Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсад 100 мянган хүн тутмын 21 нь зам тээврийн ослоор нас барж байна DNN.mn

Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100,000 хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна. Гэтэл Монгол Улсад энэ тоо 21 буюу бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн нас баралтаар дээгүүр бичигдэж байгааг Үндэсний Статистикийн Хороо танилцуулав.

2022 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 10,129 осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1,382 нэгж буюу 15.8 хувиар өссөн дүн юм.

Нийт ослын 8,796 буюу 86.8 хувь нь нийслэлд, 1,333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн бүртгэгдсэн ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1,087 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтсэн байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад амиа алдсан хүний тоо 69 нэгж буюу 78.4 хувиар, гэмтсэн хүний тоо 125 нэгж буюу 43 хувиар тус тус өсжээ.

Үүнээс хүүхэд өртсөн зам тээврийн 123 ослын улмаас 23 хүүхэд амь насаа алдаж, 127 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоон үзүүлэлт гарав.

Монголд зам тээврийн осол нь нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Осолд холбогдсон Ч.Маралмаа, Г .Батсүх нар хэн байв DNN.mn

Осол үйлдсэн хэмээх Ч.Маралмаа 1993 онд Дархан-Уул аймагт төрсөн. Нэгэн хувийн эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж байгаа. Ял шийтгэлгүй. Нэг удаа цагдаагийн байгууллагад хуурамч дуудлага өгсөн гэдгээр шалгагдаж торгуульж байсан. Жолооны үнэмлэхгүй бөгөөд жолооч биш аж. Тэгвэл түүний ажилладаг гэх Сан медикал центр хэмээх эмнэлэг нь Хан-Уул дүүрэг VIII хорооны нутаг дэвсгэрт орших Оргил худалдааны төв Enkanto-д байрладаг. Тус эмнэлэг рүү холбогдож эмч Ч.Маралмаагийн талаар тодруулахад маркетингийн ажилтан “Манай эмнэлгээс аль дөрвөн сарын өмнө гарчихсан. Бид мэдэхгүй” гэх хариултыг өгсөн юм. ЦЕГ-ын мэдээллээр иргэн Ч.Маралмаа нь цагдаагийнхан болон цэргийнхний гэр бүлтэй хамааралтай бус ажээ. Тухайн иргэний талаар шүдний эмч гэх боловч мэргэжлийн шалгалтдаа тэнцээгүй, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй байж эмч хийж байсан гэх мэдээлэл ч байна.

Харин түүнтэй нэр холбогдоод буй Гончигийн Батсүх нь 36 настай. Согтуугаар удаа дараа жолоо барьж, жолоочийн эрхээ хасуулсан. Таван толгой, Хөгжлийн банкинд ажиллаж байсан, гурван хүүхэдтэй, гэр бүлтэй залуу гэх. Г.Батсүх нь 2017-2018 онд Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалт, бодлого зохицуулалтын хэлтсийн захирлаар ажиллаж байсан. мөн “Эрдэнэс Mаван толгой” ХК, “Монгол шуудан банк”, Үндэсний аудитын газарт ажиллаж байжээ. Тэрбээр өдгөө хүнсний худалдаа, барьцаалдан зээлдүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Номт Би Би Эйч” ХХК-ийн захирлаар ажилладаг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин суудаг ажээ.

Тэгвэл 7220 УБХ дугаартай машин хэнийх вэ?

Энэ талаар иргэн Ц.Мөнхбаатар цахим хуудсандаа нийтлэхдээ “Хүүхэд дайрсан цагаан Ланд-200-гийн эзэмшигч 31 удаагийн үйлдлээр 905 мянган төгрөгийн зөрчил гаргасан ч торгуулиа төлдөггүй,хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх зөрчлийг байнга шахуу гаргадаг “хүнд гар” байна” хэмээн бичжээ. Харин уг машины мэдээллийг өчигдөр torguu­li.mn-ээс шүүж үзэхэд бүх торгуулиа төлсөн. Хамгийн сүүлд 70000 төгрөгийг аравдугаар сарын 7-ны өдөр төлсөн тухай мэдээлэл гарч ирсэн юм. 7220 УБХ дугаартай машины жинхэнэ эзэмшигч нь Чингэлтэй дүүргийн XII хороо, Дэнжийн 1000 захын махны худалдаа, авто засварын газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Номт Монгол” ХХК-ийн захирал Г.Хадхүүгийн эзэмшлийнх ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Он гарснаас хойш аюулт үзэгдэл, ослоос 2377 иргэнийг аварчээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын улмаас 6 хүн нас баржээ –  updown.mn

Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням танилцуулав.

Гал түймэр, аврах ажиллагааны нийт дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар өсжээ. Он гарснаас хойш аюулт үзэгдэл, ослоос 2377 иргэний амь аварч, 78.5 тэрбум төгрөгийг авран хамгаалсан байна. Нийт дуудлагыг өмнөх гурван жилийн дундажтай харьцуулахад, 14.4 хувиар буурсан гэнэ.

Он гарснаас хойш үерийн 120 гаруй дуудлагад ажиллаж, 150 иргэнийг аварчээ. Сүүлийн 12 жил гол усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүлийг зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд усны ослын 42 дуудлага бүртгэгдэж, 80 иргэнийг аварчээ. Мөн нөлөөллийн ажил хийсний үр дүнд, тухайлбал, усанд осолдсон иргэдийн тоо 3.5, дуудлага 17.7 хувиар буурчээ. Өнгөрсөн хавар хуурайшилт их байсан ч холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч, ногоон бүсэд эргүүл зохион байгуулснаар томоохон ой, хээрийн түймэр гараагүй байна.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар хот стандарттай байх боломж бүрдэж, Хотын 38 стандартыг баталсан. Тухайлбал, Хот байгуулалт, төлөвлөлтийн нэг, Ногоон байгууламжийн тав, “Иж бүрэн гудамж” гурав, Нийгмийн дэд бүтцийн дөрөв, Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны гурав, Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө 10, Зорчигч тээврийн үйлчилгээний тав, Хог хаягдлын менежментийн тав, гэрэлтүүлгийн хоёр стандартыг баталсан юм. Энэ хүрээнд 25 арга хэмжээ бүхий Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тэгвэл дээрх захирамжийн хэрэгжилт 87 хувьтай байгааг Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа. Мөн хоёр дахь бүлгийн 29 стандартын Ажлын хэсэг байгуулагджээ.

Categories
мэдээ цаг-үе

“Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн хөтөлбөр DNN.mn

Төсөв-2023” Олон нийтийн хэлэлцүүлэг

УИХ-аас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахимаар өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс ирүүлсэн санал, асуултыг нэгтгэн танилцуулж, “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжлэнэ.

Тус хэлэлцүүлгийн хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Нүүрс хотойтол ачсан галт тэрэг Хятадын нутагт цутгасаар л байгаа биз дээ DNN.mn

МАН 2016 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй төр барьж байна. Энэ намын ажиллаж буй тактикийг харахад пи ар талаа илүүтэй хөгжүүлж, өөрсдийгөө сурталчлахдаа ихээхэн хөрөнгө мөнгө хаяж, харин бодит амьдрал дээр босгосон, бүтээсэн нь маруухан байгаа нь олны нүднээ хэдийнэ ил болсон. Алслагдсан суманд нэг худаг нээгдэхэд хүртэл тууз хайчилж, түүнийгээ улс даяар шууд дамжуулж сурталдана. Нэг км замын нээлт болоход хотоос дарга нар онгоцоор очоод улаан хивсэн дээр заларчихдаг. Улс эх орны ирээдүйд түлхэц өгөхүйц хэмжээний сүртэй бүтээн байгуулалт энд тэнд, хаа сайгүй өрнөж байгаа гэх утга агуулга тээсэн мэдээллээр өдөр шөнөгүй “бөмбөгдөнө”. Тийм ийм бүтээн байгуулалт эхэлж байна гэж мэдээлнэ. Удахгүй ашиглалтад орно гэж худал хэлнэ. Нэг харахад л ногоон цайг хадганд ороогоод оршуулж байх юм. Нэг харахад цагаан бээлий өмссөн дарга нар инээмсэглээд л улаан тууз хайчилж зогсох юм. Ийм дүр зурагтай бид байнга тааралддаг болсон. Уг нь ямар нэг том бүтээн байгуулалт, үйлдвэрийн нээлт болсон бол маргаашнаас нь орон нутаг, дүүрэг, ард түмний амьдрал ахуйд шууд эерэг нөлөө үзүүлж, эдийн засагт зүтгүүр болж эхэлдэг. Гэтэл МАН-ынхан ногоон цай оршуулахаас хэтрэхгүй юм. Тэр нь ядаж байхад хүн оршуулж, хөдөөлүүлж байгаатай төстэй зан үйл харагддагийг ч хэлэх үү.

Өнгөрсөн хавар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт гэж баахан хөөрцгөөв. Ханги боомт хүртэл 226 км үргэлжилж, БНХАУ-ын Мандал боомттой холбогддог уг зам нээгдсэнээр төмөр замын өсөн нэмэгдэж буй ачаа эргэлтийн 50 хувь нь нэвтрэх боломжтой, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөг тонн тутамд 4-8 доллараар буурна, хамгийн чухал нь Монгол Улс экспортын шинэ гарцтай боллоо гэж түг түмэн сувгаар мэдээлсэн.

Саяхан даа, есдүгээр сард Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам буюу Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замын нээлт болов. Энэ зам нээгдсэнээр Монголын эдийн засгийн тусгаар тогтнолыг бататган гэрэлтүүлж, Монгол Улсын хөгжилд шинэ гарц, олон талт үр ашгийг авчрах нь гарцаагүй юм гэж дарга нар магтаж, нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэнэ, ирээдүйд энэ замаар дамжин импортын бараа, бүтээн байгуулалтын тээвэр эхэлнэ гэж сайхан үгс хэлдгээрээ хэлсэн. Жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай гэх энэ замын нээлт наадмын дайтай юм болж өнгөрсөн билээ. Сайд дарга нараас эхлүүлээд Ерөнхийлөгч нь хүртэл очиж “Таван толгой -Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас. Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний зүтгүүр хөгжил дэвшлийн төлөө зүтгэж эхэллээ” гэж нээж үг хэлэв дээ. Сайд, миссүүд хөлхөлдөж, хөгжимтэй, бүжигтэй цэнгэлдэж, их буугаа нижигнүүлж ёслол хийхийн л наагуур нижгэр юм болсныг та бид харсан. Одоо тэгээд эдгээр төмөр замуудаар нүүрс ачиж байгаа юу. Нээлтийн үеэр хөөрөн догдлон ярьж байсан шиг хар алт ачсан галт тэрэг өдөр шөнөгүй Хятад руу цуваад л, хотойтол нүүрс ачсан гал тэргүүд хятадуудыг нүүрсээр цутгаад л байгаа юм биз. Тийм үү?

2017 онд одоогийн Ерөнхийлөгч маань “Цэвэрлэх байгууламжийг Х.Баделхан сайд толгойгоороо хариуцна” гэж мэдэгдэж байсныг санаж байгаа байх. 2019 оны хавар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж барих” төслийн шав тавих ёслолын нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баделхан ч “Шинэ төв цэвэрлэх байгууламжийг 2020 он гэхэд барьж дуусгана. Энэ ажлыг нэр төртэй хэрэгжүүлнэ” гэж ярьсан нь одоо ч бичлэг хэвээр хадгалагдан үлдсэн байна. Эдгээр мэдэгдлийн дагуу шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орчихсон уу? Толгойгоороо хариуцсан Х.Баделхан сайд нээрэн юу болсон бэ, байгууламжийг ашиглалтад оруулчихаад явчихсан уу, эсвэл хар толгойгоо аваад буучихсан уу.

Энэ мэт шавыг нь тавиад сураг алдарсан МАН-ын “бүтээн байгуулалт” олон.

Нью-Йорк, Москва, Лондон зэрэг дэлхийн олон хотод ашигладаг, “Cable car” буюу дүүжин тээвэр нь Монгол орны цаг уурт тохиромжтой бөгөөд -50, +50 хэмд ажилладаг бөгөөд агаарын зам нь 100 хувь цахилгаан. Тиймээс дүүжин тээврийг Улаанбаатар хотод байгуулснаар түгжрэлээс эхлүүлээд олон бэрхшээлийг шийднэ гэж эрх баригчид ярьцгааж, улаан өнгийн нэгэн бүхээгийг үзүүлэн болгож нийтэд харуулж “Удахгүй та нар үүгээр зорчино” гэсэн. Гэтэл юун дүүжингээр толгой дээгүүр зорчих вэ, Дүүжин тээврийн захиргааг татан буулгаад энэ ажил сураг алдарсан. Бас Сүхбаатарын талбайн урд хэсэгт байгуулсан усан оргилуур бол МАН-ын “бүтээн байгуулалт”-ын хамгийн “сонин” нь. Усыг нь зөөдөг. Оргилохоосоо хуурай байх нь олонтаа өндөр өртгөөр боссон ийм бүтээн байгуулалт бол бас л сураг тасарсан бүтээн байгуулалт мөнөөс мөн. Ашиглалтад өгсөн нэртэй ч огт ашигладаггүй, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд жилийн ихэнх хугацаанд хөлдүү байдаг байгууламж.

Монголын хэвлэл мэдээллийг харж, цахим ертөнц дэх эрээвэр хураавар юмнуудыг шүүн үзвэл “Энэ улс үнэхээр хөгжиж байгаа юм байна. Шав тавиад л алга ташдаг, тууз хайчлаад л ашиглалтад оруулдаг, энд тэндгүй бүтээн байгуулалт өрнөдөг лут орон юм даа” гэж андуурмаар. Үнэхээр ч тэгж харагддаг. Бараг бүх мэдээллийн хэрэгслээр ийм тийм үйлдвэр нээгдлээ, тийм ийм юм шинээр нэвтэрлээ гэдэг мэдээ бол байнга, өдөр шөнөгүй л явж байна. 2019 онд ашиглалтад орох ёстой байсан Олимпийн гүүр яасан их дуншив. Энэ гүүрний шав тавих ёслол ямар сүртэй болж байлаа. Тэр их сүрээр эхэлсэн ажил элдэв саад бэрхшээл тоочсоор өнөөдрийг хүргээд байна. Энэ мэт замхарсан “бүтээн байгуулалт” олон бий.

Шавыг нь тавьсан шигээ дуусгаж чаддаг бол тэр хэрээр улс, хотын хөгжил түргэсч, ард түмний аяганд орох боорцогны тоо нэмэгдэх учиртай. Эсвэл нэмэгдэж байгаа юу. Сонгууль дөхлөө. Он гараад эрх баригчид, УИХ-ын гишүүд гэнэт л ард түмнээс сонгогдсон гэдгээ ухаарч, хөдөөгүүр давхилдаж, тойргоо услах байтугай цутгаад эхэлнэ. Бас дарга нар цагаан бээлийгээ өмсөөд олон гоё шав тавина, бас тууз хайчилна. Тэр мэдээж. Гэхдээ эцсийн дүндээ сонгогчид хэнд санал өгөх вэ гэдэг торгон агшиндаа тулбал аяган дахь боорцог, хоолны хэмжээ минь нэмэгдсэн бил үү, яалаа гэж эргэцүүлнэ. Тэгж л хэнийг сонгохоо, сонголтоо яаж хийхээ шийднэ дээ. Үүнийгээ эрх баригчид мэдэж байгаа байлгүй.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Засгийн газар хуралдана – updown.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар

  • Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай,
  • Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
  • Газрын тосны бүтээгдэхүүний нөөц тогтоох тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгос иргэнд зодуулсан монгол эмэгтэй Б: Ариун цэврийн өрөө ч оруулахгүй зандраад байхаар нь “Хүнтэй зөв харьцаач” гэж хэлснээс асуудал эхэлсэн DNN.mn

БНСУ-д цагийн ажил хийж байсан монгол эмэгтэйчүүдийн биед солонгос иргэн халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байгаа юм. Уг хэрэг энэ сарын 16-нд болжээ. Өглөө нь кофе шоп цэвэрлэсэн монгол эмэгтэйчүүд өдөр нь үйлдвэр цэвэрлэх ажил хийхээр очжээ. Ажлын дундуур хоолны цаг болж, ажилчид хоолоо идэхээр суух үед уг хэрэг мандсан байна. Хохирогч эмэгтэйчүүд 24 настай Б болон 41 настай Г нар байжээ.

Тухайн өдөр юу болсон талаар 24 настай хохирогч Б “Өглөө кофе шопын цэвэрлэгээний үеэс л эрэгтэй захирал муухай харьцаад эхэлсэн. Байнга чанга орилоод л, “Тэрийг хий”, “тэг ингэ” гээд байнга захиргаадаад байсан. Ариун цэврийн өрөө ч оруулахгүй. Хажууд зогсоод л хянаад яг шоронд байгаа юм шиг байдалтай ажилласан. Ингээд тэр ажлаа дуусаад нэгэн үйлдвэр рүү хоёр монгол эгчтэй хамт явсан юм. Гэтэл үйлдвэрийн үүдэнд очоод буух гэтэл яг шоронгийн хүмүүсийг авчирч байгаа юм шиг “Буугаач, буугаач” гэж маш чанга хашгирсан. Үйлдвэр рүү ороход тэнд нэг солонгос эмэгтэй дарга, таван монгол эгч цэвэрлэгээ хийж байсан. Ажлаа эхлэхэд нөгөө солонгос эзэд бас л орилж хашгичаад л яваад байлаа. Ингээд нэг цаг орчим цэвэрлэгээ хийж байгаад өдрийн хоол ирсэн. Бид газраар уут дэвсэж суугаад хоолоо идэж эхэлтэл солонгос эмэгтэй дарга нь намайг элдвээр муулаад байсан. Надад маш эвгүй санагдсан учраас хоолоо идэхээ болиод бостол улам уурлаад араас “Иймэрхүү юмнуудыг хар” гээд л хараагаад байсан. Тийм муухай нөхцөл байдалтай байхад монгол эгч нар “Чимээгүй байгаарай. Хий гэснийг нь л хий. Нэг өдөр тэсээд илданаа /цалин/ аваад явъя” гээд юу ч ярьж чадахгүй байсан. Би тийм байдлыг тэвчиж чадаагүй. “Хүнтэй хүн шиг харьцаач” гэж дөрөвхөн үг л хэлсэн. Гэтэл эрэгтэй дарга нь барьж байсан модоороо над руу чичээд “Битгий над руу хараад бай. Муухай харахаа боль” гээд чанга хашгирсан. Монгол эгч нар дуугүй л суугаад байсан. Удалгүй нөгөө солонгос эмэгтэй монгол эгч нар руу хоолоо шууд цацчихсан. Урдаас нь хараад сууж байсан монгол эгч (41 настай Г) босч ирээд “Та нар нэгнийгээ загнуулаад байхад яагаад дуугарахгүй байгаа юм. Бүгд ингэж ажиллаж байхаар явцгаая” гээд намайг өмөөрсөн. Хариуд нь нөгөө солонгос эрэгтэй даргаар маш хүнд зодуулсан. Миний төлөө босч ирээд тэр их өвдөлт, дарамтыг үл хайхран зориг гарган хамгаалсан эгчид маш их баярлалаа. Сүүлд сонсоход тэр дарга монгол эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг, зоддог, хэл амаар доромжилдог гээд маш ноцтой үйлдлүүд гаргасаар ирсэн юм билээ. Гэтэл монгол эмэгтэйчүүд “Угаасаа ийм байдаг юм, ганц өдөр тэс” гэдэг. Ингэж хандмааргүй байна. Бид өнөөдөр нүдээ аниад өнгөрвөл маргааш ч аньсаар байна. Ийм хүмүүсийг мэдсээр байж нутаг нэгтнээ битгий аваачиж өгөөч. Харамсалтай нь тэр үйл явдлын дараа ч интернэт дээр зар тавиад л монгол эмэгтэйчүүдээ олноор аваачиж харагдана лээ. Харамсалтай санагдаж байна. Хүний эрх зөрчигдөөд байхад юу ч хэлж чаддаггүй арчаагүй томчуудыг харахад сэтгэл өвдөж байна. Хэрэв тэдний хүүхдэд ийм зүйл тохиолдсон бол яаж туслах байсан бэ гэж асуумаар санагдсан. Би одоо маш их айж байна. Тухайн үед цагдаа дуудсан. Ирсэн. Гэвч иргэнийхээ талд ордог юм билээ. Өргөдөл авахгүй байсан. Арга буюу би хийсэн бичлэгээ үзүүлсэн. Гуйж гуйж өргөдөл бичихэд шууд солонгосоор бичихийг шаардсан. Түүгээр зогсохгүй хажууд зогсож байгаад нөгөө солонгос эздийн биед халдсан мэтээр тулгаад нэг бүрчлэн бичүүлж авсан. Гэтэл нөгөө монгол эгч нар намайг “Цагдаагаас өргөдлөө буцаа” гээд байгаа. Би яахаа мэдэхгүй байна” гэж ярьжээ.

Тэгвэл бичлэг дээр зодуулж буй 41 настай Г “Амралтын цагаар бид хоол цайгаа уунгаа арай чөлөөтэй байхыг бодно шүү дээ. Хоорондоо нэг хоёр үг солиод л.

Гэтэл солонгос эзэн бидний яриаг утсан дээрээ бичиж эхэлсэн. Удалгүй монгол жаахан охин руу дайраад, элдэв бусаар хараагаад унадаг юм. Миний охин шиг хүүхдийг тэгж байгааг харахад хэцүү байлаа. Тэр охин ч хэл устай байсан болохоор нэгбүрчлэн ойлгоод байна лээ. Тиймээс хараалыг нь тэсч чадахгүй босоод явтал эрэгтэй захирал араас нь босч модоор чичлээд, эмэгтэй захирал нь улаан нүүр рүү хоолоо цацдаг юм. Тэгээд дургүй хүргээд би өмнөөс хоолоо цацаад босч очоод эрэгтэй захирлыг бариад авсан. Тэр нөхөр миний хоолойг боогоод л, шууд ухаан балартаад эхэлсэн. Ингээд л үхдэг юм байна. Ямартаа ч энэ нөхрийг цагдаад өгөх ёстой, ингээд орхивол дахиад л давтагдана. Дахиад өөр монголчууд хохирсоор байна гэж бодогдоод “Цагдаа дууд” гэж орилсон. Хариуд нь тэр эрэгтэй биднийг “Та нар визгүй. Хол газар ирчихсэн. Такси ч байхгүй. Яаж явж чаддаг юм. Та нарыг цагдаад барьж өгнө. Ер нь визгүй юм чинь чамайг алсан ч яадаг юм. Чи үхмээр байна уу. Чамайг ерөөсөө ална” гээд л боож чирээд шал мөргүүлсэн. Арай ухаан алдчихгүйхэн шиг салсан даа” гэсэн байна.

Хохирогчдын эрхийг хамгаалах асуудлаар өнөөдрийн байдлаар дорвитой үйл ажиллагаа хийгдээгүй байна. Гадаад харилцааны яамнаас БНСУ-ын Сөүл дахь Консулын газарт албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу тус газраас БНСУ-ын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахаар болсон талаар мэдээлжээ. Харин хохирогчидтой биечлэн уулзаж, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа байгууллага нь БНСУ дахь Гадаадын иргэдийн эрхийг хамгаалах ТББ гэнэ.

Монгол эмэгтэйчүүдэд халдсан солонгос иргэн өмнө нь бэлгийн хүчирхийлэл, бусдын биед халдах ноцтой үйлдлүүд гаргаж байжээ. Түүний энэ удаагийн үйлдэлд БНСУ-ын хуулиар хууль бусаар гадаадын иргэн ажиллуулсан хэмээн буруутаж торгуулийн ял авах магадлалтай. Хохирогч эмэгтэйчүүдийн биед халдсан явдалд хөнгөн гэмтэл хэмээн ноцтой шийтгэл хүртэхгүй гэж эх сурвалж хэлж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин могой өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 19, Буд гариг. Билгийн тооллын 24, үнэг одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 7:17 цагт мандан, 17:58 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэгтэй болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 0-5 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Чингис хаан “цусан далай” байсан гэж үү?​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Солонгос иргэнд зодуулсан монгол
эмэгтэй Б “Ариун цэврийн
өрөө ч оруулахгүй зандраад
байхаар нь “Хүнтэй зөв харьцаач”
гэж хэлснээс асуудал эхэлсэн” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Шадар сайд С.Амарсайхан “Стандартын асуудлыг
цогцоор нь шийдэхгүйгээр хөгжлийн
тухай ярих боломжгүй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Чингис хаан “цусан
далай” байсан гэж үү?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Хөрөнгө оруулалтын
тухай хуулиа шинэчлэн найруулж
чадаагүй цагт гаднаас доллар олох
боломж хумигдсан хэвээр л байна” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

Ж.Батзандангийн захидал юуг
анхааруулсан бэ?. Энэ тухай I,V нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ