Categories
мэдээ нийгэм

Буйр нууранд завьтай алга болсон 5 иргэнийг эсэн мэнд оллоо DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 04-ний өдрийн 19:47 цагт Дорнод аймгийн Халх гол сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр ”Буйр нууранд хийлдэг завьтай 2 том хүн, 3 хүүхэд алга болсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 22 настай, эрэгтэй “Б”, 22 настай, эмэгтэй “Б”, 2 настай, эрэгтэй “Д”, 4 настай, эрэгтэй “Т”, 3 настай, эмэгтэй “М” нарын 5 хүн тус нуурын усанд хийлдэг завьтай явж байгаад алга болсон байна.

Дээрх иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг Сум дундын цагдаагийн тасгаас Хилийн цэргийн …. дугаар анги, 2 дугаар застав, сумын Гал унтраах 62 дугаар ангийн алба хаагчидта йхамтран зохион байгуулж өнөөдөр өглөө 05:15 цагт Монгол Улсын усан хилийн ойролцоо дөрвөн километр орчимд Монгол Улсын нутаг дэвсгэрт эсэн мэнд хөвж байсныг олсон байна.

Иймд иргэд та бүхэн гол, нуур, цөөрмийн орчимд аялж зугаалах, усанд сэлэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, завиар зорчихдоо аврах хантаазыг заавал хэрэглэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна DNN.mn

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тус тус бараалхана.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна

Эдгээр уулзалтын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах төслүүдийг урагшлуулах, манай улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Тухайлбал, Монгол, Оросын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг шинэчлэн өргөтгөх, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдэд оросын талаас хөрөнгө оруулалт хийн хамтарсан үйл ажиллагаа эрхлэх, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хангах, эрчим хүч, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар талууд ярилцана.

Мөн олон улсын байгууллагуудын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, олон улсын харилцааны цаг үеийн асуудлаар талууд байр сууриа илэрхийлэх болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Үйлдвэрлэл явуулдаггүй улсад үнийн өсөлтийг төрөөс зохицуулах нь зөв DNN.mn


Бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ гаарч байгаа энэ үед УИХ-аас Үнийн өсөлтийг бууруулах ажлын хэсэг байгуулсан нь тун зөв алхам боллоо. Гишүүд уг нь Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах гэж буй талаараа сонгогчдодоо танилцуулахаар тойрог тойрогтоо очоод үнийн өсөлтөд иргэд хэрхэн сөхөрч буйг сонсож мэдсэн хэрэг. Тэгээд даруйхан ийм ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулан ажиллуулж эхлэв. Орчин үеийн эдийн засгийн онолчид зах зээл дэх үнийг чөлөөт эдийн засаг өөрийн гольдролоороо зохицуулдаг, бараа бүтээгдэхүүний үнэд төр оролцох ёсгүй гэж номлодог. Энэ бол ном ёсоороо хөгжиж буй эдийн засагтай орон буюу хүн ам олонтой, зах зээл өргөнтэй улсуудад л хэрэгждэг онол бололтой.

Хоёр гурван зуун сая хүн амтай, үйлдвэрлэл үйлчилгээгээ өөрсдөө хийдэг улс орон л ийм онолоор явна. Монгол шиг үйлдвэрлэл явуулдаггүй, ганзагын наймааны сэтгэлгээнээсээ салаагүй улсад үнийг төр зохицуулахаас аргагүй гэдгийг өдөр ирэх тусам тэнгэрт хадсаар байгаа үнийн өсөлтөөс харж болно.

Жишээ нь, манайд “Номин”, “Сансар” “И-март” гээд гарын таван хуруунд багтахаар хүнсний дэлгүүр бий. Тэд хоорондоо үнээ өсгөж л уралдахаас бууруулж хэрэглэгчээ татах тухай ойлголт байдаггүй. Хүссэн хүсээгүй хүмүүс энэ хэдхэн дэлгүүрээс л худалдаа хийдэг учраас үнэ бууруулах шаардлага байхгүй. Харин ч бие биенээсээ өрсөн үнээ нэмсээр. Тухайлбал, дэлгүүрт төмсний үнэ оны өмнө кг нь 970 төгрөг байсан бол 2500 төгрөг болж 2,5 дахин, лууван кг нь 2000 байсан бол 4700 болж 2,3 дахин, ургамлын тос 4300 байсан 9500 болж 2,2 дахин, байцаа 3000 төгрөг байсан 5200 болж 1,7 дахин, элсэн чихэр 2700-3750 төгрөг болж, Атар талх 1280 төгрөг байсан 1700 төгрөг болж, “Сүү” компанийн 1 литр сүү 2830 төгрөгөөс 3600 төгрөг болж 27 хувь өссөн байна.

Шатахуун оруулж ирдэг компаниудыг хар. Мөн л гарын таван хуруунд багтахаар цөөн монополь компаниуд хоорондоо үгсэн тохирч байгаад үнээ нэмсээр байна. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсан ч Монголд эсрэгээрээ шатахууны үнэ нэмэгдээр л байдаг урвуу хамааралтай. Өнөөдөр зарим төрлийн шатахуун болон дизель түлшний үнэ литр нь 4000 төг даваад цааш өгсөж байна. Шатахууны үнэ өссөнөөс хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ орон нутагт очихдоо үнэ хэд нугарч нэмэгдэж байгаа нь тодорхой. Баруун аймагт шатахуун АИ 92, 95, дизель түлшний үнэ литр тутамд 164 хувь буюу 1,6 дахин нэмэгдсэн нь 8 хувиас 16 болтлоо өсөөд байгаа инфляцийн суурь шалтгаан болж байна.

Урд хилийн цаадах Эрээн хотод бараа бүтээгдэхүүний үнэ огт өсөөгүй, ковидын өмнө ямар байсан тэр хэвээрээ байгаа гэж иргэд нь ярьж байна. Дөнгөж манай хилийн цаана үнэ хэвээрээ байгаа гэдэг нь тодорхой байхад бидэнд хаа холын Америкт үнэ өсөх ямар хамаа байна вэ. Гадаад худалдааны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар арматур болон өргөн хэрэглээний барааны үнэ дэлхийн зах зээлд манайх шиг ингэж огцом савладаггүй, маш тогтвортой байдаг. Өсвөл маш багаар өсч, эргээд үнэ нь буурдаг. Харин алт, зэс, нефтийн үнэ цаг үеэ дагаад өгсөж буурч байдаг нь хэвийн үзэгдэл юм байна. Гэтэл Монголд бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ хуйгаараа ингэж хэд дахин өсч байгаа нь дотоод үйлдвэрлэл явуулдаггүй, ажил хийдэггүйгээс гадна гадаад худалдааны тогтсон бодлого байдаггүйтэй холбоотой.

Монголчууд 1989 оны ганзгагын наймааны сэтгэлгээнээсээ салаагүй өдийг хүрчээ. Улаанбаатарт хаа сайгүй баригдаж байгаа өндөр барилгуудад дандаа наймаачид суудаг. Тэд жижиг лангуу түрээслээд гаднаас хямд авсан бараагаа өндөр үнээр зарж мөнгө олдог. Хэдэн зуун мянган ийм наймаачид байна. Ер нь үнийн өсөлт монголчуудын өөрсдийнх нь сэтгэлгүй, дэндүү сувьдаг шунахай зантай шууд холбоотой гэдгийг өөрсдөө ч мэддэггүй биз. Лангууны эзэн өндөр ашиг олохын тулд түрээсээ байнга нэмж байдаг. Энэ нэмэгдлийг түрээслэгчид бараандаа шингээгээд дээр нь өөрсдөө гайгүй ашиг олохын тулд дураараа үнэ нэмнэ. Бүгд л хэд нугарсан огцом их ашиг олохын төлөө зүтгэдэг. Өдөр тутмын амьдралд ч адилхан. Зам дээр хоёр машин шүргэлцлээ гэж бодоход хоёр жолооч хоёулаа хашгиралдан бууж ирээд зодоон цохиондоо тулна. Уурлахын учир хоёулаа машинаа засуулах мөнгөө олж авах гэж тэр. Нөгөө засварын газар нь ч тэр, жаахан будаг түрхээд явуулахын тулд тэнгэрт хадсан үнэ хэлдэг. Бүгд л өндөр ашиг олохын төлөө ингэж зүтгэцгээдэг.

2021 оны тавдугаар сард 6,2 хувь байсан инфляци өнөөдөр улсын хэмжээнд 15,1 хувьд, Улаанбаатарт 16,2 хувьд хүрснийг Статистикийн газраас зарлаж байна. Инфляци 2,5 дахин өсөхөд бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт нөлөөлжээ. Үүнээс цаашаа амьдрахад бэрх болж байна. Өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг авч чадах хүнгүй боллоо. Ирэх есдүгээр сард байдал бүр хүндэрнэ гэсэн судалгаа гарчээ.

Одоо Ж.Ганбаатараар ахлуулсан Үнийн өсөлтийг бууруулах ажлын хэсэг түргэн шуурхай, маш сайн ажиллах хэрэгтэй байна. Наадам найр гэж сатааралгүй ажиллаж, тэнгэрт гарсан үнийг хазаарлаж авах хэрэгтэй. Манай зах зээлийн нэг гажиг үзэгдэл бол бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн л бол буцаж буудаггүй. Бүр гадаад зах зээлд өнөө барааны үнэ нь буугаад байхад монголчууд хэд нугалж ашиг хийхээ бодоод үнэ буулгах тухай ой ухаанд нь орж ирдэггүй. Энэ байдлыг засч залруулах хэрэгтэй юм. Өдгөө нэг үеэ бодвол хил боомтууд нээгдэж, цаг наашилж байна. Үүнтэй зэргэцээд шатахуун, доллар, барилгын материалаас эхлээд хүнсний бүтээгдэхүүний хөөсөрсөн үнэ ханшийг буулгах үүрэг дээрх ажлын хэсэгт ногдож байна. Монголд үнийн зохицуулатад төр ингэж оролдож, хязгаарлаж авахгүй бол улс орны дампуурал цаашаа болох нь. Хоосон ядуу, өлөн зэлмүүн ард түмэн атга гурил, үмх будааны төлөө үнэ цэнэтэй бүхнээ мөнгөөр арилжих болно. Энэ хэвээрээ бол юун тусгаар тогтнол гэдэг дээрээ тулах цаг ч ойрхон харагдаж байна.

Г.Гэндэндарам

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

Энэ удаагийн хурлаар Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах зарим арга хэмжээний талаар, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд автомашины ашиглалтад хязгаарлалт тавих арга хэмжээний явц, Усны нөөцийг хуримтлуулж, говийн бүсийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүдийн талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг ч Ерөнхий сайд маргааш Сингапур улсыг зорих тул хуралдаанаа өнөөдөр хийж байгаа юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Зуслангийн бүсийн ойн хөнөөлт, хортон шавж устгах ажил энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn

Байгаль хамгаалагчид зуслангийн бүсийн 790 орчим га талбайд хортон шавж устгах ажил үргэлжилж байна. Уг ажил энэ сарын 4-нд эхэлсэн юм.

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт
  • Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар
  • Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага Цуурайтын ам, Өвөр хадат, Хадат зэрэг хортон шавжийн хэт олшрол үүсээд байгаа ойн сангийн 790 орчим га талбайд тэмцлийн ажлыг зориулалтын утаат, үүргийн шүршигч багаж ашиглан явуулж байна.
  • Ойн хөнөөлт, хортон шавжийг устгах ажил энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул тухайн бүсийн иргэд, байгаль хамгаалагчийн болон засаг захиргааны нэгжээс өгөх зөвлөгөө, зөвлөмжийг баримтлан дор бүрнээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хамтран ажиллахыг хүсье.

    Нийслэлийн ногоон бүсийн хэмжээнд ойн хөнөөлт шавжийн тархалтын судалгааг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дээндийн нуруу, Бага Хуандай, Шар хоолойн амны 1,603 га талбайд утаат, үүргийн шүршигч багаж, авиа микробиологийн аргаар тэмцлийн ажлыг зургаан сард хийсэн юм хэмээн Нийслэлийн Байгаль Орчны Газраас мэдээллээ.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч: Хоёр орны боомтын нэвтрүүлэлтийг хязгаарлаж байгаа ганц зүйл нь цар тахал DNN.mn

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчтэй ярилцлаа.


-Цар тахлын үед Хятад, Монгол улсын харилцааны хөгжилд гарсан ахиц хийгээд хоёр улсын харилцааны хэтийн төлөвийн талаар ярилцлагаа эхэлье.

-Хятад, Монгол хоёр бол “Алтаар сольшгүй” найрсаг хөрш орнууд. Өдгөө, хоёр улсын харилцааны хөгжил сайн, улс төрийн харилцан итгэлцэл нэмэгдэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж хүмүүнлэгийн солилцоо, ард иргэдийн найрамдал тасралтгүй гүнзгийрч байна. Цар тахлын үед ч мөн хоёр улс өндөр дээд түвшний харилцааны давтамжаа хадгалж, Си Жиньпин дарга Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярих, баярын цахилгаан илгээх зэргээр сайн харилцаагаа хадгалж ирлээ. Энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцох үеэрээ Хятад улсад айлчилж, Си Жиньпин дарга, Ерөнхий сайд Ли Көчянтай уулзаж, хоёр улсын харилцаа болон бүхий л салбарын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээний тохиролцоонд хүрсэн. Мөн Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл гаргасан. Хоёр улсын харилцаа түүхийн хамгийн таатай үе дээр байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цар тахлын хүнд хэцүүг давж эерэг үр дүнд хүрлээ. 2021 онд, Хятад, Монголын худалдааны эргэлт цар тахлын хүнд хэцүүг давж, Монголын талын статистикаар 10 тэрбум ам.долларыг давлаа. Өдгөө, “Нэг бүс, нэг зам” санаачилга болон Монголын талын зам хөгжлийн бодлогын уядлаа амжилттай нэмэгдэж байна. Хятадын тал элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй зарчмыг баримталж, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж барих төсөл, 1008 айлын орон сууц төсөл, Дарханы зам, Налайхын зам, шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам, Яармагийн гүүр зэрэг Хятадын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн олон төслүүд амжилттай хэрэгжиж, Монголын ард түмэнд бодит үр ашгаа хүртээж байна. Хятадын тал Монголын талын чухал асуудлуудад өндөр ач холбогдол өгч Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятад руу гаргах, Тяньжин боомт дээр гацсан Монголын чингэлэг тээвэр, Монголд яаралтай шатахуун нийлүүлэх зэрэг Монгол Улсын үндэсний эдийн засаг, ард иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлуудыг зохицуулан шийдвэрлэж, Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүллээ. Хятадын тал цаашид ч мөн элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй зарчмыг баримталж, Монголын талтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг сэргээж, хамтын ажиллагааны нөөц бололцоог гаргаж, Эрээн хот-Замын-Үүд боомтын үйл ажиллагааг эрт эхлүүлж, талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү их хөгжилд хүргэхэд бэлэн байна.

Хятад, Монгол хоёр улс газар зүйн байршлын хувьд ойр, хүмүүнлэгийн байдал ойролцоо. Цар тахлын үед хоёр улсын харилцаа болон ард иргэдийн харилцаа улам бүр сайжирч, хөрш орнуудын цар тахлын хамтын ажиллагааны үлгэр жишээг харуулсан. Ялангуяа, 30 мянган толгой хонь хоёр улсын найрсаг харилцааны түүхийн сайхан мөч болон үлдлээ. Хятадын тал цар тахалтай тэмцэж байсан чухал үед Монголын Засгийн газар болон бүхий л салбарынхан “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй Хятадад цар тахалтай тэмцэхэд туслах аяныг өрнүүлсэн. Монгол Улсад цар тахал дэгдсэний дараа Хятадын тал Монголд олон удаагийн вакцин, цар тахалтай тэмцэх эд материалын тусламж үзүүлсэн. Хөрш орнууд сайн харилцааны давтамжаа хадгалах хэрэгтэй. Цар тахал талуудын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна. Хэд хоногийн дараа бид шууд нислэгээ эхлүүлж, хоёр улсын иргэдийн харилцан зорчих шаардлагыг эхний ээлжинд шийдэж байна. Цаашдаа цар тахал намдахтай зэрэгцэн хоёр улсын иргэдийн харилцаа улам нэмэгдэх үед монгол нөхдөө Хятад улсад очиж, сурч, аялахыг урьж байна.

Талууд гар гараасаа барилцан энэ хүнд үеийг хамтдаа даван туулсны дараа хоёр улсын өндөр дээд түвшний харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо улам бүр гүнзгийрч, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ тавцанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Цар тахлын амаргүй жилүүдэд Хятад, Монголын хилийн боомтын нэвтрүүлэлтэд гарсан амжилт, сорилт бэрхшээлийн талаар хэрхэн дүгнэж байна?

-Боомтын нэвтрүүлэлт бол хоёр улсын нийгэм, иргэдийн анхаарал хандуулж байгаа чухал сэдэв юм. Хятад улс элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй зарчмыг баримталж, Монгол Улстай харилцаагаа хөгжүүлж, Монголын талын боомтын нэвтрүүлэлт зэрэг тал дээрх чухал асуудлыг чухалчлан үзэж, боомтын тал дээр аль болохуйц нээлттэй байлгах, төмөр замын тээвэрлэлтийг аль болохуйц хэвийн явуулах, яаралтай чухал ажлыг аль болохуйц саадгүй явуулах зарчмыг баримталж, хоёр улсын боомтын нэвтрүүлэлт, логистик, тээвэрлэлтийг саадгүй явуулж, Монголын эд материалын нийлүүлэлтийг хангаж, талуудын худалдааны харилцааг ахиулахын төлөө ажиллаж байна. Талуудын боомтын нэвтрүүлэлтийг хаязгаарлаж байгаа ганц зүйл нь цар тахал. “Цар тахлаас сэргийлэх нь боомтын нэвтрүүлэлтийг хангаж буй явдал юм. ” Энэ бол Хятад улс хуурай газрын бүх боомтуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Монголын тал мөн хилийн боомт дээр цар тахлын эсрэг олон арга хэмжээ авсан. Цар тахлын нөлөөг даван туулахын тулд талууд нягт харилцаж, хамтран ажиллаж, шинэ арга боловсрууулан Эрээн хот-Замын-Үүд боомтод чингэлэг тээвэр болон “0” цэгийн чингэлэг солилцох талбайг үйл ажиллагаанд оруулж, Ганцмод-Гашуунсухайт, Сэхээ-Шивээхүрэн боомтуудад AGV буюу жолоочгүй машин ашиглалтад оруулахаар бэлтгэл хийж, боомтын бараа нэвтрүүлэлт болон үр бүтээлийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүллээ. Энэ оны эхний хагаст Хятадын тал цар тахлын хүнд хэцүүг давж, Монголын талд хамгийн түрүүнд эм, өргөн хэрэглээний бараа зэрэг ард иргэдийн амьдралд хэрэгтэй эд материалыг илгээсэн. Энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн Хятад, Монголын Лаоемяо-Бургастай, Сэхээ-Шивээхүрэн, Өвдөг-Баянхошуу зэрэг хоёр талын чухал боомтууд дараалан нэвтрүүлэлтээ эхлүүлээд байна. Одоогийн байдлаар, Хятад, Монголын есөн боомт хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Бусад боомтуудыг цар тахал намдахтай зэрэгцэн түргэн хугацаанд нэвтрүүлэлтээ эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Тяньжин боомт дээр гацсан Монголын чингэлгүүдийн тухайд: Цар тахлын дараа бүх улсууд үйлдвэрлэлээ сэргээхтэй уялдан Монгол Улс зэрэг олон газар барааны худалдан авалтаа нэмсэн. Тяньжин боомт дээр гацсан Монголын чингэлэг улам нэмэгдэж байна. Хятадын тал боломжоороо зохицуулалт хийж Тяньжин-Эрээн хот хооронд өдөрт явах галт тэргийг гурван цуваа болгон нэмж, Монголын эд материалын импортыг бүх чадлаараа хангахыг хичээж байна.

-Танай улсаас баримталж байгаа “zero covid” халдвар хамгааллын бодлогын талаар та юу хэлэх вэ. Манай улсын зарим иргэд танай улсаас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг геополитикийн асуудлаас харж, хардаж сэрдэх тохиолдол байна л даа?

-Цар тахал дэгдсэн энэ хоёр жилийн хугацаанд Хятад, Монгол хоёр улсын ард түмэн харилцан туслалцаж, хөрш орнуудын цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны үлгэр жишээг үзүүллээ. Бид өөр өөрсдийн улсын нөхцөл байдалд үндэслэн өөрийн улсын бодит нөхцөл байдалд тохирсон халдвар хамгааллын бодлогыг боловсруулж, мэдэгдэхүйц үр дүнд хүрээд байна. Хятадын Засгийн газар ямагт ард түмнийхээ амь насыг нэгдүгээрт тавьж, цар тахал гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх, дотоодын халдвар дахин дэгдэхээс тууштай сэргийлж, “zero covid” ерөнхий төлөвлөгөөг баримталж, халдвар хамгааллын арга хэмжээг цаг хугацаа, нөхцөл байдалд тохируулан авснаар халдвар хамгаалал стратегийн том амжилтад хүрсэн. Сүүлийн үед, монгол нөхөд маань Хятадын “zero covid” бодлогын талаар асууж байна. Энэ завшааныг ашиглаад та бүхэнд тайлбар хиймээр байна.

Юун түрүүнд, “zero covid” гэж юу вэ? “zero covid” гэдэг нь ковидын тохиолдлыг илрүүлэхийн зэрэгцээ цааш тархахыг зогсоож, ковидын тохиолдол батлагдсан тухайн газар халдвар тархаахгүй байхаас гадна бусад газарт халдвар тархахаас сэргийлдэг. Хоёрдугаарт, “zero covid” өвчлөлийг 0 болгохыг зорьдоггүй, харин ард түмний амь насыг нэгдүгээрт тавьж, шинжлэх ухаанчаар цар тахлаас сэргийлж, нийгмийн хамгийн бага зардлаар хамгийн богино хугацаанд халдварыг тогтоон барьж, ард түмний амь нас, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн хэвийн дэг журмыг дээд хэмжээнд хамгаалж, олон улсын цар тахлын эсрэг тэмцэлд идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа явдал юм. Хятадын хамгийн том хот болох Шанхай хотоор жишээ авахад, 25 сая оршин суугчтай олон улсын хот болохын хувьд “zero covid” ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлснээр Шанхай хотын хүн ам хамгийн богино хугацаанд халдварын тархалтыг хязгаарлаж чадсан. Одоогийн байдлаар,Шанхай хот цар тахлыг үр дүнтэй хяналтдаа авч, үйлдвэрлэлийн сэргэлт өдрөөс өдөрт сайжирч, 9000 гаруй томоохон хэмжээний аж үйлдвэрүүдээс 4400 нь үйл ажиллагаагаа сэргээснээс эхний 666 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны сэргэлт 95 хувийг даваад байна.

Хятад улс яагаад “zero covid” ерөнхий төлөвлөгөөг баримталж байна вэ? “Zero covid” бодлогыг Хятад улс өөрийн улсын нөхцөл байдалдаа тохируулан гаргасан бөгөөд ХКН-ын нэгэн сэтгэлээр ард түмэндээ үйлчилдэг үндсэн зорилгын хүрээнд шийдвэрлэсэн. Хятад улс хүн ам ихтэй, ахмад настан олонтой улс. 60-аас дээш насны хүн ам 18.7% -аас илүү хувийг эзэлдэг. Мөн, газар нутийн хөгжил, хот хөдөөгийн хөгжил тэгш биш, эмнэлгийн нөөцийн нийт хэмжээ харьцангуй хангалтгүй. Хэрэв халдвар хамгааллын дэглэмийг сулруулж, халдварыг сул тавибал богино хугацаанд их цар хүрээг хамарсан халдвар тархаж болзошгүй.

Цаашлаад дахин халдвар авах, нас баралт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ноцтой эрсдэлтэй тулгарч, суурь өвчтэй халдвар авсан хүмүүс, өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг эмзэг бүлгийнхний эрүүл мэнд хамгийн түрүүнд ноцтой эрсдэлд орж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд ноцтой нөлөө учирч болзошгүй. Английн “Байгалийн анагаах ухаан” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзэхэд, хэрэв Хятад улс “zero covid” бодлогыг орхивол энэ оны 5-7 сард 112 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.5 сая хүн амь үрэгдэж магадгүй гэсэн байна.

-Тэгвэл “zero covid” бодлогыг хэрэгжүүлснээр халдвар хамгааллын үр дүн ямар байна вэ?

-Энэ онд халдварлах чадвар болон нуугдмал байдал нь улам илүү омикрон вирусийн халдвар тархаж, Хятадын цар тахал олон байрлал, хэсэгчилсэн хэлбэрээр тархах байдал нэмэгдэж, Шанхай, Тяньжин, Гуанжоу, Бээжин зэрэг хотуудын халдвар хамгааллын нөхцөл байдал хүнд байсан. Хятадын Засгийн газар “zero covid” бодлогыг хэрэгжүүлж, хамгийн түрүүнд оношилгоо, халдвар тархалтын тандалт, шилжүүлэг, тусгаарлалт, эмчилгээний хүчийг нэгтгэн хамгийн дээд хэмжээнд цар тахлын тархалтыг хязгаарлаж, Ухань хотын цар тахлын тэмцлээс хойших хамгийн хүнд шалгуурыг туулж үе шаттай амжилт гаргасан. Одоогийн байдлаар, Хятадын ихэнх газар нутаг, ихэнх ард түмний амьдрал хэвийн явж байна. Үүнээс гадна Хятадын халдвар болон нас баралт дэлхийн хамгийн бага түвшинд хэвээр байна.

Хятадын Засгийн газар “zero covid” бодлогыг хэрэгжүүлж байгаа нь Хятадын ард түмний өмнө хүлээсэн хариуцлагаас гадна дэлхийн өмнө хариуцлагатай байгаа явдал юм. Ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгийн дээд хэмжээгээр хамгаалаад зогсохгүй дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэтийн сүлжээний аюулгүй байдлыг хангаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд илүү тодорхой байдлыг авчирч байна.

2021 онд, Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 110 их наяд юанийг давж, гадаадын хөрөнгө оруулалт 14.9 хувиар өсч түүхэн амжилтад хүрснээр дэлхийн эдийн засгийн “тогтворжуулагч”, “хөдөлгөгч эх үүсвэр” хэмээх байр сууриа улам бүр бэхжүүллээ. 2022 оны нэгдүгээр улиралд Хятадад оруулж буй гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт хоёр оронтой тоог хадгалж, 25.6 хувиар өссөн.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Шарагчин хонь өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 5, Ангараг гариг. Билгийн тооллын 6, харцага одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5:00 цагт мандан, 20:54 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Долоогоос дээш хоног нутаглах бол баг, хорооны Засаг даргаас зөвшөөрөл авдаг болъё” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сангийн сайд
Б.Жавхлан “Төрийн хэмнэлтийн хуулиар
үе үеийн төсвийн шинэчлэлийн томоохон
зорилтыг бид хийж чадсан”
гэснийг II,III нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Морь
тайлбарлагч
М.Оюунбаатар “Өнөө жилийн
наадмын
өнгөнд битүү
морьд уралдах
магадлалтай”
гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Долоогоос дээш хоног нутаглах бол баг, хорооны Засаг даргаас зөвшөөрөл авдаг болъё” хэмээн өгүүллээ.

Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь “УДШ зохион байгуулалттайгаар Ардчилсан намыг эрх зүйн чадамжгүй мэт харагдуулж байна” хэмээлээ

Өдрийн сурвалжилга: “Хөтөлийн цемент Гурвалжингийн захад тонн нь
300 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна” IV нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Монгол Улсын соёлын
тэргүүний ажилтан, уртын
дуучин Д.Үүрийнтуяа “Миний тал
нутаг” бүтээлээ наадмаар
монгол түмэндээ хүргэнэ”
хэмээн ярилаа.

“Буян” компанийн
захирал Б.Жаргалсайхан “PSY буюу Ганнам стайл
наймдугаар сард Монголд ирнэ” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Mongolian diaspora tech summit” олон улсын чуулган боллоо DNN.mn

Хилийн чанад дахь монголчуудын нэгдэл болох “Цахим өртөө ТББ”-аас “Mongolian diaspora tech summit” буюу “Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн Чуулган”-ыг 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо МУИС-ийн Номын сангийн хүндэтгэлийн танхимд зохион байгууллаа.

Энэ жилийн чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулган”-ы нэг хэсэг болгон зохион байгуулсан юм.

Чуулганд мэдээлэл технологийн чиглэлээр гадаад, дотоодод амжилттай ажиллаж буй шилдэг мэргэжилтнүүд цахимаар болон танхимаар нэгэн зэрэг оролцож, өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Чуулганы эхэнд Англи улсын Лондон хотоос “Цахим өртөө холбоо”-ны үүсгэн байгуулагч, тэргүүн Д.Цэрэнбат цахимаар мэндчилгээ ирүүлсэн юм.

зураг

Олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн, чансаатай илтгэгчид мэдээллийн технологийн хөгжлийн асуудлыг бодлогын түвшинд таван сэдвийн хүрээнд хэлэлцлээ. Үүнд, “Төр, хувийн хэвшлийн түшлэлийн чиг хандлага”, “Бизнес ба технологийн бодлого”, “Хилийн чанад дахь Монголчууд ба E-Mongolia”, “Өгөгдлийн засаглал ба тусгаар байдал”, “Кибер аюулгүй байдал-Дотоод хандлага”, “Технолологийн салбар дахь ажиллах хүчний асуудлууд” гэсэн сэдвүүдийг онцоллоо.

Чуулганыг зохион байгуулсан багийн гишүүд болон оролцогчдын сэтгэгдлээс хүргэе.

Ч.Даваажамц (Цахим өртөө холбоо ТББ-ын ТУЗ-ийн гишүүн, чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, M Star Hub-ын Гүйцэтгэх захирал): Энэхүү чуулганы хамгийн том онцлог нь Монгол Улсад болж байгаагаараа онцлогтой байна. Бас төрийн болон хувийн хэвшил хамтарч зохион байгуулж байгаа учраас чуулганы дараа гарах санал, шийдвэрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Гадаадад амьдарч байгаа 180,000 гаруй иргэнийг сонгуульд хамрагдах эрхийг нь эдлүүлэх талаар чуулганы үеэр маш том ярилцлага өрнөлөө. Мөн cyber security гэдэг зүйлийг маш чандлан сахих талаар цахим хөгжил харилцаа холбооны яамтай хамтарч ярилцлаа.

зураг

Н.Энхжаргал (Гэрэгэ Системс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн): Урьд өмнө болж байсан чуулган зөвхөн хэлэлцээд өнгөрдөг байсан бол энэ жилийн хувьд улсын их хурлын дэргэдэх Инновац, цахим хөгжлийн байнгын хороотой хамтраад гаргаж байгаа шийдвэрүүдээ бодит ажил хэрэг болгох тал дээр хамтарч ажиллахаар болж байна. 17 жил дараалан зохион байгуулагдсан энэхүү чуулган энэ жил гадаадад ажиллаж, амьдардаг залуусаа цахимаар хамруулж, оролцуулснаараа онцлогтой болж байна.

зураг

Н.Оюун-Эрдэнэ (МУИС, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, МКУТ-ийн эрхлэгч): Олон талын оролцоотой технологийн шийдлийг ашигласан чуулган болж байна. Технологийн шийдлийн хувьд хүний нөөцийн хувьд гаргаж болох бүхий л шийдлийг хэлэлцэж байна. Дэлхий даяар тархан ажиллаж буй монгол залуус маань нэгдэж монгол улсаа хөгжүүлэх цаг нь болсон. Үүний тулд бид ажиллаж байна.

Хэлэлцсэн сэдэв бүр сонирхолтой болж, оролцогчид чухал өнцгүүдийг хөндлөө. Чуулганы оролцогчид хамгийн их санал нэгдсэн асуудлуудаас хүргэе.

  • Технологийн салбарт хувийн хэвшлийн төрийн үйлчилгээг боловсруулах, үйлчилгээ үзүүлэх эрхийг хуулиар олгох
  • Боловсролын салбарт ашиглалт муутай, бүх шатны байгууллагын нөөцийг технологийн хүн хөгжүүлэхэд чиглүүлэх
  • МАБ Cyber Security Maturity Model-н дагуу бэлэн байдлын үнэлгээг хийх
  • СтартАпын хувьд татварын тааламжгүй байгаа байдлыг засах зэрэг асуудлуудыг дурдаж болно.

Энэхүү чуулганыг зөвхөн зохион байгуулаад өнгөрөх биш хэлэлцүүлгүүдээс гарсан санал, зөвлөмжийг төр засгийн бодлогод оновчтой тусгуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ГХЯ болон холбогдох бусад яам, тамгын газруудад танилцуулахаар боллоо. Мөн Инновац, Цахим бодлогын байнгын хорооны дэргэд хамтарсан зөвлөл байгуулж, хамтран ажиллахаар боллоо.

Чуулганы Ерөнхий ивээн тэтгэгчээр Гэрэгэ Системс ХХК болон LIME апп, Ивээн тэтгэгчээр iLease, Phoenix Drilling, COREX компаниуд оролцож, хувь нэмрээ оруулжээ.