Categories
мэдээ цаг-үе

Хайлааст, Баянхошуу орчимд агаар хамгийн их бохирдолтой байна DNN.mn

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээг /2023.01.09-2023.01.15/ хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 2023 оны нэгдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд 100 айл, Толгойт, Нисэх, Налайх, 13-р хороолол, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “Бага бохирдолтой” байжээ. Харин Нэгдүгээр хороолол, Зурагт, 5-н буудал, Шархад орчим “Бохирдолтой”, Хайлааст, Баянхошуу орчим “Их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ DNN.mn

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулна.

Cонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцох юм. Сонсголын эхний өдөр 65 гэрч, хоёр дахь өдөр 47, гурав дахь өдөр 31, дөрөв дэх өдөр 25, тав дахь өдөр 23 буюу нийтдээ 191 оролцогч Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлтэй холбогдуулж мэдүүлэг өгөхөөр төлөвлөжээ.

Улсын Их Хурлын түүхэнд анх удаа зохион байгуулж байгаа нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд Хянан шалгах түр хорооноос томилсон хянан шалгагч, шинжээч нар оролцож ажлын тайлан, шинжээчийн дүгнэлтийг танилцуулна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Оросоо: Манайх шиг үг хэлэх эрх, иргэний хэргийн шинжтэй бүх мэдээллийг эрүүгийн гэмт хэргийн үүднээс шалгадаг улс байхгүй DNN.mn

“Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө – Олон улсын хэм хэмжээ, Монголын нөхцөл байдал” сэдэвт дугуй ширээний уулзалт өнгөрөгч лхагва гаригm зохион байгуулагдсан юм. Энэ үеэр Монголын Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн докторант, хуульч Д.Оросоотой ярилцлаа.


-Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нөхцөл байдал ямар хэмжээнд байна вэ?

-1990 оноос хойш Монгол Улс ардчилсан нийгэмд шилжин, 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулиар хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх зэрэг хүний үндсэн эрхийг баталгаажуулж чадсан нь манай улсын хамгийн том дэвшил юм. Олон улсын түвшний хэм хэмжээ, үнэт зүйл, зарчмыг Монголд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Мэдээж нийгмийн харилцаа үргэлж хувирч, өөрчлөгдөж байгаа.

-Тэгвэл энэ талаарх хууль эрх зүйн орчин ямар байна вэ?

-Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай. Учир нь сошиал, цахим хуудас дээр мэдээлэл бичсэн, ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүр цагдаагийн байгууллагад дуудагдаж шалгагдаж байгаа өнөөгийн буруу практикийн шалтгаан энэ юм. Гэмт хэрэгтэй тэмцэх ёстой, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэдэг бол нийгэмд аюултай үзэгдэл. Хулгай хийх, хүний бие махбодод гэмтэл учруулна гэдэг бол гэмт хэрэг, үүнийг ч шалгах ёстой, энэ гэмт хэргийг шалгахын тулд цагдаагийн байгууллага хүч албадлага хэрэглэж гэмт хэрэгтэй тэмцдэг. Гэтэл Худал мэдээлэл тараах гэмт хэргийн заалтын хүрээнд үг хэлэх эрхтэй холбоотой иргэний хэргийн шинжтэй мэдээлэлтэй эрүүгийн журмаар тэмцэж байна.

Би нийтлэл бичсэн байлаа гэхэд маргааш нь цагдаагийн байгууллага дуудах үндэслэлтэй. Эрүүгийн хуулиар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг цагдаагийн байгууллагад байгаа юм. Эрүүгийн хуулиар ийм зохицуулалттай учраас сэтгүүлчийг, талбай дээр жагссан иргэн гээд бүгдийг нь дуудаж байгаа юм.

Тэгэхээр Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг маш өргөн хүрээтэй болсон. Өмнө Эрүүгийн хуульд гүтгэх гэдэг заалт байх үeд хүн болгоныг ингэж дууддаггүй байсан. Нийтлэл бичсэн сэтгүүлч, цахим хуудаст өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн хүн ч дуудагддаггүй байсан. Гүтгэх гэдэг ойлголт нь хүний нэр төр, алдар хүндэд хамгийн ноцтойгоор халдсан хүнд хэлбэр. Худал мэдээллийн гурван төрөл, хэлбэр байдаг. Нэгдүгээрт, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгогүйгээр худал мэдээллийг тараах, дамжуулах, хоёрдугаарт, зарим талаараа үнэн боловч тухайн хүний нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээлэл тараах, гуравдугаарт, илт худал гүжирдлэгийг хүний нэр хүндийг гутаах зорилготойгоор санаатай зохиож тараасан худал мэдээлэл гэж байдаг.

Өмнөх Эрүүгийн хуулиар хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг санаатай зохиож тарааж буй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан. Гэтэл Эрүүгийн хуулийн гүтгэх гэдэг заалтыг худал мэдээлэл тараах болгож өргөн хүрээтэй болгосон нь маш том хийдэл, алдаатай болсон. Тийм учраас бид энэ алдаагаа нэн даруй засахгүй бол зүгээр л дурын сэтгүүлч, үзэл бодлоо илэрхийлсэн иргэн, жагсагчийг дуудаад байцаалт авах эрүүгийн боломж бүрдсэн. Яагаад гэвэл худал мэдээлэл тараасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгах эрх зүйн үндэслэл бий. Үүнийг бид хүний эрхийн зөрчил гэж үзэж байгаа юм. Ийм зүйл байх ёсгүй. Эрүүгийн хуулиар бол худал мэдээллийн хамгийн ноцтой хэлбэрийг л зохицуулдаг болохоос биш манай улс шиг үг хэлэх эрх, иргэний хэргийн шинжтэй бүх мэдээллийг эрүүгийн гэмт хэргийн үүднээс шалгадаг улс байхгүй. Хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлтэй холбоотой иргэний маргааныг шийдвэрлэх Иргэний хуулийн зохицуулалт байгаа ч энэ заалт одоо хэрэглэгдэхээ больж байна. Учир нь Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах гэмт хэргийн заалтаар мэдээлэл тараасан этгээдийг, гомдолтой байгаа төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс сэтгүүлч, иргэнийг цагдаад өгөх нь нөгөө хүндээ шахалт дарамт үзүүлэх арга хэрэгсэл болж ашиглагдаж байна. Иргэний хууль, Эрүүгийн хуулийн энэ зохицуулалт эрх зүйн давхардалтай болсон, энэ зөрчлийг арилгах хэрэгтэй. Өнөөдөр худал мэдээлэл тарааж байгаа асуудлыг эрүүгийн журмаар шалгах хүрээнд үзэл бодлоо илэрхийлж үг хэлсэн хүн бүр дуудагдаж, шалгагдаж байна. Энэ бол төрөөс мэдээлэлд хяналт тавьж буй хэлбэр юм. Одоо хэвлэлийн цензурийг хуучин шиг Засгийн газар хийхгүй, хууль хяналтын байгууллага хийж байна. Гэхдээ төр шүү дээ. Төрөөс мэдээллийн агуулгад хяналт тавьж байна гэсэн үг. Тэгэхээр цензур эргэж ирсэн байна гэсэн үг.

-Талбай дээр иргэд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж жагсаал цуглаан зохион байгуулдаг. Гэтэл эргээд тэднийг цагдан хорих, хууль шүүхээр далайлгадаг нь бидний Үндсэн хуулиар баталгаажсан эрх биелэхгүй байгаа юм биш үү?

-Жагсаал, цуглаан хийж буй практикт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх явцад олон хүндрэл бэрхшээл гарч байна. Нэг талаас үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхээ зарим талаар хэтрүүлэх тохиолдол гарч байна. Тухайлбал, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөө бол хэмжээ хязгааргүй эрх чөлөө биш юм. Тодорхой хязгаарлалт, хүрээ хязгаар байдаг. Үүнд, үндэсний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдал, бусдын нэр төр, алдар хүндийн халдашгүй байдал зэрэг нь энэ эрх чөлөөг хязгаарлах үндэслэл болно. Энэ эрх чөлөөгөө хэмжээ хязгааргүй эдлэх ёстой мэт буруу ойлгох, санаатайгаар олон нийтийн аюулгүй байдал бусдын нэр төрд халдах зэрэг цөөн тохиолдлууд гарч байна. Ийм үйлдэл ардчилсан нийгэмд маш хортой. Учир нь энэ эрх чөлөө бол маш эмзэг. Эрх чөлөөгөө зөв эдэлбэл үр дүн нь нийгэмд маш сайнаар гардаг, хэтрүүлж, буруугаар эдэлбэл тухайн хүн өөрөө үзэл бодлоо илэрхийлэх эрхийн “хохирогч” болж дуусдаг. Үр дүнд нь үзэл бодлоо илэрхийлж буй иргэдэд итгэх олон нийтийн итгэл унадаг сөрөг талтай. Тэгэхээр бидэнд энэ эрх чөлөөгөө зөв эдлэх соёл, хандлага маш чухал. Нөгөө талаар эрх чөлөөгөө зүй ёсоор эдэлж буй иргэдийн эрх чөлөө хязгаарлагдах, зөрчигдөх асуудлууд сүүлийн үед маш их гарч байна. Монгол Улс үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулсан ч бодит практик сүүлийн үед нэлээн зөрчилдөөнтэй болж байна. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэхээс айдаг болж байна, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөгөө эдлээд дараа нь Зөрчлийн хуулиар торгуулдаг практик тогтоод байна. Саяхан Төрийн ордны дэргэд нүцгэлсэн иргэдийн Эрүүгийн хуульд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн заалтаар эрүүгийн журмаар шалгаж байгаа. Энэ бол Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг. Эрүүгийн хуульд хүнийг итгэл үнэмшил, үзэл бодлынх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн зарчим бий. Нүцгэлсэн үйлдэл бол олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжтэй асуудал биш, хүн бүр үзэл бодлоо өөрийн сонгосон аргаар чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхтэй, эрхээ эдэлж буй иргэдээ эрүүгийн журмаар шалгаад байх нь буруу практик юм. Энэ гэмт хэргийг шалгах хүрээнд талбай дээр жагсаал, цуглаанд оролцож буй иргэд цагдаагийн байгууллагад дуудагдаж гэрчийн мэдүүлэг өгч байна. Иргэд талбай, цагдаагийн байгууллага хоёрын дунд явж байна.

-Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорьсон нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэний эрхийг хаасан үйлдэл гэж иргэд хараад байгаа. Та бүхэн мэргэжлийн хүний зүгээс үүнийг юу гэж харж байна вэ?

-Яг тодорхой тохиолдлыг нарийн судлаагүй учраас сайн мэдэхгүй байна. Ер нь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах ёстой. Нэгдүгээрт, ямар ч хүнийг гүтгэлгээс хамгаалах ёстой, зүв зүгээр явж байгаад гүтгүүлчихэж болохгүй шүү дээ. Хүний нэр төр, алдар хүндийг доромжлолоос хамгаалах ёстой. Хэнийг ч гуйлгачин, сохор, доголон гэж доромжлуулж болохгүй. Бодитой, үнэн мэдээллийг мэдэж байсан хэрнээ худлаа зохиож хүнийг гүтгэчихэж болохгүй, иймд хүний нэр төрийг ардчилсан нийгэм, эрх зүйт төртэй улсад заавал хамгаалдаг. Ардчилсан нийгмийн нэг гол баталгаа бол хүний нэр төр баталгаатай хамгаалагдсан байх явдал байдаг. Энэ зарчмыг зөрчөөгүйгээр үзэл бодлоо илэрхийлж байгаа тохиолдол нь хүний үндсэн эрх. Үүний төлөө эрүүгийн хариуцлага хүлээж болохгүй. Эрүүгийн хуульд хүнийг итгэл үнэмшил, үзэл бодлынх нь төлөө эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэдэг гол зарчим байдаг. Өнөөдөр хүн итгэл үнэмшил, үзэл бодлынхоо төлөө эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл нь Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн заалтаар орж ирээд байгаа юм. Бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, худал мэдээллийн эсрэг ялангуяа сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэлтэй холбоотой ёс зүй, эрх зүйн хувьд далайцтай өөрчлөлт, шинэчлэл цаг алдахгүй хийхгүй бол гажуудалтай нийгэм болж хувирч байна. Монгол Улс эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн Үндсэн хуулийн зорилготой улс. Бид өнөөдөр хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилгоосоо улам холдож байна.

-Ардчилсан нийгэмд жасгаал, цуглаан хийх, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Тайван жагсаал, цуглаан нь нийгмийн тогтвортой байдал, өөрчлөлтийн тэнцвэрийг хангахад туслаж байдаг. Олон нийтийн бухимдал, эсэргүүцлийг гадагшуулах “аюулгүйн хавхалга”-ын үүрэг гүйцэтгэдэг, нийгэмд шаардлагатай тэнцвэрийг хадгалах, хүчирхийлэл, мөргөлдөөн дэгдэхээс сэргийлдэг. Түүнчлэн хямрал, шударга бус зүйлийг засах боломж олгодог. Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь бодит үнэнг таньж мэдэх боломжийг олгодог давуу талтай. Ямар нэгэн ноцтой асуудлын цаад бодит үнэнг эрх баригчид ард түмнээс нуун дарагдуулж, төөрөгдүүлэх сонирхолтой байдаг, үнэн бол ёроолд нь байдаг шүү дээ, гагцхүү тэр нуусан бодит үнэнг энэ эрхийн тусламжтайгаар олж мэдэх боломжтой. Харин эрх баригчид үг хэлэх, жагсаал, цуглаан хийх эрхийг эрсдэл гэж хардаг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх, тайван жагсаал, цуглаан хийх эрх нь нийгэмд оршин буй алдаа дутагдал, авлига, төрийн өмчийн хулгай, буруу бодлого, шийдвэр, үйл ажиллагааг олон нийтийн өмнө шүүмжлэн ил болгох, эсэргүүцэл илэрхийлэх “нийгмийн сэрүүлэг”-ийн үүрэг гүйцэтгэдэг. Аль ч нийгэмд эрүүл саруул, ажил хэрэгч, шүүмжлэлт байр суурь, хандлага шаардлагатай байдаг. Энэ бүгд энэ эрх чөлөөгөөр дамжиж гарч ирдэг. Эрх баригчид илүү их эрх мэдэл, хүч чадлыг өөртөө олж авах, эрх мэдлийг төвлөрлүүлэхийг хүсдэг, харин үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, тайван жагсаал, цуглаан хийх эрх нь эрх мэдэлд хяналт тавих, шийдвэр гаргагчийг үнэлж дүгнэх, эрх баригчдаас ардчилсан хариуцлага нэхэх, хамтын шийдвэр гаргахыг шаардах, эрх мэдлийг урвуулан ашиглахаас сэргийлэх зэрэг шинжээрээ иргэдээс төрийг удирдах хэрэгт оролцох үндсэн эрхтэй шууд холбогдож байдаг.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эсэргүүний хүүхэд гэж нулимж хөөж гаргадаг сэтгэхүй яг хэвээрээ байна DNN.mn

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гэдэг нөхрийг шүүхээс цагдан хориод байна. Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг илэрч нийгмийн шуугиан болоод байгаа. Тэрээр шүүх хурлын үеэр “Би дөрвөн хүүхэдтэй, хүүхдүүд маань бүгд ханиад хатгаатай байна. Эхнэр эмнэлэгт хэвтсэн. Миний том охин 13 настай. Сүүлийн хэдэн өдөр нүдээ бүлцийтэл уйллаа. Ангийнх нь хүүхдүүд группүүдээсээ хассан байна. Охиныхоо сэтгэл зүйн байдалд санаа зовж байна. Тиймээс хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байна” гэж хэлсэн.

Түүний энэ үгэнд үнэмшихгүй байна. Шоронд орохоос зайлсхийж, шүүхийг аргалах гэсэндээ тэр ингэж худлаа ярьсан байлгүй. Харин түүнийг ингэж хэлэхэд нь сошиалаар “Битгий хуцаад бай. Хүүхдээ уйлахыг мэдсэн юм бол хулгай хийхгүй байх чинь яасан юм. Танай гэр бүл үр хүүхдүүд өвдөж зовох чинь бидэнд хамаагүй, адгийн хулгайч минь” гээд есөн шидээр хэлж “шоронд хатааж, шонд дүүжлэн, цаазлах”-ыг нийтээрээ дэмжин улангасан дайрцгааж байна. Төмөр замын энэ хурган даргын тэрбум тэрбумаар нь хулгай хийж, улс орноо тонон хувьдаа завшиж байгаа нь арай дэндсэн асуудал.

Харин түүнийг ингэж хулгай хийхэд ард нь байгаа жаахан хүүхдүүд ямар ч гэмгүй, тэд ямар ч буруугүй. Эцгийг нь тэрбум тэрбумаар хулгай хийлээ гэж хүүхдүүдийг нь ингэж нийгмээрээ адлаж, учир мэдэхгүй нялх амьтдад өширхөж, тэднийг бусдаар үзэн ядуулж, гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулах нь байж боломгүй явдал. Хүүхдийн эрх гэж бий, ялангуяа олон улсын хүүхдийн эрхийн конвенц гэж хүн төрөлхтөн нийтээрээ сахин хамгаалдаг хууль ёсны дүрэм бий. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 2 дугаар зүйлд “Оролцогч улсууд хүүхдийг, түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч болон гэр бүлийн бусад гишүүний байдал, үйл ажиллагаа, үзэл бодол болон итгэл үнэмшлийг үндэслэн аливаа хэлбэрээр алагчилахгүй бөгөөд шийтгэхээс хамгаалах бүх зохистой арга хэмжээг авна” гэж заасан байдаг.

Мөн “Нэг ч хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдалд хөндлөнгөөс хууль бусаар дур мэдэн оролцох, эсхүл түүний нэр төр алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй”-г хатуу зааж өгсөн байдаг. Тэгэхээр хүүхэд гэдэг хэдий эцэг эхийнхээ хамааралтай байдаг ч хуулиараа тусдаа бие хүн. Үндсэндээ хувь хүн, хуулийн этгээд. Тиймээс хувь хүнийхээ үүднээс эрх үүргээ эдлэх ёстой. Тэд бусдад хохирол учруулаагүй, хэрэг төвөг тариагүй, бусдыг хэл амаар доромжлоогүй тохиолдолд хэн нэгний өмнөөс ийнхүү нийгэмд гадуурхагдаж, доромжлуулж, дорд үзэгдэж, гэмт хэрэгтэн мэтээр үзэн ядуулах учиргүй.

1937 онд Монголд эсэргүүний хүүхэд гэдэг нэр томьёолол бий болж, эцгийг нь эсэргүү нэрээр буудан хороож, үр хүүхдийг нь эсэргүүний хүүхэд хэмээн нийгмийн шаар шавхруу мэт үзэж, өмссөн хувцастай нь орон гэрээс нь шууд хөөж тууж гаргаж байсан. Ингэж эсэргүүний хүүхдүүд сурч боловсрох эрхээ хүртэл хасуулж, хүн бүхэнд адлагдаж, нүд үзүүрлэгдэж нийгмийн гэмт хэрэгтэн мэт тусгаарлагдан, найз нөхөд, түшиж бараадах хүнгүй гудманд гарч байсан гашуун түүх бий. Тэгвэл одоогоос наяад жилийн өмнөх буюу 1937 оны тэр сэтгэхүй Монголын нийгэмд яг хэвээрээ хадгалагдаж байгааг дээрх үйл явц батлан харууллаа. Эсэргүүний хүүхэд гэж гудманд нулимж хөөж тууж гаргадаг тэр сэтгэлгээ огтоос өөрчлөгдөөгүй байгаа юм байна.

С.Батдөл гэгч тэр нөхөр хүүхдүүдээ хэлэхэд, ялангуяа 13 настай охин минь цахим гадуурхалд өртөөд, ангийн нөхдөдөө үзэн ядуулаад, ангийн группүүдээс хасагдаад, ялгаварлан гадуурхагдаад байна гэхэд Монголын нийгмээс бараг нэг ч хүн сошиал сүлжээнд тэр жаахан охиныг өрөвдөөгүй, хүний эрх, ёс зүй талаас нь авч үзэлгүй, бүгд л аавд нь өширхсөн өширхөл, арваад тэрбум

төгрөг гэрээс нь гарлаа гэх тэр үзэн ядалт хорсол нь буцалж байгааг хараад өөрийн эрхгүй ингэж бичихэд хүрлээ. Хэрвээ С.Батдөл гээчийн энэ хэрэг дээр хэн нэгэн албан тушаалтан, магадгүй Ерөнхийлөгч попорч гарч

ирээд, нийт масст таалагдах гээд сошиал сүлжээнд гэр орныг нь төр хурааж авах ёстой гэдэг ч юм уу, жаахан дөгөөсөн мэдэгдэл хийхэд л нийгэм тэр чигтээ өнөөх гэмт этгээдийн эхнэр, хүүхдүүд рүү улайран дайрч орон байрыг нь булааж авахад бэлэн байна.

“Би гэр хорооллынх, Монголын адилхан иргэд хэрнээ би ингэж нохой шиг амьдарч байна. Тэгэхэд баячууд тэрбумаар нь, их наядаар нь хулгай хийж улс орноо цөлмөж байна. Үр хүүхдүүд нь үнэтэй хаусанд жаргалтай амьдарч байна. Ингэх ёсгүй” гээд гэр хорооллын нэг нөхөр орон байрыг нь булаан эзэлж, аав ээж нь шоронд байгаа үр хүүхдийг өөрийн дураар зарц, шивэгчин, боолоо болгоход бэлэн байна. Тэгэхээр хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд, зөвхөн хүүхдийн гэлтгүй хүний эрхийг хамгаалдаг байгууллагууд нийгмийн энэ сэтгэл зүйг цочмог анхаарч, эцгийнхээ хулгай хийсэн гэх асуудалд эрх нь ноцтойгоор зөрчигдөж байгаа хүүхдүүдийг хамгаалалтдаа авах хэрэгтэй. “Алаад өг, хядаад өг, гэр бүлээр нь устга” гэж цахим сүлжээнд орилолдоод байгаа нийт иргэдэд хүүхдийн эрх үүргийг ойлгуулж хэлэх хэрэгтэй байна.

Хүүхдийн эрхийг сахин хамгаалах үүрэг бүхий Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнөөдөр дүлий юм шиг байгаа нь, уг асуудалд огтоос сэрэмж санаа авахгүй байгаа нь харамсалтай. Дээрээс нь улс төрийн намууд үүнд оролцох хэрэгтэй байна. Мэдээж аавынх нь асуудал бол хууль шүүхийн дагуу гэм буруутай нь тогтоогдвол үүрэх ёстой ялаа үүрээд явах нь ойлгомжтой. Энэ бол хууль шүүхээр эцэслэн шийдэгдэх тусдаа асуудал. Харин өрхийн тэргүүн, гэрийн эзэн хууль бус зүйл хийлээ гэхэд ард нь үлдэж байгаа хүмүүс, хүүхдүүдийнх нь эрх зөрчигддөггүй байх, Монгол Улсын хууль дүрэм болон олон улсын хүний эрхийн конвенцийн дагуу эрх үүргээ эдэлдэг байхыг улс төрийн нам хүчин хууль эрх зүйн талаас нь онцгой анхаарах хэрэгтэй.

Ер нь тэгээд хэлэхэд, ижий аав эх орноо хүн өөрөө сонгодоггүй нь үнэн. Тиймээс дахин хэлэхэд эх, эцэг болон асран хамгаалагчийн буруутай үйл ажиллагааны өмнөөс тухайн хүүхэд буруутан болж нийгэмд “яллагдах” учиргүй ээ. Хүүхдийн эрхтэй холбоотой энэхүү маш эмзэг асуудалд төр засаг, хууль хүчний байгууллага, улс төрийн нам хүчнүүд сонор, мөн хүний эрхийн байгууллагууд сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой хандахгүй бол Монгол Улс хүүхдийн эрхийг хүчирхийлэгч орон болоход ойрхон байна. Аав нь алуурчин байлаа гээд хүүхдийг нь яллаж болдоггүй. Яг үүн шиг аав нь хулгайч тонуулчин байлаа гээд тухайн хүүхэд нийгмийн бузар булай болох ёсгүй. Загасны мах заагтай гэдэг шиг хулгайч эцэг, хүүхэд хоёр заагтай. Үүнд бид хүний эрхийг дээдэлсэн хууль ёсны дагуу хандах ёстой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр
сарын 16, Сумъяа гариг.
Билгийн тооллын 24, хонгорцог
одтой, хөх нохой өдөр. Өдрийн
наран 8:36 цагт мандан, 17:27
цагт жаргана. Тухайн өдөр бар, морь
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй
ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг
даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх,
хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь
тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл
суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой,
бич, тахиа, гахай болой. Хол газар яваар
одогсод баруун урагш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
өвчин эмгэгтэй болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн DNN.mn

Нэгдүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 хэм, бусад хэсгээр -26…-28 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -25…-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Шинээр баригдах хотынх нь тоог тоолж барахаа болив” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Үндсэн хууль судлаач
иргэн Д.Ламжав “Тогтолцооны авлига руу
гулсан орсон нэг том шалтгаан нь хуулийг
удирдлага болгох Үндсэн хуулийн зарчим
цалгардсантай холбоотой” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

SPEAK OUT: Хүүхдийн
өвчлөл
эмнэлгийн
ачааллыг
ковидын
үеэс ч илүү
нэмэгдүүлж
байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Шинээр баригдах хотынх нь
тоог тоолж барахаа болив” хэмээн өгүүллээ.

Иргэн Б.Цацрал “Монголчууд яагаад оросоос ингэж их
айгаад байгаа юм бол гэж гайхдаг” гэв.

Монгол Улсын Урлагийн
гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж “Хүн бүрийн
амьдрал тэс өөр ийм
орчлонгоос аз жаргалыг олж
мэдэрч, эдэлж амьдрахад
бэлэн үү гэдэг их чухал” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ нийгэм

Apple компани 2024 оноос эхлэн бүтээгдэхүүнүүддээ өөрийн дэлгэцийг ашигладаг болно DNN.mn

Apple компани 2024 оноос эхлэн зөөврийн бүтээгдэхүүнүүддээ өөрийн брэндийн дэлгэцийг ашигладаг болох тухай Блүүмбэрг агентлаг мэдээлжээ.

Одоо тус компани бүтээгдэхүүнүүдийнхээ дэлгэцийг бараг зуун хувь Samsung, LG зэрэг компаниудаас авдаг юм.

Эхний ээлжид Apple компани 2024 оны сүүлээр өөрийн бүтээсэн microLED дэлгэцтэй Apple Watch Ultra ухаалаг бугуйн цагийг зах зээлд гаргахаар төлөвлөж буйг эх сурвалж мэдээлжээ.

Дараа нь iPhone болон бусад бүтээгдэхүүндээ мөн ийм өөрчлөлт хийх гэнэ.

Мэдээж дэлгэцийн үйлдвэрлэлийг өөр компанид захиалах ба дизайн, хийц технологийг нь Apple өөрөө зохион бүтээх юм байна.

Apple компани бүтээгдэхүүнүүдээ өөрийн эд ангиудаар тоноглодог болох шилжилтийг алхам алхмаар хийсээр байгаа.

Тухайлбал одоо тус компани өөрийн зохион бүтээсэн A болон M серийн чипүүдийг iPhone, iPad, Mac бүтээгдэхүүнүүддээ ашиглаж, бас модем, утасгүй холбооны чипүүдийг бүтээдэг болсноор Intel Qualcomm, Boradcom зэрэг хагас дамжуулагч үйлдвэрлэгчдээс хамааралгүй болж эхэлсэн юм.

Одоо Apple компани өөрийн бүтээсэн microLED дэлгэцийг Apple Watch дээр туршиж байгаа ба өнгөний ялгарал, дүрсийн тодрол, харагдах өнцөг зэрэг нь бусад үйлдвэрлэгчдийнхээс эрс сайжирсан тухай Блүүмбэрг мэдээлжээ.

Чанарыг нь Блүүмбэрг тодорхойлохдоо “шилэн дээр зураг зурсан мэт харагддаг” гэж магтсан байна.

Apple анх өөрийн дэлгэцийг ашиглаж эхлэх хугацааг 2020 онд гэж төлөвлөж байсан ч технологийн зарим сайжруулалт хийх шаардлагаар хойшилсон гэнэ.

Тус компани өөрийн дэлгэцтэй болох төслийг “маш чухал” ангилалд оруулж, олон тэрбумыг зарцуулаад буй тухай Блүүмбэрг мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

​ Экспортод гаргах нүүрсний цахим арилжаанд оролцогч худалдан авагчдыг бүртгэж эхэллээ DNN.mn

Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг хангах үүднээс холбогдох бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

Тус бэлтгэл ажлын хүрээнд нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдан авах сонирхол бүхий хуулийн этгээдүүдийг арилжааны системд бүртгэж эхэллээ. “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу худалдан авах санал гаргагч нь http://comex.mse.mn/ цахим системд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

    • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
    • Оршин суугаа улсын татвар төлөгчийн гэрчилгээ, татвар төлөгчийн дугаар;
    • Харилцагч банкны дансны тодорхойлолт;
    • Гадаад хэл дээрх баримт бичгийг Англи хэл дээрх албан ёсны орчуулгын хамт.

МХБ нь системд бүртгүүлсэн худалдан авах санал гаргагчдын материалыг хянаж үзээд, шаардлагатай бол тодруулга авахаар холбогдох ба системд материал бүрэн оруулсныг үндэслэн дуудлага арилжаанд оролцох эрхийг олгох болно.

Системд бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар МХБ-ийн info@mse.mn; Mongolian Stock Exchange – Монголын Хөрөнгийн Бирж | Facebook эсвэл 11-313747 утсаар холбогдоно уу.

Худалдан авагчаар бүртгүүлэх зааврыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна DNN.mn

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч чанга хэвээр байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2023 оны 1 дүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 15-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 17-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -31…-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -12…-17 градус, бусад нутгаар шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн байна. Өнөө шөнө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.