Categories
мэдээ цаг-үе

Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно | Mand.mn

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 градус дулаан байна.
Categories
мэдээ цаг-үе

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болж байна

“Соёлын яамнаас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулж байна.

Фестивалийн нээлт өчигдөр Тэрэлжийн Сайханы саравчид болж, нийслэл болон 21 аймгийн 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагч, аймаг орон нутгийн төлөөлөл оролцлоо.

Мөн нээлтэд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир нар оролцож, фестивальд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, өвлөн уламжлагч нартай уулзав.

Нээлтийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номингийн хамт Соёлын өвийн хүрээгээр зочилж, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд багтах соёлын биет бус өвийн илэрхийллүүд, түүнийг өвлүүлэн уламжлуулах бодлого, арга ухааны талаар өвлөн уламжлагчидтай уулзаж, ярилцсан юм.

Соёлын биет бус өвийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр:

“Монголын соёлын өвийн тээгчид улсынхаа өнцөг булан бүрээс цугалж, үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний ялгарал, хэзээ ч үл давтагдах соёлын өвийн асуудлыг чухалчлан харуулж, ярилцаж байгаа арга хэмжээ болж байгаа нь туйлын ач холбогдолтой.

Соёлын өв тээгч та бүхнээр Монгол Улсын Засгийн газар бахархаж, үнэлж байдаг. Та бүхэн бол зөвхөн өв тээгчид бус Монгол Улсын тусгаар тогтнолыг тээгч юм шүү гэж онцлон хэлэхийг хүсэж байна.

Цаашдаа “Нүүдэлчин” фестивалийн цар хүрээг өргөжүүлж, олон улсын хэмжээнд зохион байгуулна. Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний бүлэг нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл байдаг. Өнөөдрийн энэ наадам бол соёлын биет бус өвийн, нүүдэлчдийн, үндэсний эв нэгдлийн наадам юм шүү.

Соёлын салбар авьяас, мэдлэгт суурилсан эдийн засгийн бие даасан салбар болж чадсан цагт л үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бодит илэрхийлэл, хөгжил дэвшлийн суурь болох боломж бүрдэхийг дэлхийн жишээ нотлон харуулсаар байна. Үүнийг бид соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж тодорхойлдог.

Оюун санаа, соёл урлаг бол хил хязгаар, орон зайнаас үл хамаардаг хэзээ ч үл шавхагдах баялаг. Тийм ч учраас дэлхий дахинд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар эдийн засгийн тэргүүлэх чиглэл болж, жил бүр 2.2 их наяд ам.долларын баялаг бүтээж, 30 гаруй сая хүнийг ажлын байраар хангаж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлж байна.

Гэтэл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 0.4 хувийг соёл урлагийн салбар бүрдүүлж байгаа нь дэлхий дахины хөгжлөөс хоцорсон туйлын хангалтгүй үзүүлэлт, олон жил соёл урлагийн салбарыг дэмжээгүй орхигдуулсны үр дүн юм.

Монгол Улс далайд гарцгүй орон. Харин соёл урлагийн салбараар дэлхийд гарцтай болох бүрэн боломж бий. “The Hu” хамтлаг үндэсний урлаг, соёл, түүхээрээ дэлхий дахинд шинэ давлагаа болон алдаршиж, эх орноо сурталчлан таниулж байна.

Монгол Улсын Засгийн газраас соёл урлагийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, дэлхийд соёлын экспортлогч орон болохын тулд бүхий л дэмжлэгийг үзүүлж, уран бүтээлчид та бүхэнтэй хамтран ажиллана” гэлээ.

Мөн Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин:

“Алсын хараа 2050 – Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн төв болох зорилго тавьж, үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө нүүдлийн соёл иргэншлийг бэхжүүлж, соёлын өвөө өвлүүлэн уламжлуулах бодлогын болон үйл ажиллагааны олон арга хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлж ирсэн.

Төрт ёсны залгамж халаа энэ цагт улам дэлгэрч, Засгийн газар соёлын өвөө түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах зорилгоор Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулж, Соёлын биет бус өвийн тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Үүний зэрэгцээ гурван жил тутамд улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулах хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд цар хүрээ, ач холбогдлыг нь олон улсын хэмжээнд тодорхойлж, бүс нутгийн хэмжээнд бусад улс оронд болдог нүүдэлчдийн гэх тодотголтой баяр наадам, фестивальтай эн зэрэгцэхүйц хэмжээнд хүргэхээр “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг отог, өртөө хэлбэрээр зохион байгуулж, цаашид тогтмолжуулах ажлын эхлэл нь энэ юм.

Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн улбаатай бусад улстай харьцуулахад нүүдэлчдийн ахуй амьдрал нь өнөө хэр орчил хөдөлгөөнтэй, бидний соёлын биет бус өвийн хэрэглээгээр өдөр тутамдаа илэрхийлэгдэж байна.

Иймд, Соёлын яам Нүүдлийн соёл иргэншлийн төв болох эрхэм зорилгын хүрээнд соёлын биет бус өвийн судалгаа шинжилгээний ажлыг тогтмол явуулж, нийслэл, 21 аймагт экспедиц ажиллуулж соёлын өвийнхөө баялаг байдлыг, төлөв байдлыг, өвлөн уламжлагчдынхаа нөхцөл байдлыг судлан тодорхойлж байна.

Эдгээр ажлын дүнд Монгол Улсын соёлын биет бус өвийн 7 ай савд хамаарах 362 өв, улс даяарх 12 мянга орчим өвлөн уламжлагч цаашид нэмэгдэж, Монгол Улс дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв гэдгээ соёлын өвийн хэрэглээгээрээ дамжуулан улам бүр бататган харуулна гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн гол нь энэхүү фестивальд Та бүхэн олноор цугласан явдал нь соёлын өвөө таньж мэдэх, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхийн бодит үйл юм” гэв.

Фестивальд нийслэл болон 21 аймгийг хамарсан 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагч 3 хүрээ, 30 өртөө дамжин соёлын өв, өөрсдийн орон нутгийн онцлог бүхий соёлын өвөө сурталчлан танилцуулж байна.

Мөн гурван өдрийн турш 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагаа болох юм.

ЮНЕСКО-гоос соёлын биет бус өвийн илрэх гол төрөл хэлбэрийг нь 5 ай савд багтаан үздэг бөгөөд Монгол Улс өөрийн үндэстний онцлогт нийцүүлэн мал маллах арга ухаан, уламжлалт арга ухаан гэсэн хоёр ай сав нэмснээр Монгол Улсад нийт 7 ай савд хамаарах 362 өв байна гэж өнөөдрийн байдлаар бүртгэн хамгаалж, өвлөн уламжлуулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 11100 орчим соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч байдаг. Үүнээс Засгийн газрын 2019 оны тогтоолоор 102 өвлөн уламжлагчийг Үндэсний жагсаалтад бүртгэсэн байдаг.

Ташрамд дурдахад, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Улаанбаатар хотоос 50 км зайтай зохион байгуулж байгаа тул Офицеруудын ордноос энэ сарын 12-ны өдөр 1 цаг тутамд, 13-14-ний өдрүүдэд 30 минут тутамд иргэдэд 2500 төгрөгөөр нийтийн тээврээр үйлчилнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 291 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Корона вирус | бүүвэй

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд КОВИД-19-ийн 291 тохиолдол ПГУ шинжилгээгээр батлагджээ. Үүнээс

  • Улаанбаатарт – 190
  • Орон нутагт – 101 тохиолдол нь бүртгэгдсэн байна.

Ингэснээр коронавируст нийт халдварын тохиолдлын тоо 969,127 болов.

зураг

Сүүлийн нэг хоногт 1,102 хүн эдгэрсэн бол 10,813 хүн хяналтад байна.

Орон нутгийн халдварын тохиолдлууд сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ-ны мэдээлэл харуулжээ.

Өнгөрсөн 24 цагт 10 аймагт шинээр халдвар батлагдсаныг харвал:

зураг

Categories
мэдээ цаг-үе

Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг хаана DNN.mn

Олимпийн гүүр буюу Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна.

Тодруулбал, наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний 21:00 цаг хүртэл Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөө рүү эргэдэг туслах зам хүртэлх замын урд талын урсгалын хөдөлгөөнийг хааж, хучилт хийх гэж буй юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ипотекийн зээл олгохдоо 0.5-1 хувийн шимтгэл авч байсан банкуудыг торгожээ DNN.mn

Ипотек зээлийн хөнгөлөлт | News.MN

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Ариг банк” ХХК, “Чингис хаан банк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Богд банк” ХК, “Голомт банк” ХХК, “Капитрон банк” ХК, “Төрийн банк” ХХК-уудад холбогдох 2202000183 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хийж дуусгалаа.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн.

Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзлээ.

Иймд “Ариг банк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Богд банк” ХК, “Голомт банк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-иудын хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.

Мөн нэр бүхий 9 банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлж ажиллалаа.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Шаг! Мад!!! DNN.mn

Азербайжаны арми Туркийн ардын баатар, туг баригч бага дарга Байрактар (1755-1808)-ын нэрээр нэрлэгдсэн дроноор армийг бут цохин өмнө нь 1992-1994 оны дайнаар алдсан зарим газар нутгаа буцаан авснаас яг хоёр жилийн дараа Уулын Карабахад дахин байлдааны ажиллагаа эхлүүлэв. Мэдээж энэ явдалд Ереван болон Баку бие биенийгээ харилцан буруутгав.

ЗХУ задран унасны дараа Армены шууд дэмжлэгээр Уулын Карабахын Бүгд Найрамдах улс азербай-жанаас салж тусгаар тогтнож буйгаа зарласан ч өнөөг хүртэл аль ч улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа билээ. Ийнхүү 1992-1994 онд энэ нутагт 25-30 мянган хүн амь үрэгдсэн дайн болж арменчууд ялж азербайжанчууд ялагдан газар нутгаа алдсан. Энэ хоёр улсын хооронд дахин 2020 оны есдүгээр сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 9-ний хооронд 6.5 мянган хүн амь үрэгдсэн байлдаан болж энэ удаа азербайжан ялж, алдсан нутгийнхаа багагүй хэсгийг буцаан авсан.

Өнөөдөр энд дайн, тулаан
дахин сэргэж буй нь мэдээж энэ
хоёр улсын хооронд “зогсож”
байсан Гюмрийн хоолой дахь
Оросын 102 дугаар цэргийн
баазын цэргүүдийг Украин руу
шилжүүлсэнтэй холбоотой.
Өнөөдөр энд Оросын туг, уг
баазын хамгаалалтын хэдхэн
цэрэг л үлдсэн. Өөрөөр хэлбэл,
Оросууд Арменыг хувь заяанд
нь даатган орхисон гэсэн
үг. Харин цаад шалтгаан нь
НАТО-гийн гишүүн Турк улс
Азербайжан, Казахстантай
цэргийн харилцан туслах
гэрээ байгуулсан явдал.

Бүр
цаад зорилго нь Кавказын
нурууны улсууд улмаар
Исламын ертөнцийг Оросын
нөлөөллөөс гаргах явдал.
Харин албан ёсоор бол
Азербайжан “Оросууд болон
Армен энхийн гэрээгээр
хүлээсэн өөрсдийн үүрэг болох
манай улсыг Турктэй холбох
Нахичваны ногоон-зурвас зам
гаргаж өгөх үүргээ өнөөдрийг
хүртэл биелүүлээгүй, Оросууд
гурван талт энхийн гэрээний
зэвсгийг нь хураах үүргээ
биелүүлээгүйгээс Армены
цэрэгжсэн хууль бус бүлэглэл
энэ сарын 3-нд Лачинскийн
дүүрэгт зэвсэгт халдлага
үйлдэн Азербайжаны цэргийн
албан хаагч амиа алдсан.
Иймээс энэ явдлын хариу
болгож Азербайжаны арми
“Шийтгэл” нэртэй цэргийн
тусгай ажиллагаа явуулж
Карабахын нурууны Бага
Кавказын салбар уулсын
Гырхгыз, Сарыбаб оргилууд
болон бусад стратегийн
чухал өндөрлөгүүдийг эзлэн
авсан” гэж мэдэгдэв. Үнэхээр
ч Азербайжаны тал 2020
оны Армен, ОХУ-тай хийсэн
энхийн гэрээгээр хүлээсэн
үүргээ биелүүлж, гэрээнд
гарын үсэг зурсны маргааш л
Армен болон Уулын Карабахыг
холбосон Лаченскийн ногоонзурвас замыг гаргаж өгсөн.

Харин энэхүү гэрээний гол
үүрэг болох Турк, Азербайжаныг холбох зам
гаргаж өгөх, Армены зэвсэгт
бүлэглэлүүдийн зэвсгийг
хураах ажлыг Оросууд огт
биелүүлээгүй байгаа нь
үнэн.
ОХУ-ын Батлан хамгаалах
яам Азербайжаныг гурван талт
энхийн хэлэлцээрийг зөрчсөн
гээд энэ бүс нутгийн аюулгүй
байдлыг хангахад Ереван
болон Бакутай хамтран
ажиллана гэж мэдэгдэв.
Харин хууль бус Уулын
Карабахын Бүгд Найрамдах
улсын тэргүүн Араик Арутюнян
энэ сарын 3-нд хэсэгчилсэн
дайны байдал зарлаж, бүх
нийтийн цэрэг татлага явуулах
тушаалд гарын үсэг зурсан
байна. Үнэндээ бол энэхүү
Азербайжаны довтолгоо
нь Туркийн ерөнхийлөгч
Р.Эрдоган ОХУ-ын тэргүүн
В.Путинтэй Сочид хийх
уулзалтад зориулан бэлдсэн
хөзрийнх нь нэг тамга юм.
Нөгөө нэг тамга хөзөр нь
Туркээс Сирид курдуудын
эсрэг нэрэн дор явуулах
байлдааны ажиллагаа.
Өөрсдийгөө үндэс угсаа
нэгтэй ахан дүүс гэж зарлан
цэргийн харилцан туслах гэрээ
байгуулсан Турк, Азарбейжан,
Казахстан гурав Сирийн, бүр
цаашилбал исламын улсуудын
нефть, хий, газрын ховор
элементийг нэгтгэн Европын
зах зээлээс Оросыг бүрэн
шахаж гаргах зорилготой
гэдэг нь нуугаад байх зүйл
биш.

Ийнхүү энэ сарын 5-нд
оросуудын Украинаас булаан
авсан Сочи хотод Турк, ОХУын ерөнхийлөгч нарын ээлжит
уулзалт дөрвөн цаг гаруй
үргэлжилж өндөрлөв.
Оросын “РИА Новости”
агентлаг “Ерөнхийлөгч
Владимир Путин, Реджеп
Тайип Эрдоган нар Сирийн
газар нутгийн бүрэн бүтэн
байдлыг хадгалах, энэ
улсын нутагт буй террорист
байгууллагуудтай хэрхэн
тэмцэж буй талаар бие
биендээ нээлттэй мэдэгдэж
байх, худалдаа, жуулчин,
хийн хоолойн асуудлаар
хамтран ажиллах талаар
тохирч хамтарсан мэдэгдэл
гаргасан гэж ерөнхийлөгчийн
хэвлэл мэдээллийн албаны
дарга Дмитрий Песков мэдэгдэв” гэснээс өөр мэдээлэл
гаргасангүй. Ерөөс хоёр том
улсын ерөнхийлөгч уулзаад
хамтран ажиллах ямар нэг
гэрээнд гарын үсэг зурахгүй
мэдэгдэл гаргаж байна гэдэг
нь хоёр улсын харьцаа
таарамжгүй байна гэсэн үг.

Мэдээж хоёр ерөнхийлөгчийн хэлэлцсэн хамгийн
гол асуудал бол Оросууд
гурван талт энхийн гэрээгээ
биелүүлж Азербайжан улсыг
Турктэй холбох Нахичваны
ногоон-зурвас зам гаргах
асуудал байсан. Үүнийг энэ
хоёр ерөнхийлөгч уулзах
тов батлагдангуут Иран улс
хойд хил рүүгээ цэргийн хүч
төвлөрүүлж эхэлсэн явдал
баталж байгаа юм. Учир нь
энэ зам Ираны хойд хил дагуу
явна. Хэргийн учир нь Ираны
хойд хил гээд байгаа энэ газар
нутагт 25 сая азербайжанчууд
амьдарч байгаа юм. Харин
Азарбайжан улс өөрөө 2022
оны зургадугаар сарын 1-ний
байдлаар 10.179.147 хүн
амтай. Харин Иран 2015 оны
зургадугаар сарын байдлаар
78.408.412 хүн амтай
бөгөөд тал хүрэхгүй хувь нь
иранчууд буюу персчүүд.
Иймээс В.Путин гэрээгээ
биелүүлэхгүй бол Уулын
Карабахад Азербайжаны
арми Армены цэргийг бут
цохин энэ замыг хүчээр нээнэ.
Яг үнэндээ үндэстэнүүд хэл,
соёлоороо нэгдэх анхны том
алхам болох Ираны 25 сая
азербайжан иргэд газар
нутагтайгаа Азербайжан
улстайгаа нэгдэх нь цаг
хугацааны асуудал болсон
гэсэн үг.

Иран Азербайжантай
байлдвал Турктэй байлдана.
Турктэй байлдвал НАТОтой байлдах болно. Ийнхүү
дарангуйллын гурван
голомтын нэг гэгдэж байгаа
Иран улс хойд талаараа Турк,
Азербайжан, Казахстаны
цэргийн эвсэл, бусад талаараа
I2U2” буюу Израиль, Энэтхэг,
Арабын нэгдсэн Эмират,
АНУ гэсэн цэргийн эвсэл мөн
АНУ, Израиль болон Саудын
Араб, Кувейт, Катар, Оман,
Арабын нэгдсэн Эмират,
Бахрейн, Египет, Иордан,
Ирак улсуудын хамтарсан
цэргийн шинэ эвсэлд бүрэн
бүслэгдэж байна гэсэн үг.
Энэхүү уулзалтаар “Сири
улсын нутагт буй террорист
байгууллагуудтай хэрхэн
тэмцэж буй талаар бие
биендээ нээлттэй мэдэгдэж
байна гэж тохирсон” гэдэг
нь үнэндээ Туркийг Сирийн
нутагт цэргийн ажиллагаа
явуулахыг ОХУ албан ёсоор
зөвшөөрсөн гэсэн үг.

Энэ
нь Сирийн нефтийн гол
судлыг мэдэлдээ авсан,
АНУ-ын дэмжлэгтэй, Ассадын
дэглэмийн эсрэг босогчдод
Сирийн цэргийг бут цохих том
боломж нээнэ гэсэн үг. Мөн
Афганистаны талибууд ОХУын хилд довтлох нь бас л цаг
хугацааны асуудал болчихоод
байна. Эндээс Оросын талын
Башар аль-Ассад Сирийн
удирдлагаас зайлуулагдах
төдийгүй энэ улсын нутаг
дахь ОХУ-ын тэнгисийн болон
хуурай замын цэргийн баазууд
бүрэн хаагдах юм байна гэсэн
дүгнэлт гарна.
АНУ-ын ерөнхийлөгч
цэргийн хамтарсан эвсэл
байгуулахаар Ираны эсрэг
зогсдог Арабын улсуудтай
уулзахад цаадуул нь өдөрт
олзворлож буй нефтиэ 1/3-
ээр л нэмэгдүүлэх боломжтой
гэсэн. Энэ нь барууны
улсууд Иран бас Сирийг
ардчилсан улс болгон нефть,
хийг нь Турк, Азербайжан,
Казахстаны хоолойгоор
европ руу экспортолж
байж л нэг баррель газрын
тосны үнийг 40 ам.доллар
болгож өөрсдийн инфляцийг
хазаарлаж, Оросын эдийн
засгийг элгээр нь хэвтүүлэх
боломжтой болно гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл Иран, Сирийн
өнөөдрийн удирдлагын хувь
заяа нэгэнт шийдэгдсэн гэсэн
үг. Иймээс Сочи хотын “Русь”
сувиллын газарт хийсэн ОХУын ерөнхийлөгч Владимир
Путин, Турк улсын ерөнхийлөгч
Реджеп Тайип Эрдоган нарын
энэхүү уулзалт нь Иран,
ОХУ,Сирийн удирдлагуудын
нэг тал болон “тоглож” буй
“Исламын ертөнц” гэх өрөг
дээр эсрэг талаас нь тавьсан
“Шаг! Мад!!!” юм.

Categories
булангууд мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Шүр: Тухайн банкинд доллар бэлнээр байхгүй тул төгрөгөөр авах боломжтой гэсэн DNN.mn

Гадаадад ажиллаж,
амьдарч буй иргэн
Г.Шүртэй ярилцлаа.


-Та цахим хуудсандаа ээж
рүүгээ доллар шилжүүлтэл
төгрөгөөр ав гэсэн тухай
нийтэлсэн байсан. Тэр
тухайгаа дэлгэрэнгүй ярьж
болох уу?

-Би АНУ-д ажиллаж
амьдардаг. Тодорхой хугацаанд Монголд байгаа ар гэр
болох ээж рүүгээ тодорхой
хэмжээний доллар явуулдаг
юм. Гэтэл саяхнаас ээждээ
доллар шилжүүлтэл өөр хүний
данс руу шилжиж байгаа бол
төгрөгөөр олгох ёстой гэх
боллоо. Өмнө нь зүгээр л
шилжүүлээд болдог байсан.

-Ямар шалтгаантай юм
бол?

-Монголд үндэсний
мөнгөн тэмдэгтээр төлбөр
тооцоо хийх хууль гарсан
гэнэ. Түүнтэй холбоотойгоор
өөр хүний данс руу доллар
шилжүүлэхээр төгрөг болгож
авах ёстой гэсэн. Одоо ч
долларын дансаараа гүйлгээ
хийж байхад төгрөгийн данс
руу хийж байна. Уг нь миний
шилжүүлэх данс руу гүйлгээ
хийгдээд шууд доллараар
авах ёстой шүү дээ.

-Гэтэл банк дур мэдэн
төгрөгийн данс руу хийгээд
байгаа юм уу?

-Бид гүйлгээ хийхдээ
олон улсын банк хоорондох
шимтгэлүүдийг төлж байгаа.
Он гарснаас хойш валютын
гүйлгээ хийж болохгүй
болсон. Тиймээс аргагүйн
эрхэнд шилжүүлэх хүнийхээ
төгрөгийн данс руу л хийж
байна. Тиймээс тухайн өдрийн
Монголбанкны зарласан
ханшаар төгрөгт хөрвүүлэн
авах ёстой гэсэн тайлбар өгч
байна.

-Үүндээ банк ямар
тайлбар өгч байна вэ?

-Тухайн банкинд доллар
бэлнээр байхгүй тул төгрөгөөр
авах боломжтой гэсэн.

-Шилжүүлэх хүнийхээ
валютын данс руу хийе
гэхээр ямар тайлбар өгч
байна вэ?

-Төлбөр тооцоог үндэсний
мөнгөн тэмдэгтээр хийх
хуулийн хэрэгжилтийг
хангах зорилгоор холбогдох
газрын зөвшөөрөлгүй бол
валютын данснаас бусдын
валютын данс руу гүйлгээ
хийх боломжгүй байна гэсэн
тайлбар мессэжээр өгсөн.
Өөрийн данс хооронд валют
шилжүүлбэл зүгээр шилжүүлж
болж байгаа. Өөр хүний данс
руу шилжүүлэхээр төлбөр гэж
үзээд байгаа бололтой. Төгрөг
болгон доллар шилжүүлэхээр
бид илүү шимтгэл төлж хохирч
байна. Ямар хууль хэзээ
гарсан юм бэ. Ямар зөвшөөрөл
хаанаас авах ёстой юм бэ. Би
гадаадад байж хаанаас тэр
зөвшөөрлийг нь авах вэ.

-Ээж тань төгрөгөөр
аваад буцааж доллар болгоё
гэхээр тухайн өдрийн ханшаар нь худалдаж авах
уу?

-Яг тийм. Арга буюу доллараар шилжүүлж болохгүй
юм бол төгрөгөөр аваад буцаагаад доллар авъя гэтэл
төгрөг болгохдоо 1 төгрөгийг
2910.84 төгрөгөөр тооцож
өгчихөөд доллар болгохоор
3308 төгрөгөөр ав гэсэн.
Өөрийнхөө явуулсан мөнгийг
өөрөө авах гэж 10 хувь нэмж
байж авна гэсэн үг үү.
Үүнд
хэн тайлбар өгөх вэ?

-Одоо тэгэхээр зөвхөн
өөрийн данс хоорондоо
л валютаар гүйлгээ хийж
байгаа юм байна тийм үү?

-Одоо өөр хүний долларын
данс руу гүйлгээ хийх
боломжгүй. Зөвхөн төгрөгийн
дансанд гүйлгээ хийгээд
байгааг ямар учиртай гэдгийг
тодруулмаар байна. Өмнө нь
зүгээр л болж байсан. Гэнэт
яагаад шилжүүлж болохоо
байсан нь ямар учиртай юм
бэ. Тэгээд банкнаас асуухаар
аль 2009 онд батлагдсан
хууль гэх юм. Яагаад тэр үед
батлагдсан юм бол тухайн
үедээ хэрэгжиж эхлээгүй гэнэт
саяхнаас хэрэгжих болов
гээд эргэлзээтэй асуултууд
их байна. Бид энд шилжүүлж
байгаа долларт олон улсын
шимтгэлд 5-10 доллар нэмж
төлдөг. Энэ төлбөрөөс Монголбанк, арилжааны банкууд
шимтгэл, хувь авдаг гэж
ойлгож байгаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Oдонбаяр: Хүмүүсийг илүү аз жаргалтай болгохын тулд бид бизнесээ эхлүүлсэн DNN.mn

Богд ууланд өглөөний 06:00 цагт хийл хөгжмийн эгшиг дор алхагчдад халуун кофе, аарц зарж найрсаг үйлчилгээ үзүүлдэг дөрвөн хүүгийн нэг болох “Шинэ Монгол харумафүжи” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Одонбаяртай ярилцлаа.


-Та нарыг хүмүүс Богд ууланд хийл хөгжмийн аян дор кофе зарж, найрсаг үйлчилгээ үзүүлдгээр нь илүү мэддэг шүү дээ. Анх яагаад ууланд кофе зарахаар болсон бэ?

-Бид найзуудаараа ууланд их алхдаг л даа. Ууланд алхах бүртээ уух зүйл авч явахаа мартчихдаг байсан. Хүмүүсийг харахад ч анх удаагаа ууланд алхаж буй хүмүүс уух зүйлгүй гараад их л цангаж байгаа нь ажиглагддаг. Үүнээс болоод ядарч уулын орой дээр гарч чадалгүй шантраад буудаг. Тэгээд нэг өдөр надад маш гоё санаа төрсөн. Анх санаагаа гаргачихаад хамгийн итгэлтэй гурван найздаа санал болгож одоогийн бизнесийн гараагаа тавьж байсан. Тэр үед найз нар маань зөвшөөрөөгүй бол өдийд энэ хүртэл хол явах байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр миний гаргасан санаанаас илүү найзуудын маань дэмжлэг маш чухал байсан. Хийлч найзын маань хувьд гэвэл Хөгжим бүжгийн коллежид долоон жил суралцсан. Одоо “Шинэ Монгол Харумафүжи” сургуульд суралцдаг, найм дахь жилдээ хийл тоглож буй туршлагатай. Хүмүүсийг илүү аз жаргалтай болгохын тулд зөвхөн уух юмаар хангахаас гадна хөгжмийн аялгууг сонсговол илүү их аз жаргалтай, эрч хүчтэй байх юм байна гэж бодон найздаа санал тавьж, найз минь зөвшөөрч байсан.

Бид хүмүүсийн дутагдаж байгаа хэрэгцээг хангаж, тэднийг илүү аз жаргалтай болгох зорилгоор өнгөрсөн жилийн зунаас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

-Өмнө жилийн зунаас өнөөдрийг хүртэл ажиллахад хүмүүсийн сэтгэл ханамж, хандлага ямар байна вэ?

-Хүмүүсийн хандлага маш сайхан байдаг. Бидэнд хүмүүсийн хэлдэг магтаал, урмын үг эрч хүч, урам зориг өгдөг.

-Өглөө эрт босоод хөдөлмөрлөж байгаа хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүд нь яаж хүлээж авдаг вэ?

-Бид хэдийг эртэч бизнесмэнүүд гэдэг. Эцэг эхчүүд маань хүртэл бидэнтэй уралдаж сэрдэг. Богд уул руу бид бүх ачаагаа аваад алхаж уул руу гарч чадахгүй учраас өглөө болгон эцэг эхээрээ хүргүүлдэг. Өглөө таван цагт босоод хүүхдүүдээ хүргэж өгнө гэдгээс биднийг хэрхэн дэмжиж байгаа нь харагдаж байгаа юм л даа.

-Та нарын хувьд хүмүүсийг аз жаргалтай байлгахын тулд үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн. Ажлаа хийгээд явахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Хүмүүсийг аз жаргалтай болгохын зэрэгцээ бид дөрөв өөрсдөө маш аз жаргалтай болдог. Байгалийн сайхан орчинд хийл тоглохын зэрэгцээ хүмүүст үйлчилгээ үзүүлээд тэднээс урмын үг авна гэдэг яг л диваажинд байгаа юм шиг болгодог. Тиймээс бидний сэтгэгдэл бол үнэхээр өндөр байдаг.

-Та нартай адил бизнес эрхлэх төлөвлөгөөтэй байгаа үе тэнгийнхэндээ хандаж юуг зөвлөх вэ?

-Хамгийн эхэнд санаагаа гарга. Өөрийн гаргасан санаагаа нүсэр том гэж битгий санаа зовоорой. Мөн бизнест сайн хамтрагчдаа олоод багаараа ажиллаж эхэлчихсэн байхад аяндаа сайжраад, илүү суралцдаг. Гол нь бусдын тусын тулд ажиллах ёстой. Бид хэдий ашиг олдог ч гол зорилго маань бусад хүмүүсийг аз жаргалтай болгох, тусын тулд байнгын ажилладаг учраас одоо ийм амжилттай явж байна гэж би хувьдаа боддог. Үүнийг л үеийнхээ хүүхдүүдэд зөвлөмөөр байна.

-Кофе зараад олсон орлогоо юунд зарцуулдаг вэ?

-Миний хувьд олсон орлогоо суралцахад маань хэрэгтэй, гэнэтийн шаардлагатай зүйлд зарцуулахаар төлөвлөн хадгалж байгаа.

-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу. Юуг хүсч, тэмүүлж байна?

-Ойрын зорилго минь сургуулиа сайн төгсөж, гадаадад тэтгэлэгтэй сурах. Гадаадад сургуулиа амжилттай төгсөж, сурч ирээд компани байгуулах. Мундаг том бизнесмэн болох зорилготой. Одоо зорилгынхоо эхлэлийг тавиад туршлагажин, суралцаад явж байна.

-Та нарын хувьд цаашид юу хийх вэ. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх үү?

-Бид өмнө нь найруулдаг кофе зардаг байсан. Харин энэ долоо хоногоос кофеныхоо чанарыг сайжруулан гараар чанасан кофе зарж эхэлсэн. Дараа долоо хоногоос гараар хийсэн кофег “ROC Caffeine Bar”-ийн тусламжтайгаар хийж эхлэхээр төлөвлөж байгаа. Цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна. Бид өвлийн саруудад амардаг. Хавар гуравдугаар сараас эхлүүлэн аравдугаар сар хүртэл ажилладаг.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаагчин тахиа өдөр DNN.mn

БИЛГИЙН ТООЛЛЫН 15

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

Наран ургах, шингэх:05.43-20.12

Үс засуулбал:Өлзийтэй сайн

Шүтэн барилдлага:Төрөхүй

Суудал:Уул

Аргын тооллын 8 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 15, Тооно одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс сансар судлалаар ОХУ-тай хамтарч ажиллана DNN.mn

зураг

ЦХХХЯ

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ), Орос улсын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав.

Уг үйл явдлыг Орос-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд, мөн 2021 оны арван хоёрдугаар сарын 16-ны өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны уулзалтаар, хоёр улсын сансрын салбарын хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх санал дэвшүүлсний дагуу зохион байгуулжээ.

Санамж бичигт ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Сансрын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, ОХУ-аас “Роскосмос” улсын үйлдвэрийн газрын, Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан ерөнхий захирлын орлогч Савельев Сергей Валентинович нар гарын үсэг зурлаа.

Оролцогч талууд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах, Монгол Улсын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэн хөөргөх, хоёр орны сансар судлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
зураг

ЦХХХЯ

Эх сурвалж: Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам