Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 25 байршилд эмийн хаягдлыг хүлээн авч байна DNN.mn

Улаанбаатар хотод 25, орон нутагт 3 салбарт эмийн хаягдлыг иргэдээс хүлээн авч байна. Тодруулбал, “3% Эмийн хаягдлыг ангилцгаая” төслийн хүрээнд хугацаа нь дууссан эмийг иргэдээс авч, устгалд оруулж байгаа аж. Энэ нь хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой бөгөөд эмийн хаягдлыг бусад хогтой нийлүүлж хаяхгүй байхыг уриалж байна.

Тусгайлан байршуулсан шилэн хоргонд эмийн хаягдлыг хийснээр байгаль орчинд сөрөг нөлөө учруулахгүйгээр стандартын дагуу устгагдах боломжтой.

Энэ талаар “3% Эмийн хаягдлыг ангилцгаая” төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч О.Гэрэлчимэгээс тодруулахад “Төслийнхөө хүрээнд хугацаа нь дууссан эмийг иргэдээс хүлээн авч, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр устгалд оруулж байна. Энэхүү ажлыг анх 2019 онд эхлүүлсэн. Одоогоос гурван жилийн өмнө гэрээсээ хугацаа нь дууссан эм олоод, Монголын ихэнх сүлжээ эмийн сан руу залгаж асуухад ямар ч мэдээлэлгүй байсан. Тиймээс ч Азийн сангийн 3R-н хүрээнд төслийн уралдаан зарлагдахад төслөө бичиж түрүүлээд санхүүжилтээ авсан.

Иргэд эмийн хэрэглээндээ анхаарч, хэн нэгний санал болгосон эмийг дур мэдэн худалдан авахгүй байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, эмчийн зааврын дагуу эм худалдан авах нь чухал. Эмийн хаягдлыг бусад хогтой нийлүүлж хаях нь хөрс шороо, агаар орчныг бохирдуулах сөрөг нөлөөтэй. Тиймээс энэ төрлийн хог хаягдлыг стандартын дагуу устгахдаа,

  • цуглуулах
  • тээвэрлэх
  • ариутган халдваргүйжүүлэх
  • бутлах, булах буюу ландфилл аргыг хэрэглэдэг.

Хаягдал авдаг цэгүүдэд долдугаар сард л гэхэд нийт 90 килограмм ахуйн эмийн хаягдал цугларсан.Үүнээс харахад өнгөрсөн жилүүдэд их хэмжээний эмийн хаягдал хөрсөнд шингэсэн гэдэг нь тодорхой байна.

Эмийг маш олон төрлийн химийн бодисоор хийдэг. Тиймээс ч эмийн хог хаягдлыг бусад хогтой нийлүүлж шууд хаях нь ямар нэгэн бодис хөрс усанд шингэж, хүрээлэн буй орчинд нөлөөлөх эрсдэлийг бий болгоно. Түүнчлэн бусад хог хаягдалтай нийлж хорт хий үүсгэж, агаар орчныг бохирдуулах зэрэг сөрөг нөлөөтэй” хэмээн хэллээ.

Эмийн зохистой хэрэглээг хэрхэн бий болгох вэ?

  • Эм худалдан авахаасаа өмнө гэртээ байгаа эмийн хайрцгийг шалгах
  • Эмчийн зөвлөсөн эмийг авах, найз, хамаатан садныхаа зөвлөсөн эмийг биш
  • Ирээдүйд хэрэг болж магадгүй гэж төлөвлөөд эм аваад хэрэггүй
  • Эмийн хайрцгаа шалгаж үзээд, хугацаа нь дууссан эмээ доорх байршилд өгөх боломжтой.

Эмийн хаягдал хүлээн авч байгаа 28 салбарын эмийн сангийн хаяг байршил

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

Categories
мэдээ цаг-үе

Зам тээрийн ослын улмаас 2019 оноос хойш 195 хүүхэд амь насаа алджээ DNN.mn

Зам тээврийн ослын улмаас 2019 онд 49 хүүхэд, 2020 онд 64 хүүхэд, 2021 онд 51 хүүхэд, 2022 онд 31 хүүхэд амь насаа алдсан байна.

Автомашинд зорчиж явахдаа эцэг эхчүүд өөрсдөө хамгаалах бүсээ зүүдэг ч хүүхдэдээ анхаардаггүй. Ялангуяа, хүүхдээ өвөр дээрээ аваад машиныхаа урд суудалд суух хандлага иргэдийн дунд бий. Осол гарсан тохиолдолд хүүхэд урд талын цонхыг мөргөж, шидэгдэх эрсдэлт нөхцөл үүсдэг. Тиймээс зориулалтын суудалд суулгаж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэдгийг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байсан.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг.

Иймд:

  • Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах,
  • Хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэх,
  • Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох,
  • Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
  • Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх,
  • Зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн 146 дугаар сургуулийн хажууд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа DNN.mn

Нийслэлийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар шийдвэрлэсэн.

Үүнээс 59-ийг нь энэ онд байгуулахаа нийслэлээс зарласан бөгөөд эхнээсээ ашиглалтад орсоор байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 146 дугаар сургуулийн хажууд стандартын шаардлага хангасан 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын ЭСЯ: Хилийн хоригтой эсэхээ шалгуулах иргэд заавал өөрийн биеэр ирж хүсэлтээ өгнө DNN.mn

БНСУ-ын ЭСЯ-ны ажилтанд Монголын цагдаа хариуцлага хүлээлгэх боломжгүй  гэжээ – updown.mn

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хилийн хоригтой эсэхээ шалгуулах иргэд заавал өөрийн биеэр ирж хүсэлтээ өгнө хэмээн мэдээллээ.

Тодруулбал өмнө нь БНСУ-д оршин сууж байсан болон гадаад паспорт дээр 68-(I) дардастай гэх мэт бусад шалтгаанаар хилийн хоригтой эсэхээ шалгуулах бол хүчинтэй гадаад паспортын хуулбараа өөрөө авч очиж, хүсэлт гаргах юм байна.

Хүсэлт гаргасан тохиолдолд хариу нь дараа өдрийн үдээс хойш гарах бөгөөд өөрийн биеэр очиж авна.

ЭСЯ-наас утсаар асуусан тохиолдолд шалгаж өгөх боломжгүй гэв.

Хилийн хоригтой эсэхээ шалгуулах хүсэлтийг Даваа-Баасан гарагт 09:00-11:00 цагийн хооронд хүлээн авах бол хариуг эдгээр ажлын өдрүүдэд 14:00-17:00 цагийн хооронд очиж авах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын Армийн Иргэн цэргийн баг орон нутгийн иргэд, малын эрүүл мэндэд дэмжлэг үзүүллээ DNN.mn

АНУ-ын Армийн Иргэн цэргийн баг, Талын Туурай төрийн бус байгууллага болон Азийн сантай хамтран 7-р сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд Булган аймагт иргэдийн эрүүл мэнд болон мал эмнэлгийн тусламж үзүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа.

Хөтөлбөрт нүүдэлчид малчдад зориулан анхны тусламжийн, мөн мал эмнэлгийн тусламж үйлчилгээний хичээл орлоо. Цус алдалтыг хянах, чиг тавих зэрэг иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хичээлийг АНУ-ын армийн эмч удирдан явуулсан бол малын эрүүл мэндийг сахин хамгаалах, малын зонхилон тохиолдох өвчнийг илрүүлэх, эмчлэх мал эмнэлгийн зохистой дадал, мал эмнэлгийн хууль тогтоомжийн талаарх хичээл сургалтыг Монгол Улсын Мал эмнэлгийн хүрээлэгийн малын эмч удирдан явууллаа. Мөн АНУ-ын Армийн Иргэн цэргийн багаас орон нутгийн мал сүргийг арчлахад туслах зорилгоор мал эмнэлэг, эмнэлгийн хэрэгслийг хандивлав.

АНУ-ын Армийн Иргэн цэргийн багууд нь дэлхий даяарх түнш орнуудтайгаа хамтын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн АНУ-ын хүчин чармайлтын чухал хэсэг юм. Эмнэлгийн болон мал эмнэлгийн сургалт зэрэг эдгээр төслүүд нь иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой. Малчдын амьжиргааг бэхжүүлэх, Монголын ард түмэн хүнсний найдвартай хангамжтай болоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж байгаагаараа АНУ бахархаж байна

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Өнгөрсөн сард мотоциклын ослоор 9 хүн амиа алджээ DNN.mn

Он гарснаас хойш мотоциклийн ослоор 27 хүн амиа алджээ

Наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 818 дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас

  • Нийслэлд 16 хүн,
  • Орон нутагт 14 хүн гэмтэж бэртэж нийт 30 хүн гэмтэж бэртжээ.

Ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирсноос хөдөлгөөн эхлэхдээ 1 хүн, мотоциклтой 1 хүн, онхолдох ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 469 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 11 бүртгэгдсэнээс жолооч-6 холбогдож, явганаар 5 хүн зам тээврийн осолд холбогдсон байна.

Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикл холбогдсон 264 осол бүртгэгдсэнээс 136 хүн гэмтэж бэртэж, 61 эрдэнэт хүний амь хохирсон байна.

Өнгөрсөн долоодугаар сард мотоциклтой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж бэртэн 9 хүний амь хохирсон байна.

Мотоциклын ослоор гэмтэж бэртэж амь хохирч байгаа байдалд дүн шинжилгээ хийхэд төв магистрал аспалтан зам дээр бус шороон зам дээр сум баг дээр малын бэлчээр дээр хээр ихэнх тохиолдолд осолдож байна. Улмаар осолд холбогдохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явдаг нь тогтоогдож энэ байдлууд нь осолд холбогдох үндсэн шалтгаанууд болж байна. Энэ төрлийн ослын дийлэнх тохиолдолд айл гэрийн амьжиргааг залгуулж байдаг эцэг, эсвэл эрэгтэй хүүхдүүд нь холбогдсоноор өрх гэрийн амьжиргаанд шууд нөлөөлж хүүхдүүд нь өнчирч үлдэн эхнэрүүд нь өрх толгойлон үлдэж байгаа харамсалтай дүр зургууд хөдөө орон нутагт их тохиолдох боллоо.

Эх сурвалж: ТЦА

Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын ОУХА болон ДЭМБ-ын түншлэл Монгол Улсын Ковид-19 өвчинтэй тэмцэх эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах дэмжлэг үзүүллээ DNN.mn

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА буюу USAID) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аар дамжуулан Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-д мэдээллийн технологийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тасгуудад тараагдах энэхүү тусламж нь эрүүл мэндийн ажилтнуудын Ковид-19-тэй холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх чадавхийг бэхжүүлэхэд туслах юм.

Өнгөрөгч Баасан гаригт СЭМҮТ-д болсон уг арга хэмжээнд АНУ-ын ОУХА-ийн Захирал Томас Крэхан, ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга, доктор Г.Ганхуяг, СЭМҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор В.Баярмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, Доктор Ц. Ундрал болон ДЭМБ-ын мэргэжилтэн С.Болормаа нар оролцлоо.

Ноён Крэхан “Тэргүүн эгнээний ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд нь нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, Ковид-19 өвчтөний эдгэрэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг” гээд, “Монгол Улсын тогтвортой түнш, гуравдагч хөршийн хувьд АНУ нь өөрийн ОУХА-аар дамжуулан дэлхий нийтээр тулгараад буй эрүүл мэндийн энэхүү хямралыг даван туулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” гэлээ.

Энэхүү тусламж нь цар тахлын дэгдэлтийн эсрэг Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэхэд чиглэн хэрэгжүүлж буй АНУ-ын ОУХА-ийн ДЭМБ-тай хамтарсан үйл ажиллагааны чухал хэсэг юм. Тус хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн байгууллагуудыг эмнэлгийн тоног төхөөрөмж, чухал хэрэгслээр яаралтай хангах, өвчний цаашдын тархалтаас урьдчилан сэргийлэх, нэн шаардлагатай эрүүл мэндийн болон цар тахалтай холбоотой тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэж байна.

Өнөөг хүртэл цар тахалтай тэмцэхэд нь туслах зорилгоор АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 24.8 тэрбум гаруй төгрөг буюу найман сая ам. долларын туслалцаа үзүүлээд байна.

Categories
мэдээ цаг-үе

ГССҮТ-өөс Саппорогийн уулзвар хүртэлх замын нэг чиглэлийг өнөөдөр 22:00 цагаас эхлэн түр хаана DNN.mn

Авто замын засвар, дулааны шугамын шинэчлэлтэй холбоотойгоор зарим байршилд хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглож байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 7 дугаар хороо Ард Аюушийн өргөн чөлөөнд дулааны шугам засвар шинэчлэлийн ажил хийгдэхтэй холбоотойгоор өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны 22:00 цагаас наймдугаар сарын 8-ны 06:00 цагийн хооронд тухайн замыг хэсэгчлэн түр хаахаар болжээ.

Зурагт үзүүлснээр тухайн бүс нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-өөс Саппорогийн уулзвар хүртэлх авто замын нэг чиглэлийг хамааруулж байгаа юм.

Дээрх хугацаанд цагдаагийн алба хаагч нар хөдөлгөөнийг зохицуулах тул иргэд та бүхэн хөдөлгөөндөө анхаарал, болгоомжтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үертэй байгаа голууд DNN.mn

Туул гол — Википедиа нэвтэрхий толь

Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул үер усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар (2022.08.05) Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул голын зүүн хажуугийн Хурх, Барх, Балж зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 сантиметр нэмэгджээ. Үүр гол үерийн түвшнийг 25 сантиметр давсан байна. Хархираа, Хэрлэн, Халх, Улз голын адгаар усны түвшин 5-35 сантиметрээр нэмэгдсэн хэвээр байгаа юм.

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ.


2022 оны 08-р сарын 05-ны 20 цагаас 08-р сарын 06-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 7-ноос 08 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7 говь, талын нутгаар секундэд 12-14 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар хална.