Month: July 2022
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газар, УИХ-ын гишүүд өчигдөр Хэнтий аймагт ажиллаа. Энэ үеэр Чингис хот-Дадал чиглэлийн 50 км авто замыг ашиглалтад орууллаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зам, тээврийн салбарын чиглэлээр томоохон суурин газруудыг хилийн боомттой холбох төслүүдийг хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн хатуу хучилттай авто зам барих зорилт тусгагдсан. Энэхүү ажлын хүрээнд хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөн, суурин газруудыг хилийн боомттой үе шаттайгаар холбохоор төлөвлөн, зарим төслүүдийг эхлүүлээд байна. Тэдгээрийн нэг нь бидний нээж байгаа Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам. Энэхүү зам нь Өндөрхаан-Батноров-Норовлин-Дорнодын Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай замын эхлэл хэсэг бөгөөд зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд ульхан хилийн боомттой холбогдож эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм. Шуурхай ажиллаж, чанарын гүйцэтгэл өндөр хатуу хучилттай авто зам хүлээлгэн өгч байгаа “Наранбулаг-хан” ХХК-ийн удирдлагууд, нийт замчид, хамт олонд талархаж буйгаа илэрхийлье” гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар холбохоор ажиллаж байна. Чингис хот-Дадал чиглэлийн 20 км хатуу хучилттай авто замыг “Наранбулаг-хан” ХХК гүйцэтгэж, 2019 онд хүлээлгэн өгсөн. Энэхүү замын үргэлжлэл 50 км хатуу хучилттай авто замыг ч тус компани барьж гүйцэтгэн ашиглалтад оруулж, ингэснээр Бэрх хот хатуу хучилттай авто замаар аймгийн төв, Улаанбаатар хоттой холбогдлоо. Хэнтий аймаг нь Их эзэн Чингис хааны өлгий нутаг тул гадаад, дотоодын аялал, жуулчлалын бүс болж хөгжих бүрэн боломжтой. Үүнд дэд бүтцийн хөгжил хамгийн чухал. Зүүн аймгууд руу чиглэсэн дэд бүтцийн хөгжил нь энэхүү зам болж байна. Хоёрдугаарт, Ульхан хилийн боомт хүртэл авто зам тавигдсаны дараа манай улсын иргэд Чита муж руу хатуу хучилттай авто замаар явах бүрэн боломжтой болно. Цаашдаа Хавиргын боомтын 124 км авто замын ажлыг энэ жил эхлүүлнэ. Цаашид бүс нутгийн хэмжээнд аялал, жуулчлалын өрсөлдөх чадвар дээшилж гадаад, дотоодын жуулчид саадгүй, ая тухтай зорчих, нутгийн иргэд, аж ахуйн нэгж орлогоо нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэхийн хамт орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулахад томоохон дэмжлэг болно. Мөн авто замаар даац хэтрүүлэн зорчихгүй байлгаж, тогтмол хяналт тавихыг орон нутгийн удирдлагуудад онцгойлон анхааруулсан. Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгод үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж тавьсан зорилтоо нэр төртэй биелүүлж буй авто замчид та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байна” гэв.
Тус авто замыг цаашдаа Бэрх хот-Батноров, Батноров-Норовлин, Норовлин-Баян-Уул, Баян-Уул-Ульхан боомттой холбогдох ажээ. Мөн Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалангийн 218 километр замыг барьснаар Хэнтий аймгаар ОХУ-ыг БНХАУ-тай автозамаар холбох зүүн босоо тэнхлэгийн хоёр дахь эдийн засгийн коридор байгуулагдах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” нийгэмд үйлчлэх ТББ-ын IV чуулган долдугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсын 170 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч буй аж.
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ “Өнгөрсөн долоо хоногт гаргасан засгийн газар, хилийн чанадад өөрийн хүсэл эрмэлзэл, авьяас, эрдэм мэдлэгээ дэлхийн олон улсад амжилттай сурталчилж байгаа иргэн болон байгууллагуудыг шагнах шийдвэр гаргасан. Энэ жилийн хувьд “THE HU” хамтлаг болон сагсчин Ш.Энхийн-Од нарыг шагнахаар шийдвэрлэсэн. Цаашид салбар харгалзахгүй жил бүр тодорхой тооны хүнийг шагнах шийдвэр гаргасныг дуулгахад таатай байна” гэв.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ.
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Энэ жил наадмын үеэр үйлчилгээний зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид өгч байгаа. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гардаг учраас иргэнд зөвшөөрөл өгөхгүй гэж шийдсэн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хүнс үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс наадмын үйлчилгээний үйл ажиллагааг хариуцна.
Төв цэнгэлдэхэд бие засах газар шинээр, харин Хүй долоон худагт зөөврийнхийг байрлуулахаар шийдэж, тохижилтын бэлтгэл ажил төлөвлөсөн хуваарийн дагуу явагдаж байна.
Төв цэнгэлдэх орчмыг зүлэгжүүлж байгаа. Цэнгэлдэхийн сандлыг байрлуулснаас хойш есөн жил болсон байна. Өвлийн хүйтэн, зуны халуунд гандсаар бутарч унасан. Наадамчин олонд тав тухгүй байдал бий болсон учраас сандлын 80 орчим хувийг нь сольсон” гэв.
Түүнчлэн “Жуулчдад зориулсан билетийг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас дамжуулан оператор компаниудад нь олгож байгаа” гэдгийг хэллээ.
ВИДЕО:
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт тохиолдсон гал түймрийн 20, аврах ажиллагааны долоон дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэжээ. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослоос 13 иргэний амь нас, 250 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, хоёр буцалтгүй нэрвэгдэгчийг (цогцос) цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Дуудлага мэдээллийг 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад гал түймрийн дуудлага 24.6 хувиар өссөн, аврах ажиллагааны дуудлага 13 хувиар буурсан, нийт дуудлага 22.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2022 оны долоодугаар сарын 4-нд Улаанбаатар хотод суурин 31 цэг, түр 2 цэгт 33 багийн 110 эмч, ажилтан ажиллаж байна.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
УИХ Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс 34 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундааны татварыг нэмэхээр тусгажээ. Ингэхдээ нэлээд өндөр буюу 50 хувиар нэмээд, дараа жилээс нь бага хатуулагтай архи, согтууруулах ундааны татварыг бага хэмжээгээр үе шаттай нэмэх юм байна. Ингэснээр согтууруулах ундааны зохистой хэрэглээ нэмэгдэнэ гэж үзжээ
Хошин урлагийнхан жүжигчин Ц.Ганбаярын гэгээн дурсгалд зориулж, ХСҮТ-д хавдрыг эрт илрүүлэгч 260 сая төгрөгийн аппарат хандивлалаа.
Жүжигчдийн төлөөлөл “Big show бол Ганбаагийнхаа эмчилгээний зардалд зориулсан хандивын аяны нэг хэсэг байсан. Бид UB Palace-д дөрөвдүгээр сарын 1-нд тоглолт хийж, түүний дараа Big show-ны зургаан дугаарыг IPTV-д тавьсан. Давтагдсан тоогоор 400 мянга гаруй үзэллтэй байсан. Нийт үзсэн үзэгчиддээ баярлалаа гэж хэлье. Ганбаа маань элэгний хорт хавдраар өвчилж, БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон. Эмчилгээний зарлыг босгох гэж энэхүү шоуг хийсэн боловч, харамсалтай нь найзыгаа аварч үлдэж чадсангүй.
Найз маань БНСУ-руу эмчилгээндээ явсан боловч эмч нар хагалгаанд ороход хэтэрхий оройтсон гэсэн хариу өгсөн. Найз маань эрт үед нь мэдсэн бол эмчилгээ авах боломжтой байсан. Шоунаас орж ирсэн тодорхой хувийг найзынхаа ар гэрт нь зориулж, эрт үед нь элэгний хорт хавдрыг оношилж, эмчлэх боломжтой 269 саяын тоно, төхөөрөмжийг ХСҮТ-д гардуулан өгч байна” гэлээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд 15.00 цагаас хийх аж.
Хуралд тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд, С.Амарсайхан болон салбар хороодын дарга нар оролцоно.
2022 оны долдугаар сарын 3-ны өдрийн 18:20 цагт Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж, Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476-р километрийн 2 дугаар зуут усанд автан угаагдсаны улмаас Улаанбаатар-Замын-Үүдийн зорчигчийн 276-р галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шуурхай аваад байна.
Үерийн усанд угаагдсан замыг яаралтай сэргээн засаж галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр УБТЗ-ын удирдлага болон 60 гаруй замчид газар дээр нь ажиллаж байна.
Улаанбаатар, Багахангай, Олон-Овоо өртөөнөөс замыг сэргээн засахад шаардлагатай элс, хайрга, чулуу ачсан галт тэрэг хөдөлж эхнээсээ очиж, сэргээн засах ажил эрчимтэй хийгдэж байна.
Замыг өнөө шөнийн 01:00 цагийн орчимд сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн УБТЗ ХНН-ээс мэдээллээ