Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Жилийн хугацаанд төгрөгийн хадгаламж 18 хувиар буурч, валютын хадгаламж 11 хувиар өсчээ DNN.mn

Дундаж цалин 942.900 төгрөг болж өсчээ

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн есдүгээр сарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа.

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 206.3 тэрбум төгрөгөөр өсжээ. Ийнхүү 1% орчим өсөхөд

  • валютын харилцах 1.9 (89.4%) их наяд төгрөгөөр
  • төгрөгийн харилцах 624.0 (12.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
  • Төгрөгийн хадгаламж 2022 оны есдүгээр сарын эцэст 12.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 290.5 (2.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.7 (17.9%) их наяд төгрөгөөр буурчээ.
  • Төгрөгийн хадгаламжийн 11.3 их наяд төгрөг буюу 89.7% нь иргэдийн хадгаламж, 1.3 их наяд төгрөг буюу 10.3% нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
  • Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 59 тэрбум төгрөг буюу 1.3%, өмнөх оны мөн үеэс 452.5 тэрбум төгрөг буюу 10.9% өсжээ.
зураг

Эх сурвалж: ҮС

Бага мөнгө (M1) есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 6.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 152.3 (2.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 559.8 (10.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бага мөнгөний 5.5 (88.2%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 726.8 (11.8%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.

Бараг мөнгө 2022 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 367.4 (1.8%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 353.6 (1.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Бараг мөнгөний 12.6 (59.0%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.6 (21.7%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.1 (19.3%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 9.7 тэрбум төгрөг буюу 1%, өмнөх оны мөн үеэс 58.1 тэрбум төгрөг буюу 5.5%-аар буурчээ.
  • Бага мөнгө /М1/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлно.
  • Бараг мөнгө: Төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Алтан үе DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Үе үеийнхэн өөрсдийгөө л гэцгээх нь
хүний л араншин юм
даа. Буруу ч юу
байхав.

Урлаг, соёл, шинжлэх ухаан,
спортынхон, зохиолч сэтгүүлчид дор
бүрнээ л “би баатар”
болох гэж ханьсахын эрхэнд
“Одооны энэ хүүхдүүдийн байгаа
царайг …Тэгэхэд бид залуудаа…
“гэцгээн өмнөх ба хойдох
үеүдийг доош хийн өөрсдийн
таньдаг хэдээ алт мөнгөөр
харамгүй хучиж ярьцгаадаг. Одоо
хийж бүтээхээсээ илүү амны фигур
нь хөгжчихсөн үе үеийн алтан
шонхорууд хүзүүгээ маажуулж буй тугал аятай
тун таатай харилцан биесээ
магтацгаагаад л. Дал наяад
оныхны урлаг спортын манай
төлөөлөгчид ид сайн байсан
байлгүй яахав. Хэрэв
улс төр, нийгмийн хөгжил
дэвшил өнөөдөр өдий зэрэгтэй
сайн сайхан болох өнгөндөө
ороод ирж байгаа бол,
одоогийн өндөрлөгөөс эргээд харах дээрээ
тулсан бол тэр гавьяаны
хамаг гол нурууг хэдий
хавьцаа нугаллаа байз хэмээн хорхойг
нь хөдөлгөж өдөх төдийд бүгд өөрсдийгөө “Бид
Алтан үеийнхэн” гээд орилолдоод босч
ирэх гээд байна.

Гадуур үйл явдал ид
буцалж, хямрал, хямдрал юм
юм л өрнөөстэй. Хэдийбээр
уйлаан дуулиантайхан аж төрцгөөж, болж
бүтэж байгаа юм байхгүй
мэт шуугилдаж байгаа ч манай
амьдрал алсуураа түүхийн маш сонирхолтой
үе дээрээ, халуухан, үнэхээр
сайхан байна өө. Түүчээлэгсдээс
хөгжихийг хүссэн хэнд боловч
уйдах зав алга. Ерөнхийдөө
нийгмийн их олон салбар
дээр зэрэг зэрэг тоглолт
өрнөж, залуу үеийнхнээс цөөнгүй
хэсэг нь ямар мундаг
хийморь цог золбоотой болчихоо
вэ? Энд хоёрхон сэдэв
дээр тогтож эргэж анзаарах
гэсэн юм. Цаана нь
ярайх бусад олон жишээ,
ололт амжилтуудыг нэг амьсгаагаар багтаах
боломж байх биш түр
орхихоос өөр аргагүй.

Дөрвөн жил тутамд болдог
уламжлалт Азийн спортын олимп
өнөө жил Инчонд нээлтээ
хийгээд дундаа орж байна.
Ирж буй эрин Азийн
зуун ч болж байгаа
юм байгаа. Инчон-ХҮII
Азийн наадамд шар тивийнхэн
бүгд цугларч медалийн төлөөх
тэмцэл урьд өмнөхөөсөө ч
ширүүхэн болоод байх шиг.
Бүгд сайн биш гэж
гоочилдоггүй юмаа гэхэд муу
тамирчин, жуулчин турист хэмжээний
сонирхогч лав алга. Өмнө
нь явагдаж байсан Азийн
наадам бүрийг манай төр засаг өндөр
ач холбогдол өгөн хамаг
шилдэг тамирчдаа илгээн сайн ч
бэлдсээр ирсэн уламжлалтай. Манай
бөхчүүд, боксчид ганзага хоосонгүй
ирцгээж гавьяа шагналаа хүртэцгээж
байсаан. Дээд тал нь
нэг удаагийн тоглолтоос хоёр ч дараалан
аварга төрж байсан тохиолдол
өмнө нь Бангкок, Делигийн
зуны наадмаас хүртэж байсан байх
шүү. За тэгээд бусад
медальд хүрсэн, шагналт байранд
орсон тамирчдын хувьд гэхэд манай
сэтгүүлчид, дасгалжуулагч нар магтах үгээ
олж ядан “Алтны энтэй
мөнгө, Медалийг шүүрэн алдаад луйвардуулчихлаа…Ердөө ганцхан минут
тэссэн бол ч…Нас
залуу аргагүй туршлага дутчихлаа
дахиад олон тэмцээнд явуулмаар
юм байна…” гэцгээн гаслаж гангинацгаан
ирцгээдэгсэн. Тэгсэн одоо юу
вэ. Наадам аль хэдийнэ
дундаа орж байхад Монголчууд
багаараа Азийн 45 орноос багийн дүнгээр
эхний гуравт, дөрөвт явна
гэсэн зүүдэнд оромгүй бахдам
мэдээ ирсээр л. Байсгээд
л Инчоны бүүдгэр
тэнгэр дор Монгол төрийн
сүлд дуулал цангинан, алтан
соёмбот далбаагаа намируулан ёстой нэг цээжлүүлж
өгч байна аа. Давын
өмнө дөрвийн дөрвөн аварга
төрж айдаггүйгээ авдарлаад авчихсан, өшөө цаана нь
горьдох найдах төрөл зай
дуусах яагаа ч үгүй
явна. Хэзээ ч бүтэхээргүй
мэт санагддаг байсан багийн спорт
гэх сагсан бөмбөгчид маань
өрсөлдөгчөө ялимгүй алдах л
юм бол нам цохьчих
гээд үнэн тэвдүүлж байна.
Тэд бүр шувтаргын шигшээ
тоглолтод тунаад үлдчихсэн тивдээ
эхний тавд эрэмблэгддэг муу
биш багийг уйлуулчихаад яваа
гээч.

Шинэ үеийнхний энэ их тэсрэлт
дэлбэрэлт 2008 оны Бээжингийн олимпоос
хойш шал өөр эрэмбэ
түвшинд гараад ирчихсэн юм.
Өнгөрөгч хэдхэн жилийн дотор
улс орны хөгжлийн хурд
хоёр оронтой тооноос дээш
бичигдэн зам харгуй тавигдан,
өндөр өндөр орд харш
сүндэрлэн, үндэсний хөрөнгөтнүүд төрөн гарч, олимп
дэлхийн аваргууд шил шилээ даран
төрцгөөх боллоо. Юуны чинь
өнөө дадлага туршлага дутлаа
барилаа вэ? 17-той хүү
боксоор дэлхийд үзүүрлэж, өчигдөрхөн
Хэнтий аймгаас ирсэн 19-тэй
охин дэлхийн аварга бөх
болж нутгийн ах цагийг
эзэлсэн их аварга Бат-Эрдэнээсээ илүү алдар гавьяа
байгуулаад амжчихлаа. Сонирхогчдын сумо, самбо бөхөөр
тив дэлхийн аварга хичнээн
боллоо ч энэ төрөл
зай нь олимп, Азийн
тоглолтын хөтөлбөрт байдаггүй юм байна л
даа. Хууччуул дошин дээрээ л
данагар байсан болохоос олимпийн
дэвжээнд өнөөдрийнх шиг монгол тамирчдаас
тэгтлээ айж болгоомжилж байсан
нь юу л бол.
Чөлөөт бөхөөр дэлхийд хоёр
дараалаад түрүүлчихсэн З.Ойдов гуай
бол одоо ч үнэ
цэн нь буураагүй үнэхээр
гайхамшигтай тамирчин байж. Даанч олимпийн
аварга болж чадаагүй аз
л дутсан. Ж.Мөнхбат аварга бас
их ховор төрсөн хүн.
Тэрээр ид үедээ гадаад
дотоодын том уралдаан тэмцээнд
оролцохдоо бэртэл гэмтэл
багатай л бол бараг
ялагддаггүй хийморь золбоотой эр
байж билээ. Хэзээний л
ажил албанаас бултаж, дасгал бэлтгэлээ
хийж явна гэчихээд хөдөө
нутагтаа оччихсон тарвага айраг цагаа
эргүүлээд, дээлээ гандтал тэнэж
явдагсан.

1990-ээд он хүртэлх хугацаанд
манай улсын бүх албан
байгууллага, сургууль соёлын газар болгон
өөрийн гэсэн хамтлаг баг
бүхий алдар цуут тамирчдаар
хахаж байв. Цагийг эзэлсэн
теннисчин, сагсчин, бөхчин, гар бөмбөг
цана гээд л байхгүй
төрөл гэж байхгүй. Бүгд
одод. Харин нутаг ус,
аймаг сум болж талцахыг
тас хорьж байсан.

Тэр үеийн манай сүрхий
тамирчид гадагшаа явж тив дэлхий,
олон улсын тэмцээнд чадлынхаа
хэрээр л оролцдог байв.
Шулуухан хэлэхэд дээр нэр
дурдсан хоёр бөхөөс бусад
нь том багагүй цөмөөрөө
гадаад өрсөлдөгч нараасаа айдаг, хөнгөн сугалаа
таараасай хэмээн дотроо залбирцгаадаг.
Муусайн коммунистууд гээд ад үздэг
байсан юм уу хаашаа
юм.

Америк Европынхонтой таараа л бол
шалчийгаад орхидогсон. Бүхий л түүхэндээ
хоёрхон бөх л дэлхийн
аварга болоод гуч дөчин
жилийн турш яаж ч
үзээд ганц ч тамирчин
олимп, дэлхийн аварга болж
чадаагүй юмдаг. Бүр цөмөөрөө
бүх л спортын төрөлд
хэдэн үеэрээ шүү. Сүүлд
нь тэгээд алтны дайтай
мөнгө аваад гэж мянга
яриад яахав дээ. Тэгвэл
өнөөдөр медальтнуудыг нь орхиод зөвхөн
олимп дэлхийн аваргуудыг жүдо,
чөлөөт, бокс, байт харваа
энэ хэдээс тоочиход арав
гараад явчихаж байна. Спортын
“Алтан үеийнхэн” гэж байдаг бол
одоохондоо энэ 2010-аад оныхныг дуртай
ч дургүй ч
хэлэхээс өөр хэнийг хэлэх
юм. Манай одоо ид
яваа залуучуудын аль
нь ч ялгаагүй гадаадынхнаас
ялгарахгүй биеийн хөгжил сайтай,
хувцас техник хэрэгсэл нь
орчин үеийнх, үзэл сурталд
баригдахгүй, азтай сул сугалаанаас
бид биш тэд айж
түгшдэг, мэргэжлийн дээд түвшинд алдаа
мадаггүй өрсөлдөн баараггүй ялж ёндоотой байж
чадаж байна. Тэмцээн дуусав
уу үгүй юу дээр
үеийн тамирчид шиг савхин куртк,
тарваган малгайны наймаа хийгээд чичрээд
гүйгээд явчихдаггүй, ар гэртээ бөөн
захиас өмд гутал, бохь
чирцгээн нам засгаасаа хоол
байр нэхэцгээн медаль шүүрэн алдлаа
гэсэн арчаагүй юм ярьж явдгаа
больчихоод байна.

Өөр миний мэдэх бас
нэг “Алтан үе”-ийн
төлөөлөгчид байна. Энэ бол
1990-ээд онд монголчуудыг анх
ардчилалд хөтлөн аваачихад түүхэн
үүрэг гүйцэтгэсэн тэр үеийн хэдхэн
тооны сэтгүүлч нийтлэлч нар юм. Тэгэхлээр
Сэтгүүл зүй дэх
алтан үе бол социалист
нийгмийн үеийнх ч биш,
өнөөдрийн эрх чөлөөндөө бялуурсан
2000 оныхон ч биш.

Монголын төр нийгэм улс
төрийг үндсээр нь өөрчилж
болох тухай үг хэлэх,
хэвлэн нийтлэх эрх чөлөөний
сэдэвтэй санаа оноонуудыг хэдэн нөхөр цаасан
дээр бичээд ард түмэнд
дуулгаснаар янз бүрийн боловсрол,
хүсэл бодолтнууд нэгийг ухаарч хоёрыг
санаж өөрсдийгөө өөрчилж эхэлсэн юм.
Мөн л шулуухан хэлэхэд
Баабар, Цэнддоо, Мягмарсүрэн, Цогтсайхан Батбаяр агсан гээд
дөрөв тавхан гойд авьяастай
бичигч нар хэнээс ч
үл айн, хожим ашиг
тооцоо бодолгүйгээр энэ үйлсэд бие
сэтгэлээ зориулсан билээ. Тэд өөрсдөө
эхлээд нам байгуулан, эрх
чөлөөний хөдөлгөөн үүсгэн, гудамжинд тэмцэл
хийн хувьсгалыг эргэлт буцалтгүй болгож
үр дүнд хүргэсэн нь басчиг
зүгээр хошуу нэмэрлээд сууж
байгаагүй юм. Тэр үеийн
сэтгүүлч бичигч нараас цөөнгүй
нь хожим сэтгүүл зүйгээ
орхин улс төр рүү
орцгоон төр нийгмийн зүтгэлтэн
болоод төрөл арилжаад явчихсан.
Харин өнөөдрийн орчин цагийн сэтгүүлч
залуусын хувьд мэдээллийн хэрэгслээр
дагнаж дамжвал албан тушаал,
алдар нэрэнд хүрэх зам
илүү дөт гэж тооцоолж
байна. Тийм ч байж
магадгүй. Сэтгүүл зүйд шинэ
үеийнхэн ихээр түрэн орж
ирэх болцгоолоо, тэдний цаг үе
ирж байна гэж ил
тод зарлах ч болж.
Өөр амбиц, цаанаа том
төлөвлөгөө зорилго, зорилтоор янз бүрийн юм
бичиж олны анхаарлын төвд
орж, улмаар төд удалгүй
янз бүрийн сонгуульд нэрээ
дэвшүүлэх санаа агуулсан бол
тэд цэвэр сэтгүүлзүйнхэн биш
юм. Өнөөдөр цэвэр сэтгүүл
зүй, нийтлэлээр маш цөөхөн хэсэг
нь дагнаж, өөр гоё
ажил төрөл албан тушаалд
очих момент тохиолдсон ч
бичиг номын ажилдаа үнэн
дуртай түүгээрээ хоолоо олж идэн
болоод л яваа билээ.
Харин ихэнх нь жаахан олонд танигдмагцаа
“Би дарга болъё” гээд
гараа өргөөд гүйчихэж байна.
Нийтэд шууд харагдахаар ажил
төрөл хийж танигдаж өгөхгүй
цаг алдаж байхаар зурагтын
эфирийн өмнө танилцаад өгвөл
амжилтанд хүрэх зам түргэсэх
нь ойлгомжтой байх л даа.
Ямартай ч цаашид бөх,
дуучин, урлагийнхан болсноос илүү оноо олдоно
гэсэн тооцоог улс төрчид
зөвлөж өгдөг аж.

1990-2000 онуудад
зах зээлийн ороо бусгаа
ид нүүрлэн аж ахуйнууд
дампуурч дэлхийд таг мартагдаж
байх үед зөвхөн сэтгүүлзүй
л шударгаар ажиллаж
ирээдүйн гарцыг заан урам
өгч байсан юм. Тэр
үе бол сэтгүүлзүй дэхь
ганцхан алтан үе л
юм байж. Дээр үеийн
нам засгийн ухуулагч, одоогийн
сурвалжлагч нар яах вэ
хэзээ ч байж л
байсан байсаар ч байх
биз. Дараа нь улс
орон хөгжиж хүчирхэг болох
хэрээр 2008 оноос эхлэн өнөөдрийн
энэ өндөрлөг хүртэлх манай эх
оронд яруу алдарт тамирчдын
алтан үе ноёрхолоо тогтоогоод
байна. Энэ үе бол
бас л сайхан үе
юм даа. Хоорондоо шал
өөр төрөл чиглэлтэй ч
эх орондоо гийгүүлэх гавьяа
байгуулсан 90 оны ардчилсан сэтгүүлч,
2010 оны алдар суут тамирчин
энэ хоёр үеийнхнийг өнөөдөртөө
хэн ч үгүйсгэж дөнгөхгүй,
илүүрхэж чадахгүй байна. Ирээдүйд сэтгүүлзүйн
Нобелийн шагналтан, спорт дахь хөлбөмбөгийн
дэлхийн аварга төрж олимп
эх оронд зохиогдох хүртэл
нэлээн ч зай байна
даа.

Categories
мэдээ нийгэм

​Ж.Дэлгэрсайхан: МИК-ийг хэрвээ бие даалгаад орхиё гэж байгаа бол зах зээлийн хүүгээр тоглолтод орох орон зайг нь нээж өг DNN.mn


Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-2023 оны төсвийг батлахаар УИХ-ын чуулганаар ид яригдаж байна. Ирэх жилийн төсөв ямар байгааг та анзаарч харсан байх. Ямархуу төсөв болох шинжтэй байх шиг байна вэ?

-Жил бүрийн энэ үед төсөв, мөнгөний бодлогыг УИХ-аар хэлэлцэж баталдаг. Эдгээр нь Монгол Улсын эдийн засаг, мөнгөний зах зээлийн томоохон бодлогууд болохын хувьд ач холбогдол өндөр. Төсвийн бодлогыг сар гаруйн хугацаанд хэлэлцээд батлах ёстой. Ингэснээр Монгол Улсын 2023 оны ирээдүйн дүр зураг ямар байх вэ гэдэг нь харьцангуй тодорхой харагддаг. Төсвийн хувьд ерөнхий дүр зургаараа хүмүүс хоёр байр суурьтай байх шиг байна. Нэг хэсэг нь төсөв муу боллоо. Алдагдлыг багасгах байсан гэсэн өндөр хүлээлттэй байсан агуулгаар шүүмжилж, нөгөө хэсэг нь төсөв сайжирсан ч хангалттай бус гэсэн байдлаар бага зэрэг чамлаж байх шиг байна. Би хувьдаа хоёр дахь хэсэгт багтаж байна. Төсөвт мэдээж сайн муу тал бий. Эерэг тал нь 2022 оноос эхлээд төсөвт харьцангуй бодлогын шинэчлэл хийх гэж оролдсон явдал. Энэ оны хувьд ч энэхүү бодлого үргэлжилж байна гэж ойлгож байна.Эдийн засгийн тэлэлтийг дэмжинэ, татварын бааз суурийг тэлнэ,эдийн засгийг тэлэхэд зориулагдсан суурь дэд бүтцийн төслүүдийг буюу эрчим хүч, тээвэр, зам харгуй зэргийг сайжруулна гэх зэрэг нь өнөөгийн бидний хийх ёстой гол зүйл мөн. Гол нь хэрэгжилт дээр маш сайн анхаарах, та бүрээс хяналт тавих хэрэгтэй. Мөн татварын орчныг сайжруулах зарим санхүүгийн зах зээлийг дэмжих, старт төслүүдийг дэмжих, үнэт цаас гаргалт, гадаад санхүүжилт, олон нийтийн компани болох асуудлыг дэмжих олон асуудал байна. Энэ агуулгаараа бодлогын хувьд чиглэл нь харьцангуй зөв байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, тоон үзүүлэлт тэлэлт их өндөртэй л гэдэг том сул тал. Орлогыг өндөр төсөөлж, зарлагыг тэлсэн. Зарлага, орлогын өсөлт 20 гаруй хувьтай. Төсвийн алдагдал 1.5 их наяд гаруй төгрөгийн хэмжээнд хүрсэн. Ийм л төсөв болсон. Гэхдээ тоон үзүүлэлт талдаа сөрөг тал нь зардлын үзүүлэлт боловч эерэг тал нь алдагдлыг анх удаа УИХ хууль эрх зүйн орчинд тогтоож өгсөн хязгаар түвшнээс бууруулж орж ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувьтай тэнцэж болох байсан тэр алдагдлыг 2.8 хувь руу татаж орж ирсэн гэдэг эерэг талыг Сангийн яамны зүгээс дурдаж байгаа. Төсөв дээр гол анхаарах зүйл нь орлого зарлага нь хэд байна, юунд юуг зарцуулах вэ, тэр аймагт тэдэн төгрөг хуваарилсан гэхээсээ илүү энэ төсөв нийгэм эдийн засгийн ямар үр ашгийг бий болгох вэ гэдэг л асуудлыг анхаарах шаардлагатай. Бидний нэг гол алдаа нь төсөв өргөн барьсанаас батлах хүртэл олон нийт, мэргэжлийн хүрээнд хүчтэй ярьж,шүүмжлээд түүний дараа мартдаг. Энэ төсөв хэрхэн хэрэгжиж ямар үр дүнд хүрэв гэдгийг шүүдэггүй явдал. Тэгээд дараа жил төсөв хэлэлцэхээр уламжлал маягаар шүүж эхэлнэ дээ.

-Төсөв дундаас онцлоод асуухад ирэх оны төсөвт ипотекийн хөтөлбөрийг дэмжих чиглэлээр хэдэн төгрөгний төсөв суусан бол. Та анзаарч харсан уу?

-Ипотекийн хөтөлбөр гэдэг зүйл дээр төсөвт онцгой зүйл тусгаагүй. Ипотекийн хөтөлбөрийг одоог хүртэл Монголбанк, арилжааны банкууд хэрэгжүүлсээр байна. Монголбанкны зүгээс бид энэ хөтөлбөрийг авч явах ёсгүй, хариуцсан субьект нь Засгийн газар гэсэн байр суурьтай байдаг. Төсвийн хажуугаар мөнгөний бодлогыг оруулж ирэхдээ Монголбанк дараагийн санхүүгийн жилээс Засгийн газарт шилжүүлнэ гэсэн байр суурийг бодлогын баримт бичигтээ дурдсан байдаг. Засгийн газрын зүгээс ипотекийн хөтөлбөрийг хэрхэн яаж явдаг вэ гэдгийг анхаарсан, энэ хөтөлбөрийг сайжруулах талын зүйл төсөвт огт дурдагдаагүй. Харин энэ хөтөлбөрт орон нутагт ажиллаж байгаа, орон нутаг руу шилжих иргэдийг урамшуулах, урьдчилгаа төлбөр хүүгийн хувьд урамшуулах зэргээр төвлөрлийг сааруулах бодлогынхоо хүрээнд дурдсан байсан. Миний ойлгож байгаагаар ипотекийн зээлийн санхүүжилттэй холбоотойгоор Засгийн газар 2023 онд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм байна. Өмнөх зээлээ татаж авна гэсэн ойлголт нь байхгүй юм байна. Түүнээс гадна ипотекийн зээлийг ашиглаж өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа юм байна л гэсэн байр суурьтай харагдсан. Тэгэхээр Засгийн газар энэ үйл явцыг санхүүгийн эх үүсвэрийнх нь хувьд, тогтолцооных нь хувьд хэрхэн дэмжих вэ гэдэг асуудлыг хараахан харгалзаж үзээгүй мөртлөө гол нь энэ хөтөлбөрийг ашиглаад өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг дээр анхаарсан. Энэ нь буруу зүйл биш. Гэхдээ Засгийн газрын өнөөдрийн явж байгаа байдал, энэ хөтөлбөрийн давуу болон сул тал, нийгэм эдийн засгийн байдалд нь ач холбогдол өгч, өнөөгийн байдалд нь үнэлэлт дүгнэлт өгсөн байдлаар хандах нь зүйтэй байсан болов уу л гэж харж байна.

-Таван удаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байдаг. Энэ зөв үү?

-Дэлхий нийтээр цар тахалтай холбоотой хямрал болсон. Хямралын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм. Зээлийн төлбөр зарим бодлогын арга хэмжээнүүдийг авч Засгийн газар, Монголбанкны зүгээс цар тахлын эсрэг тэмцсэн тэмцлийн нэг гол зорилго нь иргэдийн орлогыг хамгаалах байсан. Иргэдийн орлогод цар тахал, түүнтэй холбоотой эдийн засгийн нөхцөл байдал онцгой, огцом нөлөө үзүүлсэн. Тэр утгаараа ипотекийн зээлийг томоохон нийгмийг хамарсан хөтөлбөрийнх нь хувьд тодорхой хэмжээгээр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь иргэдийн орлогыг хамгаалах нь томоохон дэмжлэг болох юм байна гэдэг агуулгаар эхэлсэн. Эхлээд зургаан сар байсан санагдаж байна. Тэрнээс хойш сунгасаар байгаад гурван /2 жил 8 сар/ жил орчим үргэлжилчих шиг боллоо. Одоогоор энэ зээлийн хойшлуулалтын сүүлийн хугацаа 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаа байх. Тухайн цаг хугацаандаа энэ зөв алхам байсан. Зарим талаар олон арга хэмжээ авсан шүү дээ. Иргэдийн нийгмийн даатгалаас,орлогын албан татвараас тодорхой хугацаанд чөлөөлсөн. Иргэдийн зээл төлөлтийг хойшлуулсан. Банкууд дээр байгаа бодлогын үзүүлэлтүүдээ өөрчилсөн гэх мэт их олон талын ажил хийсэн. Учир нь 2020 оны нэгдүгээр сарын төгсгөлд бид шууд хилээ хаасан. Тодорхой хязгаарлалтад орсон. Хилийн боомтуудаа хаах замаар цар тахалаас сэргийлсэн. Түүний улмаас эдийн засаг 2020 оны эхээр маш хүчтэй буюу 10 хувиар агшсан. Түүнээс хойш унасаар байгаад эдийн засаг 4.6 хувь хүртлээ буурсан. 2020 ондоо энэ арга хэмжээ болж байсан. 2021 ондоо ч тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал байсан. Ковид цар тахлыг бид 2021 оны зун гэхэд дуусгана гэсэн чадалгүй 2022 онтой золгосон. Тухайн цаг үедээ буруутгах зүйл байгаагүй. Гэхдээ ингэснээр чухам ямар үр дагавар, сөрөг нөлөөллийг бий болгочихов гэдэг нь нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, цааш үргэлжлүүлээд байх ёстой юу гэдэг асуудал тулгараад байгаа.

Энэ нь эргээд ипотекийн зээлийн тогтолцоондоо ямар сөрөг нөлөө үзүүлж байна, эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа вэ. Өнөөдөр бүхэлд нь эргээд харахад цар тахлын үеэр маш олон халамж, хөнгөлөлт, урамшуулал, иргэдийн суурь хэрэглээг даах гэх мэт олон ажил санаачилж хэрэгжүүлсэн. Тухайн цаг хугацаандаа зөв байсан боловч одоо үүнийг цааш нь үргэлжлүүлсээр байх юм бол эргээд эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлэх тал нь илүү давамгайлж эхэлнэ. Тиймээс бид одоо зөвхөн ипотекийн зээл гэлтгүй эдийн засгийг өөрийн явах ёстой тэр жам ёсны зүй тогтол руу нь шилжүүлэхийг бүх талаар хичээх хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн сэргэлтэд ямар ч бодлогоос илүү эерэг нөлөөлөх болно.

-Ипотекийн зээл эргэн төлөлтөөрөө санхүүждэг. Энэ олон удаагийн зээл хойшлуулалтаас болж дараа дараагийн зээл хүсч байгаа иргэдэд яаж нөлөөлөх вэ?

-Ипотекийн зээлтэй холбоотой тав дахь удаагийн хойшлуулалтаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан мэдээ байна. Ингэснээр сар бүр төлөгдөх ёстой 30 гаруй тэрбум төгрөгийг хойшлуулж байгаа хэрэг. Энэ нь зээлийн дундаж хэмжээгээр тооцвол 400 гаруй өрх шинээр орон сууц авах боломжит хэмжээ. Тодруулбал, ипотекийн зээлд одоогоор 100 мянга гаруй иргэн хамрагдсан. Бид 6 их наяд гаруй төгрөгийн ипотекийн зээлтэй. Зээлийг 1000 төгрөг гэж үзвэл 100 мянган өрхөөс сар бүр 50 тэрбум төгрөгийн зээл төлөгдөж байх ёстой. Гэтэл үүний ихэнхийг зогсоочихсон гэсэн л үг. Төлбөрийн хувьд нэлээд эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Сүүлд 10 их наядын хөтөлбөр гэдгээр Монголбанк тодорхой хэмжээний санхүүжилтээр дэмжсэн гэж байгаа боловч энэ хөтөлбөр анх гарахдаа Монголбанкны дэмжлэгээр явагдсан ч явцын дундаа өөр өөрийгөө санхүүжүүлдэг хэлбэр рүү орчихсон байсан. Жам ёсны эдийн засгийнхаа гольдролд орж байгаа тэр хөтөлбөрийг зогсоочихсон гэсэн үг. Ингэснээрээ эргэн төлөлт доголдоно. Дахин шинээр зээл авах байдал ч доголдоно. Ийм учраас ипотекийн зээлийн эргэн төлөлт гэдэг нь энэ хөтөлбөрийн оршихуйд нөлөөлнө. Цааш магадгүй дахин сунгах юм бол илүү хүчтэй нөлөөлнө. Ипотекийн зээлийн хөтөлбөр нь өнөө маргааш, 5-10 жил хэрэгжээд дуусах хөтөлбөр биш. Энэ бол хэдэн арван жилээр үргэлжлэх, үе үеийн шинэ залуу гэр бүл орон сууцны хэрэгцээ бүхий хэн болгоныг зээлийн хөтөлбөрт хамруулж, монголчуудын амьдралын чанарыг тасралтгүй олон арван жилээр хангаж байх учиртай хөтөлбөр.Иргэдийн амьдралын чанарыг тогтмол дээшлүүлэхийн тулд энэ зээл асар өндөр ач холбогдолтой. Нөгөө талаасаа нийгмийн өндөр ач холбогдолтой зүйл. Ипотекийн зээл гарснаас хойш барилгын салбар ямар болсон. Иргэдийн амьдралын чанар, орон сууцжих үйл явц яаж хурдассан зэргийг бид тодорхой харж байгаа. Тэгэхээр бид зөвхөн өнөөдрөөр хариуцлагыг ярих биш, энэ бол урт хугацааны хөтөлбөр гэдэг агуулгаар нь харах ёстой. Гэхдээ үүн дээр нэг харгалзан үзэх зүйл нь 2023 онд эдийн засаг ямар байх вэ гэдэг асуудал яригдана. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, төсөв мөнгөний зөв бодлоготой байх, эдийн засгийн тэлэлтийг, хурдан сэргэлтийг бий болгох учиртай. Энэ тал дээр Засгийн газар онцгой анхаарах ёстой.

-Ипотекийн зээлийг өргөжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Ипотекийн зээл өөрөө зах зээлийнхээ хүүгээр байх ёстой. Өнөөдөр Монголд Улсад 6 хувь, 3 хувь гээд харьцангуй поп шинжийн, зах зээлийн хөрсөнд үл нийцсэн хэт доогуур хүүг амласан. Гэтэл АНУ-ын буюу хамгийн хүчирхэг эдийн засагтай, биднээс харьцангуй өндөр хөгжилтэй урагшаа явчихсан орны ипотекийн зээл хүү нь яг одоогийн байдлаар 7 хувь давчихсан байх жишээтэй. Тэгэхээр ингэж зах зээлээ дагаж өөрчлөгддөг, зах зээлийн хүүний тогтолцоо руу шилжихгүй бол ипотекийн нөхцөл байдал олон жилийн урт хугацааны тасралтгүй хөтөлбөр болоход харьцангуй удаашралттай бөгөөд сул тал үүссээр байх болно. Үүнийг шийдэх хоёр арга байна. Нэгдүгээрт, эдийн засгаа хурдан хугацаанд зөв өсгөх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлээд зах зээлийн хүүг жам ёсных нь дагуу буулгаад өнөөдрийн 3, 6 хувийн хүү нь бодит байдал дээр байх боломжтой хэмжээнд авчрах хэрэгтэй. Өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас бий болсон нийгмийн дүр төрхөөр бол энэ харьцангуй удах бололтой.Хоёрдугаарт, Засгийн газар энэ ажлыг хүлээн авах гэж байгаа юм бол Засгийн газар Монголын ипотекийн корпорацийн энэ ачааллыг даагаад хоёр жил зээл хойшлуулсан энэ хүнд үеийг давж байгаа энэ институци байхад энэ институцийн дэлхийн зах зээлд гарах, дотоод зах зээлд бонд гаргах боломжийг нь хүүгийн бага зэрэг татаасаар дэмжээд өгөхөд хурдтай сэргэх боломжтой. Тодруулбал, иргэн 6 хувийн хүү төлнө. Зах зээл дээр 10 гаруй хувийн хүүтэй бонд гарна. Зөрүү болох 6 хувийг Засгийн газар төсөвтөө суулгаад өгөх юм бол Засгийн газар асар том эх үүсвэр гаргалгүйгээр шийдэж чадна.

-Монголбанк ипотекийн зээлд хариуцлага үүрэхгүй гээд гараад явчихлаа. Тэгэхээр Монголын ипотекийн корпораци өөрийгөө санхүүжүүлээд явах чадамж хэр бол?

-Би ипотекийн санхүү рүү нарийн өнгийсөнгүй. Ямартаа ч МИК арав гаруй жилийн түүхэндээ Монголын 100 мянган иргэний, өрхийн амьдралын чанарыг сайжруулах ажлыг хийлээ. Хоёр жилийн хугацаанд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан энэ үед ипотекийн зээлийн тогтолцоонд гал алдчихгүй бариад явлаа. Энэ агуулгаараа тодорхой хэмжээний эх үүсвэртэй. Санхүүгийн хувьд боломжийн болчихсон институт мөн мэт. Гэхдээ МИК-ийг хэрвээ бие даалгаад орхиё гэж байгаа бол бусад улс шиг төрийн татаасыг нь болиул. Монголбанкны дэмжлэгийг болиулах гэж байгаа бол энэ байгууллагыг зах зээлийн хүүгээр тоглолтод орох орон зайг нь нээж өг. Тэгж чадвал энэ байгууллага өөрөө өөрийгөө аваад явчих болов уу гэж би харж байна.

Categories
гадаад мэдээ

Украины тэнгэрийг хиймэл оюун ухаан хамгаална DNN.mn

Украины холбоотнуудын “Раммштейн уулзалт”-ын дараа АНУ-ынБатлан хамгаалахын сайд Ллойд Остин, Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга Марк Милли нар Брюссельд хэвлэлийн бага хурал хийж Украиныг агаарын довтолгооноос хамгаалах шинэ системтэй болгоно гэж мэдэгдэв.Барууны орнуудын хүчин чармайлтаар Украинд бий болох агаарын довтолгооноос хамгаалах систем нь ойрын, дундын, холын зайн гэсэн шатлалтай байх болно гэж Марк Милли хэлсэнбайна. “Бид Украйн улсад өгч болно гэж бодож байгаа зүйл бол агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн систем юм. Эдгээр нь ойрын болон нам өндөрт, дараа нь дунд өндөрт, эцэст нь алсын болон хэт өндөрт дайсныг устгах системүүд юм. Эдгээр бүх системийг хослуулснаар Оросын нисэх онгоц, нисдэг тэрэг, пуужингууд Украины агаарын орон зайд нэвтрэхээс сэргийлнэ” гэж тэр хэлэв. Генералын хэлснээр, Украиныг хамгаалах энэхүү систем нэг нийтлэг бүтэц болгон нэгдэж, хиймэл оюун ухаанаар хоорондоо мэдээлэл солилцох юм байна. Харин иймухаалаг систем ОХУ-д байхгүй юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар буурчээ DNN.mn

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 47,744 эх амаржиж, 48,084 хүүхэд төрүүлжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 6,771 (12.4%), төрсөн хүүхэд 6,812 (12.4%)-оор тус тус буурсан үзүүлэлт аж.

ҮСХ-ны Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн ахлах статистикч Д.Баасан “Төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар буурсан. 1,000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс 2.2 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. 1,000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Ховд, Орхон, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.1-3.9 нэгж хувиар дээгүүр, бусад аймагт 0.5-7.7 нэгж хувиар доогуур байна.

Нас баралт оны эхний есөн сарын байдлаар 13,353 болж, өмнөх оны мөн үеэс 541 (3.9%)-ээр буурсан бөгөөд 1,000 хүнд ногдох төрөлт 14, нас баралт 3.9, ердийн цэвэр өсөлт 10.1 байгаа” хэмээв.

Хүн амын ердийн цэвэр өсөлтийг төрөлт, нас баралтын зөрүүгээр тодорхойлдог.

Categories
гадаад мэдээ

“Дарангуйлагчид үхэл” DNN.mn

Улс төрийн хоригдлуудыг хорьдог Ираны Эвин шорондих хэмжээний гал түймэр гарсантухай Засгийн газрын мэдээллийн “IRNA” агентлаг дор хаяж найман хүн түлэгдсэн гэж мэдээлэв. Харин амиа алдсан хүмүүсийн талаар хараахан мэдээлээгүй байна.Тэгвэл энэхүү гал түймрийн дүрс бичлэгийг Ираны сөрөг хүчний нэг бүлэглэл нийтийн сүлжээнд тавьсан бөгөөд уг бичлэгтшоронгийн цогцолбороос хэсэг хугацаанд буун дуу, дуут дохио сонсогдож, хоригдлууд тус улсыг бүхэлд нь хамраад буй эсэргүүцлийн гол лоозонгийн нэг болох Дарангуйлагчид үхэл” гэсэн уриа хашгирч байгаа нь бичигдсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 23 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

COVID-19” ба Улс орнуудын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.10.17 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “Ковид-19” халдварын 23 тохиолдол батлагдсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол

  • Өмнөговь – 12
  • Улаанбаатар – 6
  • Дорноговь – 5

Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай улсад 92 улсын 7000 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна DNN.mn

Манай улсад 2022 оны гуравдугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын долоон мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Энэ нь ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.3 (22.3 хувь) мянган хүнээр, өмнөх улирлаас 0.8 (13.3 хувь) мянган хүнээр өссөн үзүүлэлт аж.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн

  • 6.2 (88.1хувь) мянга нь эрэгтэй,
  • 0.8 (11.9 хувь) мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн

  • 56.5 хувь нь БНХАУ-ын
  • 5.3 хувь нь Энэтхэг Улсын
  • 4.9 хувь нь Вьетнам Улсын
  • 4.5 хувь нь ОХУ-ын
  • 3.8 хувь нь БНСУ-ын,
  • 3.1 хувь нь АНУ-ын
  • 3.1 хувь нь Турк улсын
  • 2.8 хувь нь Австралийн Холбооны улсын,
  • 2.7 хувь нь Филиппин улсын,
  • 2.4 хувь нь Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын
  • 10.9 хувь нь бусад улсын харьяат байна.

Насны бүлгээр харьцуулбал 50-54 (16.9 хувь), 45-49 (16.8 хувь) насныхан хамгийн өндөр, 24 хүртэлх (2.8 хувь) насныхан хамгийн бага хувийг эзэлж буй аж.

Categories
гадаад мэдээ

Оросууд эрчүүдээ их бууны “мах” болгож байна DNN.mn

“ОХУ-ын армийн командлал шинээр дайчлагдсан орос цэргүүд дайнд дор хаяж хэдэн долоо хоног амьд байж чадна гэж найдаж байгаа бөгөөд тэднийг амь үрэгдэнгүүт тэдний орыг шинэ хүмүүс фронтод ирж нөхнө хэмээн тооцоолж байна” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. “Оросын генералууд эрчүүдээ их бууны “мах” болгож байгаа нь манай цэргийнхэнд сэтгэлд нь харамсал төрүүлж нэмэлт дарамт болж байна. Энэ бол бодит дарамт” гэж Зеленский хэлэв. Үүний зэрэгцээ тэрээр Украйны цэргийн албан хаагчдад тэсвэр тэвчээр гарган газар нутгаа чөлөөлж буйд талархал илэрхийлэв. “Ийм нөхцөлд батлан хамгаалахын тусламжаа нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг ойлгож байгаа түншүүддээ би бас талархаж байна” гэж Украины Ерөнхийлөгч нэмж хэлсэн байна.


Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн сард экспорт 22 хувь, импорт 9.6 хувиар буурсан байна DNN.mn

Экспорт несырьевых товаров и услуг за 10 месяцев достиг $19,9 млрд -  новости Kapital.kz

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг 2022 оны эхний есөн сарын байдлаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Монгол Улс 2022 оны эхний есөн сард нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.1 тэрбум америк доллар болжээ. Үүнээс,

  • Экспорт 8.8 тэрбум америк доллар
  • Импорт 6.4 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.6 (31.2%) тэрбум америк доллароор, экспорт 2.4 (36.9%) тэрбум америк доллароор, импорт 1.2 (24%) тэрбум америк доллароор тус тус өсжээ.

Харин энэ оны есдүгээр сард

  • Өмнөх сараас экспорт 285.9 (22.1%) сая америк доллароор
  • Өмнөх сараас импорт 80.4 (9.6%) сая америк доллароор тус тус буурсныг Үндэсний статистикийн хорооны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд хэллээ.