Categories
гадаад мэдээ

“Apple” компанийн цэвэр ашиг өнгөрсөн улиралд буурчээ DNN.mn

Apple" компани гар утасны үйлдвэрлэлээ бууруулна ~ Toim.mn: Tодорхой  тоймлоно

Америкийн “Apple” компанийн цэвэр ашиг хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 тэрбум ам.доллароор буурсан талаар пүрэв гарагт нийтэлсэн компанийн санхүүгийн тайланд дурдсан байна.

Зургаадугаар сарын 25-нд дуусгавар болсон гурван сарын тайлант хугацаанд компани 19 тэрбум 442 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан бол 2021 оны мөн үед энэ үзүүлэлт 21 тэрбум 744 сая ам.доллар байжээ.

“Apple”-ийн төхөөрөмжүүдийн худалдаанаас олсон орлого 0.5 тэрбум ам.доллароор буурч, харин төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж олсон орлого өмнөх оныхоос хоёр тэрбум ам.доллароор нэмэгджээ. Уламжлал ёсоор “iPhone” ухаалаг гар утаснууд борлуулалтаар тэргүүлэгч хэвээр байна. Гурван сарын хугацаанд дэлхий даяар 40 665 ийм төхөөрөмж зарагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 095-аар илүү байна. Харин компанийн бусад төхөөрөмжийн борлуулалт буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн гудамжинд зүг чигийн мэдээлэлтэй самбарыг нэмэгдүүлнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэрч, гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбаруудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Захирамжид заасны дагуу долоодугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн уг ажил хотын төвөөс эхэлсэн бол өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн тойргийн зүүн хойно зөвшөөрөлгүй байрлуулж, ашиглалтгүй орхигдсон том хэмжээний самбарыг буулгасан юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү нар товч тайлбар өгч байна.

Зүг чиг заасан мэдээлэх самбарыг нэмэгдүүлнэ


Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Нийслэлийн ИТХ-аас 2016 онд баталсан “Гадна зар сурталчилгаанд тавих шаардлага”, 2017 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Тэрхүү шаардлагад гадна сурталчилгааны байгууламж нь гадна, эсхүл дотор гэрэлтүүлэгтэй байна, авто замын хяналтын камер болон гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээг халхлахгүй, дэд бүтцийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст байрлуулахгүй гэхчлэн маш тодорхой заасан байдаг. Гэтэл Улаанбаатар хотод дээрх шаардлага болон журмыг зөрчсөн, нийтийн эзэмшлийн газарт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр замбараагүй барьж байгуулсан, хийц бүтээцэд нь эвдрэл гэмтэл гарсан, өнгө үзэмжээ алдсан самбар, сурталчилгааны байгууламж маш олон байна. Тиймээс ч Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хууль, журам зөрчиж байршуулсан самбаруудыг буулгах ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд том жижиг нийлсэн 74 самбарыг албадан буулгаж, газар чөлөөллөө. Нийслэлийн зүгээс автозамуудын дагуу зүг чиг заасан тэмдгүүдийг байршуулахыг зорьж байгаа. Ингэснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад эерэг нөлөөтэй, хотын өнгө үзэмжид ч сайнаар нөлөөлнө. Бас нэг хэлэх ёстой чухал зүйл бол түгжрэлийн эсрэг цогц арга хэмжээний нэг нь зүг чиг заасан мэдээлэх самбарыг нэмэгдүүлэх юм.

Нөгөө талаар Нийслэлийн ИТХ-аас баталсан журмын шаардлагыг хангасан гадна сурталчилгааны байгууламжууд бий. Гэхдээ хотын хэмжээнд байршуулсан самбаруудын ихэнх нь журамд заасан шаардлагыг хангахгүй байгаа. Журамд гадна сурталчилгааны тулгуурт болон гүүрэн байгууламж байрлуулахыг хориглосон зам талбай олон бий. Тухайлбал, Энхтайван болон Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын, Их сургуулийн, Жуулчны, Олимпын, Токиогийн, Их Монгол Улсын гудамж, Бага тойруу, Наадамчдын зам гэхчлэн нийт 12 байршилд зар сурталчилгааны самбар байршуулахыг хориглосон байдаг. Самбар, сурталчилгааны байгууламжийг дураараа байрлуулсны улмаас авто замын мэдээлэх болон зүг чиг заах тэмдгүүд нь ялгарч харагдахгүйгээс жолооч нарт хүндрэл учруулж байна. Жолоо барьж буй хүн бүр хотын замыг сайн мэдэхгүй. Гэтэл сурталчилгааны самбарууд жолоочийн анхаарлыг сарниулахын зэрэгцээ зам болоод эгнээ байраа зөв сонгоход саад учруулдаг. Үүнээс үүдэн хүмүүс зорьсон газартаа зөв замаар зорин очиход сөрөг нөлөө үзүүлж буй юм. Мөн нэг хэлэх ёстой зүйл бол сурталчилгааны самбарууд эзэнгүйдсэн явдал. Өнгө үзэмжээ алдаж, эзэнгүйдэж эвдэрч муудсан самбарууд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангахааргүй байдалд хүргээд байгаа юм. Тиймээс гадна сурталчилгааны самбаруудыг эмх цэгцэд оруулах ажлыг эхлүүлээд байна.

Цаашид Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар бүрэн биелж, Улаанбаатар хотод байрлуулсан сурталчилгааны самбаруудыг цэгцлэх зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ. Энэ жилдээ багтаагаад эмх цэгцтэй болгохыг зорьж байгаа гэсэн юм.

Замбараагүй самбаруудыг буулгаснаар хот маань маш цэвэрхэн болж байна

Зөвшөөрөлгүй байршуулж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй самбар, сурталчилгааг буулгах ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар гүйцэтгэж байгаа. Авто кран болон хүнд даацын тээвэр хийх боломжтой автомашиныг ашиглан ажиллаж буй тус хамт олны хувьд өнгөрч буй хугацаанд нийтдээ 74 самбарыг буулгажээ. Ихэнхдээ үдэш оройн цагаар ажиллаж, том хэмжээний самбар буулгадаг гэдгийг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү онцолж байлаа. Тэрбээр:

-Манай хотын хувьд гудамж замын нэршил, байршил, зүг чиг заасан тэмдэг тэмдэглэгээ ховор байдаг. Улаанбаатар хотын иргэд үүнийг тэр бүр анзаардаггүй. Гэтэл гадаадын зочид төлөөлөгчид болон хөдөө орон нутгаас ирж буй хүмүүсийн хувьд хүндрэл учруулдаг. Тиймээс хуучирч муудсан зар сурталчилгааны самбаруудыг буулгаж, чиг заах тэмдэг, тэмдэглэгээ хийж буй нь маш зөв ажил. Манай байгууллага самбаруудыг буулгахын зэрэгцээ зүг чиг заасан тэмдгийг шинээр байршуулж байна. Хорин хоёрын товчоо болон Саппорогийн тойрог орчимд гурван байршилд зүг чиг заах тэмдгийг шинэчлэн байршуулсан.

Сурталчилгааны самбар болон байгууламжууд голчлон төв зам дагуу, хотын гол гол гудамжуудад байршсан байдаг. Тиймээс өдрийн цагаар буулгах боломжгүй байна. Замын хөдөлгөөн татарч, нийтийн тээврийн хэрэгсэл зогссон үед самбар буулгах ажлыг гүйцэтгэж байна.

Мэдээж тухайн байгууламжийг байрлуулсан этгээдүүд эсэргүүцэж дургүйцэх тохиолдол байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй хашаанд байршсан тохиолдолд бэрхшээлтэй байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, урьдчилсан байдлаар мэдээлэл хүргэх байдлаар аль болох ойлголцож ажиллаж байна.

Сайшаалтай нь бидний ажлыг иргэд ойлгож хүлээж авч байгаа байгаа. Зарим иргэдийн зүгээс их дэмжиж, талархаж байгаагаа илэрхийлсэн. Хэт олон самбар, сурталчилгаанд бидний нүд дасчихсан байдаг юм байна. Буулгаад цэгцлээд ирэхээр маш гоё болж байгааг хүмүүс хэлж байна.

Хорин хоёрын товчооноос Эмээлт хүрэх замд л гэхэд замын хоёр талд маш олон самбар байсан. Томоохон аж ахуйн нэгжийн сурталчилгаанаас эхлээд зуурмагийн цех, дугуй засвар, мал мах, түүхий эд авах зар гэхчлэн дэндүү олон замбараагүй самбарууд эгнэсэн байсан. Зарим нь бүр хаягдаж орхигдсон, эзэн нь тодорхойгүй, нурж унах шахсан нь ч бий. Тэдгээрийг буулгаад ирэхээр хот маань маш цэвэрхэн болж байгаа. Бидний ажлын үр дүнд хот маань замбараагүй самбаруудаас ангижирч, цэгцтэй цэвэрхэн болохын дээр замын зүг чиг заах тэмдэг зэрэг хүмүүсийн хэрэгцээг хангасан мэдээлэл л замын хажууд байршуулдаг болно гэв.

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ ХААНА БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОДОГ ВЭ?
Нийслэлийн ИТХ-аас 2017 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-д дараах байршлуудад зар сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглохоор заасан байна.

ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ:
1.Гадна зар сурталчилгааг доор дурдсан газруудад байрлуулахыг хориглоно:
1.1.соёлын өвд бүртгэсэн хөшөө дурсгал, түүх, соёлын дурсгалт газар;
1.2.музей, дархан цаазат газар;
1.3.архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж;
1.4.сүм, хийдийн барилга, түүний байнгын хашаа, хайс;
1.5.төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын барилга байгууламж, түүний эзэмшлийн газарт.

2.ГАДНА СУРТАЛЧИЛГААНЫ ТУЛГУУРТ БОЛОН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙГ ДООР ДУРДСАН ГУДАМЖИНД БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО. ҮҮНД:
2.1.Энхтайваны өргөн чөлөө /Саппорогоос Офицеруудын ордон/
2.2.Чингисийн өргөн чөлөө;
2.3.Сүхбаатарын гудамж;
2.4.Их сургуулийн гудамж;
2.5.Жуулчны гудамж;
2.6.Олимпын гудамж;
2.7.Их Монгол улсын гудамж;
2.8.Токиогийн гудамж;
2.9.Бээжингийн гудамж;
2.10.Сөүлийн гудамж;
2.11.Бага тойруу болон түүнээс дотогш гудамж;
2.12.Наадамчдын зам гэж тодорхой заасан байдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж нас баржээ DNN.mn

Монголд гар аргаар алт олборлох нь...

Сэлэнгэ аймагт гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж нас баржээ.

Тодруулбал, тус аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн 16-ын Даваа гэдэг газарт бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж нас барсан тухай дуудлагыг сумын Цагдаагийн хэсгээс долдугаар сарын 28-ны өдрийн 19:35 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 26 км замыг туулан 22:15 цагт очиж ашиглаж байгаад орхигдсон дөрвөн метрийн гүн цооногт гар аргаар хууль бусаар алт олборлож байсан иргэн шороонд дарагдаж нас барсан байсныг 14 минут ажиллаж цогцсыг гарган Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долдугаар сарын 28-ны байдлаар 3841 иргэнд 337.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ DNN.mn

2022 оны долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3,841 иргэнд 337.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг өгөөд байгаа тухай Барилга, Хот Байгуулалтын Яамнаас мэдээллээ.

Үүнээс 274.9 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын 2,851 иргэнд олгосон бол 62.9 тэрбум төгрөгийг орон нутгийн 990 иргэнд олгожээ.

Зээлийн эх үүсвэрийн тухайд Монголбанк 183.7 тэрбум, 154.1 тэрбум төгрөгийг арилжааны банкууд гаргасан байна.

2022 оны эхний нэгдүгээр улиралд зээлийн өсөлт 26 хувьтай байсан бол энэ сарын 27-ны байдлаар 20 хувьтай байна. Энэ нь арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээл болон жижиг, дунд үйлдвэр, хэрэглээний зээлүүдийг маш бага гаргасантай холбоотой хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлаж байв.

Categories
мэдээ нийгэм

Ц.Билэгтсайхан: Манай улсад омикроны BA.5 дэд хувилбар давамгайлж байна DNN.mn

Ц.БИЛЭГТСАЙХАН: ОМИКРОНЫ BA.2 ДЭД ХУВИЛБАР ХАЛДВАРЫН 80 ХУВЬД НЬ  ТОДОРХОЙЛОГДОЖ БАЙНА - Уухай.мн

Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан” Дэлхий дахинд омикроны ВА4, ВА5 хувилбарын давлагаа явагдаж байна. Япон улсад хоногт 180 мянган тохиолдол илэрч байгаа бол БНСУ-д хоногт илрэх тохиолдлын тоо 100 мянгыг давсан байна. Харин манай улсад ВА4, ВА5 хувилбарын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. ХӨСҮТ-өөс зургаа, долоодугаар сард сорьцод шинжилгээ хийж үзэхэд BA.5 дэд хувилбар манай улсад давамгайлж байна гэж гарсан. BA.5 хувилбарын нууц үе 2-4 хоног байна. Нийт халдвар авч байгаа хүмүүсийн дөрөвний гурав нь анх удаа халдвар авсан бол дөрөвний нэг нь давтан халдвар авсан байна. 18-39 насныхан бусад насны бүлгүүдтэй харьцуулахад 1.3 дахин халдварт өртөх эрсдэлтэй. BA.4 болон BA.5 хувилбарын эмнэл зүйн шинжийн хувьд хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, хамраас нус гоожих зэрэг шинж тэмдгүүд илүүтэй илэрч байна” гэв.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа” Омикроны ВА.4, ВА.5 хувилбар нь ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрч байна. Хөнгөн өвдөж байгаа иргэдийг гэрээр эмчилж байна. Харин жирэмсэн эх болон хүүхдүүдийг шаардлагатай тохиолдолд шууд хэвтүүлэн эмчлэх арга хэмжээг авч байгаа. Омикрон ВА.5 хувилбарын нууц үе харьцангуй богино байна. Мөн халдварлах хугацаа нь хагас өдөр байгаа нь халдвар хурдтай тархах эрсдэлийг үүсгэж буй. Иймд иргэд амны хаалтаа зүүж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах зэргээр арга хэмжээ авах шаардлагатай” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын хөрөнгийн бирж 2021 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа DNN.mn

Монголын Хөрөнгийн Бирж - Хөрөнгө босголт

Монголын хөрөнгийн бирж 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа

Өнгөрсөн онд цар тахлын нөхцөл байдлын улмаас дэлхий дахин эдийн засгийн хүнд сорилтуудтай тулгарсан ч Монголын хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Хөрөнгийн зах зээлд бий болсон эдгээр таатай уур амьсгалын зэрэгцээ Монголын хөрөнгийн биржийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжран 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа. Түүнчлэн Улсын төсөвт 530.8 сая төгрөгийн татвар, хураамжийг зохих хуулийн хугацаанд нь бүрэн төлж, татварын дараах цэвэр ашгийг 3.2 тэрбум төгрөгт хүргэж ажилласан нь компанийн 30 жилийн түүхэн дэх онцлох үзүүлэлт болж байна.зураг

Үнэт цаасны арилжааны хувьд, 2021 оны өдрийн дундаж арилжаа өмнөх оныхоос 22 дахин өсөж, 5.7 тэрбум төгрөгт хүрсэн бол хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 5.9 их наяд төгрөгт хүрч, 2020 оныхоос 95.4 хувиар өссөн байна.

Мөн ТОП-20 индекс 44 мянган нэгжийн түвшнийг давж, 133 хувиар өссөн нь дэлхийн томоохон индексүүдтэй харьцуулахад дунджаар 5 дахин өндөр үзүүлэлт болж байна. Үүнд дотоодын хөрөнгө оруулагчид идэвхжиж, иргэдийн хөрөнгө оруулах хандлагад томоохон өөрчлөлт гарсан нь ихээхэн нөлөөлсөн төдийгүй хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн нь зах зээл өргөжин тэлэхэд томоохон түлхэц үзүүллээ.

зураг

Түүнчлэн 2021 оны эхэнд Банкны тухай хуулийг шинэчлэн баталж, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих томоохон шинэтгэлийн ажил гараанаасаа хөдөлсөн нь хөрөнгийн зах зээл хөгжлийн дараагийн шатанд түүчээлэх үндэс суурийг улам бэхжүүллээ.

Монголын хөрөнгийн зах зээл дэх эдгээр таатай уур амьсгал болон онцлох өсөлтүүдийг Их Британийн “FTSE Russell” группээс онцгойлон үзэж, 2021 онд Монголын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй зах зээл”-ийн “Ажиглалтын жагсаалт”-д оруулсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол Улсад чиглүүлэх чухал үйл явдал байлаа.

Та бүхэн Монголын хөрөнгийн биржийн 2021 оны үйл ажиллагааны тайланг ЭНД дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 375 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

КОВИД-19”- ийН ДАРААХ ТӨРИЙН АЛБА ЯМАР БАЙХ ВЭ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.07.29 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “Ковид-19” халдварын 375 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол

  • Улаанбаатарт -199
  • Өмнөговь -103
  • Дорноговь -27
  • Төв -10
  • Дархан- Уул -8
  • Өвөрхангай -8
  • Архангай -7
  • Ховд -4
  • Баян-Өлгий -3
  • Сэлэнгэ -3
  • Орхон -2
  • Сүхбаатар -1

Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Автомашины улсын дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл байна DNN.mn

НИТХ-аас анх 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн.

Нийслэлийн Засаг даргын захирамж А/1037 нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан.

Энэхүү журам нь Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, замын хөдөлгөөний дүрэмд заасан “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-гээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Отгонбаяр: Чадамжгүй, үрэлгэн Засгийн газартай манай улс деполт зарлахад ойрхон байна DNN.mn

-Шатахууны үнийг бууруулах нэрээр ОХУ геополитикийн дарангуйлал, хүчирхийллээ манайхаар дамжуулж хийж байна-


Парламент телевизийн захирал Ж.Отгонбаяртай ярилцлаа.


-Та Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Үнэндээ төр засгийн удирдлагууд өнгөн дээрээ төсвийн мөнгийг хэмнэх талаар ярьж байгаа боловч үйлдэл нь дандаа түүнийхээ эсрэг явж байна. Ямар нэгэн ажлыг гүйцэтгэхдээ цаг хугацааг нь төлөвлөж хэрэгжүүлдэг. Гэтэл Засгийн газраас олон томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр амласан ч түүнийгээ хийж хэрэгжүүлэх цаг хугацаагаа морь уралдуулж, бөх барилдуулж найр наадам хэсэж өнгөрүүлж байна. Ямар ч хөгжил, дэвшил байхгүй шил шилээ дарсан аймаг, сумдын ой тэмдэглэдэг л ажилтай болж. Монгол Улс өнөөдөр гадаадаас их хэмжээний инфляц худалдан авч байна. Үүнээс үүдэн ес болон 10 дугаар сард манай улсад эдийн засгийн ноцтой хямрал нүүрлэж, деполт зарлах орны тоонд орчихсон байгаа гэдгийг эдийн засагчид анхааруулж байна. БНХАУ-д инфляц 2.5 хувьтай буюу 10 мянган төгрөгийн өртөгтэй бараа 10250 байхад манайд 20000 төгрөгийн үнэтэй буюу БНХАУ-аас 50 дахин их инфляц нүүрлэчихсэн. Гэтэл үүний эсрэг авч хэрэгжүүлж байгаа дорвитой арга хэмжээ алга.

-Инфляцийн хэмжээ бодит байдал дээр 20 хувь хол гарчихсан гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Энэ хэвээр байдал үргэлжилбэл, энэ намраас ямар хүндрэлүүд ажиглагдах бол?

-Үнэндээ олон улсын төсөл хөтөлбөрүүд дээр ажилладаг, мэргэжлийн өндөр түвшний эдийн засагчид бодит байдал дээр инфляц 35-40 хувьд хүрчихсэн гэдгийг хэлж байгаа. Энэ хэмжээгээр худалдан авах чадваргүй болно. Тун удахгүй бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа нээгдэхтэй холбоотой бүх төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хичээллийн хэрэгслийн үнэ, хүүхдийн формын үнэ 1-2 дахин нэмэгдчихсэн байвал гайхах зүйл байхгүй. Иргэд энэ үед Засгийн газарт бодит шаардлага хүргүүлж, огцруулах хүртэл талбай дээр жагсахыг ч үгүйсгэхгүй. Засгийн газар хандалт сайтай хэвлэл мэдээллийн байгууллагатай хаалтын гэрээ байгуулчихсан, өөрсдийгөө инфлүүсэр хэмээн нэрлэсэн олны танил хүмүүсийг бүгдийг худалдаад авчихсан. Амьдрал асуудалгүй байгаа мэтээр жүжиг тоглуулж байна. Ийм чадамжгүй, үрэлгэн Засгийн газартай манай улс деполт зарлахад ойрхон байна.

-Засгийн газраас инфляцийн эсрэг Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр тухайлбал цемнентийн үнэ буурсан шүү дээ?

-Төр хувийн бизнес эрхлэгчдийнхээ эрх ашигт халдаж, үйл ажиллагаа руу нь халддаг, нөлөөлдөг, булааж авдаг байдлаа үнэ тогтворжуулж байна, үнийн өсөлтийн эсрэг гэх мэтээр халхавчилж байна л даа. Үнийн хөөрөгдлийн эсрэг дайн зарлана гэх сүртэй мэдэгдлийн цаана төр хувийн хэвшлээ дээрэмдэж, тонож, дампууруулж, чөлөөт эдийн засгийг дампууруулах алхмууд хийж байна.

Тухайлбал, Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр булааж авсан. Хувийн болон төрийн хэвшлийн цементийн үнэ зах зээл дээр яг ижил байгаа. Энэ бол хэлбэр төдий, хоосон уриалга лоозон төдий зүйл. Нөгөө талд нь төр хувийн хэвшлээ дэмжинэ гэж итгээд зээл авчихсан ААН олон бий. Үүрэн телефоны компаниуд шударгаар өрсөлдөж хэрэглэгчдээ урамшуулах замаар өрсөлдөж байна. Яг үүнтэй ижил бизнес зах зээлийн зарчмаараа л явах ёстой. Төр ямар нэгэн байдлаар оролцоод эхлэхээрээ л хувийн хэвшлээ дампууруулж, эргээд тухайн эрэлтээ хангаж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Засгийн газрын барьж байгаа бодлого нь иргэдийнхээ амьдрал, амьжиргааны эсрэг л байна. Тухайлбал,АИ-92 шатахууны үнийг он дуустал тогтворжуулахын оронд дизель түлшнийхээ үнийг бууруулах хэрэгтэй байна.

Нөгөө талаас саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров айлчлах үеэр манайхаас АИ 92 шатахуун авах 100 гаруй сая ам доллар урьдчилж өгөх санал тавьсан. Харин С.В. Лавров зөвшөөрөөгүй. Харин зөрүүд нь манайд ОХУ шат дараатай стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн ажлууд хийхээр тохиролцсоны үндсэн дээр зөвшөөрсөн байх. Энэ ажлын хамгийн эхнийх нь ОХУ манайд цэргээ оруулж ирсэн явдал.

-Гадаад харилцааны сайд өчигдөр энэ талаар хэлэхдээ хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан бэлтгэл хийж байгаа хэмээн мэдэгдэж байсан. Түүний мэдээлэл танд итгэл төрүүлэхгүй байна уу?

-Би иргэн хүнийхээ хувьд хардах эрхтэй. Цэргийн хамтын ажиллагааны хамтарсан бэлтгэлийг хийгээгүй бол манай АИ 92 шатахууны үнийг бууруулах саналыг Оросын тал хүлээж авахгүй л байсан болов уу. ОХУ шатахууны хэрэглээгээр манай судсыг барьчихсан. Тийм учраас шатахууны үнийг бууруулах нэрээр ОХУ геополитикийн дарангуйлал, хүчирхийллээ манайхаар дамжуулж хийж байгаа. Тухайлбал, дэлхийн улс орнууд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг хайр найргүй бөмбөгдөж, гэмгүй олон мянган хүүхэд багачууд, иргэдийн амь насыг хохироож байгаа хүйтэн дайныг эсэргүүцэж, энх тайвныг уриалж ОХУ-ыг Украинтай хийх дайнаа зогсоохыг шаардаж байна. Цаашлаад эдийн засгийн болон олон төрлийн хориг арга хэмжээ авч байна. Гэтэл манайх хамтарсан сургуулилтыг ийм цаг үед хийж байгаа нь дайныг дэмжиж байгаа мэтээр дэлхий даяар эвгүй харагдаж байна. Энэ үйлдлийнхээ төлөө дэлхийн эдийн засгийн томоохон хоригуудад ороход бэлэн болчихлоо. ФАТФ-аас ирэх есдүгээр сард манайх руу хандсан анхааруулгууд ирэх байх хэмээн таамаглаж байна. Хоёрдугаарт, ОХУ болон Казахстаны асуудал хурцадмал байгаа. Учир нь Казахстаны ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгч В.И.Путины улаан нүүр рүү харж байгаад дайнаа зогсоохыг шаардсан. Энэ цаг үеэс Оросууд Казахстанд тааламжтай хандахаа больсон. Иймээс ОХУ Беларусьд цэргээ байршуулсантай ижил Казахстантай маш ойрхон хиллэдэг манай улсад цэргээ оруулж ирэх замаар тэдэнд сануулга өгөхийг оролдож байна. Танай улс руу монголоор дамжаад ороход ойрхон гэдгийг сануулсан цэргийн стратеги, геополитикийн л асуудал. Түүнээс огтхон ч Орос, Монгол цэргийн хамтарсан бэлтгэл огт биш. Засгийн газар АИ92 шатахууны үнийг бууруулах нэрээр улс орноо ОХУ-д тавиад туух биш ОХУ-аас санал болгосон үнээр нь авчихаад эдийн засгаа сэргээх хувийн хэвшлүүдээ тултал дэмжих ёстой. Тэгэхгүй он дуустал гал унтраах шийдвэр, хүүхэд чихрээр хуурч байгаа мэт бодлого бидэнд хэрэггүй.

-Эдийн засгаа сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг олноор нь оруулж ирэх шаардлагатай байгаа гэдгийг хаа хаанаа хэлж байна. Харин орчин нөхцлөө ойлгомжтой болгож чадаж байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг одоо болтол нээлттэй, ил тод болгож чадаагүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулъя гэхээр татварын олон шатлалууд бий. Яг аль шатлалаар нь явах нь тодорхойгүй. Нэг цонхны бодлого байхгүй. Хөрөнгө оруулагчдаа дээрэмдээд буцаагаад хөөгөөд явуулчихдаг хүмүүс нь одоо ч төрд байна. Тухайлбал, Хотын дарга байсан одоо Шадар сайдын алба хашиж байгаа С.Амарсайхан гадаадын хөрөнгө оруулалтын компанитай хамтарч төсөл хэрэгжүүлэхээр тохирчихоод төслийг нь худалдаж аваад, нөгөө хөрөнгө оруулагчаа хөөгөөд гаргачихсан асуудал арбитрын шүүх дээр хянагдаж байгаа юм билээ. Түүнчлэн манайх үргэлж хэлснээсээ буцдаг. Монгол төр нь эрсдэл хүлээх чадваргүй. Нэг талаас Оюутолгойн өрийг тэглэсэн нь сайн мэдээ мэт боловч нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн үйлдэл.Энэ бол тэнэг хүүхдийн араншин. Манай улс гадныхны нүдэнд яах гээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй хэвээр л байна. Хөрөнгө оруулалтынхаа орчин нөхцлийг тогтвортой, тодорхой болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чаддаг чадварлаг баг хамт олныг бүрдүүлэх ёстой. Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төслүүдээ олон улсын зах зээлд шударгаар гаргаж ч тавихгүй бол хэн нэгэн дарга нь өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд дараад хэвтчихдэг. Хоёрдугаарт, дундаж давхаргыг бүрдүүлж байгаа бизнесийн түүхтэй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Засгийн газар ямар ч эргэлзээгүйгээр бизнесийн зээлийг нь олгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэн эрх мэдэлтэй нь бүх төрлийн зээлийг авдаг. Та бүхэн санаж байгаа бол хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий компаниуд ЖДҮХС-ийн зээлийг цөлмөсөн. Хөгжлийн банкнаас хэн зээл авав бас л мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс л авсан. Жирийн нэг бизнес эрхлэгч, ААН-үүдийн төлөөлөл тэнд алга. Ийм байхад яаж хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болох юм бэ. Ийм шударга бус тогтолцоог халах цаг болсон. Манай улсын эдийн засаг МАН-ыг тойрсон бүлгийг л тэжээдэг болчихлоо. Хаана ч МАН-ын угшил, гаралтай хүний тендер шалгарч, МАн-аас угшилтай хүмүүс ажилтай, орлоготой байна. Сүүлдээ зам барьсан ямар ч туршлагагүй цаасан дээрх компани замын тендерт шалгарснаас барьсан зам нь 10 минутын борооны ус даахгүй урсчихаж байна. Энэ бүхний цаана авлига, эрх ашиг л бий. Өнөөдөр улс эх орноо яаж хөгжүүлэхэд анхаарах биш Хэнтий аймгийн Бэрх тосгоныг хөгжүүлэхийг л зорьж байгаа нь эмгэнэл биз дээ.

Categories
мэдээ нийгэм

Агаарын цэргийн алба хаагчид “МиГ-29УБ” загварын сөнөөгч онгоцоор бие даасан анхны нислэгээ гүйцэтгэв DNN.mn

Агаарын цэргийн алба хаагчид МиГ-29УБ байлдааны сөнөөгч онгоцоор бие даасан  нислэг үйлджээ | iSee.mn

Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчид “МиГ-29УБ” загварын сургууль, байлдааны сөнөөгч онгоцоор бие даасан анхны шалгах нислэгээ амжилттай гүйцэтгэлээ.

Тус үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, бэлтгэл хошууч генерал О.Энхбаяр болон албаны бусад хүмүүс, ахмад нисгэгчид оролцов.

МиГ-29УБ загварын сөнөөгч онгоцны нисгэгчид нь ОХУ-ын Краснодар хотын Нисэхийн их сургуулийг 2011 онд төгссөн юм. Энэ жил тэд тус Нисэхийн их сургуульд шилжин суралцаж, нисгэгчдийн ур чадвар, инженер техникийн ажилтнуудын онол, дадлагын сургалт бэлтгэлийг бүрэн хангаж, ийнхүү анх удаагаа МиГ-29УБ онгоцыг хөх тэнгэрт хөөргөжээ.

БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын 1970 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар МАА-ын анхны сөнөөгч онгоцны эскадрилийг байгуулах шийдвэр гарч, фронтын амдан сөнөөгч “МиГ-17”, “МиГ-15УТИ”, “МиГ-21ФПМ”, “МиГ-21УМ” нислэг үйлдэж байгаад 1993 оноос хойш Монголын хөх тэнгэрт сөнөөгч онгоцны дуу цуурайтаагүй юм.

Сургууль, байлдааны “МиГ-29УБ” сөнөөгч онгоцыг манай орны Зэвсэгт хүчин зэвсэглэлдээ авч, нислэг үйлдэж эхэлснээр улсын агаарын хилийн орон зайн аюулгүй байдлыг сахих, улсын болон цэргийн онц чухал объектыг агаарын болзошгүй халдлагаас халхлах, агаарын дайсныг алсын нөхцөлд устгах боломжтой юм.

Эх сурвалж “Соёмбо” сонин, ЗХЖШ