Categories
мэдээ нийгэм

Түлэнхийн сорвитой 100 хүүхдэд Солонгос, Монгол эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ DNN.mn

Түлэнхийн сорвитой хүүхдүүдэд Солонгос, Монгол эмч хамтарсан үзлэг зөвлөгөө өгөх арга хэмжээ өнөөдөр болно.

Тодруулбал, түлэгдсэн хүүхдэд зориулсан “Хан-Мон фестиваль 2022” арга хэмжээ нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Жуковын талбайд өнөөдөр 09-19 цагийн хооронд үргэлжилэх юм. Эхний 100 хүнд дугаар тарааж үзлэг хийгдэх ба 100-аас илүү дугаар тараагдахгүй гэдгийг албаныхан хэлж байна. Үзлэгт зөвхөн 0-16 насны хүүхэд хамрагдах ба урьдчилж цаг авах боломжгүй, үнэ төлбөргүй явагдана.

Categories
гадаад мэдээ

Хятад улс дэлхийд анхны агаараар явдаг соронзон галт тэрэг туршиж байна DNN.mn

Хятадын мэргэжилтнүүд дэлхийд анхны агаараар явдаг соронзон галт тэргийг туршиж эхэлжээ.

Соронзон зам дээр явдаг галт тэргийг ерөнхийд нь “maglev” (magnetic levitation) гэж нэрлэдэг. Уламжлалт “maglev” нь цахилгаан гүйдлээр соронзлогдсон зам дээр явдаг юм.

Харин Хятадад туршиж байгаа галт тэрэг нь агаарт татсан замаас дүүжлэгдэж явдгаараа онцлог. Бас цахилгаан огт хэрэглэхгүй, тогтмол соронз ашиглаж явдгаараа давуу талтай юм байна.

Тогтмол соронзон материал нь газрын ховор элементийн төрөлд багтдаг ба Хятад улс ийм түүхий эдийн дэлхийн хамгийн том олборлогч юм.

Ингэхдээ соронзын ижил туйлууд хоорондоо түлхэлцдэг зарчмыг ашигладаг тул галт тэрэг болон төмөр зам хоёр хоорондоо хүрэлцдэггүй байна.

Газраас 10 метр өндөрт өргөгдсөн 800 метр урт туршилтын замыг өнгөрсөн долоо хоногт Хятадын өмнөд бүсийн Жяньси мужийн Шиньгуо дүүрэгт нээжээ.

Туршилтын үеэр галт тэрэг цагт 80 км хурдлах ба туршилт дууссаны дараа замыг 7.5 км уртасгаж, хурдыг 120 км/цаг болгон өсгөх гэнэ.

Хэрвээ амжилттай хэрэгжвэл байгаль орчинд ээлтэй, цахилгаан эрчим хүч болон түлш ашиглалгүй зөвхөн физикийн хуулийг ашиглаж явдаг дэвшилтэт тээврийн хэрэгсэл болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд 15:00 цаг хүртэл ажиллана DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 21, түр хоёр цэгт 23 багийн 79 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Цэгүүдийн байршил:

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ковидын 162 тохиолдол бүртгэгдлээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 162 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Эдгээрийн

  • 106 нь нийслэлд
  • 56 нь орон нутагт бүртгэгдлээ.

Орон нутагт батлагдсан тохиолдлыг тодруулбал, долоон аймагт нийт 56 тохиолдол бүртгэгдсэнээс 28 нь Өмнөговьд байна. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 974,947 боллоо.

Categories
мэдээ нийгэм

Уулаараа нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар сэрүүснэ DNN.mn

Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар сэрүүснэ. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 20-22 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 19-21 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийн хөтөлбөр DNN.mn

Өнөөдөр “Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон төрлийн хоолыг шинээр санаачлан хийж, хоолны цэсээ шинэчлэн оролцох аж.

Өдөрлөгийн үеэр Артгэр, мастер тогооч нар монгол үндэсний хоол хийж, үзүүлбэр үзүүлэх бөгөөд олон нийтэд тухайн хоолны цэсээ танилцуулахаар төлөвлөжээ. Мөн аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн, үндэсний төрөл бүрийн хоол, зууш амттаны үнэгүй амталгаа бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчлэх юм.

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг 2013 оноос хойш “UB food festival” нэрээр зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Уг өдөрлөг нь монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад таниулан, сурталчлах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гурил үйлдвэрлэгчид өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад хивэг нийлүүлнэ DNN.mn

Өнөөдрийн байдлаар бид хивэг тэжээлийн 17 мянган тоннын нөөцтэй байна. Гурил үйлдвэрлэгчид хивгээ гаднын зах зээл дээр борлуулах боломжоор хангаж, тээврийн зохицуулалт хийж өгөхийг хүслээ.

Тэд өвөлжилт хүндэрч болзошгүй баруун 5 аймгийн хивэг тэжээлийн нөөц бүрдүүлэлтэд туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл бичгийн шалгалт болж байна DNN.mn

Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02, тавдугаар сарын 07-нд тус тус зохион байгуулсан. Хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид өнөөдөр 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдана хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс зарласан.

Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг авах болсон юм.

Шалгуулагч хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар шалгалтын материал дээр ажиллана. Улаанбаатар хотын шалгалтыг Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулж байна.

Суудлын хуваарийг ЭНД дарж, регистрийн дугаараар нэвтрэн харна уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Бат-Ирээдүй: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгож эхлээгүй байгаа DNN.mn

Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


-Одоогийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ямар хэмжээнд олгогдож байгаа вэ. Урьдынхаасаа илүү чөлөөтэй болсон гээд байгаа, энэ үнэн үү?

– Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгож эхлээгүй байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шинэ журмыг өнгөрсөн жил боловсруулан мөрдүүлэхээр ажиллаж байгаа ч багагүй бэрхшээл, шийдэх асуудалтай тулгарсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахад нэлээд шат дамжлага ихтэй хүндрэлтэй, төрийн болон орон нутгийн байгууллагуудаас зөвшөөрөл авах шаардлагатай байгаа. Энэ хүндрэлийг бууруулах, төрийн хүнд суртлыг багасгах, ААН-үүдийн цагийг хэмнэх зорилгоор цахимжуулах шаардлагатай гэж манай салбарын яам, агентлагууд үзэж байгаа.

Цахимжуулах, цахим системд шилжүүлэх талаар л яригдсан. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар энэ тухай яригдаж, энэ онд багтаан бүрэн цахимжуулах арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам хамтран яаралтай хэрэгжүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс ойрын хугацаанд яам шаргуу анхаарч ажиллах байх гэж бодож байна. Тун удахгүй бүх зүйл цахимд шилжиж, бүртгэгдэж эхлэхээр лиценз олголтын асуудал шууд эхлэх байх. Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй ААН-үүдийн саналыг үнэлэхдээ үнийн саналыг 70, техникийн саналыг 30 хувиар тооцдог болохоор шинэ журамд тусгагдсан гэж ойлгож байна. Үүний үр дүнд ААН-үүдийн сонгон шалгаруулалтад өгсөн үнийн болон бусад мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор хардлага сэрдэлт ч байхгүй болно.

Тендерийн үндсэнд тусгай зөвшөөрлийг олгоно. Үүний тулд тусгай зөвшөөрөл нь орон нутгаар хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Хуулийн дагуу орон нутагт эхэлж тодорхой хугацаанд лиценз олгох шийдвэр гарч байгааг танилцуулж, орон нутаг хуульд заасан хугацаанд саналаа ирүүлэх ёстой. Хэрвээ хуульд заасан хугацаанд ирүүлэхгүй бол төр өөрөө шийдэн лицензийг шинээр олгох ажлыг хуулийн хүрээнд хийж хэрэгжүүлнэ гэж ойлгож байгаа.

Одоогоор геологийн ажил хийгдсэн ашиглагдаж байгаа лиценз хаана хаана байгаа вэ?

-Улсын төсвийн хөрөнгөөр хэд хэдэн тендер зарлагдаж шалгаран холбогдох геологи хайгуулын судалгааны ажлууд хийгдэж байгаа. Өмнөх жилүүдэд зарлагдсан улсын төсвийн хөрөнгөөр хийгддэг ажлууд ч мөн үргэлжлэн хийгдэж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид холбогдох газартаа хайгуулын болон ашиглалтын чиглэлээр авсан тусгай зөвшөөрлийн хүлээсэн үүргийнхээ дагуу ажлаа хийгээд явж байна. Мэдээж зарим компаниуд орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч нийгмийн тодорхой хариуцлага үүрэн аймаг орон нутагтайгаа харилцан тохирч гурвалсан гэрээг байгуулан нэг үеэ бодвол ажил урагшилж байгаа ч бидний санасан хэмжээнд хүрэхгүй л байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй маш урт хугацаа өнгөрч байна.

Энэ нь эргээд уул уурхайн салбарт сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаа байхгүй. Яг өнөөдөр шууд утгаараа үзүүлэхгүй ч хожим эрдэс баялгаар хангах үүрэгтэй хайгуулын ажлууд удааширч, урт хугацаагаар үргэлжилбэл уул уурхайн хөгжилд нэлээд саад бэрхшээл үүснэ гэж харж байгаа.

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахын тулд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч лиценз олгогддоггүй тал их бий. Төр үүнд анхаардаг байх нь зөв. Тэр тухай хууль яригдаад байсан даа?

-Тийм. Орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй их тулгарч байгаа. Манайхан чинь их хариуцлагагүй шүү дээ. Төр өөрийн зүгээс иргэдийг шаардлагатай бүх мэдээллээр хангаж байгаа. Энэ онд багтааж 400 гаруй лиценз, тусгай зөвшөөрлийн тендер зарлахаар төлөвлөсөн байгаа. Одоогоор хүлээлт үүсгэсэн хэвээр байна.

Энэ асуудалд оны эхнээс эхлэн төрийн зүгээс онцгой анхаарч АМГТГ-с зохион байгуулан хувийн хэвшлийн оролцоог анхаарч төрийн бус байгууллагууд ч дэмжин бүх аймгуудаар цуврал уулзалтыг хийж дууссан. Тухайн аймаг, сумын төрийг төлөөлж буй хүмүүс, холбогдох албан тушаалтнууд, ААНБ, ажлын хэсгүүд ажилласан. Бид ард түмэнд зөв ойлголт өгөхийг хичээж байна. Зарим газар эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч зарим газар ойлголт авч байгаа гэж зөв талаас нь харж байгаа.

-Уул уурхайгаас улсын төсөв бүрддэг гэдэг шүү дээ. Энэ талаар таны бодлыг сонсвол?

-Бид экспортод коксжих нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн гол бүтээгдэхүүнийг гаргаж байгаа. Төмрийн хүдрээс бусад нь энэ оны хувьд экспорт сайн байгаа.Үнийн хувьд ч дэлхийн зах зээлийн үнэ бидний төлөвлөснөөс өндөр байсан. Хэдийгээр нийлүүлэлт нь багассан ч үнийн өсөлттэй уялдуулан манайх өмнөх жилүүдийн түвшинд эдийн засгийн үр ашгаа хадгалж байгаа.

Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагаанаас хуваалцаач?

-Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл өөрийн үйл ажиллагаанд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамтай гэрээ байгуулан салбарынхаа мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг дэвийг олгох асуудлыг хариуцан ажиллаж байна. Энэ чиглэлээр бид тодорхой үр дүнд хүрч сүүлийн 2-3 жил зогсонги байсан асуудлыг шийдэж чадсан гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар манай салбарын 300 гаруй хүн салбарын мэргэшсэн болон, зөвлөх зэргийг авч албажуулаад байна. Энэ ажлыг Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл мэргэжлийн холбоонуудтайгаа хамтран гардан хийж ажилласан хамтын ололт байна. Мөн бид төрийн бодлогыг дэмжиж геологи хайгуулын судалгааны чиглэлийг орон нутгийн ард иргэдэд сурталчлан таниулахад өөрсдийн хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үүний нэг жишээ нь баруун аймагт болсон уулзалтад Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөлөл оролцож аймаг, орон нутгийн удирдлага иргэдтэй уулзан санал солилцсон. Салбарын тулгамдсан асуудлыг цаг алдалгүй холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргэх, санамж бичгийн хүрээнд Үндэсний геологийн албатай хамтран ажиллах гэх мэт эхлүүлж байгаа ажил нэлээд байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г. Мөнхбаяр: Шинжлэх ухааныг төрөөс дэмжвэл эх орны хөгжилд маш их хэрэгтэй DNN.mn

Монгол Улсын Их Сургуулийн физикийн тэнхимийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Та физикийн багшаар хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Би 2004 онд их сургуульд элсэн орж 2008 онд төгссөн. Төгсөөд их сургуульдаа багшаар орсон. Физикийн багшаар яг 11 жил ажиллаад одоо Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

-Энэ жилийн олон улсын физикийн олимпиадад манай улсын баг 100 хувийн амжилттай оролцсон. Өнгөрсөн жилүүдэд ямар амжилттай оролцож байсан бэ?

-100 хувь гэдэг нь оролцсон бүх сурагч шагнал, медаль хүртсэн гэсэн үг. Өнгөрсөн жилийн олон улсын олимпиадад таван хүүхэд оролцсоноос хоёр хүрэл медаль, хоёр шагналт байр эзэлсэн. Олон улсын олимпиадад шагналт байр болон медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн топ 100 сургуульд сурах урилга авбал Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар тухайн сургуульдаа тэтгэлэгтэй суралцах боломж нээгддэг.

-Сүүлийн үед хүүхдүүд физикийн хичээлийг хэр их сонирхож байна, танай сорилгод олон хүүхэд хамрагдсан уу?

-Бидний үед физикийн ангид 90-100 оюутан элсдэг байсан. Өнгөрсөн жил их сургуулийн физикийн ангид 25 орчим хүүхэд элссэн. ЭЕШ-д 700-гаас дээш оноо авсан физикийн хөтөлбөрөөр суралцаж буй хүүхдүүдэд МУИС-иас 100 хувийн тэтгэлэг олгодог. Одоогийн нөхцөл байдлыг харахад олон улсын олимпиадад шагнал, медаль хүртсэн хүүхдүүдэд тэтгэлэг, мөнгөн шагналыг ч өгч байна. Багаас нь бэлдэж байгаа хүүхдүүд физикт маш сонирхолтой байна л даа. Ер нь нэг хэсэг унаж боссон үе байсан. Учир нь дунд сургуульд физикийн хичээл ордог цаг багассан. Хуучин бидний үед долоо хоногт 5-8 цаг ордог байсан бол саяхныг хүртэл хоёр цаг орсон. Мөн физик биш нийтэд нь “Байгалийн ухаан” гэдэг хичээл орох жишээтэй. Одоо бол аятайхан болж байна аа. Одооны хүүхдүүд ч арай өөр болсон. Хичээж байгаа, физикийг сонирхож байгаа нь, бодлогыг авч үзэх байдал нь ч тэр. Тиймээс энэ жил хүүхдүүдийг багаас нь бэлдэж үзье гэж шийдсэн.

-Уг нь бол хүүхдүүд байгалийн ухаан, физикт сонирхолтой байснаар инженерүүд бэлтгэгдэнэ шүү дээ. Энэ чиглэл дээр салбартаа яаж анхаарч ажиллавал зохистой юм бол…

-Төрөөс том бодлого хэрэгжүүлэх ёстой юм билээ. Ялангуяа суурь шинжлэх ухаан болох математик, хими, физик, биологи, газар зүйд. Одоо хүүхдүүд технологийн эрин зуунд яаж амар хялбараар мэргэжилтэй, ажлын байртай болох вэ гэж бодох болсон. Мэдээж байгалийн ухааны хичээл хэцүүгийн хувьд хэцүү. Тиймээс хүүхдэд “хэцүү” гэх бодол толгойд нь суучихсан сонирхолгүй байна. Үүнийг төрөөс бодлогоор дэмжиж байгалийн ухаанаар сурах гэж буй хүүхдүүдэд шинэ боломж олгож гадны их дээд сургуулиудад сургах, мэргэжил дээшлүүлэх тал дээр анхаарвал зохистой санагддаг. Энэ ажил шуурхай хийгдвэл эх орны хөгжилд маш их хэрэгтэй. Сүүлийн хоёр жилд МУИС-иас бодлого гаргаж байгалийн ухааны таван чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад 100 хувийн тэтгэлэг олгож байна.

-МУИС-иас ямар таван чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгодог юм бэ?

-Математик, физик, хими, биологи, газарзүй. Одоо ч гэсэн энэ таван чиглэлийг сонирхож байгаа оюутан ЭЕШ-ын 700-гаас дээш оноотой бол 100 хувь, 600-гаас дээш оноотой бол 50 хувийн тэтгэлэгтэй сурах боломжтой. Явцын дунд тухайн 50 хувийн тэтгэлэгтэй хүүхэд онц сураад байвал 100 хувь үнэгүй сурах боломж ч бий. 600-гаас доош оноотой бол тэтгэлэгт хамрагдахгүй.

-Ер нь физик хүнд юуг өгдөг юм бэ?

-Физик хөрвөх чадвар маш сайтай. Би бас анх физикээр сурдаг байхдаа их гайхдаг байсан л даа. Яагаад гэвэл математикаар олимпиадад бэлтгэж байгаад гэнэт физикийн шинжлэх ухаан руу орж ирсэн. Жишээлбэл, физикийн бодлого өөрөө асуудлыг олон талаас нь харж шийддэг. Нэг тоог энд сууж байгаа 12 хүүхэд бүгд өөр аргаар бодож болно.Асуудлыг 12 өөр аргаар шийдэж байна гэсэн үг. Энэ нь агуулгаараа амьдрал дээр гараад тулгарч буй асуудлыг ямар аргаар шийдэх вэ, ямар боломжтой аргууд байна гэдгийг эрэлхийлнэ гэсэн үг.

-Олон улсын физикийн олимпиадад ямархуу бодлогууд орж ирдэг юм бэ?

-Ажиглаад байхад сүүлийн жилүүдэд сурагчдаар маш том асуудлыг шийдүүлэх гээд байгаа юм. Жишээлбэл, хамгийн сүүлд та бүхний мэдэж байгаачлан “хар нүх”-тэй холбоотой бодлогууд орж ирж байна. Түүнийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг хүүхдүүдээр хийлгэдэг, оюутнуудаар биш. Тэгэхээр нэлээд хүнд бодлогууд орж ирдэг. Дэлхий дээрх маш олон судалгааны багууд шинэ нээлт болгоноо бодлого болгоод л хүүхдүүдээр бодуулаад байна гэсэн үг. Ямар шийдэл гаргаж ирэх нь вэ гээд л. Энэ жилийн олон улсын олимпиадад дэлхийн 88 орны 300 гаруй хүүхэд оролцсон. Тэдгээр 300 гаруй хүүхэд бүгд өөр өөрийн гэсэн бодолтоор бодох боломжтой.

-Олимпиад хоёр өдөр үргэлжилдэг. Нэг өдөр нь таван цаг туршилт, нэг өдөр нь бодолт. Ямар туршилт хийдэг юм бэ?

-Олимпиадын эхний өдөр туршилт хийдэг. Тухайлбал, лазертай холбоотой сүүлийн үеийн өгүүллүүд ч юмуу түүнтэй холбоотой туршилтыг яаж хийж болох вэ гэдгийг бодно. Маш энгийн бодлого байгаа юм. Эсвэл нэг гараг дээрээс 50-20 мянган метрийн өндөрт нэг бие унагана. Тэгээд түүнд ямар ямар хүч, гадны нөлөө үйлчилж байна вэ гэдгийг бодно. Гаригийнх нь тухай бид мэдэхгүй. Тэгээд тухайн гаригийн масс, нягт, хүндийн хүчний хурдатгалыг олох ёстой. Тэгэхээр хүүхдүүд төсөөлж эхэлнэ. Туршилтаас шийдэл олно.

-Монгол хүүхдүүд юун дээр түлхүү алддаг вэ?

-Бэлтгэлийн үед гол дутагдаж байсан зүйл нь хурд, цаг маш богино хийх зүйл их. Манай хүүхдүүд дахиад нэг л цаг байсан бол гэж хэлж байсан. Хүүхдүүдэд өгөгдсөн 100 гаруй хуудас цаасан материалтай таван цаг ажилладаг. Тэгэхээр бид хурд гэдэг зүйлдээ анхаарах ёстой. Энэ жил хурд маш их бэлдсэн.