Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банк 1 их наяд 87.3 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ DNN.mn

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,087.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 732.7 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.4% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 800.1 тэрбум төгрөгийн, 70.6% нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Байзда: Аав маань Монголын хошин урлагийн үүдэн шүд нь байлаа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……….

Он жил алсрах тусам авьяастай, ховор сайхан хүмүүсийн дүр төрх зүрх сэтгэлд ойрхон санагдах нь бий. Ийм хүмүүсийн нэг хошин урлагийн нэрт мастер Төлгөөний Латиф агсан билээ. “Миний аав” буландаа нэрт жүжигчин Т.Латифийн хүү, дуучин Байздаг урьж ярилцлаа


-Казахстан улсад хэдэн жил амьдарч байгаад ирлээ. Явсан газрынхаа сониноос дуулгахгүй юу?

-“Өдрийн сонин”-ы уншигч олонтойгоо уулзаж байгаадаа баяртай байна. Явсан газрын сонин гэвэл уран бүтээлийн олз омог дүүрэн ирлээ. Ирэх сарын долоонд казах хэлээр тоглолт хийхээр төлөвлөөд байна. “Үүрдийн наран”, “Танилцъя охин”, “Бүсгүйн зураг” зэрэг олон сайхан дуу минь залуусын зүрх сэтгэлд хадгалаатай явааг мэдэрлээ. Үзэгч олон маань ихэд санасан байна.

-Таны уран бүтээл болоод цаашдаа хийж бүтээхээр төлөвлөөд байгаа зүйлийн талаар ярихаа энэ удаад түр азная. Ерөөсөө аавын тань тухай ярихыг хүссэн юм?

-Бололгүй яахав. Манай аав түмэн олондоо хүндлэгдсэн, төр улсдаа бүрэн гүйцэд үнэлэгдэж чадаагүй авьяас билгийн тэнгэр байсан. Аавыг өнгөрсний дараа “Хэзээ ч үл нөхөгдөх орон зайн эзэн” гэсэн утга бүхий нийтлэлүүд сонин хэвлэлүүдээр гарч байлаа. Казахстаны хэвлэлд ч гардаг юм билээ.

-Юун тухай өгүүлсэн байх уу?

-”Казах үндэстнээс тодорсон маш чадварлаг жүжигчин. Даанч залуугаараа өнгөрсөн. Авах ёстой шагналаа авч чадаагүй” гэсэн утгатай материал хэвлэгдсэнийг олж үзсэн.

-Аавынхаа төрж өссөн нутаг усны талаар ярихгүй юу?

-1945 онд Ховд аймгийн Булган сумын нутаг Дээд нарийн гэдэг газар төрсөн. Сумынхаа төвд дөрөвдүгээр анги төгсөөд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд долдугаар анги, аймгийн төвдөө аравдугаар ангиа дүүргэсэн гэдэг. Тэгээд 1964 онд Улаанбаатар хотноо тухайн үеийн Багшийн сургуулийн кино драмын ангид элсчээ. Элсэлтийн шалгалтад орохдоо монголоор “Сайн байна уу” ч гэж хэлж мэдэхгүй байсан гэдэг. Домбороо барин казах дуу дуулж, “Үнэг ба хэрээ” хэмээх шүлэг казах хэлээр унших хөдөөгийн бүрэг хөвг үүн шалгалтын комиссын зарим эрхмүүдэд төдий л таалагдаагүйгээс нутаг буцах магадлал ихтэй байж. “Хэлийг нь мэдэхгүй ч хийж бүтээх авьяастай монхор хамартай тэр хүүг би заавал авч үлдмээр бодогдоод. Шалгалтын комиссынхонтой ярьж наагуур цаагуур гүйн байж үлдээсэн минь оносон шүү” гэж ангийн багш Раднаа нь хожим дурсдаг юм. Оюутан байхдаа Шиллерийн “Дээрэмчид” жүжгийн Франц Моорын дүрийг бүтээсэн нь сургуулийнхнаа төдийгүй тухайн үеийн Соё- лын яамны сайдыг хүртэл алмайруулж орхиж. Ингээд 1968 онд сургуулиа төгсөхөд нь Улсын драмын эрдмийн театрт бараг булаах нь холгүй жүжигчнээр авсан гэдэг.

Удам гарлын тухайд нь юу хэлэх вэ?

-Энгийн л малч удмынх. Аав жүжигчний мэргэжил эзэмшсэнийхээ дараа гэр орноо Налайхад нүүлгэж авчирсан. Найман хүүхэдтэй айлын том. Дүү нараас нь Монголд нэг ч хүн үлдээгүй. 1990 онд бүгд Казахстан руу нүүгээд явчихсан. Одоо хэр нь тэндээ амьдарч байна. Би аавынхаа хэдэн дүү нарынд аж төрж байгаад ирлээ. Аав багаасаа л урлагт хайртай байж. Дэлүүн сумын сургуульд зургадугаар ангийн сурагч байхдаа урлагийн бүх төрлөөр шалгарч, Унгар улсад болсон хүүхдийн урлагийн олон улсын наадамд оролцон ая дуугаа өргөж байсан юм билээ. Аав энэ тухайгаа үргэлж дурсана. Арга ч үгүй юм даа. Улсынхаа нийслэлийг үзэх нь байтугай аймгийн төв орж үзээгүй алслагдсан сумын жаахан хүүхэд Унгар улсын Будапешт хотод хөл тавина гэдэг үлгэр зүүдний юм шиг байсан нь мэдээж. Баян-Өлгийгөөс орос бахиал, дээлтэй ирж байж. Тухайн үедээ их л ганган хувцасласан шиг санагдаж байлаа гэж байсан.

Хөвөнтэй дээлтэй, хөдсөн гуталтай гэдэг шиг амьтан явж дээ?

-Тэгсэн байгаа юм. Зуны улирал байсан болохоор ээжийнхээ урлаж өгсөн хөх цэнхэр дан тэрлэгийг өмсч, орос бахиалтай, улаан хацартай, халзан толгойтой дэрчгэр бор хүү, домбороо үүрчихсэн Унгар улсын онгоцны буудал дээр хөл тавьж байжээ. “Жинхэнэ соёлт ертөнцөд оччих шиг болсон. Тэгэхэд би өөрийгөө маш хоцрогдсон бүдүүлэг болохоо мэдсэн” гэж байсныг нь санах юм. Гурван жилийн өмнө Дэлүүн сумын 60 жилийн ой болсон. Аавынхаа нутагт тоглолтоор очиход сум орон нутгийнхан халуунаар угтан авч байв. Сургуулийнх нь захирал “Танай аав их авьяастай жүжигчин байсан. Манай сургуулиас урлагийн гараагаа эхэлсэнд бид үргэлж талархан дурсдаг” гэж байсан. Аавын эзэмшсэн нэг том соёл бол орос хэл. Энэ хэлээр хэнээс ч дутахааргүй гаргуун ярьдаг байлаа. “Латиф бид хоёр орос хэлний хичээл дээр хоёулаа дандаа онц дүн авдаг байв. “Миний нутаг” шүлгийг орос, монгол, казах хэлээр “а,б”-гүй цээжилчихнэ. Манай орос хэлний багш академич Б.Ширэндэв агсны гэргий Журавлёва байсан. Хичээл эхэлмэгц “За, Латиф, Жарантав, “Миний нутаг”-аа унш гэнэ шүү дээ” хэмээн жүжигчин З.Жарантав ах дурсдаг. Сэтгэл хөдлөлөө гаднаа илэрхий гаргана. Нэг өдөр шатан дүрэлзэж байхад, нөгөө өдөр сүхээр цохиулсан мэт нам чимээгүй болох нь сонин. Аав гэрт байхаас байхг үй нь их. Ихэвчлэн шөнө юм уу, өглөө сэрээд харахад ирчихсэн байна. Хүүхдүүддээ цирк үзүүлнэ. Бид бараг нэг ч тоглолт алгасалгүй үздэг байсан. Шинэ жилээр мөн л гэртээ байхгүй. Яг он солигдохын өмнөхөн өвөр дүүрэн бэлэгтэй, санд мэнд орж ирнэ. Бүх л албан газрын баярт уригдаж, хүн бүрийг баярлуулчихаад орон гэртээ ирж байгаа нь энэ. Хоол тааруухан хийнэ. Тэгэхдээ гарынхаа хоолыг бидэнд цадтал идүүлж байж санаа нь амардаг сан.

-Драмын театрт хэр удсан бол?

-Таван жил жүжигчнээр ажилласан. Энэ хугацаанд төрийн хошой шагналт урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг, Л.Ванган, Ч.Чимэд, Д.Мягмар нарын сонгодог жүжгүүдэд олон дүр бүтээсэн. Драмын театрын алтан тайз аавын минь амьдралын анхны алтан тайз байлаа. Тухайн үед залуу ч байж, ааг омогтой ч байж. Нэгэн арга хэмжээнд уригдаж очихдоо жаахан балгаад хүн амьтантай муудсан юм уу, яасан юм. Бүү мэд. Ямар ч гэсэн болохгүй зүйл хийчихсэн шиг байгаа юм. Ингээд 1973 онд театраасаа хөөгдсөн.

-Амьдралын гараагаа эхэлсэн театрын тайзнаасаа буух амаргүй байсан байх? -”Хүүхдүүд минь нялх нойтон, амьдралд хөл дээрээ тогтож амжаагүй байхдаа театраа орхисон минь хүнд цохилт болж толгой руугаа балбадаг байлаа” хэмээн хожим нь дурсдаг байв. Тухайн цагт аав маань сэтгэлээр унаж, хүнд бэрх өдрүү- дийг туулж байжээ гэж бодохоор өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрдөг юм. Драмын театрт байхад аавыг гавьяатад тодорхойлчихсон байсан юм билээ. Өнөө “гавьяат” өнгөрөхгүй хаачих вэ.

-Ингээд цирк гэдэг өрх гэрийн гишүүн болсон уу?

-Анх циркт мал маллагчаар гурван сар ажиллах гэрээтэй орсон. Дараа нь дагалдан жүжигчин болж, төд удалгүй жинхлээд цирк гэдэг айлтай хувь заяагаа холбон 25 жилийг үзсэн. Найруулагч Б.Бадрууганы “Гайхамшигт цаг” гэж бүтээл циркийн тайзнаа тавигдана. Тэр үеийн хүүхдүүд андахгүй дээ. Аав эмгэн шулмын дүр бүтээдэг байсан. Яг тэр үе бол аавын маань циркийн тайзнаа мандаж явсан он жилүүд байжээ. Казах түмний үндэсний хөгжим домбороо тоглох гэж үзүүлээд өгнө. Мөн шог зохиол их уншина. Т.Галсан, Ж.Барамсай, И.Цэрэнжамц нарын зохиолуудыг амилуулдаг байлаа. Хөөрсөн олны алга ташилт, инээд, нулимс аавд мэдрэгддэг байсан болов уу. Хэдэн ч цаг тайзан дээр байсан хамаагүй, үзэгчид инээлдэж хөгжсөөр. Хүнийг инээлгэнэ гэдэг уйлуулахаас хэцүү гэдэг шүү дээ. Циркт байхдаа драмын театраа үргэлж санагалзана. “Би эргээд ганц удаа ч болов жүжигтээ тоглох юмсан. Циркт ганцхан дүрийг өдөр бүр давтах юм” гэж санааширдаг байлаа. Театрын тайзнаа Монголын болон дэлхийн сонгодог жүжгүүдэд тоглож, олон сайхан оюуны хүмүүстэй хамт ажиллаж байсан хүн дотоод сэтгэлийнхээ хувьд яалт ч үгүй ганцаарддаг байсан байх.

-Гэртээ байхдаа алиа хошин зүйл ярьдаг байв уу?

-Үгүй ээ. Юу ч ярихгүй, таг дуугүй л сууна. Оросын телевиз хараад суучихна. Ер нь орос “школ”-той хүн байсан. Биднийг загнана гэж байхгүй. Алганы амт тун цөөн үзүүлсэн дээ. Хаа нэгхэн муухай харна. Харин бид ааваасаа их айдаг байв. Найз нөхөдтэйгээ дарвиад халамцуу ирэхдээ нэг их сайхан ааштай. Домбороо тоглож, дуу дуулж, шүлэг уншаад л. Манайхаар алдарт жүжигчин Цэвээнравдан гуай их ирнэ. Аав тэр хоёр нийлэхээрээ ууна. Багагүй олон “юм”-ны цаана гарч байж санаа нь амарна. Хошин шогийн жүжигчин Д.Батсүх, Б.Батзаяа, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг гээд манайхаар бишгүй олон хүн ирдэг байлаа.

-Аавыгаа олны хайрыг хүлээсэн жүжигчин гэдгийг анх хэдийд мэдэрсэн бэ?

-Сургуульд ороход аав намайг гараас минь хөтлөөд явж байсан. Би 1980 онд хотын 45 дугаар сургуулийн босгыг анх алхсан юм. Анхны “А” заасан багш маань Даариймаа гэж сайхан хүн байлаа. Багшид миний тухай яриад зогсч байсан нь одоо хэр нь нүдэнд харагддаг юм. Даариймаа багш миний нэрийг уншиж чадахгүй байсан юм билээ. Аав ингэж дуудаж, бичих ёстой гэж хэлж өгөөд л. Багш “Латиф гуай танай хүүг би ингээд өөр дээрээ авлаа” гэж дотноор хэлж байсан. Энэ цагаас л аавыгаа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн алдартай жүжигчин гэж бодсон доо. Аавтай хамт гудмаар алхаж явахад зөрсөн хүүхд үүд зүгээр байхгүй. “Латиф, Латиф” гэж орилолдоно. Сүүлдээ аавтай хамт явахаасаа төвөгшөөдөг байв. Тэрээр хүн бүртэй дотноор мэндэлж, зөөлөн гэгч нь харилцана. Олны хайртай хүн болж төрнө гэдэг өөр л байдаг юм билээ. -Хэдийд орон байртай болж амьдралаа төвхнүүлсэн бэ? -Тэр түүхийг яривал барагдахг үй. Бид эцэг эхээс дөрв үүлээ. Аав ээж хоёр эхнийхээ хоёр хүүхдийг айлын халаасны өрөө дамжин амьдарч явахдаа төрүүлсэн. Дараа нь Улсын драмын эрдмийн театр аавд байр өгсөн. Нэг сонин түүх ярихад аав гавьяат жүжигчин З.Жарантав гуайтай хамтарч ээжийг казах үндэснийхээ ёс заншлын дагуу оргуулж авсан гэдэг. Айлын бэр болох гэж байсан бүсгүйг хуримынх нь урьд шөнө богтолж авсан энэ хэрэгт гавьяат жүжигчин Г.Мягмарнаран ч оролцсон байдаг. Ээжийг Дарханаас оргуулж авчраад Налайхад шууд хуримаа хийсэн гэдэг. Ээж маань одоо Баян-Өлгий аймгийнхаа төвд аж төрж сууна.

-Аливаа хүнд гомдож, цөхрөх үе гэж байдаг. Аав тань юунд их гомддог байсан бол?

-Урлагийн хүнд жаргалаа дагаад зовлон их ирнэ. Хэдий авьяастай байлаа ч өөрөө “хүн” байна гэдэг том зүйл. Урлагийн хүнээс хамгийн түрүү шаарддаг зүйл энэ. Аав 1990 онд өөрийгөө гавьяат болчихно гэж бодсон байх. Тайлан тоглолтоо хийчихээд байж байтал аавд гавьяат биш соёлын тэргүүний ажилтан өгдөг юм. Тэгэхэд их урлагтаа гомдож, гутарсан болов уу гэж бодогддог. Соё- лын тэргүүний ажилтан хэмээх цол тэмдэг авсныхаа дараахан “Төрийн өгч байгаа хишиг буяныг голох учиргүй” гэж өөртөө хэлээд урам зоригтойхон ажиллаж эхэлсэн. Гэвч дараа жил нь буюу 1991 онд Хятадад явж байгаад гэнэт зүрх нь муудаад өнгөрс өн. Аавыг өнгөрөхөд тухайн үед Циркийн дарга байсан Батмөнх гуай “Монголын хошин урлагийн үүдэн шүдний нэг уналаа даа” гэж харуусан хэлж байсан нь одоо ч сэтгэлд минь тодхон байна. Нээрээ л миний аав Монголын хошин урлагийн үүдэн шүд нь байж дээ гэж бодогддог. Аав минь өнөөдөр хэдий үр хүүхдийнхээ дэргэд байхг үй ч ард түмний зүрх сэтгэлд монхор хамартай, өнөө л инээмсэглэсэн дотно дүрээрээ оршиж байгаа.

Categories
гадаад мэдээ

Барууны орнууд Украинд танк нийлүүлж эхэллээ DNN.mn

Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалт өнгөрсөн баасан гарагт болж, Герман улс болон дэмжигч орнууд Украинд Leopard танк нийлүүлэх асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй билээ. Гэвч Германы Гадаад хэргийн сайд Анна Бербок “Польш улс Украин руу Leopard танк илгээхэд Берлин саад болохгүй” хэмээн ням гарагт мэдэгдсэнээр Польш Украинд амласан ёсоор Leopard загварын 14 нэгж танкийг ойрын үед нийлүүлэх төлөвтэй байна.

Германы батлан хамгаалахын Rheinmetall концерн “Украинд нийт 139 нэгж Leopard-1, Leopard-хоёр танкийг нэг жилийн дотор нийлүүлэх боломжтой. Эхний ээлжийн танкийг энэ оны тавдугаар сард нийлүүлэх боломжтой” хэмээн мэдэгдэж байна.

Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалтын хүрээнд Франц 40 нэгж AMX-10 дугуйт танк, Их Британи 14 нэгж Challenger танк, Чех, Морокка зэрэг орнууд 90 нэгж Т-72 танк нийтдээ 144 тооны танк Украинд нийлүүлэгдэх төлөвтэй байна.

Украины эрх баригчид Оросын довтолгоог няцаахад хамгийн багадаа 300 танк хэрэгтэй хэмээн барууны орнуудад хүсэлт гаргасан бөгөөд Герман улсын байр сууриас шалтгаалан Украинд танк нийлүүлэх асуудал хүлээлтийн байдалтай байсан бол өчигдөр энэ асуудал гацаанаас гарч Германы канцлер Олаф Шольц Leopard танкуудыг Украин руу шилжүүлэхээр шийдвэр гаргалаа.

Spiegel сэтгүүлд мэдээлснээр, Герман хамгийн багадаа нэг танкийн рот буюу 14 нэгж Leopard танк Украинд нийлүүлэх төлөвтэй байна. Цаашид Германы Leopard танктай барууны 15 орноос Украинд тус танкийг шилжүүлэхэд Герман хориг саад тавихгүй бололтой.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
мэдээ нийгэм

АТГ: Улсын хилээр нэвтрүүлэх бараанд лиценз олгох журмын хэрэгжилтийг хянаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь энэ оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Эрчим хүчний сайдад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг тооцож, “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-ын хэрэгжилтийг судлан, журмыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тандалт, хяналт, дүн шинжилгээ хийв.

Өнгөрсөн долоо хоногт Архангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорноговь аймгийн болон Эрүүл мэндийн яамны албан тушаалтнуудад хамаарах төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг хянан шалгалаа.
Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд болон нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн зарим мэдээллийн мөрөөр зарим албан тушаалтнаас тайлбар тодруулга авах ажлыг гүйцэтгэж байна. Үүнд “Өргөө” амаржих газрын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанарын алба, УБЕГ, ХХҮЕГ, И-Монгол академи ТӨҮГ, “Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо” зэр
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргалаа DNN.mn

Нийтийн эзэмшлийн зам талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гаргах, халдварт, гоц халдварт өвчих тархах зэрэг эрсдэлээс сэргийлэн нийслэлийн ихэнх хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглодог.

Энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндэрснээс нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал олноор орж ирэх тохиолдлууд гарчээ.

Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, нэгдүгээр сарын 21-23-ны хугацаанд 396 албан хаагч, 53 тээврийн хэрэгсэлтэй ажиллан, нийт 4,557 толгой малыг хориглосон бүсээс гаргав.

Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын албан хаагчид мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 4,545 толгой адуу, 12 толгой үхрийг гаргаад байна.

Мөн цагдаагийн байгууллагаас нэг иргэнд торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хүргүүлэн, адуучдын төлөөлөлтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсож, албан мэдэгдэл өгч ажиллажээ.

Халдварт, гоц халдварт өвчин тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор хориглосон бүс дэх малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг нийслэлээс 2017, 2018 онд авч байв.

Тухайлбал, 2018 онд нийслэлийн хориглосон бүсэд хамаарах 38 хорооноос 602 өрхийн 16,784 малыг зөвшөөрсөн бүс буюу Сонгинохайрхан дүүргийн Нарийны хэсэг, мөн дүүргийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Арцатын ам руу нүүлгэн шилжүүлсэн юм. Ингэхдээ иргэдийн нийгмийн баталгааг хангахад анхааран цахилгаан, худаг, нүүх зардал зэргийг гаргаж, зөвшөөрсөн гурван бүсэд нийт 4.8 км урттай 10 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тавьж байжээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, нэгдүгээр сарын 21-23-ны хугацаанд нийт 2,758 толгой мал нийслэлийн бүсэд орж ирснийг холбогдох албаныхан тууж гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар бог малын мялзан өвчин Булган аймгийн Баян-Агт суманд 18 хурга, найман хонь, 26 ишиг, 12 ямаа нийт 64 толгой мал, Сайхан суманд хоёр ямаа, нэмж өвчилсөн. Мөн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд нэг ишиг, таван ямаа нийт зургаан толгой мал, нэмж өвчилсөн.

Хэрэв Монгол Улсын хүн амын тал нь оршин сууж байгаа Улаанбаатар хотод зооноз өвчин бүртгэгдвэл хөл хорио тогтоох, нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлага үүснэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зохиолч До.Цэнджав: Цоодолын Хуланг итгэхийн аргагүй асуудалд холбогдуулж хорьсон нь нийгмийг цочирдуулж байна DNN.mn

Яруу найрагч Цоодолын Хуланг Тагнуулын ерөнхий газраас баривчилж, улмаар нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэр гаргасан билээ. Түүнийг гадны байгууллагатай холбоотой, улсын нууц задруулсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Үүсээд буй асуудалтай холбогдуулж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч До.Цэнджавтай ярилцлаа.


-Яруу найрагч Ц.Хуланг хорьчихлоо. Олонд мэдээлэгдэж байгаа зүйл заалт нь бол эвгүй л дуулдах юм. Энэ асуудалд та зохиолч, сэтгүүлч, нийгмийн сэхээтний хувьд яаж хандаж байна вэ?

-Сүүлийн үед нийгэмд үүсч байгаа олон асуудлын дотроос Ц.Хуланг тагнуулын газраас саатуулж, онц хүнд, итгэхийн аргагүй асуудалд холбогдуулж байгаа явдал нь зохиолч, яруу найрагч, утга зохиолын хүрээнийхнийг бус нийгмийг тэр чигт нь цочирдуулж байна

Нийгмийн сэтгэл зүй, өдөөн турхиралтаар ард түмнийг янз бүрийн хэрэгт дасгах болсон. Тэгж л сэтгэл зүйг нь бэлддэг болсон. Гэвч Ц.Хулантай холбоотой энэ асуудал бол жирийн асуудал биш. Дайн байлдаантай, энх тайван бус цаг үед болдог, нийгмийг цочирдуулдаг ийм хэрэг. Эх орондоо хөндий хүйтэн сэтгэлээр хандах, шуудхан хэлэхэд эх орноосоо урвах гэдэг бол яаж ч бодоод итгэхийн арга алга. Ёстой дахин дахин бодоод, эргэцүүлээд, ялангуяа Хулан гэдэг энэ яруу найрагч дээр өөр дээр нь нааж үзэхэд ямар ч итгэл төрөхөөргүй. Хулангаа бол ганцхан би байтугай Монголын ард түмэн ёстой гар дээрээ, алган дээрээ тавьж байгаа юм шиг, яг хажууд нь сууж байгаа юм шиг дэндүү сайн мэднэ ээ. Учир нь тэр хүний алдаа оноо бүхэн нь ард түмнийхээ нүдэн дээр ил байсан. Цагаан цайлган сэтгэл, хөнгөн хэрнээ хэрсүү зан, за тэгээд өөрийнх нь аяг ааш, үзэл бодолдоо дэндүү хатуу байдаг зан чанарыг нь бүгд мэднэ. Тэр бол үгээ нууж, үзэл бодлоосоо ухарч, хэлсэн үгнээсээ буцаж, хувьсаж, хувирна гэдгийг даанч мэдэхгүй, жинхэнэ ард түмнийхээ дунд явж ирсэн яруу найрагч. Тиймээс Хуланг баривчилж хорьсон энэ үйл явцыг Монголын нийгэм зүгээр ч нэг тусгаж аваагүй, хүн бүхэн зүрхэн дээрээ авч байна.

-Үнэхээр л ард түмэн итгэхгүй байна. Бүгд л гайхсан, эргэлзсэн байдалтай байна?

-Цахим ертөнц, фэйсбүүк рүү орж үзэхэд нийтээрээ л итгэхгүй, үнэхээр Хулан найрагч тийм зүйл хийх хүн биш гэж дор бүрнээ үзэл бодлоо илэрхийлж байгааг нь хараад энэ хүн бол аргагүй ард түмний хайртай найрагч юм байна гэж бодогдлоо. Үнэхээр тийм итгэл төрлөө. Монголын ард түмэн Хулангаа хайрладаг, Хуландаа итгэдэг юм байна. “Энэ чинь одоо юу болоод байна аа, үнэн гэж үү. Энэ Монгол чинь ер нь юу болоод байгаа юм бэ” гээд л хайрласан, халагласан, хамгаалсан тийм л бичвэр комментууд харагдаж уншигдаад байна. Монголын нийгэм өнөөдөр тогтворгүй байгаа. Барьж хорьсон бүхнийг “Алаад хая, буудаад өг” гэж дайрч давшилж байгаа. Тэгтэл Хуланг дийлэнх нь хайрлаж хамгаалж байгаа нь тэр бол эгэл ардын хайртай найрагч, хайртай охин нь юм байна гэдгийг бататгаж өглөө. Хулангийн энэ асуудалд ямар нэгэн тоймтой тайлбар хийлгүй чимээгүй байгаад байгаа нь, мөн орон гэрээс нь шууд баривчилж хорьсон нь гайхширал төрүүлээд байна. Яг нарийндаа хэлэх юм бол Монгол шиг ил задгай орон гэж ер нь байдаг юм уу. Нууж хаах юм гэж алга. Фэйсбүүк цахим орчин бүгд нээлттэй. Улс төр, эдийн засгийн асуудлууд нь нээлттэй. Юуг нь тагнах юм бэ гэж бодохоор л байх юм. Тагнуулын үйл ажиллагаа явуулъя гэж бодоход хэвлэл мэдээллээр гарч байгаа зүйлүүд болоод, фэйсбүүкээр хөвөрч байгаа асуудлуудад дүн шинжилгээ хийхэд л болохоор байгаа. Дэлхийн 2 дугаар дайн буюу Германууд 1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр Орост халдан довтлох нь ээ гэсэн мэдээг Рихард Зорге гэдэг хүн мэдээлсэн байдаг. Үүнийг тагнуулын гайхамшигтай үйл явдал гэж ярьдаг. Яг ачир дээрээ сонин хэвлэл уншаад, сонины мэдээллийг цуглуулж байгаад гаргачихсан гэдэг. Өнөөдөр хэрэвзээ мөрдөх тагнах үйл ажиллагаа явуулах юм бол эдийн засгийн тагнуул, байгалийн баялаг, ашигт малтмалын тагнуул, дотоодын үйл ажиллагааны тагнуулаа сайн явуулах хэрэгтэй. Түүнээс зүгээр нэг гудманд явж байгаа, яруу найргаа уншаад явж байгаа, найз нөхөд, ард түмнийхээ дунд яваа хүнийг барьж хорьсон нь олон түмнийг гайхширалд оруулж эргэлзэхэд хүргээд байна. Түүний хувьд Ерөнхийлөгчийн дэргэд хэсэг хугацаанд зөвлөх нэртэй байсан. Төрийн ажлыг нь бол бид мэдэхгүй юм. Хулан бол хатуу юм шиг хэрнээ зөөлөн, зөөлөн юм шиг хэрнээ хатуу хүн. Юунд их хатуу байдаг вэ гэвэл үзэл бодолдоо. Мөн яруу найрагтаа хатуу байдгийг та бүхэн мэднэ.

-Хулан бол зүгээр нэг аар саар юмыг хэлдэг найрагч биш. Тэр бол яруу найрагтаа үзэл санааг тусгаж өгдөг. Эх орон, газар шорооныхоо үнэ цэнийг халуун амиараа тангараглаж бичдэг зоригт яруу найрагч?

-Тийм ээ, яруу найргийг нь жигнээд үзэхэд дийлэнх хувь нь эх орныхоо төлөө, газар нутгийнхаа төлөө, мөн ард түмэн, хайр энэрлийн шүлгүүд байдаг. Эх орноо хайрлах хайр, өвөг дээдэс, халуун голомт, аав ээж, анд нөхдөө хайрлах хайрыг Хулан шиг бичсэн найрагч тийм олонгүй байх шүү. Тэр бол шүлэг найргаараа ч, сэтгүүлчийнхээ эр зориг, даацтай далайцтай нийтлэлээрээ ч түшмэдийн зүрхийг чичиртэл үгээ хэлдэг тийм найрагч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн. Үнэхээр дарга нарын сандал ширээ, өрөөнийх нь хаалга цонхыг чичиртэл, савлатал хатуу үнэнийг шууд хэлдэг эр зоригтой эх оронч хүн бол энэ цаг үед гарцаагүй байхгүй Цоодолын Хулан мөн гэдэгт би эргэлзэхгүй.

“…Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ би” гэж Хулангаас өөр хэн хэлсэн юм бэ.

“Чөлөөтэй, омголон, дураараа байх би дуртай

Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай

Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай

Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай” гэж хориодхон насандаа бичиж байсан. “Ямбатны олбог найрагч миний ширдэгнээс ямар ялгаатай байдаг юм бэ. Ясны нимгэн, цусны өнгөөр Монголоо хэд хуваах гэсэн юм бэ” гэж түшмэдээс цэл залуудаа ам асууж байсан. “…Цайг нь уучихаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож цаг гозойж байсан ч би тан дээр ясаа тавина даа, эх орон минь” гэж тэр бичиж байсан. Тэр ингэж л зүрхнээсээ тасдаж үгээ шивнэж биш, үгээн хүн хүний зүрхэнд хадаас шиг зоож өгч шүлгээ бичдэг найрагч.

-Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Н.Наваан-Юндэн гээд орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, хэл бичиг соёлын ноён оргил болсон хүмүүс бүгд л тагнуул туршуул мэтээр орон шоронгийн хаалга татаж, зарим нь хилс хэргээр алуулсан байдаг. Дараа нь бүгд цагаадсан. Бүр ойрын жишээ гэвэл Төрийн шагналт зохиолч Чойжилын Чимидийн хүү Энхээ “Намайг тагнуулаас барьж хорьж байсан, гэвч хийсэн хэрэг байхгүй” гээд суллаж байсан хэмээн бичсэн байна лээ. Андуурч эндүүрдэг тал байдаг юм болов уу?

-Андуурал эндүүрлийг нь бол үнэндээ мэдэхгүй юм. Ер нь шударга үнэнийг хэлдэг хүмүүс бол аль эртний Грек, Ромын яруу найрагчдаас аваад байжээ. Уильям Шекспир эрхтэн дархтануудын өмнөөс ямар айхтар хэлж байсан гэж бодно. Тэгэхээр үе үед шударга яруу найрагчийг намнах явдал бол хүн төрөлхтний мөнхийн үзэгдэл байсан. Эх орны зовлон яруу найрагчийн зүрхэн дундуур өнгөрдөг гэж үг бий. Дайн байлдааны үед ч яруу найрагч эх орноосоо урвасан түүх байдаггүй юм даа. Д.Нацагдорж, С.Буяннэмэх бүгд хэлмэгдсэн. Гучаад оны хэлмэгдлийн тухай ярихаа больё, цаг нь тийм байж гэж бодоход хамгийн гэгээрсэн жараад оны үед Мишигийн Цэдэндорж, Нямбуугийн Нямдорж хэрхэн яаж хэлмэгдсэн байдаг билээ. Р.Чойном ямар хувь тавилан туулсан билээ. Ер нь үе үеийн эрхтэн дархтанууд шударга үнэний дуу хоолой болсон яруу найрагчаас л айдаг юм байна. Яруу найрагч бол энэ эх орны нэг тал нь гэж би бүрэн хэлж чадна. Яруу найрагчид бол эх орон, газар шорооныхоо төлөө юугаа ч хайрлахгүй, сүүлчийнхээ цусанд үзгээ дүрж эх орныхоо төлөө үнэнч бичиж чадах хүмүүс. Эх орон газар шорооныхоо төлөө бичээгүй, тэмцээгүй нэг ч яруу найрагч байхгүй. Ард түмнийхээ, нийгэм цаг үеийн жаргал зовлонг жинхэнэ мэдэрдэг хүмүүс бол яруу найрагчид.

Ерээд оны үеийнхэн бол Монголы яруу найраг, утга зохиолд тэсрэлт авчирсан. Тэр найрагчдын дунд гурван эмэгтэй найрагч авьяас билгээрээ шатаж, тодорч гарч ирсэн. Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг гурав. Бие биенээсээ өөр, үндсэндээ өөр өөрсдийн дуу хоолой, том ертөнцүүд гарч ирсэн. Яруу найраг, гоо үзэсгэлэн, хамгийн гол нь эх оронч үзэл санаа нь энэхүү галтай гурван найрагчийг нэгтгэсэн байдаг. Монголын яруу найргийн гурван тод өнгө нь. Өнөөдөр гурвуулаа “Болор цом”-ын эзэд, гурвуулаа гавьяат цол хүртэж, төр ард түмнийхээ төлөө, үндэсний бичиг соёл, их утга зохиолынхоо төлөө зүтгэж байна. Яруу найрагчдыг хайрлах хэрэгтэй юм. Тэр тусмаа бүсгүй найрагчдыг бүр их хайрлах л хэрэгтэй байгаа юм даа. Зүрхнийхээ гадна байлгаж болохгүй хүмүүс.

-Ер нь сүүлд нь асуухад, энэ цаг үе ямар цаг үе байна вэ?

-Энэ цаг үе бол утга зохиол гэдгийг огтоос мэдрэхгүй, яруу найраг гэдгийг мэдэхгүй. Дэндүү хөрзгөр хүйтэн цаг үе байна. Эрхтэн дархтанууд албан тушаалдаа эрдсэн, бардсан, түшмэл зантай нөхдөөр төрийн алба дүүрсэн юм уу даа гэж өөрийн эрхгүй бодогддог. Ийм түшмэдүүдэд Хулан яснаасаа дургүй байсан. Ёстой л зүрхийг нь чичиртэл үгээ хэлдэг байсан. Хажуунаас нь “Хулаан, чи болиоч” гэж бараг хэлчихмээр хатуу үнэнийг ил цагаан хэлдэг байсан. Энэ бүхэн өөрт нь гай болсон ч юм билүү гэж бодогдох юм.

Categories
мэдээ цаг-үе

Гурвалсан мэдрэлийн эмгэгийн үеийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гурвалсан мэдрэлийн эмийн эмчилгээг 528 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 840 мянгаас 8.1 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.

Та ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй Улсын болон хувийн хэвшлийн 85 ЭМБ-аас ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай ЭНД дарж танилцаарай.

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

NASA: Ангараг гаригт илүү хурдан хүргэх цөмийн хөдөлгүүрт пуужинг турших төлөвлөгөөгөө зарлав DNN.mn

Ирээдүйд сансрын нисгэгчдийг харьцангуй богино хугацаанд Ангараг гарагт хүргэх цөмийн хөдөлгүүртэй пуужинг турших төлөвлөгөөгөө NASA өчигдөр зарлажээ.

Тус байгууллага АНУ-ын засгийн газрын DARPA (Defense Advanced Research Project Agency) судалгааны агентлагтай хамтран пуужингийн цөмийн дулааны хөдөлгүүрийг (nuclear thermal rocket engine) 2027 онд анх удаа туршихаар болсон байна.

Энэ бол өнгөрсөн зуунаас эхлэлтэй уламжлалт пуужингийн хөдөлгүүрийг цоо шинэ технологиор солих анхны алхам юм.

“Цөмийн дулааны хөдөлгүүртэй пуужин ашигласнаар аяллын хугацааг богиносгож, сансрын нисгэгчдэд тохиолдох эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Ангарагт хүмүүсийг хүргэхэд аяллын хугацааг богиносох нь хамгийн чухал зорилтуудын нэг юм. Аяллын хугацаа уртсах тусам илүү их хангамж, ачаа, илүү бат бэх систем шаардагддаг” гэж NASA-гийн мэдэгдэлд өгүүлжээ.

NASA өнгөрсөн онд шинэ үеийн Artemis сансрын хөлгийг амжилттай туршиж байв. Уг хөлгөөр эхний эээлжинд саранд, дараа нь 2030-аад оны үед Ангарагт хүрэх зорилготой.

Одоогийн технологиор бол Ангараг хүрэх 480 сая гаруй километр замыг долоон сарын хугацаанд туулах юм.

Цөмийн дулааны хөдөлгүүр ашигласнаар хэр хугацаа хэмнэхийг одоогоор яг хэлж чадахгүй ч нэлээд ялгаа гарна гэж үзэж байгаагаа NASA-гийн тэргүүн Билл Нэлсон ярьжээ.

“Энэхүү шинэ технологийн тусламжтайгаар сансрын нисгэгчид огторгуйн гүн рүү урьд өмнө байгаагүй өндөр хурдаар аялдаг болно” гэж тэр амласан юм.

Эх сурвалж: The Guardian

Categories
мэдээ цаг-үе

Замын-Үүдээс Эрээн хот руу 10 минут тутамд автобус явж эхэллээ DNN.mn

Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өнөөдрөөс эхлэн өөрчлөлт орж байна.

Тодруулбал, Эрээн хот руу явах автобус 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагт Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдөлнө.

Автобусны тасалбарыг захиалахад сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан PCR шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэнэ. Шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцна. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө хариуцах журамтай байна.

Замын-Үүдээс Эрээн хот руу явах автобус том хүнд 25,000, хүүхэд 12,500 төгрөгөөр үйлчилж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын талаар хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

– Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын талаар авах арга хэмжээний тухай,

– УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.