Categories
мэдээ цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна DNN.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны 01-р сарын 27-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 28-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -33…-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул голын хөндийгөөр -26…-31 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бус нутгийн хойд болон зүүн хэсгээр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор -26..-31 градус, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 0…-5 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Төрөлт 8.5 хувиар буурчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өнгөрсөн онд 65090 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад амаржсан эхийн тоо 8,5 хувиар, төрсөн хүүхдийн тоо 8,1 хувиар буурсан үзүүлэлт юм. 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Орхон,
Говьсүмбэр аймгуудад улсын дунджаас 0.1-4.5 нэгж хувиар дээгүүр, бусад аймагт 0.1-11.1 нэгж хувиар доогуур
байна. Тухайлбал 2022 онд Төв аймагт 1000 хүнд ногдох төрөлт 8.5 буюу хамгийн бага гарчээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдүүд чарганаас унаж, гэмтэх нь нэмэгджээ DNN.mn

Унаж гэмтэх нь нийт осол гэмтлийн дунд хамгийн түгээмэл тохиолддог ба улсын хэмжээнд жил бүрийн осол гэмтлийн шинэ тохиолдлын 35-40 хувийг эзэлж, тэргүүлэх шалтгаан болж байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2018-2022 онд унаж гэмтсэний улмаас тусламж үйлчилгээ авсан хүний тоо 279.402 бөгөөд жилд дунджаар 55.880 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт осол гэмтлийн 45.30 хувийг эзэлж байгаа юм.
2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ГССҮТ-д цас мөсөн дээр халтирч, унаж гэмтсэний улмаас яаралтай тусламж авсан үйлчлүүлэгчийн тоо 1541 байна.\
Түүнчлэн чарганаас унаж гэмтсэн 221 үйлчлүүлэгч яаралтай тусламж авсан бөгөөд үүний 149 нь буюу 67,4 хувь нь 1-18 хүртэлх насны хүүхэд байна.
Тухайлбал, 1-4 насны 15, 5-9 насны 63, 10-14 насны 60, 15-17 насны 11 хүүхэд чарганаас унаж гэмтжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайллаа DNN.mn

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол Токио хотын Кокугикан сүмогийн ордонд өнөөдөр болж байна. Ийнхүү зодог тайлснаар Миягино дэвжээг өв залгамжлах аж.

Тэрбээр сүмо бөхийн дэвжээнээ 1,187 давж, 45 удаа түрүүлэн Японы Эзэн хааны цомыг авсан цорын ганц бөх билээ.

Энэ үеэр түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээ батламж, шилжин явах цомыг үүрд хадгалуулахаар гардууллаа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эваристе Коуасси-Комлан: Монгол хүүхдүүдийг цахим хүчирхийллээс сэргийлэх ажлыг цогцоор хийх шаардлагатай байна DNN.mn

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай ярилцлаа.


-Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Хүүхдийн сангийн 2023-2027 оны шинэ хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн талаар ярилцлагаа эхэлье?

-Танд бас шинэ оны мэнд хүргэе. Бид өнгөрсөн жил Монгол Улсад олон ажил хийсэн, тэр бүхэн маань тодорхой үр дүнд хүрч, амжилт гаргасанд баяртай байна.

Энэ жилээс 2023-2027 оны шинэ цикл эхэлж байгаа. Энэ нь өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүн, амжилтад суурилж гарч байгаа юм. Шинээр стратегийн түвшний өөрчлөлтүүдээ багтаасан. Хөтөлбөр тус бүрээр зорилго чиглэлүүд гардаг. Эхнийх нь эрүүл мэндийн салбар. Энэ чиглэлээр хүүхдийн төрөлхийн гажигийг эрт илрүүлэх, хүүхдийн хоол тэжээл, таргалалтын асуудлыг илүү анхаарч байна. Засгийн газрын энэ чиглэлийн бодлогыг илүү дэмжиж байгаа. Мөн өмнө нь эхэлсэн болон шинээр хэрэгжүүлж байгаа вакцины хөтөлбөрүүдийг дэмжинэ. Түүнчлэн өрхийн эмнэлэг буюу эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэсэгт анхаарлаа хандуулна.

Бидний дараагийн гол ажил бол боловсролын салбар. ЕБС-уудын боловсролын чанарыг сайжруулж, багш нарын чадварыг нэмэгдүүлэх тал дээр ажиллана. Цар тахлын үеэр цахим сургалтын асуудал нэлээд хөндөгдсөн. Үүн дээр ч бид анхаарлаа хандуулахаар зорьж байгаа. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдэд 21 дүгээр зуунд ажиллаж, амьдрахад шаардлагатай ур чадваруудыг суулгах тал дээр анхаарч ажиллана.

хүүхэд хамгааллын асуудалд хүчээ хаяж байсан, энэ жил ч мөн үргэлжлүүлнэ. Хүүхэд хамгааллын асуудал офлайн болон онлайн байдлаар явагдаж байгаа. Цахим орчин дахь хүүхэд хамгаалал болон Засгийн газрыг хүүхэд хамгааллын баримт бичиг боловсруулах институцийн түвшинд илүү дэмжиж, холбогдох агентлагуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажиллана.

Гурав дахь нь уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, ус, эрүүл ахуйн асуудал бий. Уур амьсгалын өөрчлөлтийн баг маань ажлын цар хүрээгээ тэлээд өөр аймгуудад усны чанар, эрүүл ахуйн асуудлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа. Мөн энэ талаарх судалгааны ажлуудыг дэмжих, тоо баримт, нотолгоог гаргаж ирэх ажлуудыг төлөвлөсөн. Дээр нь нэмээд хүмүүнлэгийн ажлууд бий. Ямар нэгэн гамшигт өртсөн гэр бүл, хүүхдүүдийг хурдан эдгэрч, тэр асуудлаасаа салахад нь бидний үйл ажиллагаа чиглэнэ.

-Ноён Эваристе Коуасси-Комлан та Монгол Улсад ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. Монголын хүүхэд хамгаалал ямар түвшинд байна гэж хардаг вэ?

-Монголд бусад улсуудтай харьцуулахад цахим халдлага, дээрэлхэлт их байдаг. Судалгаанаас харахад энэ асуудал дэлхий даяар эрчимжиж байгаа. Түүний дотор Монгол Улсад ч давхар нэмэгдсээр байгаа. Монгол Улсад энэ чиглэлийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн чадавх сул байгаа нь гол асуудал. Цахим орчноос үүдээд хүүхдэд ямар аюул занал учирч байгааг багш нар, эцэг эхчүүд нь төдийлөн мэддэггүй. Хүүхэд цахим орчинд хэрхэн аюулгүй байх, дарамтад өртлөө гэхэд ямар арга хэмжээ авах талаар зааж зөвлөх ёстой хүмүүс нь тэд учраас эцэг эхчүүд, багш нарын цахим орчны боловсрол маш чухал. Бид энэ жилээс шинэ хөтөлбөрийнхөө хүрээнд Засгийн газартай хамтарч цахим хүчирхийллээс сэргийлэх хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах талаар ажиллана. Цахим хүчирхийллийг хүүхэд хамгааллын чухал хэсэг болгож оруулж ирж байгаа. Хүүхдүүдийн хувьд ч цахим орчинд биеэ зөв авч явахаас эхлээд цахим боловсролыг олгох ёстой.

-Цахим хүчирхийллээс гадна хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрх нь ноцтой зөрчигдөж байгаа харагддаг. Агаарын бохирдол, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт асуудлууд бий. Эдгээр асуудал дээр бидний нөхцөл байдал ямар түвшинд байна, шийдвэрлэх ямар гарц гаргалгаа байна вэ?

-Агаарын бохирдол монгол хүүхдүүдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа номер нэг асуудал гэж харж байгаа. Ялангуяа жил бүрийн 10 дугаар сараас дараа жилийнхээ гуравдугаар сар хүртэл агаарын бохирдол монгол хүүхдүүдэд хүчтэй нөлөөлдөг. Гэр хорооллын орчинд агаарын бохирдол хамгийн их байдгийг бид бүгд мэддэг учраас тэндээс л ажлаа эхлэх ёстой. Тийм ч учраас НҮБ-ын Хүүхдийн сан хамтрагч нартайгаа гэр хорооллын орчинд монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг гаргасан. Энэ нь уламжлалт зуухыг халж, нүүрс түлэхгүйгээр гэрийг дулаалж байгаа цогц бүтээгдэхүүн юм.

Дараагийн нэг асуудал нь хөрсний бохирдол. Гэр хороололд хүүхдүүд шууд бохир хөрсөн дээр тоглож байгаа нь эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэдэг. Хөрсний бохирдол дунд янз бүрийн металл, өвчин үүсгэгч химийн бодисууд байгаа шүү дээ. Гурав дахь эрсдэл нь хоол тэжээлийн тэнцвэрт байдал гэж бид харж байгаа. Монгол хүүхдүүдэд энэ байдал алдагдаж байгаа учраас нэг бол таргалалттай, эсвэл хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд олширсон. Хүүхдэд хоол тэжээлийн тэнцвэрт байдал маш чухал. Гэр бүл, сургууль, шийдвэр гаргагч нарын хамтын ажиллагааны үр дүнд энэ асуудлыг шийдэж чадна. Бид өнгөрсөн жил энэ чиглэлээр томоохон форумыг зохион байгуулсан. Тэр үед сургуулийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө нь 3000 төгрөг байдаг талаар албаны хүмүүс онцолж байсан. Энэ мөнгөөр ердөө л түргэн хоол л авч хүрнэ шүү дээ. Тиймээс сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хоолны чанарыг сайжруулах, төсвийн хэмжээг нь хэрхэн нэмж болох вэ гэдэг асуудал чухал болоод байна. Таны хэлснээр гэр бүлийн хүчирхийлэл, агаарын бохирдолтой холбоотой асуудал ч ноцтой түвшинд ирсэн. Хүүхэд зөвхөн бие махбодын хүчирхийлэлд өртөхөөс гадна сэтгэл зүйн хүчирхийлэлд ч өртдөг. Тухайлбал, цаг агаар хүйтрээд ирэхээр айлууд гэрээ дулаалж, хүүхдүүд гэрээсээ гарах нь ховор болдог. Энэ үеэр сэтгэцийн хүчирхийлэлд өртөх нь элбэгшдэг. Зуухнаас болж түлэгдэх тохиолдол ч бас гардаг. Хүүхэд дээр ирж байгаа энэ олон хүчирхийлэлтэй тэмцэх нь ердөө нэг байгууллагын ажил биш, хамтын ажиллагааны хүчээр шийдэгдэнэ.

-Бид ихэвчлэн Улаанбаатар хот дахь хүүхдийн асуудлыг хөндөж ярилаа. Тэгвэл Монгол орны 21 аймгийн хүүхэд багачуудад НҮБ-ын Хүүхдийн сан яаж хүрч ажиллаж байна вэ?

-Үүнийг асуусанд их баярлалаа. Сүүлийн таван жилд бид гурван аймагт анхаарлаа төвлөрүүлж ажилласан бол ирэх дөрвөн жилийн хөтөлбөр маань улс даяар бүх хүүхдэд хүрэх төлөвлөгөөтэй байна. Аймаг бүрийн хэрэгцээ, шаардлага, асуудалд тохируулан бид үйл ажиллагаагаа төлөвлөж байгаа. Сүүлийн үед аймгуудаар зочлоход хэд, хэдэн асуудал гарч ирж байгаагаас хамгийн чухал нь усны чанар. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал.

Гурав дахь нь эмнэлгийн ажилтнууд дан ганц биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхааралдаа авах нь чухал гэж харагдах болсон. Бид аймгуудын эрсдэлийг 5 зүйлээр хэмждэг юм. Тэгэхэд зарим аймгууд нь тогтворжчихсон байдаг бол заримынх нь эрсдэл нэмэгдэж байгаа тохиолдол бий. Зарим аймгийн эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг сайжруулах шаардлагатай бол заримд нь санхүүгийн асуудал тулгарч байна. Энэ бол бидний хийж буй ажлуудын тодорхой нэг хэсэг нь л юм.

-Хувийн хэвшлийг хүүхэд хамгааллын асуудалд оруулж ирэх ёстой гэдэг стратегийг таныг барьдаг гэж дуулсан. Үнэхээр ч зөв алхам. Хувийн хэвшлийг энэ чиглэлд яаж татаж болох вэ?

-Хувийн хэвшил бидний ажилд чухал үүрэгтэй. Олон арга замаар тэдэнтэй хамтарч ажиллаж болно. Хувийн хэвшлийнхний шинэлэг санаа, удаан хугацааны ажлын туршлага, шинэ технологи, мэдлэг ур чадварт нь суурилаад хамтран ажиллах боломжтой. Тэд илүү харилцаа холбоо сайтай, санхүүгийн чадавхтай байдаг. Мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийх хүмүүнлэгийн ажлууд ч бий. НҮБ-ын Хүүхдийн Сангийн хувьд дамжуулагчийн чиг үүргийг гүйцэтгэдэг. Байгаа нөөц бололцоог нь ашиглаад асуудалд гүүр нь болж, шийдлийг гаргах ёстой.

-Хүүхдийн Сангийн нэрэмжит гудамжийг байгуулахаар болсон байна. Тохижилтыг хэрхэн яаж гүйцэтгэж ашиглалтад оруулах талаар та товчхон сонирхуулаач?

-Улаанбаатар хотын захиргаанаас бидэнд Хүүхдийн сангийн нэрэмжит гудамж гаргаж өгсөнд маш их баяртай байгаа. Үнэхээр нэр төрийн хэрэг. Хийж байгаа ажлаа илүү олон хүнд түгээх боломж л доо. Хүүхдэд ээлтэй гудамж болгох талаар бүх л талуудтай хамтарч ажиллаж, зөвхөн төрийн байгууллага гэлтгүй, хувийн хэвшлийнхнийг ч татан оролцуулж байгаа. Хүүхдүүд тэр гудамжаар алхаж байхдаа аз жаргалтай, хамгийн гол нь аюулгүй мэдрэмжийг авах ёстой. Эхний ээлжинд тухайн байршлын эргэн тойронд амьдарч байгаа хүмүүсийн санал бодлыг сонсох уулзалтыг Хотын захиргаатай хамтраад хийсэн. Үйл ажиллагаа үргэлжилж байгаа.

-Монголын хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд өсөх асуудал өнөөдөр нэн тэргүүний асуудал болчихоод байгаа нь нууц биш. Магадгүй бусад улс орны хүүхэд багачууд хөгжил, хамгааллын өөр түвшинд явж байгаа. Таны хувьд монгол хүүхдүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Анхан шатны эрүүл мэндийн тусламжийг бусад улсын түвшинд аваачих нь хамгийн чухал. Монгол Улсын Эрүүл Мэндийн сайд анхан шатны тусламжийг ажлынхаа чухал хэсэгт тооцож байгаа учраас бид мөн энэ ажлыг дэмжинэ.

2023 онд хүүхдүүдэд олон зүйлийг хүсмээр байгаа ч аз жаргалтай, баяр баясгалантай, хамгийн гол нь өвчин зовлон багатай, дээр нь нэмээд улс төрийн нөхцөл байдал тогтвортой байгаасай гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ЭНХЗАЯА

М.ДЭЛЭГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хавдрын эмнэлгийн коридорт шаналсан иргэд шпрот шиг чихцэлдэж байна DNN.mn

Амандаа тамхи зууж, энгэрээ задгайлсан 40 эргэм насны эр хоёр хөлөөрөө цементэн шал товшиж зогсох агаад тас харанхуй эмнэлгийн цонх руу байн байн өнгөлзөнө. н.Болдсүрэн гэх эр шөнө 03:00 цагт орноосоо босож цай цүйгээ ч уулгүй харайлгасаар өглөөний 06:00 цагт ХСҮТ-ийн үүдэнд ирээд зогсож байгаа нь энэ. Одоохондоо энд тэр бид хоёроос өөр хүн алга. Түүний ээжид хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн гэнэ. Таагүй мэдээ дуулсан мань эр цурам ч хийлгүй шөнийг өнгөрөөж эмнэлгийн үүдэнд гүйхээрээ ирж шинжилгээний дугаар авахаар зогсоо юм байна. Ээждээ гэх халуун сэтгэл нь часхийсэн жаврыг ажралгүй сөрж, үүрийн 6:00 цагт л эмнэлгийн үүдэнд авчирсан бололтой.

Хавдрын шинжилгээний дугаарыг эртхэн л олж авахгүй бол хүмүүс адуу шиг чихцэлдэж дайрч, эмх замбараагүй байдал үүсдэг гэдгийг Болдсүрэн сонссон тул тийм эрт гэрээсээ гарчээ. Төд удалгүй увж, цувсаар хүмүүс ХСҮТ-ийн хойд талын төв хаалганд цуглав. Тэдний олонх нь 40 орчим насныхан. Инхэнх нь эцэг эхдээ шинжилгээний цаг авах гэнэ. Өөрсдөө шинжилгээ өгөхөөр ирсэн нь ч бас байна.

ХСҮТ-ийн хаалга нээгдэх хүртэл хүйтэн өглөөний халуун яриа энд өрнөж байна. Цахим монголчууд шинжилгээний цаг авахаар дугаарлаж байгааг тэд дор бүрнээ өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлана. Эмнэлгийн байгууллагын хүнд суртлыг жигшсэн хандлага л тэднийг нэгтгэж байна. Эмнэлэг өглөөний 07:00 цагт нээж, үйлчлүүлэгчид ирсэн дарааллаараа орж шинжилгээний дугаараа авах гэнэ. 07:00 цаг дөхөх тусам хөл хөдөлгөөн ширүүсээд, дугаарласан хүмүүсийн дуу нь өндөрсөөд ирж байна. Ойролцоогоор энд 100 орчим хүн цуглажээ. Хоорондоо хар яр гэх дуу хаа сайгүй сонсогдоно. Ингээд хаалга нээв үү, үгүй юү дугаарлаж зогссон нөхдүүд хавдрын эмнэлгийн хаалгаар адуу шиг чихцэлдээд дайрцгаах нь тэр. Хормын төдийд л ХСҮТ-ийн уйтан коридорт шинжилгээний цаг авах иргэд шпрот шиг чихцэлдээд ирлээ. Тэд шинжилгээний дугаар авахаар теллер машин руу амь тэмцэн зүтгэнэ.

ХСҮТ-ийн амбулаторийн эрхлэгч М.Батсанаа: Бид уртасгасан цагаар ажиллаж байна

Нөгөө талд ХСҮТ-ийн ажилтнууд өглөө эрт цуглаж бэлэн байдлаа хангажээ. Төөрдөг байшин шиг ийш, тийшээ салаалсан олон коридортой хавдрын эмнэлгийн булан тохой бүрт л эмч нар зогсож, өвчтөнүүдийг чиглүүлж байна. Шинжилгээний цаг авахаар дээр доороо орон дайрах иргэдэд эмх замбараатай үйлчлүүлэхийг сануулах эмэгтэйг ХСҮТ-ийн амбулаторийн эрхлэгч М.Батсанаа гэдэг. Иргэдэд үйлчилгээ үзүүлэх зуур нь түүнтэй ярилцлаа.


СҮТ-ийн үйл ажиллагаа хэдэн цагт эхэлдэг юм бэ?

-Өглөө 07:00 цагт хаалгаа нээснээр л үйл ажиллагаа эхэлнэ. Лабораторийн шинжилгээг 07:30 цагаас авч эхэлдэг. Цахим бүртгэлийн ажилтан, лаборантууд ч 7:30 цагт ажил нь эхэлнэ. Харин амбулаторийн үйл ажиллагаа 08:30 цагт эхэлдэг. 2017 оны үед өдөрт 500-600 хүн манай эмнэлгээр үйлчлүүлдэг байлаа. Энэ бодитой тусламж авч байгаа хүмүүсийн тоо шүү. Өвчтөний ар гэр дагаж яваа хүмүүсийг тооцвол 4000 орчим хүн энэ эмнэлгээр орж, гарч байгаа. Энэ нь өөрөө ХСҮТ-ийг өндөр ачаалалтай болгож харагдуулдаг. Гэхдээ хавдрын эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт л нэмэгдэж байна. Яг одоогийн байдлаар өдөрт 1000 орчим хүн үйлчилгээ авч байна. Хүний нөөцөө бүрэн дайчилж, ажиллах цагаа сунгасан ч үйлчлүүлэгчдийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа учраас нөхцөл байдал амар биш байна. 60 жилийн өмнөх ХСҮТ-ийн энэ барилгыг шинэчлэх, өргөтгөх зайлшгүй шаардлага үүссэн.

-Шинжилгээний цаг авах хүмүүс хүйтэнд гадаа дугаарлаад зогсох юм. Энэ цагийг онлайнаар захиалж болдоггүй юм уу?

-Шинжилгээний цагийг цахимаар авах боломж байхгүй. Анх оношоо тодруулахаар ирж байгаа хүн эмчдээ үзүүлнэ. Үйлчлүүлэгч ямар нэгэн өвчин сэжиглээд ирж байгаа бол тодруулахын тулд бүрэн шинжилгээ өгөх ёстой. Цахимаар авна гэхлээр тухайн хүн ямар шинжилгээ өгөхөө мэдэхгүй шүү дээ. Цахимаар үзүүлэх цагаа л авч болно. Гэхдээ заавал эмч үзэж байж, шинжилгээнүүдийг бүрдүүлнэ гэв.

Ийн ярилцаад булан эргэхэд 08:00 цаг болж байв. Теллер машины үүдэнд хоёр хөтөч зогсоод шинжилгээний дарааллыг үйлчлүүлэгчдэд тарааж байх юм. Энд ойролцоогоор 80 гаруй үйлчлүүлэгч эгнээд зогсчээ. Хөтөч эмчийн хэлж байгаагаар хэвийн ачаалалтай байгаа нь энэ гэнэ. Долоо хоногийн даваа, мягмар гаригуудад бол шинжилгээний дараалал авахаар хамгийн багадаа 300 гаруй хүн дугаарлаж зогсдог аж. Нарийхан коридорт багталцахгүй “дайн” болдог талаар тэд ярьж байна.

Үйлчлүүлэгчид харин бүгд амны хаалт зүүжээ. Дараалал дайрч, орчны уур амьсгалыг хурцатгаж, хөтөч эмчийн аргыг барж байгаа улс гол төлөв буурал толгойтой ахмадууд. Тэдний ялархсан хандлага нь энэ их ачааллын хажуугаар эмч нарт дарамт болдог ажээ.

Энэ эмнэлэг 170 орчим эмч, сувилагчтайгаар 21 аймаг, есөн дүүргийн хавдрын асуудалтай иргэдэд үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Нэг ээлжинд гарч буй сувилагч нарт оногдож буй үйлчлүүлэгчийн тоо стандартаас хэд дахин даваад явчихсан гэдгийг амбулаторийн эрхлэгч М.Батсанаа онцлов. Эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлаасаа халшрах хам шинж илэрч байгааг эмч нар хэлж байлаа. Үйлчлүүлэгчид хүндрэл учруулахгүйн тулд ажлын цагаа уртасгаж үүдээ 07:00 цагт нээж ажиллаж байгаа гэнэ.

Эмч нарын зүгээс хавдрын өвчлөл өдрөөс өдөрт гэрлийн хурдаар өсч байгааг хэлж

байна. Энэ нь амьдралын буруу хэв маяг, орчны хүчин зүйл, хооллолт гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа аж.

Өндөр настан Ц-тэй ярилцлаа. Тэрбээр Хөвсгөл аймгаас ирж ХСҮТ-өөс үйлчилгээ авч байгаа ажээ.


-Та хэзээ энд ирэв. Эмнэлгийн үйлчилгээ, эмч нарын харилцаа ямар байна вэ?

-Өглөө эрт шинжилгээний цаг авахаар дугаарлах нь хамгийн хэцүү юм. Элэг өвдөөд л хавдар болов уу гэж бодоод өнөөдөр энд шинжилгээ өгөхөөр зогсож байна. Бие өвдөхийн хажуугаар дугаарлаж зогсоно гэдэг амар биш юм. Эмч, сувилагч нар ч зааж зөвлөөд чиглүүлээд байна. Үйлчлүүлж байгаа зарим улс хэл ам хийж бүх хүмүүст чирэгдэл учруулах юм. Хаа хаанаа жаахан хүндэтгэлтэй харьцаад явбал ажил амар бүтнэ дээ.

-Элэгний үйл ажиллагаанд тань хэзээнээс асуудал үүсэв. Орон нутгийн эмнэлэгтээ хандсан уу. Шууд ийшээ ирэв үү?

-Ойролцоогоор хагас жилийн өмнөөс л элэг өвдөж эхэлсэн. Мал дээр байдаг учраас тэр бүр сумын төв орж чадахгүй. Өнгөрсөн сард аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд ХСҮТ-д яаралтай үзүүлэхийг зөвлөсөн юм. Шинжилгээний хариу гайгүй гарах болов уу гэж найдаж байна. Өвчин намдахгүй болохоор асуудал байгаа ч юм болов уу гэж айх юм. Эртхэн л эмнэлгийн бараа хардаг байж ээ л гэж бодож байна гэв. Гал цог нь унтарсан нүднээс нь анзаарвал эрүүл мэндийн байдал тун таагүй байгаа бололтой. Түүний өмнө 30 орчим хүн дугаарлаад зогсож байна. Ээлж нь арай болоогүй байна.

Иргэд асуудал аль хэдийнэ хүндэрсэн хойно эмнэлгийн байгууллагад ханддагийг эмч нар хэлээд толгой сэгсэрч байна. Тээврийн хэрэгсэлдээ улирал бүр үйлчилгээ үзүүлдэг шигээ жилд нэг даа бүтэн биеийн шинжилгээ өгчихвөл хавдрыг эрт үед нь илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмж ХСҮТ-д байгааг амбулаторийн эрхлэгч М.Батсанаа хэлж байна. Гол нь жилд нэг удаа л бүтэн биеийн шинжилгээ өгөөд хэвшчихвэл хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой юм байна.

21 аймаг есөн дүүргийн хавдрын асуудалтай иргэд бүгд 60 орчим жилийн өмнө баригдсан ХСҮТ-ийн байранд цуглаж байгаа нь шпрот шиг чихцэлдэх үндсэн шалтгаан болж буйг эмч нар ч, өвчтөнүүд ч дуу нэгтэй хэлж байна. Хавдрын эмнэлгийн өргөтгөл, шинэ эмнэлэг ус агаар шиг хэрэгтэй байгаа нь ХСҮТ-ийн нэг өдрөөс ил цагаан харагдаж байлаа. Ажлын ачаалал, түүнийг дагасан бухимдалтай холбоотойгоор эмч, сувилагч нар ч ар араасаа ажлаа хүлээлгэж өгөх болсон талаар эмнэлгийнхэн хэлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр
сарын 28, Санчир гариг.
Билгийн тооллын 7, шийдэм
од, улаан нохой өдөр. Өдрийн
наран 8:25 цагт мандан, 17:45
цагт жаргана. Тухайн өдөр
бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг
муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр
хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай
дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал
адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд
үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ
буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл
тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич,
тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод
хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
гадаад мэдээ

Оросын “Адмирал Горшков” хөлөг онгоц атлантын далайд сургуулилт хийлээ DNN.mn

Газар дундын тэнгист байлдааны үүрэг гүйцэтгэж байсан Оросын Циркон хэт авианы цөмийн пуужин тээгч “Адмирал Горшков” хөлөг онгоц гэнэт чиглэлээ өөрчилж, Атлантын далайд Бермудын гурвалжинг чиглэн явж, АНУ-ын эргээс 1000 километрийн зайд дөхөж очин Циркон пуужингаар болзошгүй дайсны хөлөг онгоцыг устгах сургуулилтыг компьютерын дуурайлган үзүүлэх загварчлалын аргаар саяхан хийлээ. Тус сургуулилтаар 900 километрийн зайд байрлах болзошгүй дайсны хөлөг онгоцыг Циркон хэт авианы пуужингаар харвах ажиллагааг компьютерын дуурайлган үзүүлэх аргаар боловсруулсан хэмээн Оросын БХЯ мэдээлж байна.[1] Уг хөлөг онгоц Сирийн Тартус боомт орж ар тал хангалтаа нөхөх, улмаар Хятад, Өмнөд Африкийн тэнгисийн цэргийн хүчинтэй хамтарсан сургуулилтад оролцох үндсэн чиглэлтэй байсан юм.

Тус хөлөг онгоц энэ оны нэгдүгээр сараас эхлэн Атлантын далай, Энэтхэгийн далай, Газар дундын тэнгист байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд удахгүй хоёрдугаар сард Өмнөд Африк, БНХАУ-ын тэнгисийн хүчинтэй хамтарсан сургуулилтад оролцох төлөвлөгөөтэй байна.

“Адмирал Горшков” хөлөг онгоцноос Циркон пуужинг харвах ажиллагааг 2021 оны 10 дугаар сард амжилттай туршсан бөгөөд одоогоор дэлхий дээр хэт авианы пуужингаар зэвсэглэсэн анхны хөлөг онгоц болоод байна.

ЭХ СУРВАЛЖ: iss.gov.mn

Categories
мэдээ нийгэм

Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн захирагч нарын цугларалт боллоо DNN.mn

Зэвсэгт хүчний Жанжин штабаас Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2023 оны стратегийн цугларалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.

Тэгвэл

Цугларалтыг нээж Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буяндэлгэр үг хэлсэн бөгөөд тэрбээр 2023 онд нэгтгэл, ангиудад явагдах арга хэмжээ болон бэлэн байдал, штабын бэлтгэлжилт, цэргийн алба, сахилга хариуцлагын талаар мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өглөө. Мөн тэрбээр алба хаагчдынхаа бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтээс нь эхлээд хувь хүний хөгжилд нь зайлшгүй анхаар, алба хаагч бүрийн мэдлэг, дадлага, чадвараас Хуурай замын цэргийн хөгжил шууд хамааралтайг ухамсарлаж, аливаа ажил, арга хэмжээгээ зөв төлөвлөж явуулахыг захиж байсан юм.

Үргэлжлүүлэн командлалын хэлтсийн дарга нар удирдлага, төлөвлөлт, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн алба, материал техникийн хангалтын талаар захирагч нартай санал солилцож, харилцан ярилцав.

Цугларалтын төгсгөлд Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал цэргийн сургалтад агуулгын өөрчлөлт хийх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар болон манлайллыг дээшлүүлэх, хандлага, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн хамгаалал, алба хаах орчин нөхцөлийг сайжруулах, жишиг ногоон хотхон төсөл хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарах зэрэг олон асуудлаар үүрэг чиглэл өгч, ажил албанд нь өндөр амжилт хүслээ.

Энэ үеэр мөн захирагч нартай Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулж, баталсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

10 настай Монгол охин өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс алтан медаль хүртжээ DNN.mn

Словени Улсын Блед хотод энэ сарын 26-нд болсон өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол охин түрүүлжээ.

Тус тэмцээнд 31 улсын тамирчин оролцсон бөгөөд Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн тамирчин 10 настай Мөнхтөрийн Цэнгүүн алтан медаль хүртсэн байна.

Тэрбээр 50 метрт мэлхий сэлэлтийн төрлөөр +5 хэмийн нууранд уралдсан аж.

Орон сууцны хүйтэн ус +12 хэм байдаг аж. Сонирхуулахад, тамирчин охиныг өвөө нь дасгалжуулдаг аж. Тодруулбал, Ш.Даваадорж өвөө нь мөн л өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан юм.