Categories
гадаад мэдээ

Түрэгийн орнуудын байгууллагын IX дээд хэмжээний уулзалт болов DNN.mn

Түрэгийн орнуудын байгууллага (ТОБ) нь түрэг үндэстнүүдийн хамтын ажиллагааны олон улсын байгууллага бөгөөд тус байгууллагын IX дээд хэмжээний уулзалт энэ сарын 11-12-нд Узбекистаны Самарканд хотноо болж өнгөрлөө. Дээд хэмжээний уулзалтад тус байгууллагын гишүүн Азербайжан, Казахстан, Кыргызстан, Турк, Узбекистан болон ажиглагч Туркменистан, Унгар улсын төрийн тэргүүн нар оролцлоо. Тус байгууллагыг Түрэгийн зөвлөл нэртэй 2009 онд байгуулж, өнгөрсөн жилээс ТОБ болон өргөжин тэлжээ.

Уулзалтад Азербайжаны Ерөнхийлөгч И.Алиев, Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев, Кыргызстаны Ерөнхийлөгч С.Жапаров, Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган, Туркменистаны Ардын их хурлын дарга Г.Бердымухамедов, Унгарын Ерөнхий сайд В.Орбан нар оролцож, уулзалтыг Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзоёев Самарканд хотын “Мөнхийн хот” цогцолборт зохион байгуулж, удирдан явууллаа (зураг дээр).

Дээд хэмжээний уулзалтыг “Түрэгийн соёл иргэншлийн шинэ эрин үе: хамтын хөгжил цэцэглэлтийн замд” сэдвийн дор явуулж, “Түрэг ертөнцийн алсын хараа-2040” үзэл баримтлал, Түрэгийн орнуудын байгууллагын ирэх таван жилийн стратеги, гишүүн болон ажиглагч орнуудын хамтын ажиллагааны улс төр, эдийн засаг, худалдаа, тээвэр, гаалийн салбар дахь төсөл, баримт бичгүүдийг хэлэлцэж, Самаркандын тунхаглалыг батлан гаргалаа. Улмаар гишүүн орнууд хоорондын худалдааг хөнгөвчлөх, гаалийн хялбаршуулсан коридор, Түрэгийн Хөрөнгө оруулалтын сан, Түрэгийн Хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргалаа. Мөн Узбекистан-Кыргызстан-Хятад болон Термиз-Мазари-Шариф-Кабул-Пишеверын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Баку-Тбилиси-Карсын төмөр замын шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Европ-Азийг холбосон бусад тээврийн холболтыг төрөлжүүлэх, усан цахилгаан станц барих төслүүдийг дэмжлээ.

Уулзалтын төгсгөлд гаргасан Самаркандын тунхаглалд Түрэгийн ертөнцөд хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, ялангуяа эдийн засгийн салбар дахь интеграцийг улам өргөжүүлэх, тус байгууллагыг бүс нутаг, дэлхийд нөлөөлөхүйц олон улсын бүтэц болгон хөгжүүлэх, олон улсын тавцанд ч, дэлхийн дэг журам, аюулгүй байдалд тулгарч буй сорилтуудын хүрээнд ч Түрэгийн орнууд ижил зарчим, үнэт зүйлийг баримталж, бие биедээ тогтвортой, найдвартай түнш байх, засгийн газар, төрийн байгууллагуудын хоорондын байнгын зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлэх, батлан хамгаалах үйлдвэр, цэргийн салбарын асуудлыг нягт уялдуулахаар тусгажээ.

Дээд хэмжээний уулзалтаар Узбекистан тус байгууллагыг даргалах дараагийн үүрэгт ажлыг Казахстанд хүлээлгэн өгсөн бөгөөд мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амреевын оронд Кыргызстан улсын элчин сайд К.Омуралиевыг батламжиллаа.

Уулзалтын үеэр Түрэгийн ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Туркменистаны Ерөнхийлөгч асан Г.Бердымухамедов, Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган нарыг Түрэгийн ертөнцийн дээд одонгоор шагналаа. Шагналыг хурал даргалагч Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзоёев гардуулсан болно.

Уулзалтаар 2023 оныг “Түрэгийн соёл иргэншлийн жил” болгон зарласан бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын уриа нь “Түрэг соёл иргэншлийн шинэ эрин үе, дэлхийн дэг шинэ журамд Түрэгийн орнуудын аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтийн замд хамтдаа” гэсэн агуулгатай байгаа нь цаашдын хөгжлийн чиг хандлагыг өөдрөгөөр тодорхойлоход хүргэж байна.

ЭХ СУРВАЛЖ: iss.gov.mn

Categories
мэдээ нийгэм

Хоёр өрхийн 100 гаруй бог, 10 өрхийн 72 үхэр цасан шуурганд хорогджээ DNN.mn

Шуурганд уруудсан 53 иргэнийг эсэн мэнд оллоо – Онцгой байдлын ерөнхий газар

ОБЕГ-аас өнгөрсөн өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Цагаан чулуут” гэдэг газар11 дүгээр сарын 27-ны өдөр 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас нэг өрхийн 60 бог мал хорогдсон байна. Энэ тухай мэдээллийг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16:20 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна.

Ховд аймгийн Дөргөн сумын Агвааш багийн “Цахир хошуун” гэдэг газар 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 70 орчим бод мал хорогдсон тухай мэдээллийг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16:20 цагт хүлээн авчээ.

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Толийн хөх толгой” гэдэг газар 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23:30 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас нэг өрхийн 75 хонь, 9 ямаа хорогдсон байна. Энэ тухай мэдээллийг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17:15 цагт хүлээн авчээ. Тус сумын харьяат М-ийн 75 хонь, 9 ямаа цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Канад: Хятад бол улам бүр аюул учруулах гүрэн DNN.mn

Канадын эрх баригчид Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, дипломат харилцааныхаа шинэ стратегийг танилцуулж, тус бүс нутагт хөрөнгө оруулахад бараг 2.3 тэрбум канад доллар (1.65 тэрбум евро) хуваарилж байгааг танилцуулав. Уг баримт бичгийг өнгөрсөн ням гарагт тус улсын засгийн газрын “вэбсайтад” нийтэлсэн байна.

“Энэ стратеги нь ирэх 10 жилд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд тус улсаас оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт, уян хатан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн иж бүрэн замын зураглал юм” гэжээ. Мөн тус бүс нутгийн кибер аюулгүй байдлыг ханган хөгжүүлэхэд Канадын тэнгисийн цэргийн оролцоог бэхжүүлэх, Канадын Зэвсэгт хүчний тус бүс нутгийн цэргийн сургуулилтад оролцох оролцоог нэмэгдүүлэхэд 540 орчим сая доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ мөнгөний 240.6 сая нь бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, 750 сая нь Канадаастус бүс нутагт хувийн хэвшлийг хөгжүүлэхэд зориулагдах гэнэ.

Энэхүү стратегийн нэлээд хэсэг нь Канадын Хятадтай харилцах харилцааг хөгжүүлэхэд зориулагдсан бөгөөд уг баримт бичигт ” Хятад бол дэлхийд улам бүр аюул учруулах гүрэн” гэж тодорхойлсон байна. “Хятад улсын ашиг сонирхол, өөрийн үнэт зүйлсдээ илүү таатай орчин бий болгох эрмэлзлэл нь олон улсын дэг журам, манай улсын эрх ашигтай улам бүр зөрчилдөж байна” гэж уг стратегид онцолжээ. Гэсэн ч уг баримт бичигт “Хятадын асар том хэмжээ, нөлөө нь цаг уурын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, дэлхийн эрүүл мэнд, цөмийн зэвсгийн тархалт зэрэг дэлхийн амар амгалан оршин тогтнох, учирч буй сорилтуудыг шийдвэрлэхэд тэдэнтэй хамтран ажиллах зайлшгүй шаардлагыг бий болгож байна” гэдгийг хүлээн зөвшөөрч, Хятадын эдийн засаг “Канадын экспортлогчдод чухал боломжууд олгож байдаг” гэж онцолсон байна.

“Канад улс үндэснийхээ эрх ашгийг ямагт тууштай хамгаалах болно. Бидний Хятадад хандах хандлага нь өнөөгийн Хятад улсын талаар бодитой, ухаалаг үнэлэлт дүгнэлтэнд суурилж байна. Үзэл бодлын гүн гүнзгий хагарал үүсэх асуудал дээр бид Хятадын эсрэг хатуу байр суурь баримтлах болно” гэж уг стратегид дурджээ.

Канад улсын худалдааны 68 хувийг АНУ, харин Хятад долоон хувийг бүрдүүлдэг гэж “Ройтерс” агентлаг онцолжээ. Канад улсаас өмнө Их Британи Хятад улсыг өөрийн гол дайсан улс хэмээн зарлаад байсан юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

21 нас хүрсэн залуучууд бичиг баримтаа үзүүлж байж, согтууруулах ундаагаар үйлчлүүлнэ DNN.mn

СОГТУУРУУЛАХ УНДААгаар үйлчлэх, зарахыг ХОРИГЛОЛОО

УИХ-ын дарга Г.Занданшатар “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн талаар мэдээлэл хийсэн.

Тэрбээр “Хэрэглээний соёлыг төлөвшүүлэх ёстой. Архийг хэчнээн хориглоод нэмэргүй. Тиймээс хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нь чухал. Жишээ нь, градусыг багасгах, татварыг нэмэгдүүлэх, хүн шахахыг хориглох ёстой. “Намайг алгас” хүртэл аян явж байна. Намайг алгас гэсээр байтал шахаад тухайн хүн нь асуудалд орвол шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Энэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнийг ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй” гэсэн.

Мөн согтууруулах ундаа худалдах насыг 21 болгож нэмэгдүүлсэн гэлээ. Тэрбээр “21 хүрээгүй бол согтууруулах ундаагаар үйлчлэхийг хуулиар хориглоно. 21 нас хүрсэн эсэхийг заавал шалгана. Тэгэхээр овор багатай залуучууд заавал бичиг баримттайгаа явж, насаа баталж байж архи пивоор үйлчлүүлнэ. Хэрэв үүнийг зөрчвөл үйлчилсэн, үйлчлүүлсэн хоёрт хоёуланд нь хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хуулийн төсөлд 19 гэж байсан ч 21 нас болгож тогтоосон” гэлээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ “Сармат” пуужинг үйлдвэрлэж эхэллээ DNN.mn

ОХУ тив хоорондын шинэ “Сармат” баллистик пуужингийн туршилтыг бүрэн дуусгаж, ирэх сард зэвсэглэлд оруулахаар үйлдвэрлэж эхэлсэн[1] бөгөөд тус пуужин нь агаарын довтолгооноос хамгаалах системийг даван туулах чадвартай төдийгүй хэт авианы “Авангард” пуужингийн цогцолборыг сансарт гаргах чадалтай.

Ойрын 50 жилд Оросын стратегийн цөмийн зэвсэглэлийн үндсийг бүрдүүлэх үүрэг зориулалттай тав дахь үеийн тив хоорондын цөмийн пуужин “Сармат” буюу “Сатан-2” нь 200 тонн жинтэй, 35 метр урттай, секундэд 7 км хурдтай, 18000 км алсын тусгалтай, тус бүр нь 750 килотонн хүчин чадалтай арван цөмийн цэнэгт байлдааны хошуу тээх чадалтай.

Өмнөх Сатан-1 буюу РС36 пуужингийн хөдөлгүүр, эд ангийг Украинд үйлдвэрлэж байснаас шалтгаалж, шинэ хөдөлгүүрт суурилсан шинэ загварын “Сармат” пуужинг сүүлийн арваад жилийн хугацаанд зохион бүтээж, энэ онд багтаан зэвсэглэлд оруулахаар үйлдвэрлэж эхлээд байна.

ОХУ “Сармат” пуужинг Красноярскад үйлдвэрлэж, тус хязгаарын Ужур суурины 62 дугаар пуужингийн дивиз, Оренбург мужийн Ясное суурины 13 дугаар пуужингийн дивизийг эхний ээлжид зэвсэглэж, 2025 он гэхэд Стратегийн цөмийн хүчнээ “Сармат” пуужингаар бүрэн зэвсэглэж, дуусгах төлөвлөгөөтэй аж.

Сарматын тусламжтай сансарт хөөргөх “Авангард” хэт авианы пуужингийн цогцолбор нь 27 мах буюу секундэд 9 орчим км хурдтай, өндөр маневрлах чадвартай, одоо байгаа пуужингийн болон агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх чадвартай.

“Сармат” пуужингийн анхны туршилтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд хийж, Плесецкийн сансрын буудлаас хөөргөсөн тус пуужин Камчаткийн Курагийн сургалтын талбайн байг оносон бөгөөд хоёр дахь туршилтыг мөн саяхан 11 дүгээр сарын 18-нд амжилттай хийсэн.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
мэдээ нийгэм

Малдаа явахаар гараад сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд олов DNN.mn

Малдаа яваад сураггүй болсон хүүхдийг эсэн мэнд олжээ

Өмнөх хоёр өдрийн байдлаар цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн малд явсан дөрвөн хүн алга болжээ. Улмаар алба хаагчид шуурхай ажиллаж иргэдийн эсэн мэнд олж ар гэр, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тухайлбал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн Адгийн бууц гэдэг газарт малчин Б нь арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ар гэрийнхэн малчин Б/41 настай эрэгтэй/-ыг арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 22:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт гэрээс нь баруун урд зүгт 10 км-т, “Туулайн тал” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн “Далангийн зүүн даваа” гэдэг газарт малчин А нь арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 03:57 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин А /57 настай эрэгтэй/-ыг 11.27-ны өдрийн 22:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.28-ны өдрийн 11:10 цагт гэрээс нь урд зүгт 13 км-т, “Таван худаг” гэдэг газраас эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багийн Цогт гэдэг газарт малчин Ж нь арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 21:00 цагийн орчим Бууцагаан сумаас автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин Ж /50 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг арванннэгдүгээр сарын 28-ны өдрийн 15:31 цагаас тус сумын “Тавын бригад”, “Цэг”, “Цагаан гол”, “Магнай уул” гэдэг газруудад зохион байгуулж мөн өдрийн 23:34 цагт сумын төвөөс зүүн урд зүгт 37 км-т, “Олон-Овоо” гэдэг газар автомашин нь цасанд суусан, бага зэргийн осголттой байсныг олж сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Говьсүмбэраймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөг гэдэг газарт малчин М нь арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 13:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 21:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин М /40 настай, эрэгтэй/-ыг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 21:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 00:18 цагт гэрээс нь зүүн урд зүгт 10 км-т, “Тээгийн-Ар” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Нэмэлт барилдаантай Кюүшюү башё DNN.mn

Энэ жилийн хамгийн сүүлийн башё болох Япон улсын өмнө зүгт орших Кюүшюү арлын Фүкүока хотноо арван дөрвөн хоног сумо сонирхогчдын анхаарлыг хандуулж, халуунаар өрнөсөөр Шикорояма дэвжээний магэшира зиндааны сумоч Аби эзэн хааны цомыг хүртлээ. Гурван бөх оноо тэнцэж, нэмэлт барилдаан хийх болсон нь сумогийн түүхэн дэх 28 жилийн дараа болж байгаа өвөрмөц үйл явдал боллоо. Монгол бөхчүүдээс Жүрёо зиндаанд энэ жилийн 5 дугаар сарын барилдаанд макүшита зиндаанд түрүүлж, нилээд хурдтайгаар дээш ахиж буй Наруто дэвжээний Оошёоүма П.Дэлгэрбаяр, Макүшита зиндаанд Тамашохо Э.Энхманлай нар тус тус түрүүллээ. Энэ удаа Ёкозуна Тэрүнофүжи өнжсөн бөгөөд Озеки Такекейшо нэмэлт барилдаанд унаж, хоёр жилийн өмнө авч байсан түрүүгээ хүртэж чадсангүй. Түрүү цомын төлөө зургаан удаа үзүүр түрүүд тунаж байсан, энэ удаагийн башёг хоёр унаатай тэргүүлж, олны анхаарлын дунд байсан Такаясу гурван унаатай Абитай барилдаж, цүкиотоши буюу барьцгүй алгадаж, түлхэн унагах мэхээр Аби давж, нэмэлт барилдаанд барилдах болов.

Мөн олны анхаарлын цэгт байсан бөхчүүдийн нэгэн болох хоёр жилийн өмнөөс дээд зиндаанд барилдаж байгаа Хоошёорюү С.Бямбасүрэн эхний үеүдэд түрүү бөхийн эгнээнд явсаар дөрөв унаснаар мултарч, барилдааны сүүлийн өдөр Кирибаяма Б.Лхагвасүрэнг түлхэж гарган, уран барилдааны шагналын цомыг хоёр дахь удаагаа хүртлээ. Энэ башё түүний хувьд түрүү бөхийн төлөөх өрсөлдөөн ямар байхыг бие сэтгэлээр нь мэдрүүлсэн, их анзаарал сэхээрэл өгсөн байх гэж сумогийн мэргэжилтнүүд ярьж байлаа. Энэ башён түрүү цомыг хүртсэн маэгшира Абигийн тухай цухасхан өгүүлэхэд одоо 28 настай, дороосоо хоёр дахь чинсаа болох жёнидан-аас эхлээд зиндаа болгонд түрүүлж бас аваргуудыг унагаж “алтан од” оноо авч байсан өсөх ирээдүйтэй хүчит бөхчүүдийн нэгэн гэгддэг. Цолтнуудын зиндаа болох жүрёогоос макүшта руу унаад арга, цөхрөнгөө барж, урам зоригоо алдсан байх үедээ нэг галын бөх Ёкозуна Какүрюү М.Анандын туслах хийснээр амьдралын олон зүйлийг суралцаж, бөх хүн байхын мөн чанарыг гүн гүнзгий ойлгож, ухааран сэхээрснээр дахин боссоноо ийнхүү “Би аваргын туслах болоогүй бол аль хэдийнэ сумог болих байсан ч байж магад. Өдий зэрэгтэй бөх лав болоогүй байх байсаан гэж дурсдаг ажээ. Ирэх жилийн 1 дүгээр сард башё эхлэх бөгөөд бас их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол 1 дүгээр сарын сүүлээр болно.

Х.Эрдэнэцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Манай улсад ХДХВ/ДОХ өвчнөөр 58 хүн нас баржээ DNN.mn

Манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай 183 хүн амьдарч байна

Манай улсад энэ он гарсаар бэлгийн замын халдварт өвчний 8,875 тохиолдол бүртгэгдсэн байна.

БЗДХ, ХДХВ/ДОХ-ын өвчлөл эрсдэл бүхий бүлгүүдэд өндөр тархалттай байдаг. Тухайлбал, тэмбүү өвчин манай улсын нийт хүн амын дунд бага тархалттай байгаа бол эрсдэлт бүлгүүдэд их тархалттай байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн юм.

Монгол Улсад сүүлийн 30 жилийн хугацаанд ХДХВ/ДОХ-ын 344 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 286 иргэн эрүүл мэндийн хяналтад байгаа бол 58 хүн нас барсан байна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг ДЭМБ-аас манай улсын хүн ам зүйг судалж үзээд БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвар 680 орчим тохиолдол байх магадлалтай талаар тооцоолсон. Цаашдаа бид илрүүлэг, тандалтаа эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг энэ тоо харуулж байна.

Энэ жил манай улсад ХДХВ/ДОХ-ын 17 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт эрсдэлт бүлгүүдийн дунд их бүртгэгдэж байгаа юм. Эрсдэлт бүлгийн хүн ам дотроо нийт тохиолдлын 84 орчим хувь нь гей хүмүүст илэрч байна. БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдварын тохиолдол гей, бисексуал, трансжендер хүмүүсийн дунд бүртгэгдэж байна. Тиймээс эрсдэлт бүлгийн хүн ам руугаа төвлөрч ажиллах хэрэгтэй гэсэн үг. Түүнээс нийт залуусын дунд энэ төрлийн өвчлөл тархсан гэсэн үг биш” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

БНХАУ руу эхний ээлжинд 550.8 тонн мах экспортлов DNN.mn

Дулааны аргаар боловсруулсан махны экспорт 11.8 мянган тн хүрчээ

Мах, махан бүтээгдэхүүний экспорт сэргэж, энэ сарын 15-наас БНХАУ руу гаргаж эхэлсэн талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр “Өнгөрсөн долоо хоногт манай улс БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан 26 чингэлэг буюу 550.8 тонн махыг гаргасан. БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах гаргаж, адууны махыг түүхийгээр экспортолж байгаа. Өнгөрсөн онд манай улс 67 сая тоо толгой мал тоолуулж, энэ онд нийт 24 сая төл хүлээн авсан. Үүнээс хот суурин газрын хүн амын хэрэглээнд 13 сая мал нийлүүлэхээр төлөвлөсөн. Харин экспортод 6.5 сая толгой мал буюу 180 мянга орчим тонныг гаргах бүрэн боломжтой гэсэн тооцоо судалгаа бий” гэж мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

​Хятадад юу болоод байна вэ? DNN.mn

Хятадын коммунист намын ХХ их хурал дээр тус улсын тэргүүн Си Жиньпин 0-COVID” үйл ажиллагааг үргэлжлүүлнэ, баячуудын хөрөнгийг хурааж ядуучуудад өгөх ажлаа үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Эдгээр бодлогооос шууд шалтгаалж Хятадын эдийн засгийн гол тулгуурууд болох үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ царцаж, үйлдвэрлэл, худалдаа хумигдаж эхлэв. БНХАУ-ын экспорт, импорт өнгөрсөн сард гэнэт уналтад орсон нь 2020 оны тавдугаар сараас хойшхи анхны нэгэн зэрэг явагдсан том уналт болсон. Аравдугаар сард экспортын тээвэрлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар буурч, есдүгээр сард 5.7 хувийн өсөлттэй байсан эдийн засагт огцом эргэлт гарсан нь 4.3 хувиар өснө гэж байсан эдийн засгийн шинжээчдийн хүлээлтээс хамаагүй бага үзүүлэлт болов.

“Capital Economics”-ийн эдийн засагч Зичун Хуан “Ирэх улиралд экспорт улам буурна гэж бид тооцоолж байна … Хятадын төр засгийн санхүүгийн түрэмгий бодлого буюу их мөнгө олох тусам нь их мөнгө улс хурааж авах бодлого, өндөр инфляциас шалтгаалсан бодит орлогын бууралт ирэх онд Хятадын эдийн засгийг уналтад оруулна гэж бид үзэж байна” гэжээ. “Ройтерс” агентлаг хятадын гаалийн мэдээлэлд тулгуурлан тус улсын автомашины экспортын тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад огцом буурч, 60 хувьд хүрсэн нь Хятадын эдийн засагт бараа бүтээгдэхүүний эрэлт буурч үйлчилгээ рүү шилжиж байгааг харуулж байна гэж мэдэгдэв. Импортын ачаа эргэлт 9-р сард 0.3 хувийн өсөлттэй байсан нь өмнөх үеэс 0.7 хувиар буурч, 2020 оны 8-р сараас хойшхи хамгийн сул үр дүн болов. Дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн удаашралтаас гадна дотоодын эрэлт суларч байгаа нь Хятадын эдийн засагт илүү их дарамт учруулах болно гэж шинжээчид үзэн “Дотоодын эрэлт хангалтгүй байгаа нь Хятадын богино хугацааны сэргэлт, урт хугацааны өсөлтөнд саад болж байна” гэж “Jones Lang Lasalle”-ийн ахлах эдийн засагч Брюс Панг хэлэв.

Царт тахал гараад бараг гурван жил болж байхад Хятад улс “COVID-19”-ийн эсрэг хатуу бодлого баримталж, эдийн засагтаа ихээхэн хохирол учруулж, нийтийг хамарсан бухимдал үүсгэсээр байна. Хамгийн гол нь Си даргын 0-COVID”, баячуудын хөрөнгийг ядуучуудад өгнө гэдэг бодлого хятадын иргэдийн амьдралын төвшинг эрс бууруулж магадгүй болоод байна. Ингэх аваас БНХАУ дотроосоо бут үсрэх болно. Учир нь хятадууд хэнээр удирдуулж буйгаа огт тоодоггүй, харин амьдрал нь буурангуут шууд босдог онцлогтой ард түмэн. Иймээс хятадууд бусад улсаас хамгийн олон буюу 10-н түүхэн том бослого гаргаж хамгийн урт буюу 1927-1950 он хүртэл иргэний дайн хийж байсан ард түмэн билээ. Ядаж байхад “0-COVID” гэх хатуу хөл хорио тогтоосон хотуудад дарга нарын ойрын хамаарал бүхий этгээдүүд иргэдийн хүнс, өргөн хэрэглээний барааны ханган нийлүүлэлтийг хариуцан баяжиж байна гэсэн мэдээлэл нийтийн сүлжээгээр тараад байгаа нь иргэдийн эсэргүүцэл, дургүйцлийг өдөөгөөд байна.

Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны Өрөмч хотод коронавирусын эсрэг хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн олныг хамарсан эсэргүүцлийн бичлэг Хятадын олон нийтийн сүлжээнд тавигджээ. Нийт 10 хүн амиа алдсан орон сууцны өндөр байшинд гал гарсны дараа жагсаал эхэлсэн гэж мэдээлж байна. Уг бичлэгт орон нутгийн оршин суугчид олонх нь маск зүүж, харанхуй болсны дараа хотын гудамжинд цугларч байгааг харуулжээ. Үүний дараа цагдаа нартай жагсагчдын сөргөлдөөн эхэлж, хүмүүс “Ковидын хязгаарлалтанд төгсгөл!” хэмээн хашгирч байв. Өөр нэг бичлэгт олон хүн үймээн самуун дэгдээн тусгай хаалтыг нэвтэлж байгааг харуулав. Жагсаал болсон газрын байршлыг “Ройтерс” агентлаг баталгаажуулсан бол өнгөрсөн баасан гарагийн орой “ВВС”-ийн дамжуулалтаар хотын захиргааны гадаа цугларсан эсэргүүцэгчдийн жагсаалыг бас харуулав. Мөн Гуанжоу хотод гарсантай адил явдал өнгөрсөн ням гаригт шилжих шөнө Бээжин, Сиань, Чунцинь, Нанжин зэрэг том хотуудад болж иргэд төр, засгийнхаа эсрэг жагсжээ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгүүд дээр жагсаж буй залуус “Коммунист нам зайл! Си Жиньпин зайл!” хэмээн хашгиралдаж байв. Цагдаа нар удалгүй баривчилгаа явуулж эхэлсэн байна. Цар тахал эхэлснээс хойш бараг гурван жилийн дараа ч гэсэн Хятадын хил хүртэл хаалттай хэвээр байна. Энэ бол хятадын коммунистууд иргэдээ ковидын вакцинд бүрэн хамруулаагүй гэсэн үг гэж зарим судлаачид онцолсон байна. Мөн эдгээр хотоос гадна Бээжин, Нанжин хотын их дээд сургуулиудын оюутнууд коммунист төр, засгийн бодлогыг эсэргүүцэн жагсаал хийж эхэлжээ.

Дарангуйлагч дэглэмтэй Хятадад төр засгаа шууд эсргүүцсэн ийм ил тод илрэл маш ховор болдог гэж барууны хэвлэлийн агентлагууд гайхаж байгаагаа нуулгүй онцлон тэмдэглэсэн байна.

Урд хөршийн Коммунист засаглал уруудах замдаа оров.

Г.Амарсанаа