Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

БНСУ Сар луу сансрын анхны төхөөрөмжөө илгээжээ DNN.mn

БНСУ Сар луу сансрын төхөөрөмж хөөргөх өрсөлдөөнт уралдаанд нэгдсэн дэлхийн долоо дахь улс болж, дэлхийн дагуул руу тойрог замын анхны төхөөрөмжөө илгээжээ.

KPLO (Korea Pathfinder Lunar Orbiter) төхөөрөмжийг өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Флорида муж улсын Канавералын хошуунаас “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужингаар орон нутгийн цагаар 19:07 цагт хөөргөжээ. Хөөргөснөөс 45 орчим минутын дараа төхөөрөмж 549 тонн жинтэй зөөгч пуужингаас амжилттай салсан байна.

“Энэ бол Солонгосын сансар судлалын түүхэн дэх маш чухал үйл явдал юм. Хэрэв бид сансрын аяллын технологийг хөгжүүлэхээр илүү шийдэмгий байх аваас ойрын ирээдүйд Ангараг гараг, солируудад хүрч чадна” гэж Солонгосын сансар судлалын хүрээлэнгийн дарга Ли Санг-Рюл мэдэгджээ.

“Pathfinder” нь 4.5 сарын дараа Сарны тойрог замд орох бөгөөд Сар орчмын сансрын орон зайд гүйцэтгэх даалгавраа нэгдүгээр сард эхлүүлнэ. Судалгаа нэг жил орчим үргэлжлэх боловч хугацааг нь сунгаж магадгүй байна.

Төлөвлөгөө ёсоор уг төхөөрөмж Саран дээр буух боломжтой газруудыг хайж олохоос гадна, “BTS” хамтлагийн “Dynamite” дууны дүрс бичлэгийг цацах замаар сансарт утасгүй интернэтийг турших юм.

Тойрог замын уг төхөөрөмжид НАСА-гаас өгсөн маш мэдрэмтгий “ShadowCam” камерыг суурилуулжээ. Энэ камераар Сарны туйлууд дахь тогоонуудын зургийг авах бөгөөд эрдэмтэд тогоонууд доторх мөсний хэмжээг тооцоолно гэж найдаж байгаа ажээ.

БНСУ энэ оны зургаадугаар сард дотооддоо бүтээсэн “Нури” зөөгч пуужинг сансарт амжилттай хөөргөсөн билээ. Уг зөөгч пуужингаар туршилтын хиймэл дагуулыг тойрог замд оруулсан юм. Тэгвэл БНАСАУ хиймэл дагуулаа 2012 онд тойрог замд гаргажээ.

Өмнөд Солонгосын Засгийн газар 2031 он гэхэд Сарны гадаргуу руу аппарат илгээхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянгол зочид буудлын автобусны буудлын хойд хэсгийн явган хүний замыг шинэчилж байна DNN.mn

Иргэдийн аюулгүй зорчих, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний болон дугуйн замуудыг шинэчилж буй.

Энэ хүрээнд Баянгол зочид буудлын автобусны буудлын хойд хэсгийн явган хүний замыг стандартад нийцүүлэн засаж эхэлжээ.

Уг замаар явган хүн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

зураг

Categories
мэдээ нийгэм

АТГ: 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв DNN.mn

Авлигатай тэмцэх газрыг татан буулгая – Өглөө.мн

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 27 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 713 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 699 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Баян-Өлгий аймгийн Толбо сумын цэцэрлэгийн эрхлэгч “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч “О” нь жолооч “С-д материаллаг хохирол учруулсан гэх;
  • Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн хамаарал бүхий этгээдэд газар олгох шийдвэрийг гаргуулж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Дундговь аймгийн Цагдаагийн газрын Гурвансайхан сумын хэсгийн цагдаа “Э” албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дээл” гэх газарт жонш хууль бусаар орборлох иргэн “П”-ээс хахууль авсан гэх;
  • Төв аймгийн Заамар сумын Засаг даргаар ажиллаж байсан “С” нь албан тушаалын тодорхойлолтод заасан байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, төрийн хяналтыг бүрэн хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.
Categories
мэдээ цаг-үе

Сүүлийн 1 жилд гадаад худалдааны эргэлт 30 хувиар өсчээ DNN.mn

Гадаад худалдааны эргэлт 5.6 тэрбум ам.доллар болжээ

Гадаад худалдааны энэ оны эхний долоон сарын гүйцэтгэлийг экспортын 133 942, импортын 160 983 гаалийн мэдүүлэг, бусад эх сурвалжийг үндэслэн гаргав.

Тайлангийн хугацаанд ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 14608, импортын 230 мэдүүлэг байв. Энэ оны эхний долоон сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 11 227.4 сая ам.доллар болж 2021 оны мөн үеэс 2647.6 сая ам.доллар буюу 30 хувиар өсжээ.

Экспортын дүн импортынхоос 1 702.0 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Экспортод 6 464.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар өссөн байна.

Экспортын барааны 99 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 5529.1 сая ам.доллар буюу 85 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 517.9 сая ам.доллар буюу 8 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 312.3 сая ам. доллар буюу 4.8 хувийг тус тус эзэлжээ. Эдгээр нь нийт экспортын дүнгийн 98 хувийг эзэлсэн байна.

Энэ оны эхний долоон сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 88.8 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 77.6 хувь, самнасан ноолуурын 86.0 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолжээ.

Дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 87 хувийг эзэлсэн байна.

Монгол улс дэлхийн 59 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 84 хувь, Швейцарт 7.6 хувь, Сингапурт 4.3 хувь тус тус ногдож, нийт экспортын 96 хувийг дээрх орнууд эзэллээ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна DNN.mn

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана болон явган хүний зам хуучирч муудсан тул засаж, шинэчлэх ажлыг уржигдар буюу наймдугаар сарын 6-ны өдөр эхлүүлээд байна.

Уг түшиц хана нь 1971 онд ашиглалтад орсон тул хуучирч муудан, хоёр талд нь байрлах угсармал бетонон шатыг холбосон явган хүний зам нь цөмөрч, хагарсны улмаас иргэд зорчих боломжгүй болоод байсан юм. Түүнчлэн 61 дүгээр байрны ойролцоох авто замаар шөнийн цагт хүнд даацын автомашин зорчдог тул түшиц хананд чичиргээ өгч, нурах эрсдэл үүсжээ.Тиймээс уг түшиц ханыг Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар наймдугаар сарын 25-ны өдөр гэхэд засварлаж дуусгахаар ажиллаж байна. Уг засварын ажлыг хийж гүйцэтгэснээр түшиц хана дээгүүр явган зорчигчид, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн аюулгүй зорчих боломжтой болно.

Засварын ажлын үеэр авто замын хөдөлгөөнд түр хугацаанд өөрчлөлт оруулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2022”-д дөрвөн аймгийн 8000 орчим иргэн хамрагджээ DNN.mn

Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон цусны даралт ихсэх өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэр дундаа залуусын дунд ч газар авч буй. Цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх үнэн, зөв мэдээлэл дутмаг, иргэд хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт зэрэг амьдралын буруу хэвшилтэй, мөн даралт ихсэлттэйгээ мэддэг ч эмчилгээ, оношилгоог бүрэн гүйцэд хийлгэдэггүй зэрэг нь энэ өвчний шалтгаан болдгийг мэргэжилтнүүд онцолдог.

Тиймээс ХААН Банк Сан, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг (УГТЭ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн телевиз (МҮОНТ) хамтран цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилготой аяныг өдгөө зургаа дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” энэ жилийн хувьд өнгөрөгч 6-р сараас Өмнөговь, Дорноговь аймгаас эхэлж, 8-р сард Орхон, Сэлэнгэ аймагт өндөрлөхдөө нийт 7777 хүнд хүрч, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулсан юм. Мөн орон нутгийн 240 эмч, мэргэжилтэн танхимын болон ажлын байрны дагалдах сургалтад хамрагдаж, мэдлэгээ цэнэглэлээ.

Аяны баг 6-р сард Өмнөговь, Дорноговь аймагт ажиллахдаа орон нутгийн иргэдэд үзлэг хийн, зөвлөгөө өгч, зорилтот бүлгийн 1355 иргэнийг төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулаад зогсохгүй 120 эмч, мэргэжилтэнд орчин үеийн эмчилгээний арга зүйгээр хангах танхимын болон ажлын байрны дагалдан сургалтыг зохион байгуулсан билээ.

Энэ удаад харин Орхон аймагт 1226 хүнд цусны даралт ихсэлтийн эрсдэлийн үнэлгээг, 1016 иргэнд төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог хийж, зөвлөгөө зөвлөмжийг өгсөн байна. Мөн Сэлэнгэ аймагт цусны даралт ихсэлтийн эрсдэлийн үнэлгээг 1073 хүнд, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог 851 иргэнд хийжээ. Түүнчлэн цусны даралт ихсэх өвчин болон өөр олон эмгэгийн шалтгаан болдог зохисгүй хооллолт, амьдралын буруу хэвшлээс сэргийлэхэд нь зориулан эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг хүмүүст түгээхэд ч онцгой анхаарч ажилласан юм.

ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн хамгаалахын төлөө хэрэгжүүлдэг энэхүү аян ирэх жилүүдэд ч үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Хараа, Ерөө, Хэрлэн голын усны түвшин маргааш 5-15 см-ээр нэмэгдэнэ DNN.mn

Голуудын усны түвшин 5-50 см даван үерлэж байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр маргааш буюу 9-нд Хэрлэн гол Багануур дүүрэг, Ерөө гол Дулаанхаан сум, Хараа гол Дархан хот орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс дээр дурьдсан голуудын дагуух суурин газрын иргэд, малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Мөн өнөөдрийн байдлаар Улз, Халх болон Хөвсгөлийн уулаас эхтэй Үүр, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын үерийн түвшин 5-30 см давжээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 124 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын ОАТ-ын 5 хувийг суутгана –  Mapple.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1449, хулгайтай холбоотой 21, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 95, гэмт хэргийн шинжтэй 78 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 114, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 107, хүний биед халдсан 62, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 103, эрүүлжүүлэх байранд хоносон 124, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 45 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2022 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 15-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр нутгийн өмнөд хэсгээр хур бороо багатай халуун байх боловч, хугацааны сүүлчээр ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ.

Хур тунадас: 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн хойд хагаст, 13-нд баруун, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд зарим газраар, 11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд нутгийн өмнөд хэсгээр халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 13-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас банк, ШТС-уудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдэл хүргүүлжээ DNN.mn

Ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу банк болон iатахуун түгээх газруудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдэл хүргүүлжээ. Хэрэглэгчдээс “Банкнууд нь иргэд, үйлчлүүлэгчдийг ариун цэврийн өрөөг хэрэглэх боломжоор хангадаггүй, төлбөртэй ашиглуулж байгаа нь хууль зөрчиж, хохироож байна” гэх гомдол мэдээлэл ирүүлсэн байна.

Эрүүл ахуйн тухай хуулийн .5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” хэмээн заажээ. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд үйлчлүүлэгчдэд зориулсан, стандартын шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, олон нийтэд төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах мэдэгдэл хүргүүлсэн байна.