Categories
мэдээ улс-төр

Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам батлах тухай тогтоолыг батлав DNN.mn

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 18-ны хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Э.Батшугар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Төслийн талаар УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бямбадулам танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Цахим парламентын үйл ажиллагааг нэвтрүүлэх УИХ-ын шинэчлэлийн зорилтын хүрээнд Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу D-Parliament.mn, гар утасны апликейшнаар дамжуулан хэрэгжүүлж болохоор заасныг дурдлаа.

Мөн УИХ-ын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2 дахь хэсэгт иргэд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаарх саналаа УИХ-ын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргаж болно. Албан ёсоор санал авахаар байршуулснаас хойш 30 хоногийн хугацаанд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33 мянга ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 мянга буюу түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол, хуулийн төслийн талаарх саналыг 100 мянга ба түүнээс дээш иргэд дэмжсэн бол саналыг хэлэлцэхээр заасан гэв.

Түүнчлэн дээрх хуулийн 391.4 дэх хэсэгт санал авах нарийвчилсан журмыг Инновац, цахим бодлогын байнгын хороо батлахаар заасныг онцлоод УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2022 оны 498 дугаар захирамжаар санал авах нарийвчилсан журмыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад 5 зүйлтэй, 26 заалттай журам боловсруулсан гэж байлаа.

Цахим системээр санал авах үйл ажиллагаа 2 үе шаттай аж.

-Эхний шатанд иргэн тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, хуулийн төслийн талаарх санал гаргах асуудлаас сонгож саналаа гаргахаар;

-Дээрх 3 асуудлаас сонгож, 1000 иргэний дэмжлэг авснаар хоёр дахь шатны санал авах үйл ажиллагаа эхлэх бөгөөд саналыг санал авах цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулахаар, хэрэв иргэдийн санал Монгол УИХ-ын тухай хуулийн 391.2-т заасан тоонд хүрсэн бол санал авах үйл ажиллагааг хугацаанаас өмнө дуусгавар болгож болохоор;

– Санал авах үйл ажиллагаанд УИХ-ын Тамгын газар мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүргийг тодорхойлох;

Санал авах үйл ажиллагааны үр дүнг Тамгын газар ажлын 3 хоногт багтаан УИХ-ын даргад хүргүүлэх, ээлжит чуулганы үед бол 14 хоногийн дотор, ээлжит чуулганы чөлөө цагт бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор холбогдох Байнгын хороо авч хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулахаар;

Улсын Их Хурал нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор цахим зөвлөгөөн зохион байгуулах асуудлыг тусгасан талаар тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Идэрхангай, Х.Ганхуяг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ анхан шатанд босго оноог D-parlaiment.mn цахим хуудсанд хандах иргэдийн оролцоог харгалзан үзэж, багасгах саналтай байлаа. Мөн уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тогтоолын төслийн 3.5-д заасан “1000” гэснийг “100” гэж өөрчлөхөөр зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Эцэст нь Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ЭТТ-н уурхайгаас хил хүртэл нүүрс тээвэрлэх ААН-үүдийн сонгон шалгаруулалтын дүнг tender.gov.mn-д байршуулна DNN.mn

Төрийн худалдан авах ажиллагааны газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтын явц, тендерт оролцогчдын талаар мэдээлэл хийлээ.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх нүүрс тээврийн үйлчилгээг гүйцэтгэх ААН-үүдийн дунд нээлттэй тендер шалгаруулалтыг 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд нээлттэй зарласан.

Хуульд заасан журмын дагуу өнөөдөр 09:50 цагийн байдлаар нийт 218 компаниас 377 тендер ирүүлсэн байна. Tender.gov.mn руу ороод 218 компанийн үнийн санал болон багцын мэдээллийг харах боломж иргэдэд нээлттэй.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас өнөөдөртөө багтаагаад тендер шалгаруулалтын үр дүнг tender.gov.mn-д нийтэлнэ. 377 тендерийг үнэлэх учраас тодорхой хэмжээний хугацаа шаардах болов уу гэж бодож байна.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т заасны дагуу маргаашаас гэрээгээ байгуулаад хоёр дахь шатны сонгон шалгаруулалт эхлэх боломжтой.

Хоёрдугаар сарын 1-нээс өмнө тээвэрлэгчтэйгээ гэрээ байгуулаад хил нөхцөлөөр нүүрсээ зарах бололцоо бий болно.

Нэмж тодруулбал, өмнө нь нүүрсийг ам нөхцөлөөр зардаг ба худалдан авагчид нүүрсний компаниа өөрсдөө сонгодог байсан. Одоо харин хил нөхцөлөөр зарна. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” ХХК нүүрсээ хил дээр аваачих ёстой тул тээврийн хэрэгслийн хувьд хувийн хэвшилтэй хамтарч ажиллана гэсэн үг” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

Нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татах тогтоол гарчээ DNN.mn

Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүний нэрийг Авлигатай Тэмцэх Газраас зарласан байдаг. Үүний долоо нь УИХ-ын гишүүн байсан, тэдгээр гишүүнээс яллагдагчаар татсан хүн байгаа эсэх талаарх сэтгүүлчийн асуултад Нийслэлийн Прокурорын Газар (НПГ)-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од хариуллаа.

Тэрбээр “Мөрдөх байгууллагаас нэр дурдагдсан 17 гишүүний заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг НПГ-т гаргасан. Тухайлбал,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг, А.Ариунболд нарыг яллагдагчаар татсан.
  • Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг яллагдагчаар татсан.
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол УПЕГ-аас гарсан байгаа” гэлээ.

Мөн “Нүүрс болон Хөгжлийн Банкны хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д дахин тавих уу гэх асуултыг сэтгүүлчид асууж байна. Одоогоор Хөгжлийн Банкны хэрэгт улс төрд нөлөө бүхий таван хүнийг яллагдагчаар татсан.

Хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Прокуророос гарах яллах дүгнэлт гэх эрх зүйн баримт бичгийг үйлдээд дууссан. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал шүүхийн шатанд байна” хэмээн нэмж хэлэв.

Эргэн сануулахад, АТГ-аас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд зарлаж байв.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Авлигын эсрэг сургалтад 230 албан тушаалтныг хамруулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны нэгдүгээр сарын 9-13-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх “Цагаан жагсаалт”-д бүртгэх түр журам, Татварын маргаан таслах зөвлөл чиг үүрэг, Эрчим хүчний сайдад хүргүүлсэн “Зөвлөмж”-ийн хэрэгжилтийг нийт 26 ТӨХК-ийн тайлан, үр дүнг тооцох чиглэлээр ажиллав.

Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс таван толгой”, “Таван толгой түлш” ХК-иудын 110 удирдах албан тушаалтан, ШШГЕГ-ийн харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн 120 албан хаагч зэрэг нийт 230 хүнийг авлигын эсрэг сургалтад хамрууллаа. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтны нэгдсэн зөвлөлгөөнд “Авлигын нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр илтгэл, мэдээлэл хийв.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ: Хоёр супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо DNN.mn

2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

Улсын хэмжээнд арванхоёрдугаар сарын 39,038,851 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 39,268 азтан тодорлоо.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 35,386
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,471
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 364
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 37
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: найм
  • 8 орон таарсан: хоёр супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 92339513

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай. Өнөөдөр Улаанбаатар хотод 31,788 азтан тодорлоо.

Сугалааны тохиролд ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавив.

Categories
мэдээ спорт

М.Анхцэцэг УАШТ-нд 12 дахь удаагаа түрүүллээ DNN.mn

“UNC-2023” Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүндийн өргөлтийн тэмцээн хоёр өдөр үргэлжилж өчигдөр дууслаа. Xүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд МУ-ын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүллээ. Харин -87 кг жинд Г.Чинболор, Г.Марал нар мөнгө, хүрэл медалийн болзол хангав. Тэгвэл эмэгтэй +87 кг-ын жинд “Увс нуур”-ын О.Баянтуул өрсөлдөгчөөсөө 37 кг илүү өргөж, алтан медалийн эзэн болов.

Эмэгтэй -87кг:

  1. М.Анхцэцэг, Алдар /огцом 95, түлхэлттэй 100, нийлбэр 195/
  2. Г.Чинболор, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 67, нийлбэр 122/
  3. Г.Марал, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 65, нийлбэр 120/
  4. Б.Энхжин, Алдар /огцом 0, түлхэлттэй 80, нийлбэр 80/

Эмэгтэй +87кг:

  1. О.Баянтуул, Увс нуур /огцом 93, түлхэлттэй 112, нийлбэр 205/
  2. А.Баясгалан, Увс нуур /огцом 71, түлхэлттэй 97, нийлбэр 168/
  3. Б.Ичинхорол, Самбуу сан /огцом 46, түлхэлттэй 52, нийлбэр 98/
Categories
мэдээ нийгэм

Бод мал хулгайлж, иргэдэд 1.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг баривчилжээ DNN.mn

Иргэн “Л” нь 2019 оноос хойш Архангай, Булган, Төв аймгийн нутгаас 40 удаагийн үйлдлээр үхэр, адуу зэрэг 465 тооны бод малыг хулгайлж, нядалсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн “Г” нь бусадтай бүлэглэн “Эмээлт” зах, “Дэнжийн 1000” зэрэг худалдааны төвүүдэд мал, махны ченж ажилтай “С”, “Б”, “Х” нарт мал, махаа худалдан борлуулж, иргэдэд 1.2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Дээрх хэргийг үргэлжлүүлэн Архангай, Булган, Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн мөнгөний асуудлаар 69.910 иргэн халамжийн нийгмийн ажилтанд ханджээ DNN.mn

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудлаар мэдээлэл өглөө.

Түүний мэдээлснээр, өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийснээс хойш 21,513 өрх мэдээллээ залруулах хүсэлтийг цахимаар ирүүлсэн байна. Улаанбаатар хот болон орон нутагт 37,478 иргэн утсаар холбогдож өрхийн сангийн мэдээллээ нягталжээ.

22,389 иргэн сум, хороондоо биеэр ирж өрхийн сангийн мэдээллээ нягталжээ. Нийт дүнгээрээ 69,910 иргэн халамжийн нийгмийн ажилтнаар программ дээр өрхийн сангийн мэдээллээ шалгуулж, зөвлөгөө мэдээллийг авчээ.

Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16,000 өрхийн мэдээллийг шуурхай засварласан байна. Сум, хороодод Засаг даргаар ахлуулсан хамтарсан буюу халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч нар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэж эхэлжээ.

Тэрбээр “Нийт иргэддээ дахин анхааруулж хэлэхэд хүүхдийн мөнгө авах ёстой 91%-д хамрагдахаар байгаа иргэд тайван байх хэрэгтэй. Өрхийн мэдээллийн санд бүртгэлийн зөрүүтэй байдлын улмаас 91%-аас хасагдаад байгаа иргэдийн мэдээллийг залруулах ажлыг 14-21 хугацаанд хийнэ. Хүүхдийн мөнгө авах ёстой хүүхэд бүр мөнгөө авна, хохирохгүй. Иргэд хүлээцтэй хандаж төрийн ажил гүйцэтгэж буй нэгжүүдтэй хамтран ажилласны үр дүнд энэ бүх нөхцөл бий болох юм.

E-Mongolia систем хэвийн ажиллаж эхэлсэн. Иргэд нэг өдөр уг системд олноор хандсанаас ачаалал үүсэн саатал бий болсон. Энэ саатлыг ЦХХХЯ богино хугацаанд засаж, цаашдаа хэвийн үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш биднийх болно! DNN.mn


“Тагнуул” гэгдэн хоригдож буй, хүний эрхийгхамгаалагч, сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаярын ил захидлыг товчлон хүргэж байна


Миний бие хоригдсоор л байна. Уг нь анхан шатны шүүхээр цагаатгагдах, суллагдах болзлоо хангачихсан л юм сан… Үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө ардчилсан Монгол улсад эрүүгийн ял авах анхны хүн болох нь уу гэсэн ёозгүй асуулт төрнө. Олон нийтэд хэвлэл мэдээлэл, соошлоор хэдийнэ ил болсон мэдээллүүдийн хүрээнд ярья.

Дэндүү нэг талыг барьсан, ардын хүүхэд миний үнэн үгийг огт сонсохгүй, анхаарахгүй байдал их л ажиглагдаж ирэв. “Ч.Мөнхбаярыг л дуугүй болго, 50 гарсан, эрүүл мэндийн асуудалтай наад хүн чинь 10 жилийн ял эдэлж гарч ирээд юу л дуугараа аж, хийж бүтээгээ аж, амьд мэнд гарч ирээ ч үү, үгүй ч үү, наад хүнээ дуусга гэсэн утгатай даалгавар аваагүй байгаа даа” гэсэн хар ч төрөх.

Яг л 1937 он шиг л юм болж байна.

Санаанаасаа зохиосон, ямар ч баталгаа нотолгоогүй үгсээр булж байж л энэ хилс хэргийг үүсгэсэн юм. Гудамжинд намайг явж байхад “гадаадын тагнуулын байгууллагын ажилтантай уулзаж байхад нь үйлдэл дээр нь барилаа” гээд бөөн хүчээр сүр бадруулан баривчилснаас хойш, миний “хэргийн” явц гэрлийн хурдаар ахиж, нүд ирмэх зуур шүүхэд шилжиж байв. ҮАБ (Үндэсний аюулгүй байдал)-д гэм хохирол учруулаагүй намайг батлан даалтаар гаргахгүй, гадуур явах боломж муутай ижийтэй минь уулзуулалгүй, ял өгч, дараагийн хорих газар луу аччих санаатай байгаа бололтой.

461-т намайг хоригдонгуут, ТЕГ-аас мэдээлэл хийж, гэм буруу нотлогдоогүй байхад гэм буруутай мэтээр зарлаж, хууль зөрчсөн. Намайг болон миний өмгөөлөгчид, ар гэр, хамтран зүтгэгчдийг “маш нууц”, “хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэх үгээр далайлгаж, дуугүй байхыг анхааруулсан. Гэтэл том жижиг сайтууд, фэйсбүкийн хуудсууд болон хаягууд дураараа тэр “маш нууц”-ыг нь задруулан байж, “Ч.Мөнхбаяр Энэтхэгийн тагнуул”, “Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулаас 200 сая ₮ авч байгаад үйлдэл дээрээ баригдав” гэхчилэн гүтгэж, миний эсрэг тархи угаалт явуулж байлаа.

“Хэлмэгдэл ба цагаатгал” номын 162-р талд ХХ зууны Монгол дахь их хэлмэгдүүлэлтийн арга технологийн тухай:

“-Захиалагч: эсэргүүг тодруулах чиглэл өгнө.

-Гүйцэтгэгч: хэрэг зохионо, хуурамч баримт бүрдүүлнэ, мөрдөнө, тулгана.

-Сүр дуулиантай мэдээлнэ, суртал нэвтрүүлгийн бүх хүч хэрэгслээр түгээнэ…” гэж бичжээ. Энэ нь надад тохиолдож ирсэн явдлуудыг юутай их санагдуулна вэ?

Би ямар ч гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцоогүй, хамтран ажиллаагүй, гадаадын иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлаагүй, хадгалаагүй, дамжуулаагүй. Би хэнд ч гэм хохирол, хор уршиг учруулаагүй, тэр тусмаа ҮАБ-д (ЭХ-ийн 19-р зүйл нь “ҮАБ-ын эсрэг гэмт хэрэг” юм.) Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй. Хүний эрх, монгол туургатан, монгол бичиг соёл -гэмт хэрэг болчихоогүй юм бол.

Миний “хэрэг” дээр “БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан” гэж багагүй яригдсан. Тусгаар улс байж ингэх ч гэж. Би БНХАУ-ын эсрэг ч үйл ажиллагаа явуулаагүй, монгол үндэстнийхээ хүний эрхийн төлөө, монгол бичиг соёлын төлөө л үйл ажиллагаа явуулсан. БНХАУ-ын төрийн бодлогод ч уг нь цөөн тоот үндэстний хүний эрх, бичиг соёлыг дэмжинэ л гэдэг юм.

Эрх баригчид маань Монголыг нэг улсаас хараат болгох гэж бүх хүч чадлаа дайчлан ажиллаж ирсэн гэж болом. Үр дүнд нь БНХАУ-д таалагдахгүй нэг ч үг хэлж болохгүй, хэлбэл ҮАБ, эдийн засагт аюул учруулав гээд өндөр ялаар яллах гэдэг болоо юу даа. Надтай харьцсан найрамдалт улсын тэр иргэн янз бүрийн үйл ажиллагаатай. Би хүний эрхийг дэмжигчтэй л харьцсан. Гэтэл тэр хүнтэй харьцсан хэн бүхнийг “тагнуул” гэж үзэх “үндэслэл” буй болгочихоод муйхарлацгаах аж.

ЭХ-ийн 19.4.1 нь дутуу дулим, утга учиргүйн дээд, хэлмэгдүүлэх хилсдүүлэх хязгааргүй боломж олгосон заалт байгаа нь хууль тогтоогчид, боловсруулагчдын үйл ажиллагаа хичнээн завхарч, ялзарсныг харуулж байна. Дээр дурдсан найрамдалт улсын иргэн Монголд байр түрээслэн суудаг. Тэгвэл байраа түрээслүүлсэн манай иргэнийг “гадаадын тагнуулын байгууллагыг орон байраар хангаж, мэдээгүй хамтран ажилласан, ҮАБ-д аюул занал учруулсан” гээд 8-15 жилээр яллах бүрэн боломжтой заалт юм билээ. Энэ хэвийн бус сэтгэцээс үүссэн заалтыг даруй устга.

Тэмцсэн, эсэргүүцсэн хүмүүсийг “гадаадын нууц албадын захиалгатай” гэхчилэн харлуулах болсныг бүгд мэднэ. Харлуулж, торгож, саатуулж, 30 хоног баривчилж, УБ-аас 6 сар гарахгүй шийтгэл оноож байхад олон түмэн тайван байсан. Ингэж болдог юм байна гэсэн итгэлтэй бологсод “амташсан хэрээ 13 дахина” гэгчээр, “гадаадын нууц албатай ажилласан” гэж гүтгэн, намайг хориулсаар байна, өндөр ялаар яллуулах гэж улайран зүтгэсээр байна. Ингэж болдог юм байна гээд тэд энэ үйлдлээ дахин давтахгүй гэж үү. Маш буруу жишиг манай нийгэмд тогтож байна.

36 000 хүн цаазаар авахуулж, 100 000 хүн хилсээр хохирсон их хэлмэгдүүлэлт “Японы тагнуул” гэх гүжир гүтгэлгийн дор өрнөж байсан юм. Өнөөдөр “тагнуул” гэж хилсдүүлээд хэлмэгдүүлээд эхэлбэл, энэхүү хэлмэгдүүлэлт жишиг болж, хавтгайрах аюултай. Би ямар хэрэг хийчихсэн юм бэ гэж дахин дахин өөрөөсөө асуун суунам. Монгол эх орон, Монголын ард түмнээ сайн сайхан байгаасай л гэж үсэн буурал болтлоо шаналж, бичиж ухуулж, журмын нөхдийн хамт олон жил тэмцэж зүтгэж ирсэн, хамаг амьдралаа улс үндэстэндээ зориулсан. Монгол үндэстний асуудал хүнд байхад би гараа хумхин, дуугүй сууж чадаагүй. Би Монгол үндэстний хилийн манаа болж явсан. Өнөөдөр миний Монголын сайн сайхан бүхэн хоригдож байна. Хоригдох ёстой муу муухай бүхэн эрх чөлөөтэй байж, үндэсний сайн сайхан бүхнийг буруутгаж байна.

Уул уурхайгаа харьд бэлэглэчихсэн шахуу, “уул уурхайн хараал гэж айхтар юм байдаг” гэж хүн ардаа айлган мунхруулна. Байгалийн баялаг ихтэй улсууд баян тансаг амьдралаараа гайхуулж байхад, манайх уул уурхайгаа өргөжүүлэх тусам их өрөнд орж, дандаа л мөнгө гуйж байдаг дэлхийн гуйлгачин улс болсон. Манай гадаад өрийг хараарай. Өчүүхэн жижиг улсуудаас ч өчнөөн мөнгө зээлсэн. Төлж чаддаггүй. Үндэсний уул уурхай хоригдож байна.

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье гэхээр авлига, хүнд суртал, дарамт, татвар хураамж, төрийн рэкетээр боомилж, адаг сүүлд нь хамаг бүхний буруутан болгоод шоронд хийчихнэ. Үйлдвэр барьсан хүмүүсийг шоронд хориод байхаар яаж улс хөгжих вэ? Үндэсний үйлдвэрлэл хоригдож байна.

Үйлчилгээ, худалдааг хөгжүүлье гэхээр мөн л адил нөхцөлтэй. Хэдийчинээ үйлчилнэ, худалдана, төдийчинээ өрөнд ороод байдаг. МАА-г хөгжүүлье гэхээр алсын хараатай төрийн бодлого байхгүй. Малын халдварт өвчин гаардаг болов. Сумын төвд ноос ноолуур, арьс шир, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулаад өгөхийн оронд, данхар том соёлын төвийг эзгүйрсэн соёлын клүбтэй зэрэгцүүлээд барьчихдаг.

Газар тариалан хөгжүүлье гэхээр хөгжүүлэх санг нь бараг ганц хүн идчихдэг. Тариаланчид маань хүнд бэрхийг даван туулж байж, овоо ургац авахаар, үүнд зохицуулж төрөөс экспортын тусгай бодлого боловсруулж хэрэгжүүлэхийн оронд, гадаадаас их хэмжээний буудай аваад, дотоодын бүтээгдэхүүний борлуултад хүнд цохилт өгдөг. Газар тариалан хоригдож байна.

Ажилтай орлоготой явъя гэхээр ажил олдохгүй, олдвол цалин хангалтгүй. Улс орныг хөгжүүлэх ёстой сангуудыг хоосортол цөлмөөд, бүр татан буулгачихдаг. Гадаадын зээл тусламжийг хуваагаад залгичихдаг. Ажил орлого, хөгжил дэвшил хоригдож байна. Улс орны ҮАБ-д халтай энэ мэт асуудлуудыг тоочивч баршгүй. Үнэн байдлыг хэлэхээр ҮАБ-д аюултай хүн, БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явууллаа гээд шоронд хийчихдэг. Бүр гэмт хэрэг зохион байгуулж байгаад хилсдүүлдэг болсон сураг дуулддаг. Харгис дэглэм ийм арчаагүй аргаар арьсаа аврахыг оролдож байна.

Ийнхүү Монголын бүх сайн сайхан хоригдож байна. Хэн ийм болгов? Намайг шоронд хийлгэсэн цаад эзэд нь ийм болгосон. Уг нь Монголыг хөгжүүлэх амархан, хөгжүүлэхгүй байх хэцүү. Даанч Монголыг ирээдүйг шоронд хорьчихоод байна. Бүх сайн сайхан хоригдсон тул Монгол орон дээвэргүй шорон болоод байна. Бүгдэд эрх чөлөө хэрэгтэй байна. Эрх чөлөөний үнэрийг бүгд л мэддэг, мэдэрдэг. Гэхдээ жинхэнэ эрх чөлөө манай оронд алга. Эрх чөлөөг сонгох, эрх чөлөөгөө олж авах, эх орноо хамтдаа аврах, хэрэгтэй байна. Эрх чөлөөг тунхаглах хэрэгтэй байна. Цаг болжээ.

“Эрх чөлөө мандан бадартугай! Эрх чөлөөний салхин шуурга болон шууртугай! Монгол эх орон, Монголын ард түмэн минь эрх чөлөөтэй болж, цэнгэлийн манлайд хүртүгэй! Маргааш биднийх болох болтугай!” гэж ерөөгөөд, Ч.Мөнхбаяр хүү нь сууж байна даа, миний хайрт эх ороон, миний хайрт ард түмээн!

Categories
мэдээ цаг-үе

Өргөн хэрэглээний барааны үнэ 0.3 хувиар өсчээ DNN.mn

2023 оны 1 сарын 16-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өссөн байна.

2023 оны 1-р сарын 16-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хүнсний зарим гол нэрийн барааны үнийг танилцуулж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.