Categories
мэдээ нийгэм

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа DNN.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.07.04/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 216.4 сая төгрөгийн 8 алдаа, зөрчил илэрснээс, 62.3 сая төгрөгийн 4 зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 154.1 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн. Өмнөх оны аудитын илрүүлэлттэй харьцуулахад нийт алдаа, зөрчил 103.0 сая төгрөгөөр өссөн нь орон тоо нэмэгдэж, урсгал зардлаас хөрөнгө бэлтгэсэнтэй холбоотой зөрчил илэрснээс шалтгаалсан байна.

Монгол Улсын Их Хурлын даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 474.7 сая төгрөгийн 9 алдаа зөрчил илэрснээс, 7.0 сая төгрөгийн 1 алдааг залруулж, 242.9 сая төгрөгийн зөрчлийг арилгах 2 албан шаардлага хүргүүлж, 224.8 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 6 зөвлөмж өгсөн.

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 15 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 11 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 4 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан.

Аудитад хамрагдсан байгууллагаас 9 байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө.

Аудитаар нийт 230,004.5 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 227,209.2 сая төгрөгийн алдааг залруулж, 56.3 сая төгрөгийн зөрчилд 3 төлбөрийн акт тогтоож, 2,474.7 сая төгрөгийн зөрчилд алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 21 албан шаардлага хүргүүлж, 264.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 2 зөвлөмж өгсөн.

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 102 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 87 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 15 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан.

Аудитад хамрагдсан байгууллагаас 78 байгууллагад “Зөрчилгүй”, 9 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн.

Аудитаар нийт 669,433.6 сая төгрөгийн 385 алдаа зөрчил илрүүлснээс 655,698.7 сая төгрөгийн 106 алдааг залруулж, 1,335.3 сая төгрөгийн зөрчилд 26 төлбөрийн акт тогтоож, 5,354.7 сая төгрөгийн зөрчилд алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 89 албан шаардлага хүргүүлж, 7,044.9 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 164 зөвлөмж өгсөн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 30 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 20 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 10 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан.

Аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бөгөөд аудитад хамрагдсан байгууллагаас 18 байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн.

Аудитаар нийт 22,805.8 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 19,864.7 сая төгрөгийн алдааг залруулж, 42.5 сая төгрөгийн зөрчилд 7 төлбөрийн акт тогтоож, 2,379.1 сая төгрөгийн зөрчилд алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 29 албан шаардлага хүргүүлж, 519.5 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 47 зөвлөмж өгсөн.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 1,761.3 сая төгрөгийн 8 алдаа зөрчил илэрснээс, 1,373.3 сая төгрөгийн 1 алдааг залруулж, 275.2 сая төгрөгийн зөрчлийг арилгах 3 албан шаардлага хүргүүлж, 112.8 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн.

Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 42.5 сая төгрөгийн 4 алдаа зөрчил илэрснээс, 26.1 сая төгрөгийн 2 алдааг залруулж, 13.4 сая төгрөгийн зөрчлийг арилгах 1 албан шаардлага хүргүүлж, 3.0 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 1 зөвлөмж өгсөн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 107.5 сая төгрөгийн 8 алдаа зөрчил илэрснээс, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 1 албан шаардлага хүргүүлж, 107.5 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 7 зөвлөмж өгсөн гэлээ.

Тус байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, авлага, өр төлбөр, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад тавих дотоод хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах зөвлөмж өгчээ. Мөн Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллахыг анхааруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд асуулт асуусан. Тэрбээр улсын төсвийг алдагдалтай баталдагаас их хэмжээний өр бий болдог гээд төсвийг алдагдалгүй батлах, төсвийн бүтцэд өөрчлөлт хийх талаар гаргасан санал, аргачлал байна уу хэмээн лавласан.

Төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог хангах, төсвийн төслийн ил тод байдлыг дээшлүүлэх талаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна гэсэн асуудлыг УИХ-д хүргүүлсэн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүддээ нийцүүлэн баталж, төлөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг тусгаж зөрчлийг давтан гаргахгүй байх талаарх зөвлөмжийг хүргүүлсэн. Түүнчлэн Ерөнхий сайдад халамжийн бодлогыг хумьж, төсвийг алдагдалгүй төлөвлөх талаар үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн зөвлөмжийг төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн хэмээн Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг хариулсан.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Долоодугаар сарын 4-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум, Эг гол Эрдэнэбулган, Эг гол Батширээт, Хэрлэн гол Мөнгөнморьт, Хануй гол Эрдэнэмандал, Түй гол Баянхонгор, Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Хэрлэн /Хонгон/, Туул гол үерийн түвшинд 15-25 см дөхөн үерлэж байна.

Мөн түүнчлэн Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум , Улз голын дунд болон адгаар үерийн түвшинг 5-20 см, Увс нуурын савын Хархираа гол Тариалан сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна.

Маргааш буюу долоодугаар сарын 5-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 20 см, Сэлэнгэ мөрөн Хутаг орчимд 10 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдүүдийг зориулалтын бус найдвар муутай хөвөгч ашиглан голд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжив DNN.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав. Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь гаднаас импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнээс шууд хамааралтай байдаг. Манай улсад агаарын хөлгийн түлшний үнэ бусад оронтой харьцуулахад дунджаар 28.8 хувиар илүү үнэтэй байгаагаас шалтгаалж дотоодын иргэний агаарын тээвэрлэгчид нийт түлшний хэрэглээний 43 хувийг дотоодод, 57 хувийг гадаад улсад сумладаг бөгөөд гадаад улсын агаарын тээвэрлэгч компаниуд өөрийн онгоцоо зайлшгүй тохиолдолд л манай улсад сумлаж байна. Түүнчлэн “Агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмжид “Аялал жуулчлалын чиглэлээр улирал харгалзахгүйгээр жуулчдын урсгалыг тогтвортой өсгөх, агаарын тээврийн компанийн хуваарьт нислэгийн үйл ажиллагаатай уялдаатай төлөвлөж, аялал жуулчлалын захиалгат нислэгийн зохицуулалтыг өргөжүүлнэ” гэж тусгагдсан. Үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хэрэглээ цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгааг танилцуулгадаа онцлов.

Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 14 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зорилгоор охин компани байгуулах арга хэмжээ авах, агаарын хөлгийн түлш нийлүүлэх, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан. Тус тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, охин компани болох “Эрчис ойл” ТӨХХК-ийг байгуулсан.

“Эрчис ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хангамжийн үйл ажиллагааг эрхлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх ажлыг зохион байгуулах явцад ОХУ-ын “Роснефть” НХН-иас өөрийн охин компани болох “РН-Аэро” компаниар дамжуулан хамтран ажиллах санал ирүүлсэн. Улмаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг эрхлэх хамтарсан компани байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг талууд хэлэлцэн тохирч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Роснефть компанийн ерөнхий захирал нар 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Москва хотноо харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан гэв.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно.” гэж заасан. Хуулийн энэхүү заалт нь “Эрчис Ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа юм. Иймд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх үйл ажиллагааг дэмжих хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг төслийн танилцуулгад дурджээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, саналаа илэрхийлсний дараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, аялагчдын анхааралд: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2022 оны 07-р сарын 04-ний 20 цагаас 07-р сарын 05-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 06-наас 07 дугаар сарын 10-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 6, 7-нд нутгийн зарим газраар, 8, 9-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 6-нд нутгийн өмнөд хагаст халж, бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсэж, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах салбаруудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Баяр наадмын өдрүүдээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах салбаруудын ажиллах цагийн хуваарь:
Да хүрээ салбар: 07 сарын 04 – 09 хүртэл ажиллаж, 07 сарын 10-19-ний өдрүүдэд амарч, 07 сарын 20-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
22 авто худалдааны цогцолбор: 07 сарын 11-19-ний өдрүүдэд амарч 07 сарын 22-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана.
Сонгинохайрхан салбар: 07 сарын 09-10 өдрүүдэд ажиллаж, 07 сарын 11-17-ны өдрүүдэд амарч 07 сарын 18-наас цагийн хуваарийн дагуу ажиллана.
Бусад салбар: 07 сарын 09-17-ны өдөр хүртэл амарч 07 сарын 18-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана.
Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Улсын баяр наадамд Тува, Халимаг, Буриад, Өвөр Монголын 25 бөх барилдах хүсэлтээ өгчээ DNN.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Урьдчилсан байдлаар гадаадын 25 бөх барилдах хүсэлт өгсөн байна. Тодруулбал,

  • Тува улсын 15
  • Халимаг 4
  • Буриад 4
  • Өвөр Монголын хоёр бөх Монголын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд оролцох хүсэлтийг ирүүлжээ.

Баяр наадмын өдрүүдэд аливаа ялгаварлан гадуурхал байж болохгүй. Тиймээс хүсэлтийг зохих ёсоор хүлээн авахаар боллоо. Монгол туургатнууд маань оролцох хүсэлтээ илгээсэн байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нийцүүлж, өнгөрсөн долоо хоногт Засгийн газар журам баталсан. Үүнд, дархан аварга цолтой бөх дөрөв болон тавын давааны аль нэгэнд нь зодог тайлах хүсэлт гаргавал хүндэтгэн үзнэ. Олон түмнийг олон жил цэнгүүлсэн энэ алдрыг хүндэтгэж цолыг нь дуудаж есөн хөлт цагаан туг тойруулах, зодог тайлж шавь, үр хүүхдэдээ үлдээдэг монгол бөхийн уламжлал бий. Энэ зан үйлийг хийе. Монголын үндэсний бөхийн холбооноос тодорхой хүндэтгэл үзүүлнэ. Өмнө нь Б.Түвдэндорж аваргын үед ийм ёслолын арга хэмжээг хийж байсан удаатай” гэв.

Categories
мэдээ нийгэм

Монголын 4 марафонч ДАШТ-д оролцоно DNN.mn

Хөнгөнатлетикийн ДАШТ АНУ-ын Орегон мужийн Южин хотноо энэ сарын 15-нд эхлэх гэж байна. “Орегон-2022” ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцоно. Тодруулбал, эрэгтэйчүүдийн марафонд Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн аварга Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Д.Гантулга (эрэгтэй марафонд Монголын дөрвөн тамирчин ДАШТ-ий entry standard биелүүлсэн боловч нэг зай төрөлд нэг улсаас дээд тал нь гурван тамирчин л ДАШТ-д оролцох эрхтэй байдаг тул манайхаас дээрх гурван тамирчин оролцох болсон), эмэгтэйчүүдийн марафонд Б.Мөнхзаяа нар дасгалжуулагч О.Оюунтуяа, Б.Доржпалам , Т.Шийтэрчулуун нарын удирдлага доор оролцох ажээ.

“Орегон -2022” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн марафон долоодугаар сарын 17-ний өглөөний 06.00 цагт (АНУ-ын баруун эргийн цагаар), эмэгтэйчүүдийн марафон долоодугаар сарын 18-ны өглөөний 06.00 цагаас тус тус гараанаас гарах бөгөөд АНУ-ын “NBC Sports” телесуваг шууд дамжуулан үзүүлэх юм. ДАШТ 1983 онд анх зохиогдож, дөрвөн жилд нэг удаа болдог байсан бол 1991 оноос хойш хоёр жил тутам зохиогддог болсон байна.

Categories
мэдээ нийгэм

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг гавьяат хуульчаар шагнахаар болжээ DNN.mn

Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталсан түүхтэй билээ. Энэ жил ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож буй юм.

Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойгоор Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг гавьяат хуульчаар шагнуулахаар болсон гэх мэдээлэл гараад байна.

Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байхдаа ёс зүйгүй үйлдэл гаргаж, “Korean Air” компанийн нисэх онгоцны үйлчлэгчийг биед хүрсэн гэх скандалд нэр холбогдож байсан.

Categories
мэдээ нийгэм

Амжилт үзүүлсэн бүх бөхөд энэ сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгоно DNN.mn

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2022 оны гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авсан юм. Шинжилгээний хариу Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна. МҮДЭБ мөн өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоонд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, 2 шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн.

ОУДЭБ-аас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тэдгээр бөхчүүд орон нутагт явсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариугаа хүлээн авсан. Дээрх хоёр бөх нь хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдан, мөн гэм буруугаа хүлээн уучлал хүсэж, ямарваа нэгэн шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг тэргүүлэгчдэд 2022 оны тавдугаар сарын 02-ны өдрийн ээлжит хурлаар танилцуулжээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Гадаад хэргийн сайд маргааш манай улсад айлчилна DNN.mn

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ. Түүний айлчлал нэг хоногийн хугацаатай байх юм байна.

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийх хөтөлбөртэй байна.

2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол, ОХУ-ын Гадаад харилцааны сайд нар худалдаа, эдийн засгийн асуудлуудаар утсаар санал солилцож байсан юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд үүнээс өмнө Беларусь улсад айлчилжээ.