Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 754 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав DNN.mn

авилга | News.MN

Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, таван хэргийг харьяаллын дагуу прокурорт шилжүүлжээ.

Түүнчлэн эрүүгийн 754 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт таван хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу прокурорт хүргүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 736 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн зургаан мэдэгдэл бичиж прокурорын холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх
  • Иргэн “А”, “Э” нар нь хэрэг маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хахууль өгсөн гэх
  • Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч “М” нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах ажиллагааны явцдаа хохирогчоос мэдүүлэг авахгүйгээр хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэх
  • Увс аймгийн удирдах албан тушаалтан “Ч” нь бусдад давуу байдал бий болгосон гэх
  • “Д” нь өөрийн хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Утааг У.Хүрэлсүх, түгжрэлийг Л.Оюун-Эрдэнэ… DNN.mn

Нийгэмд тулгамдсан асуудлуудыг улстөрчид нэг нэгээр нь барьж аваад шийдвэрлэхэд л болохоор гэж хүмүүс ярьдаг. Үнэхээр тийм үү гэвэл тийм. Жижиг гэлтгүй асуудлуудыг барьж аваад шийдвэрлэх боломж, эрх мэдэл тэдэнд бий. Гэвч дундаа хийж орхисоор он жилүүдийг үддэг. Бүр нийтийг хамарсан томоохон асуудлуудыг л шийдэх гэж хичээдэг, зүтгэдэг, тамираа бардаг.

Уг нь асуудлыг жижгээс эхлүүлж, жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө гэж ярьдаг даа. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэж байгаа нь энэ гээд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө олон жил зарцуулсан. Энэ ажлын дундаас хувьдаа завшсан нь ч олон. Ингэж явсаар сайжруулсан түлш үйлдвэрлээд л Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Ийм түлшийг аль эрт хийж болох л байсан. Бүх түүхий эд нь байсан шүү дээ. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар үүнийг зорилт болгон дэвшүүлж, үр дүнд хүргэсэн. Яг үүн шиг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шийдвэрлэхээр амлаж аваад байгаа тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэллээ.

Тэрээр “Өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхий сайдтай түгжрэлийн асуудлаар ярилцсан. Засгийн газар энэ асуудалд гол анхаарлаа хандуулна гэсэн. Ерөнхий сайд маань өөрөө ахалж ажиллана гэсэн. Энэ ажилд түгжрэл хариуцсан сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд баруун, зүүн талаас нь хүч нэмж ажиллана. У.Хүрэлсүхийн Засгийн газар утааг бууруулсан шиг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахад бүх хүчээ дайчилна. Гэхдээ гэнэт өргөс авсан юм шиг асуудлыг шийднэ гэж худлаа ярьж болохгүй. Жилд 35-40 мянган иргэн Улаанбаатар хотод шилжин ирж хотын төсвөөс авч байгаа. Цахилгаан, дулаан татах, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хорооны барилгаас эхлээд бөөн зардал болдог. Тийм учраас Улаанбаатар хотод жилд ирж буй 35 мянган иргэнийг түр зогсоох асуудлыг УИХ дээр ярихаас өөр арга байхгүй. Бас жилд 80 мянгаар нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн тоогоо импортоор нь хязгаарлахаас өөр аргагүй” гэв. Ямартаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түгжрэлийн асуудалд хамаг анхаарлаа хандуулахаар төлөвлөж.

Categories
мэдээ нийгэм

Б.Билгүүний нураасан балгас дээр Шадар сайдын босгож буй пирамид DNN.mn

Саяхан нийслэлийн зүгээс зохион байгуулсан “Хотын стандарт” зөвлөгөөнд Шадар сайд С.Амарсайхан оролцож стандарт, хэмжилзүйн шинэчлэлийн талаар явуулж буй бодлогоо танилцуулав. Сүүлийн үед энэ салбарын талаарх мэргэжилтнүүдийн байр суурь, бусад мэдээллээс үзэхэд өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шинэчлэлийг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн нурааж, Шадар сайд С.Амарсайхан дахин шинэчлэхээр зорив уу гэж харахаар байна. Шинэчилж сайжруулж байгаа бол сайн хэрэг. Эсвэл ажлаа мэдэхгүй агентлагийн даргын нураасан балгас дээр Шадар сайд айсуй сонгуулийнхаа пирамидыг босгож байгаа бол буруу хэрэг. Хууль тогтоох дээд байгууллага болон Гүйцэтгэх засаглалын гишүүний хувиар зөвхөн тууз хайчилсан төдий айсуй 2024 оныг угтаж болохгүй учраас ямар нэгэн бодлогын шинэчлэл хийхээр зорьсон байх гэж найдна. Энэ нь сайн хэрэг хэдий ч олон сөрөг асуудал шил шилээ даран өрнөж байна.

1.У.ХҮРЭЛСҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АЛХМУУД

Уг нь өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газрын дарга нь Шадар сайдаа дагаж гүйгээд шинэчлэл ярих нь тийм ч таатай зүйл биш. Өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа шинэчлэн эхлүүлсэн ажил. Өнөөдөр ч хууль эрх зүйн орчин нь хүчин төгөлдөр байна гэсэн үг. Гагцхүү сайд, дарга нар нь үүнийг анзаарч хардаггүй, эсвэл мэддэггүй бололтой. Мөрдөж хэрэгжүүлэх л дутуу байсан зүйл шүү дээ. Тиймдээ ч Ерөнхийлөгч өөрөө “Хүнсний хувьсгал”-ыг орон даяар өрнүүлээд байгааг ч анзаарч байгаа байх. Тэгэхээр урьд өмнө стандартын чиглэлд ямар бодлого барьж, ямар эрх зүйн орчин бүрдүүлж ирснийг дурдах учиртай.

Монгол Улс 1995 онд Стандартын хуулийг баталж, 2003 он хүртэл бүх стандартыг зөвхөн “заавал мөрдөх”-өөр хуульчилж байжээ. Энэ хуулийг 2003 онд шинэчлэн найруулж “стандартыг заавал мөрдөх, сонгон хэрэглэх” хэмээн хоёр ангилан хэрэгжүүлж байв. Харин У.Хүрэлсүхийн үед буюу 2017 онд “Стандартчиллын ажлыг шинэчлэх” Европын холбооноос хэрэгжүүлсэн төслийн үр дүнд хуулийг олон улсын жишигт бүрэн нийцүүлж бүх стандартыг сонгон хэрэглэх статустай байхаар хуульчлан гадаадын өндөр түвшний стандартыг хэрэглэх боломжтой болсон. Энэ нь бизнес эрхлэгчдэд учрах саад тотгорыг арилгаж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх том хөшүүрэг болсныг бизнесийнхэн өдгөө ч шагшин ярьдаг. Даанч хэрэгжүүлэх, хангуулж ажиллах ёстой байгууллага нь таг сууна.

Харин хүний эрүүл мэнд аюулгүй байдалд эрсдэлтэй бүтээгдэхүүн үйлчилгээний стандартыг техникийн зохицуулалтаар шийдвэрлэхээр болж, 20 гаруй техникийн зохицуулалт гаргахаар шийдсэн байна. Мөн энэхүү хуулийн шинэчлэлтээр стандарт сонголтын баримт бичиг болсонтой холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж яам нь стандартыг дүрэм, журмын хэлбэрээр баталдаг жишигт шилжүүлжээ. Өмнө нь хүний болон эмийн стандартыг Стандартын газар стандартаар баталж байсныг өөрчилж фармокопэйн хэлбэрт оруулан голдиролд нь оруулж байсан шийвэрүүд цагаан дээр хараар дурайгаад үлджээ. Дашрамд өгүүлэхэд, дэлхийн аль ч оронд боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартыг стандартын байгууллагаас баталгаажуулдаггүй байна. Мөн хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг заавал тохирлын баталгаажуулалтад хамруулж стандартын мөрдөлтийг хангуулахаар нийслэлд стандарт, хэмжилзүйн хэлтэс байгуулахаар тус тус хуульд тусгасан нь бий.

2.ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛТ ГАЦАЖ, САЛБАРЫН АЖИЛ УНАЖЭЭ

Хуулийн шинэчлэлээр хүнсний бүтээгдэхүүнийг заавал баталгаажуулалтад хамруулж аюулгүйн тэмдэглэгээ хэрэглэхээр хуульчилсан байтал одоо дөнгөж 10 хувь нь хамрагдсан гэх баримт бий. Хүн амын хамгийн аюулгүй байх ёстой хүнсний тал дээр стандарт ийн мөрдөгдөж байна гэдэг аюул. Ард иргэдийг эрсдэлээс хамгаалах техникийн зохицуулалтын стандартын дөнгөж 50 нь батлагдсан, цаана нь маш олон бүтээгдэхүүний зохицуулалтын стандарт хүлээгдсэн хэвээр байна. Ийм байхад аюулгүй байдал, амь насны эрсдэлийн тухай ярихын ч хэрэггүй биз.

Уг нь “Стандартын газар нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар баримтлах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, эрхэлсэн асуудлын хүрээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж хуульд заасан. Гэтэл хуулийн үндсэн чиг үүргээ орхигдуулж баталгаажуулалтын тохирлын гэрчилгээ, жин туухай тоолуурт гэрчилгээ олгох гэх мэт хувийн хэвшлийн гүйцэтгэж болох өдөр тутмын аар саар ажлаасаа хэтэрдэггүй нь салбарын ажил унахад хүргэсэн хэмээн бүх шатандаа хүлээн зөвшөөрч байна.

3.ШАДАР САЙДЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО НҮДЭЭ ОЛСОНГҮЙ

Нэгэн суут хүн “Шинэчлэл гэж юуг хэлэх вэ” гэхэд “Мартагдсан эсвэл хэрэгжээгүй асуудлыг хэлнэ” гэсэн байдаг даа. Тэгвэл сүүлийн үед С.Амарсайханы яриад байгаа зүйлүүд хүчин төгөлдөр хуульд бүрэн тусгагдсан боловч Б.Билгүүн мэтийн төрийн ажлын туршлага, салбарын мэдлэггүй ажилтнуудын хариуцлагагүйгээс хэрэгжүүлж чадаагүй байгааг бултаараа онцолж байна. Стандарт заавал мөрдөх баримт бичиг гэж хуульд өөрчлөлт оруулах тухай их ярьдаг.

Гэтэл олон улсад тогтоосон жишгийг Монголын хуулиар өөрчлөөд ямар ч үр дүн гарахгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Мөн стандартыг тохирлын үнэлгээгээр дамжуулж мөрдүүлнэ гэх. Гэтэл одоогийн хуульд эдгээр зүйлс нь байгаа ч мөрдөлт нь 10 хувьтай байна. Тэгэхээр энэ нь хуулийн буруу биш, хуулийг хэрэгжүүлж хангуулж ажиллах ёстой салбарын удирдлагын буруу болж таарна. Тэгээд ч хүний амь насанд эрсдэлтэй стандартын дөнгөж 40 хувь нь батлагдсан байхад хэрэгжилтийн талаар яриад ч нэмэргүй, төрийнхний хариуцлагагүйн асуудал юм.

Хэрэв хуулиа хэрэгжүүлээд нийслэлд Стандарт, хэмжилзүйн алба байгуулчихвал хэвийн боов, хоолны газар, дэлгүүрийн жин туухайд Стандарт, хэмжилзүйн газрын ажилтнууд гэрчилгээ бичиж өгөөд суухгүй байх. Том бодлогоо бариад сууж байх ёстой. Уг нь Шадар сайдын шинэчлэл гэх зүйл нүдээ олсон бол ямар ч хөрөнгө хүч зарахгүй ийм гажуудлыг цэгцэлчих эхний ажил байлаа. Ерөөсөө урьд өмнө суурийг нь бэлдээд өгчихсөн зүйл учраас асуудал хүндрэл байсангүй. Өөрсдөө том ажил хэмээн харагдуулахыг зорьж байгаагаас өөр зүйл алга. С.Амарсайханы сүүлийн үед ярьж байгаа энэ мэт зүйлүүд хуульчлагдвал манай улсын энэ салбарын түвшин зах зээлийн өмнөх үеийн түвшинд хүртэл ухарч мэдэхээр байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна. Шуудхан хэлэхэд стандарт, хэмжилзүйн салбарын энэ уналт хуульд биш мэдлэггүй, туршлагагүй, сэтгэлгүй удирдлагад байна. Шадар сайдын хувьд энэ байгууллагын ажлыг сайжруулахаар 2021 оноос хойш гурван удаа үүрэг даалгавар өгч хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа талаар байнга ярьдаг. Гэвч хариуцлага тооцож чадсангүй өнөөдөртэй золгов. Энэ салбарын удирдлагыг солих нь өөрчлөлтийн эхлэл бөгөөд салбарт шинэчлэлийг манлайлах чадвартай удирдагч үгүйлэгдэж байна.

Г.БАЯР

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нийслэлийн 2023 оны төсвийн орлогыг 1 их наяд 742.3 тэрбум төгрөг гэж төлөвлөөд байна DNN.mn

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа

Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.

Энэ нь өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн болохыг нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээллийн төв мэдээлэв. Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын, 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.

Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилвал хотын шуудын төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зарлагын өөрчлөлтийг үргэлжлүүлэн, төсвийн үр өгөөжийг нэмэх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулжээ.

Төсвийн урсгал зардлыг 774.4 тэрбум төгрөг байхаар боловсруулсны 577.1 тэрбум нь хотын шуудын төсөв бол 197.3 тэрбум төгрөг буюу 25.5 хувь нь дүүргүүдийн суурь зарлага юм.


Нийслэлийн төсвийн нийт орлого 526,127,720.0

Татварын орлого 334,830,780.0

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 317,100,000.0

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт 40,000,000.0

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 39,406,000.0

Газрын төлбөр /дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулал/ 2,000,000.0

Ус ашигласны төлбөр 4,300,000.0

Ойгоос мод ашигласны төлбөр 24,780.0

Нийслэл хотын албан татвар 12,000,000.0

Татварын бус орлого 175,047,090.1

Хувьцааны ногдол ашиг 500,000.0

Төрийн өмч түрээслүүлсний төлбөр 1,800,000.0

Төсөвт байгууллагын өөрийн орлого 18,064,565.5

Авто зам ашигласны төлбөр 21,263,200.0

Хүү торгуулийн орлого 100,419,324.6

Өмч хувьчлалын орлого 2,200,000.0

Ангилагдаагүй бусад орлого 30,800,000.0

Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 16,249,849.9 байхаар боловсруулжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрксис Монголиа компани хар баасан гариг, шинэ оныг тохиолдуулан БизнесээТомруулъя Клуб-т насан туршдаа хамрагдах урамшуулалт аяныг зарлалаа DNN.mn

“Эрксис Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т. Батцэцэг нь 2022 оны 11 дүгээр сарын 23-нд зохион байгуулагдсан “erxes Investors Day 2022” үйл ажиллагааны үеэр дижитал шилжилтийг хүртээмжтэй байлгах, гарааны бизнесүүд, жижиг дунд байгууллагуудыг дэмжихзорилгоор бизнесээ дараагийн түвшинд аваачих, орлогоо нэмэгдүүлж зардлаа бууруулах, технологийн дэвшлийг ашиглан баг хамт олон болон харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хамтдаа хөгжих зорилготой компаниуддаа зориулан“Бизнесээ томруулъя клуб” – ийг үүсгэн байгуулснаа зарласан. Тэрээр ирэх 5 жилдээ 10,000 жижиг дунд бизнесүүдийг цахимд шилжүүлж хамтран ажиллахаар зорьж буйгаа мэдэгдсэн бөгөөд эхний 500 компанийн бүртгэл эхэлсэн байна.

Хар баасан гараг болоншинэ оныг тохиолдуулан “Бизнесээ Томруулъя Клуб”-ийн насан туршийн гишүүн байх боломжийг задаллаа. Та болон танай байгууллага Бизнесээ Томруулъя Клуб-ийн насан туршийн гишүүн болохыг хүсвэл ганцхан удаа 3,999,000 төгрөг төлөөд ирээдүйн 10, 20, 30 жилдээ гишүүн байж технологийн бүтээлүүдийг үйл ажиллагаандаа ашиглахаас гадна байгууллагуудад үнэ цэнэ өгөх бусад боломжуудыг хүртэх юм.

Энэхүү боломж нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлээд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлүргэлжлэх ба дуусах хугацаа болоогүй ч эхний 500 байгууллагаа бүртгээд тухайн боломж нь хаагдах юм. Хар баасан гараг, шинэ оны онцгой урамшууллыг худалдан авч насан туршдаа Бизнесээ Томруулъя Клуб-ийн гишүүн болохыг хүсвэл ЭНД дарна уу.

Тус клубийн гишүүнчлэлд юу багтсан бэ:

  1. Эрксис платформыг 25 хүртэлх хамт олны эрхтэйгээр насан туршдаа ашиглах эрх
  2. 3 ширхэг онлайн худалдааны эсвэл танилцуулга цахим хуудас
  3. 3 байгууллагын онлайн санхүүгийн программ
  4. 5 ширхэг кассын систем
  5. Салбартаа тэргүүлэгч менторуудаас тулгамдаж буй асуудал дээрээ зөвлөгөө авах
  6. Улиралд 1 удаа маркетинг борлуулалт, дижитал маркетингаа оновчтой зохион байгуулах зөвлөх үйлчилгээ
  7. Жилд 2 удаа нетворкинг хийх

Гишүүн болсноор танд үүсэх давуу тал болон боломжууд:

  • Технологийн шийдлийг ашиглан хамт олон болон харилцагчдынхаа сэтгэл ханамжийг сайжруулах
  • Ганцхан цагийн хугацаанд онлайн худалдааны эсвэл танилцуулга цахим хуудастай болж бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, танилцуулах, байгууллагын албан ёсны онлайн дүр төрх бүтээх, харилцагчдаа итгэл төрүүлэх
  • Орлогоо оройгүй өсгөж, зардлаа замбараагүй бууруулах
  • Салбартаа тэргүүлэгч 10 гаруй менторуудаас зөвлөгөө авч тулгамдаж буй асуудал дээрээ шийдэл олох, гацаанаас гарах
  • 10,000 байгууллагууд хоорондоо бизнесийн интеграцчлал хийж бие биенийхээ бизнесийг дэмжих
  • Боломжит хамтрагчид, хөрөнгө оруулагчдыг олох боломж

Хар баасан гараг, шинэ жилийн урамшуулалт хугацаа дууссан хэдий ч Бизнесээ Томруулъя Клубийн гишүүн болох боломж нь байгууллага бүрд нээлттэй хэвээр байна.

Хэрхэн гишүүн болох вэ?

Та болон танай байгууллага 1 сарын ₮1,000,000-ийн үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг ердөө ₮100,000-өөр худалдан авснаар Бизнесээ Томруулъя Клубийн гишүүн болох юм.

Бүртгэл эхлэх хугацаа:

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ.

Та гишүүн болсноор Эрксисийн бүтээсэн технологийн бүтээлүүдийг үйл ажиллагаандаа ашиглахаас гадна таны бизнест хэрэгцээтэй мөнгөөр үнэлж барамгүй бусад боломжуудыг хүртэх ба Эрксисийн хамт олон болон бусад компаниудтай хамтдаа хөгжиж байгууллагаа дараагийн түвшинд гаргах ховор боломжийг атгана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэл зүйч М.Батхүү: Шүүмжлэмтгий, атаархуу нийгэм эцэстээ хүний биед халдахад хүргэж байна DNN.mn

-Цэцэрлэгээс хүүхдээ авахаар очсон эмэгтэйн биед халдсан этгээд өмнө нь ч энэ төрлийн хэрэг үйлдэж байжээ-


Цэцэрлэгээс хүүхдээ авахаар очсон эмэгтэй халдлагад өртөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад буй. Энэ явдал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт энэ сарын 21-нд болжээ. Хохирогч А нь цэцэрлэгээс хүүхдээ авахаар очоод байсан бөгөөд 22 настай Ц гэгч эмэгтэй индүүгээр толгойг нь цохижээ. Хохирогч эмнэлгийн тусламж авч, Ц-г цагдаагийн ажилтнууд саатуулсан байна.

А нь сошиал сүлжээнд олон мянган дагагчтай бүсгүй аж. Харин Ц нь хүний биед халдсан шалтгаанаа “Би А-гийн сошиал сүлжээнд оруулдаг зураг, бичлэгийг нь байнга үздэг. Олон жил инстаграмаар дагаж байна. Намайг өдөөд байдаг юм” гэх тайлбарыг өгсөн байна. Хохирогчийн биеийн байдал хэвийн, толгойн гэмтэл хүнд хэлбэрийнх биш гэнэ.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар мэдээлэхдээ “Иргэн Ц нь СЭМҮТ-ийн хяналтад байдаг тул эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Одоогоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон мэргэжлийн байгууллагын шинжээч нараар дүгнэлт гаргуулахаар Цагдаагийн байгууллагаас ажиллаж байна” гэсэн юм. Хэрэгтэн Ц өмнө нь ч энэ төрлийн хэрэгт холбогдож байжээ. Өөрөөр хэлбэл, сошиал сүлжээнд олон дагагчтай өөр нэгэн эмэгтэйн биед халдаж байсан удаатай гэнэ. Цагдаагийн байгууллагаас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд уг хэргийн шалтгааныг олон нийт янз бүрээр тайлбарлаж байгаа юм. Үүнээс онцлох нэгэн тайлбар бол нийгмийн сэтгэл зүй өнөөдөр ямар байдалд хүрсэн, сошиал сүлжээний хэрэглээ ямар байх ёстой вэ гэх мэт олон асуудлыг дагуулж байна.


Энэ талаар сэтгэл зүйч М.Батхүүтэй ярилцсан юм.


-Сошиал сүлжээнд танигдсан бүсгүй халдлагад өртсөн байна. Хэрэгт холбогдсон хүний өгсөн тайлбар анхаарал татаж байгаа. “Хохирогчийн зураг, бичлэгийг байнга хардаг, атаархал төрдөг байсан” гэсэн агуулгатай. Сэтгэл зүй талаас ийм байж болох уу?

-Ийм байдалд хүргэж буй олон шалтгаан байгаа л даа. Өнөөдөр улс орны нөхцөл байдал, хүмүүсийн амьдралын чанар, үнэлэмж гээд олон зүйл эрс тэс ялгаатай байна. Үүнээс шалтгаалаад хүмүүст янз бүрийн үзэл бодол бий болдог. Хохирогч бүсгүй олны танил гэж байна шүү дээ. Тиймээс мэдээж үйл хөдлөл, өмссөн зүүснээрээ үлгэрлэдэг, түүнийг нь хүмүүс хардаг байсан байж таараа. Тэдгээр дунд тийм байдалд хүрч чадаагүй нөхөд ч байна. Тэд яадаг вэ гэхээр өөртөө итгэлгүй хүмүүс байдаг. Дээр нь маш их шүүмжлэмтгий, атаархуу зан чанартай байх нь элбэг. Өнөөдрийн нийгэм ийм л болсон шүү дээ. Үүний л үр дүн ийм хэрэгт хүргэж байна.

-Ийм асуудлаас яаж сэргийлэх ёстой вэ?

-Хүн бол нийгмийн амьтан шүү дээ. Дахиад хэлье. Хэрэг өдөөсөн хүнийг хэдийгээр сэтгэцийн өвчтэй, эмгэгтэй гэх мэтээр ярьж л байна. Гэхдээ тэр хүн өнөөдрийн нийгмийн бүтээгдэхүүн. Сургуулийн орчинд ч ийм асуудал элбэг байдаг. Сурагчид нэгнийгээ ялгаварлах, гадуурхах, гадаад үзэмжид нь атаархах гэх зэргээр сэтгэл зүйн маш ноцтой асуудлууд үүсдэг. Нийгэм гэдэг бол нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах ёстой. Гэвч энэ байдал алдагдаад нийгэм анархист байдал руугаа орж байгаагийн илрэл энэ явдал болж байна.

Нөгөө талаар хүнд тодорхой хэмжээний ёс суртахууны зарчим гэж бий. Хүн тэр зарчимдаа баригдаж явдаг. Жишээ нь, Осоржамаа гээд сошиалын бас нэг дүр байдаг шүү дээ. Түүний үйл хөдлөлийг харсан хүмүүс ихэнх нь дургүй байгаагаа илэрхийлдэг. Нэг ёсондоо нөгөө хүний ёс суртахууны зарчим тодорхой хэмжээгээр зөрөөд байгаа учраас илэрхийлж байгаа явдал. Түүнийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ямар ч сошиал хэрэглээндээ анхаарах ёстой. Хаана юу хийж байгаагаа, ялангуяа хүүхэдтэй холбоотой мэдээллийг маш анхааралтай мэдээлэх ёстой.

Мэдээж нийгмийн асуудал болчихоод байгаа ийм зүйлд төр засгаас ч анхаарах ёстой юм. Сэтгэл зүйчдийг олноор бий болгох ёстой. Европын орнуудад бол сэтгэл зүйн зөвлөгөө мэргэжлийн хэмжээнд хөгжчихсөн. Манайд л сүүлийн жилүүдэд бий болж эхлэх гэж байна. Үүнийг төр засгаас ч анхаарах ёстой юм. Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн засал бол ийм нийгэмд зайлшгүй шаардлагатай.

Categories
мэдээ эдийн-засаг

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын зардлыг нийслэлийн төсвөөс гаргана DNN.mn

Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэж Дээд лигийн тэмцээнээ зохион  байгуулна

Энэ долоо хоногт нийслэлийн төсвийг хэлэлцэж байна. НИТХ-аар хэлэлцэн баталдаг хотын шуудын төсвийн хувьд 40 тэрбум орчим төгрөгийг татвар төлөгч иргэдийн хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод өгөхөөр тооцоолжээ.

Харин Нийслэлийн 2023 төсвийн урсгал зардлын төсөлд:

  1. Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй 109 төсвийн байгууллагын 7,141 төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл
  2. Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага болон харьяа, төсөвт байгууллагуудын барилга, байгууламжийн ашиглалттай холбоотой тогтмол зардал
  3. 177.8 мянган ахмад настан, 52.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 104.2 мянган оюутан, 17.7 мянган МСҮТ-ийн сурагч, 6.1 мянган цагдаагийн албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах нөхөн олговрын зардал
  4. Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зөрүү санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэг
  5. Нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардал /зам замын байгууламж, цэвэрлэгээ үйлчилгээ/
  6. Сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, хадгалалт, хяналтын зардал
  7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал
  8. 1,100 орчим иргэнд олгох онцгой тохиолдлын болон амьжиргаа дэмжих тэтгэмж, 7.3 мянган иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
  9. Нийгмийн халамжийн сангийн зардал
  10. Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардал
  11. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах зардал
  12. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцны Монгол Улсын Хөгжлийн Банканд төлөх хүүгийн төлбөрийг төлөх
  13. Нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж үүсгэсэн орон нутгийн зээллэгийн Монгол Улсын Хөгжлийн Банканд 2023 онд төлөх төлбөр
  14. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, бичил бизнесийг дэмжих зардлыг тус тус тооцоолон тусгажээ. Дээрх зардлуудын 74.5 хувийг хотын шуудын урсгал зардалд, 25.5 хувийг есөн дүүргийн урсгал зардалд тусгажээ.

Ирэх онд нийслэлийн төсөвт нэг их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс нэг их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх орлогыг татварын бус орлогоор бүрдүүлэх аж.

Нийслэлийн 2023 төсвөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтад нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил багтжээ.

Наркологийн эмнэлгийн барилгыг буулган шинээр барих, нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудын засвар шинэчлэл, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршлуудад дэд бүтэц тавих, ус хангамжийн эх үүсвэр, нэгдсэн хяналтын төв байгуулан тоноглох зэрэг ажлууд байгаа юм.

Түүнчлэн төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн гурван цогцолбор болон нийслэлийн Архивын барилгыг үргэлжлүүлэн барих ажлуудыг төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид DNN.mn

Өнөөдрөөс хэрэгжих Шүүхийн тухай хуулийн ОНЦЛОХ ЗААЛТУУД | News.MN

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Н.Батчимэг, Б.Ганболд, М.Пүрэвсүрэн нарын нэрийг дэвшүүлжээ. Хууль зүйн байнгын хорооноос 20 хоногийн турш нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл, саналыг хүлээн авах талаар олон нийтэд мэдээлсэн бөгөөд нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл, санал ирүүлээгүй байна.

Харин сонсголд оролцохоо илэрхийлсэн 6 хүн, сонсголын ажиглагчаар оролцохоо илэрхийлэн 3 хүн бүртгүүлж, сонсголд оролцжээ.

зураг

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Батчимэг нь 1975 онд Дорноговь аймагт төрсөн. 47 настай, эмэгтэй. Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2018 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

1998-2001 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх, Шүүхийн тамгын газар туслах шүүгчээр, 2001-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчээр, 2004-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн шүүгчээр, 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан бөгөөд 2016 оны 12 сараас одоог хүртэл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа аж.зураг

Нэр дэвшигч Б.Ганболд 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1986-1996 онд Улаанбаатар хотын 34 дүгээр дунд сургууль, 1996-2000 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2000-2001 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 2000-2004 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд багшаар, 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багшаар, 2009-2014 онд Түшээ дээд сургуульд багшаар ажилласан бөгөөд 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа талаар Л.Мөнхбаатар гишүүн танилцуулав.

зураг

Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь 1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 40 настай, эрэгтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр арван жилийн сургууль, 1998-2003 онд Их засаг их сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2014 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ.

2003-2004 онд “UB даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газар шүүгчийн туслах, 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчээр, 2012 онд Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгчээр, 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа гэв.

Ийнхүү Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан бөгөөд Лхагва гарагт (2022.11.30)-ийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв


Categories
мэдээ улс-төр

Хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ DNN.mn

Өнөөдөр хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд  болно

УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн байгуулалтын байнгын хороо “Журам батлах тухай” тогтоолын төсөл, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн зарим ажлын хэсгүүд хуралдана. Үүнд:

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

-Мал эмнэлгийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.

Categories
булангууд гадаад мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Дэлхийн хамгийн том галт уул дэлбэрчээ DNN.mn

Хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрчээ | News.MN

Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уулд тооцогддог Хавайн арлын Мауна Лоа уул сүүлийн дөч орчим жилийн хугацаанд анх удаа дэлбэрсэн тухай арлын эрх баригчид Даваа гарагт мэдээлжээ.

Галт уулын дэлбэрэлт Ням гаригийн орой эхэлж, Даваа гарагийн өглөө лаав урсаж эхэлсэн ч одоохондоо тогооноосоо халиагүй байгааг АНУ-ын Геологийн Алба мэдээлсэн байна.

Гэхдээ галт уулын дэлбэрэлт хэр удаан үргэлжлэх, хүн амын суурьшлын бүс рүү лаав урсах эсэхийг одоогоор урьдчилан хэлэх боломжгүй гэжээ.

“Бид Хавайн Иргэний Хамгаалалтын албатай байнгын холбоотой ажиллаж, нутгийн оршин суугчдад нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдээлж байна” гэж АНУ-ын Геологийн Албаны хэвлэлийн төлөөлөгч Мел Горбет сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Хэдийгээр анхааруулга зөвлөмж гаргаагүй ч галт уулын ойр орчимд амьдардаг хүмүүс өөрсдийн санаачилгаар нүүж эхэлсэн тул арлын эрх баригчид түр хоргодох байруудыг нээж эхэлжээ.

Мауна Лоа галт уул хамгийн сүүлд 1984 онд дэлбэрч байсан юм. Саяхан хэд хэдэн удаа газар хөдөлсөн нь галт уул идэвхжих нөхцөл болжээ.

Мауна Лоа уул оршдог Биг Айлэндын зарим хэсэгт унасан үнс нурмын зузаан 0.6 см хүрсэн байна.

Хавайн бүлэг арлын хамгийн өмнөд захын арал болох Биг Айлэндэд нийт таван галт уул байдаг.

Мауна Лоа нь далайн түвшнээс дээш 4,169 метр өндөрт өргөгдсөн уул юм. 2018 онд түүний зэргэлдээх харьцангуй жижиг хэмжээтэй Килауеа галт уул дэлбэрэхэд ойролцоох суурьшлын бүсийн 700 айл өрхийн орон байр сүйдэж байжээ.

Тиймээс эгц цавчим хадан цохиотой Мауна Лоагийн дэлбэрэлт удаан үргэлжилж, лаав нь тогооноосоо халивал маш хурдтай тархаж, үүнээс илүү их хохирол учруулах эрсдэлтэй юм байна.

1950 онд энэ галт уул дэлбэрэхэд лаав гурван цагийн дотор 24 км хол урсаж, далайн эрэгт хүрч байжээ.

Эх сурвалж: Associated Press