Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэлж байна DNN.mn

Дэлхийн эдийн засгийн 53 дахь удаагийн чуулга уулзалт Швейцарын Давос хотноо өнөөдөр эхэлж байна. Чуулга уулзалтад 130 орны 2700 гаруй төлөөлөгч, түүний дотор 50 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхий дахинд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийн талаар хэлэлцэнэ.

Энэ удаагийн чуулга уулзалтын хувьд бизнесийн салбарын хамгийн олон буюу 1500 гаруй төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой бөгөөд Засгийн газар, олон улсын байгууллагын 370 гаруй төлөөлөгч, Сангийн 56 сайд, Төв банкны 19 тэргүүн, Худалдааны 30 сайд, Гадаад хэргийн 35 сайд оролцож байна.

Мөн дээд хэмжээний уулзалтад Германы Канцлер Олаф Шольц, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Финландын Ерөнхий сайд Санна Марин, Польшийн Ерөнхийлөгч Александр Вучич, Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис, Азербайжаны Ерөнхий сайд Ильхам Алиев тэргүүтэй төлөөлөгчид оролцох ажээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нүүрсний биржийн арилжааг ирэх хоёрдугаар сарын 15-наас эхлүүлнэ DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнгөрөгч онд нүүрсийг цахимаар арилжаалах журам болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлуулсан билээ. Энэ оны эхнээс нүүрсийг биржээр арилжихаар төлөвлөж байсны дагуу өнгөрсөн долоо хоногт туршилтын арилжааг амжилттай явуулсан юм.

Туршилтын арилжаагаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 12,800 тн баяжуулсан коксжих нүүрсийг Гашуун сухайт терминал дээрээс нийлүүлэх нөхцөлөөр тонн бүрийг 1,290 юань/тн буюу 187 $/тн үнээр борлуулсан байна.

Нэг тонн нүүрсний үнэ 12 дугаар сард 160 ам.доллар байсныг биржийн туршилтын арилжаагаар 27 ам.доллараар өсгөж арилжаалав. Ингэснээр АМНАТ, төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарах юм. Туршилт амжилттай болсон тул биржийн арилжааг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэхээр болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хавирга боомтыг энэ сарын 19-нд нээхээр болжээ DNN.mn

Манай улсын, урд хөрштэй хиллэдэг авто замын Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган боомтоор тээвэрлэлт хийж байна. Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-наас нээсэн бөгөөд Гашуунсухайт, Булган боомтоор ачаа, зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн горимд шилжлээ.

Түүнчлэн, Сүмбэр, Даян боомтыг одоогоор нээгээгүй байгаа бөгөөд Хавирга боомтыг 1 дүгээр сарын 19-нөөс нээх төлөвтэйг ЗТХЯ мэдээлэв. ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд 2 талын тохирсон цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж, Алтанбулаг, Цагааннуур боомтоор зорчигчийн байнгын тээврийн үйлчилгээ үргэлжилж байна.

Тус боомтууд дахь зорчигч болон ачаа тээвэр, тээврийн үнийн талаар ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас тодруулахад, “Замын-Үүд боомтоор өдөрт 80-104 ачааны автомашин, том оврын 7-12 автобус, 120-294 зорчигч БНХАУ-руу нэвтрэн тээвэрлэлт хийж, экспортын 10-15 машин гарч байна. Тарифын хувьд Эрээнээс Замын-Үүд рүү 24 тн ачаа 7200-8100 юань буюу 3-4 тэрбум, Эрээнээс Улаанбаатар чиглэлд 6-8 тэрбум төгрөгийн ханштай байна. Цар тахлын үетэй харьцуулбал ачаа, тээврийн үнэ буурах төлөвтэй. Ханги боомтоор өдөрт 60-252 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч, 4.380-18.400 тн нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж байна. Үнэ тарифын хувьд Гаалийн хяналтын талбайгаас 1 тонн нүүрс 21.630 төгрөгийн ханштай байгаа” гэлээ.

Бичигт боомтоор өдөрт 50-75 тээврийн хэрэгсэл нэвтрэн, хилийн шугам дээр ачаа солилцох байдлаар 3.910-5.000 тн нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүний, тээвэрлэж байна. Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 586-831 автомашинаар 73-103 мянган тн нүүрс, 25-50 автомашин 1.100-2.200 тн зэсийн баяжмал, импортын ачааны 8-17 автомашин хилээр нэвтрэн тээвэрлэлт хийж байна. Уртын тээвэрт тн тутамд 56650 төгрөг, богинын тээвэрт 146780 төгрөгийн ханштай байв. Мөн Шивээхүрэн боомтоор өдөрт нүүрс тээврийн 135-288 автомашин хилээр нэвтрэн 20.500-42.560 тн нүүрсний экспортолж байна. Тарифын хувьд 1 тн тутамд 36 мянган төгрөгийн ханштай байв. Одоогоор хилийн шугам дээр чингэлэг солилцож байгаа бөгөөд удахгүй хятадын тал руу жолооч нарыг нэвтрүүлэх аж.

Баянхошуу боомтоор өдөрт 46-50 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч 11.900-12.100 баррель газрын тосыг хилийн шугам дээр чиргүүл солилцох байдлаар тээвэрлэж, Булган боомтоор ачаа зорчигч тээвэрлэлт хэвийн горимд шилжжээ. Өдөрт 30-60 орчим тээврийн хэрэгсэл 3.750-4.400 тн, харин Бургастай боомтоор өдөрт 10-60 орчим тээврийн хэрэгсэл 300-500 тн төмрийн хүдэр тээвэрлэж байна.

Түүнчлэн, Алтанбулаг боомтоор өдөрт импортын 220,4-425,0 тн ачаатай 13-24 тээврийн хэрэгсэл, Цагааннуур боомтоор 20-25 тээврийн хэрэгсэл, Боршоо боомтоор 50-277,5 тн ачаа бүхий 6-12 орчим ачааны автомашин орж иржээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Гурван шатны шүүхээс ял авсан С.Баярцогт цагаадсан асуудлыг шалгуулна DNN.mn

Өнөөдөр /2023.01.16/ Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргах тухай иргэний эрхээ эдэлж, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл гаргаж, хянуулахаар ҮХЦ-д хандлаа.

Тодруулбал, иргэн С.Баярцогт нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/54 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 238-р тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын Шатны Шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргаж байна.
Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхээр ял авсан хэрэгтэн, чөлөөлөгдөөд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн толгойг эргүүлж “би цагаадсан, Дээд Шүүхтэй тохирсон, Эрх баригчидтай тохиролцсон, бүртгэнэ гэсэн” гэх асуудал яваад байгааг шалгуулахаар боллоо.
Эх сурвалж: Ардчилсан Намын Хэвлэл мэдээллийн газар
Categories
мэдээ улс-төр

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд нийт 14 ажиглагч оролцож байна DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах 2023 Оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн сонсгол Төрийн ордонд эхэллээ.

Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр удирдсан бөгөөд нээж үг хэлсэн юм.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу байгуулагдсан анхны хянан шалгах түр хороо гэдгийг тэрбээр тэмдэглэв. Хянан шалгах түр хороо нь хуулийн дагуу зургаан сарын хугацаанд үйл ажиллагаа явуулах бөгөөд шаардлагатай бол нэг удаа дээрх хугацааг сунгах боломжтой байдаг бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд тайлангаа танилцуулснаар дуусгавар болох юм байна. Тус хянан шалгах түр хороо өмнө нь 2-3 хяналтын болон ерөнхий сонсголуудыг зохион байгуулсан болохыг Б.Энхбаяр гишүүн дурдаад өнөөдрийн сонсгол нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж буй анхны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гэдгийг онцоллоо. Үүгээрээ Монгол Улсын парламентын түүхэнд шинэ хуудас нээж байгааг цохон тэмдэглэв.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттай зохион байгуулах бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд болох эхний сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд олгосон 77 зээлийн зарцуулалтыг нэгбүрчлэн сонсож, энэ хүрээнд гаргасан хянан шалгагч, шинжээчийн дүгнэлттэй танилцан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авна. Хоёр дахь үе шат буюу 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар сонсох юм байна. Гурав дахь үе шат 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох бөгөөд энэ удаа Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2550 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсох юм. Энэ гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дүнг нэгтгэн, Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганд танилцуулна гэдгийг Б.Энхбаяр гишүүн мэдээлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр өнөөдрийн сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан 11 компанийн зээлийн зарцуулалттай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа явагдана гээд, жагсаалтыг танилцуулсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн онд 15 улсын 63 иргэнийг албадан гаргажээ DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 онд төлөвлөгөөт 13, төлөвлөгөөт бус 322 удаагийн хяналт шалгалтад 480 аж ахуйн нэгж, байгууллага, 2116 гадаадын иргэнийг хамруулсан байна. Хяналт шалгалтаар нийт 140 зөрчлийг илрүүлж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу 286 гадаадын иргэн, долоон уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 83 сая 590 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Гадаадын иргэдийн гаргасан зөрчлөөр нь авч үзвэл:

  • оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн 151
  • паспорт, паспортыг орлох баримт бичиг, эсхүл оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн 93
  • визийн хугацааг хэтрүүлсэн 15
  • ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 13
  • оршин суух хугацааг хэтрүүлсэн 7
  • хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн долоон зөрчил байна.

Түүнчлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэн 15 улсын 63 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа. Эдгээр иргэдийн дийлэнх нь Хятад, Орос, Вьетнам, Нигери, Саудын Араб, Казахстан, Филиппин улсын иргэд байна.

Албадан гаргасан үндэслэлээр нь авч үзвэл:

  • шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан 22
  • эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 13
  • оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн найм
  • түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн найм
  • хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн тав
  • бусад холбогдох үндэслэлээр долоон иргэнийг тус тус албадан гаргалаа.

Дээрх тоон үзүүлэлтийг 2021 оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэн 2.6 дахин, зөрчил гаргасан уригч иргэн хоёр дахин, албадан гаргасан гадаадын иргэн хоёр дахин өсөж, зөрчил гаргасан уригч хуулийн этгээд 25.0 хувиар буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн найман суманд 2056 толгой мал хорогджээ DNN.mn

Өвөлжилт хүндэрч Ховд аймгийн Чандмань, Дөргөн, Эрдэнэбулган, Ховд, Цэцэг, Дарви сумдад харын зуд болж буй талаар тус аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Алтанбадралт мэдээллээ. Өнөөдрийн байдлаар хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрч буй найман суманд нийт 2056 толгой мал хорогджээ.

Улмаар Ховд аймгийн Онцгой комиссоос цасанд боогдсон малчдыг цас багатай баг, сум руу нүүлгэж, Их болон Бага улаан даваа, Хавтаг, Байтагийн чиглэлийн зам хаагдсан байсныг шуурхай арга хэмжээ авч нээсэн байна.

Мөн Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон ХХААХҮГ, МЭЕГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд орон нутгийн удирдлагуудын хамт Ховд аймгийн өвөлжилт хүндэрч байгаа Булган, Үенч, Алтай сумдуудад ажиллалаа. Тулгамдаад буй нөхцөл байдалд аймгийн Онцгой комиссынхон чадлаараа ажилласан. Засгийн газар болон Улсын Онцгой комиссын зүгээс аймгийн Нөөцийн газарт 733 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгож, Булган, Үенч сумдад шатахуун болон өвс, тэжээлийн дэмжлэлийг үзүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 277 дугаар тогтоолын дагуу сумдын аюулгүйн нөөцөд 676 тонн өвс, 320.6 тонн тэжээл бэлтгэн нөөцөлсөн бол аймгийн аюулгүйн нөөцөд 244.3 тонн өвс, 272.5 тонн тэжээл бэлтгэсэн байна. Үүнээс одоогийн байдлаар 687.4 тонн өвс, 565 тонн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа аж.
Categories
мэдээ нийгэм

Сар шинийг угтаж “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 90.6 хувьтай байв. Тухайлбал, Сар шинийг угтан өргөтгөсөн худалдаа зохион байгуулах үүрэг өгсөн. Учир нь иргэд Цагаан сарын баяраар 900 тэрбум гаруй төгрөгийг гадагшаа урсгадаг гэх мэдээлэл бий.

Тиймээс энэ мөнгийг дотооддоо үлдээх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм. Одоогийн байдлаар 15 байршлыг сонгон, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20 хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малыг гаргах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу холбогдох ажлуудыг хийж, 1539 малыг хориглолтын бүсээс гаргасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Бүх нийтийн их цэвэрлэгээнд 13.645 байгууллага оролцжээ DNN.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа

“Өнгөрсөн баасан гарагт 11:00-12:30 цагийн хооронд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Мөн энэ жил нийт 6-8 удаа их цэвэрлэгээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн цэвэрлэгээнд 13,645 байгууллага, 37,290 хүн оролцож, 2.5 сая ам.метр талбайг цэвэрлэж, 736.4 тонн хог хаягдал тээвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд хот тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний 26 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөн 347 жолооч, 527 ачигч, зам, талбайн үйлчлэгч 577 байгаа. Түүнчлэн 226 техник хэрэгсэл шаардлагатай байна. Улаанбаатар хотын хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн хүрээнд 20 машин механизм авна” гэдгийг танилцууллаа. Цаашид ажилчдын хувцас хэрэгсэл дээр анхаарах шаардлагатайг хэлж байлаа.

Мөн зам дээр давс биш, хужир цацсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор ашиглаж байсан давсыг лабораторийн шинжилгээнд өгсөн бөгөөд шаардлага хангахгүй нь тогтоогдвол тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авна гэдгийг мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Начин цолны хүндэтгэлийн барилдаан болно DNN.mn

МҮБХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын начин цолны хүндэтгэл үзүүлэх болон “Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох гэж байна.

Энэ бямба гарагт болох тус барилдаанд хүч үзэх бөхчүүдийг 19, 20-ны цахимаар бүртгэх аж.

Сонирхуулахад 2007 дээрх барилдаанд анх зохион байгуулагдахад улсын аварга Г.Эрхэмбаяр улсын начин цолтойдоо түрүүлж, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ мөн улсын начин цолтойдоо үзүүрлэж байв.