Categories
мэдээ цаг-үе

БНХАУ руу зорчих хүсэлтэй иргэдийн анхааралд DNN.mn

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд шууд нислэгийг 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс сэргээсэн бөгөөд коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан сард 4 нислэг үйлдэхээр холбогдох байгууллагууд бэлтгэж байна.

Манай талаас “МИАТ” ТӨХК Гуанжоу-УБ-Гуанжоу чиглэлд 1 удаа, “Аэро Монголиа” ХХК УБ-Хөх хот-УБ чиглэлд 1 удаа, айлын талаас “Air China” компани Хөх хот-УБ-Хөх хот чиглэлд 2 удаа нислэг үйлдэнэ. Хуваарийн дагуу “Air China” компани 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Хөх хот-УБ-Хөх хот чиглэлд, “МИАТ” ТӨХК 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр УБ-Гуанжоу-УБ чиглэлд шууд нислэг үйлдэхээр холбогдох зөвшөөрлөө аваад байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яам болон Улсын Цагаачлалын удирдлагын газраас 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу тус улс руу зорчих гадаадын иргэд зохих ангиллын визтэй байх шаардлагатай бөгөөд хэрхэн виз мэдүүлэх талаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан албан ёсны мэдээлэлтэй доорх холбоосоор танилцана уу.

http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202206/t20220617_10705582.htm

Зохих ангиллын виз авсан иргэд

• Нислэгт хамрагдахаас 48 цаг болон 24 цагийн өмнө хүлээн зөвшөөрөгдсөн 2 өөр лабораторид бх-ПГУ шинжилгээ өгч,

• Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хилээр нэвтрэх эрүүл мэндийн хуудас /код/ авах шаардлагатайг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор танилцана уу.

http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202206/t20220630_10713116.htm

Тусгаарлалт, ажиглалт:

• Гуанжоу хотод ирсэн зорчигчид тусгаарлан ажиглах байранд 7 хоног, үргэлжлүүлэн гэрийн ажиглалтад 3 хоног байна.

• Хөх хотод ирсэн зорчигчид тусгаарлан ажиглах байранд 14 хоног, үргэлжлүүлэн гэрийн ажиглалтад 7 хоног байна.

Жич: Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан шууд нислэгийн хуваарь, тусгаарлалтын журам, шинжилгээ, бусад шаардлагууд өөрчлөгдөж болзошгүй тул холбогдох мэдээллийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдын яам болон агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас тухай бүр тодруулж, мэдээлэл авна уу.

Categories
мэдээ нийгэм

​Хавдраар хиар цохиулж буй улсад хайрт ээжийгээ алдлаа DNN.mn


Өглөө эртлэн босож, хөшиг нээж, цонхоор ажвал мод бут ногоорч, навч цэцэг хэдийн дэлгэрсэн, болжмор шувуу жиргэсэн урин дулаан зуны өглөө байна. Байгалийн энэ сайхан үзэмжийг сая л анзаарсан би “Ээж ээ, удахгүй сайхан цаг ирэх нь, та минь хурдан эдгээрэй” гэж итгэл найдвар өвөртөлсөн сэтгэлээр, зангирсан хоолойгоо засаж ядан хэллээ.

…Эмнэлгийн бараа хараад удаагүй ээж минь сэрэнгүүтээ төвөггүйхэн өндийж суугаад, эргэлтээр ирсэн хоолноос нэг бүтэн аягыг хоёр гардан идчих нь тэр. Гайхаж, баярласан би “Аа…” гэж дуугарч амжаагүй байтал, ээж минь хөл дээрээ босож зогсоод, эмнэлгийн хонгилоор хөнгөн, хөнгөн алхангаа эмч, сувилагч, ажилтнуудад баярласан сэтгэлээ чин сэтгэлээсээ илэрхийлээд, мишээл тодруулсаар алслан одлоо. Гайхамшиг гэдэг нь энэ гэж үү…

Ээжийгээ алдсан долоо дахь хоногийн шөнө нь би ингэж зүүдэлсэн юм. Ээж минь тэнгэрийн орноо дэвшсэний дохио юу эсхүл охиныхоо санааг амраах гэсэн үү, үгүй бол хамгийн ихээр хүсэж байсан зүйлээ зүүдлэв үү… Ямар боловч муу, муухай зүүд биш байсанд сэтгэл жаахан ч атугай тайвширлаа.

Ээжгүй болсон гэдгээ мэдэрч сэрэх ямар уйтай гээч. Дахиж уулзахгүй, харахгүй, ярьж чадахгүй болсон гэдэг хорвоогийн хатуу үнэнтэй эвлэрэх тун бэрх. Гэсэн хэдий ч би, бид ганцаараа хорвоог өнчин туулаагүй шүү дээ гэсэн сэтгэлээр бидэрч л явна даа. “Ээж байвал бүх юм байдаг”, “Ижийтэйгээ байхад би баян байсан”, “Буцааж нэхэхгүй хайр”… эдгээр үг, шүлгийн мөр, дуу юутай үнэн юм бэ.

Хорт хавдрын хар сүүдэр манай гэр бүлийг тойроогүй, дайрч гарсан бар жилийн могой сарын тэр нэгэн өдөрхоногууд. Ээжийгээ тэнхрүүлэхээр эмнэлэгт очоод, “Элэгний хорт хавдрын сүүлийн шатанд орсон, 1-3 сарын настай, хөнгөвчлөх эмчилгээнд орох ёстой хүн байна” гэж эхоны эмчээс сонсоод цочролд орлоо. Эцсийн найдлага болгож, элгээ өгье гэвч нэгэнт хожимджээ.

“Эмч юу гэж байна?” гэж эмнэлгийн гадаа бага зэрэг санаа зовнингоо асуусан ээждээ, “Долоо хоног эмчлүүлээд гарахад сайхан болчихно” гэж байна хэмээн нулимсаа залгин байж хэлэхэд, ямар хэцүүбайсан гэж санана.Ээж минь архаг В вируст гепатитаар үүсгэгдсэн элэгний хатууралтай гэж хэдэн жилийн өмнө оношлогдоод, улмаар 2019 онд судас боох TACE эмчилгээнд орж байлаа. Элэгний хатуурал гэхээр тийм ч ноцтой хүлээж аваагүй, ТАСЕ-ийг хавдартай хүнд хийдэг эмчилгээ гэдгийг мэдээгүй хэдэн хүүхдийнх нь хувьд маш хэцүү нөхцөл байдалд оров.

Миний ээж Цэргийн төв эмнэлэгтнярав сувилагч, асрагчаас эхлээд лифтний оператораар20 орчим жил ажиллахдаа хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, энэрэн асрах үйлсэд чин сэтгэлээсээ, хариуцлагатай зүтгэсэн нэгэн. Олон арван хүнд өвчтөнийг эмчлэн анагаахад гар бие оролцсон, ажилдаа эзэн, үнэнч шударга, хамт олондоо элэгсэг дотно, нэр хүндтэй хүн байлаа. Элэгний хатуурлаас хорт хавдрын эцсийн шат болтлоо өвчин нь хүндрэх тэр жилүүдэд ээж минь хэдэн хүүхдээ зовоох вий гэж дотроо ямар их шаналж, зовж байсан бол гэхээс өр өвдөнө. Угтаа бол тухай бүрд л эмчийн зөвлөснөөр оношилгоо, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаад явсан даа.

Аав, ээж минь таван хүүхэд төрүүлж, өсгөсөн ачтанууд. 2003 оны долдугаар сарын 3-нд бидний хайрт аав Шовгор овогтой Ганболд зуурдаар насан эцэслэж, ээж минь 20 жил ханилсан амьдралын түшиг тулгуураа алдсан юм. Бид жаахан хүүхдүүд байсан болоод ч тэр үү аавыгаа үгүйлэн санаад хэцүү байсан ч ээжид минь нэгэн насны ханиа алдах ямар хүнд байсан бол. Гэсэн ч биднийг хүний зэрэгт хүргэхгэж, хүсэл мөрөөдлийг минь биелүүлэхийн тулд, мэдлэг, боловсролтой иргэд болгохын төлөө эх хүний үүргээ бүрэн ухамсарлаж, бусдаас тусламж гуйгаагүй, хэн нэгэнд бялдуучлаагүй, хэнийг ч буруутгаагүй, шантарч цөхрөөгүй, өөрийн үнэн амьдралаарүр хүүхдүүддээ үлгэрлэсэн юм. Эргэж уулзах нүүртэй, ухаантай амьдрах аргад үр хүүхдүүд биднийг сургасан билээ.

“Би ядарч байна”, “Та нарыг тэжээх гэж зовж байна”, “Хэцүү, бэрх байна” гэж гомдоллосонгүй, загнаж зандарч, хатуурхаж байсан удаагүй.Харин ч “Би та нарыг үнсэх гэж, тэврэх гэж, эрхлүүлэх гэж төрүүлсэн” гэдэгсэн. Үрсээ “мөр бүтэн, гэдэс цатгалан” байлгах гэж болгосоор, бүтээсээр, зорьсоор ирсэн. Цалингаа буух болгондоо маш гоё еэвэн авчраад, цөмөөрөө аз жаргалтайгаар хувааж иддэг байсан дурсамж энэ мөчид тод буулаа. Тэр еэвэнгийн амттайг хэлэх үү, миний ээжийн хөдөлмөрч, сайхан сэтгэлтэйг хэлэх үү.

Нэвтрүүлэгч болох багынхүсэл мөрөөдөл, зорилгоо хань ижил, үр хүүхдүүдийнхээ сайн сайхан амьдралын төлөөх тэмцлээр сольсон. Үр хүүхдүүд, ач, зээ нар нь түүний амьдралын утга учир, бид эрүүл саруул, элэг бүтэн, цээж тэнэгэр, мөр цэх яваа ньхамгийн том амжилт нь байлаа. Ханьдаа халамжтай, хадамдаа элэгтэй, үрдээ энэрэлтэй, эргэн тойрныхондоо элэгсэг дотно, эв нэгдлийг эрхэмлэгч, уужуу сэтгэлтэй, өөдрөг, зөв үзэлтэй, үргэлж цэмцгэр, нартад буянтай нэгэн байлаа, ээж минь.

Ээжийнхээ оношийг сонссон 14 хоногийн дотор түүний биеийн байдал маш хурдан дордсон юм. Гэдэс нь царайж, хэвлий хэсгээрээ тэсэхүйеэ бэрх өвдөж, хоол унднаас гарч, хэвтэрт орсон. Хэдхэн хоногийн өмнө аяга, халбагаа бариад хоол идэж, алхаж гишгэж, инээж баясаж байсан бол хөл, гарын булчин нь суларч, тэнцвэрээ алдан, өвдөлтдөө дийлдэн, юм ярьж чадахаа больсон доо. Нэг л удаа “Хэзээ хийсэн үйлийн үр ирэх нь энэ вэ” гэж сулхан дуугаар хэлж билээ. Бид тантайгаа харцаараа ярилцаж, таныхаа төлөө олигтой зүйл хийж чадахгүй байгаадаа уучлал гуйж, хайртай гэдгээ хэлэн, чадах чинээгээрээ асарч халамжиллаа.

Өвчинтэйгөө эцсээ хүртэл тэмцэж буй ээжийгээ хараад үнэхээр бахархах сэтгэл төрөв. Түшүүлээд ч болов алхаж гишгэхийг, өөрөө хоол, цайгаа ууж идэхийг, нэг үгээр хүний гарт орохгүй байхыг их хичээсэн. Биеийн байдал нь хүндрэхээс нэг сарын өмнө үйлчилгээний байгууллагад долоо хоногийн зургаан өдөр өглөөнөөс орой хүртэл олон жил тууштай ажиллаж байсан хүн гэж бодохоор ийм байдалд орсонд үнэхээр итгээгүй. Ер нь үр хүүхэд болсон бид аав, ээж ингэсэнгүй, тэгсэнгүй гэж омогдож, зөвхөн өөрсдийгөө, өрх үүсгэсэн бол гэр бүлээ л бодож, амин хувиа хичээгээд байх шиг. Гэтэл хөлгүй амьдралын эх булаг болсон төрсөн гэр,аав, ээждээ хэр их санаа тавьдаг билээ гэсэн бодлууд хөвөрч байлаа.

Ээжийгээ гэрээр асрахын хажуугаар оношных нь дагуу нэг эмнэлгээс гаргаад, нөгөө эмнэлэгт хяналтад оруулах, хэвтүүлэх гэж бид үнэндээ цөхрөнгөө барсан. Яаралтай түргэн дуудахад, “Амин үзүүлэлт нь хэвийн байгаа тул эмнэлэг авч явахгүй” гээд өвчин намдаах тариа л хийнэ. “Хорт хавдрын эцсийн шат” гэж оношлогдоод ч ор байхгүй гээд буцаана. Аргаа барахдаа дуудлагын сувилагч дуудаж, өвчин намдаах хамгийн хүчтэй тариануудаас хийлгэнэ. Хорт хавдартай хүнд тохирсон асаргаа, сувилгаа хийдэг ТББ-д хандахад, ихэнх нь ковидоос болж хаалгаа барьсан байв. Эцэстээ дуудлагын түргэний машинаар эмнэлэгт хүргүүллээ. Тэр үед л хавдраар хиар цохиулж байгаа улсад амьдарч байгаагаа ойлгосон. Ийнхүү хүнд өвчнөөр шаналж буй өвчтөнүүд хаана, хэнд хандахаа мэдэхгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадалгүй өнгөрөх аюулт нөхцөл байдалтай байна.

Миний ээж өөрөө эрүүл мэндийн салбарын жаргал, зовлонг ойлгодог хүний хувьд эцсээ хүртэл эмнэлэгтээ л найдсан. Тийм ч болоод бие нь маш хүнд, шокийн байдалтай эмнэлэгт хүргэгдээд хоёр удаа уртаар санаа алдаад, эргэж ухаан оролгүй, 2022 оны 5 дугаар сарын 17-нд насан өөд болж, тэнгэрт дэвшлээ.

Бидний хайрт ээж Дашдорж овогтой Чимгээ 1958 оны 10 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. Эхээс дөрвүүлээ. Гурван ахтай, айлын эрх танхи ганц охин. Багаасаа дутагдаж, гачигдах зүйлгүй, ижий, аавдаа эрхэлж өсжээ. Арван жилийн сурагч байхын л цэвэрч, нямбай, даруу төлөв, хүнд тусархуу зантай байж. Наймдугаар ангиа төгсөөд ЗХУ-д суралцахаар явж, орос хэлийг гаргууд суран, орчуулга хийдэг болжээ. Сургуулиа төгсөж ирээд, Цэргийн төв эмнэлэгт ажилд орсон нь тэр. Энэ насны амьдралаа үр хүүхдүүддээ, ажил хөдөлмөрт бүрнээ зориулж, асар их ухаан, сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрээр хорвоог туулсан хүний дээд нь байлаа, та. Та минь олон сайхан үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөөрөө хүрээлүүлсэн, сэтгэл хангалуун, аз жаргалаар дүүрэн амьдарсан юм шүү. Иймэрхэм хүмүүнээ ингэж хурдан хорт хавдар гээч аймшигт өвчнөөр нүд ирмэхийн зуургүй алдлаа, бид.

Энэ өвчин хэнд ч, хэзээ ч бүү тохиолдоосой гэж чин сэтгэлээсээ, бүх чадлаараа, дэлхий дүүрэн орилоод хүстэл тийм хэцүү юм билээ. Гэтэл манай улсад жилд дунджаар 6000 хүн хорт хавдартай гэж шинээр оношлогдож, сүүлийн 10 жилд 40 мянга орчим эрдэнэт хүний амь энэ шалтгаанаар эрсэджээ. 10 хүн тутмын наймнь хожуу үедээ оношлогдож байна. Үүнээс элэгний хорт хавдраар 40 хувь нь өвчилж, нас барж байгаа юм. Энэ тоо нь дэлхийн дунджаас найм дахин их үзүүлэлт гэдгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикаас харж болно. Ямар олон хүн энэ өвчнөөр шаналж, түүний гэр бүл, төрөл төрөгсөд нь сэтгэл санаа, эдийн засгийн хүнд байдалд орж байна вэ. Эмнэлэгт үзүүлэх өдөр, цагаа хэдий болтол нэг, хоёр сар хүлээх вэ. Эрүүл мэндийн салбар одоо байгаа нөөц, хүчин чадлаа хангалттай шавхаж байгаа гэж ойлгож болох ч хөгжил нь дэндүү удаан, хүртээмж нь үнэхээр сул байна.

Тиймээс ард иргэд минь амьдралын хэв маяг, дадал зуршил, хоол хүнсэндээ анхаарч, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдаж байгаарай. Төр засгаас эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг богино хугацаанд дорвитой үр дүнд хүргэж сайжруулах, чадавхжуулах зайлшгүй, тулгамдсан шаардлагатай байна. Асаргаа, сувилгааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх,хүнд өвчтэй хүнээ асарч буй гэр бүлийнхэнд нь сургалт, мэдлэг мэдээлэл өгөх, өвчтөнд яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх байдлыг дээшлүүлэх нь нэн чухал байгаа юм.

Ээж ээ, таны минь ухаалаг, хүнлэг, энэрэнгүй, хөдөлмөрчхичээнгүй, түшиг тулгууртай, эелдэг, цайлган цагаан, сайхан сэтгэлтэй зан чанар, бие даасан, хүчирхэг, зоримог байдал, үргэлж инээмсэглэсэн, цэвэр цэмцгэр, сэтгэл татам дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно. Тандаа Жанрайсэг бурхан, Ногоон дарь эхийн зүрхэн тарниар цагаан суварга босгоё. Үр хүүхдүүд нь нэрээ хичээж, үнэнч шударга, зөв амьдрахыг, бусдад туслахыг зоръё. Тандаа бид хязгааргүй их хайртай.

Хүн гээч амьтан эцсийн амьсгаагаа хураахын цагт уг үндсээ санадаг юм гэнэ лээ. Та минь тэр их өвдөлтөөсөө ангижраад, ижий, аавдаа баяртайгаар гүйгээд очсон гэдэгт итгэлтэй байна.Ингээд хүнд өвчнөөр шаналж буй хүн бүр, гэр бүлийнхэнд нь хандаж хэлэхэд, итгэл найдвараа бүү алдаарай. Эдгэрнэ, эдгээнэ гэсэн дүүрэн, халуун сэтгэлтэй байгаарай.

Амьд байгаадаа, амьдарч байгаадаа, эх дэлхийдээ талархъя.

Аав, ээжийгээ, хайртай бүхний хайрлая. Урам өгье.

Бидэнд тусалж, дэмжсэн хүн бүхэнд баярлалаа.

Эмнэлгүүд эндсэн тухай гэрчилгээ олгохоос илүү эдгэсэн тухай баярт мэдээг эмчлүүлэгч, түүний ар гэрийнхэнтэй хуваалцдаг байгаасай.

Охин Г.Мөнхтуяа

2022.07.08

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Дээлтэй Монгол-2022” наадам маргааш болно DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11:40-20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Дээлтэй Монгол – 2022” наадам зохион байгуулагдана.

Тус наадам нь Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, Нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.

“Дээлтэй Монгол-2022” наадмын үеэр дараах арга хэмжээнүүд зохиогдох аж. Үүнд:

• Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал
• Ардын урлагийн тоглолт- Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ
• Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
• Уралдаан, тэмцээн
– 21 аймгийн 330 сумдын шилдэг “Үндэсний хувцастай” оролцогч
– Шилдэг дээл урлаач
– Шилдэг бүжгийн уралдааны оролцогч
– Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
– Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
– Хамгийн сайхан дээлтэй хүүхэд
– Сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон дүүрэг, байгууллага

• Үзэсгэлэн худалдаа
– Монгол зан заншлыг харуулсан гэр хотхон, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа

• Тойрон бүжиг
• Орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт
• Дээлтэй диско
• Бусад олон нийтийн үйл ажиллагаанууд

– Уран бичлэг, уран хайчилбар зэрэг байна.

Categories
гадаад мэдээ

Финланд улс ОХУ-тай залгаа хилийнхээ шугам дагуу хаалт, бэхлэлт байгуулах шийдвэр гаргажээ DNN.mn

Өчигдөр буюу Пүрэв гаригт Финланд улсын парламент ОХУ-тай залгаа хилийнхээ шугам дагуу хаалт, бэхлэлт байгуулах шийдвэр гаргажээ.

Орос улстай 1,300 орчим километр шугамаар хиллэдэг тус улс олон жилийн турш эвсэлд үл нэгдэх гадаад бодлогыг тууштай сахиж байсан ч Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлсний улмаас НАТО-гийн цэргийн эвсэлд гишүүнээр элсэх шийдвэр гаргасан юм.

Парламентаас өгсөн зөвшөөрлийн дагуу Финландын засгийн газар хилийнхээ шугамын дагуу төмөр тортой хашаа зэрэг бусад хэлбэрийн хаалт, бэхлэлтийг байгуулах эрхтэй болж байна. Бас тус хилээр нэвтрэн ирсэн хүмүүст виз олгох нөхцөлийг чангалах шийдвэр гаргажээ.

Финланд улс дэлхийн хоёрдугаар дайны үеэр хоёр удаа Зөвлөлтийн эзлэн түрэмгийлэлд өртөж, газар нутгийнхаа 10 орчим хувийг алдаж байсан түүхтэй.

Финландаас гадна Швед улс мөн олон жил дагаж ирсэн гадаад бодлогоо эрс өөрчилж, НАТО-д элсэх өргөдлөө гаргаад байгаа. Хоёр улсыг гишүүнээр батламжлах үйл явц үргэлжилж байна.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ нийгэм

Урианхай сурын харваанд Ховд аймгийн харваач тэргүүлжээ DNN.mn

ар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам өчигдөр урианхай сурын харваагаар эхэлсэн. Урианхай сурын харваанд 360 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг 24 оноогоор улсын мэргэн цолны болзол хангаж, төмөр хүлгийн эзэн боллоо. Дэд байрт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул “Алдар” спорт хороо “Алдар жем” багийн харваач Монгол Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл 24 оноогоор, гутгаар байрт Ховд аймгийн харваач Монгол Улсын мэргэн Э.Хосбаяр 24 оноогоор тус тус шалгарлаа. Харин дөрөвдүгээр байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Х.Бямбажав 23 оноогоор, тавдугаар байрт Баян-Өлгий аймг

Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт зөвшөөрөлгүйгээр дрон нисгэхгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Нисгэгчгүй нисэх биет (дрон) ашиглах хүн, хуулийн этгээд та бүхэн иргэний нисэхийн дүрмийн инд-101.205, инд-101.207, инд-101.211, инд-101.215 заасны дагуу агаарын орон зай ашиглахыг хориглосон бүс болох Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон, “Маршал” харш, Их тэнгэр цогцолбор, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь хориглосон бүсэд тус тус эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дрон нисгэхгүй байхыг анхааруулж байна.

Долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд дээрх газруудад дрон нисгэх зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороо”-нд албан бичгээр хандсаны дагуу төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас холбогдох зөвшөөрлийг олгох аж.

Дээрх хориглосон газруудад зөвшөөрөлгүй дрон нисгэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.12 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулна.

Зөрчлийн тухай хуулийн 14.12 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалт тогтоосон бүсийн агаарын зайн дэглэм зөрчих

1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тогтоосон дэглэм зөрчиж, төрийн тусгай хамгаалалтын бүсийн агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эх сурвалж: Төрийн тусгай хамгаалалтын газар

Categories
мэдээ цаг-үе

Төрийн далбааны өдөр цэргийн ёслолын жагсаал болно DNN.mn

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бүрэлдэхүүн Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал Д.Сүхбаатарын талбайд 7 дугаар сарын 10-ны өдөр болно.

Цэргийн ёслолын жагсаалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг 14 байгууллагын 4000 гаруй алба хаагч оролцоно.

Энэхүү Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал С.Ганбямба командалж буй бөгөөд тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, тугчаар Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга хурандаа Ж.Өсөхбаяр, тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номт, Материал техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа С.Баяр-Очир нар удирдана.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Хөдөлмөрийн баатар Т.Галсан: Б.Ринчен, С.Удвал багшид минь очих шагнал шавьд нь ирлээ DNN.mn

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Эрхэм зохиолчийг баатрынхаа тэмдгийг гялалзуулан Монголын зохиолчдын эвлэлдээ ирж хүндэтгэл үзүүлэх хооронд нь цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд хүндэтгэлт цол хүртсэнд баяр хүргэе?

-Надад Соёлын гавьяатын тэмдгийг Н.Багабанди гуай өгсөн юм. Хоёр жилийн дараа Ардын уран зохиолч цолны тэмдгийг мөн Багабанди гуай сүүлийнхээ зарлигаар олгож байлаа. Түүнээс хойш 20 жилийн дараа Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Энэ бол Монголын их утга зохиолыг шагнасан шагнал юм. Намайг хүмүүс ямар намын гишүүн бэ гэдэг. Би хариуд нь “Монголын зохиолчдын эвлэл хэмээх намын гишүүн” гэдэг. Яагаад гэхээр үзэл бодлоороо, итгэл үнэмшлээрээ, үйл хэргээрээ нэгдсэн, тэр үйл хэргийн төлөө тэмцэж явах тийм хамт олныг нам гэдэг байхгүй юу. Би Зохиолчдын эвлэл хэмээх намын гишүүн болох гэж таван удаа өргөдөл өгөөд бүтээгүй. Тэгээд бүр сүүлд Галсан Зохиолчдын эвлэлд элсүүлэх тухай хэлэлцлээ. Тэгтэл Д.Наваансүрэн дарга “ Энэ удаа Галсанг больё. Учир нь Галсангийн тодорхойлолтыг нарийн бичгийн дарга нар өөрсдөө гаргасан байна. Манай Зохиолчдын эвлэлийн дүрэмд нарийн бичгийн дарга нар гаргах ёсгүй, зохиолч гаргах ёстой гэж заасан” гэдэг юм. Намайг батлан даасан хүн нь Б.Явуухулан, С.Дашдооров хоёр. Тэгтэл Явуухулан “Галсан чи ямар арчаагүй нөхөр вэ. Гар л даа, гадаа үүдэнд улаан Дулмаа дууны үг батлуулах гээд сууж байгаа. Миний өгсөн цохолтыг тэр Дулмаагаар хуулуулаад аваад ир” гэж билээ. Тэгж л би сая гишүүн болж, Зохиолчдын эвлэл хэмээх их айлын өндөр босгыг алхсан. Зохиолчдын ордны барилгыг мэдээж барилгачид барьсан. Гэхдээ барилгын суурь босгох хүрмэн чулууг нь “хар” Зана бид хэд үүрч явсан удаатай. Биднийг хараад Явуу, Пүрэвдорж энэ хэд маань янжуурын утаа суунаглуулан тас тасхийн инээж зогсож байсан сан. Би тэгэхээр Зохиолчдын хорооны байшин босоход тулгын чулууг нь үүрч явсан хүн юм. Эх хэлээ, бичиг соёлоо хамгаалдаг, эх орныхоо төлөө, мөнхүү бусдын харанхуй цээж рүү ганц шүдэнзний дайтай гэрэлтэй үг хэлэхсэн гэж бодож явдгийн хувьд Монголын зохиолчид бурхад байдаг юм шүү.

-Та бол 1957 онд МЗЭ-ийн хоёрдугаар хуралд оролцож байсан түүхэн хүмүүсийн нэг. Энэ тухай дурсахгүй юу?

-Би Монголын зохиолчдын хоёрдугаар их хуралд оролцож байсан хүн юм. Хоёрдугаар их хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн танхимд болсон. Тухайн үеийн хамгийн том танхим нь тэр. Төрийн ордны баруун талын байр шүү дээ. Улс төрийн товчоо бүрэлдэхүүнээрээ, мөн Оросоос, Хятадаас зохиолчид ирж оролцож байсан. Тэнд Өмнөд Монголоос ирсэн Малчинхүү гэдэг зохиолчоос Ринчен багш “Та зохиолоо ямар хэлээр бичдэг вэ” гэж асуутал “Хятад хэлээр” гэж хариулав. Ринчен багш “Та тэгвэл Малчинхүү биш ногоочинхүү байх нь ээ” гэж хэлж байв. Тэр хуралд МУИС-иас аугаа их Бямбын Ринчен багш минь, мөн НҮБ-ын төв индэр дээрээс Монгол Улсаа төлөөлж үг хэлсэн Дондогийн Цэвэгмид багш, мөн бидэнд эртний уран зохиолын хичээл орж байсан Цэндийн Дамдинсүрэн багш, уран зохиолын онол замналыг минь хөтөлсөн Шанжмятавын Гаадамба багш нар оролцож байсан. Манай Их сургуулийн Утга зохиолын дугуйлангийн эрхлэгч Сугарын Цэдэв гэж мундаг хүн ирлээ. Багшийн сургуулийн багш Дашдорж гээд хүмүүс таслах эрхтэй төлөөлөгчөөр оролцсон. Мань мэтийн юмнууд бол их сүрэг бараадаж явдаг, ойртохоор азарга хасаад оруулдаггүй үрээ шиг хэдэн хүүхдүүд хурлын танхим дүүргэх хэрэгтэй гээд орж байгаа нь тэр. Миний хувьд 1962 оноос буюу одоогоос нэгэн жарны өмнөөс зохиолчдын гуравдугаар их хурал жинхэнэ гишүүнээр оролцсон. Тэр хурлын үеэр аймаг аймгаас ирсэн зохиолчид яаж бүгдээрээ том зохиолч болох уу гэдэг асуудал хэлэлцлээ. Архангайгаас О.Цэнд, халзан Базаррагчаа, Завханаас Ванчаарай гээд ирлээ. Бид ярилцаад “Энэ томчууд гэдэг чинь нэг л роман бичсэн юм байна. Хоёр гурван роман бичээд л урд нь гарч болох юм байна” гэж андуурч байлаа. Тэр цагаас аугаа их зохиолчидтой лонхны бөглөө, сэтгэлийн таглаа нээх үүд нээгдсэн юм. Л.Ванган гуайгаас “Бидний сул тал юу байна” гэж асуухад, та нар жаахан ерөнхий бичих юм даа. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэлд мөр гарахааргүй бамбалзаад өнгөрчихөөд байна. Уг нь сэтгэл дээр хүүхнээр бол өндөр өсгийтийнх нь мөр гарах нь ээ дээ гэв. Тэгтэл өнөө О.Цэнд чинь Ванганы өөдөөс “Таны яриа ч гэсэн ерөнхий л байна ш дээ” гэдэг юм. “За тэгвэл би тодорхой ярья” гээд Ванган, жишээ нь хөдөлгөөний дүрмийг биелүүлье гэж ярьдаг бичдэгээс болоод хүмүүс осолд ороод байгаа юм. Энэ бол дэндүү ерөнхий. Үүний оронд замын голд ортлоо зөвхөн баруун гар талаа харж яв, зүүн тийшээ битгий хар. Замын голоос цаашаа баруун тийшээ битгий хар, зөвхөн зүүн талаа хар, тэгээд л чи амьд байна гэж тов тодорхой хэлж билээ.

Лодойдамба гэдэг тэр аваргаас бидэнд зөвлөх юм юу байна гэхэд, их унш хүүхдүүд ээ. Бусдын зохиолыг төдийгүй өөрийнхөө зохиолыг олон дахин уншиж бай. Гайгүй онож бичсэн юм аа мэддэг юм, мөн даан ч яав даа гэдэг алдаагаа залруулдаг юм. Дээрээс нь бусад хүнд зохиолоо уншиж өгч бай. Хүн чиний зохиолыг нүдээрээ чагнаад байгаа бол тэр зохиол болж байгаагийн шинж. Чихээрээ сонсож байгаа бол шал дэмий юм болжээ гэж бод гэв. Бид яагаад гэж лавлатал “Нэг чихээр орж байгаа юм нөгөө чихээр гардаг. Харин нүдээр орж байгаа юм тархи руу ороод тэгээд зүрх рүү ордог” гэв. Аваргууд маань ингэж сургаж зөвлөдөг байлаа. Дөрөвдүгээр их хуралд явах болтол нөгөө эсэргүү илрээд тагнуулд танигдаад намын даалгавраар үзэг нэгт нөхдийнхөө өмнөөс ганцхан хүн цөллөгөнд явсан, би юм шүү. Зохиол бичсэний төлөө. Миний өмнөөс хөдөлмөрийн баатар Бат-Очир гэдэг хүн зохиолчдын их хуралд явсан. Зохиолч биш хүн яахаараа зохиолчдын хуралд төлөөлөгчөөр ирдэг юм гэж Нямбуугийн Нямдорж “муу Галсанг минь яагаад ирүүлсэнгүй вэ” гэх утгаар асуутал “Та нарын бичих зохиолын чинь баатар би байна” гэсэн гэдэг.

Хөдөлмөрийн баатар Т.Галсан, СГЗ Б.Ичинхорлоо

-Тэгж явахдаа юм уу даа, Та хожмын төрийн шагналт нэрт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийд очсон онигоо маягийн яриа байдаг?

-Пүрэвсүрэн “Надад хоёр чухал зүйл надад зааж өгсөн хүн” гээд сайхан аашаа хүрэхээрээ намайг багшаа гэх нь холгүй байдаг. Тэр хоёр зүйл нь юу вэ гэвэл эхнийх нь хоол зальдахыг зааж өгчээ, би. Тэр нь хоолоо идчихээд гүйж гараад элсээр нүүрээ угаагаад дахиад зогсохоор хоол идээгүй байна гээд өгдөг байхгүй юу. Үүнийг зааж өгсөн. Мөн уран зохиолын дугуйлан гэж байдгийг зааж өгсөн байдаг. Тэр хурлын үеэр эсэргүү нэртэй өнөө муу Галсан Пүрэвсүрэнгийндээ очлоо. Манай Пүрэвсүрэнгийн хадам аав чинь Хятадад элчин байсан, Аюулаас хамгаалахын сайд байсан Чулуунбаатар гэж хүн. Хадмуудынхаа тухай Пүрэвсүрэн шүлэг бичсэнээ надад уншлаа.

“Айдаа хүний нэрийг мөн

Айхтар онож өгөх юм

Чулуунбаатар нэртэй

Чулуу шиг зүрхтэй хүн байх юм

Ай даа хүний нэрийг мөн

Айхтар алдаж онож өгөх юм

Буянзаяа нэртэй

Буянгүй чавганц байх юм” гэж уншлаа. Пүрэвсүрэнгийндээ элчингээс ирсэн гал охь(спирт)-ийг хүүхдийн зохиолч Р.Ядмаа, миний шавь Загдын Түмэнжаргал бид хүртлээ. Зарим нөхдөд 80-100 граммаар найруулж өгдөг өнөөх гал охио бид гуравт болохоор 150 граммаар найруулж өглөө. “Зохиолчдын хуралд би суумаар байна. Надад нэг урилга олоод өгөөч, чамд бол олдоно доо” гэж Пүрэвсүрэндээ хэллээ. Тэгтэл “Чи намайг хэдэн удаа хөөдөх гээд байгаа юм бэ” гээд тасхийтэл алгаддаг юм.

-Яаж байгаа нь тэр юм бол?

-Пүрэвсүрэнгийн намайг тэгж алгадах нь аргагүй юм. Миний “Тэмүүлэл” гэдэг найраглалыг “Залуучууд” сонинд хэвлэснээрээ Пүрэвсүрэн буруудсан. Тэр найраглалын хэсэг хэвлэгдсэний төлөө Сугарын Цэдэв эрхлэгч намааасаа хөөгдсөн, ажлаасаа хөөгдөөд, Зохиолчдын эвлэлээс хөөгдөөд гудманд хаягдаж байсан. Тэр үед сонины утга зохиолын ажилтны хувьд гарын үсгээ зурснаараа Пүрэвсүрэн намаас, ажлаасаа хөөгдөх хатуу сануулга авсан нь тэр. Тэгээд намайг алгадлаа. Хүүхдийн зохиолч Раднаагийн Ядмаа Пүрэвсүрэнгийн ангийн багш байсан учир “Чи яахаараа миний найзыг алгаддаг юм” гээд Пүрэвсүрэнг алгадлаа. Загдын Түмэнжаргал чи яасан их хүн алгаддаг хүн бэ гээд Ядмааг алгадлаа. Тэгэхээр нь “Чи миний найзыг яахаараа алгаддаг юм” гээд би Түмээгээ алгадлаа. Ийм л юм болсон юм. Өнөөдөр тэгээд зохиолчийн хувьд олон оймс элээсэн, аман дээрээ адсагатай, уруул дээрээ унгастай, эрүүн дороо эсгийтэй ахмадын хувьд би баярлаж байна. Аугаа их Бямбын Ринчен багшаас минь эхлээд надад эртний уран зохиол зааж байсан Цэндийн Дамдинсүрэн багш, мөн Сономын Удвал гэж бүсгүй хүн гараа угааж байхдаа бадмаараг шигтгээтэй шижир бөгжөө угаадасны нүх рүү алдчихаад буцааж гаргуулж авч байгаатай адилхан их утга зохиолд намайг гаргаж ирсэн ачтан, ийм л буянт багш нар минь “Миний шавь овоо доо, утга зохиолд хүн болж яваа юм байна” гэж баярлаж байгаа байх. Ринчен, Удвал багшид минь очих шагнал шавьд нь ирлээ. Би Хөдөлмөрийн баатар аваад зогсож байхад Х.Цэвлээ гэдэг сэтгүүлч бас баатар болж байх юм. Тэр хүний 10 дугаар ангийн багш нь би юм шүү дээ. Ангийн багш Т.Галсан гэж бичигддэг. Ийм л ерөөлтэй юм боллоо. Ардын цолны миний булган сүүл Ардынх гэхэд Дөнгөтийн Цоодол, Шагдарын Дулмаа юм. Одоогийн надад ирсэн Хөдөлмөрийн баатар гэдэг цол над шиг хөдөлмөрлөсөн зохиолч дүү нарт минь хишгээ хайрлах болтугай. Хэрхэн хөдөлмөрлөж өдий хүрснээ би авга эгчийнхээ үгээр хэлье. Авга эгч маань манайд ирээд нутагтаа очоод намайг “муулсан” байдаг. Галсангийндаа очоод би бол жаргалаа. Харин муу дүү маань бол тамын амьтан юм байна даа, зайлуул. Шөнө орой унтахад харандаа үзэг барьчихаад хамар нь ширээгээ бүрхчихээд сууж байх юм. Шөнө сэрээд давсаг суллах гээд босоход сууж л байх юм. Үүрээр сэрээд харахад бас л сууж байх юм. Мөн ч үйл лайтай хүн юм гэсэн байдаг. Би тэгж л 100 гаруйхан ном бичсэн хүн юм шүү дээ. “Өдрийн сонин”-ы уншигч түмэнд 90 жил наадам үзэж яваа энэ өвгөний насыг, дээрээс нь түмэн олонд нэгэнд танигдаад, төр засагт үнэлэгдээд, түүхэнд үлдэх бүтээлтэй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлье. Монгол утга зохиол мандтугай. Монгол түмэн минь, хүн төрөлтнөөс хүзүү өндөр, орчлонгийн түмнээс оюун төгөлдөр явах болтугай.

Categories
мэдээ цаг-үе

Наадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус үйлчилгээнд ажиллуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна.

БОГИНО ЭРГЭЛТИЙН АВТОБУС НААДАМЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Үндсэн чиглэлийн 685 автобус дээр нэмж зургаан чиглэлд 56 автобусыг наадамчдад зориулж явуулах юм. Эдгээрийн гурав нь богино эргэлтийн чиглэл байх бөгөөд богино эргэлтийн автобуснууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн, Вокзал-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн Галт тэрэгний зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Зөвхөн богино эргэлтийн автобусанд иргэд үнэгүй зорчих юм.

Богино эргэлтийн чиглэлүүдийн төлөвлөлт /үнэгүй/

ХҮЙ ДОЛООН ХУДАГ РУУ ЗӨВХӨН КАРТААР ҮЙЛЧИЛНЭ

Хүй долоон худаг руу Төв цэнгэлдэх хүрээлэн, Боловсролын их сургууль, Таван шараас нийтийн тээврийн автобусаар үйлчлэх юм. Үйлчилгээний хөлс 1500 төгрөг бөгөөд төлбөрийг зөвхөн картаар төлнө гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. Долоодугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн буюу Гандийн гудамжны автобусны зогсоолоос 10 автобус долоон минут тутамд, долоодугаар сарын 13-ны өдөр хотын төв “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 06.00 цагаас их багтаамжийн таван автобус 10 минут тутамд “Хүй долоон худаг” руу 1500 төгрөгийн тарифаар үйлчилнэ. Мөн долоодугаар сарын 11-15-нд Хүй долоон худгийн шөнийн арга хэмжээнд зориулж 18.00-03.00 цагийн хооронд зургаан автобус “Таван шар-Хүй долоон худаг” чиглэлд үйлчилнэ.

Хүй 7 худаг чиглэлд хүрэх чиглэлүүдийн мэдээлэл /1500 төгрөг/

ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГЫН ТАКСИ ЗАМ ХААСАН ЧИГЛЭЛД Ч ЗОРЧИНО

Төв цэнгэлдэх хүрээлэн орчим болон Таван шарын дөрвөн түр зогсоолоос Нийслэлийн Нийтийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг найман аж ахуйн нэгжийн 383 такси иргэдэд үйлчилнэ. Албан ёсны гэрээт байгууллагын таксинууд зам хаасан чиглэлд үйлчлэх бөгөөд эрх авсан 180 такси байгаа аж.

Такси үйлчилгээний зогсоолууд:

  1. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал: Нийслэлийн гудамж, “Хурд” хорооллын хойд зогсоол;
  2. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд тал: Махатма Гандийн гудамж, “Ж” зогсоолын баруун талын зогсоол
  3. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, Наадам центрийн баруун талын зогсоол,
  4. Таван шарын хойд автобусны зогсоолын зүүн талаас албан ёсны гэрээ бүхий компанийн таксинууд үйлчилгээ үзүүлэх юм байна.

Наадмын эхний хоёр өдөр Төв вокзалаас Давааны өртөө хүртэл галт тэрэг 2000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Т.Аубакир: ҮХНӨ оруулбал Монгол Улсын улс төрийн тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёсонд мэдэгдэхүйц өөрчлөлт хийх ёстой DNN.mn


УИХ-ын гишүүн Т.Аубакиртай ярилцлаа.


-Энэ удаагийн хаврын чуулган завсарлаж байна. Чуулганы онцлог юу байв?

-Хаврын чуулганаар бид олон хуулийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг баталлаа. Эдгээрээс онцлоод хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой гаргасан уриалга цаг үеийн шинжтэй чухал байсан учраас миний хувьд олзуурхан хүлээж авсан. Уг уриалгатай холбоотой байнгын хороод болон УИХ хүнсний хангамжтай холбоотой аливаа хууль тогтоомжийг дараалал дугаар харгалзахгүй шуурхай шийдвэрлэх чиглэл авсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтээрээ хүнсний хангамж ямар чухал болохыг санууллаа. Мөн өнгөрсөн хоёр жил манай улсад импортоор орж ирж байгаа хүнсний хангамжууд доголдсон. Хил хаахад л ямар доголдолд орж, үнийн өсөлтөд өртдөгийг харлаа. Мөн Хүнсний хангамжийг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих УИХ-ын түр хороо байгуулагдлаа. Дараагийн нэг онцлох асуудал бол МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд УИХ-аас батлагдан гарч байгаа хуулиудад хүний эрх зөрчигдөхгүй байхад анхаарч ажиллах ажлын хэсэг байгуулагдсан. Үүнийг хүний эрхийн чиглэлд маш том дэвшил гарсан хэмээн харж байна. Тийм учраас ч саяхан цахим орчинд тархсан үндэсний цөөнхийн хэлний асуудал хөндөгдлөө. Миний бие Үндэсний цөөнхийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн гишүүний хувьд байр сууриа илэрхийлсэн. Цахим орчинд бодитой бус мэдээллүүд ихээр тавигддаг болсон нь иргэд баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авдаг байх шаардлагатай нь тод харагдлаа.

-Үндэсний цөөнхийн хүүхдүүдэд яг ямар асуудал тулгараад байна вэ?

-Үндэсний цөөнх буюу казах хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь монгол цагаан толгойн хичээл орж эхлэх эсэх асуудал хөндөгдсөн. Улс орон даяар нэгдүгээр ангид орж байгаа 6-7 насны нийт хүүхдүүдэд монгол хэлний цагаан толгойн 35 үсгээ үзэхэд ямар хэмжээний ачаалал авдаг билээ. Гэтэл үндэсний цөөнхийн хүүхдүүд 35 үсэгтэй монгол цагаан толгой, 45 үсэгтэй казах цагаан толгойг зэрэг сурахаар бол тухайн хүүхдэд ирэх ачааллыг даах уу. Энэ тал дээр “Бид ийм шийдвэр гаргаагүй” гэдгээ Боловсролын сайд мэдэгдсэн. Үүний үр дүнд хос хэлний асуудал нэг талдаа шийдэгдэж байна.Үндэсний цөөнх хүүхдүүдийн тухайд хоёрдугаар ангиасаа монгол хэлний цагаан толгойг үзэх ёстой. Монгол төрийн хэлийг сурах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн. Хэдий тийм боловч үндэсний цөөнх иргэд эх хэлээ хамгаалах, түүгээрээ харилцах, соёл түгээх, сурч боловсрох эрх нь байгаа учраас энэ асуудлыг ярилцаж шийдлээ.

-ЭЕШ-ын онооны үзүүлэлтээр танай аймаг сүүл мушгисан. Үүний шалтгаан нь юу байна вэ?

-ЭЕШ-ын оноогоор манай аймаг сүүл мушгиж байгаа нь үнэн. Учир нь ЭЕШ-д монгол хэлний оноо чухал байр суурь эзлэх болсноор ганцхан Баян-Өлгий аймаг биш улсын хэмжээнд бүдэрч байгаа олон тохиолдол бий. Гол нь монгол хүүхдүүд монголоороо аав, ээж гээд хэлд ордог бол казах хүүхдүүд казах хэлээрээ аав ээж хэмээн хэлд ордог. Ингээд цаг хугацааны эрхээр монгол хэлээ эх хэл шигээ сурахын төлөө хичээдэг. ЭЕШ-ын оноогоор сүүл мушгисан ч улсын хэмжээнд 800 оноо авсан хүүхдийн тоогоороо улсдаа гуравдугаар байранд явж байна. Энэ бол бас нэг сайн үзүүлэлт. Математик, физик, химийн хичээл дээрээ яагаад Баян-Өлгийн хүүхдүүд өндөр оноо авч байна гэдгийг бодох л асуудал. Би түрүүн хэлсэн, Монгол төрийн хэлийг сурах нь иргэний журамт үүрэг мөн. Гэхдээ бид Монгол Улс дотроо өөр хэлээр ярьдаг, өөр амьдралын хэв маяг, шашин шүтлэгтэй үндэстэн. Ийм үндэстэн манай улсад байх нь Монгол Улсыг дэлхийд улам гоё харагдуулдаг. Дэлхийн улс орнуудад өөр хэл бүхий үндэстнийхээ цөөнхийг ЭЕШ-ын үндсэн онооноос арай доогуур үнэлгээгээр тооцох тохиолдол ч байдаг юм билээ. Энэ бол хүн ёсны маш том хүндлэл. Энэ бүхнийг харгалзаж үзсэн, ардчилсан, соёлтой, бие биенээ хүлээн зөвшөөрсөн хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлэх ёстой. Тэр хүрээнд Монголын төр, БШУЯ-наас хос хэлний хөтөлбөрийг боловсруулж байна. Ер нь үндэстэн хоорондын ялгаатай байдлыг сайн сайхан талаас нь таниулж, мэдүүлэхэд хэвлэл мэдээллийг байгууллагынхан та бүхний оролцоо их шүү дээ.

-ҮХНӨ оруулах эсэх асуудлаар та тойрогтоо ажилласан байх. Иргэд ямар байр суурьтай байна вэ?

-ҮХНӨ оруулах асуудлаар миний бие тойрогтоо хараахан ажиллаж амжаагүй. Учир нь АНУ-д томилолттой байсан. Гэхдээ манай тойргоос сонгогдсон Б.Бейсэн, Х.Баделхан нарын гишүүд ажиллаад ирсэн. Бид уулзаж санал солилцсон. Цаг хугацааны хувьд ҮХНӨ-ийг иргэд,олон нийтэд танилцуулах нь одоо хараахан биш байна. Учир нь иргэд үний өсөлтөд дарлуулж, амьдрал ахуй нь хүнд байгаа үед ҮХНӨ асуудлаар санал асуулга явуулах нь тэдэнд ямар ч ач холбогдолгүй санагдаж байна. ҮХНӨ яах вэ. Өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах, дотооддын үйлдвэрлэлдээ анхаарч ажиллах шаардлага тавьсан. Манай улсын тухайд үйлдвэрлэгч орон биш учраас өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг импортоор авдаг. Тэр дундаа манай тойргийн тухайд Улаанбаатар хотоос алслагдсан аймаг учраас тээврийн зардал, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нийслэлээс 2-3 дахин өндөр байгаа нь иргэдийг нэлээд бухимдуулж байна. Тиймээс манай улс өргөн хэрэглээнийхээ гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдээ дотооддоо үйлдвэрлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай болсон нь харагдаж байна. Түүнчлэн эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх асуудлыг ч орхигдуулж болохгүй. Эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Баян-Өлгий, Ховд аймгийн нутгийг дамнан хэрэгжих Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төсөл байна. Үүгээр ч зогсохгүй манай улс газрын тосны чамлахааргүй арвин нөөцтэй улсын тоонд ордог. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

-Та УИХ-ын гишүүнийхээ хувьд ҮХНӨ оруулах эсэх асуудлыг дэмжиж байгаа юу?

-Би хувь гишүүнийхээ хувьд ҮХНӨ-ийг дэмжиж байгаа. Учир нь Шинэ Үндсэн хуулиа батлаад 30 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацааг эргээд харахад ямар нэг зүйлийг айхтар хожчихсон зүйл харагдахгүй байна. Нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, тэр дундаа Засгийн газрын гадаад өр тодорхой хэмжээнд нэмэгдсэн байна. Үйлдвэржсэн, хөгжил дэвшилд эрчимтэй зүтгэсэн он жилүүд байсангүй. Энэ бүхний эхлэл улс төрийн хямралаас үүдэлтэй. Сумаасаа авахуулаад аймаг, улсын хэмээнд улс төржилт утгаа алдлаа. Үүнийг углуулгаар нь аваад үзвэл манай улсын улс төрийн тогтолцоо сууриараа гажуудсан байна. Тиймээс Ерөнхий сайдын гаргасан санал, санаачилга болоод Т.Доржханд тэргүүтэй хэд хэдэн гишүүний хэлж байгаачлан энэ удаа эргэлт хийх цаг нь болсон. Бид 30 жил гажуудсан тогтолцоогоор явлаа. Дараагийн 30 жил энэ байрандаа байхгүйн тулд өмнөө байгаа 30 жилээ өөрчлөөд үзэж яагаад болохгүй гэж. Тиймээс ҮХНӨ-ийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь юунд ямар өөрчлөлт оруулахыг зүйл заалт бүрээр нь УИХ-ын мэтгэлцээний талбар дээр гаргаж тавьж байгаад шийднэ. Үнэхээр гишүүдийн тоог нэмэх, давхар дээлтэй байх нь зөв үү, хот тосгоны асуудлыг өөрчлөх үү, төрийн сүлдийг өөрчлөх нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юу зэрэг бүх асуудлыг мэтгэлцээний талбар дээр тавих учраас зөв шийдвэр гарах байх. ҮХНӨ-д санал болгож, өөрчлөгдөөсэй хэмээн бодож байгаа зүйл бол Аймгийн засаг дарга нарыг 100 хувь ард иргэдээс нь сонгодог байх асуудал. Ний нуугүй хэлэхэд, аймаг, сумдын ИТХ гэж УИХ-аас ч илүү улстөрждөг газар бий болчихлоо. Бид үүнийг харсан ч хараагүй мэт явсаар ирлээ. Аймгийн Засаг дарга нь ИТХ-ын төлөөлгчдийнхөө хүслийг биелүүлэх, давуу байдал олгож, ах дүү нарыг нь ажилд авдаг, тендер авч өгдөг хүн болж хувирсан. Засаг дарга нийт иргэдийнхээ төлөө үйлчилдэг биш, ИТХ-ын төлөөлөгчиддөө үйлчилдэг хүн болчихоод байна. Тиймээс ҮХНӨ оруулбал Монгол Улсын улс төрийн тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёсонд мэдэгдэхүйц өөрчлөлт хийх ёстой.

-Баян-Өлгий аймаг олон онцлогийг өөртөө шингээж алс баруун хязгаарт оршдог. Зарим иргэд танай аймгийг Монгол Улсын 21 аймгийн нэг гэж харахаас илүү тусгаар тогтносон нэг аймаг байдаг мэтээр ташаа ойлголттой байгаа нь сүүлийн үед нэлээд анзаарагдах боллоо. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Монгол, казах, урианхай, баяд, дөрвөд ахан дүүс олон зуун жил зэрэгцэн амьдарч ирсэн. Сүүлийн үед цахим орчинд, нэр нүүрээ нуусан, эзэн биегүй хаягнаас үндэстнийг дотроос нь хагалган бутаргах далд явуулга явуулж байгааг үгүйсгэхгүй. Бид бол Монгол Улсын нэг эд эс. Эртнээс казах, монгол ахан дүүс мөр зэрэгцэн өнөөдрийн Монгол Улсаа бий болгосон гэж боддог. Эртнээс манай казах түмний өвөг дээдэс хөдөлмөр бүтээлээрээ улсдаа үнэлэгдэж байсан. Бидний дундаас төрсөн олон баатар, гавьяатууд бий. Сүүлийн үед зарим нэг буруу бодолтой, хутган үймүүлэх зорилготой хүмүүсийн явуулгад автаад өнгөрсөн түүхээ үгүйсгэх боломжгүй. Тийм учраас цахим орчинд нийтлэгдсэн баталгаагүй мэдээ, мэдээлэлд итгэж, аливаа үндэстнийг хагарган бутаргах санаа зорилгод автахгүй байх нь чухал. Бид нэг л ахан дүүс. Тиймээс энэ завшааныг ашиглаад хэлэхэд, нэгнийгээ битгий ондоошуулаарай хэмээн уриалж байна. Баян-Өлгий аймагт минь зочлоод үзээрэй. Зочломтгой ард түмэн бий. Манай аймгаар аялсан, зочилсон хүмүүс ам сайтай байдаг. Харин очиж үзээгүй, айлчилж үээгүй хүмүүс андуу ташаа мэдээлэлд автах нь их байгаа харагддаг.

-Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого танилцуулсан. Энэ хүрээнд танай тойрогт хийгдэх томоохон бүтээн байгуулалтууд юу байна вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнгөрөгч гуравдугаар сарын 22-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 60 орчим гишүүний бүрэлдэхүүнтэй Баян-Өлгий аймагт ажилласан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд үндсэн гурван асуудлыг шийдвэрлэсэн.Нэгдүгээрт, Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Стратегийн орд газар учраас эрх зүйн орчинд шийдвэрлэх олон асуудал бий. Шууд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад, тухайн хувь хөрөнгө оруулсан ААН-ийн хувь хэмжээг нэмж болдоггүй. Төр 34 хувийг нь эзэмшье эхээр Оюу толгой төсөл үүний хамгийн муу жишээгээр нэрлэгддэг. Хэрэв төр 34 хувийг нь эзэмшвэл бид оролцох боломжгүй гэсэн байр суурийг гадны хөрөнгө оруулагчид илэрхийлдэг. Энэ мэтчилэн олон асуудал бий. Хоёрдугаарт, Асгатын ордод дөрвөн лиценз бүхий талбай байдаг.Түүний зөвхөн нэг дээр нь 1991 он хүртэл хайгуул хийгээд зогсчихсон байгаа. Үлдсэн гурав дээр нь огт хайгуул хийгдээгүй. Тиймээс нөөц нэмэгдүүлэх хайгуул хийх ёстой. Технологийн хувьд ч, хууль эрх зүйн хувьд шийдэх ёстой асуудлууд байгаа учраас ажил жаахан удаашралтай байна. Гэхдээ Ерөнхий сайд Асгатын мөнгөний ордыг нэн яаралтай ашиглалтад оруулах үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болоод, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захиралд үүрэг болгосон. Хоёрдугаарт, Баян-Өлгий аймаг ОХУ-тай хил залгахаас гадна БНХАУ-тай Даянгийн боомтоор хил залгадаг. Даянгийн боомт улирлын чанартай ажилладаг. Тиймээс тус боомтышг байнгын ажиллагаатай болгож, боомтыг нь хөгжүүлж, засмал замаар холбох асуудлыг шийдсэн. Ерөнхий сайд долдугаар сарын 15-нд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Даянгийн боомтод очихоор болсон. Тус боомт байнгын ажиллагаатай болж, засмал замаар холбогдох юм бол БНХАУ-ыг ОХУ-ын Сибирийн үйлдвэржсэн бүс районтой холбох хамгийн ойрын транзит зам болж байгаа юм. Оросын Сибирийн үйлдвэржсэн бүс район буюу Новосибирск, Барнаул, Минск зэрэг хотууд Казахстаны нутгаар 1000 гаруй километр явж байж БНХАУ-тай холбогддог. Тэгвэл манайхаар дамжаад 300 гаруй километр замаар яваад БНХАУ-ын Шинжаан Уйгартай холбодох учраас ОХУ-аас ч санал тавьдаг. Тиймээс боомтын хөгжлийн хөрөнгө оруулалтын асуудал буюу засмал замын хөрөнгө оруулалтыг шийдсэн нь манай аймгийн төдийгүй баруун аймгуудын эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлнэ.Наад зах нь Асгатын мөнгөний орд ашиглалтад ороход тэнд байгаа хүдрийн нөөцийг шууд БНХАУ руу гаргах боломж нээгдэж байна. Гуравдугаарт, Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөвдүгээр бүсээр зарласан. Энэ үеэр Ерөнхий сайд нэг зүйлийг маш гярхай ажиглаж, онцолж хэлсэн. “Энэ уул ус, нүүдэлчин соёл бусад 20 аймагт бий. Танай аймагт бусад аймагт байхгүй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр өөр хэл бүхий үндэсний цөөнх амьдарч, одоо болтол бүргэдээрээ ан хийдэг юм байна. Өөрсдийн дуу хуур, соёлыг авч явж байгаа нь та бүхний онцлог.Үүнийгээ зүлгэж өнгө оруулах юм бол танайх бусад аймгаас ялгарах аялал жуулчлалтай болно” гэж хэлсэн. Бид энэхүү хүрээнд ажиллаж байгаа. Энэ оны улсын төсөвт Алтай Таван богд буюу Хурган нуур, Хотон нуурыг өндөр хүчдэлтэй холбох асуудлыг шийдэж суулгасан.