Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -22 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35…-37 градус, бусад хэсгээр -28…-30 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -39…-44 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32…-37 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -22…-27 градус, бусад нутгаар -27…-32 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -27…-32 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -21…-26 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -17…-22 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -33…-35 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Тагнын Урианхайн хязгаар буюу Тува ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Бид оюун ухаанаа
намчлаад, эдийн засгаа төрчлөөд
байгаа нь том алдаа” гэснийг IV, V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Япон улсын иргэн Фуказава Койчи “Намайг залилагч нь
сонгуульд нэр дэвшдэг олны танил хүн” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Тагнын Урианхайн хязгаар буюу Тува” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Үндэсний тээвэрлэгчдээ
“Эрдэнэс Таван толгой” ХК гадуурхаж байна

Топ модель, мисс Б.Баярцацрал “Дизайнерын урласан
хувцсыг тайзан дээр үзэгчдэд амилуулах
мэдрэмж үнэхээр сайхан” хэмээв.

Байгаль орчин,
аялал жуулчлалын дэд
сайд Г.Түвдэндорж “ДНБ-ийг 20 хувьд
хүргэж, аялал жуулчлалын
салбараас хоёр тэрбум ам.доллар
олно гэж тооцоолж байна” гэлээ.

СЭЗИС-ийн Бизнесийн
удирдлагын тэнхимийн
ахлах багш С.Мөнхбаяр “Нийт зар сурталчилгааны
тэдэн хувийг үндэсний хэвлэл
мэдээллийн байгууллагаар дамжуулна
гэж хуульд оруулах хэрэгтэй” хэмээлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үндэсний Дээд Лигийн нээлтийн тоглолт пүрэв гаригт болно DNN.mn

Монголын сагсанбөмбөгийн холбоо /МСБХ/-ны 2022-2023 оны Үндэсний Дээд лигийн шинэ улирлын нээлтийн тоглолт 12 дугаар сарын 1-ний өдөр UG Arena ордонд болно.

Энэ удаад багууд шинэ бүрэлдэхүүн, шинэ өнгө төрх, илүү хүчтэйгээр шинэ улирлыг эхлүүлэхээр зэхээд байгаа юм.

Тус нээлтийн тоглолтын хуваарийг /12.01/ та бүхэнд сонирхуулж байна.

16.00 цагаас Улаанбаатар Амазонс – Эрдэнэтийн Уурхайчид /эмэгтэй баг/, 18.00 цагаас Архангай Алтан Дорнодын Дайчид – Тэнүүн Өлзий багууд тоглоод шинэ улирлын нээлтийн ёслол болно. Улмаар 20.30 минутаас Хүлэгүүд – Эрдэнэтийн Уурхайчид багуудын тоглолт болох юмбайна.

Categories
мэдээ цаг-үе

БШУЯ: Сурагчдын амралтыг наашлуулахгүй DNN.mn

Бага ангийн сурагчдын амралт 6 дугаар сарын 1-нээс эхэлнэ | Эрдэнэт хотын  мэдээлэл

Цахим орчноор сурагчдын амралтыг ирэх арванхоёрдугаар сарын 01-ний өдөр болгон наашлуулахаар болсон гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар БШУЯ-аас тодруулахад дараах тайлбарыг хийлээ.

Тодруулбал, “Хичээлийн хөтөлбөр, хуваарьт өөрчлөлт ороогүй. Амралтыг наашлуулахгүй. Удахгүй амралт эхлэх гэж байна. Тиймээс ирэх сарын 01-ний өдрөөс эхлүүлэх талаар огт яригдаагүй байгаа” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Хятадын зарим хотод ковидын хязгаарлалтыг сулруулжээ DNN.mn

Хятад вакцин хийлгэсэн хүмүүст дэмжлэг үзүүлнэ | News.MN

БНХАУ-ын нийслэл Бээжин, Гуанжоу болон Өрөмч хотын эрх баригчид оршин суугчид нь ковидтой тэмцэх арга хэмжээг эсэргүүцэж байгаатай холбогдуулан коронавирусээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг илүү оновчтой болголоо гэж Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, Бээжин хотын эрх баригчид вирусний халдвар тархах эрсдэл ихтэй бүсүүдийг тогтоож, байшин, барилгад хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Халдварын эх үүсвэр тодорхойгүй эсвэл вирус нийгэмд хурдацтай тархаж байгаа тохиолдолд эдгээр бүсийг өргөжүүлж магадгүй. Өмнө нь эрх баригчид нэг өвчтөн илрэхэд л бүхэл бүтэн орон сууцны цогцолборуудыг “хааж” байсан юм.

Үүнээс гадна, нийслэлийн удирдлагууд эрсдэл ихтэй бүс гэж тогтоосон газруудыг хаахдаа “хатуу зүйл” ашиглахыг хоригложээ. Түүнчлэн барилга руу орох хаалгыг болон нүүлгэн шилжүүлэн гарцыг хаахыг хориглосон байна.

Өмнөд Хятадын Гуандун мужийн засаг захиргааны төв болох Гуанжоу хотод эрх баригчид ковидын хязгаарлалтын улмаас гэрээсээ гарахгүй байгаа иргэдийг өдөр бүр заавал өгөх шинжилгээнээс чөлөөлсөн байна. Тодруулбал, цахимаар хичээллэж буй багш, оюутнууд, мөн гэрээсээ ажиллаж буй ажилчдыг чөлөөлжээ.

БНХАУ-ын баруун хойд нутагт орших Шинжаан-Уйгурын өөртөө засах орны нийслэл Өрөмч хотод мөн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сулруулжээ. Вирусний халдвар тархах эрсдэл багатай хотын дүүргүүдэд нийтийн тээвэр, хүргэлтийн үйлчилгээг сэргээсэн байна. Тус хотод ковидтой тэмцэх арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болсны дараа ийм шийдвэр гарчээ.

Хятадад өрнөсөн эсэргүүцлийн жагсаал

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын хэд хэдэн хотод ковидтой тэмцэх арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болсон юм. Бээжин хотын Чаоян дүүрэгт болсон эсэргүүцлийн жагсаалд л гэхэд хэдэн зуун хүн оролцжээ. Жагсагчид эрх баригчдаас ковидтой тэмцэх арга хэмжээг сулруулахыг шаардсан байна. Жагсагчдын зарим нь “11 дүгээр сарын 24-нд Өрөмч хотод амиа алдсан эх орон нэгтнүүдийн дурсгалд зориулав” гэсэн бичигтэй цаас барьсан байжээ.

Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөх болсны нэг шалтгаан нь Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Өрөмч хотын нэгэн өндөр байшинд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гарсан гал юм. Энэхүү эмгэнэлт явдлын улмаас 10 хүн амиа алдаж, есөн хүн түлэгдэж гэмтсэн байна. Тус байрны оршин суугчдыг ковидын дэгдэлтийн улмаас хөл хорионд оруулсан байжээ.

Хорионд орсны улмаас иргэд орон сууцнаас хурдан гарч чадаагүй, зам хаасны улмаас гал сөнөөгчид, тусгай техник хэрэгсэлтэйгээ ослын газарт очиход удсан гэх батлагдаагүй мэдээлэл Хятадын олон нийтийн сүлжээгээр гарсан юм. Харин эрх баригчид энэ мэдээллийг үгүйсгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-тай хамтарсан нисэхийн сургууль байгуулна DNN.mn

Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулна

Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулж, нисэхийн чиглэлийн мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэхээр зорьж байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт БНСУ-ын Алс дорнодын их сургууль болон Far East University-ийн удирдлагуудтай уулзаж, санал солилцов.

Тэрбээр, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт том оврын онгоцны нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх шаардлага, эрэлт байгааг онцлов. Сургалтын үйл ажиллагаа явуулахад холбогдох зөвшөөрөл олгоход ЗТХЯ, ИНЕГ дэмжиж ажиллахаа илэрхийлэв. БНСУ-ын Алс дорнодын их сургуулийн зүгээс нислэгийн аюулгүй байдлын стандартыг батлахад хамтран ажиллаж, агаарын тээврийн хүний нөөцийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой байгааг дахин онцоллоо. Дахин гэдгийн хувь үүний өмнө тус сургууль энэ асуудлыг тавьж санамж бичиг байгуулж байсан ч хамтын ажиллагаа Ковидын цар тахлаас болж түр хойшлогдоод байв.

Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хүрээнд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд нисэх дадлага хийх сургалтын төв нээхээр төлөвлөжээ. Ингэснээр нисгэгч, онгоцны инженер, техникийн ажилтнуудыг дотооддоо сургаж бэлтгэх үндэс суурь тавигдах юм.

Энэ ажлыг Монгол Улсын Засгийн газрын бодлогын дэмжлэгтэйгээр Far East University-ийн хөрөнгө оруулалт болон БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг технологи, боловсролын хамтын ажиллагааг дэмжих ОДА төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой аж. Ингэснээр агаарын тээвэр, зорчигч тээвэр, засвар үйлчилгээний салбарын ажлын байр нэмэгдэж, олон улсын стандартад нийцсэн Агаарын тээврийн сургууль байгуулагдана гэж үзэж байна.

Categories
гадаад мэдээ

ДЭМБ сармагчны цэцэг өвчний нэршлийг өөрчилжээ DNN.mn

ДЭМБ сармагчны цэцэг өвчнийг дэлхийн хэмжээний эрүүл мэндийн гамшгаар  зарлалаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний нэршлийг ялгаварлан гадуурхах үзэгдлээс ангид байлгахын тулд “mpox” болгон өөрчилсөн талаараа даваа гарагт мэдэгдлээ.

ДЭМБ-ийн хэвлэлийн мэдэгдэлд дурдсанаар, “mpox” болон сармагчны цэцэг гэх хоёр нэршлийг нэг жилийн хугацаатай хамтад нь хэрэглэж, улмаар цаашид сармагчны цэцэг гэх нэршлийг хэрэглээнээс хална.

Энэ оны долоодугаар сард ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалт эндемик болсон Африкийн орнуудаас гадна олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан юм.

ДЭМБ-ын мэдээллээр бямба гаргийн байдлаар, дэлхийн 110 улс оронд халдварын 81 107 тохиолдол батлагдаж, 55 хүн нас барсан байна. Өнгөрсөн дөрвөн долоо хоногт илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь Америк /92.3 хувь/, Европт /5.8 хувь/ илэрчээ.

Дэлхийн хэмжээнд 11 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд илэрсэн халдварын тохиолдлын тоог өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 46.1 хувиар буурсан байна.

Сармагчны цэцэг өвчний хамгийн олон тохиолдол АНУ /29 001/, Бразил /9905/, Испани /7405/, Франц /4107/, Колумби /3803/, Их Британи /3720/, Герман /3672/, Перу /3444/, Мексик /3292/, Канадад /1449/ илэрсэн бөгөөд эдгээр нь дэлхийн хэмжээнд илэрсэн нийт тохиолдлын тоо 86 хувийг эзэлж байна гэж “Agence France-Presse” агентлаг мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Молор-Эрдэнэ: Ядуусыг баячууд биш нийгмийн оюунлаг, ухаалаг давхарга л чирдэг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2015 ОНЫ АРХИВ: Философич С.Молор-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг дахин нийтэлж байна.


Улс төр судлаач, философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та Германаас оюунлаг улс төр, хүчтэй төр байгуулахын төлөө шинэчлэл хийхээр ирсэн гэж ярьдаг. Тэрнийхээ төлөө хэр явж байна вэ?

-Бид хэсэг бүлэг хүмүүсийг улс төр гэж ойлгоод байдаг. Нийгэм чинь өөрөө улс төр. Хүн бүр улс төрийн иргэн шүү дээ. Хүн бүр улстөрч байх ёстой. Ер нь иргэн бүр улстөрч байхгүй юу. Хамгийн гол нь би ажил төрөл, мэргэжилтэй. Ажлаа хийгээд явж байна. Чи бидний өмнөөс тийшээ ор гэж тэр 76-г бүрдүүлсэн юм. Би философич, та сэтгүүлч, тэр хүн тэтгэврийнх. Бид хувь хувьдаа ажлаа хийгээд завгүй байгаа болохоор бүгдээрээ нийлж байгаад дүүрэг, сум, аймаг, тойргоосоо нэгнийгээ сонгоод “Чи бидний өмнөөс очоод улс төр хий” гээд явуулдаг. Энэ чинь улс төр байхгүй юу. Анх Грекээс улс төр үүсэхдээ ингэж үүссэн. Бид улс төртэй сүүлд, 1940-өөд онд л танилцсан. Тэр үед л улс төртэй болсон, Монгол орон. Төртэй, Засгийн газрын ордонтой, байшин барилгатай, мэргэжлийн хүмүүстэй болж эхэлсэн. Тэрнээс өмнө бидэнд төр, улс төр гэх юм байгаагүй. Овог овгоороо л байсан эрт дээр үеийн нүүдэлчин л ард түмэн. Одоо болохоор Чингисийн төр гэж яриад байдаг. Тэрийг чинь төр гэхэд хэцүү. Их засаг хууль гэж ярьдаг. Тэр үед бичиг сачиг ч байгаагүй, цаас гэж ч байгаагүй. Биччихсэн цаасан баримт байхгүй. Ерөнхий нэг үлгэр, домог бидний дунд явдаг. Богдоо тойроод л хар, шар феодалууд нь суудаг байсан бол 1940-өөд оноос бид хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, гэгээрлийн яамтай боллоо шүү дээ.

-Манай улс төрийн байдал тогтворгүй байна. Түүнийг дагаад нийгэм ч хямралтай байна. Та энэ байдлыг хэрхэн харж байна вэ?

-Би дээр хэллээ шүү дээ, 1940-өөд оноос хойш бид хүн төрөлхтний улс төр гэдэг ойлголттой танилцсан. Тэр ойлголтыг амьдралдаа хэрэгжүүлээд овоо гайгүй болоод явж байлаа. Улс төрийн товчоо, яамны сайдтай, сонгууль болдог, Ардын их хуралтай. Тэр хуралдаа сум, аймгийн дарга нар нь ирдэг. Тэгээд бүгдээрээ нийлж байгаад улс орноо яаж хөгжүүлэх төлөвлөгөөгөө зохиогоод явдаг байсан. 1990 онд ардчилал гэдэг ч юм уу, хөдөлгөөн гэх ч юм уу, өөрчлөлт рүү орсон. Хувьсгал биш л дээ. Хувьсгалтай огт хамаагүй. Тэгээд бид ард түмнээ авч явдаг улс төрийн бүтцээ эвдээд хаячихсан. Ерөнхийдөө дураараа, улс төр утгаа алдчихсан. Ардын их хурал гэж байхгүй. Сумын дарга улс төрд орж ирж сумынхаа асуудлыг бусдадаа ярих ямар ч боломж байхгүй. Зүгээр л аймаг нь ганц хоёр хүнийг сонгоод явуулчихдаг. Тэд нь Улаанбаатарт ирээд аймгаа мартчихдаг. Сонгууль болохоор гурил, будаа өгчихдөг. Иймэрхүү л юм байгаа шүү дээ. Хөдөө болохоор шатахуун энэ тэр гэсэн илүү дутуу юм тараагаад л. Улс төр гэж хар, наймааны, хамгийн муу муухай гэсэн л ойлголт явж байгаа шүү дээ. Уул нь бол улс төр гэж их сайхан юм байх ёстой. Улс орныг авч явах маш их хариуцлагатай, нэр хүндтэй тийм хөдөлмөр. Хаана ч улстөрч хүнийг хүндэлдэг байх ёстой.

Манайх 1990 оноос улс төрд муу муухай, наймааны, энэ нийгмийн хамгийн өөдгүй, доод түвшний, хамгийн муу сурлагатан, гологдлууд нь орчихсон. Нийгэм нь хөгжөөд байдаг. Өнөөх нөхөд нь биднээс хоцрогдчихсон байдаг. Ийм л нэг сонин байдалд орчихоод байгаа байхгүй юу.

-Та нэг хэсэг МАХН-д ороод, дараа нь Хамуг Монгол хөдөлмөрийн намыг байгуулаад улс төрд хүчтэй орсон шүү дээ?

-Орсоон, орсон. МАХН-д нэг их ороогүй ээ. Тус намыг чинь би байгуулалцсан юм. Шинэбаяр, “Буян”-гийн Жаргалсайхан эд нартай чинь нийлээд эвсээд сонгуульд орсон. Би жагсаалтын нэгдүгээрт явж байсан. Юу болсон юм бүү мэд, тэнд улс төрийн янз бүрийн будлиан болгоод уул нь би эхний өдөр жагсаалтаар гарчихсан шиг л байсан. Гэтэл нэг мэдэхэд алга болчихсон. Тиймэрхүү юмнууд болсон. Тэгэхдээ яах вэ түүх.

Өнгөрсөн хугацаанд би соён гэгээрүүлэх, ном унших, ном бичих, ном орчуулах, хаа бол хаа ч лекц уншиж, хичээл заахад ихэд анхаарч ажиллаж байна. Ер нь энэ нийгмийн иргэд, бид өөрсдөө соён гэгээрч, улс төр, хорвоо ертөнцийн талаар зөв ойлголттой болж, монгол хүний тархи толгой хүмүүнлэг, хүнлэг байж зан чанар, ёс суртахуунд өөрчлөлт хийж тэрийг зөв ойлгуулж, хүмүүсийг сайн ухааруулах ёстой. Ингэхгүй бол хүмүүс оюуны болон ёс суртахууны доод түвшинд байгаа учраас ихэнхдээ тэр хар масс болох ёс суртахуунгүй, доод түвшний, боловсролгүй тэр хүмүүсийг сонгочихдог. Сонгосон тэр хүмүүс нь дээр гарч ирээд хамаг аж амьдралыг баллаад хаячихдаг. Энэ нийгэм, иргэд, улс орон чинь бүгдээрээ ажил төрөл, цалин мөнгөтэй, хүүхэд нь цэцэрлэг, сургуульдаа яваад, ээж аав нь ажилдаа яваад цалингаа авч ирээд гэртээ хоол ундаа идээд, даарч хөрөхгүй аятайхан амьдрах чинь л бидний эцсийн зорилго ш дээ. Түүнээс биш дөрөв таван хүн хязгааргүй баян болоод нөгөө талд нь баахан хар масс, ядуу, гэр хороололд нөгөө хүүдийтэй нүүрсээ шатаагаад л. Тэр чинь одоо шуудай гэж хэлэхэд хэцүү болчихсон шүү дээ. Тэр нь сайн нүүрс ч бас биш. Бид хамгийн чанаргүй нүүрсээ зарж байгаа. Хамгийн шилдэг, үнэтэй нүүрсээ энэ компаниуд урагшаа, гадаад компаниудад маш хямдхан, инээдэмтэй үнээр зардаг. Гэх мэтчилэнгийн бидний энэ амьдрал, нийгэм, улс орон маань хөл, толгойгоороо эргэлдчихсэн. Бүх юмны утга алдагдчихсан. Бүх юмыг бодоод байхад эрүүл хүн байна уу гэмээр үйл явдал болдог.

-Та сая яриандаа дурдлаа, хүмүүнлэг, хүнлэг байх тухай. Өршөөлийн тухай хуулийг энэ нийгэмд бага ч гэсэн ийм гэрэл гэгээ өгсөн үйл явдал болж байна гэж үзэх хүмүүс олон байна?

-Өршөөх гэдэг үг улс төрийн нэр томъёо биш. Хуулийн нэр томъёо ч биш. Өршөөх гэдэг нь шашны нэр томъёо. Буруу юм хийсэн хүнийг өршөөдөг, намайг өршөөгөөч гэдэг. Тэр л байхгүй юу. Улс төрд өршөөл гэж байж болохгүй.

-Зүй нь ямар нэртэй байх байсан гэж?

-Өршөөх гэдгээсээ илүүтэй, уг үйл явдал, улс төрийн уг үйл ажиллагаа, цаад зорилго, санаа нь бол хийсэн хэргээсээ давсан, хийсэн хэрэгтээ арай тохироогүй шийтгэл хүлээж байгаа хүмүүсийн тэр шийтгэлийг нь нимгэрүүлж байгаа явц. Тэрнээс биш уучлал энэ тэр биш шүү дээ. Хариуцлага бол дандаа л явж байгаа. “За нөхөр минь, чи хэрэг хийсэн, бид чамайг шийтгэсэн. Гэхдээ энэ шийтгэл одоогийн улс орны нөхцөл байдлыг хараад байхад арай хүнд байх шиг байна. Чамд арай нэг зөөлөн хандъя” гэсэн л ойлголт шүү дээ. Ийм л ойлголт болохоос биш хийсэн хэргийг нь үгүйсгээд устгаад хаячихаж болохгүй, нэгэнт гэмт хэрэг хийгээд шийтгүүлээд сууж байгаа хүнийг чинь. Арван жилийн ял авсан хүний ялыг найман жил болгоё. Чамд яахав гурван жил үлдчихсэн байгаа юм байна. Чи ер нь дажгүй байгаа, өөрийг чинь харахад ер нь гэмшсэн байдалтай байна. Ар гэрийг чинь харахад ч гэсэн чи тэдэндээ хэрэгтэй хүн юм байна. Өрхийн тэргүүн, айлын ээж юм байна. Ер нь чи жилийн өмнө гарахад болохгүй юм юу байх вэ гэсэн ийм л ёс суртахууны ойлголтууд шүү дээ. Энэрэнгүй л ойлголт байхгүй юу. Түүнээс биш хэнийг ч өршөөж болохгүй. Өршөөл гэдэг чинь шашинд л байдаг. Намайг өршөө, амийг минь хэлтрүүл гэдэг нь шашны л ойлголт. Улс төр, хуулийн ойлголтууд дунд өршөөх гэдэг хэтэрхий бүдэг. Ойлгомж муутай, яаж ч мушгиж болох осолтой үг.

-1990-ээд оноос хойш болон өмнөх улс төрийн байдал маш их өөрчлөгдлөө гэлээ. Үүнтэй адил философид ч өөрчлөлт гарсан байлгүй. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ”, “Зүйдэлгүй дээл, зүйргүй үг гэж байдаггүй” гэх мэт үгс утгагүй ч юм шиг болсон?

-Үнэнээр явбал хэзээ ч үхэр тэргээр туулай гүйцэхгүй шүү дээ. Хэдүүлээ үнэнээр яваад үхэр тэргэн дээр суугаад туулай хөөе л дөө. Хэзээ ч гүйцэхгүй. Үлгэр домгийн энэ зүйр цэцэн үгсийн дунд монгол хүнд хэрэггүй болчихсон нь маш олон бий. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг ч юм уу. Чи улс төрийг сонирхохгүй бол улс төр чамайг сонирхоно гэдэг ч юм уу. Энэ бүх үг бүгдээрээ утгагүй.

Философийн тал дээр бид гурван зүйлийг л ярих ёстой. Нэгдүгээрт, хүний эрх чөлөө, тэгш эрх. Бүгдээрээ адилхан эрхтэй байх ёстой. Баяны хүүхэд сургуульд сурдаг, ядуу айлын хүүхэд сургуульд сурах боломжгүй гэвэл энэрэнгүй биш харгис нийгэм. Таны хувь заяаг мөнгө л шийдэж байна. Мөнгөгүй, боломж тааруу айлын хүүхэд яах юм. Тэгээд л дуусч байгаа юм уу. Хохь чинь үү, цаанаасаа зурсан зураг уу. Баян айлын хүүхэд шууд Америк руу сургуульд явчихдаг. Тэр нь бас цаанаасаа зурсан зураг уу. Тийм юм байхгүй. Монголын үрс бүгдээрээ адилхан.

Хоёрдугаарт, эрх чөлөө. Эрх чөлөө гэдэг нь гинжнээс тасрах эрх чөлөө биш. Миний боловсрох эрх чөлөө, өөрийнхөө хүслээ илэрхийлэх эрх чөлөө, хүсэл мөрөөдлөө биелүүлээд явах эрх чөлөө, зурагт, хэвлэлээр хэлье гэснээ хэлчихдэг эрх чөлөө, гэр бүлээсээ салах эрх чөлөө, нөхөр, эхнэр таалагдахгүй бол салчихдаг эрх чөлөө энэ бүгд чинь амьдралын эрх чөлөө шүү дээ. Иймэрхүү нарийн ширийн юмнуудаа бид ярьж чадахгүй байна. Гурав дахь нь, бид нэг нэгэнтэйгээ эв нэгдэлтэй байх. Эвтэй бол хүчтэй гэдэг. Эв бол юу ч биш. Эв бол ерөнхийдөө найрч хоорондоо тохироод эвлэрчихэж болно. Монголчууд эвтэй дээрээ бүр илүү нэгдэлтэй байх ёстой. Өнөөдөр үүсээд байгаа улс орны байдлыг харахад гадаадын иргэд маш ихээр ирж байна. Мөнгөтэй, боломжтой, бололцоотой хүмүүс ирэх нь сүүлийн тав, зургаан жилд мэдэгдэм ихэсч байна. Америкийн иргэд байшин барилга, хөдөө орон нутагт газар авч байна. Уул уурхай, лиценз, тендерийг ямар хүмүүс авч байгааг та нар харж байгаа. Гадаадынхан л авч байгаа. Монгол хүн яваандаа энэ нийгэм улс орны хамгийн доод түвшний ядуу хүмүүс л болох юм шиг байна. Дандаа гадаадынхан бүх үнэтэй юмны эзэд. Манай гоё байгальд сайхан амьдардаг. Өмнөд Солонгосчууд онгоцоор нисч ирээд Өмнөд Солонгосынхоо амралтад буугаад, Өмнөд Солонгосынхоо зочид буудалд тухалчихаад л явж байна. Америкчууд ч тэр. Тэгэхээр монгол хүн яах вэ. Эд нарын үйлчлэгч, цэвэрлэгч юм уу эсвэл микро автобус, жийпийг нь барьдаг жолооч нь болох уу. Охидыг гадаадаас ирсэн тэтгэвэрт гарч байгаа өвгөд мөнгө төлөөд авчихдаг ийм л амьдрал эхлэх гэж байна. Хорьдугаар зууны эхээр л манайх ийм байсан. Ардын хувьсгалаас өмнө 1911, 1912 оны үед Харбин, Япон, Америкаас том том хөрөнгөтнүүд ирсэн. Тэд асар их мөнгөтэй хөрөнгөтнүүд. Монгол орон ардын хувьсгалаас өмнө олон орны хүний хөлд талхлагдаж байсан. Маш их өртэй байсан. Пүү, пүнлүү, хүү, пүүс гэдэг үгнүүд чинь бүгд тэндээс гаралтай. Тэр их хүү, өрнөөс ардын хувьсгалын ачаар л салж байсан юм.

-Тэр байдал өнөөдөр бидний үед давтагдах гэж байна гэж үү?

-Зуун жилийн дараа бид бүгдээрээ хүү, зээлэндээ дарагдчихсан, хүүгээс хүү рүү амьдарсан, зүгээр нэг бэлэн байгаа байшинд ороод амьдарчихаж чаддаггүй, хүүг нь төлөхгүй бол болохгүй, хэзээ энэ байрнаас хөөгдөх бол гэсэн л хүмүүс. 20-30 мянган айлын орон сууц хоосон байна. Яагаад гэвэл үнэтэй, зээл авахад хэцүү. Зээлийн хүү өндөр. Энэ чинь улс орны эдийн засаг болоод иргэдийн аж амьдралд яасан их хохирол вэ. Тэр сайхан байруудад залуу гэр бүл, улс оронд хэрэгтэй залуу үеийг оруулах л хэрэгтэй шүү дээ.

-Энэ бүгдээс гарч улс орноо аврах гарц нь эв нэгдэл гэсэн үг үү?

-Эв нэгдэл. Монголчууд гар гараа барилцаад ухаантай, мэдлэгтэй хүмүүсээ дэмжээд, хэрэгтэй хэрэггүй энэ хэдэн хогийн нөхдөөсөө салах хэрэгтэй. Бидний цаашдын аж амьдралд саадтай их олон хүн байна. Зурагтаар худлаа ярьсан, хар пиарчид, мухар сүсгийн, энэ нийгэм, улс орныг цаашид хөгжихөд бидэнд ямар ч хэрэггүй улсууд байна. Үүнд хоёр төрлийн хүмүүс байгаа юм. Эдгээр хүмүүс нь цаашид монголчууд бидний аж амьдралд маш их саад болно. Одоо ч саад болсоор байна. Нэгдүгээрт, улс төрд байсан хуучны сайдууд, Ерөнхий сайдууд, Ерөнхийлөгч нар. Эд нар баяжчихсан, улс төрийг гартаа авчихсан. Төрөөр дамжуулаад асар их мөнгөтэй болж баяжаад төрийн чухал объектуудыг авчихсан. Тийм учраас тэд нар чинь хийдгээ үргэлжлүүлээд улс төрийн намуудын толгойг эргүүлээд улстөржүүлээд байж байдаг. Муухай шалбааг шиг юмаа найруулаад л.

Нөгөө талд нь хоёрын хооронд бидэнд ямар ч хэрэггүй хэт их баян хүмүүс байна. Тав, зургаан том компанитай босс, эзэн баячууд. Эд бол улс орныг хөгжихөд хамгийн их саад болж байгаа хүмүүс. Тэд бүх тендер, лиценз, бүх зөвшөөрлийг түрүүлээд худалдаад авчихдаг.

-Баячууд чинь ядуусаа чирдэггүй юм уу?

-Яалаа гэж. Хэзээ ч үгүй. Хэзээ ч үгүй байхгүй юу. Энэ дэлхийн түүхэнд баячууд ядуусыг чирч байсан түүх байхгүй. Төр л чирдэг. Ядуусыг нийгмийн оюунлаг, ухаалаг давхарга л авч явдаг. Баян хүмүүс авч явдаггүй. Баячууд чинь өвчтэй хүмүүс. Мөнгөө их болгох гэсэн өвчтэй. Ганцхан өвчин нь тэр. Энэ хоёр биднийг цаашид хөгжихөд маш их саад болно. Нэг нь эдийн засгийн олигархиуд, нөгөөх нь улс төрийн олигархиуд. Энэ хоёр олигархиудаас салсны дараа л бидний аж амьдрал, Монгол орон хэвийн амьдралдаа орно. Тэгээгүй цагт энэ хоёр нийлээд л бидний толгойг эргүүлнэ. Одоо 2016 оны сонгуулиар яаж толгойг нь эргүүлэх вэ гээд л сууж байгаа. Энэ хоёроос яаж салах вэ. Таны сая хэлсэн чинь худлаа ойлголт. Баячууд чинь хэзээ ч ард түмэнд мөнгө өгөхгүй. Мөнгөө л ихэсгэхийг бодно шүү. Үгүй яахав хааяа улс төр ойртоод ирвэл худлаа жижигхэн жижигхэн хоолны шавхруу шиг юмнууд өгч магадгүй. Тэр бол доромжлол. Гурил, будаа юу юм.

-Хуучин зүйл, шинэ зүйл хоёр ямагт зөрчилддөг. Хуучин нь шинэтэйгээ зэрэгцээд хамт байх гэж зүтгээд байдаг энэ үзэгдэл улс төр, нийгэм, урлаг гээд бүхий л салбарт байна?

-Хуучин, шинэ хоёрын зөрчил бол буруу биш, зөв зөрчил байдаг. Тэртэй тэргүй зөрчилддөг. Хуучин нь хуучнаараа байх гэдэг. Шинэ нь өөрчилж шинэчлэх гэдэг. Энэ бол байх ёстой. Юугаа шинэчлэх вэ, юугаа хуучнаар нь авч явах ёстой вэ гэдгээ зөв ярих хэрэгтэй. Маш олон зан заншил, уламжлал хоцрогдсон. Тэрнээсээ одоо салах хэрэгтэй. Шинэ үе рүү орж шинэчлэх хэрэгтэй. Би нэг удаа Р.Чойномыг шүүмжилсэн. Хүмүүс чинь жигтэйхэн юм болсон, уйлах гээд л. Чойномыг давах өчнөөн шүлэг бичих хүмүүс төрөх байтал төрүүлдэггүй, төрөх боломжийг нь өгдөггүй. Дараад хаачихдаг. Чи юу юм бэ, тэрнээс давж гарч болохгүй, тэр л мундаг. Бүгд тэрний сүүдэрт л явна. Тэр бол бурхан шүтээн гэж байгаа байхгүй юу. Хэрвээ урлаг хөгждөг гэж байгаа бол тэр чинь хоцрогдох хэрэгтэй. Хэрвээ тэр хүн хэвээрээ яваад байх юм бол хөгжил явагдаагүй гэсэн үг. Аль хэдийнэ хоцрогдчих хэрэгтэй. Тэглээ гээд тэр чинь муу зүйл биш шүү дээ. Ер нь бол цаг өнгөрдөг, юм хоцрогддог, юм хуучирдаг. Муудаа биш, хүссэн хүсээгүй шинэ юм гарч ирдэг.

Үргэлжлэл бий>>

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Эрүүл бүс байгуулж, махны экспортыг тогтворжуулах зорилго бүхий тогтоол батлагдлаа DNN.mn

Махны экспортыг хөгжүүлэх замын зураг гаргахаар төлөвлөж байна – updown.mn

Хүн төрөлхтний өмнө уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, тээвэр ложистикийн асуудлаас улбаалсан хүнсний хомсдол үүсэж болзошгүй байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар экспортод гаргах боломжийг бий болгоход онцгой анхааран ажиллаж байна.

Энэ хүрээнд малын эрүүл мэндийг хамгаалж эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, экспортыг тогтвортой явуулах зорилгоор хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах зорилт дэвшүүлж, Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан батлууллаа.

Энэхүү бүсийг олон улсын шаардлагад нийцүүлэх зорилгоор мал эмнэлгийн хяналтын цэг, лаборатори байгуулах, эм урвалж, тоног төхөөрөмж, бэлчээрийн уст цэг, хамгаалалтын байгууламж барих замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ногоон мал аж ахуй эрхэлж, малын бэлчээр, тэжээл, усан хангамжийг бүрдүүлэх, хамгаалах, зохистой ашиглах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

– Баруун бүс – Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн бүх нутаг дэвсгэрт,

– Төвийн бүс – Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган, Булган аймгийн Тэшиг сумын бүх нутаг дэвсгэрт

– Зүүн бүс – Хэнтий аймгийн Дадал суманд 50.0 мянган га хүртэл талбай, Дорнод аймгийн Халхгол сумын Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тусгай хэрэгцээний 120.0 мянган га хүртэл талбайд тус бүсийг байгуулснаар

  1. Мал сүргийг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд тогтмол бүрэн хамруулж, үржлийн бус эр сувай малыг эрчимтэй шахаж бордон эдийн засгийн эргэлтийг сайжруулж,
  2. Өвс, тэжээлийн хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг баримтлан бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шинэ технологи, инновацыг нэвтрүүлнэ.

Энэхүү тусгаарлах бүс байгуулагдсанаар дараах үр ашиг, ач холбогдолтой. Үүнд:

  1. Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, малын өвчингүй эрүүл бүс бий болно,
  2. Мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөж, үйлдвэрлэл тогтвортой явагдана,
  3. Олон улсын эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой явуулах боломжийг бүрдүүлнэ,
  4. Малын гаралтай бүтээгдэхүүнийг тогтмол зах зээлд нийлүүлнэ,
  5. Үржлийн бус эр сувай малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мал чанар, үүлдэр угсааг сайжруулна,
  6. Мал сүргийн тооны хэт өсөлтийг бууруулж, бэлчээрийн даац, ачааллыг багасгана,
  7. Бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлнэ,
  8. Малчдын орлогыг нэмэгдүүлнэ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны үнийг 20 хувиар нэмснээр өртөг нь 213 төгрөг болж байна DNN.mn

Зарим дүүрэгт 15-17-ны өдрүүдэд цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ | News.MN

Манай улсад цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсөж байна.

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан, эрчим хүчний оргил ачаалал өнгөрсөн онд 1387 МВт хүрчээ. Энэ нь цаашид жил бүр 100 МВт-аар өсөж, 3 жилийн дараа гэхэд 1680 МВт-д хүрэх төлөвтэй байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломжуудын талаар өнөөдөр болсон “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнөөр тус салбарынхан хэлэлцлээ.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад ороход ойролцоогоор 4-5 жил шаардлагатай байна. Энэ хугацаанд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломжийн нэг нь эрчим хүчний хэмнэлт байх юм гэдгийг ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун зөвлөгөөн дээр онцоллоо.

Хэмнэлтийг эрчим хүчний салбарынхан юуны өмнө өөрсдөөсөө эхэлнэ гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн юм. Тэрбээр, боломж, арга замын хувьд бишгүй байгааг хэлж энд уулын баяжуулах “Эрдэнэт” ТӨҮГ хамгийн орчин үеийн, цахилгаан, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж суурилуулж бодит хэмнэлт хийж буй жишээг дурдлаа.

Айл өрхийн хэрэглэгчдийн хувьд цахилгаан, эрчим хүчээ мөн хэмнэх нь төлбөрөө багасгах, эрчим хүчний горимын ажиллагаанд ч эерэг нөлөөтэйг ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун учирлаж байлаа. Хэрэглэгчдийн хувьд одоогийн эрх зүйн хүрээнд үүрэг хүлээж буй гэдгээр цахилгаан, эрчим хүчээ өөрсдөө хэмнэ гэсэн албадлагын чанартай байгааг өөрчлөх шаардлагатай байгааг тэрбээр тодотгосон юм.Өнөөдрийн зөвлөгөөнөөр мөн эрчим хүчний салбарын үнэ тарифыг хөндөж ярилцав. Төвийн бүсийн цахилгаан, эрчим хүчний өөрийн өртөг нэг квт/цаг нь 242 төгрөг 11 мөнгө байдаг ч үүнийг 175 төгрөгөөр буюу алдагдалтай үнээр борлуулж буй аж. Үүнийг 20 гаруй хувиар нэмснээр өөрийн өртөг нь дунджаар 213 төгрөг болжээ.

Гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн хэрэглээний цахилгааны тарифын хөнгөлөлтийг энэ онд үргэлжлүүлэхээр улсын төсвөөс 34.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэсэн хэдий ч ХЗДХЯ энэ талын тогтоол, шийдвэрийг өнөөдрийг хүртэл албажуулаагүй байна. Тиймээс хэрэглэгч нар хөнгөлөлтөө эдэлж чадахгүй сар болж байна. Үүнийг ирэх 12 дугаар сарын 10-наас хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдрийн зөвлөгөөний үеэр мэдэгдсэн юм.

Өнгөрсөн оны тарифын хөнгөлөлтөөс 3.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, үүндээ тааруулан шөнийн тарифын хөнгөлөлтийг одоо үзүүлж буй. Үүнээс давахад дахиад өр үүсэх эрсдэлтэй байгааг ЭХЗХ-ны дарга ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун хэллээ.