Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөгшин-Орхон, Онги голын эхээр, Хангай нурууны өврийн Цагаантуруут, Хэнтий нурууны арын Хурх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж Хархираа, Хөгшин-Орхон зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна. Харин Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 21 см даван үерлэж байна.

Наймдугаар сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Иймээс орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голын усны түвшин богино хугацаанд нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Хятадын төрийн өмчит 5 компани Нью-Йоркийн хөрөнгийн биржийг орхихоо мэдэгджээ DNN.mn

Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаа нь арилжаалагддаг компаниудын бүртгэлээс гарах тухайгаа Хятадын төрийн өмчит таван компани зарлалаа. АНУ биржийн журмаа чангатгасан нь ийм алхам хийх шалтгаан болсон гэж тус таван компани баасан гарагт мэдэгдсэн байна.

Тодруулбал, “Петро Чайна, “Синопек”, “Чайна лайф иншуренс” зэрэг, нийт 318 тэрбум долларын үнэлгээ бүхий 5 компани ийнхүү Уолл-стритыг орхин гарахаа мэдэгдсэн нь Америк-Хятадын санхүүгийн тусгаарлалт хурдацтай явагдаж байгааг илтгэсэн явдал боллоо гэж шинжээчид тэмдэглэж байна. Аудитын бүртгэл тооцоогоо АНУ-ын эрх бүхий байгууллагуудад бүрэн дүүрэн гаргаж өгөхгүй нөхцөлд биржийн бүртгэлээс хасна гэдэг Америкийн зохицуулагч байгууллагын анхааруулгад эдгээр компани хэдэн сарын өмнөөс ороод байсан аж. Ийм анхааруулгатай хувийн томоохон компаниудын тоонд хятадын онлайн худалдааны “Алибаба” холдинг мөн багтаж байна.

Энэ сацуу Бээжингийн зүгээс мөн, хилийн чанадад хувьцаа нь арилжаалагддаг хятадын пүүс компаниудад тавих хяналт шалгалтаа чангатгаад байгаа юм байна. Гэхдээ дээрх таван компанийн шийдвэр энэ төрлийн арилжаанд оролцдог бусад компанийн бүртгэлд нөлөөлнө гэж үзэхгүй байгаагаа Хятадын эрх баригчид мөн мэдэгджээ.

Энд дурдахад, хятад, АНУ хоёр америкийн төрийн хянан шалгах байгууллагууд АНУ-д бүртгэлтэй хятадын компаниудад аудит явуулахыг зөвшөөрөх эсэх дээр олон жилийн турш зөрчил маргаантай явж ирсэн байна.

АНУ-ын Санхүү аудитын хяналтын албанаас Хятадын компаниудад аудит хийдэг байгууллагууд мөн аудитын бичиг баримтуудтай танилцах бүрэн эрхийг шаарддаг бол, Хятадын тал үндэсний аюулгүй байдлын үүднээс хэмээн үүнд нь татгалзсаар иржээ.

Энэ асуудлаар Бээжин, Вашингтон зөвшилцөлд хүрэхгүй нөхцөлд 1,3 их наяд долларын үнэлгээ бүхий Хятадын 260 гаруй компани америкийн хөрөнгийн зах зээлийг орхих эрсдэл тулгарч мэдэхээр байгааг шинжээчид энэ завсар тэмдэглэж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын тамирчин Н.Номин нисэх загварын спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв DNN.mn

зураг

Польш улсад наймдугаар сарын 8-13-ны өдрүүдэд нисэх загварын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болов.

Нисэх загварын спортын Жолоодлогот загварын ДАШТ-ий уран нислэгийн F2B ангилалд Монгол Улсын тамирчин Н.Номин мөнгөн медаль хүртсэн байна.

зураг

Эх сурвалж: Монголын нисэх загварын спорт

Categories
мэдээ нийгэм

Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жил хориглосон байдаг DNN.mn

Манай орны 17 аймгийн 137 сум тарваган тахлын эрсдэлт бүсэд хамаарч байна.

Монгол орны хэмжээнд сүүлийн 20 жилийн өмнөхөөс тарвага эрс цөөрснийг цаг уурын өөрчлөлтөөс гадна хүний буруу үйлдэлтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.

БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жил хориглосон.

Хууль бусаар тарвага агнасан, тээвэрлэсэн, бусдад худалдаалсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 7.1, 2, 3, 4, 5, 6-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Тус хуулийн 7.6 дугаар зүйл. Амьтны тухай хууль зөрчих

3. Ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ан агнасан, барьсан, зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд иргэд амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байж, болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхааруулж байна.зураг

НОБГ
Categories
мэдээ нийгэм

Дугуй цагаан орчмын 2.1 га талбайд хүүхдийн модон тоглоом, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг тохижилт хийнэ DNN.mn

зураг

Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дугуй цагаан болон Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла хотхоны баруун талд хийж буй амралт, зугаалгын цогцолбор байгуулах ажил үргэлжилж байна.

Дугуй цагаан орчимд хүүхдийн модон тоглоом, явган зам, сити нойл, тойрог бүхий тохижилтын талбай, террас, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт хийж байгаа юм. Энэ байршлын тохижилтын ажлыг “Цагаан толгой нуур” ХХК гүйцэтгэж байна.

“Дугуй цагаанаас дээш өгсөөд горхины дэргэд террас байгуулна”

зураг

Тус компанийн захирал Б.Батцэнгэл “Нийтдээ 2.1 га талбайд тохижилт хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар эхний гурван тойрог болон туслах замын ажил дуусаж байна. Үлдсэн тойрог болон хүүхдийн тоглоом, угтах хэсгийн барилгын ажлыг тун удахгүй ашиглалтад оруулж дуусгахаар ажиллаж байна. Хүүхдийн тоглоом болон явган замд ашиглаж буй модыг Сэлэнгэ аймгийн ойн цэвэрлэгээний модноос авч, үйлдвэрт боловсруулан тохижилтод ашиглаж байгаа.

Дугуй цагаанаас дээш өгсөөд горхины дэргэд террас байгуулна. Тэрхүү террас нь хүмүүс горхины дэргэд суугаад амарч тухлахад зориулж хийснээрээ онцлог. Явган хүний замыг мод, чулуугаар бүтээж байна. Халтиргаа гулгаагүй мод, чулууг сонгосон. Энэ нь бетон замаас урт настайн дээр эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм. Мөн хүүхдийн модон тоглоом хийж байна. Тохижилтын ажил эхлэх үед хүмүүс шүүмжлэх хандлагатай байсан ч одоо бол уулзсан болгон дэмжиж байгаагаа илэрхийлэх болсон” хэмээн хэлэв.

Тусгай хамгаалалттай газар нутагт тохижилт хийхдээ байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Үүний дагуу байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламж байгуулсны дээр тохижилтод байгалийн боржин чулуу, ойн цэвэрлэгээнээс гарсан модыг ашиглаж буй юм.

Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайг байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц байдлаар, байгальд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлсэн байна. Дугуй цагаан орчмын явган хүний замын өргөн 3.5 метрээс багагүй байхаар бүтээжээ.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална.


2022 оны 08-р сарын 14-ний 20 цагаас 08-р сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

НДШ-ийн буцаалтаа нөхөн авах иргэдийн анхааралд DNN.mn

НДШ-ийн 50 хувийн буцаалтыг ирэх сараас олгохоор болжээ

Төр засаг төсвийн тодотголыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэхдээ өнөөдрийн үнийн өсөлтөөс бага орлоготой иргэдийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний дотор нэг сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос иргэний өөрөө төлсөн тэтгэврийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгохоор болсон. Ингэснээр Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч 2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авах эрхтэй болсон.

Энэ шийдвэрийн дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн 2022 оны тавдугаар сард төлсөн шимтгэлийн 50 хувийг өнгөрсөн сараас буцаан олгож эхэлсэн.

Гэвч зарим хүний дансны мэдээлэл зөрүүтэй, хувийн мэдээлэл дутуугаас болж буцаан олголт ороогүй гэх гомдол их ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“CLEАN UP-2” төслийн залуус Туул голын сав газрыг цэвэрлэж байна DNN.mn

Туул голын эрэг дагуу 15 эргүүл ажиллуулна

БОАЖЯ болон Туул голын сав газрын захиргаа, Дэвшилтэт Социал демократ клуб “CLEАN UP-2” төслийн хүрээнд залуусыг уриалан Туул голоо бохирдлоос хамгаалах хөдөлгөөнийг өрнүүлэн ажиллаж байна.

Залуучууд Туул голын сав газрыг 3 дахь өдрөө хичээнгүйлэн цэвэрлэж, голоос хог, дугуй зэргийг гаргаж байна.

Голдоо хувцас, машинаа угаадаг, хог, бохирдлоо урсгаж хаядаг явдлыг халж хүн бүр дор бүрнээ цэвэрч байж, байгалиа хамгаалахыг уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 1898 хүн хэвтэн эмчлүүлж байна DNN.mn

17 хүртэлх насны 74 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. Шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын хувь 14.5 болж, өмнөх долоо хоногоос өссөн. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцийн судалгаараар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.

Улсын хэмжээнд 1898 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд хүн 1.8 хувийг эзэлж байгаа бол 9.6 хувь нь хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлагатай өвчтөн байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй. Сүүлийн 24 цагт 291 тохиолдол батлагдсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнодын нутгаар их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 08 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17, 18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.