Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бат-Үүл: Бид Монголыг Оросуудын “суганы үс” болгохгүй DNN.mn

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлалыг эсэргүүцэж Нийслэлийн АН жагслаа.

Э.Бат-Үүл “Лавровын шахалтыг түүнийг гэрт нь хариул. Монголыг дахин Оросын суганы үс болгохгүй. Бусдын суганы үс байвал хэлмэгдэнэ шүү гэж бидэнд эртнээс сануулсан.

13-р зууны эрэлхэг Монголчууд өнөөдрийн залуусыг харсан бол яасан их ой гутах байсан бол оо. Д.Сосорбарам бид нар энэ тэмцлээсээ буцахгүй ээ. Монголыг яагаад ч Оросын суганы үс болгохгүй. Лавров тийм зүйл бодож байвал үнэхээр санааны гарз гэж хэлмээр байна” гэв

Тайлбар байхгүй.

Г.ГАНХҮҮ “Миний хувьд хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойш дайныг монгол иргэний хувьд эсэргүүцсэн. Өнөөдөр ирсэн шалтгаан бол энэ. Нэгдсэнүндэсний байгууллагад бүртгэлтэй 190 гаруй орноос 144 нь энэ дайныг эсэргүүцсэн 53 нь түдгэлзсэн дөрвөн улс энэ дайныг дэмжсэн байдаг. Монголчууд бид нар дайныг эсэргүүцсэн 140 орны нэг нь байж хамтын нийгэмлэгийн гишүүн байх ёстой. Биднийг Оросын эсрэг хүмүүс гэж ойлгоод байдаг ерөөсөө тийм биш. Дайныг дэмжих дэмжихгүй нь хувь хүний асуудал. Энэд цугласан иргэд ч гэсэн өөрсдийн үзэл бодлоороо нэгдсэн юм. Аль нэг үзэл санааг нь зөв буруу гэж шүүх эрх байхгүй.

Тайлбар байхгүй.

Төрийн соёрхолт Д.СОСОРБАРАМ “Манай яруу найрагч М.Цэдэндорж хэлсэн нэг үг байдаг. Үхсэн мөртлөө амьд хүн, амьд мөртлөө үхсэн хүн байх юм. Тэгээд би энэ үгний утга залгаж суу билэгт А.Амар сайдын үгийг хэлье гэж бодлоо. Би Оросын ард түмэнд элэгтэй Монголын ард түмэнд хайртай. Коминустуудыг яснаасаа үзэн яддаг хүн. Хэрвээ би буруутай бол Бүгд найрамдах Монгол ард улсын иргэн учраас шүүхээр шийдэх ёстой гэсэн гэж ярьдаг даа. Түүний үндэстнээ гэсэн үзэл санаа амьд байгаа. Нөгөө талаар 1937 оны 11 сарын 26 –нд буудуулсан П.Гэндэн гэж хүн хэлсэн байдаг. Сэлмэн хамартай сахал Иосиф Сталины эсрэг би Монгол эх орныхоо төлөө байнга тэмцэнэ гэсэн гэдэг.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгуулахыг дэмжлээ DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн зургадугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо дэмжлээ.

Ж.Бат-Эрдэнэ гишүүн төслөө танилцуулахдаа “Манай улсын хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнээр 97, төмсөөр 100, гурилаар 98.3, хүнсний ногоогоор 60.7 хувийг хангаж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, хүнсний хангамж нэмэгдэж байгаа боловч хүнсний аюулгүй байдал алдагдаж, хүнснээс хамаарсан өвчлөл, хүнсний хорлогод өртөгсдийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын итгэмжлэгдсэн лабораториудын нэгдсэн сүлжээний хэмжээгээр 2020 оны байдлаар хүнсний хими, нян судлал, хор судлал, ургамал хорио цээр, цацрагийн бохирдлын чиглэлээр 310.5 мянган үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 6.7 мянган сорьц Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй, бохирдлын түвшин 2.1 хувь байна. Төрийн аудитын газраас хийсэн Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн гүйцэтгэлийн тайлангаас үзвэл Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдэд зорилт, арга хэмжээг хэсэгчлэн тусгасан боловч шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшнийг оновчтой тодорхойлоогүйгээс зорилт, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй, үр дүнд хүрээгүй байна. Мөн гол нэрийн зургаан төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа боловч импортын хамаарал 42.1 хувь буюу хүнсний бие даасан байдал алдагдсан хэвээрээ байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

С.В.Лавров: Хоёр орны худалдааны үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллана DNN.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Уг хэлэлцээний дүнгийн талаар хоёр улсын Гадаад харилцааны сайд нар хэвлэлийн хурал хийж танилцуулав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан ноднин Улаанбаатар болон Москва хотод тэмдэглэж, энэ жил хоёр орны харилцааны шинэ зууныг эхлүүлээд байна. Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтран даван туулж, харилцаагаа идэвхжүүлж байгаад бид баяртай байна. Монгол, ОХУ-ын хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттайгаар урагшлуулах талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровтой санал солилцлоо. Бидний харилцаа цар тахлын өмнөх байдалд эргэн орж, төмөр зам, агаарын харилцааг сэргээснээр иргэдийн харилцан зорчих урсгал болон худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровтой хийсэн хэлэлцээний үеэр өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон ажлын хэрэгжилтийг ярилцаж, харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр, дээд түвшний харилцан айлчлал, томоохон төслүүдийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн шийдлээ хүлээж буй олон жил яригдаж байгаа зарим асуудлыг ч ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлвийг тодорхойллоо. Монгол, Оросын харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх сонирхлоо хоёр тал нотолсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах тал дээр санал нийлж ярилцлаа. Манай хоёр улсын худалдааны хэмжээ 2021 онд 2 тэрбум ам.доллар давсан. Энэхүү үзүүлэлтийг улам сайжруулах бүрэн боломжтой гэж үзлээ. Сүүлийн үед хоёр улсын бүс нутгийн харилцаа эрчимжиж, хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдэж, бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Нэн ялангуяа Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсэд Оросын талаас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр байгуулах, тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход хамтран ажиллах сонирхол манайд байгаа.

Мөн Монгол Улсын хилийн боомтуудыг шинэчлэн өргөжүүлэх, ачаа тээвэрлэлт, иргэдийн урсгалыг нэмэхэд анхаарал хандуулахаар тохирлоо. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровтой хоёр улсын хэрэгжүүлж байгаа хамтарсан төслүүдийн талаар санал солилцсон. Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Оросоос Хятад руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих төслийн ажил хуваарийн дагуу хэвийн явж байна. Мөн төмөр замаар манай улсын зүүн болон баруун хэсгээр хоёр улстай холбогдох коридоруудын талааар хөндөж ярилцлаа. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор тус нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх ажил ахицтай байгаа. Эрчим хүчний салбарт эрчим хүчний обьектуудын шинэчлэл, өргөтгөлийн хамтарсан төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ярилцлаа. Хөдөө аж ахуйн салбарт Монгол Улсын газар тариалангийн техникийн шинэчлэл хөтөлбөр болон Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн 3 дугаар үе шатыг хамтран хэрэгжүүлж, үр тарианы элеватор барих, мал сүргээ дархлаажуулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний доройтол, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, сансар судлалын салбарын хамтын ажиллагааг сэргээхээр тохирлоо.

Өнөөдрийн хэлэлцээний дүнд сэтгэл хангалуун байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровын Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр хоёр орны харилцааны зарим асуудлыг шийдвэрлэж, бидний анхаарлыг шаардаж байсан асуудлуудууар үр дүнтэй ярилцаж, зарим оновчтой шийдлийг гаргаж чадсан гэж дүгнэж байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.


ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хийсэн хэлэлцээ харилцан найрсаг уур амьсгалд маш үр дүнтэй боллоо. Манай хоёр улсын сайн хөршийн харилцаа хамтын ажиллагаа олон жилийн түүхэнд суурилж идэвхтэй хөгжиж байгаа.

Хоёр ард түмэн Дэлхийн II дайны он жилүүдэд байгуулсан нөхөрлөлийг сайнаар санаж байгаа. Өнөөдрийн уулзалтаар бид Монгол Улсын тус ялалтад оруулсан хувь нэмрийг дахин өндрөөр үнэлсэн.

Хоёр талын болон олон улсын харилцааны олон асуудлаар санал солилцож, Улаанбаатар хотноо 2019 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу хамтын ажиллагааг улам бүр өргжүүлэх хүсэлтэйгээ хоёр тал илэрхийлсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийсэн айлчлалын үеэр хүрсэн тохиролцооны хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Түүнчлэн цар тахлын хоргийг цуцалсны дараа хоёр орны хамтын ажиллагааг сэргэж эхэлснийг онцлон тэмдэглэж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийсэн айлчлалыг өндрөөр үнэлсэн. Хоёр талын худалдаа эрс өсөн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд өмнөх үеэсээ 30 гаруй хувиар нэмэгдсэн. Мөн энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 45 хувиар нэмэгдсэн байна. Мөн эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэг, сансар судлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол, Оросын Засгийн газрын комиссын үйл ажиллагааг дэмжих болсон бөгөөд тус комиссын ээлжит хурал энэ жил ОХУ-д болно.

Олон улсын асуудлаарх манай байр суурь ойрхон байгаа. Юуны түрүүнд манай хоёр улс НҮБ-ын Үндсэн дүрмийг дээдэлж, тэр дундаа тусгаар улсуудын эрхийг хүндэтгэж, хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр дэмжих явдал юм. Өөрийн зүгээс өнөөдрийн дэлхий дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарлаж, шийдвэрлэх боломжийн талаар нарийн ярилцлаа. Хамгийн эрсдэлтэй үйл явдал бол сүүлийн жилүүдэд Украин улсыг Оросын эсрэг чиглэсэн шинэ нацист дэглэмтэй улс болгон хувиргаж, Украины нутгаас ОХУ-д аюул занал учруулж байгаа. Өөрийн зүгээс Донбасс болон Украины бусад нутгуудын цэргийн тусгай үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн.

Бид Украинд болж байгаа үйл явдлыг хэрхэн өрнөж байгаа тухай үнэн бодит мэдээллийг дэлгэхийг хүсэж байгаа. Харамсалтай нь зарим орон үнэн бодит, бие даасан, хараат бус мэдээллийн эх сурважлийг хязгаарлаж байна. Бусад олон улсын хамтын ажиллагааны хувьд гэвэл НҮБ, ЕАБХАБ-ын хүрээнд харилцан уялдаатай ажиллахаар тохирсон. Монгол Улс ШХАБ болон ЕвроАзийн эдийн засгийн холбоотай холбоо харилцаагаа улам илүү өргөжүүлэх талаар тодорхой санал хэлсэн. Монгол, Оросын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглах, олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа улам илүү нягт уялдуулах хүсэл эрмэлзлийг харуулсан өнөөдрийн яриа хэлэлцээнд сэтгэл хангалуун байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 149 жолооч согтуугаар жолоо барьж, 150 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1465, хулгайтай холбоотой 36, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 109, гэмт хэргийн шинжтэй 99 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 149, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 108, хүний биед халдсан 60, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 82, эрүүлжүүлэх байранд хоносон 150, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 77 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 72 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 72 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 43-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Батлагдсан тохиолдлуудын

  • 41 нь Улаанбаатар хотод,
  • 31 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 929,311 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд нэг, Дархан-Уулд гурав, Дорноговьд долоо, Ховдод нэг, Өмнөговьд 19 бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрсэн бол одоогоор 656 хүн хяналтад байна.

зураг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөтөлийн цемент Гурвалжингийн захад тонн нь 300 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна DNN.mn

енжүүдийн гар дээр шуудай цемент 20-22 мянган төгрөгийн ханштай байгаа бол хөтөлийн цемент шуудай нь 15 мянган төгрөгөөр зарагдаж байна-


Өчигдөр Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-иас үнийн өсөлтийн эсрэг аян зарлаж, нэг шуудай цементийн үнийг 15 мянган төгрөг болголоо. Бид энэ талаар сурвалжлахаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Гурвалжингийн гүүрний доор байрлах 44 худалдааны төвийг зорилоо. Биднийг очих үед арав орчим ачааны вагон дараалан зогсчээ. Баруун захын вагоноос ченж гарч ирээд “Хөтөлийн цемент нэг уут нь 17 мянга, тонн нь 310 мянган төгрөгөөр худалдаалж байна. Тэнд оочерлож байснаас эндээс авсан нь ялгаагүй дээ” гээд зүүн талын вагонууд руу заалаа.

Зүүн талын вагонуудын хоёр талаар тус бүр арав гаруй машин дараалан зогсжээ. Учир нь энэ хэсэгт “Цемент шохой” ТӨХК-иас зарласан үнийн эсрэг аяны хүрээнд борлуулагдаж буй цемент байв.

Энэхүү аян он дуустал үргэлжлэх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК өөрийн гэрээт борлуулагчдаар дамжуулан захуудаар тодорхой хяналттайгаар, ченжийн гар дамжуулахгүйгээр борлуулалт хийж эхэллээ. Захуудаар үнэ судалсан. МАК, Монцементийн ууттай цементийг 24-25 мянган төгрөг ( тонн нь 480-500 мянган төгрөг) зарж буй нь сезоны улиралд айл өрхүүдэд маш их дарамт болж байна. Үнийн өсөлтийн эсрэг аян барилгын материалын 44 дүгээр зах (Гурвалжин)-аас өнөөдөр ийнхүү эхэлж байна. Үйлдвэрт нэг шуудай /50 кг-тай/ цемент 11.925 төгрөгөөр зарагдаж байгаа. Иргэд үйлдвэрээс цемент очиж авах боломжтой” хэмээв.

Нэг уут буюу 50кг цементийн үнийг 15 мянган төгрөгөөр тогтоож, байшин барьж буй нэг хүнд долоо хоногт нэг удаа 5 тонн цемент борлуулах байдлаар зохицуулалт хийжээ. Өдөрт багадаа 50кг-аар савласан 20 мянган ширхэг ууттай цементийг Улаанбаатарын 44, Толгойт, Амгалан дахь захуудад борлуулж, айл өрхүүдийг үнийн өсөлтийн дарамтаас гаргах зорилготой аж. Цаашлаад энэ долоо хоногтоо Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн барилгын материалын захуудад нийлүүлэлт хийж ууттай цементийг тухайн бүс нутагт 14 мянган төгрөгөөр худалдаална. Аяны цементийг албаны нэг хүн хариуцаж, хоёр ачигчтайгаар вагоны хоёр талаар дараалсан машин руу буулгаж байлаа.

Энэ үеэр иргэд, ажилчид “Дарааллаараа ачуулаарай, тэгээд тооцоогоо хий”, “Цаад талаар нь очиж зогсоно оо”, “Одоо очерловол хэр удах вэ”, “Таван тонныг авчихъя” гэх мэт үг зөрүүлцгээнэ.

Цемент авахаар дугаарлаж буй иргэн “Би саяхан ирээд оочерлож байна. Таван тонн цемент авах санаатай. Нэг тонн цемент 300 мянган төгрөг гэсэн. Ченжээс тонн тутамд 30-40 мянган төгрөгөөр өндөр үнээр худалдаж авснаас хамаагүй хэмнэлттэй юм даа. Жаахан оочерлож байгаад авчихвал арай дээр юм” гэж ярилаа.

Энд нэг хүнд дээд тал нь 5 тонн цемент л худалдаална. Эхний ээлжинд өмнө нь цемент авсан байсан ченжүүд өөрсдийн тогтоосон үнээр буюу 15 мянгаас илүү үнэтэй зарж байлаа. Энэ талаар Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн маркетингийн менежер Ж.Наранбаяр “Эхний ээлжинд вагонуудаа хангалттай татъя. 15 мянган төгрөгөөс илүү үнээр зарж байгаа хүмүүстэй гэрээ цуцлах тухай Л.Наранбаатар захирал ярьсан. Гэрээт борлуулагчид энэ үнээр л зарна, үгүй бол гэрээгээ цуцална. Өнөөдрийн байдлаар найман вагон цемент орж ирсэн. Төмөр замын хүчин чадлаас шалтгаалж өдөрт 8-16 вагон буюу 1000-1500 тонн цемент хот руу оруулж ирнэ. Улаанбаатар хотын өдрийн дундаж хэрэгцээ 3-4 мянган тонн байдаг. 1,5 мянган тонн цементийг зүүн, баруун, төв гэсэн гурван газарт жигд хуваарилж хэрэгцээг хангахын төлөө ажиллаж байна” хэмээн ярилаа.

15 мянган төгрөгөөр зарагдаж буй цементээс гадна “Монцемент”, “Цемент шохой” цементийг ченжүүд худалдаалж байлаа. Вагоны эсрэг талын ченжүүд нэг уут цементийг 21-22 мянган төгрөг, тонн цемент 330 мянган төгрөгөөр худалдаалж байв.

Харин Хөтөл цементийн зүгээс ченжүүдэд цемент авч хадгалаад 500-700 мянган төгрөгөөр зарж, айл өрхүүдийг хүндрүүлэх гэж байгаа бол эртхэн одоогийн ханшаараа зарахыг анхааруулсан юм. Мөн байшин барьж байгаа хэрэглэгчид хурдаар нь тооцоход долоо хоногт ихдээ 5 тонн цемент хэрэглэдэг аж.

Харин 44 худалдааны захад цемент зардаг иргэд агуулахаа түгжчихээд вагоноос тонн тонноор нь ачиж байгаа цементийг хараад сууж байсан юм.


Тэдний төлөөллийн байр суурийг сонслоо.


-Хөтөлийн цемент хэзээ буусан бэ?

-Өнөөдөр л гэнэтхэн вагон вагоноороо орж ирээд үнэ унагаж байна. Бид уул нь Хөтөлийн цемент ХХК-ийн гэрээт борлуулагч, өмнө нь захихад цемент ирэхгүй байсан юм. Одоо миний агуулахад 100 гаруй шуудай цемент өрөөтэй байна. Үнэ унагасан үед үүнийгээ зарвал бид олон сая төгрөгийн алдагдал хүлээнэ.

-Одоо та нар яах вэ?

-Ардчилсан нийгэмтэй улсад төрийн мэдлийн үйлдвэр ийм бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргаж болдог юм уу. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар энд ирж ажлаа хийх хэрэгтэй байна. Бизнес эрхлэгч бидний эрх ашиг энд юу ч биш болж байна. Бүтээн байгуулалт эхэлсэн ачаалалтай үед олон сая төгрөгийн алдагдал хүлээх гээд байна. Үүний ард МАК, Монцемент зэрэг үндэсний үйлдвэрүүдийн эрх ашиг ч ноцтой зөрчигдөж байгаа юм шүү гэв.

Төрийн компани үнээ хүчээр бууруулахад бусад цементийн үйлдвэрийг алдагдалд орно” гэсэн шүүмжлэл гарч буй. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун “Монгол Улсын хэмжээнд цементийн салбарт зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын 33 ба түүнээс дээш хувийг эзэлдэг “Монголын алт МАК” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тодорхойлсон. Хөтөлийн цементийн үйлдвэр давамгай байдалтай аж ахуйн нэгж биш. Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.4-т зааснаар бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулсан гэж үзэх боломжгүй. МАК, Монцемент хоёр компани Улаанбаатар хотод цэгтэй. Хөтөл цемент цэггүй байсан тул өрсөлдөөнийг нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатарт цемент худалдах цэгтэй болох, борлуулагчид нь үнэ хөөрөгдөхгүй байхад анхаарах зөвлөмж Хөтөлд хүргэсэн. Хууль зөрчсөн эсэхийг шалгаж тогтооно” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ноцтой ослын улмаас 1 хүн нас барж, 3 хүүхэд гэмтжээ DNN.mn

Энэ оны долдугаар сарын 04-ний өдрийн 08 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр Бэлчрийн энгэр гэх газарт Г /34 настай, эмэгтэй/ жолоочтой Toyota Prius 20 маркийн автомашин онхолджээ.

Ослын улмаас зорчигч Ч /59 настай, эмэгтэй/ нас барж, Ч /9 настай, эрэгтэй/, Ц /7 настай, эмэгтэй/, Ц /4 настай, эмэгтэй/ нар гэмтсэн зам тээврийн осол бүртгэгдэж цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг замын нөхцөлд тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ долоон настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ DNN.mn

ЭХЭМҮТ-д 2022 оны зургаадугаар сарын 19-ний өдөр долоон настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ. Энэ нь Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан долоо дахь мэс засал бөгөөд ЭХЭМҮТ-д хийсэн анхны мэс засал юм байна.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасаг болон УНТЭ-ийн дэргэдэх мэс засалч О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хамтран энэ нарийн түвэгтэй мэс заслыг амжилттай хийж, охин хүнд өвчнөөсөө ангижирчээ.

Долоон настай охины ээж нь донор болсон бөгөөд эх, хүүхдийн бие сайн байна. Охинд элэг шилжүүлэн суулгасан мэс заслын дараах эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. Харин донор болсон 29 настай ээжийнх нь бие сайжирч эмнэлгээс гарчээ.

Охин цөсний битүүрэлтэй төрсөн бөгөөд төрөөд 45-хан хоногтой байхдаа тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт элэг шилжүүлэн суулгах мэс заслын урьтал хагалгааг хийлгэж, эмчийн хяналтад өнөөг хүртэл байсан аж. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах энэ мэс заслын өртгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцжээ.

ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан мэс заслын талаар маргааш /2022.07.05/ 10.45 цагт тус эмнэлэгт мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд нийт шатахууны 38 хувийг Аи-92 бензин эзэлж байна DNN.mn

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 140 мянган тонн шатахуун байгаагаас 68 мянган тонн буюу 48 хувийг дизель түлш, 54 мянган тонн буюу 38 орчим хувийг Аи-92 автобензин эзэлж байна. УУХҮЯ-ны мэдээллээр өнөөдрийн байдлаар А-80 автобензинийн 59 хоногийн, Аи-92 автобензинийн 40 хоногийн, дизель түлшний хувьд 25 хоногийн тус тус нөөцтэй байна.

Засгийн газрын тогтоолоор өмнө нь улсын хэмжээнд 30 хоногийн шатахууны ердийн хэрэглээний нөөц бүрдүүлэх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдэд хүлээлгэдэг байсан бол өнгөрсөн онд гарсан Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор дунджаар 45 хоногийн нөөц бүрдүүлдэг болсон юм.

Улсын их баяр наадмын өдрүүдээр шатахууны хомсдол үүсэх талаар олон нийтийн сүлжээгээр цацагдсан мэдээллийн талаар УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсээс тайлбар өглөө. Тодруулбал, баяр наадмын өмнө газрын тосны бүтээгдэхүүний хангамж тасалдахгүй, хомсдол үүсэхгүй гэдгийг салбарын яамнаас албан ёсоор мэдэгдэж байна. ОХУ-ын “Роснефть” компани манай улсад хөнгөлөлттэй үнээр шатахуун нийлүүлж, худалдах эсэх нь наадмын дараа тодорхой болно гэдгийг нэмж мэдээлсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Төв банк өнгөрсөн сард 1.9 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Төв банк өнгөрсөн сард 1,962.6 кг үнэт металл худалдан авчээ. Оны эхнээс өссөн дүнгээр нийт 7.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16 хувиар буурсан үзүүлэлт аж.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 490.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 491.0 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Монголбанк энэ оны 5 дугаар сард 2,152 кг үнэт металл худалдан аваад байсан юм. Энэ нь мөн оны эхнээс өссөн дүнгээр 6 тонн үнэт металл болж байв. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 14 хувиар багассан үзүүлэлттэй гарч байлаа. Төв банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс оны эхнээс 193.6 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 304.9 кг үнэт металл худалдан аваад байв.