Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ч.Маралмаад холбогдох шүүх хурал маргааш болно DNN.mn

Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал маргааш 11.00 цагт товлогджээ. Эргэн сануулбал, уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-ны өдөр болсон. Энэ үеэр хохирогч охины аав “Одоо ярих юм алга. Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа мэдээлэл өгье. Охины маань шинжээчийн дүгнэлт хүндэвтэр гэдгээрээ батлагдсан. Охины хөлийн шарх аньсан. Харах үзэмжийн хувьд онгорхой, үрчийгээд муухай болсон” гэх мэдээллийг өгч байлаа. Харин Ч.Маралмаагийн өмгөөлөгчийн мэдээлснээр шүүх шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй, мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэйгээ илэрхийлсэн байдаг.

Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад буйг албаныхан мэдээлсэн.

Categories
гадаад мэдээ

Барууны орнууд Украинд шинээр зэвсэглэл техник нийлүүлж эхэллээ DNN.mn

Украинд цэргийн тусламж үзүүлэх “Рамштейн-8”-ын уулзалт өнгөрсөн долоо хоногт болж, барууны орнуудаас дараах зэвсэглэлийг шинээр нийлүүлэхээр боллоо. Үүнд:

  • 8 нэгж Avenger зенит пуужингийн цогцолбор;
  • 3 нэгж Patriot зенит пуужингийн цогцолбор;
  • 7 нэгж Gepard зенитийн өөрөө явагч их бууны төхөөрөмж;
  • Iris-T зенит пуужингийн цогцолбор;
  • NASAMS системд зориулсан пуужингууд;
  • 58 нэгж Bradley хуягт тээвэрлэгч;
  • 40 нэгж Marder хуягт тээвэрлэгч;
  • 90 нэгж Stryker хуягт тээвэрлэгч;
  • 350 нэгж жийп;
  • 19 нэгж гаубиц;
  • 12 нэгж Challenger-2 хүнд танк;
  • Т-72 танкууд;
  • Нисдэг тэрэгнүүд;
  • Олон мянган тооны их бууны сум болон бусад зэвсэглэл, техник багтаж байна. ЭХ СУРВАЛЖ: iss.gov.mn
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улс хүүхдийн мөнгөн тэтгэмжид 2005-2023 онд 7.2 их наяд төгрөг зарцуулжээ DNN.mn

“Хүүхдийн мөнгө тэтгэмж-“ийг Монгол Улс 2005 оноос өнөөдрийг хүртэл 18 жилийн хугацаанд олгожээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг анх сар бүр 3 000 төгрөгөөр олгож эхэлсэн бөгөөд 2005-2023 оны хооронд нийт 7.2 их наяд төгрөг зарцуулжээ.

0-18 насны нийт хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хувь хэмжээ

-2005 онд 34%
-2006 онд 70%
-2007-2016 оны 6 сарыг дуустал 100%
-2016 оны 7 сараас 60%
-2017 онд 100%
-2018 оны 3 сарыг дуустал 60%
-2018 оны 4 сараас 80%
-2019 онд 80%
-2020-2022 онд 100%
-2023 онд нийт хүүхдийн 91%

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээ:

-2005- 2007 оны хагас жил хүртэл сар бүр 3 000 төгрөг
-2007 оны 07 сараас 2012 оны 09 сар хүртэл улиралд 25000 төгрөг
-2012 оны 10 сараас 2019 оныг дуустал сар бүр 20000 төгрөг
-2020-2022 онд сар бүр 100 000 төгрөг
-2023 онд сар бүр 100 000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулж байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн авто замын боомтууд 22-24-нд амарч байна DNN.mn

БНХАУ-д Сар шинийн баяр болж буйтай холбоотойгоор тус улстай хиллэдэг манай улсын хилийн автозамын боомтууд нэгдүгээр сарын 22-24-нд амарч байна.

Үүнд, Замын-Үүд, Баянхошуу, Булган, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Хавиргын боомтууд орж байна. Харин Байтаг, Сүмбэр, Даянгийн автозамын боомтууд түр ажиллагаатай тул түр хаагдаад байгаа юм.

“Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу талуудын албан ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаадаг талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Олон улсын гал тэрэг Замын-Үүдийн төмөр замын боомтоор цагийн хуваарийн дагуу нэвтрэн зорчиж байна. Төмөр замын боомт нь талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасны дагуу дээрх зохицуулдаг байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Дүгэржав: Антарктидад монгол гэрээ үлдээгээд ирсэн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……

Антарктидад Монголоос очсон дөрөв дэх судлаач болох геологич Л.Дүгэржав өнгөрсөн мягмар гаригт эх орондоо ирэв. Тэрээр Өмнөд туйлд очоод ирсэн сонин хачнаасаа өчигдөр хэвлэлийнхэнтэй хуваалцсан юм. Түүнтэй ярилцлаа.


-Та Антарктид руу хэзээ явлаа. Хэд хоноод ирэв ээ?

-Монголоос яваад нийт 19 хоноод ирлээ. Антарктид явахдаа Улаанбаатараас онгоцоор нисээд Москва, Прагаар дамжин арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Софид очсон. Тэнд Антарктидад хамт байх Болгарын багийн нөхдүүдтэйгээ нийлсэн. Ингээд Антарктидын зах буюу Ливингстоны арал хүртэл нийт 31 мянга гаруй км зам туулж очсон. Энэ хооронд нисдэг тэрэг, усан онгоц гээд янз бүрийн унаа хөлөглөсөн дөө.

-Ирэхдээ ямар замаар явав. Ер нь нийт хичнээн км зам туулсан бэ?

-Ливингстоны арлаас наашаа яг очсон замынхаа маршрутаар буцсан. Нийтдээ 65 мянган км зам туулсан байна.

-Антарктидад очоод ямар судалгаа хийв. Тэндхийн сонин хачнаас дуулгаач?

-Болгарын туйл судлалын багтай Монголын Антарктидын нийгэмлэг таван жилийн гэрээ байгуулсан байдаг. Бидний хамтын ажиллагаа хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Гол нь Антарктидад цаг уур, ус, геологи, микробилогийн судалгаа хийх ажилд монгол судлаач оролцох зорилготой юм. Ингэснээр Монголын цаг агаарын судалгааны цаашдын чиглэлийг тогтооход чухал ач холбогдолтой. Нөгөө талаар Монголоо сурталчлах ажлын нэг хэлбэр болж байгаа юм. Антарктидад гадаадын олон орны судалгааны баг ажиллаж байна. Тиймээс байрласан газартаа эх орныхоо далбааг хатгасан. Мөн жижигхэн монгол гэр барьсан. Гэрийг гадаадынхан их сонирхон гайхаж байна лээ. Би тэр гэрт бэлгэдэл маягаар нэг хоносон. Тэнд утаагүй түлшээрээ гал түлж багийнхандаа борцоор хоол хийж өгсөн. Их л сонирхож байна лээ.

Гэрээ тэнд үлдээсэн үү?

-Тэгсэн. Барьсан чигээр нь үлдээгээд ирсэн. Тэнд байгаа судалгааны бааз буухдаа хураачихна. Тэгээд ирэх жил Монголоос очих дараагийн судлаач дахиад тэр гэрээ барина.

-Гэр салхинд хийсэхгүй юу?

-Гайгүй. Ер нь салхи нь хүчтэй л дээ. Бид очсон өдрөө далайд хөлөг онгоцноос буугаад моторт завиар эрэг хүрэх үед далайн салхи шир үүсээд давалгаанд нь шидэгдчихсэн. Тэр шөнө дунджаар 28 м/сек хүртэл хүчтэй салхилсан гэж байсан. Ер нь очсоны дараа хэд хоног хүчтэй салхилсан. Тэр нь яаж мэдэгдсэн гэхээр, Монголын далбааг мандуулаад гурав хоносны дараа үзүүрээсээ хоёр см хэртэй тасраад алга болчихсон. Харин дараа нь салхи тогтонги болсон хойно шинэ далбаа хатгасан л даа. Тэгээд арав хоногийн дараа үзүүр нь сэмэрч байх жишээтэй. Салхигүй үед шүү дээ.

-Тэнд мандуулсан далбаагаа яасан бэ?

Энд аваад ирсэн. Одоо Ерөнхийлөгчид гардуулж өгөх гэж байгаа.

-Таны очсон газар Антарктидын зах хавиар юм байна. Ер нь Антарктидын гүнд болоод эрэг хэсгээр хичнээн судлаач ажиллажбайгаа вэ?

-ОХУ, АНУ-ын судалгааны баг Антарктидын гүнд судалгаа хийдэг. Цэвэр мө- сөн дээр амьдарч байна гэсэн үг. Цаснаас өөр зүйл олж харахгүй л дээ. Бидний очсон газар бол эрэг хавиар нь юм. Тэнд ирээдүйд хүн амьдрах боломжтой эсэхийг судалж байгаа байхгүй юу. Ер нь Антарктид Монголоос арав дахин том газар нутагтай. Тиймээс үүнийг бүхэлд нь судлахад багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулагдана. Өнөө жил Антарктидад 36 орны 3900 гаруй судлаач ажиллана гэсэн тооцоо байна лээ.

-Антарктидын цаг агаар ямар байсан бэ. Одоо тэнд зун болж байгаа байх аа. Ер нь дэлхийн дулаарлын байдал нөлөөлсөн зүйл ажиглагдаж байна уу?

-Энэ чиглэлийн судалгаа хийж байгаа Испанийн багийн нөхдүүдтэй уулзаж ярилцсан. Цаг уурын илэрхий өөрчлөлт зарим нэг зүйл дээр ажиглагдах болохоос биш мөсний хэмжээ хорогдоод хайлаад байгаа юм байхгүй. Дулаарал дэлхий даяараа болж байгаа учраас бас мэдрэгдэж байгаа зүйл бий байх. Одоо Өмнөд туйлд зун болж байгаа. Өдөр шөнө нь мэдэгдэхгүй нэг хэвийн гэрэлтэй. Цаг агаарын температур нь ерөнхийдөө 0+2 градус байсан. -Зун нь тэнд ургамал ургах уу. Пенгвин, далайн гахай мэдээж байсан биз…

-Далайн эрэг хавиар загас байна. Пенгвин маш их байсан. Тэгээд цахлай шувуу, мэдээж далайн гахай, халим. Мөн далайн замаг, хадан дээр ургадаг хагд гэж ургамал байдаг юм билээ. -Өмнөд туйлд очсон хойно таны биед ямарнэгэн өөрчлөлт мэдрэгдэж байв уу? -Нэг их сүйдтэй өөрчлөлт мэдрэгдээгүй. Монголчууд хүйтэн уур амьсгалтай цастай газар зохицно л доо. Миний хувьд бүтэн жилийн хугацаатай байгаагүй учраас айхтар мэдэгдсэн юм байхг үй.

-Антарктид руу аялал жуулчлалаар очих боломжтой гэсэн. Ийм байдал хэр ажиглагдаж байна. Жирийн хүмүүс очсон байх юм уу?

-Арал дээр очиж байгаа энгийн хүн гэх юм бол Монаккогийн хан хүү Альберт. Тэр өнөөдөр очиж байгаа гэнэ. Тэнд гурав, дөрвөн цаг болоод буцах юм байна лээ. Намайг тэнд байх үеэр жирийн хүмүүс аялахаар очсон тохиолдол байгаагүй.

-Өмнөд туйлын газар нутгийг яваандаа улс орнууд өмчилж авах тухай яригдаж байгаа юу?

-Антарктидын конвенцийн дагуу тэр тивийн газар нутаг хэний ч өмч биш. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ тивд хэн хайгуул судалгаа хийсэн, үүнд хэн их хөрөнгө зарцуулсан нь Антарктидын газар нутгийг манайх гээд өмчл өхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл тэнд цэвэр ус, нефть, нүүрс, зэсийн орд газар бий. Бүх л эрдэс баялаг байгаа. Ойрын хоёр гурван зуун жилдээ энэ дэлхийн 10 тэрбум хүнийг тэжээх хэмжээний эрдэс баялгийн нөөц бий.

-Хэрэв тийм цаг ирвэл манай Монгол Улс тэр газар нутгаас өмчилж авах боломж байгаа болов уу?

-Тэр боломжийг олж авахын тулд Монголын судлаачид гадны судалгааны ажлын багт багтаад яваад байна. Цаг уурч, геологич хүмүүс яваад ирлээ. Одоо ирэх жил микробиологийн судалгааны хоёр хүн явна.

-Та тэнд алт угаасан гэж байсан. Гарч байна уу?

-Би Болгарын багт багтсан байсан. Энэ багт дандаа геологийн чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс байлаа. Би өөрөө Болгарт геологич мэргэжлээр боловсрол эзэмшсэн хүн. Тэгээд манай багийнхан алтны судалтай газруудаас шороо авч угааж үзсэн. Гэхдээ алт гараагүй. Үүнээс гадна зэсийн хүдэр илэрхий харагдаж буй газар ч байна лээ. Ер нь Антарктидын хаана нь ямар эрдэс чулуу байна гэдгийг тогтоох ажлууд хийгдсэн.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэв DNN.mn

Он гарсаар онцгой байдлын байгууллагад гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ.

Ингэхдээ таван иргэний амь насыг аварч, гурван тээврийн хэрэгслийг татан гаргажээ.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн.

Гэсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ханги боомт 2022 онд 3 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Ханги боомтод халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу зохион байгуулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх ажлын хэсэг”, хилийн хяналтын байгууллагын албан хаагчид хамтран цар тахлын үед үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллалаа.

Ажлын хүрээнд экспортын болон тээврийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран .

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 39 жолооч согтуугаар жолоо барьж, 130 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1171, хулгайтай холбоотой 25, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 97, гэмт хэргийн шинжтэй 58 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 39, хүний биед халдсан 67, эрүүлжүүлэх байранд хоносон 130 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

АТГ: Нүүрсний хэргийн нэгжлэгээр 630 сая төгрөг, 230 мянган ам.доллар хураан авсан DNN.mn

Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор 7 яллагдагч цагдан хоригдож байна.

Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 33 яллагдагчид аваад байна.

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 тэрбум) төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор

  • 64 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 61, оффисын 3 талбай),
  • 42 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг,
  • 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын гүйлгээг,
  • 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Эдгээрээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630.000.000 төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйл (Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал)-ийн 1, 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдсэн болно гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн тулгамдсан асуудалд DNN.mn

Сонгуулийн эрх зүйн асуудал нь Үндсэн хуулийн эрх зүйн гол институтийн нэг бөгөөд сонгууль өөрөө төрийн ардчилсан тогтолцоог бүрдүүлэх зөвшөөрөгдсөн гол арга билээ. Миний бие хуульч хүний хувьд амьдралынхаа нэлээд хэсгийг бүр тодруулбал, ухамсарт амьдралаа энд зориулсан гэж үзэж болох юм. М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн хуулийн факультетэд таван жил, сүүлийн хоёр жилд үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшин суралцаж төгсөөд, мөн энэ сургуульдаа “Монгол Улсын сонгуулийн тогтолцоо, Үүсэл,хөгжил, боловсронгуй болгох арга зам” сэдвээр докторын зэрэг хамгаалж, хорь шахам жил их, дээд сургуульд багшилжээ. Сонгуулийн тогтолцооны талаар олон янзын ойлголт, тодорхойлолт байдаг боловч өргөн утгаараа бүтэц, бүрэлдэхүүн хэсэг, институтийн цэгцтэй нийлэмжээс бүрдэж, өөртөө эрх зүйн хэм хэмжээ, нийгмийн харилцаа, сонгуулийн үр дүнг тодорхойлох арга, сонгууль зохион явуулах журам зэргийг багтаасан ойлголт юм.

Тэгвэл Монгол Улсын сонгуулийн тогтолцоо гэж өргөн утгаараа тус улсын сонгуулийн эрх зүй, суудал хуваарилах арга, иргэдээс шууд сонгогддог Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг зохион явуулах журам зэргийг хэлдэг байна.

Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо шаардлагын хэмжээнд хүртэл боловсронгуй болж чадаагүйгээс Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг нийслэл, сум, дүүргийн удирдлагын зохион байгуулалт, үйл ажиллагаа Үндсэн хуулийн үзэл санаанд, олон улсын нийтлэг жишигт бүрэн, дүүрэн нийцэхгүй байна.

Товчхондоо ”Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн заалтыг биелүүлэх боломжийг алдагдуулсан сонгуулийн тогтолцоо Монголд үйлчилж байна.

Дээр дурдсан гажуудлыг арилгах гол арга зам бол сонгуулийн тогтолцоог зоригтой шинэчлэх явдал гэж үзэж байна.

Миний бие 2003 оноос эхлэн улстөрчдөд хувь тэнцүүлэх (пропорциональ), олонхын саналаар(мажоратор) суудал хуваарилдаг аргын холимог хэлбэрийг санал болгосоор ирсэн боловч олон удаа яригдаад л өнгөрч байв.

Улсаа нэг тойрог болгон зохион байгуулж, сонгогч зөвхөн нэг нэр дэвшигчийн төлөө ганц л санал өгдөг сонгуулийн тогтолцоотой болгож өөрчилсөн тохиолдолд бид зөв голдиролдоо орох болно.Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны эрх хэмжээ, үүрэг роль, ачаалал нэмэгдэх боловч сонгуулийн автоматжуулсан системд шилжсэн өнөө үед хүндрэл үүсэхгүй байх бүрэн боломжтой.

1.Сонгуульд нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналыг тоолж гаргана.

2.Сонгуулийн метрийг (шаардлагатай дундаж санал) гаргана. Сонгуулийн метрийг гаргахдаа сонгуульд оролцож саналаа өгсөн нийт сонгогчдын тоог УИХ-ын 76 гишүүний суудлын тоонд хувааж гаргана. УИХ-ын 2020 оны сонгуульд 1475780 сонгогч саналаа өгсөн байна. Энэ сонгуулийн метр 19418 болж байна

3. Намуудаас нэр нэр дэвшигчдийн авсан саналын үр дүнгээр намуудад Улсын Их Хурлын суудал хуваарилна.

4. Сонгогчдын өгсөн саналын тоогоор намын нэр дэвшигчдийн дарааллыг тогтоож өгнө. Мэдээж санал хураахаас өмнө нам нэр дэвшигчдийнхээ дарааллыг тогтоож Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ. Тухайн намд оногдсон суудалд тэр намаас нэр дэвшигчдийн дараалал ямар байх вэ гэдгийг тогтоохын тулд нэр дэвшигчийн төлөө сонгогчоор санал өгүүлж байгаа билээ. Сонгуулийн пропорциональ тогтолцоотой улсад намын төв байгууллагын монополь эрх их гэсэн шүүмжлэл байдаг. Ийм учраас тухайн намын нэр дэвшигчдийн сонгогдох дарааллыг нам нь биш сонгогч шийдвэрлэж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, сонгогч шийдвэрлэж, Сонгуулийн Ерөнхий Хороо баталгаажуулж байгаа юм.

5. Бие даан нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүнийг Сонгуулийн Ерөнхий хороо УИХ-ын гишүүнээр сонгогдоход шаардлагатай дундаж саналаас дээш тооны санал авсан бол сонгогдсонд тооцож шийдвэр гаргана. Пропорциональ тогтолцоог сонгож авсан нөхцөлд бие даасан нэр дэвшигч сонгогдох магадлал багатай хэмээн эмзэглэдэг хүмүүс бий. УИХ-ын гишүүнээр сонгогдоход шаардлагатай дундаж санал 2020 онд 19418 байгаа юм. Хэрэв бие даан нэр дэвшигч үнэхээр нэр хүндтэй улстөрч мөн бол энэ саналыг зовлонгүй авах нь ойлгомжтой.

6. Сонгуулийн босго даваагүй намын нэр дэвшигчийн авсан саналыг суудал авсан намуудад хувь тэнцүүлэн хуваарилна. Пропорциональ тогтолцоотой орнууд парламентад олон жижиг нам оруулах сонирхолгүйн (шаардлага ч үгүй) улмаас тодорхой хувийн босго тавьдаг. Сонгогчдын 3-9 хувийн санал авч байж суудал хуваарилалтад оролцох эрхтэй болох ба түүнийгээ босго гэж нэрлэдэг. Энэ босгыг манай оронд 4-5-аар тогтооход болохоор харагддаг.

7.Тухайн өдрийн байдлаар Улсын Их Хурлын гишүүн болсон 76 гишүүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

Сонгуулийн тогтолцоог ингэж өөрчилснөөр ямар нааштай үр дүнд хүрч болох вэ.

1. Сонгогч бүрийн санал бараг бүгдээрээ УИХ-д орж ирнэ гэсэн үг. Ингэснээрээ УИХ маань сонгогчдын төлөөлөл сайтай болно. Өнөөдөр олон сонгогчийн санал ялагдсан нэр дэвшигчидтэйгээ орхигдож байгаа. Нэг сонгогч нэг санал өгсөн, тэр өгсөн саналыг тухайн нэр дэвшигчийн намд нь өгсөн санал гэж үзээд хувь тэнцүүлэн бодож үзвэл санал, гарсан үр дүн хоёр маш хол зөрүүтэй байдаг юм.

2. Санал ойролцоо буюу аль нэг нам нь 39 суудал авч олонх боллоо гэж бодоход нөхөн сонгууль ямар ч хувь заяаг авч ирж, эрх баригч нам хэд дахин солигдож, засгийн газар төдий хэмжээгээр өөрчлөгдөх магадлал нэн их. Тэгвэл нөхөн сонгууль явагдахгүй. Аль нэгэн улс төрийн хүчин 39 суудал авсан байхад тухайн дөрвөн жилдээ олонх хэвээрээ байх боломж бүрдэнэ. Цаана нь 37 хүн тангараг өргөөд л шууд УИХ-ын гишүүн болох боломжтой.

3. Намын үүрэг роль дээшилж, ингэснээрээ төрийн албан тушаалтны хууль бус болон ёс зүйн алдаа гаргах явдал багасна. Өөрөөр хэлбэл, намын нэр хүндийг унагаж, төрийн албыг цалгардуулж байгаа гишүүдтэйгээ нам хариуцлага тооцох механизм бүрдэнэ гэсэн үг. Намуудын төлөвшил зөв болж сонгогчдынхоо өмнө жинхнээрээ хариуцлага хүлээдэг болно. Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудал түвэггүй шийдэгдэнэ.

4. Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний албыг давхар хашдаг “давхар дээлний” хэл амнаас бүрэн сална. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдсон тохиолдолд Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөж жагсаалтын дараагийн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөөд л болчихно.

5. Тойрог тойглосон жалганы үзэл арилж, улсын нийтлэг эрх ашиг яригддаг болно. Ганц хүний хоосон амлалт, популист тоглолт багасч, “эрвэйхээний нүүдэл” арилж, гадаад оронд амьдарч байгаа иргэд сонгуульд саналаа өгөх боломж нэмэгдэнэ.

6. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд гадаад оронд амьдарч байгаагаас үл хамаарч сонгуульд оролцох боломж бүрдэхээс гадна засаг захиргааны нэгж хооронд шилжих асуудалгүй болно.

Асуудалд явцуу эрх ашиг, хувийн сонирхлын үүднээс хандалгүй оновчтой шийдэлд зөвшилцөж хүрэхийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхнээс хүсч байна.

Хууль зүйн доктор, профессор Ж.Бямбадорж