Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарханы замын тендерийн хэрэгт холбогдсон “Чайна гео инженеринг корпораци”-ийн ард хэн байв? DNN.mn

Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаагаар цагдан хориод байна. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204 км авто замын ажлын тендерийг шалгаруулахад албан тушаалаа урвуулан ашигласан гэж хуулийнхан буруутгаж байгаа юм. Ж.Бат-Эрдэнээр тогтохгүй Зам, тээврийн хөгжлийн яамны нэлээд олон албан тушаалтанг татаад байгаа энэ хэрэгт “Чайна гео инженеринг корпораци” гэх компани холбогдоод буй. Өөрөөр хэлбэл, Ж.Бат-Эрдэнэ тус компанийг шалгаруулахын тулд бусдаас авлига авсан хэрэгт АТГ-ынхан шалгалтын ажиллагаа явуулж, тогтоогоод байгаа аж.

Олон хүнийг хөлдөө чирж буй “Чайна гео инженеринг корпораци” компани хэнийх вэ, ямар эрх мэдлээр энэ төсөлд орж ирэв?

Тус компанийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллээс шүүж үзэхэд 2008 оны зургадугаар сарын 25-нд Монгол Улсад бүртгүүлсэн. 2019 оны есдүгээр сарын 4-нд Tonggelege гэх БНХАУ-ын иргэн төлөөлөх эрхийг нэмэн бүртгүүлж байжээ. Тус компанийн хувьд гадаад худалдаа явуулах үйл ажиллагаатай гэж мэдүүлсэн байгаа юм.

Дарханы зам дээр хамгийн анхны тендерээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван компани шалгарсан байдаг. “Чайна Гео-Инженеринг Корпораци” компани V багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 9.8 сая ам.долларын өртөгтэй 30.53 км зам дээр тус компани шалгарсан байдаг. Харин сүүлд тэд нэг биш гурван багц дээр ажиллахаар болжээ. Тэд анхны тавдугаар багцаа орхиж хоёр, гурав, дөрөвдүгээр багц дээр орж ирсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны 62.8 сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөгийн санхжүүжилтийн 60 гаруй хувийг авах эрхтэй болсон гэсэн үг. Гэвч өнгөрсөн хугацаанд ажлын гүйцэтгэл хангалтгүй, тал хувьдаа ч хүрээгүй нь хуулийнхны анхаарлыг ихэд татаж байгаа аж.

“Чайна Гео-Инженеринг Корпораци” компани Дарханы замын тендерт шалгарахын тулд нэг бус хүнд авлига өгсөн нь тогтоогдоод байгааг эх сурвалж хэлж байна. Үүний нэг нь тухайн үед Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ гэнэ.

“Чайна Гео-Инженеринг Корпораци” компанийн Монгол талын асуудлыг хариуцдаг хүн нь З.Буяннэмэх гэх залуу. Түүнийг өнгөрсөн сард АТГ-аас саатуулан шалгаж эхлээд байгаа. З.Буяннэмэх нь “Альфа ассет менежмэнт Монголиа” компанитай ч өөрийн компаниар бус хамаарал бүхий этгээдүүдийнхээ компаниар холбогджээ. Тодруулбал, түүний эгчийн үүсгэн байгуулсан “Энх төгөл бэх” гэх компани “Чайна Гео-Инженеринг Корпораци” компанитай эртнээс хамтарч эхэлжээ. Энэ хүрээнд З.Буяннэмэх “Чайна Гео-Инженеринг Корпораци” компанийн хятад эзэдтэй тохиролцож тендерт бэлдэж эхэлсэн мэдээллийг эх сурвалж өгч байна.

“Чайна Жео-Инженеринг Корпораци” компани өмнө нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км замыг одоогоос 10 орчим жилийн өмнө тендерт нь шалгарч, барьж эхэлсэн байдаг. Төсөвт өртөг нь 12.6 тэрбум төгрөг. Замын ажил 2014 оны тавдугаар сарын 21-нд дуусах гэрээтэй байсан ч гүйцэтгэгч компани үүргээ биелүүлээгүй. Биелүүлээгүйгээр барахгүй 10 жил өнгөрөхөд ашиглалтад оруулж чадаагүй. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас тус компанийг шүүхэд өгч замын ажлын доголдол арилгах зардалд 22.4 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Эсрэгээр нь “Чайна Жео-Инженеринг Корпораци” компани ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын хөлс хэмээн 3.6 тэрбум төгрөг нэхэмжилсэн байдаг аж. Анхан шатны шүүх хоёр талын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон ч Давж заалдах шатнаас “Чайна гео инженеринг” ХХК-иас нэхэмжилсэн 22.4 тэрбум төгрөгийн 33.3 хувь буюу 7.4 тэрбум төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яаманд гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн маргаан одоо ч дуусаагүй байгаа юм. Гэвч З.Буяннэмэх нь ийм муу түүхтэй компанийг тендерт шалгаруулахаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу Тендерийн хорооны дарга С.Батболдоор дамжуулан нөлөөлсөн байж болзошгүй аж. Учир нь “Чайна гео инженеринг” компани нь тендерт оролцохдоо техник хэрэгсэл, хүн хүч байгаагүй гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Мөн тус компанийн Хятад талын нэр бүхий хоёр хүнийг давхар шалгаж эхэлжээ

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Богд хааны ордон музей өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчилнэ DNN.mn

Богд хааны ордон музейн “Хааны ордны намар” уламжлалт нээлттэй өдрүүд энэ сарын 13-16-нд болж байна.

Энэ хугацаанд тасалбарын үнээ бууруулах, зоог барих уламжлал танилцуулах болон урлагийн тоглолт, номын нээлт зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах аж.

Тодруулбал, Богд хааны ордон музейг зорин ирж байгаа үзэгчдээ зориулан энэ сарын 13-16-нд насанд хүрсэн хоёр үзэгч бүрийн нэгэнд нь үнэгүй буюу хоёр хүн тутамд тасалбарын үнийг 50 хувь хөнгөлж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Богд хааны ордон музей нь том хүнд 8,000, харин хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчилдэг. Нээлттэй өдрүүдийн хүрээнд уг үнээс хөнгөлөх юм.

Богд хааны ордон музейн ажилтны тайлбарласнаар “Нээлттэй өдрүүдийн хөтөлбөрт арга хэмжээ нь өнөөдөр болон маргааш үргэлжилнэ. Амралтын өдрүүдэд иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны 1077 барилга дулаан алдагдалтай байна DNN.mn

Дулаан алдагдлыг бууруулах яагаад чухал вэ?

“Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” Нама дэмжлэгт төсөл өчигдөр /2022.10.12/ нээлтээ хийлээ. НЗДТГ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ хамтран, Германы “Нама фасилити” байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй уг төсөл нь 2027 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжинэ.

Дээрх хугацаанд Улаанбаатар хотод буй угсармал орон сууцуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалга, их засвар хийж, эрчим хүч хэмнэх ажлыг гүйцэтгэх юм.

Улаанбаатар хотод 2000 оноос өмнө барьсан, дулаан алдагдал өндөртэй угсармал орон сууцны 1077 блок барилга байдаг. Дээрх төслийн хүрээнд эхний ээлжид 120 орчмынх нь дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөжээ. Ингэснээр эрчим хүчний зарцуулалт багасаж, нүүрстөрөгчийн ялгарал буурч, иргэдийн амьдрах орчин сайжран, угсармал орон сууцны үнэлгээ өснө гэж үзсэн байна.

Барилгын материалын үнэ ихээхэн өсөж буй тул шинэ барилга барилгүйгээр их засвар хийх нь төсвийг хэмнэж, харьцангуй бага зардлаар сайн үр дүнд хүрэх арга зам гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон юм. Насжилт өндөртэй, хуучирсан барилгыг нурааж, шинээр барихад дунджаар 7 тэрбум төгрөгийн зардал гардаг бол их засварын зардал 600 сая байдаг аж.

GIZ нь “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2018-2022 онд амжилттай хэрэгжүүлэн, энэ оны тавдугаар сард үр дүнгээ хүлээлгэн өгсөн. Дээрх хугацаанд Улаанбаатар хот дахь гэр хорооллын нийт 22 сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар, иж бүрэн дулаалга хийсэн билээ.Төсөл хэрэгжүүлснээр тухайн сургууль, цэцэрлэгүүдийн барилгын эрчим хүчний хэмнэлт 47-60 хувьтай байгаа үр дүн гарчээ. Иймд үүний үргэлжлэл болгон “Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Цаг уурын өөрчлөлт, агаар, орчны бохирдол зэрэг асуудал дэлхий дахинд тулгамдаж буй өнөө үед барилга байшингийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүч хэмнэх нь чухал ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Транспэрэнси Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзав DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 10 дугаар сарын 12-ны өдөр Берлин хотод төвтэй Транспэрэнси Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзав.

Уулзалтаар талууд Транспэрэнси Интернэшнл байгууллагын шугамаарх хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын төлөв байдлын талаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дахь авлигын гэмт хэргийг бууруулах хүрээнд хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, Засгийн газраас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн тухай, төрийн үйлчилгээний цахим шилжилт, төрийн өмчит компаниудын шинэчлэл, Хөгжлийн Банкны эргэн төлөлт, авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангаруулж байгаа тухай, төсвийн ил тод байдлыг хангаж байгаа зэрэг асуудлаар мэдээлэл өгөв.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын зүгээс Авлигын төсөөллийн индексийг ахиулахын тулд хүний эрхийг дээдлэх, иргэний нийгмийн орон зайг бэхжүүлэх мөн уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах нь чухал гэдгийг онцолж байв.

Авлигатай тэмцэх үйл ажилагааны нэг үндсэн чиглэл болох авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажлын нэг чухал үзүүлэлт нь учирсан хохирлыг нөхөн төлүүлэх явдал юм. Монгол Улсын хувьд хөрөнгө хураах, битүүмжлэх, гадагш гаргасан хөрөнгийг буцаан авах чиглэлийн ажлыг идэвхжүүлснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн хэмжээ эрс нэмэгдсэн. Тодруулбал, 2020 онд 12.7 сая ам доллар, 2021 онд 33.8 сая ам доллар, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 777.4 сая ам долларын хохирлыг нөхөн төлүүлээд байна.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Транспаренси Интернэшнл байгууллагатай хамтран хүний эрх, иргэний нийгмийн орон зайг бэхжүүлэх чиглэлүүдэд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Сарантуяа: Би мюзиклд дуулахыг мөрөөддөг байсан DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяатай “Гэгээн муза” хүртсэнийх нь дараа ярилцлаа.


-Мюзиклд тоглож, шил­дэг туслах дүрээр “Муза” хүртэж, энэ жилийн драмын урлагийн наадмыг та нэлээн өргөж өглөө. Арав гаруй удаа болохдоо энэ наадам сүүл рүүгээ уйтгартай болж ирсэн л дээ. Өнөөдөр “Гэгээн Муза”-гийн онцлох үнэ цэн нь байсанд тань баяр хүргэе. Мюзиклд тоглох танд ямар байв?

-Би мюзиклд дуулах юмсан гэж мөрөөддөг байсан л даа. Оросын ч юм уу барууны одуу¬¬дыг хараад байхад дуу­лах гэсээр байтал нас нь явчих¬даг, дүр нь таарахгүй зэрэг асуудлууд байдаг юм билээ. Мюзиклд ер нь алдар­тай дуучид дуулдаггүй л дээ. Манайд бол хошин урлагт цөөн тооны алдартай жүжигчид, тэднийгээ тойроод бусад туслах шинэ жүжигчид оролцдог шиг тиймэрхүү хувил­¬бараар мюзикл явах ёстой юм шиг надад санагддаг. Энэ үүднээсээ манай Драмын эрдмийн театрын жүжигчин Б.Нармандах, дуурийн Ч.Түмэн­дэмбэрэл, Цогтдэлгэр гээд нэг ёсондоо урлагийн тайзнаа нэлээн туршлагатай хүмүүсийг сонгосон байна. Ромеод тоглосон “Акапелла” хамтлагийн дуучин, жүжигчин Мөнх-Од бол бас л олон кино сериалуудад тоглосон жүжигчин. Иймэрхүү турш¬ла¬гатай, бас хоолойтой дууч¬дыг сонгосон Лхагвадорж най­руулагчийн сонголт их зөв байжээ гэж бодсон. Бүх цэргийн дуу бүжгийн чуул¬гыг түшиглэсэн нь ч бас зөв болсон. Мөн Тебальдад тогло­сон Гантулга бол “Сити” дээд сургуулийн яг мюзиклийн ангийг төгссөн, үүнээс өмнө бас мюзиклд дуулчихсан, Монголынхоо хэмжээнд турш¬лага¬тай дуучин орж ирсэн. Ингээд уран бүтээлчдийн хувьд их сайхан цогц бүрдэж чадсан. Олон байгууллагын болон хувь уран бүтээлчид нэг баг болж ийм том цар хүрээтэй мюзиклийг гурван удаа тоглосон нь том ажил гэж би бодож байгаа. Ер нь анх удаа нэр дэвшиж байгаа уран бүтээлчид Гэгээн Муза хүртэнэ гэж бараг байдаггүй юм шиг байна л даа. Миний хувьд их азтай тохиолдол болсон юм болов уу. Уран бүтээлдээ гаргасан өөрчлөлт гэмээр ч юм шиг. Дандаа эстра¬дын дуу дуулдаг хүн дүр бүтээж, диалоги уншаад л. Өрлөг эх бол их өргөн дүр юм. Зодолдоно, уйлна, аргадна. Сүүлдээ инээдэмтэй ч юм шиг санагдаж байв. Анх Лхагвадорж найруулагч надад санал тавихад нь “Би ийм настай хүний дүр бүтээж чадахгүй байх, уучлаарай” гэсэн л дээ. Болдог бол хатаг­тай Капулетт юм уу Монтеки болчихмоор ч юм шиг санаг­даж байлаа. Эхэндээ тэр өрлөг эхийн дүрийг ямар өргөн болохыг нь би ойлгоогүй бай­лаа л даа. Гэтэл найруулагч маань юу ч гэсэн та линкээр ороод энэ мюзиклийг франц хувилбараар нь үзчих гэсэн юм. Мюзиклээ бүтнээр нь үзлээ. Тэгээд “Уучлаарай, миний алдаа байжээ. Би дуулъя” гээд саналыг хүлээж авсан. Дуулалт жүжгийн төрөлд туслах эмэгтэй дүр гээд нэр дэвшихэд хүртэл би маш их баярласан. Намайг маш их тоолоо гэж урам орж байлаа л даа. Дуучид бид бол муза авах байтугай нэр дэвшихэд “ээ, бурхан минь” л гэж бодно шүү дээ. Гэтэл авчихсан чинь их гоё байна. Мюзикл дуулалт жүжиг хоёрыг салгаж авч үзэх ёстой гэсэн яриа мэр сэр гарч байсан ч тэр нарийн ширийн юманд нь би нэг их ач холбогдол өгөөгүй ээ. Анх удаа нэр дэвшээд авч байгаа энэ шагнал бол ганцхан миний шагнал биш шүү дээ. Мюзиклдээ өгч байгаа шагнал юм.

-Мюзикл тоглох танд ямар байв?

-Гайхалтай гоё байсан. Бэлтгэл сургуулилт дээрээ бүр уйлж байлаа. Анх удаа сонгодог, Шекспирийн бүтээлд дуулж, дотор нь ороод Меркусио алагдаад, Тебальд өнгөрөөд, хоёр хосын өмнөөс бас харамсаад би уйлсан. Тайзны ард нулим­саа арчаад зогсч байлаа. Гол нь Францын тэр агуу хөгжмийн зохиолч байна л даа. Тэр хүний аялгуунд нь би бүр автсан л даа. Агуу их, жинхэнэ уран бүтээл гэдэг хүнийг өөрийн эрхгүй татаад байдаг юм байна. Ярьж байгаа яриа маань нэг л үнэмшилгүй санагдаад би эхэндээ жаахан сандарсан. “Ромео чи Жульеттад хайртай юу?” гэх жишээтэй өөртөө би нэг л үнэмшилгүй санагдаж байлаа л даа. Миний хувьд анхны мюзикл болохоор мар­таг­дашгүй туршлага боллоо. Цаашид дахин ийм сонирхолтой дүр авч мюзиклд дуулах юмсан гэсэн бодол үлдсэн шүү. Үзэгчид маань ч их урам хайрлалаа.

-“Муза”-гийн тайзан дээр та юу мэдрэв?

-Жүжигчдийн дунд ороод харж байхад рок, попынхныг бодвол их эмоцитой улс шиг санагдсан. Жүжиглэлт гэдэг хүний сэтгэл зүрхнээс маш их хөдөлгөөн гаргадаг юм байна. Жишээ нь, би бүтэн концерт дуулахдаа бүх дуун дээр өрлөг эх шиг сэтгэл зүрхээрээ догдлохгүй байх. Өрлөг эхээс арай бага догдлох байх аа. Жүжигчин хүн зүрхээ хайрлаж байх ёстой гэдэг үнэн л юм байна. Маш их эмоци, дотоод сэтгэлгээ, гаднах тоглолт, дотоод тоглолт их шаарддаг юм байна.

-Ерэн хэдэн он руу эр­гэж орцгооё л доо. Та ерэн зур­гаан онд ардын дуунд хандсан модерн этник маягийн тоглолт СТӨ-нд хийж, орчин үеийн хөгжимд том үсрэлт, тэсрэлт хийсэн. Тэр бол жинхэнэ монгол поп байж л дээ. Үйл явц чухам яаж эхэлсэн юм бэ?

-Би орос сургууль төгссөн хүүхэд, ээж минь якут. Монгол гэдэг юм надад бага байлаа л даа. Хэдийгээр эмээ өвөө дээрээ өссөн боловч орос сургуульд сурч, гэртээ оросоор ярьдаг, тухайн цаг үе маань ч тиймэрхүү орос соёлын нөлөө ихтэй. Хүн ер нь явж явж өөрийнхөө хамгийн муу мэддэг салбар руугаа явдаг юм байна л даа. Би эстрад дуу, барууны тэр үеийн ихэнх поп дуунуудыг цээжээр мэддэг байсан боловч ардын дуу байтугай ер нь монгол дуугаа дуулахдаа гадаад хүн шиг дуулдаг байлаа. Тэгээд ер нь энэ дуунуудыг дуулах юм сан гэсэн бодолтой яваад байсан. “Аргагүй амраг”-ийг бол аялах дуртай байсан юм. Яг юунаас эхэлсэн юм бэ дээ. “Зүүдний говь” гэдэг дууг ардын жүжиг­чин Чимэдцэеэ гуайн дуулсан нэг баримтат киног би үзсэн юм. Чимэдцэеэ гуай Элсэн тасархайн элсэн дээр зогсоод дуулдаг хэсэг бий. Тэр хэсгийг гэртээ магнитофонд хуулж аваад энэ дууг дуулъя гэж шийдсэн. Яг эндээс л эхэлсэн юм. Хөгжмийг нь Г.Пүрэвдорж гуай найруулсан юм. тэр бол хөгж¥мийн зохиолч Пүрэв­дорж гуай уянгын этник маягийн бүтээл хийж эхэлсэн үе л дээ. Дараа нь “Буян” компанийн дэргэд манай “Хөх тэнгэр” хамтлаг байгуулагдсан. Баруунд гарах зорилготой бай­гуулагдаж байлаа. Хөгжмийн зохиолч Пүрэвдорж, Энхбаяр, дуучин Ганхуяг, дараа нь Дашдондог, Өлзий-Орших, Цогоо бид хэд. Ая зохиогч Сансар ахтай монгол попын анхны “Хархорин” гэдэг дууг хийсэн юм. Поп стильтэй мөртлөө монгол пентатоник аялгуутай дуу. “Эрдэнэ зуу” байна. Энэ бүхэн эхлэл бай­сан байхгүй юу. Монгол попын суурь тэгж тавигдсан юм. М.Цэдэндорж гуайн шүлэг морин хуурын тухай дуу байна. Ингээд зөндөө дуу­нуудыг бид “Хөх тэнгэр” хамтлагтаа дуулсан. Ийм гоё гоё дуунуудыг дуулаад надад суурь нь тавигдчихсан байсан л даа. Тиймээс ардын дууг яагаад дуулж болохгүй гэж гэсэн бодлоор зориглож орсон л доо.

-Ардын дууг ер нь дуу­лаад үзье гээд сурч эхэлсэн тухайгаа хэллээ. Гэтэл цаана нь монгол хөгжмийн таашгүй өргөн соёл өмнө тань гараад ирсэн байх. Үүнийг тухайн үедээ та ухаарч, анхаарч харсан байлгүй?

-Дууг нь анх бичээд авчих­сан байсан үе. Яагаад гэвэл, 1995 онд би “Инээмтгий хүн” цомгоо гаргачихсан бай­сан. Попыг үндсэндээ дээд хэмжээнд нь дуулчихсан бай­сан учраас цааш нь эрэл хайгуул хийж байсан үе л дээ. “Аргагүй амраг” дээр ч “Хайрын бурхан” гэхчлэн поп дуунууд орсон шүү дээ. Гэсэн хэрнээ өөрийн эрхгүй ардын дуунууд, хуучны киноны дуунуудыг дуулах хүсэл төрсөн хэрэг. “Баян Монгол” чуулгын дуу­чин, “Намуун байгаль”-ийг дуулдаг Эрдэнэчимэг найзтайгаа нэг удаа цагаан сараар ах эгчийнд нь очиж золгоод “Нүдний үзүүрт цэнхэртсэн…” гэж ирээд хоёр хоолойгоор дуулав. Тэндээс ер нь иймэрхүү дуунуудыг дуулбал яасан юм бэ гэсэн санаа төрж, Лувсаншарав гуайн “Холоос гүйдэлтэй борлог минь…” дуунаас эхэлж дуулсан даа.

-“Нүгэл Буян”-г та үнэн­хүү гоё дуулсан. “Гоо¬лин­гоо”-д гэхэд л хоёр гуравхан хүн хандсан бай­даг. Ичинхорлоо гуайн хүрээ стиль, дараа нь Норов¬бан­зад гуайн сон­годог дэг, дараа нь таны модерн ханд¬лага байна. Тэр чинь бараг дангаараа манай хөгжмийн нэг том үзэл санааны чиг хандлага байж байгаа. Үгийг нь та сүүлийн хэсгийг нь өөрчилж дуулсан байх аа?

-Үгийг нь надад И.Цоодол гуай бүрэн эхээр нь зааж өгөө¬гүй шүү дээ. Уртын дуучин Цоодол гуай. Тэр хүнийг зураач Тэнгис-болд надад зааж өгсөн юм. Энэ сайхан дууг заалгаж ав гэж. Цоодол гуай ч надад шууд заагаад өгчихөөгүй. Энэ юу хийх гээд байгаа хүүхэд юм бол гэсэн үүднээс жаахан харзнасан байх. Би нэг дууллаа. Тэрийг маань диктофон дээр бичиж авсан. Намайг бодоод үгийг нь их зөөлнөөр аргалж хийж өгсөн юм. Залуухан, тэнэгхэн явсан юм чинь би тэр дууны нарийн ширийнийг мэдэхгүй л яваа хэрэг. Цоодол гуай надад “Аргагүй амраг”-ийн нугалааг зааж өгсөн, “Өнчин цагаан ботго”-ыг зааж өгсөн юм. Сүүлд 2001 онд “Өнчин цагаан ботго”-ыг би Норовбанзад гуайтай хамт тайзнаа гарч дуулсан шүү дээ. Тэр бол гайхалтай үйл явдал болсон.

-Бичлэг нь байгаа байх. Цомогтоо оруулах уу?

-Телевизийн бичлэг нь байдаг. Үүнийгээ сэргээнэ л гэж боддог.

-“Аргагүй, амраг”, “Нүгэл буян” зэрэг ардын дуу­гаар эхэлсэн модерн этник хэв шинжээ та хэрхэн үргэлжлүүлэв. Орхиогүй биз дээ?

-Алдаагүй. 1996 оноос хойш “Салхины хээ”-гээр үргэлжлүүлсэн.

-“Ихэр саран” байна?

-Тийм. Ингэж үргэлжилж явсаар байгаад “Аргагүй монгол аялгуу”-гаа нэгтгээд, бас хуучны бичлэгүүдээ өөрч¬лөөд үндэсний амьд хөгжим оруулж өгсөн юм. Үүний дараахнаас шанзны тоглолт моодонд их оров доо. “Аргагүй амраг”-ийг амьдаар тоглуулснаас хойш шанзны гурвал эд нар тувт тэрийг л тоглодог болсон байна лээ. “Гоолингоо” дээр хуучир оруулсан. Үнэхээр гайхалтай дуугарсан.

-“Ихэр саран” бол онцгой сэтгэл татам дуу шүү дээ. Ямар нэг домог цаана нь бий юу. Шүлэг, хөгжмийг нь хэн бичсэн юм бэ?

-Ш.Гүрбазар гуай үгийг нь, хөгжмийг нь Б.Балхжав гуай зохиосон юм. Клипний зургаа зарим хэсгийг нь Хандгайтад, зарим хэсгийг нь Хөвсгөлд авсан. Одоогийн энэ “Х ТҮЦ”-ийн Бархүү цаатан залууд тоглосон байгаа шүү дээ.

-Айхтар том том тоглолтууд, орчин үеийн хөгжмийн шинэ урсгалыг гаргаж тавьж байсан тэр үедээ та яг хэдэн настай байсан юм бэ. Гуч хүрээгүй байсан уу?

-Хорин тав, зургаатай л байсан. Ер нь хүн сайн үр суулгасан бол шимийг нь хожмын цагт ч хүртээд явдаг нь агуу л юм билээ. Юу ч гэмээр юм. Сарантуяа өөрийгөө шавхчихлаа гэж үзэж болохгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр, бүр цоо шинэ рүү яваад байхаар хуучнаа үгүйсгэж мартагнуулах муу талтай гэдгийг би ойлгож бодож явдаг л даа.

-Х.Лхагва та хоёрын хам­¬¬тарч дуулсан “Анхны хайр” гэж гоё дуу байна. Үүнээс өөрөөр та хоёр хамт дуулаагүй юм байна, тийм ээ?

-Бид хоёр Өлзий-Оршихын тоглолт дээр нэг удаа хамт дуулсан. “Анхны хайр” гэдэг дууг миний “Инээмтгий хүн” театрчилсан тоглолт дээр Лхагва ханхүү болж дуулсан байгаа шүү дээ.

-Цагийг эзэлсэн хоёр дуу­чин нэг дууг хамтарч дуулсан нь поп рокийн нэгэн цагийн түүхэнд том үйл явдал, сон­согч фэнүүдэд их том бэлэг юм. Дахин хамт дуулах бодол бий юу?

-Олуулаа дуулсан дуунд бид хоёр зөндөө дуулсан байх. Харин хамт дуулах өөр санал одоогоор ирээгүй байгаа. Би олон эрэгтэй дуучинтай хамтран дуулсан байдаг. Энэ дундаас Төмөрцог бид хоёрын дуэт, Ганхуяг бид хоёрын дуэт их сайхан санагддаг. “Анхны хайр” гэж Өөжгийгийн зохиосон дууных нь фактур ч гэсэн яг Лхагвааг бодож, Сарааг бодож, бид хоёрт зориулж зохиосон болохоор хүмүүст онцгой сэтгэг­¬дэл төрүүлэхээр болж чадсан байх аа. Бид залуу байсан, оргилуун сэтгэлтэй, гэнэн байсан тэр үеийг л харуулсан дуу юм.

Рок, поп хөгжимд Сараа, Лхагвагийн дараагийн үе, та хоёр шиг хүчтэй дуучид гарч ирэхгүй байх шиг. Юутай хол­боотой гэж та боддог вэ?

-Амьд хөгжимтэй тоглосон дуучид урт настай байдаг юм болов уу гэж би боддог. Залуу дуучдыг хараад байхад авьяас нь хангалттай байгаа боловч ур чадвар, хувийн зохион бай­гуулалт их дутагдаж харагд¬даг. Хөгжихгүй байна л даа. Чадалтай чадалтай хүүхдүүд орж ирээд л унтраад байгаа байхгүй юу. Час гээд асаад л шүдэнз шиг унтраад байгаа юм. Хүчтэй үе гарч ирэхэд маш их тэвчээр, хөдөл­мөр шаардана. Багтай хамтран ажиллах чадвар, өөрийгөө боловсруулахдаа байнга бусад­-тайгаа хамтарч баг болж явж боловсрох шаардлагатай бай­даг. Ганцаараа буланд суугаад боловсрохгүй шүү дээ. Сайн уран бүтээлчид бол байна.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ш.Сэлэнгэ: Хөнгөлөлтөөр олгодог байсан эмийг авахад иргэд 70, төрөөс 30 хувийг төлдөг болсон DNN.mn

ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Сэлэнгэтэй ярилцлаа.


-Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хувь өөрчлөгджээ. Чухам хэзээнээс өөрчлөгдөв. Хэзээнээс мөрдөгдөж эхлэв?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр үзүүлдэг тусламж үйлчилгээнүүдийн нэг нь үнийн хөнгөлөлттэй олгодог зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт. 2020 онд Эрүүл мэндийн багц хуулиудыг шинээр баталсан. Энэхүү хуулийн шинэчлэлийн хүрээнд манайх гүйцэтгэлийн санхүүд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор эмийн жагсаалтдаа зарчмын шинэчлэл хийсэн.

-Өвчлөл дээр суурилна гэдэг нь хүн амын дунд хамгийн түгээмэл өвчлөлийг түүсэн гэсэн үг үү?

-Манай улсад хамгийн их нас баралтын тэргүүлэх шаалтгаан юу байна, архаг өвчин хэр их байна, тэргүүлэх таван өвчлөл гэж ярьдаг. Өндөр настнуудын түгээмэл ямар өвчлөл байна, хүүхдүүдийн дунд ямар өвчин түгээмэл байна гэдэг судалгааг эхэлж гаргаад, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн датанаас аваад, манай улсын хэмжээнд түгээмэл 125 өвчлөл байгааг илрүүлсэн. Эдгээр өвчлөлийг ямар эмээр эдгээх вэ, эмчлэх вэ гэдэг эмийн жагсаалтыг бас гаргасан. 2020 онд баталсан Эрүүл мэндийн багц хуульд орсон өөрчлөлтөд олон улсын эмнэл зүйн удирдамжийг баримтална гэж заасан. Тэгэхээр энэхүү 125 өвчлөл дан болон давхардсан оношийг олон улсын эмнэл зүйн удирдамжаа дагаад эмчилнэ.

Жишээлбэл, артерийн даралт ихсэх өвчнийг олон улсын удирдамжаараа ямар эмээр эмчлэх үү, ямар тун хэмжээгээр уух ёстой юм, хүүхэд ууж болох уу, насанд хүрэгчид уух ёстой юу гэдэг бүх тун хэмжээ, хоногийн тун зэрэг нарийн зүйлсийг бүгдийг нь түүж тогтоогоод эдгээр эмүүд Монгол Улсын зөвшөөрөгдсөн эмийн жагсаалтад байгаа эсэхийг шалгаж, тус жагсаалтаа гаргаж ирсэн.

-Хуучин хөнгөлттэй эмийн жорыг анхан шатны эмч, эмнэлэг бичиж өгдөг байсан бол одоо өөрчлөгдсөн гэсэн. Яаж өөрчлөгдсөн юм бэ?

-Урьд нь хөнгөлттэй эмийн жагсаалтыг зөвхөн анхан шатны эмч нар бичдэг байсан. Гэтэл Эрүүл мэндийн багц хуулийн өөрчлөлтөөр бүх шатлалын эмч нар хөнгөлттэй эмийг бичих болсон. Лавлагаа шатлалын дүүргийн эмнэлгүүд бичиж болно. Аймгийн төрөлжсөн нарийн эмнэлгүүд бичиж болно. Клиникийн эмнэлгүүд бичиж болно. Амаржих газрын, түргэн тусламжийн гээд жор бичих эмч нар нь бичихээр болсон. Хуучин өрхийн эмч нар жор бичдэг байхад гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч нар буюу нарийн мэргэжлийн эмч нарын бичсэн жороор хөнгөлөлт олгохгүй учраас дүүргийнхээ эмч дээр очоод хувиргаад бичүүлэхээр хөнгөлөлт эдэлдэг байсан шүү дээ. Тэгэхээр иргэд дандаа өрхийн эмчээрээ жороо бичүүлээд сурчихсан. Хууль өөрчлөгдсөнөөр нарийн мэргэжлийн эмч нар өөрийнхөө жор тунгаар хөнгөлөлт бичдэг болсон.

-Тэгэхээр өрхийн эмчийн жор тусдаа, нарийн мэргэжлийн эмчийн жор тусдаа болж байгаа хэрэг үү?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт батлагддаг. Тэр жагсаалт дээр энэ эмийг анхан шатны эмч, эмнэлгийн байгууллага хэрэглэнэ. Үүнийг лавлагаа шатны эмнэлгүүд хэрэглэнэ гээд ялгачихсан. Тэгэхээр энэ жагсаалтын дагуу A, B, C, D ангиллын эмүүдээ жагсаан гаргасан. А жагсаалтын эмийг өрхийн эмнэлэг, В жагсаалтын эмийг хоёрдугаар шатлалын D жагсаалтын эмийг зөвхөн нарийн мэргэжлийн хавдрын эмч бичнэ гэдгийг нарийн тогтоож өгсөн. Энэ нь эмийн зохистой хэрэглээг хангах үйл ажиллагааг дэмжиж байгаа явдал юм.

-Манайх бол өвчлөл дээр суурилж хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтаа гаргасан юм байна. Тэрхүү жагсаалтад багтаагүй эмийг хөнгөлөхгүй гэсэн үг үү?

-Тэрхүү жагсаалтад нийлмэл найрлагатай эмийг оруулдаггүй. Нийлмэл найрлагатай эм гэдэг нь хоёр өөр эмийг тус тусад нь уух ёстой байтал эм үйлдвэрлэж байгаа компаниуд ашгийн байгууллага учраас маркетингийн хэлбэрээр хоёр эмийг нийлүүлээд нэг болгон гаргаж авсан. Тэгэхээр эмийнх нь өртөг нь өндөр гарч ирнэ ээ дээ. Хэрэглэгч талаасаа арай өндөр хэрэглээтэй, боломжийн хүмүүст зориулаад гаргасан. Гэтэл зайлшгүй шаардлагатай эмийг хэн хэрэглэх вэ гэхээр нийт масс хэрэглэнэ. Түүнд манай улсад зайлшгүй шаардлагатай эмийг оруулж байх ёстой. Энэ зарчмын үүднээс нийлмэл найрлагатай эмийг оруулдаггүй. Олон улсын удирдамжийн дагуу нөгөө эмийн жагсаалтаа гаргаж ирээд практикт хэрэгжүүлэх гэтэл бидэнд хүндрэл учирсан. Ямар хүндрэл гэхээр иргэд нийлмэл найрлагатай эмийг хяналтгүйгээр хэрэглээд сурчихсан. Үүнээс болоод эмийн зохистой хэрэглээ алдагдсан. Тэгэхээр хэрэглээд сурчихсан хүмүүс миний хэрэглээд сурчихсан эм хөнгөлөлтгүй болчихлоо гэдэг. Тиймээс иргэд хэрэглээд сурчихсан учраас буцааж оруулъя гээд оруулаад ирсэн. Нийлмэл найрлагатай эм нь ихэвчлэн манайд зүрх судасны өвчлөлийн үед уудаг, артерийн даралт ихсэх үед даралт буулгадаг эмүүд орчихоод байгаа юм. жишээлбэл, гальвус мед гээд сахарын эм уугаад байдаг нь гальвус метформин-денк гэдэг хоёр тусдаа эм. Тэр нь манай жагсаалтад хоёулаа байгаа. Хоёуланг нь нэг нэгээр нь аваад ууж болно. Гэтэл заавал нийлүүлсэн хэлбэрээр нь буюу гальвус мед эмийг нийлмэл найрлагатайгаар нь ууя гэж иргэд хүсч байна. Олон улсын удирдамжид түүнийг нийлмэл найрлагаар нь зөвлөөгүй. Тийм болохоор дан дангаар нь оруулчихсан. Нийлмэл найрлагаар ч оруулж өгсөн гэхдээ хөнгөлөлтийнх нь хувийг багасгаж өгсөн.

-Нийлмэл найрлагатай эмийн хөнгөлөлтийн хувийг багасгасан юм байна. Бусад төрлийн эмийн хөнгөлөлт яагаад багасах болов?

-Швецарын холбооны улс болон манай улс хооронд эмийн хүртээмжийг сайжруулах “Новартис” хөтөлбөр хэрэгжсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд зарим халдварт бус өвчний эсрэг эмүүд орж ирсэн. Тухайлбал, зүрх судасны эмнүүд түүн дотроо артерийн даралт бууруулах, чихрийн шижин, уушгины зарим нэг хавдрын үеийн өвчнийг эмчлэх ерөнхий нэршлээрээ 15, худалдааны нэршлээр задалвал 24 төрлийн эмийг манайх жагсаалтдаа оруулсан. Энэ эмүүдийг даатгалын сангаас 100 хувь хөнгөлнө. Яг энэ төрлийн эмүүдтэй ижил найрлагатай эмүүдийн хувь хэмжээг бид бууруулсан. Ингээд яваандаа нийлмэл найрлагатай эм хөнгөлттэй эмийн жагсаалтаас хасагдана. Одоохондоо иргэд хэрэглээд хэвшчихсэн учраас оруулчихсан байгаа. Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлтөөр олгодог байсан эмийг авахад иргэд 70, төрөөс 30 хувийг төлдөг болсон.

-Эрүүл мэндийн багц хууль 2020 онд батлагдсан гэхээр Ковидын үед батлагджээ. Ковидоос хойш иргэд хөгшин залуугүй цус шингэлэх эмийг хэрэглэх болсон. Энэхүү хөнгөлөлттэй эмийн жагсаалтад цус шингэлэх эм бий юу?

-Цус шингэлэх эм жинхэнэ D ангилал буюу төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн бичдэг эм. Цус шингэлнэ гэдэг нь заавал эмийн хяналттай явах процесс. Заавал гурван өдөр юм уу, таван өдрийн дараа үзүүлж, хянуулж шинжилгээ өгч байх ёстой. Цус шингэлэх эмийг хяналтгүй хэрэглэснээр цус алдах, ямар нэгэн хүндрэл үүсч магадгүй. Магадгүй тэр хүн гэнэт ямар нэгэн тусламж аваад яаралтай мэс заслын эмчилгээнд ороход цус тогтохгүй байх гэх мэт хүндрэл гарах эрсдэлтэй учраас заавал төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн хяналтаар уух ёстой.

-Хүмүүсийн утсанд “Та эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авсан учраас эүүл мэндийн даатгалаас тэдэн төгрөг хасагдлаа” гэх мэссэж ирж байна гэсэн. Гэтэл тухайн иргэн ямар ч эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй байхад яагаад ингэж аваад байгааг гайхаад байгаа юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Иргэд төлж буй шимтгэлийнхээ хувь хэмжээнээс үл хамааран даатгалаас үзүүлэх үйлчилгээг бүгд тэгш эрхтэй эдэлдэг. Тухайн хүн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ аваад та тэдэн төгрөгний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас аваад эмнэлэгт хэвтсэн, хагалгаа хийлгэсэн, сувилалд явсан, хөнгөлттэй эм авсан шүү гэдэг мэдээллийг цахим хэлбэрээр өгч байгаа. Даатгуулагч иргэдээ мэдээллээр хангах үүргээ бид биелүүлж байгаа хэрэг. Үүн дээр яагаад тусламж үйлчилгээ аваагүй байхад мэдээлэл ирээд байна гэхээр иргэдийн өвчний түүх дээр утасны дугаарыг нь тэмдэглэж авдаг. Тэр дугаарыг л бид ашигладаг. Гэтэл түүн дээр өөрийнхөө дугаарыг хүмүүс бичихгүй хамт яваа хүн, хамаатан садан, дүү, найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүсийн утасны дугаарыг биччихдэг. Магадгүй эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй байхад нь мэссэж ирж байгаа бол миний ойрын ямар хүн эмнэлэгт хэвтлээ, эмлэгт үзүүллээ, тусламж үйлчилгээ авлаа гэдгээ бодох хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

“Чингис хаан” музейг олон нийтэд үйлчилж эхэлсэн эхний өдөр 1200 гаруй иргэн үзжээ DNN.mn

ЧИНГИС ХААН” ХААД, ЯЗГУУРТНЫ МУЗЕЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ - Гадаад  харилцааны яам

“Чингис хаан” хаад язгууртны музей өчигдрөөс олон нийтэд үйлчилж эхэлсэн.

Энэ өдөр тус музейг 1,200 гаруй хүн үзжээ. Үзэгчдийн 800 гаруй нь хүүхэд болон ахмадууд бол бусад нь тасалбараа авч үйлчлүүлсэн иргэд байна.

“Чингис хаан” музейн тасалбарын үнэ

  • том хүн 30,000,
  • оюутан 25,000,
  • гэр бүл 20,000 төгрөг юм.

Хуулийн дагуу 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд үнэгүй үйлчилдэг.

Цагийн хуваарийн тухайд Мягмараас Ням гараг хүртэл 09:00-17:00 цагт нээлттэй байх бөгөөд тасалбар борлуулах цэг 15:30 цаг хүртэл ажиллана. Тус музей Даваа гарагт амарна.

Categories
мэдээ цаг-үе

МИАТ Улаанбаатар-Франкфурт нислэгийн чиглэлийг өөрчилж зорчигчдыг бухимдуулсандаа хүлцэл өчив DNN.mn

МИАТ” ТӨХК Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөө бүрэн барагдуулжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 12-нд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоцоор зорчсон.

Ингэхдээ Франкфурт руу шууд нислэгийн хуваарьтай байсан онгоц чиглэлээ өөрчилж Берлинд бууж, Ерөнхий сайд болон айлчлалын багийнхныг буулган Франкфурт ниссэн нь зорчигчдын эрх ашгийг зөрчсөн үйлдэл боллоо хэмээн иргэд цахим орчинд бухимдлаа илэрхийлээд байна.

Тухайлбал зарим зорчигчдын зүгээс нислэгийн хуваарь өөрчлөгдсөн талаар урьдчилж мэдэгдээгүй, 30 хүнээс болж 300 хүний эрх ашгийг зөрсөн үйлдэл гарлаа зэргээр бухимдлаа илэрхийлсэн байна.

МИАТ компани дараах мэдэгдлийг гаргажээ:

Энэ сарын 12-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх болсон. Иймд тухайн чиглэл нь Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдөх шийдвэр энэ сарын 3-ны өдөр МИАТ ТӨХК-аас гарсан юм.

ОМ137 аялалд ийнхүү өөрчлөлт орсон тул тус нислэгээр зорчих 217 зорчигчод “тухайн нислэгийн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн” тухай мэдээллийг энэ сарын 4-нд хүргүүлж, дамжин нисэх 37 зорчигчийг хамгийн түрүүнд буухаар хаалганд ойрхон суулгаж, вагоноор цааш зорчих 31 зорчигчдийн тээшийг түрүүлж буулган саадгүй вагонд нь суулгасан.

Нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй. Мөн “Чингис Хаан” ОУНБ дахь МИАТ ТӨХК-ийн бүртгэлийн цэгт тухайн нислэгийн мэдээллийг “Улаанбаатар-Берлин-Франкфурт” гэж зарлан, зорчигч тухай бүрт энэ сарын 3-ны өдөр тухайн нислэгт гарсан өөрчлөлтийн мэдээллийг баталгаажуулж өгсөн.

Гэвч гадаад улсаас цахимаар тийз захиалсан зарим зорчигч системийн ялгаатай байдлаас шалтгаалан нислэгийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл очоогүй байсан. Нислэг эхлэхээс өмнө тодорхой зохицуулалт хийж, дамжин тээврийн асуудлыг шийдсэн болно.

Иймд МИАТ ТӨХК нийт зорчигч, үйлчлүүлэгчдээ бухимдуулсандаа гүнээ хүлцэл өчье.

Цаашид МИАТ ТӨХК онлайнаар тийз авсан зорчигчдод мэдээллийг шуурхай хүргүүлэх чиглэлээр онцгой анхааран хичээн ажиллах болно. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК

Categories
мэдээ цаг-үе

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn

Ирэх бямба гарагаас ихэнхи нутгаар хүйтэрнэ

Энэ сарын 14, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулав.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар өмнөөс, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 10-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Аймгуудын цаг агаарыг эндээс харна уу.

Categories
мэдээ цаг-үе

НДЕГ: Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтоо аваагүй бол дараах мэдээллээ шалгаарай DNN.mn

НДШ-ийн 50 хувийн буцаалт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ ~ Toim.mn:  Tодорхой тоймлоно

УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч 2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авах эрхтэй болсон.

Дээрх нөхцөлийг хангасан даатгуулагч таны дансанд шимтгэлийн буцаан олголт ороогүй бол та дараах сувгуудын аль нэгэнд хандан дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулна уу:

  • https://daatguulagch.ndaatgal.mn веб
  • E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн портал
  • Харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
  • Сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагч
  • Arslan.mn