Categories
мэдээ цаг-үе

Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс 41.034 ширхэг суудлын автомашин импортолжээ DNN.mn

Суудлын автомашины импорт ТҮҮХЭН ДЭЭД хэмжээнд хүрлээ

Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс 41,034 ширхэг суудлын автомашин импортолжээ.

Энэ нь 2021 оны мөн үеэс 18.7%, 2020 оны 26.5% тус тус өссөн дүн байна.

Монгол Улсын импорт эхний долоон сарын байдлаар өнгөрсөн оныхоос 24% өсөж, 4.8 тэрбум ам.долларт хүрснийг Гаалийн ерөнхий газар танилцуулсан. Үүний 97.6 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа юм.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 15.2% буюу 721.8 сая ам.доллар нь машин механик, тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл эзэлжээ.

Автомашины импорт цар тахлын хоёр жилд буурсан бол эргээд өсөх хандлагатай байна.

2020 онд импортолсон суудлын автомашины дундаж үнэ 5.6 мянган доллар байсан бол 2021 онд 6.9 мянган доллар болж 25% нэмэгдээд байсан юм.

ҮСХ-ны судалгаагаар Улаанбаатар хотод бүртгэлтэй суудлын автомашины тоо 2021 оны эцсийн байдлаар 478,469 болоод буй. Энэ нь өмнөх оноосоо 31 мянга орчмоор нэмэгдсэн үзүүлэлт. Харин нийт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 2021 оны эцсийн байдлаар 662,644 байна.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 362 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Иммунолог спрогнозировал пик заболеваемости COVID-19 в России - РИА  Новости, 26.01.2022

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 362 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр батлагдсан тохиолдлын

  • 203 нь нийслэлд
  • 159 нь орон нутагт бүртгэгдэв.

Ингэснээр манай улсад батлагдсан коронавируст халдварын тохиолдлын тоо нийт 962,494 боллоо.

зураг

Орон нутагт илэрсэн халдварын тоог аймгаар нь авч үзвэл, өнгөрсөн хоногт Дорноговь аймагт хамгийн их буюу 84 тохиолдол батлагдсан байна. Мөн Өмнөговь аймагт 40 тохиолдол илэрчээ. Түүнчлэн Ховд, Орхон, Дархан-Уул, Сүхбаатар зэрэг аймагт коронавируст халдварын тохиолдол нэмж бүртгэгдэв.

зураг

Иргэд та бүхэн халдвараас өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахын тулд олон нийтийн газарт амны хаалтаа тогтмол зүүнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Б.Мөнхбаяр: Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг DNN.mn

Улаанбаатар хотын авто замын сүлжээ 1,181.5 км-ээр хэмжигдэнэ. Эдгээрээс гол болон туслах зам 711.3 км, орон сууцны хороолол доторх зам 470.2 км байдаг.

Нийслэлийн хэмжээний авто замыг тохижилт үйлчилгээний 15 компанийн 650 гаруй үйлчлэгч нар цэвэрлэдэг. Өдөр бүр үүрийн жингээр ажилдаа гардаг зам талбайн үйлчлэгчийн ажлын ачаалал багагүй. Хойшид гараар цэвэрлэх үйлчилгээг багасгаж, тусгай зориулалтын авто машины цэвэрлэгээг нэвтрүүлэх бодлогыг нийслэлийн зүгээс баримталж байгаа юм.

Авто замын цэвэрлэгээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтэс мэргэжилтэн Б.Мөнхбаяраас тодрууллаа.

зураг

-Улаанбаатар хотын авто замын арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 15 байгууллага хариуцан ажилладаг байна. УБЗАА-ны зүгээс эдгээр байгууллагын уялдаа холбоог хангаж, удирдан зохион байгуулах үүргийг хүлээдэг. Авто замын цэвэрлэгээг өдөр тутамд хийж гүйцэтгэдэг.

Усалгаат цэвэрлэгээг тусгай зориулалтын шүүрт машинаар хийдэг. Шүүрт машин нийслэлийн хэмжээнд 42 бий. Цаашид гараар цэвэрлэх үйлчилгээг машинтай цэвэрлэгээнд шилжүүлэх бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд энэ ондоо багтаан 28 шүүрт машиныг хатуу хучилттай замын цэвэрлэгээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа.

– Машинаар цэвэрлэхдээ хоёр машин ар араасаа дагалдаж явдаг нь ямар учиртай вэ?

– Авто замын хашлага, нуух хэсгийг бүрэн цэвэрлэх, тоосжилтыг бүрэн соруулах үүднээс хоёр машиныг ар араас нь явуулдаг. Энэ хоёр машины өдрийн норм 70-80 мянган ам метр талбай. Шүүрт машинд APU, MCS компаниудын хэрэглээнээс гарсан саарал усыг голчлон ашигладаг. Усалгаа, чийгшүүлэлтэд мөн саарал ус ашигладаг. Нэг машин 3-4 тонны багтаамжтай байдаг.

– Авто замын цэвэрлэгээг үүрээр голчлон хийдэг нь замын ачаалалтай холбоотой юу?

– Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сийрэг, замын ачаалал бага байх үед цэвэрлэгээ хийх болон хог тээвэрлэдэг онцлогтой. Цэвэрлэгээ үйлчилгээ үүрээр 04:00 цагаас эхэлдэг.

Зам талбайн үйлчлэгч нар 05:00 цагаас ажлаа эхэлдэг. Өнөөдрийн тухайд шүүрт машинууд хотын алслагдсан тууш замууд буюу Толгойт, Баянхошуу, Тахилт, Моносын уулзвар, Дүнжингаравын замуудад ажиллаж байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ

Тайлбар байхгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн хүндэт харуулын туганд мэхийн ёсолж, цэргүүдтэй мэндчилэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

Categories
мэдээ нийгэм

400 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалжээ DNN.mn

Гал түймрийн аюулаас 115 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийт 20 удаагийн дуудлага бүртгэгдсний 13 нь гал түймрийн, долоо нь аврах ажиллагааны дуудлага байжээ. Дуудлагаар нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 400 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гарган, аюулгүй байдлыг хангасан байна.

Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1223, ой, хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 129 буюу нийт 1357 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлт гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсыг дэлхийд сурталчлах нэг том гарц шашин, соёлын Даншиг наадам DNN.mn

“Даншиг наадам-Цам
хүрээ 2022” шашин, соёлын
наадам өнгөрсөн амралтын
өдрүүдэд Хүй долоон худагт
боллоо. Даншиг шашин,
соёлын наадмыг анх 1639 онд
Өндөр гэгээн Занабазарыг
монгол түмний шашны тэргүүн
анхдугаар Богд Жавзандамба
хутагтын ширээнд өргөмжлөн
залах үеэс тэмдэглэж эхэлсэн
уламжлалтай. Даншиг
шашин соёлын наадам нь
Монголын соёл, шашны
зан үйл уламжлалт хэв
шинжийг хадгалсан өвөрмөц
уламжлалтай, монголчуудын
эв нэгдлийг дээдлэх, үзэл
санааны бэлгэдэл гэсэн
утгыг баримталдаг үндсэн
гол зарчим, онцлогтой бөгөөд
энэхүү шашны зан үйл ёслолыг
2015 оноос дахин сэргээн
хийж эхэлсэн билээ.

Манай сурвалжлах баг
Даншиг наадмыг сурвалжлахаар Хүй долоон худгийг
зорив.
Шашин соёлын наадмыг
нээж Нийслэлийн Засаг
даргын нэгдүгээр орлогч
Ж.Сандагсүрэн “Бид нийслэл
Улаанбаатар хотыг олон
улсад сурталчлах, тусгай
сонирхлын аялал жуулчлалыг
хөгжүүлэх, өв уламжлалаа
түгээн дэлгэрүүлэх зорилгоор
“Даншиг наадам – Хүрээ цам”
шашин соёлын наадмыг
Монголын Бурхан шашинтны
төв Гандантэгчэнлин хийдтэй
хамтран зохион байгуулж
байна. Өндөр гэгээн Занабазар
“Өргөө” нэрээр анх байгуулж
байсан Улаанбаатар хот эдүгээ дэлхийн хотуудтай мөр
зэрэгцэн өргөжин хөгжсөөр
байна.


100 гаруй жилийн турш
тасраад байсан монголчуудын
уламжлалт их наадам болох
“Даншиг наадам-Хүрээ цам”
шашин, соёлын арга хэмжээ нь
аялал жуулчлалын салбарыг
сэргээж хөгжүүлснээр Монгол
Улсыг дэлхийд сурталчлах
томоохон үйл ажиллагаа болж,
эдийн засгийн үр өгөөжийг
нэмэгдүүлэхээр зорьж байна”
хэмээв.
Гандантэгчэнлин хийдийн
тэргүүн хамба Д.Чойжамц
“Их хүрээний 15 дугаар
хамба Номун хаан, Дээрхийн
гэгээн дөрөвдүгээр Богдын
үүсгэсэн Их хүрээ цамын
биет болон биет бус соёлыг
хамгаалах, сүсэгтэн олны
гэгээрэл хүслийг хангах,
улс орныхоо шашин соёлыг
бэхжүүлэх, дэлхий дахинд
уламжлалт нандин өв соёлоо
танилцуулах эрхэм зорилго
бүхий наадам юм. Бурханы
шашны бага таван ухааны
бүжиглэлийн ухаанд багтах
цам нь Даншиг наадмын гол
онцлог юм” хэмээв.
Хүрээ цамын ёслолыг
Гандантэгчэнлин хийдийн
эрдэмт хуврагууд 1999 оноос
уламжлал дэг ёсны дагуу
сэргээн тавьж эхэлсэн байна.
Түүнээс хойш өдгөөг хүртэл
жил бүр дэглэсээр иржээ. Цамын үеэр Очирваань
бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн,
мөн нийслэл хотыг хүрээлэх
дөрвөн дагшин уулын эзэд
болох Хангарьд, Гахай, Нохой,
Хөх өвгөн бүжин наадна.
Шашин соёлын баярт 120 гаруй
цамчин оролцож байна.

Цам
нь хортон дайсан, ад зэтгэрийг
догшдын хөдөлгөөнөөр даран
сөнөөж буй бэлгэдлийг уран
яруу хөдөлгөөнөөр үзүүлдэг
онцлогтой байна.
Хүрээ Цамдан шиг
наадмыг аялал жуулчлалын
бүтээгдэхүүн болгох зорилготой. Шашин шүтлэгтэй,
бурхан шашныг хүндэтгэдэг
иргэд төдийгүй гадны зочид
төлөөлөгчид, жуулчид ч энэ
наадмыг зорьж ирсэн байлаа.
Энэ удаагийн наадамд
Элчин сайд ын яа мд ын
төлөөлөл, болон олон улсын
байгууллагуудын төлөөллүүд
ирснэээрээ онцлог байв.
Тус наадмын эхний өдөр
жуулчдад зориулсан аялал
жуулчлалын үзэсгэлэн,
хязаалан насны морьдын
уралдаан, Өндөр гэгээний
дүрд мандал өргөх, хүрээ
цам харайх ёслол, хүчит
бөхийн барилдаан зэрэг болж
өнгөрсөн юм.
Даншиг шашин, соёлын
наадам нь хүрээ цам харайх
ёслолоор үргэлжлэв.

Хүрээ цам харайх ёслолын
талаар Гандантэгчэнлин
хийдийн олон нийттэй харилцах албаны дарга
Ч.Бямбажаргал “Даншиг нь
1636 онд алтан ургийн халх
Түшээт хан Гомбодоржийн хүү
Өндөр Гэгээн Занабазарыг
Монголын бурхан шашны
тэргүүнд залж Монголд
даншиг наадам зохион
байгуулж байсан түүхтэй.
Үүнээс хойш үеийн үед даншиг
наадмыг тэмдэглэж ирсэн
уламжлалтай. Даншиг гэдэг
бол бат оршил гэсэн утгатай.
Хүрээ цам нь 1811 онд анх IV
Богдын болгоолоор үүссэн.
Тэрнээс хойш Жадарын
хамба Агваанхайдав ламын
туурвисан “Дансранжамцын
гарчим” номон дээрээс эх
сурвалж авч, улам баяжуулж
Монголын онцлог, уламжлал,
хэв маягт тулгуурлан бүтээсэн
байдаг. Монголыг даасан
бурхан болох Очирваань
бурхан, дөрвөн хайрханы
савдаг, алиа хошин байдалтай
цагаан өвгөн тэргүүтэй
дүрүүд ээлжлэн гарч ирдэг.
Бусад газруудын цам бол
өөр өөр байдлаар голлодог
бол Монголын хүрээ цамд
Дамдинчойжил голлодог
ёстой. Цам нь бурханы
шашны бага таван ухааны
нэг бүжиглэхүйн ухаанд ордог
ч гэсэн бүжиглэж байгаа
утга агуулга нь бол бурханы
шашинд тарнийн ёсны хатуу
үйлд багтаж явдаг. Цамлаач
лам нар нь бурхадын баг,
өмсгөл, чимэг, барьцуудыг
хийж хэрэглэх ёстой байдаг.
Ядамын ван эрх авшигийг
хүртэж, Дамдинчойжил
сахиусны дархан соёрхлыг
хүртээд цамд гардаг түүхтэй.
Тийм учраас цам цамнаач
лам нар маань тарнич дам
гэсэн үг юм. 2015 оноос хойш
даншиг наадмыг хүрээ цамтай
нийлүүлэн сэргээж гаргаж
эхэлсэн.

Энэ бол Монголын өв
соёл хэмээн үзэж нийслэлийн
Засаг даргын тамгын газар
ажлын алба байгуулж хамтарч
хийж байгаад 2018 оноос мөн
Аялал жуулчлалын газартай
нийлж энэхүү үйл ажиллагааг
зохион байгуулж жуулчдад
зориулсан аялал жуулчлалын
бүтээгдэхүүн болгох
зорилготой ажиллаж байна.
Ковидын улмаас 2020,2021
онд энэхүү үйл ажиллагаа
тасалдсан ч Хүрээ цам харайх
ёслол ийнхүү сэргээгдэн
зохион байгуулагдсан. Энэ
жил хөтөлбөрүүдийн байр нь
өөрчлөгдсөн. Урьд жилүүдэд
эхний өдөр их Очирваанийн
тахил болж, бөх барилддаг,
дараа өдөр нь цам харайх
ёслолоо хийдэг байсан бол энэ
жил эхний өдрөө цам харайх
ёслолоо хийж, дараагийн
өдөр Их Очирваанийн
тахилгыг үйлдэж, мөн Эзэн
Чингисийн тахилга санг
тавина. Мөн хүчит 256 бөхийн
барилдаан боллоо. Хүрээ
цам даншиг наадмын онцлог
нь бөхчүүдийг сугалаагаар
барилдуулдаг. Мөн жороо
морьдын уралдаан, байт
сурын харваа, морь уралдах
хөтөлбөрүүд байв. Лам нарын
дунд гурван төрлийн тэмцээн
болдог. Нэгдүгээрт, ном
хаялцах буюу мэтгэлцээний
тэмцээн болдог. Энэ нь
буддын гүн ухааны таван
толь ботиудаас лам нар ном
хаялцах юм. Хоёрдугаарт,
балин урлалын тэмцээн буюу
арван хангал гэж догшин
сахиусны урлалын тэмцээн
болсон юм.

Гуравдугаарт,
газар газраас унзад лам
нар ирж арван хангалын ая
тангаас сугалаагаар сугалаад
өөртөө таарсныг уншдаг, ая
танг нь хийж татдаг тэмцээн.
Өөрсдийн намба байдал,
хоолойны өнгө, уншлага,
цангийн цохилт зэргийг харж
шүүдэг” хэмээв.
Хүрээ цамхарайх
ёслолын үеэр бороо орж түр
завсарласан ч бороо зогссоны
дараа хүрээ цам харайх ёслол
үргэлжлэх үед талбайн суудал
битүү дүүрсэн байв.
Мөн шашин, соёлын
наадмын үеэр монголчуудын
их шүтээн Очирваань
бурханы тахилга, Эзэн
Богд Чингис хааны тахилга
болж, лам нарын дунд
ном хэлэлцэх-мэтгэлцэх,
балин тосон урлал, хурал
номын ая эгшиг унзад голч
нарын тэмцээн болсон
юм. Хязаалан, их насны
морьдын уралдаан, морьт
сурын харвааны үзүүлбэрийг
ч зохион байгуулав.
Мөн “Даншиг наадамХүрээ цам 2022” шашин
соёлын наадмын үеэр
жуулчдад зориулан Аялал
жуулчлалын үзэсгэлэнг дэлгэсэн билээ .
Нийслэлийн 60 гаруй жижиг,
дунд үйлдвэр, үйлчилгээ
эрхлэгчдийн бизнес өв
уламжлал шингэсэн,
жуулчдын сонирхлыг
татахуйц гар урлал болон
үндэсний үйлдвэрлэлийн
бүтээгдэхүүнийг үзэсгэлэн
худалдаанд дэлгэжээ.
Гадаадын жуулчид өв
соёлыг агуулсан бүтээл,
бүтээгдэхүүнүүдийг илүү
сонирхож байлаа.
Энэ үеэр үзэсгэлэнг
сонирхож буй ХБНГУ-ын
жуулчин Макс “Монгол
Улсад анх удаагаа ирж
“Даншиг наадам-Цам хүрээ
2022” соёлын наадамд
оролцож байна. Үндэсний
их баяр наадмыг үзэж
оролцож чадаагүй учраас
наадам болж буйг сонсоод
ирэхээр шийдсэн. Жуулчдад
зориулан үзэсгэлэн
худалдаа гаргасан байна.
Анх удаагаа ирж үзэж байгаа
учраас Хүрээ цам харайх
ёслол үнэхээр сонирхолтой
санагдсан. Үзэсгэлэнгээс
морины хэрэгсэл ташуур,
хазаар, эмээл зэрэг илүү
таалагдлаа. ХБНГУ-д иргэд
майхантай хамаагүй хонож,
буудаллаж болдоггүй.
Энд хүмүүс хүссэн газраа
майхнаа барин хоноглож явж
байгаа нь үнэхээр сайхан
байна.

Би явган аялалаар
аялдаг. Тийм болохоор
чөлөөтэй майхнаа барихгүй,
заавал бүртгүүлж, мөнгө
төлж майхнаа барьдаг. Энд
их чөлөөтэй сайхан байна.
Монголын байгаль үнэхээр
сонирхолтой байна” хэмээн
сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Хоёр өдөр үргэлжилсэн
энэхүү “Даншиг наадам –
Хүрээ цам 2022” шашин,
соёлын наадам нь өчигдөр
лам нарын залбирал, ерөөл
айлдаж, хүчит 256 бөхийн
барилдаанаар өндөрлөлөө.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-д оршин сууж байгаа иргэдийн анхааралд DNN.mn

БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер усны аюул үүсч 7 хүн нас барж, 6 хүн сураггүй болоод байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан суугаа орны Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “Ноцтой” түвшинд хүргэж нэмэгдүүлэв.

Төвийн бүс нутагт бороо үргэлжлэн орж барилга байгууламж усанд автах, замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа доголдох, хөрсний гулгалт үүсэх зэрэг эрсдэл үүсч байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байна уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Чимэгбаатар: Өнөө үед хурцаар илэрч буй тэнэгрэл өвчин биднийг мөхөлд л хүргэнэ DNN.mn

Хэл бичгийн ухааны
доктор Ч.Чимэгбаатартай
ярилцлаа.


-Манайхны нийтлэг
гаргадаг үйлдэл, дадал
зуршил, характер бусад улс
орныхноос өөр байна уу.
Гар утсаа зай завгүй ухаж
бусдын хувийн амьдралыг
шүүж, цэцэрхэж өдрийг
барж байгаа нь анзаарагдах
юм?

-Монголчуудын араншин
бусад улс үндэстнээс өөрийг
бид мэднэ. Энэ өөр нь зогсонги
чанар биш, дотоод болон
гадаад орчин нөхцөлийн
өөрчлөлт, хөгжил, харилцаа,
бусад хүчин зүйлийн
нөлөөгөөр аажмаар хувьсан
өөрчлөгдөж, эдгээрийн зарим
нь урьд өмнө бидэнд далд
оршиж, илрээгүй байсан
олон шинж нь ямар нэгэн
хүчин зүйлээр өдөөгдөн илэрч
байдаг хөдлөнгө үзэгдэл юм.
Тийм өдөөлтийн нэг нь нүүр
ном юм. Энэ бол түүхэн шинэ
үзэгдэл, хэрэгсэл. Хүмүүсийн
өдөр тутмын хэрэглээ нэгэнт
болжээ. Үүнийг хэрхэн, ямар
цаг хугацаанд хэрэглэх нь
хүний хувийн явдал. Надад
бол, нийгэм нүүр номтой хэрхэн
харьцаж, хэрхэн хэрэглэж
байгаа нь ажиглалтын бай
юм. Би судлаач хүн учраас
энэ хэрэгсэл буюу нүүр ном
бидний далд ямар араншин,
үндэстний сэтгэлгээний ямар
шинжийг өдөөн илрүүлж
байгаа нь тун ажиглууштай
анзаарууштай санагддаг. Би
бусад улс үндэстний нийгмийн
харилцааны сүлжээг анзааран
уншдаг. Би тэр бүр олон
ялгааг дурдахгүй, нийтлэг гол
зүйлийг л базаад хэлье.
Хэрэглэгч харилцагчид нь
хувийн явдал, мэдээллийг ил
гаргаад байдаггүй. Манайхан
шиг, гэрийнхнийхээ зургийг
өдөр бүр тавиад л, хайртай
шүү гэж нүүр номоор дамжуулж
сэтгэлээ илчлээд л, хувийн
нууцлууштай мэдээллийг тэр
бүр ил гаргаад байдаггүй.
Ингэхээр харилцааны зорилго
агуулга тун тодорхой байдаг.
Амин хувийн, бусдад хэрэггүй
зүйлийг, жишээлбэл, манайхан
шиг идэж байгаа хоолоо
тавиад л “ингээд л сууж байна
даа” гэж бусдад гайхуулах
юм байхгүй. Энэхнээс олон
зүйл анзаарагдана. Өөр
бичих юм байхгүйдээ л
манайхан ингэж байгаа хэрэг.
Өөрийгөө хүчилж байгаа
хэрэг. Ингэснээр тодорхой
хүрээнд байр суурьтай болж
байгаа, түүнийгээ бататгаж
байна гэж итгэж байгаа хэрэг.
Энэ нь манайхны мэдлэг
боловсролын хэмжээ ,
нийгмийг ойлгох чадвар,
юуг ойлгох ёстой, юуны
төлөө зорих ёстой гээд олон
зүйлийн толь тусгал болж,
үүнийг илрүүлэх хэрэгсэл
нь нийгмийн сүлжээ болж
байна.
Гадныхан хувийн
нууцлалаас гадна нууцлал ч
гэж дээ, тэд бусдад мэдүүлэх
зүйл, мэдүүлэхгүй зүйлийн
ялгаа заагийг сайн мэддэг
учир бусдад тавьж байгаа
зүйл нь зорилготой байдаг.
Ингэхээр цаана нь юу үлдэхэв
гэвэл ерөөсөө л “нийгэм ба би,
дэлхий ба бид” гэсэн харьцаа
харилцааны бүх зүйл үлдэнэ.
Энэ бол үнэ цэнэт харилцаа.
Манайхан энэ үнэ цэнэ
гэдгийг огт мэдэхгүй, бусдад
хэрэгтэй юм бичиж байна гээд
л сургаал, цэцэн үг өдөржин
хайж түүж сургамжлан бичээд
байдаг. Гэтэл өөрөө бусдыг
сургамжлах хүн мөн үү, өөрөө
яагаад тэр үгийг мөрдлөг
зарчим болгохгүй байна,
өөрийнх нь мэдлэг чадвар,
хүмүүжил боловсрол, шударга
чанар гээд олон шинж үүнтэй
нь зөрчилддөг. Сүүлдээ бүр
элдэв балай үг зохиогоод
л, доор нь Чингис хаан гээд
биччихдэг, тэрийг нь манайхан
мэдэхгүй шейрлэн хувилаад
тараагаад байдаг. Маш олон
зүйл эндээс харагддаг. Энэ
тухай хойшхон дурдана аа.
Энэ мэт ол он юмыг
ажиглахаар манай нүүр номын
ертөнц эрээвэр хураавар
худал хуурмаг мэдээлэл,
эцэсгүй хэрүүл тэмцэл,
мэдэмхийрэл цэцэрхэл,
элийрэл тэнэгрэлийн
холион бантан том тогоо
мэт л харагдана. Энэ том
тогооны гол хачир нь, гэр
бүл, найз нөхдийн аар сар
явдал сонирхол, эрт өдгөөн
шагнал магтаалаа яаж ийгээд
сэдэлжүүлээд гаргаж тавьдаг
зэрэг шинжийн зүйлс. Өчүүхэн
бага хувь нь танин мэдэхүйн
үнэ цэнэт мэдээлэл.

-Бид хэтэрхий завтай
байна уу. Бусдын бичсэн
нийтлэлийн дор цэцэрхэж
өөрийнхөө мөн чанартай
зөрчилддөг олон жишээ
байх юм.

-Тийм ээ, хэтэрхий завтай
байна. Яаж завгүй байх учраа
олохгүй байна. Завгүй байх
юмсан гэдэг хүсэл мөрөөдөл
их байна. Харамсалтай нь,
завгүй байлгах нөхцөлийг
нь төр засаг бүрдүүлж өгч
чадахгүй байна, өөрөө ч
хичээхгүй байна. Манайх
хүн-нийгэм, төр-нийгэм гэсэн
харилцааны бүтэц, систем
боловсронгуй болох ёстой
өдий байна. Үүний учрыг нэг
бүрчлэн дурдаад яахав.
Манай ард түмний ,
амьдралд хандах уламжлалт
сэтгэлгээний сөрөг шинжүүд
нь өөрчлөгдөж чадахгүй
байсаар өдий хүрлээ. Бид
бүхний л мэддэг шинжүүд
шүү дээ, залхуу, худалч,
хариуцлагагүй, юу эс байхав,
тэр бүгд. Энэ шинжүүдийг
эртний уран зохиолд ч
шүүмжилсэн л байд аг,
Д.Равжаа В.Инжинаши болон
бусад соён гэгээрүүлэгчид
ч маш хурц шүүмжл эн
бичсэн л байдаг. Тэдний үед
манайх Манжийн дарлалд
байсан учраас ард түмний
харанхуй бүдүүлэг байдал,
оюун ухааны дорой байдал,
идэвхгүй байдал, эрдэмгүй
гэгээрэлгүй байдал, аж
төрлийн арчаагүй байдал,
аймхай мохоо байдал гээд
олон зүйлийг харж мэдрээд,
ийм байж яаж энэ дарлалаас мултарна даа гэх бухимдал,
цөхрөл, гашуудал, эмгэнэл нь
сэтгэлийн гүнээс тийм хатуу
үгээр илрэн гарсан байдаг.
Тэр шүүмжлэлт байдал
одоо ч хэвээрээ. Та нар
нэг зүйлийг анхаараарай.
Тэр үетэй харьцуулахад,
дотоодод байтугай гадаадад
их сургуульд сурсан, төгссөн
нь толгой дараалан болжээ.
Манай яам газрууд бүгд тийм
ажилтнаар дүүрсэн. Гэтэл
яагаад хөгжихгүй байна,
яагаад ухамсар хүмүүжил
сайжрахгүй байна. Ингэхээр
ард түмнээ боловсролтой л
болгочихвол бүх юм болчих
юм байна гэх итгэл үнэмшил
бас л гол зүйл биш болох
нь амьдралаар батлагдлаа.
Тэгвэл тэр орхигдсон, бидний
мэдээгүй, мэдрээгүй тэр гол
зүйл юу вэ? Би хэлж байгаа
зүйлээрээ тэрийг дам танд
хэлээд байгаа гэж бодож
байна.
Энэ учрыг ойлгоогүй
олонх өөрийгөө гэгээрсэн
мэт харагдуулахыг хүчлэн
хичээх болсон нь маш
эмгэнэлт үзэгдэл. Ингэх нь
манайд нийгмийн түгээмэл
шинжтэй болж байна. Олон
жилийн маш буруу бодлого,
нийгмийн туршлага ингэж
илэрч байна. Өөрийнх нь
ухамсар дорой атал бусдыг
сургах утгын үг хийсвэрээр
цээжлэх, тухайлбал нүүр
номд бусдын бичсэн зурвасын
доор шударгын туйл сэтгэгдэл
бичих, ярих зэргээр өөрийнхөө
мөн чанартай зөрчилдөх
тэрсэлдэх, үүндээ итгэх,
өөрийгөө “нийгэмд нөлөөлөгч”
гэж бодох эмгэг хийрхэл
түгээмэл боллоо.

– Бидэнд нийтлэг
ажиглагддаг энэ хандлага
нэг төрлийн эмгэг үү. Та юу
гэж тодорхойлох вэ.

-Тийм ээ, эмгэг. Гарцаагүй.
Хувь хүний эрүүл мэндэд
удамшлын хүчин зүйлийг
улам их ярих боллоо. Манайд
ч тэр, эмнэлэгт үзүүлэхэд
эмч нар удамд чинь үүгээр
өвдсөн хүн бий юү, гэж асуух
нь улам л түгээмэл болж
байна. Улс үндэстэн ч үүнтэй
яг адил. Улс үндэстний эрүүл
мэнд, бүхий л сайн саар
шинж нь удамшилтай буюу
уламжлалтай нь холбоотой.
Манай уламжлалд тун муу
шинж бий шүү. За би цухас
дурдъя. XIX зууны сүүл
хагаст байх аа, манай нутгаар
явсан гадаадынхан бусад улс
үндэстэнд анзаарагддаггүй
байдлыг мэджээ. Манай
их олон хүнд дебил буюу
тэнэгрэлийн шинж, асуусан
юмыг ойлгодоггүй, хариулж
чаддаггүй, мангаагаад
хөшчихдөг, оюуны хомсдолын
шинж илэрч байж. Тэгээд
түүнийг монголизм гэж
нэрлээд, олон улсад
бүртгэгдээд хэвшчихсэн л дээ.
БНМАУ-ын үед, тэр нэршлийг
болиулах гэж, лав миний
мэдэхээр 60-аад онд манай
засгийн газар ДЭМБ-д хандаж
л байсан.
Би тэр тухай ном, 1908
онд билүү дээ, Европт гарсан
номыг харж л байсан. Номын
нэр нь Монголизм. Би боддог
л юм, тэр өвчин гол нь цус
ойртолтоос үүдэлтэй тэнэгрэл
биз. Бусад дагалдах учир
шалтгаан ч бий. Энэ шинж
тэр үед үндэстний түгээмэл
шинжийн хэмжээнд очсон
нь тун ноцтой. Тэр түгээмэл
шинж бүрмөсөн устаж үгүй
болоогүй. Болохгүй. Далд
хэлбэрт ороод тохиромжтой
нөхцөлийг хүлээдэг. Яг л амьд
биет мэт. Үндэстний шинжийн
онол ч, анагаах ухаан ч үүнийг
баталдаг. Хувь хүний бие
организмд тодорхой нөхцөл
бүрдэхэд удамшлын өвчин
илрэн гардаг. Яг л үүнтэй
адил. БНМАУ-ын үед явуулсан
нийгэмч бодлогын үрээр тэр
шинж бараг л устаж үгүй
болсон. Гэвч тохиромжтой
нөхцөл бүрдэнгүүт тэр шинж
сэдрэн гарч ирсэн нь дурдаад
байгаа, одоох, нийгмээрээ
шизофренитэх шинж. Энэ
удаа тэртээ цагийн номой
дорой тэнэгрэлийн шинж яг
эсрэгээр, мунхагийн түрэмгий
шинж, өөрийгөө хүчлэн,
мэдэгчийн дүрд, удирдагчийн
дүрд орох зэрэг шинжид
мутацилагдсан нь нийгмийн
сүлжээгээр илэрч байна. Ийм
байдлын үр хөврөл нь тэртээ
цагт тэр гадаадын судлаачдын
илрүүлж томьёолсон тэр
монголизм гэх өвчин гарцаагүй
мөн. Шизофрени өвчний “агуу
ихийн тэнэгрэл” гэх хам шинж
нь бидний өнөөгийн нийгмийг
тодорхойлж байна.

-Тийм бол ийм эмгэг
биднийг юунд хүргэх вэ?


-Нийгмийн энэ эмгэг
биднийг үндэстний мөхөлд
хүргэнэ. Биднийг цэрэг зэвсгээр
эзлэх түрэмгийлэл ирэхгүй.
Энэ эмгэгийг улам дэвэргэх
аргаар л хэрэгжүүлчихнэ.
Дэвэргэх аргыг янз бүрээр
гоёж чимэглэсэн -изм, бусад
үзлээр хачирлан хүчирлэн
хэрэгжүүлнэ дээ. Үүнд
нийгмийн сүлжээ гол хэрэгсэл
нь болчихоод нийгэм нь тэр
чигээрээ тийшээ ханаран орж
буй нь аюул.

Categories
мэдээ цаг-үе

НҮБ-ын тэргүүн 13 жилийн дараа Монгол Улсад айлчилж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчилж байна. Өчигдөр орой Улаанбаатарт газардсан түүний айлчлал энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай уулзалт хийнэ. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 1949 оны дөрөвдүгээр сарын 30-нд Португал улсын Лиссабон хотноо төржээ. Тэрээр Португал улсын парламентын гишүүн, Европын зөвлөл дэх Португал улсын төлөөлөгч, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист интернационалын дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын албыг хашиж явсан туршлагатай улс төрч, дипломатч юм.

Тэрээр 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс НҮБ-ын ес дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Антонио Гутерреш нь манай улсад албан ёсны айлчлал хийж буй тав дахь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Хамгийн анх 1977 онд НҮБ-ын дөрөв дэх Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхайм манай улсад айлчилсан түүхтэй. Түүний араас Хавьер Перес Де Куэльяр 19987 онд, Кофи Анан 2002 онд айлчилсан бол хамгийн сүүлд 2009 онд Бан Ги Мүүн Монгол Улсад айлчлаад байлаа. Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын тэргүүнээр ажилласан зургаан эрхмийн тав нь ийнхүү манай улсад айлчлаад байна. Харин 1992-1996 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаа ажилласан Бутрос Гали манай улсад айлчилж байгаагүй ажээ. “НҮБ-ын зургаа дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Египетийн нэртэй дипломатч Бутрос Гали “Монголд айлчлах чин хүсэлтэй байсан ч тойрч өнгөрөөд байсандаа их харамсдаг” гэж 2008 онд Каирт надад ярьж байсан нь миний санаанд тодхон байна” хэмээн судлаач, профессор Д.Баярхүү хэвлэлд өгсөн ярицлагадаа дурджээ.

Мөн судлаач, профессор Д.Баярхүү НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монголд хийж буй айлчлалын ач холбогдлын талаар хэлэхдээ “Ардчиллын жилүүдэд өмнөх хоёр айлчлал Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар хэрэгжиж байсан бол энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хэрэгжиж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн даргын айлчлалыг Төрийн тэргүүний түвшинд хүлээн авч байгаагаараа онцлог. Хамгийн гол нь манай гадаад бодлого маш идэвхтэй сайн байгаагийн илэрхийлэл. Гадаад бодлогын бүх чиглэлд тэнцвэрийг маш сайн хадгалж барьж байгаагийн илэрхийлэл болов уу. Тэнцвэр хадгална гэдгийг юу гэж ойлгож байна гэхлээр хоёр хөрш болон гуравдагч хөршийн харилцаа тэнцвэржсэн, хоёр хөршийн харилцаа бас хоорондоо тэнцвэртэй байна. Мөн олон талт хамтын ажиллагаа маань хоёр талын харилцааны сүүдэрт орчихоогүй урагшилсаар байна гэж үзэж байна. Дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол болчихов уу гэлтэй мэдрэмж төрж байгаагаа нуух юун. Энэ бол манай улсын олон талт дипломат бодлогын нэг ёсны ялалт гэж үзэхээр юм. Ковидын хоёр жилийн хүндрэл, олон улсын харилцааны сорилт, дараа нь залгуулаад хойд хөрш нь хөрш Украинтайгаа цэргийн ноцтой мөргөлдөөнд оролцож байгаагаас үүдэлтэй нэг ёсны олон улсын хямрал, өмнөд хөрш нь Тайванийн хоолойд мөн маш ноцтой сорилттой тулгарч байгаа энэ цаг үед Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэгч, прагматик гадаад бодлогоо тууштай, ухаалгаар явуулж байгааг үнэлсэн хэрэг гэж дүгнэсэн ч болно” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр согтуугаар автомашин жолоодсон 88 зөрчил илэрчээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 1,769 дуудлага бүртгэгджээ. Үүнээс

  • Зөрчлийн шинжтэй 1,447
  • Гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байна.
Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих 54, хулгайлах 30, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 84, согтуугаар автомашин жолоодсон 88, хүний биед халдсан 76 тус тус зөрчил илэрсэн гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.