Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшний нөөц 48.409 тонн байна DNN.mn

“Тавантолгой Түлш” ХХК-аас сайжруулсан шахмал түлшний нөөц болон тээвэрлэлт, борлуулалтын мэдээллийг өглөө.

Тодруулбал, Өнөөдрийн байдлаар, сайжруулсан шахмал түлшний 48.409,5 тонн нөөцтэй байгаа бол нийслэлээс 650 борлуулалтын цэгт нийт 3.297 тонн сайжруулсан шахмал түлш түгээжээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Нүүрсний гэх тодотголтой хэрэгт 66 хүнийг яллагдагчаар татсан DNN.mn

Нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр мэдээлэл өглөө.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг: “Нүүрс худалдах, худалдан авах, олборлох, гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, С зөвшөөрөл олгох, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд бараа ажил үйлчилгээг худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргүүдэд ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр явуулж байна.

Ажлын хэсэг нийт 36 хэргийг мөрдөн шалгаж байгаагаас гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар 127 объектод нэгжлэг хийж, хүний бие эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, гэрчээр 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулаад байна.

Одоогийн байдлаар нийт 66 иргэн, албан тушаалтныг яллагдагчаар татсан бол 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан. 15 яллагдагчийг цагдан хорьсноос 7-г нь үргэлжлүүлэн хорьж байна. Хэрэгт холбоотой 19 хүнд хилийн хориг, албан үүргийг түдгэлзүүлэх арга хэмжээг 5, хувийн баталгаа гаргах арга хэмжээг 35 яллагдагчид авсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийг хахууль авсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул хөрөнгийг битүүмжилсэн.

Тодруулбал, 78 орон сууц, оффисын талбай 3, 43 машин, 4 газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь дансны зарлагын гүйлгээ, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэт цаас, бондыг битүүмжиллээ.

Үүнээс гадна нэгжлэгээр илэрсэн 630 сая төгрөг, 230,000 ам.долларын эх үүсвэрийг шалгаж байна.

Битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийн тухайд Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан этгээд нь Тавантолгой орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанитай гэрээ байгуулах явцдаа хахууль авчээ.

Хахуулийн мөнгөнөөсөө Хан-Уул дүүрэгт 4.6 га талбайд спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхэд зарцуулсан нь гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуух зорилгоор өөрчилсөн нь алба тушаалтан хахууль авах, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Мөн Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз, нөхдийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 464.5 м.кв бүхий оффисыг 2.5 тэрбум, мөн 530.9 м.кв бүхий оффисыг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, хамаарал бүхий этгээдийн нэр дээр үнэт цаас, бонд авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож байна.

Тухайн оффисоо түрээслэх замаар 1.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь тогтоогдсон бөгөөд уг оффисыг битүүмжилсэн” гэлээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн: “АТГ-ын зүгээс тайланд дурьдсан гадаад хамтын ажиллагааг сайжруулахад нөлөө үзүүлсэн. Одоогоор анхны тохиолдол учраас хууль эрхзүйн орчин төдийлөн бүрдээгүй байна. Хөрөнгө буцаах ажиллагаагаар нөхөн төлүүлсөн хохирлыг АТГ захиран зарцуулах эрх байхгүй. Сүүлд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар Лондон хот дахь орон сууцыг буцаан авах ажиллагааг хийгээд эргээд төрийн өмчит компанид бүртгүүлсэн. Гадны оронд эргэн төлөгдсөн хөрөнгө иргэдэд зориулагддаг хуультай байдаг юм байна лээ.

Энэ үүднээс Эрдэнэт үйлдвэрт санал тавьж уг саналыг зөвшөөрч тухайн орон сууцны түрээсийн мөнгийг Энэрэл асрамжын төвд өгж байхаар болсон. Мөн Нүүрсний хулгайн сэжигтэн Хан-Уул дүүрэгт спорт комплекс барьсан нь тогтоогдсон” гэв.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ 15 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ DNN.mn

Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 162 иргэн хандсанаас 115 утсанд 118, чатботод 16, и баримт апликейшн 21, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 7 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 89 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 30 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 25 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үүнээс 10 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон 15 иргэний гомдлыг бусад байдлаар ирүүлсэн шуурхай шийдвэрлэж 12,855,000 төгрөгний мөнгөн хохирол барагдуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгалан: Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархал гаргаагүй DNN.mn

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын зүгээс Үндсэн хуулийг шинээр бичих санаархал гаргаагүй. Улс төрийн намууд, Үндсэн хуулийн судлаач нар Ерөнхий сайд болон холбогдох улс төрийн албан тушаалтнуудад Үндсэн хуулийг ямар хэлбэрээр өөрчилбөл улсын хөгжилд хэрэгтэй юм бэ гэдэг саналаа боловсруулж өгөх хүсэлт гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдсан юм. Үндсэн хуулийг биччихлээ гээд шууд батлагдах зүйл биш. Энэ асуудлыг Монголын ард түмэн шийднэ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр бичих гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Нэмэлт өөрчлөлт гэдэг нь цөөн тооны хэдэн заалтыг өөрчлөх замаар тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд чиглэдэг. Тэгвэл одоогийн хэрэгжиж байгаа хуулийн 35 орчим хувиас илүү хэмжээний өөрчлөлт оруулах бол шинэ Үндсэн хууль өргөн барьдаг.

Шинээр Үндсэн хууль бичээд батална гэдэг нь хэрэгжүүлж чадах зүйл мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Шинэ Үндсэн хууль гаргах тохиолдолд заалт бүрийг нь ярилцаж, богино хугацаанд хийх ажил биш гэдгийг судлаачид хэлж байгаа. Ард түмэн Үндсэн хуулийг шинээр бичих шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн хууль бүтнээрээ бий болтол дор хаяж 2-3 жилийн хугацаа орно.

Манай намын байр суурийн тухайд Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Парламентын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Энгийн иргэдийн төлөөлөл парламентад суух боломжийг бий болгох нь юунаас ч илүү чухал гэж үзэн байр сууриа илэрхийлж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Ард түмэн, улс төрийн намууд мажоритар тогтолцоог олон жил шүүмжилж ирсэн. Өнөөдрийн энэ нөхцөл байдлын шалтгаан нь уг тогтолцоо байхыг үгүйсгэхгүй. Учир нь нэг тойрог дээр өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн хамгийн өндөр саналыг авсан хүн нь парламентын гишүүнээр сонгогддог. Хамгийн өндөр саналыг авч байгаа буюу хуучин сонгуулийн хуулиар 25 хувиас дээш олонхын саналыг авсан бол гишүүн болдог. 75 хувьд нь сонголтоо хийсэн иргэдийн төлөөлөл парламентад сонгогдохгүй байгаа юм.

Ард нийтийн санал асуулга явуулж, иргэд дэмжиж байгаа тохиолдолд шинэ Үндсэн хуулийг батлах боломжтой” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын 71 хувь нь хөдөлмөр эрхэлж байна DNN.mn

Хүний эрхийн үндэсний комиссоос “Хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа”-г танилцууллаа. Уулзалтад ШШЕГ болон хууль сахиулах байгууллагын удирдлага, “Ардчилал судлалын хүрээлэн” ТББ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлага, төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн, доктор Д.Сүнжид ” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хоригдлын хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлохдоо Хөдөлмөрийн тухай хуулийг баримталдаг. Хөлсний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялалдуулах ёстой. Өмнө нь 2016 онд хийгдсэн судалгаагаар хоригдлыг өөрийнх дур зоргоор бус хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд албадан ажиллуулсан тохиолдол илэрч байсан. 2022 онд хийгдсэн судалгаагаар ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хоригдолд ажлын нөхцөл, цалин хөлсийг танилцуулж, зөвшөөрлийг нь гарын үсгээр баталгаажуулдаг. Дээрх бичиг баримтад прокурор хяналт тавиад явж байгаа тул дур зоргоос ангид ажиллуулах явдал байхгүй болсон” гэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2020 онд нийт хоридлуудыг 67 хувийг ажлын байраар хангаж байсан бол өнгөрсөн онд 71 хувьд хүрчээ. Хорих ангид ял эдэлж буй хүмүүс үйлдвэрлэл болон аж ахуйн үйлчилгээнээс гадна гадуур гэрээгээр ажиллах гэсэн үндсэн гурван чиглэлээр хөдөлмөр эрхэлдэг юм.

Цаашдаа хаалттай хорих ангид ажлын байрыг нэмэгүүлэх, бүх насаараа хорих ялтай хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нээх талаар энэхүү уулзалтаар хөндлөө.

Categories
мэдээ нийгэм

Дараагийн ээлжийн автобусууд хоёрдугаар сарын дундуур Улаанбаатар хотод ирнэ DNN.mn

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобус оруулж ирсэн.

Тэгвэл эдгээр автобусуудыг бүртгэлийн санд бүртгэж дуусаад өнөөдрөөс үйлчилгээнд гаргалаа.

Тодруулбал, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 29, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 13, нийт 42 чиглэлд иргэдэд үйлчилж байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн дараагийн ээлжийн автобусууд хоёрдугаар сарын дундуур Улаанбаатар хотод ирнэ.

Categories
мэдээ нийгэм

Цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, 96 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа DNN.m

Он гарсаар цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 96 иргэний аюулгүй байдлыг ханган, 35 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Тухайлбал, өчигдөр буюу 24-нд Увс аймгийн Сагил сумын Бургастай багийн “Сэртгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 2 зорчигчтой “Приус- 20” загварын суудлын автомашиныг татан гаргасан юм.

Иймд машин техник цасанд суух, боогдох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол сонсох,

-Хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах,

-Өөрийн болоод гэр бүлийн аюулгүй байдлыг хангах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Түрэг улсуудын байгууллага өргөжин хөгжиж байна DNN.mn

Түрэг улсуудын байгууллага (өмнө нь Түрэг хэлтэй улсуудын хамтын ажиллагааны зөвлөл, Түрэгийн зөвлөл хэмээн нэрлэгдэж байв) нь түрэг хэлтэй орнуудын иж бүрэн хамтын ажиллагааг дэмжих үндсэн зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм.

Турк улс нь 1991 он хүртэл дэлхийн цорын ганц тусгаар тогтносон, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түрэг хэлтэн улс байсан бөгөөд 1992 онд шинээр тусгаар тогтносон хуучин Зөвлөлтийн Түрэг хэлтэн орнуудын дээд хэмжээний уулзалтыг санаачлан, Анкарад зохион байгуулсан нь өнөөгийн Түрэг улсуудын байгууллага үүсэж хөгжих үндэс суурь болсон юм.

Түрэг улсуудын байгууллагыг (ТУБ) Азербайжан, Казахстан, Кыргызстан, Турк улс 2009 онд үүсгэн байгуулсан. Узбекистан тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр 2019 онд элссэн бол Унгар 2018, Туркменистан 2021 онд ажиглагчаар элсчээ (зураг дээр ТУБ-ын орнуудын орон зай).

Байгууллагын үндсэн дүрэм болох Нахичеваны гэрээнд тус байгууллагын үндсэн зорилго, зорилтыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:

  • Оролцогчдын хооронд харилцан итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх;
  • Гадаад бодлогын асуудлаар нэгдсэн байр суурь боловсруулах;
  • Олон улсын терроризм, экстремизм, салан тусгаарлах үзэл, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг зохицуулах;
  • Бүс нутгийн болон хоёр талын хамтын ашиг сонирхлын бүхий л салбарт үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжих;
  • Харилцан худалдаа, хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
  • Эдийн засгийн цогц, тэнцвэртэй өсөлт, нийгэм, соёлын хөгжилд тэмүүлэх;
  • Шинжлэх ухаан, технологи, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад харилцааны хэрэгслийн хоорондын харилцан үйлчлэлийг дэмжих;
  • Холбогдох хууль эрх зүйн мэдээлэл солилцох, эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг багтаж байна.

Түрэг улсуудын байгууллагын үндсэн шийдвэр гаргах түвшний бүтцэд нь Төрийн тэргүүн нарын зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын зөвлөл, Ахмадын зөвлөл, Ахлах албан тушаалтны хороо, Нарийн бичгийн дарга нарын газар зэрэг багтдаг. Мөн тус байгууллагын институцууд болох Түрэг хэлтэн орнуудын Парламентын ассамблей (ТУРКПА), Түрэгийн соёлын олон улсын байгууллага (ТУРКСОИ), Олон улсын Түрэгийн академи, Түрэгийн соёл, өвийн сан, Үндсэн хуулийн цэцийн зөвлөл зэрэг байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

Түүнчлэн үйл ажиллагааг нь Нүүдлийн соёл, иргэншлийн төв (Бишкект төвтэй) болон Түрэгийн бизнес зөвлөл зэрэг холбогдох болон харьяа байгууллагууд дэмжиж ажилладаг.

Түрэг улсуудын байгууллага нь НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмууд болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад дүрэм, хэм хэмжээг баримталж, улс орнуудын бүрэн эрхт, эрх тэгш байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, түүнчлэн олон улсын энх тайван, аюулгүй байдал, сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхийг эрхэмлэдэг.

Түрэг улсуудын байгууллагатай Иран, Украин, Өмнөд Солонгос зэрэг Өрнө Дорнын орнууд хамтран ажиллах, ажиглагчаар элсэх сонирхолтой байгаа нь түүний Евразид эзлэх орон зайг улам өргөжүүлж магадгүй юм.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ

Оросууд амь үрэгдсэн украин иргэдийг хүндэтгэв DNN.mn

Украины Днепр хотын орон сууц Оросын пуужингийн цохилтод өртөх үеэр 46 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархадсан билээ. Амь үрэгдэгсдийн дотор зургаан хүүхэд байсан. Энэ нь Украины дайн эхэлсэн цагаас хойш хамгийн олон энгийн номхон иргэн нэг дор амиа алдсан тохиолдол болсон юм.

Хэдийгээр хуулиар хориотой байгаа ч Оросын зарим хотуудад иргэд хувиараа Украины амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэсээр байна. Ингэхдээ тэд Украины урлаг соёлын алдартай хүмүүсийн хөшөө дурсгалуудын дэргэд цэцэг, тоглоом, ном, лаа, пуужинд өртсөн орон сууцны барилгын зураг зэргийг тавьж, хүндэтгэл үзүүлж байгаа ажээ. Тухайлбал, Москва хотын яруу найрагч Леся Украинкагийн хөшөөний дэргэд дурсгалын зүйлс олноор цугларсан байна.

Хотын цагдаагийн газар хүндэтгэл үзүүлсэн хүмүүсээс тавыг баривчилж, цугларсан эд зүйлсийг хэд хэдэн удаа хураасан ч иргэдийн цуваа тасрахгүй байна.

Сүүлдээ хууль сахиулагчид уг хөшөөний дэргэд хөдөлгөөнт эргүүлийн автомашин байрлуулжээ. Хөшөөнд цэцэг тавьсан 63 настай математикч Елена Иванова “Энэ эмгэнэлт явдлын талаар сэтгэгдлээ би өөр яаж илэрхийлэх билээ? Зовж шаналсан хүмүүсийн төлөө би эмгэнэн гашуудаж байна. Үүнээс өөр сонголт алга” гэж “AFP” агентлагийн сэтгүүлчид ярьсан юм.

Москвагаас гадна Санкт Петербург, Краснодар, Екатеринбург зэрэг хотуудад Украинтай холбоотой хөшөөнүүдийн дэргэд иргэд Днипрогийн хохирогсдын дурсгалд хүндэтгэл үзүүлцгээжээ.

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Есөн настай хүүхэд чарганаас унаж нас баржээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулан орчимд өчигдөр /2023.01.24/ есөн настай хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэж, нас баржээ. Бага насны хүүхэд чаргаар гулгаж байхдаа шон мөргөж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тус хэргийг тус дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, агаар салхинд гарч чаргаар гулгаж тоглоход нь аюулгүй байдлыг нь хангаж анхааралдаа авна уу.