Categories
мэдээ нийгэм

Тэтгэвэрт гарсан албан хаагчдыг төрийн албанд ажиллуулахгүй гэдэг зохицуулалт хууль зүй, дотоод хэргийн салбарт зохихгүй DNN.mn

Police Code Mongolia on the App Store

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр цагдаагийн байгууллагын ажилтнуудтай холбоотой асуудал хөндөгдөв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Тэтгэврийн насанд хүрсэн бол төрийн албанд ажиллахгүй гэдэг дагах хууль орж ирж байна. Үүнийг заавал цагдаа дээр хэрэглэх хэрэг байна уу? Цагдаа дээр үйлчлэхгүй гээд тодотгож болохгүй юу?

Хойд хөрш цэрэг, цагдаа дээрээ тусгай дэглэм барьдаг. Энэ хүмүүсийн сэтгэл зүй маш өөр. Өсвөр настай байхаас нь эхлээд цэрэгжилт, хандлага бэлтгэл нь өөр явагддаг.

Эдгээр хүмүүсийг хэр баргийн алдаан дээр нь дөрөөлж ажлаас гаргадаггүй. Тэд тусгай бэлтгэгдсэн хүмүүс учраас янз бүрийн гэмт бүлэглэлийн гишүүн болоод явчих асуудал бий. Иймээс тэднийг хүчээр төрд ажиллуулж байдаг бодлого бий.

Цар тахлын хоёр жилийн хугацаанд цагдаа нарыг нохойд барьдаг мод болголоо. Тэдний цалин хөлс ямар билээ? Иргэддээ хүчээр тулгаад байна. Замын цагдаа нар маш бага цалингаар ямар хүнд ажил хийж байна вэ? Стресстэй иргэдтэй нүүр тулж байгаа нь замын цагдаа нар. Иргэд ч бас замын цагдаа нарыг хүн гэдгээр нь ойлгож, хүндэтгэлтэй хандмаар байна.

Цагдаагийн дарга нар хар машинд суугаад дотоод станцаараа татуулдгаа болимоор юм. Би өөрөө машинаа барьдаг учраас сайн анзаардаг. Харж байхад цагдаагийн дарга нарын хар машин их татуулдаг. Бухимдал, түгжрэл үүсгэдэг” гэлээ.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүх шинжилгээний алба зэрэг газарт хүний нөөцийн асуудал тулгамдаж байна.

Засгийн газрын гишүүний биш УИХ-ын гишүүний байр сууриар нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй байна. Тэтгэвэрт гарсан албан хаагчдыг цаашид төрийн албанд ажиллуулахгүй гэдэг зохицуулалт хууль зүй, дотоод хэргийн салбарт зохихгүй.

Сонсогч буюу дараагийн боловсон хүчнээ бүрэн бэлдэж чадахгүй байхад, Дотоод хэргийн сургуульд 4-5 жил сургаж, хэрэг мөрдөх чиглэлээр 20 жил ажиллуулаад 42, 43 нас хүрэхээр нь тэтгэвэрт гаргаж байгаа нь харамсалтай.

Тухайн хүнд сонголтыг нь өгмөөр байна. Үргэлжлүүлж ажиллах боломжтой гэвэл 36 сарын тэтгэмжийг өгөхгүйгээр тэтгэвэр тогтоолгоод, тэтгэврийн насны хөдөлмөр эрхлэлт зохицуулалтын хүрээнд 5-10 жил өөрийнх нь хүсэлтээр ажиллуулмаар байна. Ингэвэл манай салбарт 400 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт үүсэж, шинэ хүн сургаж авахаас илүүтэй аль хэдийн мэргэшсэн хүмүүсээ ажиллуулах нь илүү үр дүнтэй” гэв.

Categories
гадаад мэдээ

Москва цэргийн дайчилгааг зогсоов DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт дайчилгаа хоёр хоногийн дараа дуусна гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Москва хотын дарга Сергей Собянин бүс нутгийн удирдагчдаас хамгийн түрүүнд Украины эсрэг дайнд оролцох иргэдийг дайчлах ажиллагаа дууссан болохыг зарлав. Москва хотын даргын зарласан гол мэдээ бол Цэргийн насныханд оршин суугаа газар, ажлын хаягаар нь илгээсэн мэдэгдэл бүгд хүчингүй болсон гэж хэлсэн явдал юм. Собянин өөрийн блогтоо “Дайчилгааны цэгүүд 2022 оны 10-р сарын 17-ны 14:00 цагт хаагдана” гэж бичжээ. Үүнийгээ тэрээр Москва БХЯ-ны дайчлах даалгаврыг “бүрэн гүйцэтгэсэн” гэж тайлбарласан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Батцоож: Гурван охиныг үл таних эмэгтэй хууран мэхэлж авч явахыг завдсан гэх мэдээллийг шалгаж байна DNN.mn

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Батцоожтой ярилцлаа.


-Сүүлийн үед хичээлээ тарсан хүүхдүүдийг танихгүй хүн авч явахыг завдсан гэх хэргүүд гарах боллоо. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу үйлчилгээ үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагад холбон зуучлах чиглэлээр “Хүүхэд хамгаалал” арга хэмжээг улсын хэмжээнд, “Илрүүлэлт” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан. Гэр бүлийн хүчирхийлэл бусад эрсдэлт нөхцөлд байгаа, эцэг эх, асран хамгаалагч нарын хараа хяналт сул 2345 хүүхдийг илрүүлснээс 668 хүүхдийг хяналтад авч ажиллаж байна. Хичээл тарах үед хүүхдүүдийг танихгүй хүн авч явахыг завдсан гэх мэдээллийн хүрээнд нэр дурдагдсан сургуулийн холбогдох албан тушаалтнаас тодруулж, шалгалтын ажиллагаа явуулахад дээрх мэдээлэл батлагдаагүй. Цаашид энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, school po­lice буюу эцэг эхийн эргүүл, “Хүүхэд хамгаалагч” эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдэнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах, цагдаагийн байгууллагын эргүүлийн чиглэлд сургууль, цэцэрлэгийг хамруулан, байнгын хяналт тавин ажиллаж байна.

-Эцэг, эхчүүдийн группээр, сошиал орчинд хэд хэд давтагдсан, анхааруулсан сэрэмжлүүлгүүд зөндөө явж байна. Эцэг эхчүүд энэ дээр тал ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хүүхдийн эрхийн тухай хуульд “хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж заасан. Иймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн эрхийг ханган, асран хамгаалах үүргээ биелүүлж хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулан, бага насны хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь биечлэн хүргэх, “Гараас гарт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль дээр болсон үйл явдлын талаар ярилцаж, тэдний насны онцлогт тохирсон мэдээ, мэдээллийг цаг тухайд нь өгч, ярилцаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд өөрийн болон найзынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангах, хэн нэгэн танихгүй этгээдийн амлалтад итгэж дагаж явахгүй байх, ямар нэгэн эрсдэл учирсан, аюултай байдал бий болвол сургуулийн орчинд сургуулийн нийгмийн ажилтан, ангийн багшид хэлэх, тэднээс тусламж хүсэх, эцэг, эхдээ холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглан хэлэх зэргээр энгийн дадал хэвшлийг бий болгох хэрэгтэй. Давтан хэлэхэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, зөвхөн бага насны хүүхэд биш, таны өсвөр насны хүүхэд хаана, хэнтэй юу хийж яваа, найз нөхдийн хүрээлэл зэрэгт байнгын хяналт тавьж ярилцаж байгаасай гэж хүсч байна.

-Хүүхэд сургуулиас нь авахыг завдсан танихгүй эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан нь үнэн үү. Ямар хэрэгт холбогдолтой этгээд байсан юм бэ?

-Энэ оны аравдугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 12-13 насны гурван охиныг үл таних 20 орчим насны энгийн хувцастай эмэгтэй хууран мэхэлж авч явахыг завдсан гэх мэдээлэл шалгагдаж байгаа. Цагдаагийн байгууллагаас холбогдогчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тэр эмэгтэй тухайн хүүхдүүдийг дээрэмдэх зорилготой байсан юм билээ. Түүнээс хүн хулгайлах гэмт хэрэгтэй холбоогүй.

-Сошиал орчинд хүмүүс охиныг маань танихгүй хүмүүс дагасан байна гэх постууд их явах боллоо. Энэ мэдээллүүдийн дагуу хяналт шалгалт хийж байгаа юу?

-Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн гэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд гарч байгаа, иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэл бүрийг хүлээн авч шалган, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, зөрчлийн хэрэг нээх зэргээр хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж, гомдол мэдээлэл гаргасан иргэнд хариуг бичгээр болон холбоо мэдээллийн хэрэгслээр өгдөг. Сошиал орчинд егарч байгаа дээрх төрлийн мэдээлэл бүрийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага тухай бүр нь шалгасан бөгөөд хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тухайн нөхцөл байдлуудад илрээгүй ээ.

-Эцэг эхчүүд, багш, сургууль хэрхэн энэ тал хамтран ажиллах ёстой вэ?

-Сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 177 дугаар тогтоолын дагуу төр, хувийн хэвшлийн сургуулийн орчинд эцэг эхийн эргүүл буюу “school police” -г ажиллуулдаг. Эцэг эхчүүд, үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө тухайн хичээлийн жилд нэг удаа дөрөв хүртэл цагаар байгууллагаас олгосон цалинтай чөлөөгөө аваад сургуулийн эргүүлээр ажилладаг. Эцэг эхчүүд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх энэ ажилд анхаарч, идэвхтэй оролцох хэрэгтэй. 2018 оноос улсын хэмжээнд хэрэгжсэн “Хүүхэд хамгаалагч” төслийн хүрээнд хүүхдийг сургуулиас гэр, гэрээс сургууль хүрэх замын аюулгүй байдлыг хангах, сургууль орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэх ахмад настнууд өдөрт дөрвөөс доошгүй цагаар эргүүлд ажиллаж байна. Энэ бүгд л эцэг эхчүүд бидний хүүхдээ ямар нэгэн осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд багш, сургуулийн захиргаатай хамтран хэрэгжүүлж байгаа ажил гэдгийг ухамсарлан хариуцлагатай хандах ёстой.

Categories
мэдээ нийгэм

Хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид тив хоорондын шатрын тэмцээнд түрүүлжээ DNN.mn

“FIDE” буюу Олон улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хорих ангийн хүмүүжигчдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохиов.

Тус тэмцээнд АНУ, БНЭУ, ХБНГУ, Норвеги, Австрали, Канад зэрэг дэлхийн 46 орны 85 багийн тамирчид өрсөлдсөн. Харин Монгол Улсаа төлөөлөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй хоёр баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг багийн хүмүүжигчид өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Серби, хүрэл медалийг Англи, Тринидад ба Тобаго улсын тамирчдад тус тус хүртсэн аж. Харин эрэгтэйчүүдийн ангилалд Филиппин түрүүлж, Колумби удаалж, хүрэл медалийг Энэтхэг хүртжээ.

Эргэн сануулахад 2021 онд зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд Монгол Улсын баг тамирчид алтан медаль хүртэж, түүхэн амжилт гаргаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн ордонд маргааш “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болно DNN.mn

Улсын Их Хурлаас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахимаар 2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу маргааш Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Нээлтийн арга хэмжээний дараа иргэдээс ирүүлсэн санал, асуултыг нэгтгэн танилцуулж, “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд иргэдээс санал авч, 10 дугаар сарын 17-ны өдрийн 17.30 цагийн байдлаар 13,994 иргэн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцаж, 964 иргэн саналаа өгсөн байна.

2023 оны төсвийн төслийн онцлог нь эдийн засгаа тогтворжуулах, өрхийн эдийн засгийг бууруулахгүй байх, мөн өнгөрсөн онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдээ ашиглалтад оруулахаар тусгасан. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн дийлэнх хувийг дуусгахаар тооцолсон.

Иргэдийн санал шүүмжлэл, бодит оролцоо, хяналтыг бий болгож, хамтдаа хуулиа санаачилдаг, төсвөө хэлэлцэн баталдаг болохын тулд цахим парламент буюу D-Parliament аппликейшнийг танилцуулаад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Ц.Хулан: Хулан амаа хамхих нь олон болж, өөртөө хааяа зэвүү хүрэх л юм DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ЯРУУ НАЙРАГЧ ЦООДОЛЫН ХУЛАНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн шагналт яруу
найрагч Цоодолын Хулантай ярилцлаа.


-Соёлын
гавьяат зүтгэл­тэн цол хүртсэнд тань баяр хүргэе. Юуны өмнө театрын ертөнц, тэр
тусмаа хамгийн нарийн төвөгтэй урлаг болох Хүүхэлдэйн театрыг удирдах болсон тэр
мөчөөс яриагаа эхэлье дээ. Та одоо энд байгаадаа сэтгэл хангалуун байдаг уу?

– Намайг театрт ирэхэд утга зохиолын хүн, мэргэжлийн бус хүн ирлээ
гэж сөргөж хүлээж авч байсан тал бий. Тэр ч байтугай “Мэргэжлийн урлаг мөхлийн ирмэг
дээр” гэж зарим нэг хэвлэл ярьж бичиж байсныг хүмүүс санаж байгаа байх аа. Хүүхэлдэйн
театр үнэхээр хүнд нөхцөлд байсан үе. Гэсэн ч дан төрөөс хараат байлгүй олон сая
төг­рөгийн хөрөнгө оруулалтыг найз нөхдийнхөө дэмжлэгээр хамт олныхоо хүчээр хийсэн.
Японы Засгийн газрын дэмж­лэгээр тайзныхаа гэрэл, дуу­ны шинэ технологийг иж бүрэн
шинэчилсэн. Урын сангийн хувьд ч өсгөж өндийлгөж, шинэ шинэ жүжгүүд тавилаа. Өнөөдөр
манай тайзан дээр дэлхийн хүүхэлдэйн театруудад тоглогдож байгаа жүжгүүд тоглогдож
байна. Хүүхэд бол ямар ч баггүйгээр, өчүүхэн ч хуурмаггүйгээр сэтгэлээ шууд илэрхийлдэг
учраас манай театрын үзэг­чид хамгийн шударга үзэгчид байдаг. Бид өнөөдөр нийгмийн
өв тэгш хүн, улс орны өв тэгш ирээдүйг төлөвшүүлье гэж байгаа бол суурь нь театр
урлаг, театрын соёл юм. Үүнд манай театр үүргээ биелүүлж сүүлийн хэдэн жил тасралтгүй
төсвийн орлогыг биелүүлээд зогсохгүй олон сая төгрөгөөр давуу­лан биелүүлж байгаагаас
харахад Монголын ирээдүйн үзэгчдэд театр ямар их эрэлт хэрэгцээтэй байгаа нь харагдаж
байгаа байх.

-Өнөөдөр
аль ч театрын уран сайхны зөвлөлд нэг ч зохиолч алга. Зохиолчдын болон утга зохиолын
байр суурь тэгтлээ бүдгэрчихсэн юм уу. Бөмбөгөр ногоон, Дуурийн театр гэхчилэн театруудын
үндэс суурийг нь тавьж, уран бүтээлийн бодлогыг чиглүүлж байсан зохиолчид Э.Оюун
гуайгаас эхлээд цөөнгүй?

-Утга зохиолын байр суурь харамсалтай нь бүдгэрсэн байж болзошгүй.
Юунаас болж тэр вэ. Утга зохиолын үнэлэмжийг түүнийг бичдэг хүмүүс өөрсдөө тогтоохыг
оролдсоноос. Сонгодог утга зохио­лоо дорд үзсэнээс мон­гол л биш бол бусад нь яахав
гэж гадаадыг хэт даган дуурайж, өөрсдийгөө гээснээс энэ бүхэн болсон байж магадгүй
юм. Гэвч би шүүмжлэгч биш. Уг нь бол аль ч театрт утга зохиолын ажилтан байх ёстой.
Энэ нь зүгээр нэг шүлэг бичээд явдаг, ганц нэг хүүрнэл зохиол бичсэн, жүжиг бичсэн
хүн биш, харин нийгмийн сэтгэлгээг танин барьсан, ард түмэнд энэ үед ямар үг хэлэх
вэ гэдгээ ухаарч чаддаг тийм утга зохиолын ажилтан хараахан төлөвшөөгүй байна.

-Манайхан
биднийг орчуу­лах орчуулагчгүйгээс дэлхийд гарч чадахгүй байна гэцгээдэг. Энэ талаар
та юу хэлэх вэ?

-Дэлхийн сонгодогт Монго­лын утга зохиолыг орчуулахын тулд бид нар
хуучцуулаа уншдаг, дэргэдэх хүнээ хүлээн зөвшөөрдөг тэнхээтэй байх ёстой. Бие биенээ
эрхэмлэхээ больчихсон өнөөдрийн энэ нийгэмд хамгийн чухал нь монгол хүн монгол хүнээ
нээх ёстой. Эх хэлнээсээ гадаад хэл рүү орчуулах ажил үндсэндээ алга. Тэр бүү хэл
гадаадын уран зохиолын орчуул­гыг оршуулга болгож байгааг ч бид нар харж байна.
Эх хэлтэй нь тулгаж үзээд энэ чинь болохгүй байна гэх боловсролтой ч тэр үнэнийг
хэлэх хүн цөөрөө юү? Шударга шүүмжийг шүүм­жилсэн хүнийх нь эсрэг, атаа жөтөө болгож
хувиргаж хардаг учраас өнөөдөр үнэн бодит хэмжүүр, уншигчдын хяналт гэдэг юм энэ
утга зохиолд ч, орчуулгад ч алга. Утга зохиол бол үйлдвэрлэл биш. Талхыг хүн голохгүйгээр
өдөр тутам идэж болно л байх, өлссөн бол. Харин утга зохиолыг бол үгүй.

-Анна
Ахматовагийн орчуул­га тань гарсан даруй­даа орос хэлтнүүдийн дунд төдийгүй уран
зохиолынхны хүрээнд нэлээн шуугиан тарьж байсан санагдана. Та өөрөө шүтдэг учраас
уу, яагаад зөвхөн Ахматоваг орчуулав?

-Би долдугаар ангидаа Ахматоваг
анх уншсан юм. Түүний “Цэнхэр үдэш” номыг орчуулахдаа шүлгүүдийг орос эх хэлтэй
нь зэрэгцүүлэн жишиж хэвлэсэн байгаа. Амьхандаа орчуулгыг ингэж хийдэг юм аа гэж
харуулахын тулд эхтэй нь хэвлэсэн гэх үү дээ. Ахматова бол миний шүтээн биш. Амьдрал
нь харин давтагдашгүй баатарлаг. Тэр зов­лонг туулсан шиг туулахдаа Сталины өөдөөс
хүртэл үгээ хэлж чаддаг сэхээтэн байлаа. Мөн тэрбээр сонгодог уламжлалаа хадгалахыг
хүсч, орос эх хэлнийхээ яруу сонгодог хэл найруулгаас хэзээ ч татгалзаагүй юм. Цаашид
би жаахан тогтноод ирэхээрээ дэлхийн нэрт найрагчдаас орчуулах бодол бий. Одоохондоо амжихгүй л байна. Орчуулга гэдэг бол
өөрийнхөө амьдралаас холдож тэр хүнийхээ амьд­рал руу шунан орж байж хийх ёстой
болдог. Тийм учраас би өнөөхөндөө хэн нэгний амьдралаар биш Хулангийнхаа амьдралаар
амьдрахыг хүссэн.

-Яруу
найрагчийн ертөн­цийг үзэх үзэл сүүлийн үеийн яруу найрагт ихэд үгүйлэгдэх болж.
Үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Би ертөнцийн төв гэж бодож өөрийгөө тунхаглах бол залуу яруу найрагч
болгонд байдаг. Харин энэ нь дэндээд ирвэл бэртэгчнээс ялгаа юу байна. Зөвхөн өөрийнхөө
сэрэл мэдрэлийг чагнаж, ухаандаа өвс ургах, шувуу жиргэхийг мэдэрдгээ бичдэг атлаа
хүний зовлон гунигаас хол, ертөнцийн аж амьдралаас хол өөрийгөө болоод уран бүтээлээ
тусгаарлах нь яруу найрагчийг үзэл санаагүй, тэмцэх юмгүй, хулчгар нэгэн болгодог.
Орчин үеийн Мон­голын яруу найргаас ийм хандлага алгуурхан салж холдож байгаа нь
сайшаалтай.

-Танд
дайсан ч, нөхөд ч олон. Дэндүү омголон, юм юманд байр сууриа чангахан илэрхийлдгээсээ
болоод яруу найрагчийнхаа хувьд өөрийгөө “алаад” байдаг юм шиг ээ?

-Тийм. Энэ үнэн. Би бол академик яруу найраг, сонгодог яруу найраг
бичнэ гээд торгон дээл өмсч, мэдрэмж сэтгэгдлээ бичээд явсангүй. Нэг л мэдэхэд он
жилүүд өнгөрсөн байна. Хүний ертөнцөөс, ахуйгаас ангижирсан шүлэг бичээд явж болно.
Тийм шүлгүүд ч надад зөндөө л байдаг. Гэхдээ энэ бол бүрэн дүүрэн Хулан биш. Францын
дуучин Эдит Пиафын уянгалсан цурхиралт, Назым Хикметийн мэргэн цэц, Нууц товчооны
эгэл үг хэллэг, тэр бүү хэл Мексикийн зураач Фрийда Калогийн шаналангаар түрхэж
будсан хөрөг шиг…миний дотоод ертөнц зөвхөн дотогшоо биш гадагшаа урсан гарахдаа
цаг үеийнхээ сайн сайхныг алдаршуулж, муу муухайг үзэн ядсан тэр бүхнээр дүүрсэн
байдаг. Хэн нэгэн намайг хуучин сон­годог уламжлалаар бичдэг хоцрогдсон найрагч
гэж ялла­даг байг хамаагүй би монгол үг хэлээрээ бичиж туурвиж уйлж дуулж явахдаа
эх хэлээ хэзээ ч голж үзээгүй. Түүн шигээ амьдарч яваа цаг үе, адгийн улс төрөөс
ч үгээ, нүүрээ нуугаагүй. Сайн утга зохиолыг бүтээсэн ард түмэнд сайн төр байх ёстой.

-Хүмүүс
өөрийнхөө үнэнийг сонсох дургүй бай­даг. Нийгэмд хэрэгтэй үед хүчтэйхэн мессеж өгчихөөр
энэ нь эргээд танд дарамт болдог тал бий юу?

-Одоо Хулан амаа хамхих нь олон олон болж. Өөртөө хааяа зэвүү хүрэх
л юм. Нийгэм нэг үеэ бодвол арай жаахан цэгцрээд, сайн муу нь хоёр талдаа ялгараад
ирлээ. Яруу найраг хэрвээ цаг үеийнхээ уриа дуудлага байж чаддаггүй юм гэхэд “Хаан
та нүцгэн байна” гэж орилж чадсан жаал хүү байх ёстой. Энэ үүргээсээ яруу найрагч
зуг­таагаад хулчийгаад, хэрээ шиг ганцаархнаа дуугараад байвал тэнэг болж харагддаг.
Би олон жил тэнэг харагдсанаа мэдэж байна. Өнөөдөр ч тэнэг харагдаж байж мэдэх юм.
Бидний хүссэн ардчиллаас өнөөдөр бид юуг олж харж байна вэ. Хоёр том намын өрсөлдөөн
нь өшөө авалт, нийгэмд айдас тарьчихсан юм биш биз. “Хатгасан өргөсийг нь тасдаж
хаяхдаа хажуугийн нь өвсийг бүү зулгаа” гэж миний аав хэлмэгдүүллийн тухай нэгэн
шүлгэндээ бичсэн байдаг даа. Төрийн үнэт чанар бол төрийн эрдэмт түшмэлүүд байх
ёстой. Яваандаа чөлөөт гишүүнчлэлтэй намууд эс бөгөөс Ерөнхийлөгчийн засаглалтай
улс орон болбол яасан юм бэ гэдэг хандлага нийгэмд зонхилж байх шиг санагддаг боллоо.

-Их
зохиолч Д.Нацаг­доржийн музейн асуудлыг заавал
зохиолдчын их хурал, удирдлагаа сонгох үеэр сөхөж тавих шаардлага хэр байсан бэ.
Зарим талаар хүмүүст сөрөг мэдрэмж төрүүлсэн байх аа?

-Нацагдоржийн музей ор тас алга болсныг би бусдын л адил тэр хурал
мурлаас нь хэзээ хойно л мэдсэн шүү дээ. Эрдэмжсэн, уран бүтээлийн чөлөөт өрсөлдөөнтэй,
цаг үеэ мэдэрдэг, дуугарч чаддаг гишүүдтэй МЗЭ-г босголцохыг л би хүссэн юм. Өөр
амбиц надад байгаагүй, би тэгж явдаг хүн бишийг бүгд мэднэ. Харин ганцхан юманд
сэтгэл өвдсөн. Очиж очиж ширээ сандал, тамга тэмдгийн төлөө­нөө анд нөхөд гэж өдөр
шөнөгүй сүлбэлдэж, аатай магтаал, хайрын үгсээр нэгнээ булж явснаа гэнэтхэн хэлсэн
ярьснаасаа огт ондоогоор хурлын найруул­гаа дэглэж, Хуланг ганцаардуулахыг хичээсэнд
л би жаахан дургүй хүрсэн. Одоо бол тоох ч юм алга. Тэд маань гэхдээ ичиж байгаа
гэдэгт эргэлзэхгүй байна, эрхэтгүй яруу найрагчид шүү дээ. Анд нөхдийн олноор шүлгийг
бичдэггүй, харин ганцаардлаар шүлэг бичигддэг хуультай юм болов уу. Тэгэхээр би
олон жилийн ганцаардлаа үргэлжлүүлэх л болох нь дээ(инээв).

-Та
олон жил ганцаардлаа гэж сая хэллээ. Яагаад вэ?

-Моцарт Сальеригийн зарчим гэж байдаг юм. Энэ бол нэг салбарт байгаа
хоёр хүчтэй хүний мөнхийн өрсөлдөөн. Ийм юм харамсалтай нь манай Монголын нийгэмд,
салбар салбарт хэтэрхий их атаа жөтөө дагуулсаар амь бөхтэй байна. Хоёр Мөнх, тэдний
үр хүүхдүүд, хоёр нам тэдний даган баясагчид гэх мэт олон доо олон. Гэхдээ Моцарт
агуу их зохиолчоороо, Сальери гүйцэтгэгчээрээ л үлдсэн шүү дээ. Нэртэй хүнээ хорлож,
авьяасгүй нэг нь амьдрал залгадаг мөнхийн хууль байнаа байна. Нөгөөтэйгүүр, хээгүй
гүндүүгүй царайлсан хэрнээ даанчиг торгон мэдрэмжтэй энэ уншигч ард түмэн хэнийг
хайрлахаа, ганцаардуулахгүй байхаа олоод харчихдаг нь аз завшаан. Би болоод миний
лугаа адил олон найрагч нөхөд минь тэр ганцаардлын тойргоос гэтлэх болтугай.

-“Хулангийн
үдэш”-ээ та тавдугаар сарын эхээр хийнэ гэж байсан. Сценари өмнөхөөс өөрчлөгдөх
үү?

-Энэ удаа би өргөн олон уншигчдадаа баярлалаа гэж “Хулангийн үдэш”-ээ
хийнэ. Мэдээж Хулан бол байгаагаараа байна. Тэр үдэш яг ямар байхаа хэлж мэдэхгүй
байна. “Хулангийн үдэш”-ийг анх санаачлахдаа би алдарших гэж огт хийгээгүй. Тэртэй
тэргүй би алдартай хүн. Миний алдаа оноо, инээд нулимс бүхэн ил, гэм нь гадагшилсан
хүн гэх үү дээ. (инээв.) Тийм болохоор “Хулангийн үдэш”-ийг зорин ирсэн тэр хүмүүс
надаар дамжуулж нийгэмд үгээ хэлдэг тэр мөн чанарыг би алдахгүйг хичээж байна. Хамгийн
анх­ны Хулангийн үдэшт тэр үед улсад бүртгэлтэй улс төрийн 16 намын лидерүүд, төлөөллүүд
ирж байсныг эргэн санахад маш сайхан байна. Яруу найраг бол их ухаарал, их эвлэрэл
юм гэдгийг “Хулангийн үдэш”-ээс хүмүүс мэдрээсэй гэж би хүсч байна.

-Та
хэвлэл мэдээлэлд ч ажиллаж байв. Нийгэм улс төр, уран зохиол, театр урлаг гээд маш
өргөн хүрээнд амьдарч, мартсаныг сануулж хэлсэн үг тань үг болж сонсдож, үнэндээ
их баялаг өргөн дэлгэр амьдарч байх юм. Өөрөө энэ бүхнээ хэрхэн үнэлдэг вэ?

-Энэ бүхнийг минь дагаж өнөөдөр надад Соёлын гавьяат зүтгэлтэн гэх
өргөн энтэй цол ирсэн болов уу. Соёл гэдэг бол зөвхөн утга зохиол биш. Зарим хүмүүс
Хулан харин ч оройтож авлаа гэж байна. Юм аяндаа болдог. Зовж олсон юм бүхэн үнэтэй.
Намайг шагнал авахад баярлаж байгаа олон хүмүүсийг харах үнэхээр сайхан байна. Монголын
нэрт эстрадын дуучин “Харанга”-ын Лхагва ах, Монголын нэрт түүхч Лхагва гуай, Цэцэр­лэг
эгч, Төмөрхуяг ах…нэг сарын өмнө Лхагва гуай ярилцлагадаа “Надад одон тэмдэг өгөөч
гэж би төрөөс гуйж бичиг цаас бариад явахгүй” гэж хэлж байсан бол өнөөдөр чухам
тэгэхгүйгээр төр нь өгөх ёстой зүйлээ өглөө. Тэгэхээр эндээс харахад ч гэсэн авах
л ёстой улс авсан байна, энд би ч хавчуулагдсандаа баяртай байна.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

Өсвөрийн шатарчид ААШТ-ээс мөнгөн цом хүртэв DNN.mn

Шатрын өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Индонез улсын Бали аралд үргэлжилж байна. Тус тэмцээнд Монголын баг тамирчид оролцож байгаа бөгөөд

Categories
гадаад мэдээ

Амбан захирагчдаа талархал илэрхийлнэ DNN.mn

Дайчилгаанд татагдсан орос цэргийн албан хаагчдыг хэрэгцээт хувцас хэрэгслээр хангахгүй байгааг нотлох баримтаар Оросын олон нийтийн сүлжээ дүүрэв. Дайчлагдсан орос цэргүүдийн эхнэр, ээжүүд тэднийг өөрсдийн зардлаар хувцаслаж эхлээд байгаа аж. . Гэхдээ цэргийн дүрэмт хувцас олно гэдэг мөнгөтэй байсан ч тийм амар зүйл биш гэнэ. “Нөхөр маань цэргийн алба хаасан гэж дайчилгаанд татагдсан. Бид түүнийг бүрэн хувцасласан ч шаардлагатай бүх зүйлээр нь хангаж чадсангүй. Ийм олон хүн байгаа. Бидэн шиг боломжтой хүн цөөн байна. Гэхдээ биднийг хамгаалахаар явж буй эдгээр залуусыг “нүцгэн” орхимооргүй байна” гэж Анапа хотын оршин суугч Екатерина“ВКонтакте” хуудсандаа бичжээ. Мөн “Воронеж мужийн захирагч Александр Гусев бидэн дээр ирээд биднийг юугаар хангаж байгааг асуухыг ч зориглосонгүй. Бидний хувцас хэрэслийг хамаатан, садангууд маань худалдан авч өгсөн. Бид амбан захирагчид”Луйврынхнь төлөө”түүнд талархал илэрхийлж Воронежийг украинчуудад хүлээлгэн өгнө” гэж Воронеж мужаас дайчлагдсан цэргүүд видео бичлэг хийн нийтийн сүлжээнд тавьсан байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол ирсэн DNN.mn

Авлигал – updown.mn
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 352 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 225 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 127 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 57 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Categories
гадаад мэдээ

Иранд эсэргүүцлийн жагсаал эхлээд сарын нүүр үзэв DNN.mn

Энэ сарын 16-нд 22 настай курд охин Махса Амини нас барснаас хойш нэг сар болов. Тэрээр 9-р сарын 13-нд Тегеран хотод хижабыг буруу зүүсэн хэргээр ёс суртахууны цагдаад саатуулагдан тэндээсээ эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд удалгүй нас барсан. Амиа алдсаны шалтгаан нь баривчлагдах үедээ зодуулснаас болсон гэж ойр дотныхон нь хэлж байсан. Махса Аминигийн үхэл Иранд олон зуун мянган хүнийг гудамжинд гаргасан томоохон эсэргүүцлийн жагсаал болсон юм.

Есдүгээр сарын 16-нд охины төрсөн нутаг Секкезе болон Ираны Курдистаны засаг захиргааны төв Сенендеж хотод болсон оршуулгын ёслолын үеэр анхны эсэргүүцлийн жагсаал болж, дараа нь бүх улс даяар тархжээ. Одоо 100 орчим хотод зохион байгуулагдаж байна. Жагсагчид эхлээд Аминигийн үхэлд буруутай этгээдүүдийг шалгаж, шийтгэхийг шаардаж байсан ч аажмаар нийгэм-улс төрийн уриа лоозон болон хувирч эхэлсэн билээ.