Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн ордны цэцэрлэгт хүрээлэн иргэдэд нээлттэй боллоо DNN.mn

Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгожээ.

Тодруулбал, Улсын Их хурлаас 2022 оны зургаадугаар сарын 17-нд тогтоол гаргаж, Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгосон.

Уг тогтоолд цэцэрлэгт хүрээлэнгийн аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг зохион байгуулах, хэв журмыг сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, цэвэрлэгээ, арчилгаа, тохижилтыг хариуцах асуудлыг холбогдох журмаар зохицуулахаар тусгасан.

Мөн УИХ-ын үйл ажиллагааг иргэдэд тайлбарлан таниулах, ил тод, нээлттэй болгох зорилгын хүрээнд Улсын Их Хурлын гишүүнтэй уулзах, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцах иргэдийг Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалттай байхыг зөвшөөрсөн байдаг.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас тэгш сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй DNN.mn

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27, 28-наас эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлав. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм.

Энэ зохицуулалт өнөөдөр дуусаж, маргаашаас жолооч нар хөдөлгөөнд хэвийн оролцоно.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн: “Манай хотод зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо, замын даац улам хүнд болж байна. Ашиглалтаас хасагдаж байгаа, импортолсон тээврийн хэсэгслийн харьцааг харахад ашиглалтаас хасагдсан нь бага.

Зам дээрх тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давж байна. Иймд машинууд 8.7 км/цагийн хурдтай болж ачаалал ихэссэн” гэсэн юм.

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө орон нутгаас олон иргэд нийслэлд түр ирдэг нь замын хөдөлгөөнийг ихэсгэдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэлийн ажил дуусжээ DNN.mn

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг өчигдөр хуралджээ.

Хурлаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан болон ажлын хэсгийн бусад гишүүдэд барилгын ажлын явц, тулгамдсан асуудлаа танилцуулсан байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт ажил технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж дөрвөн хэсэгтэй. Одоогоор инженерчлэлийн ажил дуусаж, дөрөв дэх хэсгийн гэрээний тендерийг ирэх арваннэгдүгээр дүгээр сард зарлахаар төлөвлөжээ.

Шадар сайд С.Амарсайхан тулгамдсан асуудлуудыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлдэхийг ажлын хэсгийн ахлагч болон холбогдох сайд нарт үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөг болно DNN.mn

“Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөг энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд болно.

Тогтвортой хөгжлийн зорилго нь хүн бүрд хамааралтай. “Алсын хараа 2050” болон Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо чухал гэж НҮБ үздэг.

Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг” болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО

  • Ядуурлыг устгах
  • Өлсгөлөнг устгах
  • Эрүүл мэндийг дэмжих
  • Чанартай боловсролыг дэмжих
  • Жендерийн тэгш байдлыг хангах
  • Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах
  • Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
  • Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох
  • Инновац, дэд бүтцийг хөгжүүлэх
  • Тэгш бус байдлыг бууруулах
  • Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих
  • Хариуцлагатай хэрэглээг дэмжих
  • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах
  • Хуурай газрын эко системийг хамгаалах
  • Энх тайван, шударга ёсыг цогцлоох
  • Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн нөөцлөөд байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар “Сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх” ажлын хэсэг байгуулагдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Мэргэжлин хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул болон холбогдох албаны хүмүүс зүүн үйлдвэрт ажиллалаа.

Зүүн үйлдвэрийн нэмэлт хатаагчууд ирсэн бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэмэлт хоёр хатаагчийн угсралтын ажил хийгдэж дуусах юм. Ингэснээр цагт 30 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй мянган тонноор илүү байгаа юм. Харин түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 180 мянган тонн байна.

2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжинд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 423 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгасан аж. Эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалтаа эхлүүлнэ. Харин үлдсэн 247 цэгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар сонгон шалгаруулж, аравдугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ажиллуулахаар төлөвлөж байна.

Энэ жилийн тухайд Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд хамрагдаж сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон. Тус дүүргийн 7800 өрхөд борлуулалтын 28 цэгээр дамжуулан түлш худалдаалах ажлыг зохион байгуулна гэж Байгаль лрчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгэцэд нөлөөлөх каннабисын төрлийн ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ DNN.mn

Каннабисын төрлийн сэтгэцэд нөлөөлөх ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ.

Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 2-нд Гүнт дэх нийслэлийн шалган нэвтрүүлэх постоор “Toyota SAI” маркийн тээврийн хэрэгслээр гурван иргэн гурван килограмм орчим, дөрвөн ширхэг битүү скотчидсон гялгар хар тортой, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх каннабисын төрлийн ургамал болон цаасанд боодолтой нунтаглаж хатаасан ургамлыг тээвэрлэж явсан байна.

Үүнийг Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Лхагва-Очир хяналт шалгалт хийн илрүүлж, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст шилжүүлсэн болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг, эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ковидын 123 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн хоногт 123 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.

Үүнээс

  • 79 нь Улаанбаатарт
  • 44 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 979,938 болж нэмэгдлээ.зураг

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд нэг, Дархан-Уулд гурав, Дорноговьд 11, Өвөрхангайд тав, Өмнөговьд 21, Төв аймагт нэг, Ховдод хоёр тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 210 хүн эдгэрсэн бол одоогоор 2,444 хүн хяналтад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 245 автобусаар сурагчдад үйлчилнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан. Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байна.

Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх төслийг 2022-2023 оны хичээлийн жилд дөрөв дэх жилдээ хэрэгжүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. “Сургуулийн автобус” төслийн хүрээнд 75 хүүхдийн автобусыг оруулж ирэхээр НЗДТГ, “Моннис” ХХК-тай гэрээ байгуулсан ба 25 автобус ирсэн, 50 автобус нийлүүлээгүй хүлээгдэж байна. Иймд үлдсэн 50 автобус нийлүүлэх хүртэлх хугацаанд 24 автобусыг 24 чиглэлд есдүгээр сарын 5-ны өдрөөс явуулж эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Нэг автобусыг Багахангай дүүрэгт хуваарилсан бөгөөд алслагдсан хорооноос дүүргийн төвийн сургууль руу зорчдог сурагчдыг зөөх юм. Төвийн дүүргүүдийн тухайд түгжрэлд нөлөө бүхий сургуулийн сурагчдыг автобусаар зөөдөг. Ингэхдээ ойролцоо байршилтай сургуулийн сурагчдад хамтад нь үйлчилдэг онцлогтой. Жишээлбэл, 84, 21, 111 дүгээр сургууль, 23, 24 дүгээр сургууль, 5, 50 дугаар сургууль, 1, 45 дугаар сургуулийн сурагчдыг хамтад нь хүргэдэг ажээ. Автобусны маршрутыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас баталдаг бөгөөд нийтдээ 56 сургуулийг багтаасан 61 чиглэлийг гаргаад буй юм.

Нийслэлийн хэмжээнд цөөнгүй сургууль өөрийн өмчлөлийн болон түрээсийн автобусаар сурагчдадаа гэр сургуулийн хооронд тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нийтдээ 102 сургуульд 220 “Хүүхдийн автобус” үйлчилдэг. Эдгээр сургуульд нийт 80 гаруй мянган сурагч суралцдаг бөгөөд тэдний 10 гаруй хувь нь хүүхдийн автобусаар үйлчлүүлдэг гэсэн тооцоо гарчээ. “Хүүхдийн автобус”-тай сургуулийн олонх нь төрийн бус өмчийн сургууль байгаа юм. Тодруулбал: Төрийн өмчийн 37 сургууль 41 автобус, төрийн бус өмчийн 65 сургууль 179 автобусаар сургуулийнхаа сурагчдад үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн албаны шалгалтыг аравдугаар сарын 14-нөөс зохион байгуулна DNN.mn

Төрийн албаны шалгалтын тов гарлаа. Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журмын холбогдох зүйл, заалтыг үндэслэн Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2022 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас есдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн хооронд явуулах юм. Харин шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: МИАТ компанийн нислэгийн тийзний үнэ өссөн гэх нь ташаа мэдээлэл DNN.mn

Онгоцны тийз үнэтэй байгаа асуудлаар МИАТ, ШӨХТГ-ын дарга нар уулзахаар  болсон байна

Улаанбаатар Бээжингийн нислэг 2-10 сая болж өссөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд цацагдсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор ШӨХТГ холбогдох байгууллагад шалгалт явуулжээ.

Улмаар МИАТ компани сүүлийн хоёр жил Бээжин рүү нислэг үйлдээгүй бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй гэдэг нь тогтоогдсон байна. Энэ талаар ШӨХТГ-аас “Улаанбаатар Бээжингийн нислэг 2 саяас 10 сая болж өслөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд гарсны дагуу шалгалаа. МИАТ компаниас тодруулга авахад МИАТ компани сүүлийн 2 жилд Бээжинрүү нислэг үйлдээгүй байгаа бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй байгаа гэх мэдээлэл өглөө. Цахим орчинд явж байгаа мэдээллийн дагуу Эйр маркет билетийн сайтруу орж шалгахад 8587200₮-ийн билет нь Улаанбаатар – Токио – Бээжин гэж дамжин нисэх нислэгийн үнэ бөгөөд МИАТ компанийн нислэгээр УБ-Токио ороход 1476900₮, Хайнан Айрленс компанийн нислэгээр Токио – Бээжин нисэхэд 7110300₮-ийн үнэтэй байгаа юм байна. Мөн зарим иргэдийн хардаж байгаа шиг худалдаж авсан билетийг дамжуулан, дамлан борлуулах техникийн боломж байхгүй юм байна. МИАТ компанийн өгсөн мэдээллээр Монгол улсаас Хятад улсруу 9 сарын 8-ны өдрөөс эхлэн МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компаниуд 7 хоногт 6 удаагийн нислэг үйлдэх юм байна” гэжээ.