Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Гутерреш юу айлдав DNN.mn

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш сая Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Дэлхий үймж байгаа энэ цаг үед дээд байгууллагын тэргүүн Монголд ирсэн нь, юу ярьсан нь мэдээж Олон улсын анхаарлын төвд байлаа. Түүний Монголд ирээд хэлсэн нэг үгийг онцлох ёстой. Түүнчлэн монголчууд онцгойлон анхаарах ёстой. Тэрбээр ингэж хэлэв, “Далайн давлагаа эргээ аймаар хүчтэй цохидог. Түүнийг нь харахад аймшигтай, эрэг яаж тэсч байна гэмээр. Гэвч эцэстээ далай ч, далайн эрэг ч яадаг ч үгүй юм. Харин тэр хоёрын дунд байгаа жижиг жараахай, хавч, амьтад, тэр байтугай хөлөг онгоц хүртэл бяц үсэрдэг. Монгол Улс яг үүн шиг нөхцөлтэй байна. Орос-Хятад хоёр яах ч үгүй. Дунд нь байгаа Монгол Улс бут үсэрч мэднэ. Тийм болохоор Монголын орчин үеийн улс төр, улстөрчид, ер нь монголчууд үүнд анхаарах хэрэгтэй. Бяц үсэрч болохгүй” гэж хэллээ дээ. Энэ үгийг хэр олон хүн анзаарсан юм бол доо. Гутеррешийн энэ үг бол бараг айлдвар. Дэлхийн 200 гаруй улс орны аюулгүй байдал, энх амгалан зэрэгцэн оршихын төлөө ажиллаж байдаг Олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том энэ байгууллага болох НҮБ-ын тэргүүн бээр зүгээр ч нэг энэ үгийг хэлээгүй гэдгийг монголчууд ойлгох цаг иржээ. Монголчууд дотроо яадгийг мэддэг учраас энэ зүйрлэлийг хэлж, сануулсан нь лавтай.

Монголын энэ цаг үеийн толгой сэхээтэн, мэргэжлийн дипломатч, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн гуай “Монголчууд бид хоёр хөршийнхөө дунд мөрөөрөө, бас ухаалаг амьдрах цаг үе ирлээ” гэж хэлсэн. Нэрт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо нэгэнтээ “Айлд яваад орохоор ер зүгээр суулгадаггүй, өмнүүр хойгуур гүйгээд, үс сахлаар оролдоод, болдог бол барьж аваад хонгон дээр нь нэг таван салаа өгчихмөөр хүүхэд байдаг даа, яаж ч болдоггүй, хоёр хөршдөө монголчууд яг тийм хүүхэд шиг байгаа” гэж билээ.

Тэгэхээр дэлхий даяараа тахал, дайн хоёрт дөрлүүлж, хоёр хөрш маань голлох үүрэгтэй байгаа ийм цөвүүн цаг үед монголчууд бид өмнөх шигээ байгаад байж болохгүйг дэлхийн дарга ч санууллаа, дэргэдэх сэхээтнүүд маань ч хэлсээр байна.

Монголчууд тэгээд ямар байх ёстой вэ. Гол нь улс төрийн нөхцөл байдал эрүүл, ардчилсан зарчимд суурилсан, тэнцвэртэй, шударга, хууль ёсны дагуу байх ёстой. Улс орныг үймүүлэх, юу ч биш болгох хамгийн том аюул бол улс төрийн буруу тогтолцоо, улстөрчдийн бэртэгчин байдал. Тийм болохоор Монголын улс төрийн тогтолцоог нэгдүгээрт Парламентын засаглалдаа үнэнч, тууштай, олон ургальч үзлээс бүрдсэн, хяналттай байлгах нь хамгийн чухал. Үнэн хэрэгтээ 2016 оноос хойш Монголын парламентад нэг нам дангаар ноёрхож ирлээ. Нийт сонгогчдын 58 хувийн саналыг авсан АН болон бусад нам эвслийн төлөөллүүд гудамжинд үлдсэн эрүүл бус сонгуулийн системтэй явж ирлээ. Сонгогчдын дөнгөж 42 хувийн санал авсан нам УИХ-д 62 суудалтай, үнэмлэхүй олонх байгаа нь эрүүл үзэгдэл мөн үү. Хууль ёс шударга хэрэгжих үү. Шулуухан хэлэхэд, 62 гишүүний 50 хувийг гадны хүчин зүйлс байтугай дотоодын нэг аж ахуйн нэгжийн эзэн ч худалдан авч чадахаар байна. Хүссэн хуулиа гаргуулахад асуудал алга. Монголын хувь заяаг эргүүлэхэд 500 сая ам.доллар хангалттай гэсэн золбин үг тодорхой хүрээнд яригддаг нь нууц биш шүү дээ. Парламентын 50 гишүүн тус бүрт нэг сая ам.доллар хангалттай гэсэн гадны гар хөлийн ч яриа бий. Ийм эмзэг төр засагтай, хууль ёстой байна гэж юу байсан юм бэ. Тавин улстөрчийг худалдаж авах, 100 гишүүнийг худалдаж авахын хооронд басчиг ялгаа бий. Аргаа барсан хүний үг юм даа. Гэхдээ л нэг намын 62 гишүүнтэй ярьж тохирох, олон намыг төлөөлсөн 140 гишүүнтэй халзагнахын тухайд бүтэлтэй, бүтэлгүй юм дуракуудад тулгарах нь тодорхой. Ийм л учраас Их хурлын гишүүдийн тоог хүн амын тоондоо харьцуулан олон болгох нь цаг үеийн шалгарсан шаардлага болоод байна. Дээр нь сонгогчдын санал ингэж хэдэн зуун мянгаар гээгдмээргүй байна. Ийм эрүүл системийн эхлэлийг энэ жилдээ багтааж хийхгүй бол Монгол Улс цаашдаа балрах нь.

Хоёрдугаарт, аль ч улс орны түүхэнд нэг хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлснээр сайн зүйлийг авчирч байсан удаагүй. Тийм л учраас ардчилсан нийгэм, хүчтэй сөрөг хүчинтэй парламентын засаглал руу хүн төрөлхтөн явж ирлээ. Өнөөдөр харцгаа, Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнууд ямар байгааг. Ард түмнээ зовоогоод зогсохгүй дэлхийг самарч байгааг. Хүн төрөлхтөнд шүдний өвчин болсон удирдагч, улстөрч, Ерөнхийлөгчтэй болцгоосон байна. Энэ мэтийг сануулахын учир нь “Монголд чанга гар хэрэгтэй байна, хүчтэй Ерөнхийлөгчтэй болъё, Ерөнхийлөгчийн засаглалтай болохоос өөр арга замгүй боллоо” гэх үзэл суртал яригдах, оролдлого хийгдэх боллоо. Энэ бол тэнэглэл. 76 хүнд 70 сая ам.доллар хангалттай гэж хуцдаг гадныхан нэгэнт бий болчихоод байхад ганц атамантай ярих нь бүр л амар шүү дээ. А.Гутеррешийн “Далай-Эрэг хоёр яадаг ч үгүй юм, дунд нь байгаа бүхэн үрэгддэг” гэсэн зүйрлэл дотор энэ бүхэн багтаж байгааг тогтож бодно уу, монголчууд аа.

Өнөөдөр Монголын оюун санааны ертөнцөд нөлөөлөх нэр бүхий хэдэн сэхээтнүүд нийгмийн сүлжээнд хоёр хөршийн талаар нэг талд нь, ил цагаан үзэл бодлоо илэрхийлмээргүй байна. Аль нэг талд нь туйлширч дуугарахаа хязгаарлана уу. Таны үзэл бодлыг коммунистууд шиг хориглож байгаа юм биш. Зүгээр л цаг үе нь биш байна гэдгийг хэлье. Та бүхэнд туршлага, сайн эх сурвалж, аналитик чадварууд байж болно. Гэхдээ Монголтой, Монголгүй асуудал шийдэгдэхээ хүрвэл шийдэгдэх тийм цөвүүн цаг үе учраас дотроо бодолтой, дороо суурьтай байцгаая. Бид дотроо л томорцгоохоос биш гадагшаа бол хэн ч биш шүү дээ. Дэлхий сонсчих хэмжээний ганц Нобелийн шагналтан бидний дотор бий билүү. Дэлхийн анхаарлыг Монгол руу хоромхон зуурт чиглүүлж чадах ганц Холливудын жүжигчин ч байхгүй шүү дээ. Далайн шуурга болж эрэгээ цохиход хүрвэл бид зомгол болно. Зомгол болгохгүйн төлөө үйл ажиллагаа явуулдаг дэлхийн дарга үүнийг хэллээ. Үүнээс илүү бодит сэрэмжлүүлэг тэгээд хаанаас сонсох гэсэн юм бэ. Украинтай өөрсдийгөө зүйрлэн жиших хэрэггүй. Газрын зураг дээрээс харчих. Хаагуур нь ч барууны дэмжлэг орж ирэх боломжтой, нөөцтэй Украин. Монгол Улс бол далай-эрэг хоёрын голд л байна. Үүнийг монгол хүн хэлээгүй, Гутерреш хэлсэн.

Эцэст нь үнэнийг дахин хэлэхэд, монголчууд бид хоёр хөрштэйгөө ил, далд байдлаар толхилцоод байлгүй эвтэй, ойлголцолтой байх энгийн үнэнийг нийтээр хүлээн зөвшөөрөх. Хоёрдугаарт, хоорондоо эвтэй байх. Дотор нь хагаралдуул, дараа нь эзэлж авъя гэсэн үгийг түүхийн хуудаснаас харцгааж байх. Гуравдугаарт, бидний төрийн байгууламж болох Парламентын засаглалаа улам бэхжүүлэх. Гадна, дотны хэн ч өвөртлөөд явчих юм уу, өшиглөөд унагачих давжаа парламентгүй болох. Дор хаяж 140 гишүүнээс бүрдсэн, олон намын төлөөлөлтэй, хяналттай, эрх мэдлийн тэнцвэрээ хадгалсан парламенттай болох. Ингэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрлчлөлтийг зөв, хийгүй, тултал хийхээс өөр гарц өнөөдөр алга. Даян дэлхийн энхтайвны баталгаа болсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлдварыг Далай ламын сургаал шиг санаж явах цаг иржээ, монголчууд минь…

Categories
мэдээ цаг-үе

Дизель түлш, Аи-95 автобензиний үнэ литр тутамд 300 төгрөгөөр хямдарчээ DNN.mn

ОХУ-аас импортолж байгаа шатахууны хилийн үнэ буурсантай холбоотойгоор “Перовис”, “Шунхлай” тэргүүтэй импорлогчид өнөөдрөөс Дизель түлш, Аи-95 автобензиний үнийг литр тутамд 300 төгрөгөөр бууруулжээ.

Харин ШӨХТГ-ын хийсэн тооцооллоор Дизель түлш, Аи-95 шатахууны үнэ литр тутамд 445-500₮-р буух боломжтой тул нарийвчилсан тооцооллыг хийж, цаашид хяналт тавьж ажиллахаар болжээ.

Аи-92 автобензиний хувьд Засгийн газраас ОХУ-ын талтай хэлэлцээр хийж 2022 оны 12 дугаар сарыг дуустал гадаад зах зээлийн үнээс хямдаар 2390 төгрөгөөр нийлүүлж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

“Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцлоо DNN.mn

Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцлоо

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” бүжгийн наадмыг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широгийн санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 150 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Анх удаа зохион байгуулж буй бүжгийн наадамд хоёр улсын 500 гаруй бүжигчин оролцож буй юм. Бүжгийн наадмыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар үг хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, бүтэн жилийн турш өргөн хүрээг хамарсан соёл урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулж буйд баяртай байна. Монгол, Япон Улсын хамтарсан “Сүүн зам” соёл урлагийн наадмыг өргөн дэлгэр зохион байгуулж манай хоёр орны нандин хэлхээ холбоог бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ танд гүн талархал илэрхийлье. Түүхэн 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын соёл, өвөрмөц нандин өв уламжлалыг хуваалцан дэлгэсэн найрамдалт нөхөрлөлийн наадам болж буйд туйлын их баяртай байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Энэхүү наадам нь Япон Улсын өв соёл, үндэсний урлаг, тэр дундаа бүжгийн урлагийг монгол үндэсний болон орчин үеийн бүжгийн урлагтай хослуулан үзүүлэх, үүх түүхээ таниулах, хоёр улсын соёл урлагийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг дурдахад нэн таатай байна. Цаашид Монгол Улс, Япон Улсын стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин тэлж, улам бэхэжнэ гэдэгт Улаанбаатар хотын зүгээс итгэлтэй байна. Аливаа улс орны ард түмэн хэл соёл, түүх, шашин, зан заншлаар ялгардаг хэдий ч соёл урлагаар дамжин дуу бүжиг хэмээх нэг хэлээр ярьж, ойлголцож чаддаг” хэмээн онцоллоо.

Харин Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлсэн үгэндээ “Сүүн зам наадам нь Япон улс, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй томоохон арга хэмжээний нэг юм. Японоос зорин ирсэн бүжигчид та бүхэнд болон энэ наадмыг зохион байгуулахад хичээл зүтгэл гаргасан хоёр орны холбогдох хүмүүст талархал илэрхийлье” гэв.

“Сүүн зам” бүжгийн наадмын үеэр төв талбайд үзэсгэлэн, яармаг худалдаа гарснаас гадна хоёр орны үндэсний бүжиг толилуулж байгаа юм. Ийнхүү Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори” бүжгийн урлагаас танилцуулж, Япон, Монгол орны бүх уран бүтээлчид хамтдаа бүжиглэснээр наадам өндөрлөх юм. Японы үндэсний бүжиг “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давлагааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТАНАЙД ӨНЖЬЕ: Өвлийн хүлэмжийг анх нэвтрүүлсэн Д.Амарсайханыд өнжлөө DNN.mn

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороолол, Шувуун фабрикт байрлах ахан дүүсийн газар тариалангийн аж ахуйд өнжлөө.

Баянхонгор аймгийн ахмад барилгын инженер П.Дэлгэрийн хүүхдүүд хамтран газар тариалангийн аж ахуй эрхэлж байна. Түүний охин Д.Амарсайхан барилгын техникч мэргэжилтэй, 2003 онд отгон хүүгээ төрүүлэх үед хашаандаа ногоо тарих Францын хүмүүнлэгийн төсөлд хамрагджээ. Тэр үед нэг багш 10 сурагчид хичээл заадаг байж. Төсөл, өөрийн зүтгэлийн үр дүнд ногоо нь сайн ургаж жилийн дараагаас өөрөө сургагч багш болсон байна. Гурван жил орчим сургагч багшаар ажиллаж, НҮБ-ын төсөлд хамрагджээ. НҮБ-ын төсөл дуусахад Чингис бондын Өвлийн хүлэмжийн зээлд хамрагдахаар материалаа бүрдүүлж 2014 оны аравдугаар сард зээл батлагдаж гарчээ. Хүйтний улирал эхэлж байсан учир эхний хүлэмжийнхээ суурийг тавьж, амьдрах байраа барьж эхлүүлээд худгийнхаа хажууд гэртэй болсон байна.

Ирэх хавар нь хүлэмжээ гүйцээн барьж, нэг жил тоггүй өвөлжиж, халаалтаа тавиад анхны үрсэлгээгээ нэгдүгээр сарын 10-даар суулгаж байжээ. Ингэснээр Монголын анхны өвлийн хүлэмжүүдийн хоёрыг амжилттай туршжээ. Нэг хүлэмжиндээ үрсэлгээ, нэгд нь дан навч тарьсан аж. Өвлийн хүйтэнд 90 хоногт, зундаа 30 хоногт ногоо гардаг юм байна. Иймээс идэр есийн хүйтэнд ч шинэ ургац хэрэглэх боломжийг нээсэн аж.

Өдгөө тэдний бизнес өрхөөс ахан дүүсийнх болж, цаашилбал газар тариалангийн аж ахуй болон өргөжиж байна. Аав П.Дэлгэр, дүү Д.Амарсанаа болон бусад ах, дүү нартайгаа хамтран ажилладаг. “Биднийг зээл авах үед хүнсний ногооны үнэ хямд учир хичнээн сайн үйлдвэрлэсэн ч зээлээ төлөх боломж муу байсан. Хүү, дүү нар, аав маань байнга ажилладаг. Зээлтэй учраас гэр бүлийн хүн маань үндсэн ажлаа хийдэг. Манай гол хөрөнгө оруулагч дүү Амарсанаа маань” хэмээв.

Түүний гэр бүлийн хүнийг Б.Батбаяр гэдэг, барилгын инженер мэргэжилтэй. Тэд Б.Далайжаргал, Б.Түвшинжаргал хэмээх хоёр хүүтэй. Ууган хүү Б.Далайжаргал нь Хөдөө аж ахуйн их сургуулийг ландшафтын архитектурч мэргэжлээр төгсөн мэргэжлээрээ ажилладаг. Харин отгон хүү Б.Түвшинжаргал нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан, зуны амралтаараа бизнестээ туслан талбайдаа ажиллаж байлаа.

Ил 2,5 га талбайд тариалж байна. Намрын хураалт, зэрлэг авалтад нэмэлт ажилчид авдаг. Тогтвортой гурван хүн, ногоо түгээгч, сэлбэг хариуцсан хүн гээд арын албанд цөөнгүй хүн ажиллаж байлаа. Биднийг очих үед аав П.Дэлгэр, дүү Д.Амарсанаа нар хот руу хүргэлтээ хийгээд талбайдаа ирж байсан юм. Эднийх гол төлөв хувь хэрэглэгчид буюу айлд, хоёр дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.

“Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчийнхээ гар дээр шууд очдог. “Энх шим” фэйсбүүк хуудсаар хүмүүс холбогдож захиалга өгдөг. Өнгөрсөн өвөл гэхэд 50 гаруй хэрэглэгчтэй гэрээ хийж, намрын үнээрээ бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Анх 2014 онд 1000 м.кв хоёр өвлийн хүлэмжээр эхэлсэн юм. Чингис бондын сүүлийн зээлд хамрагдсан байх. Гурван жилийн хугацаанд зээлээ төлж дийлэхгүй орон байраа багасгасан. Эрэлт хэрэгцээ байсан ч талбай бага болохоор зээлээ төлөхөд хүндрэлтэй байсан. Хүлэмжээ нэмнэ, хүнээ цалинжуулна гээд асуудал олон. Үр, сорт маш чухал юм билээ. Гурван жил бид үр, сортоо сонгож чадахгүй ургац маш их хэмжээгээр алдсан. Судалж байгаад хүмүүс Голландаас Хятадаар дамжуулж авч болдгийг мэдсэн. Одоо төмс хүнсний ногоон дээр хөдөө аж ахуйн зохистой байдлыг нэвтрүүлсэн байх ёстойг шаарддаг болсон. Өрхийн жижиг тариалан байсан ч хүнсний ногоо зах зээлд нийлүүлж байгаа бол эрүүл хүнс гэдгээ нэвтрүүлэх, нэвтрүүлснээ баталгаажуулсан, зохих хаяг шошготой байвал дэлгүүрт зарж болдог. Төрөөс маш сайн арга хэмжээ авдаг ч бусад ажилтайгаа уялддаггүй учир хүмүүст ач тус нь бага хүрдэг. Ямар ч байсан бид өөрсдийн чармайлт, ХААИС-ийн багш нар, Хөдөө аж ахуйн ургамал хамгааллын газрын судлаачид, Монгол ногоо төсөл гээд олон хүмүүсийн дэмжлэг, зөвлөгөөгөөр маш сайхан ургацаа авч байна” хэмээн Д.Амарсайхан ярьсан юм.

Ил талбайд арваад төрлийн ногоо тарьдаг. Байцаа гэхэд хүрэн, ногоон, цэцэгт брокколи гээд дөрвөн төрлийг тарьж байна. Гоньд, наранцэцэг, булцуут цэцэг, лууван, манжин, гүзээлзгэнэ, чацаргана, хайлаас, улиас, үхрийн нүд, интоор, амтат гуа ч тарина. Хүлэмжүүддээ нарийн навчит ногоонуудаа тарьдаг, нийт есөн хүлэмжтэй. Өвлийн хүлэмжинд өвлийн тариалалтдаа бэлтгэж байсан юм. Захиалгын дагуу хоёр хоногт нэг удаа хот руу ногоо нийлүүлдэг аж.

Хэрэглэгчиддээ зориулан 50, 80 мянган төгрөгийн багц гаргаж, багцаа хүргэдэг. Тухайлбал, 50 мянган төгрөгийн багцад 3кг төмс, 1кг сонгино, 2кг лууван, 1кг огурцы, лооль, салат навч, юуцай, бууцай 300-400гр багтдаг. Энэ талаар Д.Амарсанаа “2014 онд хүлэмж эхэлж байхад хэрэглэгчид нарийн ногоог төдийлөн хэрэглэдэггүй байлаа. Одоо хэрэглээ, эрэлт нэмэгдсэн” гэв.

Гүзээлзгэнэ тариад 4-5 жил болж байна. Мөн ХААИС-ийн багш доктор Ж.Оюунгэрэл аж ахуйд 5-6 төрлийн лооль туршжээ. Солонгос элит сорт Монголд нутагшуулж байгаа аж. Энэ жил анх удаа энэ талбайд тарьжээ. Вишни сорт үрээ гаргаж байгаа. Тэгэхээр манай улсад найдвартай сайн үр гаргаад эхэлсэн гэсэн үг юм байна.

Тэд үрэн дээр маш их алддаг. Монголд нутагшсан үр тарихад ургацаа хангалттай сайн авч байна. Ургамал хамгааллын хүрээлэнгийн докторууд маш их зөвлөгөө өгдөг. Тиймээс бүтээгдэхүүн маань чанаржиж, хэрэглэгчид мэддэг, ногоогоо ялгадаг болсон талаар ч хэлж байсан юм.

Хэрэглэгчидтэйгээ зургаан сарын хугацаатай гэрээ хийж, 7-10 хоногт нэг удаа хүргэдэг. Зургаан сард нийт 12 удаа ногоо хүргэнэ. Ногооны үнэ хэд дахин өссөн ч гэрээний үеийн үнээрээ авдаг. Ойролцоогоор 50 өрхтэй гэрээ байгуулж, гэрээгүй хувиараа 30 гаруй өрх ногоо захиалдаг гэнэ. Мөн албан байгууллагууд ч ногоо захиалж авдаг. Тухайлбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв гэх мэт.

Дүү Д.Амарсанаа “Бид алдаж болох ч алдаатай бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх эрхгүй. Гадны оронд аялсан бол гутлынхаа улыг хүртэл угааж орж ирэх ёстой. Энэ хэсэг газраа маш их хайрлаж, хамгаалдаг. Хашаа руугаа орох машиныг хүртэл хаагуур явсныг нь асууж, дугуйг нь угааж оруулах шахдаг. Учир нь Монголын хилээс цааш ямар аймшигтай вирус, бактери байгааг мэдэхгүй шүү дээ. Зарим хүмүүс дотооддоо үйлдвэрлэж байж Хятадаас ирж байгаа ногооноос үнэтэй байна гэж хэлдэг. Энэ тал дээр нэгдүгээрт, Хятадын хаанаас ирж байгаа гэдгийг бодох ёстой. Хоёрдугаарт, Хятадад яаж тарьж байгааг манай монголчууд битгий хэл хятадууд өөрсдөө хянаж дийлэхгүй байна. Зах зээл нь маш том учраас хянаж дийлдэггүй” гэж ярьж байлаа.

Бага багаар бүх зүйлээ боловсронгуй болгож, ариун цэврийн өрөөнийхөө бохир усыг ч соруулдаг болгохоор бэлтгэж байсан юм.

Мөн ургамал өвчилдөг, түүнийг технологийн дагуу мэргэжлийн хүнээр эмчлүүлэх, бүтээгдэхүүн хэрэглэх ёстой байдаг. Хэрэглэсэн гэдгээ ч шударгаар бичих хэрэгтэй аж. Огурцы, лооль, навчнуудыг өвөл ургуулсан олон жилийн туршлагатай болжээ. Өнгөрсөн жил чинжүү нь өвөлжсөн байна. Наймдугаар сард чинжүүгээ буулгажээ. Жилийн дөрвөн улирал тасралтгүй ногоогоо тарьдаг. Ногоочид эв нэгдэлтэй байж гол, гол газруудтай гэрээ хийж нэгнийгээ нөхөж нийлүүлээд ногоогоо тасалдуулахгүй байвал импортын ногооны хэрэггүй гэдгийг хэлж байв.

Төрөөс гаргаж буй бодлого, хуулийг мөрдөөд нэгдэж чадвал хийж чадах ажил. Нэгдэхгүйдээ хийж чадахгүй байгаа юм. Өвлийн хүлэмжийг өвөл ажиллуулах амаргүй. Барилга байгууламж, халаалт, нүүрс гээд. Гэхдээ бид эвлэлдэн нэгдэж гаднаас жимс, ногоо оруулж ирэхгүй байх боломжтой. Хүлэмжийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангаж, монгол ногоогоо экспортлох боломжтойг ч П.Дэлгэрийнхэн хэлж байсан юм.

Энэ хугацаанд түүхий нүүрсээр өвлийн хүлэмжээ шийдсэний дараа огцом сайжруулсан түлшээр солигдоход нэг жилийн ургацаа алдсан нь хэцүү байсан. Өөрөөр хичээх л юм бол болохгүй, бүтэхгүй зүйл байгаагүй гэв.

Тэдний ажил өглөө нар мандахаас эхэлж орой нар жаргахад л дуусдаг. Дээхнэ үед услуур бариад усалдаг байсан бол одоо хөдөө аж ахуйн техник технологи хөгжжээ. Намираа, дуслын усалгаа гэж системүүд бий болсон байна. Гүний худгаар цаг агаарын байдал, ногооны онцлогоос шалтгаалан усалгаагаа хийж байгаа аж.

Эцэст нь Д.Амарсайхан Ногоочид хөдөө аж ахуйн зохистой байдлаа нэвтрүүлээсэй, нэвтрүүлсэн гэдгээ баталгаажуулаасай. Ногооны стандарттай болохоор экспортод гарах боломж нээгдэнэ. Ганц ганцаараа биш, бид нэгдэж дотоодын хэрэгцээгээ тасралтгүй хангаж байж цаашилна гээд монгол ногоочдын төлөө олон ажил хийж байгаа “Монгол ногоо” төслийн удирдагч Т.Төрмандах, төслийн IV бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Л.Алтанцэцэг, ХААИС, Хөдөө аж ахуйн ургамал хамгааллын газрын эрдэмтэд, эрүүл хүнс сонгож, эрүүл мэнддээ анхаардаг хэрэглэгчиддээ талархал илэрхийлснийг энэ дашрамд уламжилъя.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн DNN.mn

2022.8.23, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.8.23, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 05.58-19.52
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “МАН АН-аас савраа тат” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын (дэд
Ерөнхийлөгч) Улсын Бага
хурал, Улсын Их хурлын
дарга асан, академич Р.Гончигдорж “Цэц Үндсэн
хуулийг “эзлэн түрэмгийлж”
нэг хэсгийг нь
“устгалаа” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр,
Үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуулийн
асуудлаар УИХ ээлжит бус
чуулганаа нээлээ.

Бөхийн салбар комиссын
дарга П.Сайнзориг “Шинжилгээний
хариутай танилцах боломжгүй,
хувь хүний нууц” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “МАН АН-аас савраа тат” хэмээн өгүүллээ.

Өмгөөлөгч Б.Баасанцогтын эхнэр Б.Мөнхсайхан “Шүүгч н.Батболор
үндэслэлгүйгээр нөхрийг маань хорих шийдвэрийг гаргасан” гэлээ.

“Михачи” компанийн
захирал И.Томоко “Соёлын шоконд орж долоо хоног
уйлснаас хойш миний амьдрал цэцэглэсэн” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гачууртын замаас Шархадны эцсийн зогсоол хүртэлх замын ажил 40 хувьтай байна DNN.mn

Гачууртын замаас Шархадны эцсийн зогсоол хүртэлх замын ажил 40 хувьтай байна

Баянзүрх дүүргийн 9, 23, 28-р хороодыг Гачууртын замаас Шархадны эцсийн зогсоол хүртэл 4.27км зам, Улиастай голын дээгүүр 97.3м төмөр бетон гүүрээр холбоно.

Авто замын ажил 40 хувьтай үргэлжилж байна.

Одоогоор 800м хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийжээ. Газар чөлөөлөх асуудлаас үүдэн ажил удааширсан гэж гүйцэтгэгч компани мэдээлжээ.

Газар чөлөөлөхөд зарцуулах төсвийг нийслэлийн төсөвт суулгажээ. Иймд гүйцэтгэгч компани иргэдтэй гэрээ хийж чадаагүй тул ажил удааширсан гэж Баянзүрх дүүргийн удирдлагууд үзжээ.

Энэ зам ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн төдийгүй, Улаанбаатарын зүүн чиглэлийн авто замын ачаалал буурна. Мөн түгжрэл буурах, төвлөрөл саарах зэрэгт ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ DNN.mn

Цагдаагийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын Эль эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол тэргүүтэй тус улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд нар байлцсан юм. Энэ үеэр талууд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Улаанбаатар хот нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, технологийн төв болохын хувьд улсын нийт хүн амын тал орчим хувь нь оршин сууж, ДНБ-ний 70 орчим хувийг дангаар нь үйлдвэрлэдэг болохыг онцлов. Түүнчлэн өдгөө Улаанбаатар хот нь БНСУ-ын Сөүл, Инчон, Намянжу, Гёнги муж зэрэг муж, хотуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж буйг хэлж байлаа. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллах болсонд талархал илэрхийлье хэмээв.

БНСУ-ын Эль эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын “Стратегийн түншлэл” бүхий л салбарт өргөжин хөгжиж буй онцоллоо. Тэрбээр Улаанбаатар хотын иргэдэд хөнгөлөлттэй дүнгээр үйлчилгээ үзүүлэхэд чадах бүхнээ дайчлах болно гэв.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоолоо DNN.mn

Завхан аймагт тарвага хамгаалахын тулд дрон ашиглаж эхэлжээ

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор өнөөдрийн 19 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд аймгийн төв Есөнбулаг суманд хөл хорио тогтооно.

Аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлах бол орох хөдөлгөөн хэвийн байх аж. Мөн хугацаанд үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ, аймгийн Засаг даргын захирамж гарсаны дараа холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй өгнө хэмээн Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.