Categories
мэдээ нийгэм

Бугын цусан эвэр тээвэрлэж явсан иргэдийг илрүүлжээ DNN.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсээс Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өнгөрөгч долоо хоногт Налайх дүүргийн 5 дугаар хорооны постод хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн.

Энэ үеэр Ланд круйзер-80 маркийн авто машиныг шалгахад иргэн Х, Н нар 1 ширхэг бугын цусан эвэр тээвэрлэн явсныг илрүүлэн Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан юм.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулна DNN.mn

Монгол Улсын Засгийн газар 2021 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 34 дүгээр, 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тэмдэглэл гаргасан. Уг тэмдэглэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд саадгүй оролцоход шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тусгасан юм. Үүний биелэлттэй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон ХНХЯ, БШУЯ, ЭМЯ-ны удирдлагууд, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн форум”-ын гишүүд оролцов. Засгийн газраас гаргасан тэмдэглэлийн дагуу 18 нас хүртэлх байнгын асаргаа шаарддаг хүүхдийн эцэг эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төрөөс төлөх тухай хуулийн төсөл боловсруулж буйг яамдын удирдлагууд танилцууллаа.

Уулзалтад оролцсон төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлыг хөндөв. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 5900 хүүхэд сурч, боловсорч байна. Тэдний 3000 гаруй нь энгийн сургуульд сурдаг. Тиймээс тэдгээр хүүхдүүдтэй ажиллах багш, ажилчдыг сайтар бэлтгэх шаардлагатай байгааг хөндлөө. Боловсрол Шинжлэх Ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хэлэхдээ “Орчин үеийн техник технологи бүхий апплейкшн, тоног төхөөрөмжөөр дамжуулж хүүхдүүдийн сурах эрхийг хангах олон ажил хийж байгаа” гэсэн юм. Тухайлбал, дохионы хэлний виртуал орчуулагч зохион бүтээснийг боловсролын салбарт ашиглахаар ажиллаж байна. Мөн энгийн сургуулийн 45 багшийг дохионы хэлээр сургасан бөгөөд тэд сургагч багшаар ажиллаж эхэлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хүний эрхийн хорооны үндэсний зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч М.Баясгалан дөрвөн хүсэлт гаргав. Нэгдүгээрт, хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах. Хоёрдугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь удирдлагагүй удаж байгааг засах. Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог халамжийн мөнгийг нэмэгдүүлэх. Дөрөвдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны дэмжлэг олгохыг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар анх удаа дэргэдээ Хүний эрхийг хангах Үндэсний хороо байгуулсан нь нийгмийн бүх бүлгүүдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллана” гэв. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн харилцаанд ороход саад бэрхшээл үүсгэхээргүй орчин нөхцөл бий болгохыг нэн тэргүүнд эрэмбэлж ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн тэрбээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд нэгдсэн байдлаар дуу хоолойгоо хүргэж, саналаа илэрхийлэх нь чухал байгааг дурдав. Тиймээс өмнө нь ажиллаж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой ажлын хэсгүүдийг цэгцлэж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй холбоодыг нэгтгэсэн шинэ ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутнуудыг ЭМД-аар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулна DNN.mn

Оюутан залуусыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох зорилгоор “Эерэг хандлага-эрүүл оюутан” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих 2 сарын аяныг зохион байгуулахаар өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Уг аяныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЭМЯ, БШУЯ, ЭМДЕГ, ГБХЗХГ, БЕГ, НЭМҮТ, СЭМҮТ, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Энэ хүрээнд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт болон оюутан залууст нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох, сургалт сурталчилгаа зохион байгуулах, оюутан залуусын эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулна.
Харин оюутнууд ЭМД-аараа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзүүлэгт орохын тулд ЭМД-ын шимтгэлээ төлсөн байх учиртай.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд Монгол Улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдах үүрэгтэй. Үүнд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчид ч мөн эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлөх иргэнд багтдаг.
Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй төлбөрийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлнө.
Оюутан залуус энэ онд сарын 4200, жилийн 50400 төгрөгийг төлнө. Төлөлтөө И-баримт гар утасны аппликейшнээр дамжуулан төлбөл 15-30 минутын дотор шууд баталгааждаг. Мөн шимтгэлээ баталгаажсан эсэхийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-монголиа болон ЭМДЕГ-ын emd.gov.mn вэб сайтаас РД-аа оруулан шалгах бүрэн боломжтой.
Оюутнууд ийнхүү ЭМД-аа төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагуудаас 16 төрлийн багц тусламж, үйлчилгээг 70-100 хувь хөнгөлүүлнэ. Мөн Урьдчилан сэргийлэх, эрт үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдахаас гадна ЭМД-аас үнийн дүнг нь зайлшгүй хөнгөлөх шаардлагатай 600 гаруй эмийг 30-70 хөнгөлттэй үнээр авах олон боломжууд бий гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Гар угаах дэлхийн өдөр тохиож байна DNN.mn

Гар угаах дэлхийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдөр тэмдэглэдэг.

Энэ өдрийн зорилго нь гараа савандаж угаах, гарын ариун цэврийг сахих ач холбогдлын талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэхэд чиглэсэн нөлөөлөл, сурталчилгаа зохион байгуулах юм.

Энэ жил Гар угаах дэлхийн өдрийг “Гарын эрүүл ахуйн төлөө дэлхий нийтээрээ нэгдэцгээе” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 78 гэмт хэрэг бүртгэгджээ DNN.mn

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь сүүлийн жилүүдэд “цахим” орчинд ихэвчлэн үйлдэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа 229 сайтын үйл ажиллагааг хязгаарлаж, мөрийтэй тоглоомын орлого 200,7 сая төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 2021 онд нийт 189 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, прокурорт шилжүүлсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, тодорхой ажлуудыг зохион байгуулснаар 2022 оны эхний есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах 78 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 102 буюу 56.6 хувиар буурсан байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, 20 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн гүүрний ажил 98 хувийн гүйцэтгэлтэй, Улсын комисс хүлээн авчээ DNN.mn

Олимпын гүүрний нийт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, үндсэн ажил дууссан бөгөөд Улсын комисс өчигдөр хүлээн авчээ. Тус гүүрний явган хүний замын гадаргуу нь халтиргаа гулгаа үүсэхгүй, 15 метр тутамд тэргэнцэр болон дугуйт хэрэгсэлтэй иргэд амрах боломжтой хэсэгтэй юм.

Одоо гэрэлтүүлэг, тохижилтын ажил үргэлжилж байна гэсэн мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд өглөө. Хотын дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлж, Олимпын гүүрний явган хүний гүүрэн гарцыг бүрэн камержуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Categories
гадаад мэдээ

Илон Маск хиймэл дагуулын үйлчилгээгээ цаашид Украинд үнэ төлбөргүй ашиглуулах боломжгүйг мэдэгджээ DNN.mn

Илон Маскийн үүсгэн байгуулсан Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээ Оросын эзлэн түрэмгийлэгчидтэй тулалдаж буй Украины зэвсэгт хүчинд чухал дэмжлэг болж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Маск нийт 25,000 орчим газрын терминалыг Украинд хандивлажээ.

Саяхан түүнийг Украинд ашиглагдаж буй Starlink-ийн терминалуудын урсгал зардлыг төлүүлэх хүсэлтийг Пентагонд гаргасан тухай CNN агентлаг мэдээлсэн байна.

Энэ мэдээллийг цацагдсаны дараа Маск твиттер хуудсандаа Украинд үзүүлж буй үнэ төлбөргүй үйлчилгээ нь хязгааргүй үргэлжлэх боломжгүй талаар тайлбар бичжээ.

“SpaceX өнгөрсөн хугацааны зардлыг нөхөн төлүүлэх гээгүй. Гэхдээ цаашдаа хязгааргүй ашиглуулах боломжгүй” гэж тэр бичсэн байна.

Мөн Украинд ашиглагдаж буй зарим терминалын дата хэрэглээ дундаж айл өрхийн хэрэглээнээс 100 дахин өндөр байгаа тул ийм асуудал дэвшүүлэх “үндэслэлтэй” гэж Маск тайлбарлажээ.

Украинд үзүүлсэн үйлчилгээний зардал нь одоогоор $80 саяыг даваад байгаа ба оны сүүлээр $100 саяд хүрэхийг тэр бас мэдээлсэн байна.

Гэхдээ CNN-ийн мэдээнд Украинд илгээсэн эхний 20,000 терминалын зардлын 85 хувийг АНУ, Польш зэрэг улсууд төлсөн тухай баримтыг дурдсан юм. Бас урсгал зардлын 30 хувийг тэд төлсөн тухай мэдээлжээ.

Харин Маск үүнээс гадна тээвэрлэлтийн, засвар үйлчилгээний, аюулгүй байдлын, харилцаа холбооны зэрэг бусад нэмэлт зардалд сар бүр бараг $20 сая зарцуулагддаг болохыг тайлбарлан бичсэн байна.

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск сүүлийн үед Украины асуудлаар нэлээд шүүмжлүүлж байгаа.

Тэрбээр хэд хоногийн өмнө Крымийн хойгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд үлдээж, шинээр нэгтгэсэн дөрвөн бүс нутагт НҮБ-ын оролцоотой санал хураалт дахин явуулсны дараа Украины бүрэлдэхүүнд үлдээх эсэхийг шийдэх замаар дайныг дуусгах санаа дэвшүүлсэн юм.

Түүний энэ санаа Киевийн эрх баригчдыг хилэгнүүлж, Оросын удирдагчдын талархлыг хүлээж байв.

Уг саналаа дэвшүүлэхээс өмнө Маскийг ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьсан гэх мэдээлэл цацагдсан ч тэр өөрөө үүнийг няцааж байжээ.

Бас саяхан Илон Маск цөмийн дайн гарахаас сэргийлэх үүднээс Крымийн хойгт украинчууд Starlink үйлчилгээг ашиглах боломжгүй болгосон тухай мэдээ цацагдаж байв. Энэ нь тэр Крымийн хойгийг ОХУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэгийг харуулсан хэрэг юм.

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй” гэв DNN.mn

Сайжруулсан шахмал түлшний үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлж, “Шуурхай штаб” байгуулан ажиллахаар болжээ.

Ингэснээр сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсний хяналт, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын нарийвчилсан төлөвлөгөө, хуваарь гаргаж хэрэгжилтийг хангуулна.

Эрсдэл бүхий айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхүүдийн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангуулах юм.

Түүнчлэн авто тээврийн шалган бүртгэх товчоо болон маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байх, хяналт шалгалтыг тогтмол явуулна.

“Таван толгой түлш” ХХК-д сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тасралтгүй хэвийн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар стандарт, хадгалалтын горимыг баримтлан, нийлүүлэлтийг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, тасралтгүй хангахад анхаарах юм хэмээн Нийслэлийн Онцгой Комисс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу Хууль зүйн байнгын хороо 2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гарсангүй.

Байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй долоон саналыг гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэн, санал хураалт явууллаа.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Шар дарцаг” аян ирэх даваа гаригаас эхэлнэ DNN.mn

НЗДТГ-аас замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Аяныг аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 17-ныг дуустал нэг сарын хугацаатай нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм.

Тус аян нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэжээ. Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, жолоочид дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм.