Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Энэ сард сансар судлалын түүхэнд хоёр томоохон үйл явдал болно DNN.mn


Солиртой мөргөлдөхөөс сэргийлж сансрын станцын нислэгийн чиглэлийг өөрчилнө

Энэ сарын 26-нд НАСА буюу АНУ-ын Аэронавтик, сансар судлалын үндэсний албанаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд хөөргөсөн 500 кг жинтэй “DART” сансрын станц Аполло бүлэгт хамаарах 780 метр урттай Дидимос солирын 160 метрийн урт дагуул Диморфосыг мөргөнө. Ингэснээр, Диморфос болон Дидимосын нислэгийн чиглэлийг хазайлган өөрчлөх юм байна. “DART” (Double Asteroid Redirection Test) гэдэг нь хос солирын чиглэлийг өөрчлөх туршилт гэсэн утгатай үгсийн товчлол ажээ. Энэ нь дэлхийг солир зэрэг сансрын нисдэг биетүүдийн заналхийллээс хамгаалах технологийн анхны туршилт болж буйгаараа онцлог юм.

“DART” станцыг зохион бүтээж, үйл ажиллагааг нь чиглүүлж буй АНУ-ын БХЯ-ны харьяа Хэрэглээний физикийн лабораторийн судлаачдын баг 4.3 метрийн “LDT” ба 6.5 метрийн голчтой “Magellan” зэрэг хамгийн хүчтэй телескоп дурангуудыг ашиглан хос солир өнгөрсөн долдугаар сараас дахин дэлхий рүү ойртох болсныг тогтоосон байна. Дидимос болон түүний дагуул Диморфос есдүгээр сарын 26-нд “DART” станцтай мөргөлдөх цэгт хүрэлцэн ирэхийг ч мөн баталжээ.

“DART”-ын чухал ажиллагаа амжилттай болох эсэх нь хос солирын тойрог замыг алдаа мадаггүй нарийн тогтоосон эсэхээс шалтгаалах гэнэ. Үүнээс гадна судлаачдын баг мөргөлтийн уршгийг үнэлэх аргачлалыг боловсруулсан аж.

Тэрхүү аргачлалын дагуу ирэх аравдугаар сард Диморфосын тойрог зам хэрхэн өөрчлөгдсөнийг шинжлэх юм байна. “DART” сансрын станц Диморфостой мөргөлдөхийг Италийн “LICIACube” аппаратаас Украины бизнесмэн Макс Поляковын эзэмшдэг “Drag­onfly Aerospace” компанид үйлдвэрлэсэн “Gecko” хэмээх тусгай камерт буулгах ажээ. “LICIACube” аппарат солиртой мөргөлдөхөөс хэд хоногийн өмнө “DART”-аас салахаар программчилагджээ.

Энэхүү туршилт амжилттай болвол дэлхийг солир зэрэг задгай сансар дахь нисдэг биетүүдтэй мөргөх аюул заналхийллээс хамгаалах боломж нээгдэх билээ.

АНУ-ын “Artemis I” сансрын хөлөг сарыг зорино

Наймдугаар сарын 29-нд сарны тойрог зам руу хөөргөх гэж байсан АНУ-ын “Artemis I” сансрын хөлөг тээгч пуужингийн хөдөлгүүрт хүчилтөрөгч алдагдсаны улмаас нислэгийг хойшлуулахад хүрсэн билээ. Тэгвэл саран дээр хүн буулгах АНУ-ын “Artemis” хөтөлбөрийн удирдагч Майкл Сафарин мэдэгдэхдээ, пуужинд илэрсэн техникийн доголдлыг бүрэн зассан тул есдүгээр сарын 2-ны баасан гаригт хөөргөнө гэжээ.НАСА-гийн захирал Билл Нельсон ч “Artemis I” хөлөгт илэрсэн доголдлыг ноцтой зүйл биш гэдгийг тэмдэглээд, сарны хөтөлбөр төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.

Тус хөлөг сарны тойрог замд 42 хоног ажиллаж, НАСА-гийн саран дээр хүн буулгахаар сонгосон 13 газрыг нарийвчлан судлах юм

Categories
мэдээ цаг-үе

93 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна DNN.mn

Нийт 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн нөөцлөөд байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар “Сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх” ажлын хэсэг байгуулагдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул болон холбогдох албаны хүмүүс зүүн үйлдвэрт ажиллалаа.

Зүүн үйлдвэрийн нэмэлт хатаагчууд ирсэн бөгөөд 2022.09.20-ны өдрийн дотор нэмэлт хоёр хатаагчийн угсралтын ажил хийгдэж дуусах юм. Ингэснээр цагт 30 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй мянган тонноор илүү байгаа юм. Харин түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 180 мянган тонн байна.

2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжинд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 423 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгасан аж. Эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалтаа эхлүүлнэ. Харин үлдсэн 247 цэгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар сонгон шалгаруулж, аравдугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ажиллуулахаар төлөвлөж байна.

Энэ жилийн тухайд Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд хамрагдаж сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон. Тус дүүргийн 7800 өрхөд борлуулалтын 28 цэгээр дамжуулан түлш худалдаалах ажлыг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрт илрүүлгийн үзлэг ирэх жилийн тавдугаар сар хүртэл үргэлжилнэ DNN.mn

Саяхан Эрүүл мэндийн сайд эрт илрүүлгийн талаар мэдээлэхдээ урьдчилан сэргийлэх үзлэг эхнээсээ үр дүнгээ өгч буй талаар онцолсон юм. Энэ тухай ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа.


-Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс улс орон даяар хүн амыг эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн. Эрүүл мэндийн сайд эрт илрүүлгээр 844 хавдрын сэжиг илэрсэн талаар хэд хоногийн өмнө онцолсон билээ. Энэ ажил хэр явцтай байна вэ?

-Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн улс орны нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн. Үүний үр дүнд энэ сарын 25-ны байдлаар 844 хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдлыг илрүүлж, дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад онош тодруулж, баталгаажуулах шинжилгээнд хамруулах ажил хийгдэх гэж байна. Ер нь энэ арга хэмжээ зохих үр дүнд хүрч ахицтай үргэлжилж байна гэж үзэж болно.

-Энэ арга хэмжээнд яг ямар хүмүүсийг яаж хамруулаад байна вэ.Одоогийн байдлаар нийт хичнээн хүнд үзлэг шинжилгээ хийсэн бол?

-Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолоор иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар зохицуулсан гэдгийг юуны өмнө тэмдэглэх нь зүйтэй болов уу. Үүний дагуу иргэд 0-5, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш гэсэн зургаан насны бүлэгт хуваагдан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж эхлээд дөрвөн сар болох гэж байна. Энэ сарын 25-ны байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт улсын хэмжээнд 282 мянга 120 хүн хамрагдлаа. Тэдгээрээс 44.5 хувь нь эрэгтэйчүүд, 55.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл 51.7 хувь нь Улаанбаатарт, 48.2 хувь нь орон нутагт хамрагджээ. Харин насаар нь ангилбал эрт илрүүлэгт хамрагдагсдын 67.3 хувь нь 0-17 насны хүүхэд бол 32.6 хувь нь 18-аас дээш насныхан байна.

-Иргэд энэ талаар дутмаг мэдээлэлтэй байх шиг. Олон хүн үүнд хамрагдахын тулд хаана, яаж хандах вэ гэж лавлах юм?

-0-17 насны хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад шууд хамрагдана. Харин насанд хүрсэн даатгуулагчийн хувьд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн урилга, зохицуулалттайгаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад энэхүү багцад хамрагдаж байна. 18-аас дээш насны иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах урилгыг харьяалах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс цахим юм уу цаасан хэлбэрээр хүргэхээс гадна утсаар мэдэгддэг. Ингэхдээ урьдчилан сэргийлэх үзлэгийн багц, зохион байгуулалт, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээр хангаж, сонголт хийхэд нь тусалж байгаа юм. Тэгээд тухайн иргэний сонгосон эрүүл мэндийн байгууллага руу даатгуулагчийн холбогдох мэдээллийг хүргэдэг. Иргэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 лавлах утас руу залгаж энэ талаар тодорхой мэдээлэл авч болно.

-Эрт илрүүлгийн энэ чухал арга хэмжээ хэр удаан үргэлжлэх вэ?

-Ирэх жилийн тавдугаар сарын 1 хүртэл бүтэн жилийн турш үргэлжилнэ.

-Энэ арга хэмжээний хүрээнд хичнээн газар ямар төрлийн шинжилгээ авч байгаа бол?

-Насанд хүрэгчдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог улсын хэмжээнд 118 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад явуулж байна. Насанд хүрэгчид насны бүлгээс хамаарч 12-19 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, биохими, цус болон шээсний лабораторийн ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит В, С, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, мөн төрөл бүрийн багажаар зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой ба ходоодны дуран, цээжний рентген, хөх, хэвлий, бамбайн хэт авиан шинжилгээ хийлгэн эмчийн үзлэг, дүгнэлт, зөвлөгөө авна. Харин 0-17 насны хүүхэд мөн л дотроо насны бүлгээсээ хамаарч 4-6 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжтой. Тухайлбал, хүүхдийн сэтгэхүйн хөгжил болон сэтгэц, зан үйлийн эмгэг, сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн бүрэн үзлэг, биеийн хэмжилт, өсөлт, хөгжлийн үнэлгээ, нүдний хараа шалгах, амны хөндийн эрүүл мэндийн үзлэг хийж, эцэг эхчүүдэд тодорхой зөвлөгөө өгч байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон нуурын зусланд өнжсөн тэмдэглэл DNN.mn

Алс баруун хязгаар Увс аймгийн Ховд сумын нутаг Хархираа, Түргэний мөнх цаст уулсыг зааглан орших Олон нуурын хөндий, Рашааны аманд намаржиж буй малчин Т.Ишбалынд өнжсөн тэмдэглэлийг толилуулъя. Түргэний уулсын баруун бэлд намаржих эднийх малаа маллахаас гадна жуулчны бааз ажиллуулдаг.

Хөрөөний ир шиг шовх оройтой, мөнх цаст оргилуудын дунд байрлах Олон нуурын хөндийд том жижиг нийлсэн 108 нуур бий. Хөндийгөө дагаад айлууд эсгий гэрээ ярайтал барьжээ. Айл бүрийн гадна талд л нуур мэлтэлзэж байх нь хачирхалтай. Нуурын эрэг эмжиж хонин сүрэг бэлчээд, дээхнэ талаар нь сарлагийн сүрэг багшрах нь уран зураг шиг үзэсгэлэнтэй аж. Олон нуурын хөндийд хүн малын зоо тэнэгэр дэлгэр сайхан зун болж улирч байна.

Олон нуурын хөндийн хад асгатай замаар явсаар бид зорьсон айлынхаа гадна буулаа. Т.Ишбалынх найман ханатай цэвэрхэн гурван гэр эгнүүлээд барьчихжээ. Зүүн талын гэрт нь өөрсдөө амьдраад, илүү хоёр гэртээ жуулчид хүлээж авч байгаа гэнэ. Гэрийн эзэн Т.Ишбал аймгийн төв орж бараа татахаар яваад эзгүй байв. Биднийг 40 эргэм насны эмэгтэй дунд сургуулийн охины хамт уриалгахан хүлээж авч аагтай шаргал цай, гэрийн боорцгоор дайлав. Зуны цагт бол энэ нутгийнхны гол хүнс нь тос хөвсөн шаргал цай, боорцог байдаг ажээ. Тос хөвсөн шаргал цайнд арвайн гурил зуурч идээд л зуныг авчихдаг гэнэ. Дулааны улиралд бол сүү, цагаан идээгээ хүнсэндээ хэрэглээд махнаас аль болох зайлсхийнэ.

Мөнх цаст уулсын бэлд гурван гэрээр зусч буй Ишбалынх энд жуулчны бааз ажиллуулаад тав дахь жилтэйгээ золгож байгаа ажээ. Найман ханатай гэрийн голд том зуух тавиад зургаан ширхэг модон ор тойруулаад цэвэрхэн гэгч нь байршуулсан байв. Нарны эрчим хүч ашиглаж гэрэлтүүлгээ шийдээд, том зурагт ч тавьчихсан харагдлаа. Зүүн хаяанд том угаалтуур зэргийг байрлуулж аялж яваа хүнд наад захын шаардлагатай бүхнийг найман ханатад цогцлоожээ. Хотын ойр орчмын амралтын газруудыг бодвол хэд дахин илүү тав тухтай энэ гэрийг хоногоор ашиглахад 120.000 төгрөг төлдөг юм байна. Мөн майхан бариад ч хоноод явах боломжтой. Гэхдээ чийглэг уур амьсгалтай Олон нуурын хөндийд бол зуны дунд сард ч цас хаяж мэдэхээр сэрүүхэн юм билээ. Гэрт хонох нь илүү тухтай, дулаахан.

Очсон жуулчид цуйван, будаатай хуурга, шөл гээд төрөл бүрийн хоол захиална. Гэрийн эзэгтэй зочдын захиалгыг газан плитка дээр хормын төдийд л хийгээд өгчихнө. Хоолны материалаа урьдчилаад бэлдчихдэг юм байна. Дүүрэн порцтой таваг хоол энд 10000 төгрөгийн ханштай. Бид цайгаа уугаад босох зуурт гэрийн гадна том машин ирээд зогсов. Тосоод гарвал 20 гаруй насны эмэгтэй Голландын жуулчдыг дагуулж яваа гэнэ. Рашааны ам, Олон нуур үзэхээр зорьж яваа нь энэ ажээ. Тэд буудаллах гэрээ хараад эргэлзэх юмгүй зөвшөөрнө лээ. Гэрийн эзэгтэй ч жуулчдын тав тухыг тэргүүнд тавьдаг талаар онцолсон юм. Төд удалгүй оройн саалийн цаг болов. Зуны адаг сарын нар жаахан тонгойход л энд сэрүү татаад жиндэх маягтай болж ирж байна. Хамт саалинд нь гарах зуураа түүнтэй цөөн хором хөөрөлдлөө. Эднийх гурван үнээ сааж байна. Мал нь Олон нуураас холгүй дүүгийнд нь байдаг гэнэ. Жуулчдад үйлчлэхийн хажуугаар олон үнээ сааж амждаггүй талаараа ярьж байлаа.

Өдөрт хамгийн багадаа л 10 орчим жуулчин газар үзэхээр ирдэг гэнэ. Гол төлөв Улаанбаатараас зорьж очдог аж. Хол замын уртад аяншсан хүмүүс очдог учраас тухтай амраагаад байгалийн сайханд аялуулаад буцаах тал дээр онцгой анхаардаг юм билээ. Зарим тохиолдолд ар араасаа 20-30 хүн ч хүрээд ирэх нь бий. Тэр үед харин майхан барьж хонуулахаас өөр аргагүйд хүрдэг гэв. Зарим нь машиндаа ч хононо. Энд олон айл зусдаг ч аялагчдад зориулсан жуулчны бааз ажиллуулдаг нь эднийхээс өөр үгүй. Аялагчдаас нутгийн зарим нь төвөгшөөх хандлагатай байдгийг гэрийн эзэгтэй Б.Орломжав гайхаж байна лээ.

Тухтай үйлчилгээ үзүүлээд таван цаасыг нь аваад үлдвэл орон нутгийнхны амьжиргаанд л нэмэртэйг гэрийн эзэгтэй хэлж байв. “Нэг жуулчинг хооллоод байгалийн сайханд амраагаад явуулахад хамгийн багадаа 30-40 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг. Мэдээж ганцаараа хүн ирэхгүй. Тэр бүрийг хооллоод цэвэрхэн гэрээр үйлчилж тухтай амраагаад буцаахад хоногт л 100 орчим мянган төгрөгийн ашигтай ажилладаг. Анх бол хэд хоногтоо л цөөхөн хүний бараа харагддаг байлаа. Өнөөдөр харин аялагчдын цуваа тасрахаа больсон. Аялагчдад зориулсан агент ч энд бий” гэж гэрийн эзэгтэй Б.Орломжав онцолсон юм. Аялагчдын цуваа тасрахаа больсноор эндхийн малчин ардын амьжиргаа ч илэрхий дээшилсэн гэнэ. Олон нуурын зусландаа илүү олон аялагч хүлээж авч төрсөн нутгийнхаа байгалийн сайхныг харуулах хэтийн зорилготой ажилладаг талаараа гэрийн эзэгтэй хэлж байв.

Бид найман ханатай том гэрт тухтай амраад өглөө 8:00 цагийн алдад босоход эднийх өглөөний саалиасаа бууж байлаа. Аялагчдынхаа өглөөний ундыг ч аль хэдийнэ бэлдчихжээ. Өглөө эрт 06:00 цаг өнгөрөөгөөд л өндөрлөг газрын нартай уралдаад босдог юм байна. Унд уух зуур гадаа уяан дээр хэдэн морь эмээллээд уячихсан байв. Манай аяллын баг цааш Номин ногоон нуур луу мориор явна.

Эднийхтэй хамтарч ажилладаг хөтөч залууг Л.Жавхлан гэдэг. Энэ жил дунд сургуулиа төгссөн тэрбээр элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд л хөтөч хийхээр энд ирээд байгаа гэнэ. МУБИС-ийн спорт аялал жуулчлалын ангийн хуваарь авсан Жавхлан зуны амралтын хугацаанд аялагчдад морь унуулаад 20-25 мянган төгрөг авдаг. Жаахан хүүхэд байхаасаа л адууны сүүл боож малын захад өссөн түүний тухайд номхон морь хэдийг цулуулаад л аялагч дыг дагуулж мөнх цаст оргилын бэлээр хэсч явах нь хамгийн дуртай ажил нь. Гадаад, дотоод янз бүрийн хүнд үйлчилдэг гэнэ. Ховд сумын малчин хүү хэрэглээний англи хэл ч дажгүй сурчихаж. Цаашид нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх хэтийн зорилготой явдаг талаараа бидэнд ярьж байна лээ.

Өглөө гарсан бид энэ бүхнийг ярьж явсаар олон нуурын тод үзэсгэлэн Номин ногоон нуурын зүүн дээд талаас нь орж явчихлаа. Тэнгэр баганадсан өндөр Түргэний уулсын бэл дэх гүн ногоон өнгөтэй энэ нуурыг үзэхээр жилд хэдэн зуун жуулчид хэдэн мянган бээрийг туулж олон нуурт ирдэг. Номин нуурын эргээр Вансэмбэрүү цэцэг үүдэн хоймрын зайтай хосоороо ургасан нь аялагч олны сэтгэлийг баясгах ажээ. Нуурын эргээр бог, бод нийлсэн сүрэг бэлчдэг ч тохойн чинээ өндөр энэ цэцгийн үндсийг хөнддөггүй юм билээ.

Цааш нарийхан амаар өгсөхөд шар өнгөтэй нуур бий гэнэ. Түүнийг үзэхийн тулд морио үлдээгээд аяллаа явганаар үргэлжлүүлэх ёстой. Ингээд бид морио чөдөрлөж үлдээгээд нарийхан амаар том, том чулуу дамжиж мөнх цаст оргилын өөд мацлаа. Ойролцоогоор 100 орчим метр яваад хавцал дээр гарч очиход бүдэг шар өнгийн нуур өөдөөс мэлтэлзэх нь тэр. Үд дундын хурц нарны туяа бүдэг шаргал нуурын мандалд тусах нь болортож гялтганаад Түргэний уулсын сүр жавхланг илүү тодруулах мэт. Уул усны диваажин Увсын хязгаарын байгалийн сайхныг хэсэг биширч зогссон биднийг цаашид ямар адал явдал хүлээж байгаа нь оньсого мэт. Тэнгэр баганадсан Түргэний уулсын хүрэн хад нүүрэн дээрээс юу юугүй нураад ирэх нь үү гэлтэй сүндэрлэх нь бага зэрэг айдас ч төрүүлэх. Тэр хаддын доохно талаар өгсөж явсаар бид мөнх цаст оргилын бэлд нь хүрч очлоо. Энэ удаа биднийг гүн цэнхэр өнгийн нуур тоссон юм. Мөнх цаст оргилын сугаас гүн цэнхэр нуур луу хүрхрээ юүлэх нь сүрдэм ч сод үзэсгэлэнтэй ажээ.

Хархираа, Түргэний уулсыг зааглан орших байгалийн цогболбор газрын сод үзэсгэлэнгийн нэгээхэн хэсэг нь л энэ. Хаашаа л харна мөнх цаст ноён шовх сарьдгууд сүндэрлэх энэ онгон дагшин байгаль руу аялагчдыг илүү татмаар юм билээ. Өвс нь халиурч, ус нь мэлтэлзсэн олон нуурын хөндий оторчдын хувьд ч мөрөөдлийн газар юм билээ. Усны тунгалаг, өвсний соргог, байгалийн тансаг цогцолсон энэ хөндий рүү аялагч нарыг татсанаар сум орон нутгийн эдийн засагт ч том хувь нэмэр оруулахаар санагдсан юм. Жуулчны баазуудыг ч хэдэн арваар нь байгуулах хэрэгцээтэй байгааг гэрийн эзэгтэй Орломжав хэлж байлаа.

Нар уулсын цаагуур орохтой уралдаж жуулчны бааздаа ирсэн бид өглөө захисан хоолоо амтархан зооглоод баруун монгол түмний соёлтой танилцаж үндэсний тоглоом тоглож байгаад амрахаар хэвтэв. Сум орон нутгийнхаа байгалийн сайхныг сурталчилж, амьжиргаагаа төвөггүйхэн залгуулж аялал жуулчлал хөгжүүлэхээр хөдөлмөрлөж яваа залуу гэр бүлийн амьдралыг товч зураглахад ийм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ:Үс засуулбал нас уртасна DNN.mn

2022.9.4, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.4, Ням гараг
  • Наран ургах шингэх: 06.14-19.29
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

АНУ: Тайваньд 1.1 тэрбум долларын зэвсэг худалдана DNN.mn

АНУ-ын Төрийн департмент Тайваньд 1.1 тэрбум ам.долларын зэвсэг хэрэгсэл худалдахыг зөвшөөрчээ. Үүнд хөлөг онгоц эсэргүүцэх пуужин 60 ширхэг, агаар ангиллын пуужин 100 ширхэг зэрэг зэвсэг багтаж байна. Тодруулбал, эдгээр нь 85.6 сая ам.долларын үнэтэй газрын довтолгоонд ашиглаж болох “Sidewinder” пуужин, хөлөг онгоц эсэргүүцэгч Харпун пуужин юм. Түүнчлэн Тайванийн ажиглалтын радарын хөтөлбөрийг дэмжихэд 665.4 сая ам.доллар төсөвлөжээ. Энэхүү шийдвэрт Хятад улс дургүйцлээ илэрхийлж, эсрэг арга хэмжээ авна гэлээ.

Нэнси Пелосигийн айлчлалын дараа Хятад улс Тайванийг тойрч цэргийн сургуулилалт хийсэнтэй холбоотойгоор Пентагон уг зэвсгийн багцыг өчигдөр /2022.09.02/ зарлажээ.

“Энэ зэвсгийн худалдаа нь Хятад, АНУ-ын харилцаа, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна” гэж Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю хэлэв. Гэвч энэхүү дэмжлэг нь бүс нутаг дахь цэргийн үндсэн тэнцвэрт байдлыг өөрчлөхгүй гэж Пентагоноос мэдэгдээд байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр, энэ нь Тайванийн зэвсэгт хүчнийг шинэчлэх, найдвартай хамгаалалтын чадавхийг хадгалахад чиглэсэн ердийн тохиолдол аж.

АНУ-ын шийдвэрт Тайванийн Батлан хамгаалах яам талархлаа илэрхийлээд, зэвсгийн худалдаа нь Хятадын цэргийн дарамттай тулгарахад тус болно гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутны автобусны картыг төгсөх хүртэл нь сунгана DNN.mn

Энэ хичээлийн шинэ жилээс эхлэн оюутны Umoney картыг төгсөх анги хүртэл нь сунгах болсон тухай Улаанбаатар смарт карт ХХК-аас мэдээлсэн. Мөн сунгалтын төлбөрийг цахимаар төлөх боломжтой болжээ. Төлбөр төлснөөс хойш сунгагдсан тухай мэдээлэл хүргүүлэх ба үүний дараа Нийслэлийн үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбаруудад хандан картаа идэвхжүүлэн ашиглахыг тус компаниас зөвлөлөө.

Харин 2021-2022 оны хичээлийн жилд буюу хаврын нэмэлт сунгалтаар төгсөх хүртэл хугацаагаар картаа сунгуулж идэвхжүүлсэн оюутнууд сунгалтын төлбөр төлөх шаардлагагүй картаа шууд ашиглах юм. Ингэхдээ шаардлагатай бичиг, баримтыг заавал хавсаргах шаардлагатай. Хүсэлтийг тухайн компани хүлээж авсны дараа нийслэлийн холбогдох байгууллагаар баталгаажуулж, олголт бэлэн болсон талаар мэдээлэл хүргүүлэх аж.

Бүрдүүлэх материал:

  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар/зураг
  • Суралцах эрхийн бичгийн хуулбар/зураг
  • Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний зураг

Карт захиалах үнэ 4600 төгрөг ба төлбөрөө төлсний дараа гүйлгээний зургийг баримтжуулж, анкетдаа хавсаргах шаардлагатай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол иргэд БНСУ-ын нисэх буудлуудаар дамжин гуравдагч орнууд руу зорчиход “транзит” виз шаардлагагүй DNN.mn

Монгол Улсын иргэд БНСУ-аар дамжин гуравдагч орнууд руу явахад виз шаардлагатай болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байна.

Уг мэдээлэл ташаа болохыг Гадаад Харилцааны Яамны Консулын газраас мэдэгдлээ.

Мэдэгдэлд “Бүгд Найрамдах Солонгос Улсын нисэх буудлуудаар дамжин гуравдагч орнууд руу зорчих Монгол иргэд “транзит” виз авах шаардлагагүй, хэвийн зорчиж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ DNN.mn

Энэ сарын 3-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, эрс сэрүүснэ. Энэ өдрүүдэд салхи шуургатай байхыг цаг уурчид анхааруулж байна.

2022 оны есдүгээр сарын 4-нөөс есдүгээр сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Есдүгээр сарыэ 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ. Өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. Энэ сарын 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Намрын ургац хураалтын явцын талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Э.Уламбаатар:

-Энэ жилийн хувьд таримлын болц харьцангуй жигд, урьд жилүүдээс 5-7 орчим хоногийн өмнө ургац хураалтын ажил эхэлсэн байгаа тул хураан авах ургацын хэмжээ, чанарт эерэгээр нөлөөлөхөөр байна. Ургац хураалтад нийтдээ 1041 комбайн, 587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн, 417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах сортлох машин ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байгаагийн зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн үр дүнд диллер аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадлын 40 гаруй комбайныг ургац хураалтын өмнө нийлүүлэхээр ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тундас нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад ХХААХҮЯ-наас анхаарч байна.