Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 143 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 01-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1734 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1471, хулгайтай холбоотой 32, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 72, гэмт хэргийн шинжтэй 93 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 114, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 108, хүний биед халдсан 72, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 57, эрүүлжүүлэх байранд хоносон 143, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 47 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-өөс 33 сувилагчдаа орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлбөр гардууллаа DNN.mn

Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд ажилчдын үндсэн цалинг нэмэгдүүлж, 33 ажилтанд байрны урьдчилгаа төлбөр болох 30 сая төгрөгийг тус бүрт нь өгөх шийдвэр гаргажээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд тушаал гарган 2022 оны наймдугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан. Энэ хүрээнд эмнэлэг бүр ажилчдынхаа цалинг боломжоороо нэмж, зарим ажилтанд гэр, байрны урьдчилгаа зэргийг олгож байна.

Энэ боломж бий болсон нь Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүждэг болсонтой холбоотой. Гүйцэтгэл гэдэг нь эмнэлэг иргэнд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлж, даатгалаас санхүүжилтээ авч орлого олох үйл явц юм. Үүний үр дүнд өрсөлдөөн сайжирч, иргэд чанартай үйлчилгээ авах боломж нээгдэж байна гэж тус салбарынхан үзэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээжээ DNN.mn

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн 3 том хогийн цэгт өдөрт дунджаар 3000 тн хог хаягдал төвлөрүүлж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн нутагт орших Цагаан давааны хогийн цэгийг үе шаттай хэсэгчлэн хааж, 2020 оноос нөхөн сэргээж эхэлжээ. Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2007-2009 онд байгуулахдаа Япон улсын буцалтгүй тусламжаар хог дарж булах талбайн хөрсөнд бохирдол нэвчдэггүй давхарга үеийг хийснээрээ онцлог болжээ. Мөн Японы стандарт жишгийн дагуу хог хаягдлын ялзрал, шүүрлээс бий болдог бохир шингэн зайлуулах хэвтээ хоолойнуудыг суулгасан байна.

Харин Цагаан давааны хогийн цэгийг 2011 онд бий болгон, хотын зүүн, төвийн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг төвлөрүүлж байгаа. Энд 2011-2020 онд 16 га талбайд 20м өндөр, 3.5 сая куб метр буюу 2.8 сая тн хог хаягдал төвлөрүүлжээ. Нарангийн энгэрийн хогийн цэгт 2020, 2021 онд тус бүр 8 га, 2022 онд 4 га, нийт 20 га талбайг харин Цагаан давааны хогийн цэгт 2020, 2021 онд тус бүр 4 га, 2022 онд 2 га, нийт 10 га талбайг нөхөн сэргээгээд байна.

Хог булах, газрыг нөхөн сэргээх талаар Улаанбаатар хотын ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга М.Чинсанаа ярихдаа, -Энэ онд Цагаан давааны хогийн цэгт 2 га, Нарангийн энгэрийн хогийн цэг дээр 4 га талбайд ландфил хийсэн. Цагаан давааны хогийн цэг 98 га талбайг эзэлдэг. Дахин хог хаях боломжгүй дүүрсэн хэсэгт нь ландфил технологиор хог булж, газрыг нөхөн сэргээлээ. Хог булсан газрыг зүлэгжүүлж, ургамал тарьж байгаа ч барилга барих боломжгүй тул хөл бөмбөгийн талбай болгон ашиглах хувилбарыг ярьж байна. Эхлээд булсан хогноос ялгарч буй метан хийг байгальд хоргүй байдлаар шатаах талаар төрийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагч байгууллагатай ярилцаж байгаа” гэжээ.

Цагаан даваа, Нарангийн энгэрт Эко паркийн төлөвлөлт хийснээр олон улсын донор байгууллагын дэмжлэгээр хогийг эргэлтэд оруулж дахин боловсруулах үйлдвэр барьж байна. Улаанбаатар хотын ЗАА-наас энэ чиглэлээр ажиллах хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжиж, газар олгож, үйл ажиллагааг нь дэмжих бодлого барьж байгааг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ.

Хогийг газрын гүнд 60 см-ээс 1.2м, зарим хэсэгт 1.5 метр гүнд байгалийн хөрс нягтаршуулж, дээр нь 30-40 см хар шороо татаж, үр цацдаг байна. Газрын гүнд хуримтлагдсан хийг гадагшлуулах үүрэгтэй метан хоолой, цооногийг 3-4 метр гүнд суурилуулсан аж.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний спортын VII наадамд 1700 орчим тамирчин өрсөлдөнө DNN.mn

Үндэсний спортын VII наадам Хүйн долоон худагт өчигдөр эхэлж, сур харвааны хоёр төрөлд өрсөлдөөн өрнөж байна.

Үндэсний сур харвааны төрөлд 25 багийн 278 тамирчин цэц сорьсноос А хэсгээс Орхон аймаг, Хан-Уул дүүрэг, В хэсгээс Завхан аймаг, С хэсгээс Дорноговь аймаг, Хэнтий, D хэсгээс Сэлэнгэ, Багахангай дүүргийн баг шалгарч, өнөөдөр шигшээ тэмцээнд цэц мэргэнээ сорин өрсөлдөхөөр болжээ.

Тус наадмын нээлтийн ёслол өнөөдөр болно. Энэ удаагийн наадамд спортын 13 төрөлд 21 аймаг, есөн дүүргийн нийт 1700 орчим тамирчин өрсөлдөхөөр хуран цуглараад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгод Л.Хурцбаатар: Нүүдэлчид дотроос монголчууд хамгийн анх бичиг үсэгтэй болсон DNN.mn

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг энэ сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэ үеэр Хүйс толгойн монгол брахми бичгийг тайлж монголчуудын бичиг, үсгийн түүхийг даруй 600 гаруй жилээр урагшлуулж, үнэтэй гавьяа байгуулсан нэрт эрдэмтэн Солонгод Л.Хурцбаатартай уулзаж ярилцлаа.


-Маш өргөн цар хүрээтэй олон улсын хурал боллоо. Та Германаас ирж оролцлоо?

-Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй орны 200 шахам эрдэмтэн, судлаач ирж оролцлоо. Нийт зургаан салбар хуралдаан боллоо. Хэл, соёл, түүх, угсаатан зүй, шашин гэсэн чиглэлээр хурал маш амжилттай болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохиогдсон учир хурлыг Төрийн ордонд зохион байгуулсан.

-Та Хүйс толгойн монгол брахми бичгийг тайлснаасаа хойш Монголд ирсэн үү?

-Ирсэн. 2019 онд ирсэн.

-Та уг бичээсийг тайлснаараа монголчуудыг бичиг, үсэгтэй байсан юм аа гэдэг ойлголтыг урагшлуулсан нь түүхэн гавьяа болсон шүү?

-Анх 2018 онд Хүйс толгойн бичээсийн судлал хийсэн. Тэгээд “1400 жилийн өмнөх өвөг монгол хэл” номыг хэвлүүлсэн юм. Уг номын нээлтийг энд, Монгол судлалын төвд хийсэн. Тэрнээс хойш ковид гараад дахиж ирж чадалгүй байж байгаад ийнхүү ирлээ. Тухайн үед хоёрхон хүн монгол брахми бичгээр судалгаа хийж чаддаг, Хүйс толгойн бичээсийг мэддэг байсан. Диетер Мауэ бид хоёр л байлаа. Гандантэгчэнлин хийдийн тэргүүний хүсэлтээр монгол брахми бичгийн сургалтыг зохион байгуулсан юм. Нийтдээ 90 гаруй хүн монгол брахми бичиг үзсэнээс 40 гаруй хүн нь сайн эзэмшээд шүлэг яруу найраг, Чингисийн чулууны бичгийг хүртэл монгол брахми бичгээр буулгасан. Эдгээрийг багтаасан номыг өнгөрсөн жил хэвлүүллээ. Үүний дараа “Монгол брахми бичгийг түргэн сурах бичиг”ийг хэвлүүлсэн. Энэ сурах бичгийн талаар академич Д.Төмөртогоо, доктор М.СаруулЭрдэнэ нар хөөрөлдсөн тэмдэглэл танай сонинд нийтлэгдсэн нь олон судлаачдын анхаарлыг татахын зэрэгцээ жирийн иргэдийн ч сонирхлыг татсан. Учир нь надтай олон хүн фэйсбүүкийн чатаар холбогдож энэ бичиг үсгийн талаар асууж тодруулж байсан. Зарим нь их гайхсан. Бичиг үсгийн түүх нь 600 жилээр урагшилж, XIII зуунд гэж үзэж байсан нь өөрчлөгдөж, VI зуунд өвөг монгол хэлмонгол брахми бичигтэй байсан нь тогтоогдсонд гайхацгаасан. Хүмүүс их сонирхож байна. Харамсалтай нь номыг нь цөөхөн хэвлэсэн учир энэ удаагийн хуралд оролцсон мэргэжлийн хэдхэн хүнд цөөн ном өгсөн.

Тайлбар байхгүй.

Зүүн гар талаас Төрийн шагналт Ц.Шагдарсүрэн, Японы Эзэн хааны “Мандах наран одон” шагналт, академич Д.Төмөртогоо, Алтан гадас одонт Л.Хурцбаатар

-Бичиг үсэгтэй байх нь тухайн ард түмэндээ ямар ашиг тустай байсан юм бол. Бичиг үсгийн түүх урагшлах нь ямар давуу талтай юм бэ?

-Бичиг үсэгтэй байна гэдэг нь тухайн үндэстэн байна гэсэн үг. Хэрвээ бичиг үсэг байхгүйдээ тулбал тухайн үндэстэн байна гэдгийг нотлоход хэцүү. Монголчууд одоогоос 1420 жилийн өмнө өөрийн гэсэн өвөг хэл, үсэг бичигтэй байсан гэдгийг Хүйс толгойн бичээс харуулсан. 100 хувь батлагдсан. Монголчууд нүүдэлчин үндэстний дотор хамгийн эрт бичиг үсэгтэй байсан гэсэн үг. Тийм ч учраас би энэ удаагийн хурал дээр Хүйс толгойн бичээсийн тахилга хийгээд Чингисийн онгоны тахилга гэсэн илтгэл тавьсан. Илтгэлийн дараа хэлний эрдэмтэн доктор, профессор Д.Заяабаатар надад тусгайлан асуулт тавьсан.

-Ямар асуулт вэ?

-Яагаад монгол брахми гэж нэрлэв. Монгол гэж нэр оруулсан шалтгаан юу вэ гэсэн. Тэр үед монгол хэл байсан уу гэсэн маягтай асуулаа. Би хэллээ. Брахми бичиг нь санскритаас МЭI-МЭV зууны үед умардаас уламжлагдаж, Гималайн уулс руу орж ирсэн. Хотансака брахми, Тохириан брахми, Тумчуг брахми, Уйгур брахми, Согд брахми бичиг байсан. Энэ таваас өөрсдийн үндэстний хэл, аялгатай тохируулж, бага сага эгшигт гийгүүлэгч нэмээд өөрийн үндэсний үсэг, бичиг болгоцгоосон.

Яг үүнтэй адил манай монголчууд өвөг буюу эртний монгол хэлэндээ тохируулсан авиа, үг зүйдээ тааруулж, сүүлд нь өөрсдөө дөрөв, таван шинэ тэмдэг нэмж брахми бичигтэй болсон. Тиймээс монгол гэсэн нь тэр үндэстэн угсаатныг хэлжээ. Тэр үед монгол байсан, байгаагүй гэдэг нь өөр утгатай. Харин бид дундад зууны үе, XIII зууны үеийн монгол хэлээр тус брахми бичгийн утгыг нь уншаад гаргачихсан. Диетер Мауэ, Александр Вовин бид гурав санал нэгтэйгээр монгод брахми гэж тогтъё гэж нэрлэсэн гэж хэлтэл Д.Заяабаатар “Сайхан хариулт байна” гэсэн.

-Монгол брахми бичгийг танаас өмнө судлаачид судалж, Хүйс толгойн бичээсийг тайлах гэж оролдож байсан талаар хурлын үеэр зарим эрдэмтэд асуусан гэв үү?

-Тэгж асууцгаасан шүү. Гэхдээ энэ бол маш зөв асуулт. Зөв, буруугийн тухай ойлголт нийгэм даяар тархдаг юм билээ. Ялангуяа сошиал орчинд. Тиймээс би тайлбарлая гэсэн. 2018 оноос хойш хэвлэгдээд буй монгол брахми бичигтэй холбоотой номуудад минь тов тодорхой байгаа. Хамгийн анх Диетер Мауэ 2016 онд Хүйс толгойн бичээс бол монгол хэлээр, брахми бичгээр бичигдсэн хөшөө байна гэсэн. Александр Вовин бол Диетер Мауэгийн галигийг үндэслээд “Энэ бол өвөг монгол бичиг, үсэг мөн” гэдгийг зарим хэл зүйн элементээр баталсан. Харин Хурцбаатар бивээр юу хийсэн бэ гэхээр эдгээр эрдэмтэд Хүйс толгойн бичээсийг эртний Түрэг болон Уйгурын хоорондох дайны тухай бичсэн байх гэж магадалж байсан. Миний судалснаар тийм биш байсан. Түрэг зэрэг эртний монгол нүүдэлчин үндэстний дээдсийн тахилгын тухай бичсэн гэж үзээд бичээсийг хамгийн анх монголоор уншиж тайлсан юм. Энэ бол миний нэгдүгээр хийсэн ажил. Хоёрдугаарт, монгол үсэг, бичиг байдагтаа тулбал ямар ч төрлийн үсэг, бичигт өөрийн гэсэн систем байх хэрэгтэй. Өмнөх эрдэмтэд системийг нь гаргаж чадаагүй. Уншсан болохоос системийг нь гаргаж чадаагүй байсан. Миний хувьд өвөг монгол хэлний хэл зүйг судалж гаргасан.

-Таныг хувийн бизнесээ хүртэл хойш тавьж байгаад судалгааны ажилдаа анхаарал хандуулж, Хүйс толгойн бичээсийг тайлсан гэж сонссон. Таныг юу чухам ингэж бүх зүйлээ монгол брахми бичгийг судалж, Хүйс толгойн бичээст зориулахад нөлөөлөв?

-Нэгдүгээрт, В.Хейссиг багш маань “Хурцбаатар сайн ном бичих болтугай” гэж 1986 онд бичиж, захиж үлдээсэн нь маш их нөлөөлсөн. Хоёрдугаарт, Диетер Мауэ, Александр Вовин нар Хүйс толгойн бичээс буюу НТ1-ийг судалж, эртний монгол хэл, брахми бичгээр бичигдсэн гэж тодотгосныг хүмүүс өөр өөрийн санаагаар уншаад ийм сайхан нандин өв, соёлыг буруугаар тайлж Монголын түүхийн үг, хэлийг гажуудуулахаас болгоомжилсон юм. Гуравдугаарт, дээрх хоёр эрдэмтний гавьяа бүтээлийг би хурал, сургалт бүр дээр онцгойлон дурдаж

үнэлдэг. Төрийн шагнал Алтан гадас одонгоор шагнагдах үедээ ч энэ талаар дурдаж байсныг танай сонины уншигчид мэдэх байх. Энэ хоёр эрдэмтний хувьд монгол хэл мэдэхгүй, монголч эрдэмтэд биш учраас өвөг буюу эртний монгол үсэг, бичгийн системийг гаргаж чадахгүй байсан. Тиймээс олон талын мэдлэгтэй монголч эрдэмтэн бөгөөд монгол хүн уг бичээсийг тайлж уншихаас өөр сонголтгүй гэдгийг мэдсэн л дээ. Бурханы номын цагаан буян, ивээлээр би энэ одон дээр заяагдсандаа Бурхандаа залбирч, Монголын төр, түмэндээ талархнам.

Ингээд би ийм чухал шаардлагуудын үүднээс яалт ч үгүй Хүйс толгойн бичээсийг тайлах ёстой юм байна гэж үзээд энэ ажилд ханцуй шамлан орохдоо ахуй амьдрал, авгай хүүхэд, ач омболоо хойш тавихаас өөр арга байсангүй. Ар гэр, аж ахуйгаа хойш тавиад ном, бичээстээ анхаарал хандуулахаар гэр бүлийн зүгээс мэдээж тоосонгүй, гэрээ мартлаа гэдэг шүүмжлэл сонссон л доо (инээв). Гэвч монголчуудын соёл, түүхэнд хувь нэмэр оруулж аавынхаа захиас, багшийнхаа бичээсийг биелүүлсэн гэж сэтгэл өөдрөг байдаг шүү. Хүйс толгойн бичээсийг тайлж уншсан гэдгийг эрдэмтдээс эхлүүлээд жирийн малчин ард хүртэл мэддэг болжээ. Улаанбаатарт буугаад зочид буудлаа олохгүй төөрч явахад хорин хэдтэй залуу надад туслаад Wikipedia-гаас миний нэр, зургийг хараад “Та нөгөө эрдэмтэн мөн байна” гээд намайг таньж буудалд минь хүргэж өгсөн. Би их баярласан шүү.

Categories
мэдээ цаг-үе

Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn

Digital Signatures - What Are They and How Do They Work?

Энэ оны тавдугаар сарын 1-нээс 16 ба түүнээс дээш насны бүх иргэддээ таван жилийн хугацаатай тоон гарын үсгийг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 265 мянга гаруй иргэнд иргэний үнэмлэх дээр тоон гарын үсэг олгожээ.

Тэгвэл одооноос гар утасны аппликэйшнээр дамжуулан тоон гарын үсгийг олгож эхлэхээр болсон тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Тоон гарын үсэг ашиглах нь хурууны хээгээр авдаг үйлчилгээг орлох учраас зайлшгүй нэг удаа улсын бүртгэл дээр өөрийн биеэр ирж, таниулна. Энэ нь аюулгүй байдлыг хангаж буй хэрэг.

Тоон гарын үсгийг гар утсаараа дамжуулан хэрхэн авч, ашиглах вэ?

  • Иргэн харьяа, нэгж харгалзахгүйгээр улсын бүртгэлийн нэгж дээр очиж хүсэлт өгсний дагуу улсын бүртгэлийн байгууллагаас иргэний хувийн мэдээллийн дагуу үүсгэгдсэн бүртгэлийн QR кодтой хуудас хэвлэж өгнө.
  • Ухаалаг утсандаа GSign аппликэйшнийг татаж, суулгасан байх. /GSign аппликэйшнийг Android үйлдлийн систем бүхий ухаалаг утсанд “Play Store” -оос, харин IOS үйлдлийн систем бүхийн ухаалаг утсанд “App Store”-оос уг нэрээр хайлт хийн татаж суулгана/
  • Бүртгэлийн QR кодыг авмагц ухаалаг гар утасны аппликэйшнээ ашиглан өөрийн тоон гарын үсгийн бүртгэлийг үүсгэнэ. (QR кодыг 24 цагийн дотор иргэн өөрөө уншуулах ёстой)
  • Апп руу ороход гарч ирэх цонхонд бүртгэлийн ажилтнаас олгосон QR кодыг уншуулна.
  • Уншуулсны дараа тухайн бүртгэгдсэн утасны дугаар дээр ирсэн кодыг оруулахад пин код оруулах хэсэг нээгдэнэ. /Уг пин код нь таны мартахааргүй дөрвөн оронтой тоо байна/

Мөн Монгол Улсад хамгийн их ашиглагдаж байгаа И-Монголиа систем руу тоон гарын үсгээр нэвтэрч орох боломжтой болгосон” гэв.

Тоон гарын үсгийн хэрэглээ:

  • Төрийн болон бусад бүх төрлийн цахим үйлчилгээ авах
  • Цахим орчин иргэнийг 100 хувь таних боломжтой
  • Банк, санхүү, төлбөр тооцоо хийх
  • Гэрээ, хэлцэл байгуулах
  • Даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ авахад хэрэглэх боломжтой.
Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ​Хагийн хар нуурт морио шумбуулна гэж ороод амиа алджээ DNN.mn

Хагийн хар нуур | Хэнтийн нурууны тайга дундах үзэсгэлэнт ну… | m boloroo |  Flickr

Хагийн хар нууранд аялж байсан иргэн Б энэ сарын 8-нд нуурын усанд морио шумбуулна гэж ороод живсэн тухай дуудлагыг энэ сарын 09-ний 09:40 цагт ОБЕГ-ынхан хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 08.11-ний өдрийн 07:30 цагт эхлүүлж, Хагийн хар нууранд 8-10 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, цогцсыг олж гарган, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 167 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Пять случаев заражения COVID-19 выявили в Сочи за последние сутки - KP.Ru

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 167 тохиолдол ПГУ шинжилгээгээр батлагджээ. Үүнээс

  • Улаанбаатарт – 61
  • Орон нутагт – 106 тохиолдол нь бүртгэгдсэн байна.

Ингэснээр коронавируст нийт халдварын тохиолдлын тоо 967,807 болов.

зураг

Сүүлийн нэг хоногт 1,357 хүн эдгэрсэн бол 11,284 хүн хяналтад байна.

Орон нутгийн халдварын тохиолдлууд сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ-ны мэдээлэл харуулжээ.

Өнгөрсөн 24 цагт 9 аймагт шинээр халдвар батлагдсаныг харвал

  • Архангай – 10
  • Баян-Өлгий – 3
  • Баянхонгор – 4
  • Дархан-Уул – 3
  • Дорноговь – 55
  • Орхон – 2
  • Өмнөговь – 22
  • Төв – 2
  • Ховд аймагт 5 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
зураг

Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн салбарт 59 мянга орчим хүн ажиллаж байна DNN.mn

Эрүүл мэндийн салбарыг үндсэн дөрвөн чиглэлээр шинэчилнэ

-Өнөөдөр Эрүүл мэндийн ажилтны өдөр-

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд 58,696 ажилтан хүчин зүтгэж байна. Өнөөдөр тэдний тэмдэглэлт өдөр юм.

Эрүүл мэндийн ажилтны тоо сүүлийн 10 жилийн дунджаас 8.3 мянгаар буюу 10,000 хүн амд 13.5-аар, өмнөх онтой харьцуулахад 2.1 мянгаар өссөн байна. Тус салбарынхныг хүйсээр нь ангилбал 48,163 нь эмэгтэй, 10,533 нь эрэгтэй байна.

Мөн нийт ажилтны

  • 22.1 хувь нь их эмч,
  • 5 хувь нь эм зүйч,
  • 23 хувь нь сувилагч,
  • 3.1 хувь нь бага эмч,
  • 2.3 хувь нь лабораторийн техникч байгаа бол 44.5 хувь нь удирдах болон бусад ажилтан байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлэв.
зураг

Categories
мэдээ цаг-үе

Яармагийн замын хөдөлгөөн өнөөдрөөс нээгдлээ DNN.mn

Яармагийн замд байгуулж буй нүхэн гарцын зам барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь 11 хоногийн өмнө гүйцэтгэж дуусан, замын хөдөлгөөнийг нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний орц, гарцыг хийх юм.

Явган зорчигчдын орох, гарах хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой байлгахын тулд налуу зам болон шаттай хийж, бороо орсон үед нүхэн гарц усанд автахаас сэргийлэн ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар