Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Үер усны ослоос сэргийлэхийг анхааруулсаар байтал… DNN.mn

“Сүүлийн 10 жилд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 2091 хүн амиа алдсан бөгөөд үүний 53.7 хувийг үер, усны ослын шалтгаан эзэлж байна. Үерийн улмаас 52, усны ослын улмаас 1070 хүн нас барсан. Түүнчлэн усны ослын тохиолдлын 77 хувийг аялал зугаалгаар явж байгаад амиа алдсан тохиолдол эзэлж байгаа юм. Зургадугаар сарын байдлаар л гэхэд 3-14 насны дөрвөн хүүхэд усны ослоор эрсэдлээ” хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдэж байна.

Жил бүр дайн тулаан, цар тахлаас ч илүү хүний амийг ямар нэгэн ослоор алдаж байгаа нь эмгэнэл биш гэж үү? Найр наадам, амралт зугаалгын сар эхэлсэн энэ өдрүүдэд мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл сурталчилгааг байнга явуулж, амарч зугаалж байх үедээ хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг сануулсаар байна.

Үер усны аюулаас сэрэмжилж, бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгах, түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх хэрэгтэй.

Мөн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг мэргэжлийн байгууллагуудаас дахин дахин анхааруулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

​Ш.Цолмон: Хамтын ажиллагаа сул байгаагаас уул уурхайн хөлд нь иргэд, малчид өртөж, мал эд хөрөнгөөрөө хохирсоор байна


Энэ сарын 23,24-ны өдрүүдэд говийн бүсийн ил тод байдлын чуулга уулзалт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан юм. Тус чуулганы талаар Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачилгын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмонтой ярилцлаа.


– Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог болоод үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

– Ил тод байдлын санаачилгын бүсийн чуулга уулзалтуудыг өмнө нь зохион байгуулж байсан. Харин энэ удаа тухайлсан нэг аймаг буюу тэр дундаа бүтээн байгуулалт ил явагдаж байгаа Өмнөговь аймгийг түшиглэж зохион байгууллаа. Энэ утгаараа чуулга уулзалтын үеэр Өмнөговь аймгийн олборлох үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж байгаа асуудал нэлээн яригдлаа. Харин бүсийн хэмжээний асуудал бага яригдлаа. Чуулга уулзалтын үеэр Өмнөговь аймгийнхан олборлох салбарынхаа талаар ил тод, ний нуугүй ярилцсанаар тулгарч байгаа бэрхшээлүүдээ тодорхойлж, санаа зовоосон асуудлуудынхаа талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх боломжтой боллоо. Аймгийн удирдлагуудаас эхлээд компани, ААН болон салбар салбарын төлөөлөл, орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд асуудлаа илэн далангүй ярьж, зовлон жаргалаа хуваалцсан нэлээн халуун уур амьсгалтай чуулган боллоо. Анхандаа шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын оролцоо нь хангалтгүй байсан болохоор өндөр үр дүн хүлээгээгүй. Харин одоо бол нэлээд үр дүнтэй чуулган болсон гэдгийг хэлэх байна. Говийн бүсийн аймгуудад тэр дундаа Өмнөговь аймагт юу тулгамдаад байна вэ, ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна вэ гэдгийг нь нэлээн сайн мэдэж авсан. Мөн цаашид ямар бэрхшээл учирч болох вэ гэдгээ тодорхойлж, төрийн байгууллага цаашлаад ирсэн мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууд тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Шийдвэр гаргах хүмүүс ирсэнгүй гээд нэг гомдол гарсан. Гэхдээ тэд ирлээ гээд асуудлыг тэр дор нь шийдчихгүй шүү дээ. Ялгаагүй л хэлэлцэж, зөвшилцөж байж шийдвэр гарна. Энэ бол гол маргах сэдэв биш. Гол нь манайд хэлэлцэж хэлэлцэж шийдвэр гаргачихаад түүнийгээ цуцалчихдаг тал бий. Тиймээс тал талынхаа ашиг сонирхлыг тусгаад явах нь зөв. Хаана хаана хариуцлагатай байж, худлаа амлахгүй байх хэрэгтэй.

– Говийн аймгуудын иргэд ямар асуудал хөндөж байв. Тэнд үйл ажиллагаа явуулдаг ААН болон тэдэнд хяналт тавьдаг төрийн бус байгууллагын байгууллагынхан ямар байр суурьтай байсан бэ?

– Говь тэр дундаа Өмнөговь аймгийн нутгийн иргэдийн амьдрах орчин нь эрс муудаж байна. Энэ асуудал дээр иргэд нэлээн ширүүхэн байр сууриа илэрхийлж, сум орон нутагтаа амьдрах боломжгүй болж байгаа талаараа шийдвэр гаргах түвшнийхэнд үг дайлаа. Учир нь говийн аймгуудын малчид амьжиргааны эх үүсвэр болсон уламжлалт мал аж ахуйгаа эрхлэхэд уул уурхайн асуудал ихээхэн хүндрэл учруулж байна. Наанадаж бэлчээр нь хомсдож, ус ундгүй болж байна. Үүнээс улбаалаад зарим нэг иргэд бүтээн байгуулалтын ажлыг эсэргүүцэх хандлага ч илэрхийлж байлаа. Харин иргэний нийгмийн байгууллагуудын хувьд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд анхнаасаа зөв яваагүйн улмаас асуудал үүссэнийг хөндсөн. Тухайлбал нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгаа ч хийгээгүй хэрнээ бүс нутаг руу нь орчихсон тохиолдлууд нэлээн их байна. Тиймээс эдгээр бэрхшээлтэй асуудлуудаа зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийллээ. Төрийн байгууллагуудын хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, ковидын дараах эдийн засгийг яаж, ямар аргаар идэвхжүүлэх вэ гэдгээ түлхүү ярьсан. Гэхдээ тэд ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож, өөрсдийн хэмжээнд асуудлыг шийдвэрлэж, ААН-ийг нийгмийн хариуцлагыг хүрээндээ тухайн орон нутгийн иргэдтэйгээ хамтарч ажиллахыг онцолж байсан.

– Уулзалтын төгсгөлд зөвлөмж гаргасан. Эцсийн байдлаар хэзээ гарах вэ?

– Зөвлөмж эцсийн байдлаар хараахан гараагүй байна. Ойрын хугацаанд гараад холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад хүрэх байх. Ер нь зөвлөмжөөр Өмнөговь бол Монгол Улсыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй аймаг. Тиймээс цаашид ус, тусгай зөвшөөрөл, байгаль орчин, тээвэр, тоосжилт зэрэг тулгамдаж байгаа олон асуудал дээр тус тусад нь чиглэл өгөх маягаар гарна. Жишээ нь Ерөнхий сайд, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, УУХҮЯ ямар асуудал дээр анхаарах вэ. Цаашлаад АМГТГ юу хариуцах вэ зэрэг яам, агентлаг болгонд анхаарах чиглэлийг нь хүргүүлнэ гэсэн үг. Учир нь энэ зөвлөмж бол говийн аймгуудын уул уурхайн салбарт тулгамдсан асуудлыг нэлээн тод томруунаар харуулж чадсан гэж бодож байгаа. Тиймээс ялангуяа шийдвэр гаргах түвшнийхэн Засгийн газар, яам, агентлагийн удирдлагууд говийн аймгуудын талаар аливаа шийдвэр гаргахдаа хамгийн түрүүнд үзэж, харж, шийдвэр бодлогодоо уялдуулаасай гэж хүсэж байна. Манай Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны зүгээс тус зөвлөмжид аймаг болон сумдад байдаг Ил тод санаачилгын дэд зөвлөлийг идэвхтэй ажиллуулах талаар саналаа оруулсан. Энэ нь тухайн орон нутагт тулгарч байгаа зарим нэг асуудлыг шийдвэрлэхэд нэлээн дөхөм болох болов уу. Тухайлбал уул уурхай эрхлэгч ААН хэнд хандив дэмжлэг үзүүлж байна, тэр дэмжлэг нь байгаа онож байна уу гэдгийг дэд зөвлөлийнхөө хүрээнд ярьж, зөвшилцөл, ойлголцолд хүрснээр зарим нэг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломжтой. Уг нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянан зохицуулах үүрэг бүхий дэд зөвлөл байгуулах тухай Засгийн газрын 222 дугаар тогтоол байдаг. Харамсалтай нь орон нутгийн удирдлагууд уг тогтоолыг хэрэгжилтийг төдийлөн хангаж чадахгүй байна, идэвх санаачилга гаргахгүй байна. Энэ Дэд зөвлөлийг Засаг даргын орлогчоор даргалуулдаг. Хэрэв Дэд зөвлөл идэвхтэй ажиллаад эхэлбэл олон асуудлыг шийдэж чадна.

– Зарим ААН-үүд тухайн орон нутгийнхаа Дэд зөвлөлтэйгөө хамтарч ажиллахдаа хойрго ханддаг гэх шүүмжлэлийг цөөнгүй иргэд хэлж байсан. Энэ тал дээр ахиц дэвшил гаргана гэж мэдэгдсэн үү?

– Хэрэв ААН-үүд орон нутгийнхаа дэд зөвлөлтэйгөө хамтарч ажиллаад эхэлбэл олон асуудлыг шийдвэрлэж болдгийн олон жишээ бий. Харамсалтай нь энэ удаагийн чуулга уулзалтаар энэ талаар бага яригдлаа. ААН, компаниудынх нь төлөөллүүд ч хэлэлцүүлэг дээр идэвх муутай оролцсон. Хамтын ажиллагаа сул байгаагаас уул уурхайн хөлд нь иргэд, малчид өртөж, мал эд хөрөнгөөрөө хохирсоор байна шүү дээ. Тиймээс дэд зөвлөлөө ажиллуулах тал дээр аль аль нь хариуцлагатай хандмаар байна. Хариуцлагатай уул уурхай гэж олон хүн ярьдаг. Үүнийг зарим нь зөвхөн нөхөн сэргээлтээр төсөөлдөг. Гэтэл тийм биш шүү дээ. Хүний эрх, байгаль орчныг дээдэлсэн, нутгийн иргэдийнхээ амьдрах орчныг хөндөхгүйгээр үйл ажиллагаа явуулах нь хариуцлагатай уул уурхайн наад захын жишээ. Энэ бүгдийг бодитоор бий болгоход Дэд зөвлөлийн үүрэг оролцоо асар өндөр.

– Өмнөговь болоод говийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ААН, компаниуд ил тод байдлын тайлангаа хэр өгдөг вэ?

– Харьцангуй гайгүй гэж хэлж болно. Учир нь энэ бүсэд манай улсын томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Оюутолгой, Тавантолгой зэргээс эхлээд нүүрсний тэргүүлэх компаниуд ил тодын тайлангаа гаргаад хэвшсэн гэж хэлж болно. Гэхдээ тухайн аймагт ажиллаж байхдаа Өмнөговь аймаг хоёр дахь Заамар болчихвий гэсэн эмзэглэл төрсөн. Өнөөгийн Заамар бол Өмнөговийг бодвол жижигхэн. Гэхдээ Монголын хамгийн том аймаг Заамар болчихвол яах вэ. Тиймээс одооноос аль аль нь хариуцлагатай хандаж, хийх ёстой ажлуудаа цаг алдалгүй хийж, хариуцлагатай уул уурхайн жишгийг тогтоохгүй бол байдал хүнд байна.

-Ер нь ил тод байдлын талаарх тайлангаа хүргүүлээгүй ААН-үүдэд хүлээлгэх хариуцлага юу байна вэ?

-Хариуцлагын асуудал маш сул байгаа. Хоёрдугаарт, манай Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачилга хариуцлага тооцох субект биш л дээ.Тэрсубект бол МХЕГ шүү дээ. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 10-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч тайлан гаргах ёстой. Хэрэв тайлан гаргаагүй бол холбогдох хариуцлагыг МХЕГ хэрэгжүүлэхээр заасан. Хэдийгээр бид ил тод байдлынхаа тайланг цаг тухайд нь өгөх ёстой талаарх мэдээллийг ААН, компаниудад хүргүүлэхээс гадна, ил тод байдлын тайлангаа хүргүүлээгүй компани ААН-үүдийн талаарх мэдээллийг МХЕГ-т хүргүүлдэг. Харин МХЕГ-аас эргээд ямар нэгэн байдлаар хяналт шалгалт хийсэн, хариуцлага тооцсон эсэх талаараа бидэнд мэдээлдэггүй.Бидний хувьд ААН, компаниудад хариуцлага тооцож, асуудлыг хүндрүүлэхээс илүүтэй яагаад тайлангаа ил тод, цаг хугацаанд нь өгөх ёстой талаар ойлгуулах, мэдээллээр хангах үүргээ биелүүлэхийг хичээж ажиллаж байна. Бид иргэний нийгэм, компани, Засгийн газрын аль альных нь төлөөллийг хангах үүрэгтэй учраас аль нэг талынх нь байр суурь, ашиг сонирхолыг түлхүү хангах учиргүй. Ижил тэгш хандах учиртай.

-Эрдэс баялагийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл бэлэн болсон уу. Уг хууль эртхэн батлагдчихвал олборлох салбарт олон сайн үр дагавар бий болох байх л даа?

Тийм л дээ. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хууль болгож гаргахаар ажиллаж байгаа. Стандартыг хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгодог талтай. Зарим нь заавал мөрдөх ёстой гэж байхад зарим нь зөвлөмж төдий ойлгодог. Стандарт дотор зарим шаардлага нь зөвлөмж төдий явдаг нь асуудлаас хойш суух хийдэл болж байна.Тийм учраас уг асуудлыг хуульчлах нь зүйтэй хэмээн УУХҮЯ, холбогдох талууд хамтран ажиллаж, үзэл баримтлалын дагуу хуулийн төслөө боловсруулаад байна. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Ашигт малтмалын биржийн тухай хууль, Баялагийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялагийн салбарын ил тод байдлын тухай хууль, Хүнд үйлдвэрийн хууль зэрэг таван хуулийн төсөл бэлэн болчихоод байгаа юм. Тиймээс алийг нь түрүүлж хэлэлцүүлэх гэдэг дээр ярилцаж байгаа. Эрдэс баялагийн салбарын хуулинд уул уурхай гэхээсээ илүү төсөв санхүү, байгаль орчин, бүртгэл, татвар зэрэг өргөн хүрээний асуудлыг тусгахыг зорьж байна.

-Энэ жил хайгуулын зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхээ салбар яамнаас мэдээллэсэн. Хамгийн гол нь хайгуулын талаарх мэдээллээ ил тод иргэдэд өгдөггүйгээс орон нутгийн иргэдтэй үл ойлголцох тохиолдол нэлээд гардаг. Тэгвэл хайгуулын ил тод байдал ямар түвшинд байна вэ?

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд бүгд биш ч тодорхой хэсэг нь тайлан гаргаж байна. Тайландаа юу тусгаж байна гэхээр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн, эцсийн өмчлөгч зэрэг хэдхэн мэдээллээ ил тод тайлагнадаг. Учир нь үйл ажиллагаагаа эхлүүлээгүй болохоор товчхон мэдээлэл ил тод тайлагнаж байна. Монгол Улс хаанаа, ямар хэмжээний эрдэс баялагтай гэдгээ хайж,илрүүлэх нь зөв л дөө.Хамгийн гол нь хайгуулын талаарх мэдээллээ иргэддээ зөвөөр ойлгуулах нь чухал. Хайгуул хийх үйл явцыг шууд л газрын хэвлийг ухаж, түнхээд уул уурхай олборлох гэж байгаа мэтээр ойлгох нь өрөөсгөл.

Голланд өвчин бүрэн утгаараа бий болж байгаа тухай Өмнөговь аймгийн удирдлагууд нь хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан?

Монгол Улсын хэмжээнд баялгийн хараал гэдэг зүйл бүрэн утгаараа яригдана л даа. Энэ бол үнэхээр том асуудал. Ганц аймаг гэлтгүй Монгол Улс тэр чигээрээ уул уурхайгаас хамааралтай болчихоод байна шүү дээ. Дээр нь Голланд өвчин тусах маягтай л яваад байгаа үнэн зүйл. Хэтэрхий их уул уурхайгаас хамаараад байна, эдийн засгийг солонгоруулах хэрэгтэй гэж яриад байгаа хэдий ч төдийлөн сайн биеллээ олохгүй л байна. Яахав дэд бүтцийн төслүүд хэрэгжээд иргэдийнхээ амьдралд нэмэр болж, шинэ салбарууд бий болох ойлгомжтой. Харин тэр болтол тэсдэг байгаа даа гэж л бодогдох юм.

– Өмнөговь аймаг бол уул уурхайн чиглэлээр Монгол Улсын эдийн засгийн авч аймаг. Гэтэл энэ удаагийн чуулганд Сангийн яам болон Эдийн засаг хөгжлийн яамнаас яагаад төлөөлөлнь оролцсонгүй вэ.

Эхэндээ чуулганд оролцоно гэж мэдэгдэж байсан. Гэвч ачир дээрээ ийм ч хурал гээд ирсэнгүй. Ажлын ачаалал нь их байдаг бололтой. Гэхдээ тэдэнд төлөөлөгчөө явуулах боломж байсан уу гэвэл байсан. Жаахан сэтгэл гаргасангүй юу даа гэж харж байна. Нөгөө талаар дээрх яамуудад асуудлаа ерөнхийд нь мэддэг ховор юм уу даа. Хөдөө орон нутагт аль нэг мэргэжилтэн нь ирлээ гэж бодоход иргэд бүх талын асуудлаар хандах нь мэдээж. Гэтэл нөгөө мэргэжилтнийх нь хариуцсан салбар өөр болохоор худал зүйл ярьчих вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Тиймээс яамдууд асуудлаа ерөнхий ерөнхий утгаар нь ярьдаг, ойлгодог, танилцуулчихдаг мэргэжилтэн бэлтгэж, ажилтнуудынхаа мэдлэг чадавхыг сайжруулах ёстой юм байна гэх бодол төрсөн.

– Дараагийн чуулга уулзалтаа хаана хийхээр төлөвлөж байгаа вэ?

– Манай ажлын албанаас ирэх намар зүүн бүсийн аймгийн ил тод байдлын чуулга уулзалтыгзохион байгуулахаар ярьж байна. Сүхбаатар аймаг дээр түшиглэж хийнэ. Зүүн бүсийнхэн говийн бүсийг бодвол нөхцөл байдал харьцангуй гайгүй ч газрын тос, тээвэр, тоосжилт, байгаль орчны асуудал нэлээн бий. Манай манай энэ ард хэмжээнд оролцсон бүх байгууллагууд, хувь хүн, төлөөлөгчдөд талархсан баярласнаа илэрхий илэрхийлж, чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр хичээж анхаарч ажиллахыг хүсэж байна аа.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын баг, тамирчид оролцоно DNN.mn

Дэлхийн шатрын олимпиад нь 2 жилд нэг удаа зохион байгуулдаг оюуны спортын анхдагч хэмээгддэг шатрын олимп билээ.

Дэлхийн шатрын холбоо /ДШХ/ 2022 оны 7 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 44 дүгээр Дэлхийн шатрын олимпиадыг Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулна. Энэ удаагийн шатрын олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу ДШХ-нд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоод байдгаас 187 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчид эмэгтэй, эрэгтэй ангилалд ухаанаа уралдуулан өрсөлдөнө.

Коронавирусын халдварт цар тахлын үеэр Дэлхийн шатрын олимпиад нь цахим хэлбэрээр 2 удаа www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж байсан бөгөөд энэ жил Дэлхийн шатрын олимпиад нь 4 жилийн дараа уламжлалт танхимын зохион байгуулалттай явагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Жил бүр Дэлхийн Шатрын олимпиадын үеэр эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр улс бүрийг жагсааж дүн гарган “ГАПРИНДАШВИЛИ” цомыг гардуулдаг билээ.

Бид өнгөрсөн 2018 оны Дэлхийн шатрын олимпиадын эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг 5-д шалгарсан өндөр амжилт үзүүлсэн. Мөн 2014 онд Монголын эмэгтэй баг “B“ категорид багийн дүнгээр тэргүүлж алтан медаль, 2018 онд эрэгтэй баг “C” категорид багийн дүнгээр 2 дугаар байрт шалгаран мөнгөн медаль хүртсэн түүхтэй.

Түүнчлэн Дэлхийн шатрын олимпиадад багаараа 25 удаа оролцохдоо ширээний дүнгээр 1960 онд Л.Мягмарсүрэн алт, 1964, 1970 онуудад Т.Yйтүмэн мөнгө, З.Бямбаа 2002 онд мөнгө, 2000 онд хүрэл, 2004 онд Б.Хатанбаатар, Т.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж байжээ.

Аймаг, нийслэлийн 2 үе шатны тэмцээнээс шалгарсан эмэгтэй, эрэгтэй 24 шилдэг шатарчид оролцсон 2022 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн тэмцээний шигшээ шатны тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотноо 5 дугаар сарын 12-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, УАШТ-ий ангилал тус бүрийн эхний таван байрт шалгарсан шилдэг шатарчид Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсон юм.


Эрэгтэй баг:


Багийн ахлагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУШХ-ны дасгалжуулагч, ОУШХМ С.Ган-Од

1-р ширээ: ИМ Д.Батсүрэн

2-р ширээ: ОУШХМ Г.Амартүвшин

3-р ширээ: ИМ Б.Гүндаваа

4-р ширээ: ИМ С.Билгүүн

Нөөц тоглогч: ОУМ С.Ган-Эрдэнэ




Эмэгтэй баг:

Багийн ахлагч: МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУШХ-ны дасгалжуулагч, СМ Ц.Батсайхан

1-р ширээ: ЭИМ А.Энхтуул

2-р ширээ: ЭОУМ Б.Баярмаа

3-р ширээ: ЭОУМ Т.Мөнхзул

4-р ширээ: ЭОУШХДМ Б.Мөнгөнзул

Нөөц тоглогч: ЭОУШХМ Д.Мөнхзул


Түүхийн хуудсыг сөхвөл, Монгол Улс анх удаагаа 1956 онд 12 дугаар олимпиадад алтан Москвад болоход С.Тойвгоо ахлагчтай Ц.Жүгдэр, Б.Жамсран, С.Мөөмөө, П.Төмөрбаатар, Д.Цэрэндагва, Н.Намжил нарын баг оролцон 34 багаас 30 дугаар байр эзэлж байжээ. Тэр цагаас хойш 26 дэх удаагаа оролцох гэж байна. Өмнө нь 25 удаа оролцохдоо хэн хэн хэдэн удаа оролцсон болохыг та бүхэнд сонирхуулж байна.


1-2. ОУМ Л.Мягмарсүрэн, ИМ Б.Хатанбаатар нар 10 удаа

3. ФМ Ж.Лхагва 7 удаа

4-5. ОУМ Т.Үйтүмэн, ИМ Б.Гүндаваа, ИМ Ц.Батчулуун нар 6 удаа

6-7. ИМ Д.Шаравдорж, ОУМ Н.Баттулга нар 5 удаа

8-18. ФМ П.Төмөрбаатар, СМ Н.Намжил, СМ Г.Чалхаасүрэн, СМ Ш.Пүрэвжав, СМ Д.Зоригт, ОУМ П.Жигжидсүрэн, ФМ Ч.Хүрэлбаатар, ОУМ Ц.Лхагвасүрэн, ФМ Г.Алтан-Оч, ФМ З.Бямбаа, ИМ Г.Мөнхгал нар 4 удаа

19-23. СМ С.Мөөмөө, СДМ Г.Бадамгарав, СМ Т.Цагаан, ФМ Н.Төвсанаа нар 3 удаа

24-30. СМ Г.Гунгаабазар, ОУМ Н.Төмөрхуяг, ОУМ Т.Энхбат, ФМ Х.Сүрэндорж, ФМ Д.Эрхэмбаяр, ФМ М.Гүнбаяр, ФМ Б.Баярмандах, ИМ С.Билгүүн нар 2 удаа

31-42. СМ Ц.Жүгдэр, СМ Б.Жамсран, СМ Д.Цэрэндагва, СМ Х.Балдандорж, СМ Л.Нямдорж, СМ Ц.Энхбат, СМ О.Батзориг, ОУМ О.Ганболд, СМ Ч.Адъяатөмөр, ФМ Т.Оюунбаатар, ФМ Г.Эрдэнэ, ИМ У.Насанжаргал нар 1 удаа тус тус оролцжээ.


Харин эмэгтэйчүүд 1963 онд хуучнаар Югослав улсын /одоогийн Хорват/ Сплит хотноо болсон олимпиадад Олон улсын шүүгч Н.Намжил ахлагчтай ФМ Ж.Хулганаа, ОУМ С.Хандсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг анх удаагаа оролцон 15 багаас 11 дүгээр байр эзэлсэн байдаг. Энэ удаад бид 19 дэх удаагаа оролцох бөгөөд өмнө нь 18 удаа оролцохдоо:


1. ОУМ, ИМЭ Б.Мөнгөнтуул 9 удаа

2. ОУМЭ Б.Анхчимэг 7 удаа

3. ОУМЭ Ц.Батцэцэг, ОУМ ИМЭ Т.Батчимэг, ОУМЭ Д.Янжиндулам нар 5 удаа

4-6. ОУМЭ Т.Батцэцэг 4 удаа

7-12. ФМЭ Ж.Хулганаа, СМЭ Б.Ундрахбуян, ФМЭ Д.Мажигсүрэн, ОУМЭ С.Отгонжаргал, ИМЭ А.Энхтуул, ОУМЭ У.Лхамсүрэн нар 3 удаа

13-15. ОУМЭ С.Хандсүрэн, ФМЭ Ш.Батцэнгэл, ФМЭ Н.Тунгалаг, ОУМ ИМЭ Д.Номин-Эрдэнэ нар 2 удаа

16-27. СМЭ Д.Бямбаа, СМЭ П.Бүжинлхам, СМЭ Ө.Гэрэлмаа, СМЭ Г.Баярмаа, СМЭ В.Сарангэрэл, ФМЭ Э.Энхжаргал, ФМЭ З.Баяраа, СМЭ Ө.Нямтуяа, ФМЭ Ц.Мөнхчулуун, ОУМЭ Б.Баярмаа, ИМЭ Ү.Үүрийнтуяа, ОУМЭ Т.Мөнхзул нар 1 удаа тус тус оролцжээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 29 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 29 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн тохиолдлуудын

  • 17 нь Улаанбаатар хотод,
  • 12 нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 929,183 болж нэмэгдэв.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 58 хүн эдгэрсэн бол одоогоор 662 хүн хяналтад байна.

зураг

Categories
мэдээ нийгэм

Цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй алба хаагч оролцоно DNN.mn


Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн бэлтгэлээ базаасаар байна.

Энэ хүрээнд өнөөдөр өглөө үүрийн 04.00 цагт Сүхбаатарын талбайд нэгдсэн бэлтгэлээ хийлээ. Энэ удаагийн “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ТТХГ, ТЕГ, ЦЕГ, ДЦШ, ХЗЦК, АЦК, ТХЦК, ҮБХИС, ДХИС гэсэн 14 байгууллагын 4000 гаруй алба хаагч оролцож байна. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал С.Ганбямба командлах бол тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, тугчаар ЗХЖШ-ын ХШҮГ-ын дарга хурандаа Ж.Өсөхбаяр, тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын ХҮГ-ын дарга хурандаа С.Баяр-Очир, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номт нар ажиллах юм.

Энэ жилийн “Төрийн далбааны өдөр”-ийн Цэргийн ёслолын жагсаал нь түүхэн ойнууд давхацсан жилд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд энэ хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас оролцох салбаруудын дунд “Тэргүүний жагсаалч удирдлага, байлдааны тугийн бүрэлдэхүүн”, “Тэргүүний жагсаалч салбар”, “Тэргүүний жагсаалч эгнээ”-г анх удаа шалгаруулна.

Энэ нь Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, Цэргийн ёслолын жагсаалын дүрэмч, жагсаалч, идэвх оролцоо, санаачилга, жигдрэлтийн байдлыг сайжруулах зорилготой юм. Сонирхуулахад, Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах цэрэг, армийн хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг юм. Улс орны сүр жавхаа болсон цэрэг дайчдын цог золбоог илтгэн харуулдаг Цэргийн ёслолын жагсаалын түүхээс дурдвал, анх жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Монгол Улсад Ардын хувьсгал ялсан өдөр буюу 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд анх удаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 101 жил болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

Ойт хээрийн бүсийн эм хонины амьдын жин дунджаар 38 кг байна DNN.mn

Мал аж ахуйн үйлдвэрлэлд ноос хяргах ажил хийгдэж байгаа бол газар тариалан бүхий зарим нутгаар бордоо цацах, уринш боловсруулах зэрэг ажил хийгдсэн мэдээтэй байна.

Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудайд 3 дахь навчлалтаас ишний доод үе хөрсний гадарга дээр гарах үе шатанд явагдаж байгаа бол төмсөнд ихэнх нутагт цухуйлтаас хажуугийн нахиа үүсэх үе шатанд байна. Улаанбуудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 18-50 см байна.

Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2022 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 38 кг, эм ямаа 36 кг, үнээ 274 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм ямаа 33 кг, үнээ 314 кг жинтэй байна

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ойн санд хортон шавж устгалын бодис цацна DNN.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт, Сүхбаатар дүүргийн Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар, Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага Цуурайтын ам, Өвөр хадат, Хадатын аманд хортон шавж устгалын бодис цацаж, ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулна. Тодруулбал, Өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 8-ны хооронд утаат, үүргийн шүршигч багаж ашиглан, ойн хортон шавж болох шинэсний шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн эсрэг хор цацах юм. Иймд тус хугацаанд дээрх газруудад аялал зугаалгаар явах, зусланд гарах, зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна. Хортон шавж устгалд ашиглах хорны нөлөөлөх хугацаа 14 хоног байдаг гэдгийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд 3 хүн гол, нуурын усанд живжээ DNN.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 22-45 насны гурван эрэгтэй голын усанд осолдож, амиа алджээ.

Тодруулбал Дорнод болон Хөвсгөл аймаг, Багануур дүүрэгт гол, нуурын усанд 22, 40, 45 насны иргэд живж эндсэн бол усанд осолдсон байх магадлалтай нэг эрэгтэйг завьтай эргүүл хайсаар байна.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 9 дүгээр багийн “Задгай” Хэрлэн голын усанд 1 эрэгтэй хүн живсэн байж болзошгүй /голын эрэг дээр хувцасаа тайлж орхисон/ байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 07.03-ны өдрийн 05:00 цагаас эхлэн тус сумын 7 дугаар багийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 09:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 23 км-т “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгсөн. Мөн тус аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Цэнхэр” хорооллоос урд зүгт 1.5 км-т “Хэрлэн” голд 4 том хүн сэлж байгаад 26 настай, эрэгтэй осолдсон дуудлага аваад 3-ны өдрийн 17:10 цагаас эхлэн “Хэрлэн” голын урсгал дагуу 7 км-т завьтай урсаж, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. Өнөө өглөө /07.04-ний өдрийн/ 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “7 дугаар худаг” гэдэг газар /Багануур дүүргээс зүүн хойд зүгт 21 км/-т гэр бүлийн 20 хүн аялж явснаас 1 том хүн “Хэрлэн” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 08:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 21 км замыг туулан 08:48 цагт очиж Багануур дүүргийн харьяат иргэн С /45 настай эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усаар 30 км завиар урсаж, 8 удаа шумбаж, голын эргээр 26 км явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 15 км зайд Төв аймгийн Баяндэлгэр сумын “Мэлз хайрхан” гэдэг газраас цогцсыг олж гарган Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид 20:40 цагт шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон “Хөвсгөл” нуурын хойд талд Хилийн цэргийн амралт /аймгийн төвөөс хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 91 км, Хатгал тосгоноос хойд зүгт 37 км/-т “Хөвсгөл” нууранд 4 том хүн сэлж байгаад 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 12:08 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн 2 эмч нуурын усаар 41 км замыг туулан 13:39 цагт очиж “Хөвсгөл” нуур, “Онголог нуурын үзүүр” гэдэг газар нуурын эргээс 3 м зайтай, 2 м-ийн гүнээс иргэн Б /40 настай, эрэгтэй, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харъяат/-ийн цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн есөн хөлт цагаан тугийг залах торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ DNN.mn

Өнгөрсөн амралтын өдөр Богдхан уулын дархан цаазат Шажин хурахын амыг зориод ирлээ. Энд төрийн есөн хөлт цагаан тугийг залах торгон цэргүүд бэлтгэлээ базааж байна.

Төрийн есөн хөлт цагаан тугийг залан цэнгүүлэх ёслолыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч буюу Монгол Төрийн хонжин ахалж, Их тугчийн удирдлагад бие бялдар, авхаалж самбаагаар шалгарсан найман тугчин болон 22 торгон цэргийн хамт тодорхой ёс, журмын дагуу үүрэг гүйцэтгэснээр Үндэсний их баяр наадам эхэлдэг. Тиймээс бэлтгэл сургуулилтаа мадаггүй сайн хийж гүйцэтгэх нь торгон цэргүүдийн хувьд хамгийн гол зүйл нь.

Биднийг очиход бие бүрэлдэхүүн хэдийнэ бэлтгэлээ жигдрүүлчихсэн харагдлаа. Дасгал сургуулилтаа хийж буй байдлаас ажвал туйлын эмх цэгцтэй, зохион байгуулалттай аж. 032 дугаар ангийн хошууч Д.Хашхүү “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2015 оны долдугаар сарын 8-ны өдрийн 119 дүгээр зарлигийн дагуу бид төрийн ёслолын бүх арга хэмжээнд оролцох үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд ЗХЖШ-ын даргын тушаалаар жил бүр Богдхан уулын Шажин хурахын аманд бэлтгэлээ базаадаг. Есөн хөлт цагаан тугийн их туг нь 30 гаруй кг, харин бусад тугууд нь 27-28 кг жинтэй. Төрийн тугийн хүндийн цэг нь оройдоо байдаг учраас багахан хөдөлгөхөд дайвалзан тэнцвэр алдах аюултай. Энэхүү ёслолын үеэр алдаа гаргах эрхгүй, асар хариуцлагатай байх ёстой” хэмээн нухацтайгаар ярьж байлаа.

Зэвсэгт хүчний нэгдсэн найрал хөгжмийнхөн ирчихсэн бэлтгэлээ хамтдаа хийх гэж байв. Хээрийн ангиа тойруулан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хэмжээтэй дүйцэхүйц том тойрог татчихжээ. 15:00 цагт эхлэх бэлтгэлийнхээ өмнө цэргүүд морьдоо барьж байлаа. Эдгээр адуу төрийн торгон сүрэгт байдаг. Тэр бүр унаж, эдлээд байдаггүй болохоор ихэнх нь ааштай талдаа юм. Цөөн хэд хоног л бэлтгэл хийж байгаа болохоор тэр хугацаанд багтаж мориндоо дасна гэдэг цэргүүдээс багагүй хичээл зүтгэл шаарддаг ажээ. Тиймээс бэлтгэл дууссан үед ч мориндоо дасахыг хичээсээр овоо үр дүнд хүрч байгаа тухай цэргүүд хэлж байна.

Ёслолын үйл ажиллагаанд төрийн хонжин, их тугч болон найман тугчаас гадна морь баригч, шилжүүлэгчийн үүргийг хүлээх Төрийн торгон цэргүүдийг 032 дугаар ангийн түрүүч, байлдагчдын бие бүрэлдэхүүнээс сонгон шалгаруулдаг. Сонгон шалгаруулахдаа өндөр цэргүүдийг сонгохоос татгалздаг талаар хошууч Д.Хашхүү онцолсон юм. Учир нь өндөр цэргүүд жин ихтэй учраас моринд тээртэй байдаг ажээ. Анх удаагаа төрийн хамгийн том баяр, ёслолд оролцох гэж буй 18-22 насны залууст сэтгэл зүйн бэлтгэлээс эхлээд зааж сургах юм их. Гэхдээ адуутай бэлтгэл хийхэд төвөгшөөх зүйл байдаггүй гэдгийг бэлтгэлд гарсан хугацаат албаны дайчид дуу нэгтэй хэлж байна.


Тэдгээр жавхаалаг торгон цэргүүдийн нэг нь байлдагч Б.Батмагнай. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Та хаанаас цэргийн албанд татагдсан бэ. Адуутай ойрхон өссөн үү?

-Би Ховд аймгаас цэргийн албанд татагдсан. Миний аавыг Т.Батцоож гэдэг. Улсын тод манлай уяач цолтой хүн. Би тэр ч утгаараа багаасаа л адуутай ойрхон өссөн. Цэргийн албанд татагдахдаа есөн хөлт цагаан тугийг залах хүндтэй үүрэг надад ирнэ гэж төсөөлөөгүй шүү. Тэр дундаа Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг мартагдахааргүй дурсамж үлдэх нь. Бэлтгэлээ базаагаад хоног тоолоод наадмаа хүлээж байна. Аав маань улсын наадамд морьдоо сойж байгаа. Айрагдахаар морьд хэд хэд бий. Магадгүй Цэнгэлдэхэд аавтайгаа уулзах болов уу гэж горьдож байна. Туг залах ажиллагаанд оролцох болсон талаараа гэр бүлийнхэндээ хэлэхэд бараг итгэж ч өгөхгүй байна лээ (инээв).

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байна вэ?

-Морьтойгоо бол өдөрт зургаан цагийн л бэлтгэл хийдэг. Мөн хувийн бэлтгэлээ сайтар базаах ёстой. Гар дээрээ суниахаас өгсүүлээд дасгал сургуулилтаа сайн хийж байгаа. Туг залах морьдыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас авчирсан.

Цэнгэлдэх рүү ороход дуу шуугиантай байх болов уу гэхээс жаахан болгоомжилж байлаа. Бүрээ, бөмбөрийн дуунаас морьд үргээд байвал хэцүү. Үүнд дасгах зорилгоор найр хөгжимчидтэй бэлтгэл хийсэн. Морьд анх ирэхдээ жаахан дошгин байсан. Одоо л зүгээр болсон.

-Хот руу хэзээ орох вэ?

-Долдугаар сарын 4-нд орох байх. Очоод Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо байрлах юм билээ. Наадмаас өмнө морьдоо усанд сойж өнгийг нь сэргээх ажил бий.

-Цэргийн алба хаах ямар байна вэ?

-Сэтгэгдэл өндөр байгаа шүү. Энд ирснээс хойш цаашдаа цэргийн албанд ажиллах бодол ч үе үе төрөх болсон. Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөөд шийдвэрээ гаргах бодолтой байгаа” гэв.

Ийн ярилцаад үдээс хойшхи нэгдсэн бэлтгэл эхлэв. Яг л Цэнгэлдэх хүрээлэнд байгаа мэтээр хүндэтгэлийн ая эгшиглэж шарга зүсмийн морьтой есөн баатар эр түрүүлээд орж ирэв. Араас нь цагаан морьтой хонжин буюу ангийн захирагч, залгуулаад туг орж ирэх ажээ. Хээр талд хэдий ч Төв цэнгэлдэх хүрээлэнд туг орж ирж буй мэтээр бэлтгэлээ хийж байв. Торгон цэргүүдийн нүүрний хувирал, биеэ авч яваа байдал яг л наадмын нээлт үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Нэг гараараа мориныхоо цулбуурыг бариад, нөгөө гараа ташаандаа тулаад толгой өөдөө баатар эрсийн ихэмсэг дүрд хувиран өдрийн хоёр удаагийн бэлтгэл хийдэг юм байна.

Торгон цэргүүд өглөө 06:00 цагт босно. Эхлээд өглөөний гүйлттэй. Гурваас дөрвөн км гүйгээд анги дээрээ ирж өглөөний цайгаа ууна. Үргэлжлээд биеийн хүчний бэлтгэл хийдэг. Өөрсдийнхөө биеийг ингэж бэлтгээд морьтой бэлтгэлдээ гарна. Хоёроос гурван цаг морьдоо дасган бэлтгэл хийсний дараа өдрийн хоолтой. Тогооч нар хээрийн бэлтгэлд хамт гардаг учраас нэг болон хоёрдугаар хоол хийж өгнө. Үргэлжлүүлээд мөн л бэлтгэлээ хийнэ. Морьтой бэлтгэлээ гурван цаг орчим л хийдэг юм билээ. Үүнээс удаан хугацаагаар хийвэл морьд нь залхуураад байх төлөвтэй. Олон жилийн турш туг залж яваа морьд ч үүргээ маш сайн ойлгодог болчихож. Бэлтгэлийн үеэр өвс зулгаагаад зогсчихгүй. Цэргүүдийн зүгээс зарим морьддоо витамин өгдөг юм билээ. Харин наадмын өдөр бол хоолыг нь сойгоод гэдсийг нь татчихдаг гэсэн. Наадмын өглөө Цэнгэлдэх ороод бааж, шээгээд зогсчих эрсдэлтэй гэж үздэг аж. Олон жилийн турш туг залах ёслолын ажиллагаанд оролцсон морьд энэ мэтийн асуудал гаргадаггүй. Шинэ морьд харин наадамчдын өмнө янз бүр болох магадлалтай учраас хоолыг нь сойж учирч болох эрсдэлээс сэргийлдэг юм байна.

Морьд шороон замаар явахад ядарч сульдах нь гайгүй юм билээ. Харин засмал замаар явахад халтирчих эрсдэлтэйг торгон цэргүүд онцолж байв. Нэг морь багаар бодоход 120 гаруй кг ачаатай явах учраас хол замд цуцах магадлалтайг ч хэлэв. Туг залах хүн дунджаар 70-80 кг жинтэй. Үүн дээр морьдоо 15 кг жинтэй мөнгөн чимэглэлээр тоноглодог аж. Есөн хөлт цагаан тугийг залах хүлэг морьдыг таван жилийн өмнөөс сэлгэж эхэлжээ. Харин энэ жилийн тухайд шинэ морьд орж ирээгүй гэнэ. Шинэ морьдыг сургахад амар биш ч нас яваад ирэхээр солихоос өөр аргагүй байдаг аж. Их тугийг залдаг том шарга морь л гэхэд ёслолын ажиллагаанд 12 жил оролцоод халаагаа өгсөн байна. Гэсэн ч зун уяандаа ирээд зогсчихдог гэнэ лээ. Бэлтгэлийн үеэр ч дагаад алхаад байдаг аж.

032 дугаар ангийнхан наадам болохоос тав хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын талбайд байрлаж бэлтгэлээ хийх гэнэ. Гэхдээ Шажин хурхын аманд байрладаг шиг олон цагийн бэлтгэл хийхгүй, цомхон хийдэг аж. Мөн наадмын өмнөхөн Туул голд морьдоо усанд оруулж өнгө зүсийг нь сэргээдэг гэнэ. Энэхүү ажлуудыг дэс дарааллаар нь гүйцэтгээд долдугаар сарын 10-ны өглөө төв талбай орж есөн хөлт цагаан тугаа цэнгүүлээд маргааш нь Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьдог ажээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн /07-р сарын 04-ний/ 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх нутаг, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар сэрүүсэж 15-20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2022 оны 07 дугаар сарын 05-09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6,7-нд нутгийн зарим газраар, 8-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Та ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.