүдэр бараадсан Бадрах зулай дээр голлох зуны нарны пүнхийсэн халуунд хөлсөө шударч суухад аанай л өнөөх гайтай сохор тарвага нүдэнд нь үзэгдэнэ. Тэгснээ нэг горьдлогын оч гялсхийн замхарчээ. “Үгүй ээ, нээрээ тэр муу тарвага өрөөсөн нүдтэй байсан шүү. Нүхээ олдог л байж хөөрхий. Миний муу хүү мөрөө үздэг болчихвол одоо гомдох юм алга” гэж аргаа баран бодож суув. “Сохор тарвага буудсанаас болов” гэж өөрийгөө цаг ямагт яллаж, өөрөөсөө бүх бурууг эрж, чадах бүхнээ хүүгийнхээ төлөө бүгдийг нь хийсээр ирсэн Бадрах тэр нэг хар дурсамжийн тухай эхнэртээ хэлээгүй юм. Бүсгүй хүн цөхөрч шантраад ирэхээрээ Бадрахын тарвага буудсан тэр явдлыг хэзээ ч уучилж чадахгүй гэдгийг зөнгөөрөө мэддэг болохоор энэ лай ланчгийг өөрөө л үүрье гэж шийдсэн авай.

Лут мундаг эмч нарын чадал, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүч буй заа, Бадрахын хүү нисдэг эмнэлгийн хагалгаанд ороод сар гаруй дараа мэс хийлгэсэн нэг нүдэндээ хараа оров. Үнэн эсэхэд эргэлзэх Бадрах тамхины асаагуурын гэрэл асаагаад тээр хол тавьчхаад “Миний хүү түүнийг аваад ир дээ” гэхэд хүү түүртэлгүй очоод авч иржээ. Ханцуйдаа залбирсан Бадрах “Миний үйл лай үүгээр хөнгөрдөг арга байна уу. Үр минь ямар юмных нь буруу байх вэ дээ. Юутай ч мөрөө үздэг боллоо. Одоо нэг сургуулийн бараа харуулж, нэрээ бичдэг болгочих юм сан” гэж санана.

Намар боллоо. Сургууль цуглав. Бадрах номхон хул морио барьж унаад, хүүгээ дүүрч, сумын төв рүү гэлдрүүлжээ. Асааж унах машин ч байна, мотоцикль ч уул нь бий. “Монгол хүн байна даа, морио унаж, уул усаа тайван тогтуун харж аваг” гэсэн эцгийн холын бодол байжээ.

Сумын төв хөл үймээнтэй, хүүхдээ хөтөлсөн улсаар дүүрэн байлаа. Хүүхэд бүртгэж байсан багш эмэгтэй Бадрахын хүүг ажиглаад бүртгэх үү, бүртгэхгүй юу гэдгээ шийдэж чадахгүй гацчихжээ. Бадрахын дотроос, бүүр их дороос нэгэн хар юм гол зуран өгсөж, “Би хүүгээ сургуульд бүртгүүлнэ. Миний хүү хүнтэй адилхан хүн. Хүүхэдтэй адилхан хүүхэд. Ном сурах эрхтэй” гэж чанга дуугарав. Сумын төв гэдэг жижигхэн, нэг гол, нэг хонхрын улс бүгд биесээ танина. Зарим нь хамаатан садан, ураг удмын холбоотой ч улс байна. Тэрүүхэндээ бяцхан бужигнаан болж, улс бүгд л “Бүртгэлгүй яадаг юм. Яалаа гэж ийм хөөрхөн хүүг сургуулийн гадна орхиж болох билээ” гэлцэв. Ингэж аав, хүү хоёр сургуульд оров.

Хүү сургуульд орсон тул эхнэр нь суманд хүүтэйгээ төвлөж, Бадрах хөдөө илүү гэрээр малаа харах болжээ. Цаг агаар тогтуун сайхан бол ганц өдрөөр саахалтдаа малаа захиж үлдээгээд, хүү рүүгээ яарна. Шуурч ирж, хүүгээ өвөрлөж ганц хоночхоод буцна. Ингэсээр тэгсээр таван жил өнгөрөв. Хүү энэ хавар тавдугаар анги төгсжээ.

Ахиад л намар болов. Хүү ангийнхнаа ярина. Сургуульдаа яарна. Бадрах нэг муу үг сонссон байжээ. Жирийн биш, бүрэн бүтэн биш хүүхдийг тавдугаар ангиас нь хойш жирийн сургуульд сургадаггүй, сургах дээрээ тулбал хотод тусгай сургуульд сурдаг гэж… Энэ үгнээс зунжин айж, эмээж явсан Бадрах ганц нэгхэн мөчийн өмнө сургуулийн захирлаас өнөөх үгээ өөрийн хоёр чихээр сонсоод ийн бухимдаж, багтарч ядан явсан юм.

– Нутгийн улс байна даа. Учраа олъё. Бага ангид бол бүх хичээлийг нэг багш заадаг. Дөрвөн аргын тоо, бичиж унших хичээл ордог. Дунд ангид ороод ирэхээр хичээл нарийсна. Багш нар нь олон болно. Хүн бүр адилгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах туршлага байдаггүй. Тиймээс цаашид хүүг сургуульд үлдээж чадахгүй нь дээ. Захирал яг ингэж хэлсэн юм.

– Миний хүү хэнд ч гай болохгүй. Хэнээс ч дор орохгүй.

– Чиний хүүд байгаа юм биш… Тогтолцоо нь өөрөө ийм юм. Хүүхдүүдийн эцэг эхээс хэл ам гарна, багш нар илүү цалин нэхнэ. Эсхүл ийм хүүхэдтэй ажиллаж чадахгүй. Юу бодож ном заах юм, юу бодож дүн тавих юм гэлцэнэ шүү дээ, Бадрах минь. Чамд нэг юм зөвлөе. Хот ор, 29 дүгээр тусгай сургууль гэж бий гэв.

– Тэнд чинь тэгээд авах уу. Бүгд миний хүүтэй адилхан юм уу

– Янз янз даа Бадрах минь. Зовлон гэдэг хэлж ирэх биш. Хөөрхий минь, янз янзын бэрхшээлтэй хүүхдүүд бий. Ядаж л чи хүүгээ тэнд оруулбал бие биенээ дээрэлхэж хажиглаад байхгүй. Хэн нэг нь илүү үзээд, ад шоо болоод байхгүй шүү дээ. Ном сурах бичиг нь өөрсдөд нь зориулсан, багш нар нь бас ажиллаж дадсан улс байгаа даа гэсэн юм.

Цулбуураа тахимандаа хавчуулан тамхи татан хэсэг сууж тайвшраад Бадрах мориндоо дөрөөллөө. Эргээд санах нь аа, захирал голтой л юм хэлжээ. Одоохондоо хүүхдүүд жаахан байна, удахгүй л миний хүүг ад шоо үзэж эхлэх юм байна. Сохор, доголонгоор нь дуудна. Сэтгэлийг нь шархлуулан гэмтээнэ. Тиймээс тэр тусгай сургуульд нь оруулъя. Хэдэн малаа зараад хот бараадъя. Орчлон гэдэг алаг. Хүний заяа бас л алаг юм. Ганц миний хүү биш, олон арван ижил зовлонтой хүүхэд бий. Тэдэнтэйгээ хамт байвал жаргалтай байна биз дээ. “Хүн бүхэн адил тэгш эрхтэй. Хүн бүхэн юунд ч хүрч, яаж чиг өсөж болно. Саяхны жишээ, Стивен Хокинг гэж дэлхийд хэчнээн алдартай эрдэмтэн байв. Сандалд хадаатай тэр хүн харагдаж байгаагаасаа илүү ихийг хүн төрөлхтөнд өгсөн юм шүү. Чиний хүү тийм хүн болж болох шүү дээ” гэж захирал хэлсэн. Нээрээ, миний хүү бусдаас юугаараа өөр юм. Мөрөө үздэг. Нэрээ гаргадаг. Дэлхийд дуурссан эрдэмтэн ч болох юм билүү.

Намрын салхи сэвэлзэн, шанхны үс илнэ. Сэтгэл нь тайвширч, эхнэртээ, хүүдээ хэлэх үгтэй болсондоо баяртай явлаа. Хүү сургуульдаа сурах болно. Дэлхий ертөнцөөр аялах болно…Намрын тарлантсан шар талаар тарган морио бахардтал давхисаар Бадрах овоон дээр гарч буув. Амьсгаадсан морины цээжний хөх мах чичирч, шавартай хөлс сад тавин урсжээ. Бадрахын цээжийг дэлгээд харвал уур омогтоо дэлбэрэх шахсан зүрх “Яачихсан алаг заяа вэ. Яачихсан барагддаггүй үйл, яачихсан лай ланчиг вэ” гэж бачимдан оволзож байж таарна. Арван хэдтэй хүү байхдаа хүн дуурайж, халийвр үүрч тарвага эргүүлж яваад өрөөсөн нүд сохор тарвага нам буудчихаж билээ. Сохор тарвага байсанд цочин хэлмэгдэж, сэжиг төрөөд, амийг нь тасалсан өнөөх амьтнаа нүх рүү нь буцааж хийчхээд явсан атал өнөөх нь сэтгэлийн мухраас холдоогүй байж. Хэдхэн мөчийн өмнө сургуулийн захирлын хэлсэн үг чихийг нь өрөмдөж орчхоод, тэрэнтэй зэрэгцэн сохор тарваганы тухай хөндүүр дурсамж ахин сэрж, сэтгэлийг нь шаналган шархирааж байжээ.

Зургаан охинтой, ганц хүү хүлээж горьдсоор байтал отгон нь хүү байж, хүүтэй болсон дэнхэр Бадрах гэртээ багталгүй баярлан хөөрч байсан цаг саяхан. Юм гэдэг гаажтай. Хүсэн хүлээсэн ганц хүү нь харанхуй бүүдэн болохыг мэдэх цагт Бадрахын хөл доорх газар цөмөрчих шиг санагдсан юм. Яваагүй газар, хаалгыг нь татаагүй эмнэлэг үлдээгүй. Амьтан хүнээр дамжуулж, яриулж байж нэгэн хувийн эмнэлэг олжээ. “Цаг алдалгүй ирсэн байна. Нас нь зургаа долоо хүрчихвэл хараа орох магадлал бага байдаг” гэж эмч хэлэхэд Бадрах “Даанч дээ, тэр нэг гайтай явдлаас өөрөөр бол энэ орчлонд би хазгай гишгээгүй юм сан” гэж өөрийн золгүй хувь тавиландаа залбирч байв. Эхлээд нэг нүдэнд нь мэс засал хийжээ. Хүүгийнхээ боолттой нүд рүү итгэлийн оч сүүмэлзсэн нүдээр Бадрах, эхнэртэйгээ харж хэд хонов. “Мэс засал амжилттай болсоон, гам сайн бариарай. Миний өгсөн зааварчилгааг сайн дагаарай” гэж эмч хархүү хэлээд тэднийг үдэж өгсөн юм.

Бадрахын үйлийн лай барагдах болоогүй байжээ. Мэс засалд орсон ч хүү хараа орсонгүй. Ингэж тэгсээр бас хоёр жил өнгөрөв. Тэгтэл “Орбис” гэдэг гадаадын эмч нарын баг онгоцонд мэс засал хийдэг тухай яриа чих дэлсэж, “За даа, уулын мухарт суугаа биднийг хэн л нааш гэж тэрэнд оруулж өгөө аж дээ” гэж бодож байв. Хүний амьдралд муугаасаа сайн нь олон. Хүүд нь мэс засал хийсэн эмч хархүү, нэг өдөр давхиж иржээ. Бүр тэр холоос, хотоос зорин зорин ирсэн эмчид хатуурхаж, харилхаж чадсангүй. Эмч хархүүгийн зүрхэнд бас нэгэн гэмшил явсаар л байсан хэрэг.

– Миний хагалгаа муу болсон гэж хэлэхгүй ээ. Буруу байсан гэж хэлэхгүй. Тэгэхдээ л амжилттай болоогүй гэдгийг бодохоор сэтгэл өвдөөд байдаг юм. “Орбис” эмнэлэг гэж улс орнуудад онгоцоор нисэж очиж хагалгаа хийдэг лут мэс засалчид байдаг. Бид ажил хэргийн шугамаар холбоотой байдаг болохоор Монголд хийх хагалгааны нэрс дотор таны хүүг оруулсан юм гэв.

Бадрахын сэтгэл хачин ихээр догдолж, үелзээд ирэв. Эхнэр нь зуухны өмнө бөгтийгөөд суучихсан чимээгүй мэгшүүлж байлаа. Ингээд тэд хөдлөв. Хүү эцгийгээ үнэрээр нь дуу хоолойгоор нь танина. Аавынхаа өвөр дээр, тамхи ханхалсан энгэрт нь хярж наалдаастай хотын бараа харжээ.

Эмнэлгийн гадаа, модны сүүдэр бараадсан Бадрах зулай дээр голлох зуны нарны пүнхийсэн халуунд хөлсөө шударч суухад аанай л өнөөх гайтай сохор тарвага нүдэнд нь үзэгдэнэ. Тэгснээ нэг горьдлогын оч гялсхийн замхарчээ. “Үгүй ээ, нээрээ тэр муу тарвага өрөөсөн нүдтэй байсан шүү. Нүхээ олдог л байж хөөрхий. Миний муу хүү мөрөө үздэг болчихвол одоо гомдох юм алга” гэж аргаа баран бодож суув. “Сохор тарвага буудсанаас болов” гэж өөрийгөө цаг ямагт яллаж, өөрөөсөө бүх бурууг эрж, чадах бүхнээ хүүгийнхээ төлөө бүгдийг нь хийсээр ирсэн Бадрах тэр нэг хар дурсамжийн тухай эхнэртээ хэлээгүй юм. Бүсгүй хүн цөхөрч шантраад ирэхээрээ Бадрахын тарвага буудсан тэр явдлыг хэзээ ч уучилж чадахгүй гэдгийг зөнгөөрөө мэддэг болохоор энэ лай ланчгийг өөрөө л үүрье гэж шийдсэн авай.

Лут мундаг эмч нарын чадал, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүч буй заа, Бадрахын хүү нисдэг эмнэлгийн хагалгаанд ороод сар гаруй дараа мэс хийлгэсэн нэг нүдэндээ хараа оров. Үнэн эсэхэд эргэлзэх Бадрах тамхины асаагуурын гэрэл асаагаад тээр хол тавьчхаад “Миний хүү түүнийг аваад ир дээ” гэхэд хүү түүртэлгүй очоод авч иржээ. Ханцуйдаа залбирсан Бадрах “Миний үйл лай үүгээр хөнгөрдөг арга байна уу. Үр минь ямар юмных нь буруу байх вэ дээ. Юутай ч мөрөө үздэг боллоо. Одоо нэг сургуулийн бараа харуулж, нэрээ бичдэг болгочих юм сан” гэж санана.

Намар боллоо. Сургууль цуглав. Бадрах номхон хул морио барьж унаад, хүүгээ дүүрч, сумын төв рүү гэлдрүүлжээ. Асааж унах машин ч байна, мотоцикль ч уул нь бий. “Монгол хүн байна даа, морио унаж, уул усаа тайван тогтуун харж аваг” гэсэн эцгийн холын бодол байжээ.

Сумын төв хөл үймээнтэй, хүүхдээ хөтөлсөн улсаар дүүрэн байлаа. Хүүхэд бүртгэж байсан багш эмэгтэй Бадрахын хүүг ажиглаад бүртгэх үү, бүртгэхгүй юу гэдгээ шийдэж чадахгүй гацчихжээ. Бадрахын дотроос, бүүр их дороос нэгэн хар юм гол зуран өгсөж, “Би хүүгээ сургуульд бүртгүүлнэ. Миний хүү хүнтэй адилхан хүн. Хүүхэдтэй адилхан хүүхэд. Ном сурах эрхтэй” гэж чанга дуугарав. Сумын төв гэдэг жижигхэн, нэг гол, нэг хонхрын улс бүгд биесээ танина. Зарим нь хамаатан садан, ураг удмын холбоотой ч улс байна. Тэрүүхэндээ бяцхан бужигнаан болж, улс бүгд л “Бүртгэлгүй яадаг юм. Яалаа гэж ийм хөөрхөн хүүг сургуулийн гадна орхиж болох билээ” гэлцэв. Ингэж аав, хүү хоёр сургуульд оров.

Хүү сургуульд орсон тул эхнэр нь суманд хүүтэйгээ төвлөж, Бадрах хөдөө илүү гэрээр малаа харах болжээ. Цаг агаар тогтуун сайхан бол ганц өдрөөр саахалтдаа малаа захиж үлдээгээд, хүү рүүгээ яарна. Шуурч ирж, хүүгээ өвөрлөж ганц хоночхоод буцна. Ингэсээр тэгсээр таван жил өнгөрөв. Хүү энэ хавар тавдугаар анги төгсжээ.

Ахиад л намар болов. Хүү ангийнхнаа ярина. Сургуульдаа яарна. Бадрах нэг муу үг сонссон байжээ. Жирийн биш, бүрэн бүтэн биш хүүхдийг тавдугаар ангиас нь хойш жирийн сургуульд сургадаггүй, сургах дээрээ тулбал хотод тусгай сургуульд сурдаг гэж… Энэ үгнээс зунжин айж, эмээж явсан Бадрах ганц нэгхэн мөчийн өмнө сургуулийн захирлаас өнөөх үгээ өөрийн хоёр чихээр сонсоод ийн бухимдаж, багтарч ядан явсан юм.

– Нутгийн улс байна даа. Учраа олъё. Бага ангид бол бүх хичээлийг нэг багш заадаг. Дөрвөн аргын тоо, бичиж унших хичээл ордог. Дунд ангид ороод ирэхээр хичээл нарийсна. Багш нар нь олон болно. Хүн бүр адилгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах туршлага байдаггүй. Тиймээс цаашид хүүг сургуульд үлдээж чадахгүй нь дээ. Захирал яг ингэж хэлсэн юм.

– Миний хүү хэнд ч гай болохгүй. Хэнээс ч дор орохгүй.

– Чиний хүүд байгаа юм биш… Тогтолцоо нь өөрөө ийм юм. Хүүхдүүдийн эцэг эхээс хэл ам гарна, багш нар илүү цалин нэхнэ. Эсхүл ийм хүүхэдтэй ажиллаж чадахгүй. Юу бодож ном заах юм, юу бодож дүн тавих юм гэлцэнэ шүү дээ, Бадрах минь. Чамд нэг юм зөвлөе. Хот ор, 29 дүгээр тусгай сургууль гэж бий гэв.

– Тэнд чинь тэгээд авах уу. Бүгд миний хүүтэй адилхан юм уу

– Янз янз даа Бадрах минь. Зовлон гэдэг хэлж ирэх биш. Хөөрхий минь, янз янзын бэрхшээлтэй хүүхдүүд бий. Ядаж л чи хүүгээ тэнд оруулбал бие биенээ дээрэлхэж хажиглаад байхгүй. Хэн нэг нь илүү үзээд, ад шоо болоод байхгүй шүү дээ. Ном сурах бичиг нь өөрсдөд нь зориулсан, багш нар нь бас ажиллаж дадсан улс байгаа даа гэсэн юм.

Цулбуураа тахимандаа хавчуулан тамхи татан хэсэг сууж тайвшраад Бадрах мориндоо дөрөөллөө. Эргээд санах нь аа, захирал голтой л юм хэлжээ. Одоохондоо хүүхдүүд жаахан байна, удахгүй л миний хүүг ад шоо үзэж эхлэх юм байна. Сохор, доголонгоор нь дуудна. Сэтгэлийг нь шархлуулан гэмтээнэ. Тиймээс тэр тусгай сургуульд нь оруулъя. Хэдэн малаа зараад хот бараадъя. Орчлон гэдэг алаг. Хүний заяа бас л алаг юм. Ганц миний хүү биш, олон арван ижил зовлонтой хүүхэд бий. Тэдэнтэйгээ хамт байвал жаргалтай байна биз дээ. “Хүн бүхэн адил тэгш эрхтэй. Хүн бүхэн юунд ч хүрч, яаж чиг өсөж болно. Саяхны жишээ, Стивен Хокинг гэж дэлхийд хэчнээн алдартай эрдэмтэн байв. Сандалд хадаатай тэр хүн харагдаж байгаагаасаа илүү ихийг хүн төрөлхтөнд өгсөн юм шүү. Чиний хүү тийм хүн болж болох шүү дээ” гэж захирал хэлсэн. Нээрээ, миний хүү бусдаас юугаараа өөр юм. Мөрөө үздэг. Нэрээ гаргадаг. Дэлхийд дуурссан эрдэмтэн ч болох юм билүү.

Намрын салхи сэвэлзэн, шанхны үс илнэ. Сэтгэл нь тайвширч, эхнэртээ, хүүдээ хэлэх үгтэй болсондоо баяртай явлаа. Хүү сургуульдаа сурах болно. Дэлхий ертөнцөөр аялах болно…

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 16.3 мянган өвс, 6.7 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна DNN.mn

Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 21.3 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна. Тэгвэл борлуулалтаас гурван мянган тонн өвс, 1.0 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 33.0 хувь, тэжээлийн 30 хувийг зарцуулжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 16.3 мянган тонн өвс, 6.7 мянган тонн тэжээлийн нөөцтэй байгаа юм. Түүнчлэн малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 30 хувийн зарцуулалттай байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн үнэ 9000 ам.доллар давлаа DNN.mn

Гуравдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ Нью-Йоркийн Comex зах дээр 4.2%-иар өсөж, тонн нь 9174 ам.долларт хүрлээ.

БНХАУ цар тахлын хязгаарлалтаа цуцалсны дараа зэсийн эрэлт сэргэнэ гэсэн таамаглал ёсоор өнгөрсөн зургадугаар сараас хойш анх удаа ийнхүү тонн тутамдаа 9000 ам.доллараас давжээ.

Зэсийн үнийн өсөлт нь Европ болон Хятадад эрчим хүчний хомсдолд нэрвэгдсэнээс хойш нэг жилийн дараа биржийн нөөц бага хэвээр байгаа үед тохиож байна.

Трафигура группын гүйцэтгэх захирал Жереми Вайр металлын зах зээл урьд өмнө хэзээ ч ийм чангарч байгаагүй гэлээ.

Энэ оны эцэс гэхэд зэсийн үнэ 11 500 ам.долларт хүрч магадгүй тухай Goldman Sachs группын шинжээч Жефф Кюрри Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын уулзалт зөвлөгөөнд оролцлоо DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд болж буй Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын уулзалт зөвлөгөөнд оролцлоо.

Тэрбээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг 2023 онд хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг, даалгавар өгч, улс, орон нутгийн цаг үеийн бусад асуудлыг танилцуулав. Төсвийн орлогоо бие даан бүрдүүлж буй Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгийн удирдлагуудад Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлж, Засгийн газрын өргөмжлөл гардуулав. Өнөөдрийн байдлаар эдгээр аймгаас бусад нь улсын төсвөөс татаас авч байгаа бөгөөд цаашдаа аймаг бүр өөрсдөө төсвөө бүрдүүлж, орон нутгийн эрх мэдлээ нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, тулгарч буй хүндрэлээс гадна өнгөрсөн он бүхэлдээ цар тахлын дараах, олон улсын геополитикийн зөрчлөөс үүдэлтэй эдийн засгийн хямралыг тогтворжуулахад чиглэсэн гэдгийг тэрбээр хэлсэн үгэндээ онцлов. Цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг 2022 онд дөрвөн хувь болж сэргэсэн. 2022 оны Монгол Улсын төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгөөр сайжирсан. Цар тахлын оргил үед 14.5 хувиар тасарч байсан улсын төсвийн орлого 106 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Экспортын дүнгийн хувьд урьд өмнө нь хүрч байгаагүй буюу 12.5 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Монгол Улсын валютын нөөц 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 2.8 тэрбум ам.доллар болж буураад байсан бол “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 500 сая ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болж, валютын ханш тогтворжоод байгаа зэргийг танилцууллаа.

Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарч, чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, Монгол Улс “Чингис” бондын нийт хоёр тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, ирэх онд “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлж барагдуулах боломжтой болоод байна. Цаашдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж буй тайланг аймаг, нийслэлийн удирдлагуудаас авч аудитын шинэ аргачлалаар дүгнэж байхаар болжээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зорилгуудын нэг бол аймаг бүр төсвөө бие даан бүрдүүлэх боломжийг бий болгох. Энэ хүрээнд орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх учиртай. Аймгуудын шинэ санаачилгыг дэмжинэ. Орон нутаг руу чиглэх иргэдийн идэвхийг бий болгож, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулж, хот хөдөөгийн зохист тэнцвэрийг хангахад чиглэсэн саналаа боловсруулж ирүүлэх хэрэгтэй гэлээ.

Засгийн газраас иргэдийн орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлж байгааг хэллээ. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд илүү санаачилгатай ажиллахыг үүрэг болгов. Мөн 2023 онд Үндсэн хуулийн 30 жилийг дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлж, тогтолцооны реформ хийх үндэсний зөвшилцлийг ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Энэ хүрээнд зөвлөлдөх болон ард нийтийн санал асуулга явагдана. Аймаг, нийслэлийн удирдлагууд үүний бэлтгэл ажлыг орон нутагт хангаж, иргэдтэй уулзаж, тогтолцоотой холбоотой асуудлууд, жишээлбэл, орон нутгийн харьяанд байгаа Дархан, Эрдэнэт зэрэг хотыг улсын чанартай хот болгох боломж шаардлага зэрэг асуудалд төвлөрч ажиллах шаардлагатайг анхааруулав.

Бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгаж, ажлын бүтээмж, гүйцэтгэлд тулгуурласан хариуцлагын үнэлгээний тогтолцоог Засгийн газраас нэвтрүүлж ажиллана. Тиймээс аймаг, нийслэлийн Засаг даргын ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайд баримтлахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирээдүйн эрчим хүчний талаарх Билл Гейтсийн төсөөлөл DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……….

Хойд мөсөн далай, Алтай, Хималай зэрэг уулсын мөнх цас, мөсөн голыг хайлж эхлэхэд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийг бууруулахгүй бол Америк болон Хятадын, ядуу буурай болон хөгжилтэй орнуудын хуваагдал улам аймшигтай болно гэсэн таамаглал бий. Дэлхийг айлгаж буй нүүрсхүчлийн хийн гол буруутан нь хүн төрөлхтнийэрчим хүч гаргаж авдаг нүүрс, газ, нефть. Билл Гейтс ирээдүйд нүүрс, нефть, хийн алиныг нь ч хэрэглэхгүйгээр дэлхийг эрчим хүчээр хангах шинэ технологид хөрөнгө оруулагч эрхмүүдийн нэг. Шинэ төрлийн цөмийн цахилгаан үүсгүүрээс гаргаж авсан эрчим хүчийгхэрэглэж байж л жил ирэх бүр дэлхийг дулааруулж буй нүүрсхүчлийн хийг бууруулж чадна гэж тэрүздэг. ТED-2010 арга хэмжээнд оролцохдоо тавьсан“Эрчим хүчний тухай:Тэг рүү хүрэх шинэ санаа” гэсэн илтгэлээс нь түүний хөрөнгө оруулж буй шинэ технологийн талаар мэдэх боломжтой. TED гэдэг нь technology entertainment design гэсэнгурван үгний товчлол. Дэлхийн шилдэг бүтээн байгуулагчид, сэтгэгчид жил бүр цугларч технологи, энтэртэйнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, бизнес, хөгжлийн гэх мэт чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо хуваалцдаг олон улсын арга хэмжээ. 1984 оноос өдийг хүртэл “Даян дэлхийд санаагаа хуваалцъя” уриан дор зохиогдож байгаа.

Билл Гейтсийн TED-ийн индрээс хэлсэн санааны анхаарал татах хэсгийг сийрүүлье. Тэрээр “Натань Мирволд бид хоёр нүүрс, сэргээгдэх хүчийг биш цөмийн эрчим хүчийг сонгож Terra power компанид хөрөнгө оруулж байгаа. Цөмийн эрчим хүчний технологид модуляр, шингэн гэх мэт шинэ технологи гарч ирсэн. Terra power ураны ердөө багахан хэсэг болох нэг хувийн U-235 изотопын оронд 99 хувийг эзлэх U-238-ыг шатаая гэсэн санаа дэвшүүлж байгаа. Үнэндээ солиотой санаа. Өмнө нь энэ талаар өчнөөн ярьсан ч яг ажиллах уу үгүй юу гэдгийг нь тооцоолж чадахгүй байсан юм. Харин одоо орчин үеийн супер компьютеруудын тусламжтайгаар бид тооцоолж чадсан.Боломжтой гэдгийг нь ч баталсан. Энэ технологи амьдралд нэвтэрвэл цөмийн хаягдал асуудал биш болно. Цөмийн реакторуудаас гарсан хаягдал түлш болоод явчихна гэсэн үг. Энэ бол гайхамшиг. Ураны шатдаг хэсгийг нь шатаангуут 99 хувь нь хаягдал болдог. Үүнийг ядуурсан уран гэдэг. Хаягдал болж үлддэг энэ ураныг ашиглаад эхэлбэл дэлхийн эрчим хүчийг хэдэн зуун жилээр хангах нөөц бий. Бид супер компьютер авч, тэргүүлэх эрдэмтдийг ажиллуулсан. Үүнд ердөө хэдэн арван сая ам.доллар л орсон” хэмээн ярьсан юм.

Түүний ярьж буй цөмийн шинэ технологийг хар үгээр тайлбарлавал одоогийнх шиг олон хүн ажилласан, нүсэр байгууламж шаардлагагүй юм билээ. Цөмийн реакторын хаягдал буюу ямар ч өртөггүй хямдхаан түлшийг газар доор байрлуулсан тусгай хоолой руу хийнэ гэсэн энгийн дамжлагатай. Тэгээд л тасралтгүй 60 жил ажиллах боломжтой. Хаягдал гэхээр юм бараг гарахгүй. Хаягдлыг нь дахин ашиглах боломжтой. Билл “Цөмийн станцуудын асуудал болж байгаа хаягдал бол бидний хувьд хоол. Хаягдлуудыг ийм технологиор хялбархан шийдэж болно. Орос, Хятад, Энэтхэгийн компаниуд бидний ажлыг сонирхож байгаа. Франц, Япон зарим зүйлийг нь хийчихсэн. Бидний туршиж буй технологи өмнө нь хийгдсэн зүйлийн ердөө нэг хувилбар нь. Бүтээхэд 20 жил, түгээхэд 20 жил хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 2050 он гэхэд эхэлсэн ажил маань амьдрал дээр хэрэгжиж эхэлнэ. Ураны нэг молекул нүүрсний молекулаас хэдэн сая дахин энерги агуулдаг” хэмээн ярьж байна. Биллийн хөрөнгө хаяж байгаа энэ технологи амжилттай болж, цөмийн хаягдлаас эрчим хүч гаргаад эхэлбэл гуч гаруй жилийн дараа лава нүүрс хэрэглээнээс гарах нь.

ТӨМСНӨӨС ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ХУВИЛБАР

Эрдэмтэд органик материа­лаас эрчим хүч гаргаж авах судалгаануудыг аль эртнээсэхлүүлжээ. Ийм төрлийн туршилтууд тун энгийнээр хийгдсээр иржээ. Товчхондоо органик бүтээгдэхүүнийг цайр болон зэс утсаар холбоод л хийчихдэг туршилт. Хими, физикийн аргаар эрчим хүч хуримтлуулах замаар хийгд­сээр ирсэн ийм төрлийн тур­шил­тууд олон. Тэдний нэг жишээ нь Иерусалимийн “Хэрбю” их сургуулийн эрдэм­­тэн Рабиновичийн ахал­сан багийн төмснөөс эрчим хүч гаргаж авах эрэл.Эрдэмтэд төмсийг цахилгаан хуримтлуулагч ялтсанд холбож гаргаж авсан цахилгаан лед гэрлийг асаах чадалтайг нотолжээ. Ийм энгийн аргаар алслагдсан хот тосгонуудыггэрэлтүүлэх боломж ойрхон гэсэн өөдрөг мэдээг Рабинович дуулгаад байна. Цаашлаад дэл­хийн эрчим хүчний тодор­хой хувийг ийм энгийн аргаар хангах боломжтой хэмээн тэд үзэж байгаа аж. Эрдэмтэд төмснөөс лед гэр­лээр тоноглосон 40 өрөөг гэрэлтүүлэх чадалтай эрчим хүч гаргаж авах боломжтой гэсэн тооцоо хүртэл гаргажээ. Төмснөөс гарах шүүс нь холболт хийсэн зэс болон цайртай эсэлдэхэд химийн урвал явагддаг байна. Ингэж эрчим хүч үүсдэг гэнэ. Мэдээж төмс эрчим хүчний том шийдэл биш. Гэхдээ цардуулын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнөөс болж төмснөөс татгалзаж эхэлсэн хүн төрөлхтний хувьд тодорхой хэмжээнд хэрэглээд байж болох л арга.

ИРЭЭДҮЙД ХЭРЭГЛЭЭНД НЭВТРЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИУД

Дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй агаар дахь нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулахын тулд ирээдүйн эрчим хүчний технологи илүү ухаалаг, эко тал руугаа шилжих нь тодорхой болжээ.

BusinessInsider-ынхан эрчим хүчний салбарын шинжээ­чид болон судалгааны байгууллагуудын онцолж буй ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх шинэ технологиудыг багцлан эмхтгэжээ. Эндээс эрчим хүчний технологи илүү ухаалаг, эко чиг рүүгээ эргэснийг харж болно. Ирээ­дүйд яг ямар шинэ технологиуд хэрэг­лээнд нэвтрэхийг сонирхуулъя.

Ямар нэг түлшийг хүчил­төрөгчтэй урвалд оруулж, химийн аргаар цахилгаан гаргадаг Fuel cell технологийн туршилтыг 2013 онд хийжээ. Энэ жилээс судалгаа нь эрчимжиж байгаа аж. Ирэх онд хэрэглээнд гаргах боломжтой гэнэ. Агаар, түлш тасралтгүй хангагдаад байвал эрчим хүч гараад байх нь. Үүгээрээ батарейнаас ялгаатай юм байна. Агаар дахь хүчилтөрөг­чөөр исэлддэг lithium-air бат­терейны туршилтыг хоёр жилийн дараа хийх аж. Уламжлалт баттарейнаас тав дахин их багтаамжтай, цахилгаан машины явах зайг эрс нэмэгдүүлэх давуу талтай энэ батарей 2020 оноос хэрэглээнд гарах юм байна.

2022 оноос цахилгааны оронд устөрөгчийг түгээж, хадгалдаг болох гэнэ. Энгийнээр хэлбэл устөрөгчийг энерги хувиргалтын аргаар цахилгаанд шилжүүлдэг болгох аж. Хэмнэлттэй, өртөг багатай гэгдэж буй энэ технологийн туршилт 2019 онд хийгдэнэ.

Нарны илч, дулааны цахилгаан станцаас гарч буй илчийг тусгай төхөөрөмжинд хадгалж, дараа нь орон сууцны халаалт, ус халаах зэрэг ахуйн хэрэглээнд ашиглах боломж 2027 онд амьдрал дээр биеллээ олно. Энэ аргын туршилтыг 2022 онд хийхээр төлөвлөжээ.

Цахилгааныг үрэлгэн түгээдэг асуудал ирээдүйд алга болох нь. Ухаалаг түгээлт гэдэг нэршил хүртэл гарч ирэх аж. Ердөө жилийн дараа л цахилгааныг түгээхдээ хэмжилт хийж, мэдээллийн хяналтын системд дамжуулах боломж нээгдэх юм байна. Энэ технологи цахилгааны ачааллыг тэнцвэржүүлэх, оргил үед чухал биш зарцуу­лал­туудыг хязгаарлах зэрэг давуу талуудыг үүсгэх гэнэ. Эрчим хүчний ухаалаг сүлжээ гэх нэршил 2020 онд хүн төрөлхтний хэрэглээнд орж ирнэ гэсэн мэдээлэл байна. Дэлхийн хэмжээний энергийн нэгдсэн сүлжээ бий болгож нийтээрээ хувааж хэрэглэх бололтой. Эрчим хүч яг интернэт шиг,хэн ч хаанаас ч цахилгаан, дулаан, хий зэрэг хүссэн эрчим хүчээ хэрэгцээгээрээ хэрэглэх боломжтой гэнэ. Туршилт нь 2019 оноос эхлэх юм байна.

Цахилгааны үүсгүүрүүд дээр ч багагүй шинэчлэл хийгдэнэ гэж эрчим хүчний салбарын экспертүүд онцол­жээ. Далайн давалгааны хүчийг цахилгаан энерги болгох далайн турбин гэдэг технологи хоёр жилийн дараа хэрэглээнд гарах аж. Нарны энергийн хавтанг чиглүүлэгч роботууд 2017 онд зах зээлд нэвтрэх нь. Жижигхэн роботуудын тусламжтайгаарнарны энерги хүлээн авагч хавтангуудыг нарны тусгалын дагуу чиглүүлэх боломж бүрдэх гэнэ. Одоо хэрэглэж буй хавтан бүрийг мотороор чиглүүлдэг аргаас хялбархан, зардал багатай гэж зохион бүтээгчид нь онцолжээ.

Байшингийн фасад, цонхны шилнээс эрчим хүч гаргаж авах боломж 2021 онд нээгдэх юм байна. Энэ технологийг фото гүйдлийн тунгалаг шил гэж нэрлэжээ.Нарны гэрлийг цахилгаан гүйдэлд хувиргадаг шилний технологи гээд ойлгочихож болно.Туршилтыг нь хоёр жилийн дараа хийхээр төлөв­лөжээ. Сансарт суурилагдсан нарны цахилгаан станц таны сонирхлыг татах байх. Сансарт байрлуулсан нарны эрчим хүч цуглуулагчаас энергийг богино долгион болгон дэлхий рүү дамжуулах энэ арга 2028 онд хэрэглээнд нэвтрэх юм байна. Дэлхий дээр нарны эрчим хүч цуглуулснаас хамаагүй өгөөжтэй арга гэж эрдэмтэд хэлж байна. Дэлхийд нарны эрчим хүч ирэхдээ агаар мандлын олон давхаргын нөлөөгөөр сулардаг бол энэ арга хэрэглээнд нэвтэрснээс нарны эрчим хүчний хэрэглээнд огцом ахиц гарах бололтой. Цөмийн урвалаар түлшийг өдөөж задлан их хэмжээний энерги гаргах Inertial confinement fusion гэдэг аргыг 2021 оноос ашиглаж эхэлнэ, 2023 оноос хэдхэн метрийн урттай бага оврын цөмийн реакторуудыг дурхын газраа байршуулах ашиглах боломж нээгдэнэ зэрэг цөмийн эрчим хүч тойрсон шинэ мэдээллүүд ч байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Багануурын уурхай энэ онд 4.5 сая тонн нүүрс олборлоно DNN.mn


Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК 2023 онд 4.5 сая.тн нүүрс олборлохоор төлөвлөөд байна.

Тус компани 2022 онд 16.15 сая/м3 хөрс хуулж, 27сая/м3 уулын цулын ажил хийснээр уулын цулын төлөвлөгөөг 108.4, мөн 4.35 сая тонн нүүрс олборлон борлуулснаар төлөвлөгөөг 101 хувиар биелүүлжээ

Categories
мэдээ цаг-үе

Орчны бохирдлыг бууруулах нэр бүхий хүмүүсийг АТГ-аас шалгаж байна DNN.mn

Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо (ОББҮХ)-ны удирдлагуудын ажил, гэр, орон байранд нэгжлэг хийж байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарсан.

Энэ талаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас тодруулахад “ОББҮХ-ны нэр бүхий хүмүүсийг шалгах ажиллагаа АТГ-т явагдаж байгаа. Энэ асуудалтай холбоотой шалгалт үргэлжилж байна. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Амгалан: Би ханиадтай байгаа. Найтаах үед авсан зургийг сошиалд тавьсан байна лээ DNN.mn

Э.Бат-Амгалан

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд согтуу оролцсон гэх мэдээлэл гарсан. Мөн түүнийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой муудалцаж, хоёр гишүүн маргалдсан гэх мэдээлэл гарч байсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өнөөдөр тайлбар хийлээ.

Тэрбээр “Нийгмийн сүлжээнд гараад байгаа энэ асуудалд тайлбар өгөхгүй бол болохгүй байна. Сүүлийн хоёр өдрийн хугацаанд ийм асуудлууд үүссэн. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хоёр дахь өдөр суусан.

Би огт архи амсдаггүй. Үүнийг намайг таньдаг эргэн тойрны хүмүүс бүгд мэдэж байгаа. Хэрэв архи уусан бол уучлалт гуйх чадвар надад байгаа.

Б.Пүрэвдорж гишүүнтэй тодорхой асуудлаар маргалдсан нь үнэн. Бага зэрэг чанга дуугаар ярьсан. Бидний дунд хувийн янз бүрийн асуудал байхгүй. Ажил хэргийн бага сага маргаан гарсныг нийгмийн сүлжээнд тавьж, ганц нэг зураг оруулсан байна лээ. Эзнийг нь олно гэж бодож байгаа.

Намайг яагаад согтуу байсан гэх яриа гарсныг мэдэхгүй. Ёстой архи уудаггүй хүнийг архи уудаг гээд байх юм. Улс төр юм болов уу гэж бодож байна. Намайг архи уудаг, уудаггүйг манай тойргийн нөхөд, иргэд, сонгогчид бүгд мэдэж байгаа. Би хүний өмнө айж, ичээд байх зүйлгүй, өөрийнхөө санасан бодсоноо шулуухан хэлдэг зантай. Зарим нэг хүний дургүйг хүргэдэг асуудал байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Б.Пүрэвдорж гишүүнтэй маргасан шалтгааны талаар “Хууль зүйн байнгын хороог Ардчилсан Намынханд өгөх талаар Б.Пүрэвдорж гишүүн ярьж байна. Тиймээс энэ асуудал хууль дэгтэй, олонхоор ялаад аваарай гэдгийг хэлсэн. Үүний улмаас маргасан” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Сургуулийн орчин дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг шинээр боловсруулж байна DNN.mn

Сургуулийн орчин дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг шинээр боловсруулж байгааг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас мэдээллээ.

1978 оноос хойш өнөөдрийг хүртэл боловсролын салбарт 156 стандартыг батлан хэрэгжүүлж байна. Үүний дийлэнх нь сургалтын хөтөлбөр, сурах бичигтэй холбоотой. Одоогоор боловсролын салбарт мөрдөгдөж буй стандартаас 23-ыг нь хүчингүй болгох шаардлагатай байгаа аж.

Боловсролын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан бөгөөд тус хуульд стандартын шинэчлэл хийх зохицуулалтуудыг тусгасан байна. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэн баталж, үүний дараа стандартуудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх юм. Тэр дундаа сургуулийн орчин дахь хоол үйлдвэрлэл үйлчилгээ, тэгш хамруулан сургах орчин нөхцөлтэй холбоотой стандартыг шинээр боловсруулах, батлуулах, мөрдүүлэх нь нэн тэргүүний зорилт болсныг БШУЯ-наас онцлов.

Монгол Улсын хэмжээнд 6,500 гаруй стандарт байгаа ч мөрдөлт 20 орчим хувьтай байдаг. Тиймээс стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор стандарттай холбоотой төрөөс баримтлах бодлого, стандарт ба хөгжил үндэсний хөтөлбөр боловсруулах, стандартын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг шадар сайд С.Амарсайхан тус яаманд өчигдөр ажиллах үеэрээ хэлэв.

Categories
мэдээ улс-төр

“Орхоны хөндийд хот байгуулах” тогтоолын төслийг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл мөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудал
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/
  • “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ – Зарчмын зөрүүтэй 5 саналтай
  • Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны тайлан сонсох