Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны хэрэгт холбогдох 80 хүн, 4 хуулийн этгээдийг яллагдагчаар татжээ DNN.mn

Нийслэлийн Прокурорын газраас Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргачлалын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байна.

Мөн аргачлалын 3.1.2.7.4-т “цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ.

Өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийг Нийслэлийн Прокуророос шүүхэд ирүүлээгүй тул хууль, журмын дагуу шүүх хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газар

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн эмч нар отрын гэрт яаралтай хагалгаа хийж, эх хүүхдийн амь насыг аварчээ DNN.mn

Өмнөговь аймгийн эмч нар отрын гэрт яаралтай хагалгаа хийж, эх хүүхдийн амь насыг аварчээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 60км, Манлай сумаас баруун тийш 70километрийн зайд Ноён сумаас оторлож явсан малчин айлд 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 34 настай төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгч цус алдсан дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн эрхлэгч Д.Отгонжаргал, төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, нярайн зөвлөх эмч С.Алтанцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Х.Оюунсувд, сувилагч Ц.Мөнхдэлгэр, М.Нандинболор, жолооч Цолмон болон Уламбаяр даргатай Манлай сумын ЭМТ-ийн баг, Их эмч Монголжингоо ахлагчтай Цогтцэций сумын ЭМТ-ийн баг хамтран яаралтай тусламж үзүүлэн отрын гэрт хагалгаа хийж эх хүүхэд хоёрын амь насыг аварсан байна.

Алслагдсан хөдөө, отрын гэрт эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэж эх үр хоёрыг эсэн мэнд учруулсан Өмнөговь аймгийн #АЛТАН гартай ачит эмч нартаа баяр хүргэж ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Categories
гадаад мэдээ

Германы Батлан хамгаалахын сайд огцроно DNN.mn

Германы Батлан хамгаалахын сайд Кристин Ламбрехт өөрийн хүсэлтээр огцроход ойрхон байна гэж Германы “Bild” болон “Süddeutsche Zeitung” хэвлэлүүд засгийн газар дахь өөрсдийн эх сурвалжаас иш татанмэдээлэв. Энэ мэдээллийг “ntv” суваг болон “dpa” агентлаг баталгаажуулжээ. “Süddeutsche Zeitung” сонин бүр энэ сарын 16-23-ны хооронд огцроно гэжээ. Үүний зэрэгцээ Германы Батлан хамгаалах яам энэ мэдээллийг тайлбар хийх шаардлагагүй цуурхал гэж гэв.

Германы Батлан хамгаалахын сайд, социал демократ Кристин Ламбрехт удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болж, хүү нь албаны нисдэг тэргэнд сууж явсан гэрэл зураг нийтлэгдсэн нь дуулиан дэгдээсэн билээ. Мөн “ZDF” телевизийн сувгаас явуулсан санал асуулгаар германчуудын 60 хувь нь түүнийг огцруулахыг дэмжсэн байна. Тэрээр 2022 оны арванхоёрдугаар сард Батлан хамгаалахын сайд болохоосоо өмнө Анела Меркелийнтанхимд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан бөгөөд 2021 оноосГэр бүл, эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайдын албыг давхар хашиж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн албанд томилогдох 378 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ сарын 9-13-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 378 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ.

94 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоо ажиллагаанд 284 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 8 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Categories
мэдээ нийгэм

Цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл DNN.mn

Дэлхий дахин 2030 он гэхэд үнэлгээ нь гурав дахин нэмэгдэж, олон сая ажлын байр шинээр бий болгох цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн шинэ үе шатанд шилжиж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ мэдэгдэв. Нарны хавтан, салхин турбин, цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуур, устөрөгчийн электролизер зэргийг хамарсан дэлхийн цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2030 он гэхэд ойролцоогоор 650 тэрбум ам.доллараар үнэлэгдэх тооцоо гарчээ. Өнөөгийн түвшинтэй харьцуулахад энэ нь гурав дахин тэлсэн үзүүлэлт боловч улс орнууд эрчим хүч, уур амьсгалтай холбоотой үүрэг амлалтуудаа бүрэн биелүүлэх эсэхээс хамаарна гэдгийг ОУЭХА-ийн тайланд дурдсан байна. Мөн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын ажлын байрны тоо 2030 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, 14 саяд хүрнэ гэж таамаглаж байна. Гэхдээ ашигт малтмалын нөөцийн олборлолт, үйлдвэрлэлийн төвлөрөл зэрэг нь нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл учруулж байгааг мөн анхааруулжээ. Тухайлбал, нар, салхи, цэнэг хураагуур, электролизерын үйлдвэрлэлийн 70 хувь нь гуравхан оронд ногдож байгаагаас Хятад улс бүгдэд нь манлайлж байгаа аж. Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дэлхийн кобальтын 70 гаруй хувийг олборлож байгаагаас гадна Австрали, Чили, Хятад гэсэн гурван улс цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол бүрэлдэхүүн болох литийн дэлхийн үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг бүрдүүлж байна. Нийлүүлэлтийн эрсдэл бүхий ийм байдал нь эрчим хүчний шилжилтийг улам төвөгтэй хийгээд өртөг өндөртэй болгож байгааг тайланд тэмдэглэжээ. Өнгөрсөн онд кобальт, лити, никелийн үнэ өссөн нь цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуурын үнийг 10 орчим хувиар нэмэгдэхэд хүргэсэн юм.

ОУЭХА-ийн тэргүүн Фатих Бирол худалдааны нэг эх үүсвэрээс хэт их хамааралтай байгаагаас үүдэн саатал тасалдал үүсэж болзошгүй болохыг Европын орнууд Оросын байгалийн хийнээс хараат байсныг жишээ болгон дурдаад, нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг улс орнуудад уриалжээ. Тэрбээр мөн олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг цохон тэмдэглэх үеэрээ “дэлхийн аль ч улс орон “эрчим хүчний арал” биш учраас улс орнууд хамтран ажиллахгүй бол эрчим хүчний шилжилт илүү их зардалтай, мөн удаашралтай байх болно” хэмээн хэлсэн байна гэж AFP” агентлаг мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо 43.9 хувиар багасав DNN.mn

Манай улсад 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар гадаадын 95 улсын 3.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.7 (29.8%) мянган хүнээр, өмнөх улирлаас 3.1 (43.9%) мянган хүнээр буурчээ.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийг хүйсээр харвал:

  • 3.2 (81.3%) мянга нь эрэгтэй
  • 0.7 (18.7%) мянга нь эмэгтэй

Улс орноор харвал:

  • 35.2 хувь нь БНХАУ-ын
  • 8.5 хувь нь ОХУ-ын
  • 7.8 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын
  • 6.2 хувь нь БНСУ-ын
  • 6 хувь нь АНУ-ын
  • 5.1 хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улсын
  • 4.1 хувь нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын
  • 4.1 хувь нь Австралийн Холбооны Улсын
  • 3.8 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын
  • 19.2 хувь нь бусад улсын харьяат байна.

Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 623 (15.8%), 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 52 (1.3%) байна.

Түүнчлэн гадаад иргэдийн 1,350 нь буюу 34.2 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт 954 буюу 24.2 хувь нь боловсролын салбарт ажилладгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 2,100 (52.7%) Улаанбаатарт байгаа бол нэг мянга нь (26.6%) Төвийн бүсэд, 500 нь (13.3%) Зүүн бүсэд, 200 нь (5.4%) Хангайн бүсэд, 77 (2%) нь Баруун бүсэд ажиллаж байгаа аж.
Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн 9 суманд өвөлжилт хүндрэлтэй байна DNN.mn

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн Баян-Өлгий аймгийн нийт нутгаар харын зуд давамгайлж, есөн суманд өвөлжилт хүндэрч байна. Тус аймгийн хэмжээнд нийт хоёр сая 250 мянга гаруй мал өвөлжиж байгаа бөгөөд цаг агаар муудаж, он гарснаас хойш 5000 гаруй мал хорогджээ.

2022-2023 оны өвөл тус аймгийн 13 сум, нэг тосгоны нийт 1 641 өрхийн 429 224 толгой мал отроор өвөлжиж байна. Үүнээс бусад аймгийн нутаг дэвсгэрт 411 өрхийн 90,153 толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутаг дэвсгэрт 581 өрхийн 105.721 толгой мал, сум дундын отрын бүс нутагт намйан өрхийн 7.241 толгой мал, хилийн зурвас бүс нутагт 190 өрхийн 74.701 толгой мал, Улсын тусгай хамгаалалтын бүс нутагт 451 өрхийн 151.408 толгой мал өвөлжиж байна.

Баян-Өлгий аймагт мах нядалгааны долоон аж ахуйн нэгж гадаад болон дотоодын зах зээлд мах нийлүүлдэг бөгөөд хоногт 850 бод, 3000 бог мал төхөөрөх хүчин чадалтай аж.

Өнөөдрийн байдлаар 1310 тонн мах бэлтгэснээс хаврын нөөцөд 291 тонн нь махыг бэлтгээд байгаа юм. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн өдрүүдэд Толбо, Буянт сумдад ажиллаж, Засгийн газрын бодлого шийдвэр, Ерөнхий сайдын албан даалгавар болон сум орон нутгийн ажил, тусламж дэмжлэг малчны хотонд хүрч чадаж байгаа эсэхийг шалгаж, иргэдийн санаа бодлыг сонслоо. Ихэнх айл өвөлжилтийн бэлтгэлээ чадлынхаа хэрээр сайн бэлдсэн байна. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлд хүчин мөхөстөж байгааг бид бүгд харж, мэдэрч байна. Иймээс цаашид авах арна хэмжээгээ сайжруулж, баг сумын Засаг дарга нар малчидтайгаа илүү ойртож, Улсын болон аймаг, сумын Онцгой комиссоос шийдвэрлэсэн тусламж, дэмжлэгийг эзэнд нь хүргэх үүргийг хариуцлагатайгаар биелүүлэх шаардлагатай” гэлээ. Улсын нөөцөөс Баян-Өлгий аймагт 683 тонн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад 50 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэж, хүлээлгэн өглөө

Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан: Цагаан сар болох гэж байгаа учир III дугаар сард олгох хүүхдийг мөнгийг урьдчилж олгоно DNN.mn

Хүүхдийн мөнгөний журам хэрэгжиж эхэлсэн ч иргэдийн бүртгэлтэй алдаатай байгаа нь иргэдийн бухимдуулаад буй. Уг асуудлаар ЗГ-ын сайдууд мэдээлэл өгөв.

Сангийн сайд Б.Жавхлан “Иргэд алдаатай бүртгэлээ 14-21 хоногийн дотор засуулах шаардлагатай. Учир нь төр тухайн иргэний өмнөөс ямар нэгэн машин, орон сууцыг нь хасч, нэмж бүртгүүлэх боломжгүй. Тиймээс иргэд идэвхтэй оролцож мэдээллээ шинэчлэх ёстой. Өрхийн мэдээлэл нь алдаагүй, зөрүүгүй байгаа хүүхдүүдийн мөнгө өнөөдрөөс орж эхэлсэн. Харин алдаатай байгаа иргэд мэдээллээ шинэчлэвэл тухай бүрд нь хүүхдийн мөнгөө аваад явах боломжтой. Хоёрдугаар сар гарсан үед нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нь нөхөж өгнө. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг мөн хугацаанд нь өгнө. Түүнчлэн цагаан сар болж байгаатай уялдуулан гуравдугаар сарынхыг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ ЗГ-ын зүгээс хангаж эхэлсэн” гэв.

Categories
гадаад мэдээ

АНУ Украинд хамгийн их цэргийн тусламж үзүүлж байна DNN.mn

Украины батлан хамгаалах асуудлаарх АНУ тэргүүтэй холбоо барих бүлгийн 2023 оны анхны уулзалт буюу Украинд цэргийн тусламж үзүүлэх Рамштейн форматын найм дахь уулзалтыг нэгдүгээр сарын 20-ны Баасан гарагт хийхээр төлөвлөж байна.

Украинд цэргийн тусламж үзүүлэх Рамштейн формат нь АНУ-ын санаачилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан, 50 гаруй дэмжигч орныг багтаасан батлан хамгаалах хамтын ажиллагааны нэг хэлбэр, механизм бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр явагдах “Рамштейн-8” уулзалтаар дээрх орны тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Рамштейн форматын зорилго нь Украинд шаардлагатай цэргийн зэвсэглэл, техник, санхүүгийн тусламж үзүүлэх, батлан хамгаалах чадварыг нь сайжруулах, сэргээн босголтод туслах явдал бөгөөд өнгөрсөн хугацаанд дэмжигч орнууд Украинд ихэвчлэн хориглон хамгаалах зэвсэглэл нийлүүлж байсан бол энэ удаагийн уулзалтаар давшилтын зэвсэглэл түлхүү нийлүүлэх хандлагатай байна. “Рамштейн-8” уулзалтын бэлтгэл ажил АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин, Германы Батлан хамгаалахын сайд К.Ламбрехт нарын удирдлага дор үндсэндээ хангагдаж дуусаад, ирэх баасан гарагт эхлэхэд бэлэн болоод байна.

“Рамштейн-8” уулзалтаар түлхүү дэмжлэг авахын тулд Украины Ерөнхийлөгч В.Зеленский шинэ он гарсаар Канад, Их Британи, Нидерланд, Норвегийн Ерөнхий сайд зэрэг дэмжигч орны удирдагч нартай утсаар ярилцаж байна.

“Рамштейн-8” уулзалтаар Украинд агаарын довтолгооноос хамгаалах Патриот систем, Германы Ирвэс танк, Их Британийн Челленджер танк, Америкийн Брэдли явган цэргийн байлдааны машин, Францын дугуйт танк, хуягт тээвэрлэгчийг Украинд нийлүүлэх төлөвтэй байна.

Хамгийн гол хандивлагч АНУ “Рамштейн-8” уулзалтаар Украинд 3 тэрбум ам.долларын тусламж нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Ж.Байдены засаг захиргаа Украинд нийтдээ 24,9 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлээд байна. Үүнд:

  • 1600 нэгж Stinger нисэх онгоцны эсрэг пуужингийн систем;
  • 8500 нэгж Javelin хуяг танк эсэргүүцэх систем;
  • 48000 ширхэг хуяг нэвтлэгч сум хэрэгсэл;
  • 700 нэгж Switchblade тактикийн нисгэгчгүй агаарын систем;
  • 160 нэгж 155 мм-ийн гаубиц 1074000 сумны хамт;
  • 155 мм-ийн их бууны 5200 ширхэг удирдлагатай сум;
  • 155 мм-ийн Raam системийн 10200 ширхэг хуяг нэвтлэгч сум;
  • 125 мм-ийн 100000 ширхэг танкийн сум;
  • 152 мм-ийн их бууны 45000 ширхэг сум;
  • 122 мм-ийн их бууны 20000 ширхэг сум;
  • 122 мм-ийн GRAD системийн 50000 пуужин;
  • 72 нэгж 105 мм-ийн гаубиц 275000 сумны хамт;
  • 276 нэгж зэвсэг чирэх зориулалттай тактикийн машин;
  • 22 нэгж тоног төхөөрөмжийг сэргээх тактикийн машин;
  • 18 нэгж сум галт хэрэгсэл дэмжих машин;
  • 38 нэгж өндөр хөдөлгөөнт пуужинт артиллерийн Himars систем, галт хэрэгсэлийн хамт;
  • 30 нэгж 120 мм-ийн огнемёт 155000 ширхэг сумны хамт;
  • 10 нэгж 82 мм-ийн миномёт;
  • 10 нэгж 60 мм-ийн миномёт;
  • 2000 ширхэг оптик тохиргоотой, утсаар чиглүүлдэг TOW пуужин;
  • 25 мм-ийн 250000 сум;
  • Команд штабын 4 машин;
  • Patriot агаарын довтолгооноос хамгаалах систем;
  • 8 нэгж газар-агаар ангиллын Nasams пуужингийн систем;
  • Агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан Hawk пуужин;
  • Агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай RIM-7 пуужин;
  • 4 нэгж агаарын довтолгооноос хамгаалах Avenger систем;
  • Өндөр хурдны цацрагийн эсрэг Harm пуужин;
  • Өндөр нарийвчлалтай агаарын сум галт хэрэгсэл;
  • 4000 нэгж Zuni нисэх онгоцны пуужин;
  • 20 нэгж Ми-17 нисдэг тэрэг;
  • 45 нэгж Т-72Б танк;
  • 50 нэгж явган цэргийн байлдааны Брэдли машин;
  • 1300 нэгж өндөр хөдөлгөөнт олон зориулалт HMMWVs дугуйт тээврийн хэрэгсэл;
  • 100 тактикийн хөнгөн машин;
  • 44 нэгж хүнд даацын техникийг тээвэрлэх зориулалттай ачааны автомашин, 88 чиргүүл;
  • 300 нэгж M113 хуягт тээвэрлэгч;
  • 250 нэгж M1117 хамгаалалтын хуягт машин;
  • 527 нэгж минад тэсвэртэй отолтоос хамгаалагдсан MRAP машин;
  • 6 нэгж ашиглалтын зориулалттай хуягт машин;
  • Мина цэвэрлэх төхөөрөмж, систем;
  • 13000 гранатомёт;
  • Жижиг зэвсэглэл 108000000 сумны хамт;
  • 75000 хуяг, дуулга;
  • 1800 Phoenix Ghost тактикийн нисгэгчгүй агаарын систем;
  • Лазерын удирдлагатай пуужингийн систем;
  • Puma нисгэгчгүй агаарын систем;
  • 15 нэгж Scan Eagle нисгэгчгүй агаарын систем;
  • 2 нэгж нисгэгчгүй нисэх системд зориулсан радар;
  • Эргийн хамгаалалтын нисгэгчгүй хөлөг онгоц;
  • 50 нэгж их бууны эсрэг радар;
  • 4 нэгж миномётын эсрэг радар;
  • 20 нэгж олон үүрэгт радар;
  • Нисгэгчгүй нисэхийн хэрэгсэлийн эсрэг систем, тоног төхөөрөмж;
  • 10 нэгж агаарын хяналтын радар;
  • 2 нэгж эргийн хамгаалалтын Harpoon систем;
  • 58 далайн эрэг, голын эргүүлийн завь;
  • M18A1 Claymore явган цэргийн мина;
  • Тэсрэх бодис, хаягдал зэвсэглэл устгах төхөөрөмж;
  • Инженерийн саад тогтоох төхөөрөмж;
  • Тактикийн нууцлалтай холбооны систем;
  • 4 нэгж хиймэл дагуулын холбооны антен;
  • SATCOM сансрын холбооны терминал үйлчилгээ;
  • Олон мянган шөнийн харааны төхөөрөмж, хяналтын систем, оптик хэрэгсэл, лазерын зай хэмжигч;
  • Сансрын хиймэл дагуулын зургийн арилжааны үйлчилгээ;
  • Тэсрэх бодис устгах төхөөрөмж, хамгаалалтын хэрэгсэл;
  • Хими биологи цацраг цөмийн хамгаалалтын хэрэгсэл;
  • 100 нэгж эмнэлгийн хуягт машин;
  • 350 цахилгаан үүсгүүр генератор;
  • Эмнэлгийн анхны тусламжийн иж бүрдэл, боолт, монитор, бусад хэрэгсэл;
  • Радио-электрон тэмцлийн төхөөрөмж;
  • Хээрийн болон халаах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;
  • Сургалт, засвар үйлчилгээ, тэтгэмжийн санхүүжилт зэрэг багтаж байна. Эх сурвалж https://iss.gov.mn/
Categories
мэдээ нийгэм

Д.Амарбаясгалан: Бүртгэл нь алдаатай байгаа иргэдийн мэдээллийг 14 хоногт багтаан шинэчилнэ DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн мөнгөн тэтгэмжийн бүртгэлийн асуудлаар тайлбар хийлээ.


Тэрбээр “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн бүртгэлийн асуудаас болж иргэд бухимдалтай байна. Өрхийн мэдээллийн санг байгаа иргэдийн мэдээлэл зөрүүтэй байгаа нь төрийн байгууллагуудын алдаа дутагдлыг ил олгож өглөө. Иргэдийн мэдээлэл шинэчлэгдээгүй, зөрүүтэй байдал үүсэж, алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрч байна. Төрийн яам, агентлагууд хоорондоо мэдээллээ солилцдоггүй, уялдаа муутай ажиллаж байгаа нь харагдаж байна. Цаашид Засгийн газар бүх шатны байгууллагуудыг бүрэн цахимжуулах ажлаа эрчимжүүлнэ гэдгээ хэлмээр байна. Иргэдийн байр, орон сууц, автомашины бүртгэлийн зөрүүтэй байдлаа болж үүссэн асуудлыг 14 хоногийн хугацаанд цэгцэлнэ. Энэ хугацаанд төр иргэдтэйгээ хамтарч ажиллана. Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах ёстой буюу 91 хувьд хамрагдах ёстой айлуудыг бүрэн хамруулж, хийдлийг арилна. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг шинэчлэх ажилд иргэдийг идэвхтэй оролцохыг Засгийн газрын зүгээс уриалж байна.
Засгийн газраас сүүлийн хоёр жил цахим шилжилтийг амжилттай хийж байгаа. Гэхдээ амаргүй байгааг хаа хаанаа ойлголцох хэрэгтэй. Иргэд байр, машинаа зарж, борлуулахдаа бүртгэлээсээ хасуулдаггүй, хаягаа албан ёсоор шилжүүлдэггүй, мэдээллээ шинэчилдэггүй нь асуудал үүсгэж байгааг бас дурдах нь зүйтэй. Төр иргэнийхээ мэдээллийг дураараа өөрчилж болохгүй учраас иргэд өөрсдөө санаачилгатай байх хэрэгтэй. Бид өрхийн мэдээллийг санг иж бүрэн ажилд оруулснаар аливаа төрлийн халамж, тэтгэмжийг олгоход асуудал үүсэхгүй болно” гэлээ.