Categories
мэдээ эдийн-засаг

Хүнсний гол нэрийн барааны үнэ долоо хоногт гурван хувиар буурчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны долоо хоногийн үнийг гаргажээ. 2022 оны наймдугаар сарын 15-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 6.4 хувь, наймдугаар сарын 8-наас гурван хувиар буурсан байна. Тухайлбал, өмнөх сараас бөөрөнхий сонгинын үнэ 9.1 хувиар, төмсний үнэ 26.8 хувиар тус тус буурсан байна. Харин өндөгний үнэ хоёр хувиар өсжээ. Энэ хугацаанд гурил, элсэн чихэр, цагаан будааны үнэд өөрчлөлт гараагүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нүхэн жорлонд унасан 81 настай эмэгтэйг гаргажээ DNN.mn


Онцгой байдлын ерөнхий газарт /2022.08.19/ ирсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хэрлэн голд дөрвөн зорчигчтой суудлын автомашин суужээ. Алба хаагчид зорчигчид автомашинаас гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 10:20 цагт хүлээн авсан байна.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 64 дүгээр ангийн алба хаагчид 35 км замыг замыг туулан очиход иргэн Г-ын “Тоёота Хайлукс” загварын суудлын автомашин Хэрлэн голын усанд суусан байсныг иргэдийг аюулгүй газарт гарган, автомашиныг татан гаргажээ.

Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн “Хийморь” хорооны 10 дугаар гудамжинд хүн нүхэн жорлонд унасан гэх дуудлага иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид очиход 81 настай, эмэгтэй дөрвөн метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг татан гаргаж, сум дундын Нэгдсэн эмнэлгийн их эмчид хүлээлгэн өгчээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Японы 160 гаруй уран бүтээлч Төв талбайд болох бүжгийн наадамд оролцоно DNN.mn

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадмыг наймдугаар сарын 22-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн ирэх аж.

Хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардын урлаг, өв соёлыг харилцан таниулж, сурталчлах зорилготой “Сүүн зам” бүжгийн наадмын хүрээнд Монголын үндэсний болон орчин үеийн бүжгийн наадам, тоглолтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори”, “Ёсакой” бүжгийн урлагаас танилцуулах юм. “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давлагааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг байдаг бол “Ёсакой” нь үндэсний хэв шинжийг чөлөөт хэв маягаар илэрхийлсэн бүжиг ажээ.

Иргэд, жуулчид та бүхэн тус өдөрлөгт өргөнөөр оролцож, монгол, япон үндэсний бүжиг, соёлтой танилцана уу.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-т 30 орчим аж ахуй нэгж оролцож байна DNN.mn

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болж байна. Уг өдөрлөг нь монгол үндэсний болоод олон орны хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад таниулан, сурталчлах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. Тус арга хэмжээнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим иргэн, аж ахуй нэгж оролцож байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө тус өдөрлөгийг нээж үг хэлэхдээ “Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “UB food festival” арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулсан. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуй нэгжүүд маань үндэсний хоолоо сурталчлан таниулах хэрэгтэй. Хотын даргын зүгээс ч мөн гудамжны хоолны соёлыг дэлгэрүүлэх, иргэд, аж ахуй нэгжүүд ямар нэг дарамт шахалтгүйгээр үйлдвэр, үйлчилгээгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа. Иргэдийн ая тухтай байдлыг алдагдуулахгүй, явган зам дээр орц, гарц хааж зогсохгүй, хүнсний аюулгүй байдлыг чанд хангасан хэн бүхэн хүссэн үйлчилгээгээ иргэдэд хүргэж болох юм. Бид цаашид энэ асуудалд илүү анхаарах болно” хэмээсэн юм.

2013 оноос хойш “UB food festival” нэрээр зохион байгуулж буй тус өдөрлөгийн үеэр “Cosplay & Comic night” тэмцээн болоод бургер, зайрмагийн тэмцээнийг зохион байгуулж байна. Зайрмагийн тэмцээнийг зургаа хүртэлх насны таван хүүхдийн дунд явуулсан бөгөөд ялагчаар Э.Энхтүвшин хүү шалгарлаа. Тэрээр “Өнөөдөр миний төрсөн өдөр. Төрсөн өдрөөрөө зайрмагны тэмцээнд ороод түрүүлсэндээ баяртай байна. Шагналынхаа эрхийн бичгээр эгч, дүү нартаа зайрмаг авч өгнө. Одоо удахгүй гоё хоол идээд, гэртээ харьж төрсөн өдрийн тортоо иднэ. Дараа жил дахиж ийм тэмцээнд оролцмоор байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Categories
мэдээ эдийн-засаг

Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2.2 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (2.1 дахин) тэрбум ам.доллароор нэмэгдэв. Үүнд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 720.1 сая, анхдагч орлогын алдагдал 313.4 сая ам.доллароор өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Мөн урсгал дансны алдагдал энэ оны 6 дугаар сард өмнөх сарынхаас 224.4 сая ам.доллароор өсч, 462.9 сая ам.доллар болжээ.

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 423.6 сая, зарлага 1.3 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 60 сая, зарлага 209.5 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 149.5 сая ам.доллароор өсөж, 861.8 сая ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 86.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 37.6 сая ам.доллароор нэмэгдэв. Мөн зургадугаар сард 22.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 2.6 сая ам.доллароор өсөв.

Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 347.8 сая ам.доллароор өсчээ. Зургаадугаар сард 274.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 114.6 сая ам.доллароор нэмэгдлээ.

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Харин төлбөрийн тэнцэл 2022 оны 6 дугаар сард 9.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх сарынхаас 95.3 сая ам.доллароор багасчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар 98.142 эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээжээ DNN.mn

Цэцэрлэгийн энэ жилийн элсэлтийн бүртгэл /2022.08.10/ хүсэлт хүлээж авах дарааллаар албан ёсоор эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 98.142 эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээжээ. Өөрөөр хэлбэл, элсэлт бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар буюу E-mongolia систем дээр тулгуурлаж зохион байгуулж байна.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг “Е-mongolia” системээр дамжуулан авна. Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна.
НЭГДҮГЭЭР ШАТ
  • 08.10-08.24 Хүсэлт хүлээн авах
  • 08.25-08.26 Цэцэрлэгт хуваарилах
  • 08.26-09.09 Бүртгэлийг баталгаажуулах
ХОЁРДУГААР ШАТ
  • 09.10-09.25 Хүсэлт хүлээн авах
  • 09.26-09.27 Цэцэрлэгт хуваарилах
  • 09.27-09.30 Бүртгэлийг баталгаажуулах
ГУРАВДУГААР ШАТ
  • 10.03-10.24 Хүсэлт хүлээн авах
  • 10.25-10.26 Цэцэрлэгт хуваарилах
  • 10.26-10.31 Бүртгэлийг баталгаажуулах
Эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд,
  • Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана
  • Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна
  • Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.
  • Хэрэв цахимаар бүртгүүлэх бломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.
  • Мөн parent.edu.mn сайтад хандаж, хүсэлтээ илгээж, бүртгүүлэх боломжтой.
Categories
мэдээ нийгэм

Он гарсаар сураггүй алга болсон, төөрсөн 53 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ DNN.mn

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад сураггүй алга болсон, төөрсөн 53 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 25 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг хангажээ. Иймд аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой аялах, бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байж, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хуш модны болц гүйцээгүй түүхий самар түүж хэрэглэхгүй байхыг анхааруулав DNN.mn

Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 7 хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан.

Хуш модны самрыг тухайн оны 10 сарын 15-наас дараа оны 3 сарын 10-ний хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой бөгөөд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүх хэмжээ, хугацааг аймаг сум бүрээр холбогдох журмын дагуу тухайн жилийн самрын нөөцийг тогтоосон байдаг.

Болц нь гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь доорх эрсдлийг дагуулдаг.

1. Болц /түүхий/ гүйцээгүй самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, амархан үржиж хуримтлагддаг мөн шавьж түүний авгалдайгаар бохирддог байна. Иргэн ахуйн нөхцөлд самрыг гараараа цөмж иддэг. Тэгэхээр давирхайтай самар эрүүл ахуйн талаас нян үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо элдэв бохирдол наалдана. Түүнийг бид иддэг гэсэн үг. Үүний улмаас халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчнүүд үүсэх аюултай.

2. Намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах эрсдэлтэй.

3. Хуш модыг механик аргаар хүчтэй гэмтээснээр модны гол ишний модлог ихээхэн гэмтэж улмаар физиологийн хаталт өгөх, модлогийн хортон үүрлэх, давирхай их хэмжээгээр гоожих, ойн байгалийн сэргэн ургалт хангалтгүй явагдаж цаашид байгалийн аясаар тэлж ургах нөхцөл хязгаарлагдмал болоход хүргэж тухайн ойн 80-90 хувь хатах эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг судалгааны байгууллагаас гаргасан байна.

Иймээс болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэхгүй мөн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулж, худалдаалж байгаа самрыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна!

Хариуцлага: Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх /Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүн амын сангийн улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифиг хүлээн авч уулзав. НҮБ-ын Хүн амын сангийн 2017-2022 онд хэрэгжүүлж буй Улс орныг дэмжих VI хөтөлбөрийн хүрээнд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангасан амьдрах ухаан, бэлгийн цогц боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодлогын орчинг сайжруулах чиглэлээр хамтран ажилласан.

Энэ хүрээнд Өмнөговь аймагт өнгөрсөн 5 жилийн хугацаанд “Эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Хөтөлбөрийг улам өргөжүүлж, боловсролын салбарт гарсан шинэлэг арга аргачлал, шилдэг туршлагыг орон нутагт хэрэгжүүлэх боломж байгааг сайд хэллээ.

НҮБ-ын Хүн амын сангаас 2023-2027 онд хэрэгжүүлэх Улс орныг дэмжих VII хөтөлбөрийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

– ЕБС, МСҮТ-ийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн чанар, эрүүл мэндийн хичээлийн багшийн чадавхыг сайжруулах,

– Сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтны бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэгийг нэмэгдүүлэх,

– Сургуулийн орчин дахь хүчирхийллийг бууруулж, таслан зогсоох чиглэлээр цаашид өргөн хүрээтэй хамтран ажиллах,

– ЕБС төдийгүй цэцэрлэгийн наснаас эхлэн нөхөн үржихүй, бэлгийн боловсрол болон жендэрийн ойлголтын талаарх мэдлэгийг насанд нь тохирсон хөтөлбөрөөр оруулах,

– Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бүх нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх, ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд Жендэрийн эрх тэгш байдлын талаарх ойлголтыг хөгжүүлэх аянг зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баруун гурван аймгийн тогийг 4 хоног хязгаарлана DNN.mn

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВ-ын С-458 цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд засварын ажил хийгдэхээр болжээ.

Улмаар энэ сарын 23, 24, 25, 26-ны өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг 06:00 цагаас орой 20:00 цаг хүртэл хязгаарлах юм байна. Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөний УЦС-аас ЦЭХ-ээр ханган ажиллах аж.

Оросын талын засварын ажилтай уялдуулан манай ЦДАШ-уудад засварын ажил хийгдэх тул ЦЭХ хэрэглэгчдийг зарим өдрүүдэд бүрэн хязгаарлахыг мэдэгдэж байна гэжээ.