Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Наанаа зөөлөн мушийчихаад, цаанаа чанга зуусан араншин… DNN.mn

Ю.Цэдэнбал ноёрхлоо мөнхөд хангахын тулд Д.Дамба нарыг “хоцрогдсон” хэмээх шалтгаан гаргаж ирсэн. Тэгээд нам, төрийн удирдлагаас шахсан. Шахахдаа Д.Төмөр-Очирыг ашигласан. Д.Төмөр-Очирыг намын удирдлагаас зайлуулахдаа Л.Цэндийг хэрэглэсэн. Л.Цэндийг зайлуулах хуйвалдааныг зохион байгуулахдаа Б.Нямбуу нарт тулгуурлан санаагаа хэрэгжүүлж байв. Ингэж бичжээ. МАН-ын 100 жилийн ойд зориулж, намын төв аппаратаас нь эрхлэн гаргасан улаан номноос ийм юмнууд уншаад байх юм л даа. Түүх үнэн байх ёстой. Зүгээр л “МАН-ын түүхэн үнэнийг миний үед ард түмэнд үлдээ” гэж Л.Оюун-Эрдэнэ солиорсон юм болов уу. Та нар бод доо, МАН шүү дээ, Ю.Цэдэнбал аа, бусад том удирдагчдынхаа үнэн түүхийг өнгөрсөн 100 жилд ингэж доторлон үнэнээр нь бичиж байсан уу. Яг энэ хандлагаараа бол өнөөдрийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “ёо ёо”-той нөхөр юм билээ дээ.

М.Энхболдын өмдний шуумагнаас эхэлж чангаасан хүн бол энэ нам дотроос анх Л.Оюун-Эрдэнэ шүү дээ. Намынхаа бага хурал дээр “Тэгж яривал М.Энхболд дарга та өөрөө Х.Баттулга гэдэг хүнийг захиалж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн биз дээ” гэчихсэн. Тухайн үед хаан байсан М.Энхболдын өөдөөс нэг муу бацаан шүү дээ. Л.Оюун-Эрдэнийг ингэж хэлэхэд бусад нь яасан бол. Энэхүү алдарт “гэрэл цохиулсан” үгийн автор нь Л.Оюун-Эрдэнэ гэдгийг өнөөдөр хүмүүс мартчихсан л байх. М.Энхболдын өмдний шуумагнаас “бацааныг” ингэж татаж чангааж эхлэхэд бүгд л “Хүүхэд ийм дээрээ хөөрхөн” гэж хандсан. Ганц М.Энхболд ч биш аль аль намын түүнтэй холбогддог нөхдүүдийг тэгж өдсөн. Тэднийг яах юм, цул бяр байсан улсыг. Тиймээс нэг их үр дүн хүлээгээгүй. Хүлээх ч үндэсгүй цаг байв. Тэгсэн ахисаар удалгүй өмднийх нь халааснаас зуураад авсныг та бид мэднэ. М.Энхболд нарын өмдний тэлээ Монголын хамгийн чанартай, зузаан “арьс” учраас өөрөө ч, хамтрагчид нь ч санаа зовоогүй байх. Тэгсэн яасан, нөгөө “бацаан”-ыг өнөөдөр хар даа, тэднийг шалдлаад тавьчихсан байгаа биз. Тэднийг мултлаад зогсохгүй, өнөөдөр өөрөө МАН-ын дарга, Ерөнхий сайд болчихсон явж байна.

Ийм л “юм” болж өнгөрснийг хүмүүс мэдэж байгаа учраас Л.Оюун-Эрдэнийг өнөөдөр хүн бүхэн анзаарч, ажиглаж байна. Үг, үйлдэл бүрт нь дүгнэлт хийцгээх болж. “Л.Оюун-Эрдэнэ нэг барьсанаа тавьдаггүй юм байна” гэдгийг анзаарлаа. “Барьж авсан юмныхаа ард заавал гардаг араншинтай юм байна” гэдгийг ойлгоцгоолоо. Анхлаад ярьсан зүйл нь “60 тэрбум”-ын схем буюу төрийн эрх мэдлийг авахын тулд хэрхэн мөнгө босгодог схемийн талаарх түүний яриа байв. “Ийм юм байж болохгүй” гэж тэр дуугарсан, тэмцсэн. Энэ схем одоо оргүй алга болсон эсэхийг би мэдэхгүй байна. Лав одоо ил цагаан мөнгөний албан тушаал байна уу, үгүй юү. Байгаа бол түүнд хэлэх хэрэгтэй. Хамгийн үзэж чадахгүй юмных нь нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Эсрэг зогсож байгаа Ерөнхий сайд гэдэгт АН-ынхан ч итгэдэг.

Дараа нь тэрээр Оюу толгой, тэгээд Эрдэнэт, Хөгжлийн банк… бүгдийг нь зөв байранд тавих гэж зүтгэсэн. Гал дундуур явж байна. Чадаж ч байна. Тийм учраас Монгол Улсын иргэний хувьд ташуур өгөх нь зүйн хэрэг гэж үзсэн юм. Заримынх нь процесс өнөөдөр үргэлжилж байна. Хөгжлийн банк лав дампуурахгүй нь тодорхой болсон. Үр дүн мөн л дөө. Түүний дараагийн орох гал юу болохын тухайд улс төрийн хүрээнд яриад эхэлсэн. Сонсож мэдэцгээнэ биз.

Ингэж улс орон удирдах ажлаа үргэлжлүүлж байгаа нь нэг талаас тэмцэл л гэж харагддаг. Энэ нь түүний эсрэг том хүч хуралдаж байгаа болов уу гэхээр үзэгддэг.

Гэхдээ түүний байр байдлыг харахаар үгүй ч юм шиг тайван ажиллах. Түүний хэлсэн нэг үг бий. “Би байгаа дээрээ бодлогоо хэрэгжүүлнэ. Ажлыг хийнэ. Ард нь заавал гарна” гэж. Энэ үгийн цаана юу харагддаг гэхээр тэр дарга болох хүсэлтэйгээ хамт “Дарга болоод үүнийг хийнэ” гэсэн төлөвлөгөөтэй байжээ. Бусад нь бол дан ганц дарга л болох хүсэлтэй орж ирж дарга болдог юм. Түүний бас нэг үг бий. “Яахаараа хэдхэн хүн Монголыг мөнхөд захирч, ард түмэн ч гэсэн тэд л захирч байх ёстой гэсэн бодолтой болчихсон байгаа юм” гэж. Энэ үг бол тухайн үедээ их том үг, их том эрсдэл. Үүнийхээ шанд тэрээр “гурван үсэг”-тэй газраар эгээтэй эхнэрийнхээ цүнхийг шалгуулаагүй байх. Заавал “юм” ол гэсэн тушаалтай комиссарууд эхнэрийнх нь цүнхийг ч бараг уудалсан биз дээ. Юу ч олдоогүй гэдэг. Эхний даваа нь тэр болсон. Нээнтэггүй, нэр цэвэр гараад ирсэн түүн рүү Их хурал дотроос ганц нэгээрээ очиж нийлсээр эцэстээ Их хурал дахь МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдахад хүрсэн юм. Маш товчхондоо өчигдрийн түүх нь ердөө энэ. Энэ цаг мөчөөс хойш түүний замналд мөн ч их зүйл өрнөж байна. Хамгийн гол нь Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт, Хөгжлийн банк… алинд нь ч хуруу дүрээгүй “тэнэг” явсан юм билээ. Ирэх 30 жилийн улс төрийн жишиг бараг энэ байх.

Нэпко хэвлэлийн компани дээр “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” нэртэй 12 боть номын нээлт болсон юм. Нэр нь сэнтэг ч нидэр дээрээ сайн эх сурвалж бүхий ном. Энд юу сонсогдсон гэхээр Монголын парламентын 30 жилийн түүхэнд ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан УБХ, АИХ чуулганы аварга том протоколуудыг архиваас гаргуулан авч өдөр шөнөгүй сууж үзсэн ганц улстөрч гарсан нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн гэж архивч нь хэлсэн байна лээ. Өнөөдөр ид яригдаж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухайд ингэж судалсан улстөрч голлох үүрэгтэй оролцож байгаад үнэ цэнэ, итгэл найдвар нь байгаа юм. Өмнөх өөрчлөлтүүд шиг дутуу дулимаг, улс төрийн зорилготой бантан болохгүй нь гэсэн итгэл үнэмшил байгаа юм. Судлаач Д.Ганхуягийн зүгээс “Монголд “системийн онол” мэдэх ганц улстөрч бий, тэр бол…” гэж байгаад түүний нэрийг хэлсэн. Тэр тэгж хүн магтдаг хүн мөн үү. Үгүй шүү.

Их эгзэгтэй цаг үе бол өнөөдөр мөн. Л.Оюун-Эрдэнэ бүгдийг задлаад, бутлаад, бужигнуулаад хаячихсан. Энэ бүгдийнхээ пянг нь даах тухай асуудал ч энд яригдана. Саяхан тэрээр “Төрийн хэмнэлтийн хуулиар төрийн бүх газрын дэд дарга нарын орон тоог байхгүй болгоход нэг зүйл анзаарагдлаа. Нэг ч Их хурлын гишүүний зүгээс тэрийг маань… гэж хандсангүй. Энэ бол их зөв жишиг, зөв хандлагын эхлэл. Хандлага жижигдэхгүй. Өмнө нь ямар байлаа даа, нэг мэргэжилтнийг ч мэдэлцэх гэсэн хүмүүсээр Их хурал дүүрсэн байсан шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ гэж Ерөнхий сайд юуны төлөө, юу хийх гэж зорьж явааг хаа хаанаа ойлгож эхэлжээ” гэж. Бараг үнэн биз. Дэд дарга бүхэн УИХ-ын гишүүдийн хүмүүс байсан нь нууц биш.

Цаг хугацааны шалгуурыг хүлээхгүйгээр одоо хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ барьцаалагдаагүй улс төр хийж байна. Залуу улстөрчид дутуу хийж алдаа гаргах аюул байдгийг улс төр судлаачид бичдэг. Одоо Л.Оюун-Эрдэнэ дутуу сэрвэгнэж байж алуулах хэрэггүй. Зүгээр л гүйцэд хий… Наанаа зөөлөн мушийчихаад, цаанаа чанга зуурсан байдаг зан араншин чинь чамд тус болно. Харин энэ чинь Монголын заяанд хэрэгтэй зөв араншин юм даа…

Categories
мэдээ нийгэм

Төрийн дээд одон, медаль гардууллаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр, наадмыг тохиолдуулан өнөөдөр /2022.07.09/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар олгож буй төрийн дээд одон медаль, салбарын болон Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт тэмдгийг гардууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Өнөөдөр төрийн дээд одон медаль, салбарын тэргүүн, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, хүндэт тэмдгээр шагнагдаж буй та бүхэндээ зам, тээврийн салбар, яам, сайдын зөвлөл, мөн хувийн зүгээс чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Салбартаа чин үнэнчээр зүтгэж, хийсэн, бүтээснээрээ үнэлэгдэж байсан бол өнөөдрөөс та бүхэн Монголын төрдөө үнэлэгдлээ. Та бүхэнд Ардын хувьсгалын 100,101 жилийн ойг дахин хүргэе. Сайхан наадаарай” хэмээн хэллээ.

“Гавьяат тээвэрчин” цолоор Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Галт тэрэгний ахлах диспетчер Ж.Бат-Эрдэнэ, Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Баяраа, Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээвэрчдийн ахмадын хорооны дарга Ц.Содов, “Тэ-Бэ Сервис” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Тэрбиш, “Жийпсервис” ХХК-ийн зөвлөх инженер Ц.Даваа, “Чандмань-Илч” ХХК-ийн Иххэт албаны хашаат худгийн уурхайн жолооч А.Дагва, “Болд” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Болдбаатар, “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор МИАТ ТӨХК-ийн Газрын үйлчилгээний ерөнхий менежер, хэлтсийн дарга Г.Алтантуяа, Гавьяат эдийн засагч цолоор Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Төлөвлөлт, эдийн засгийн албаны инженер-эдийн засагч С.Энхтуяа, “Гавьяат багш” цолоор Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ахмад ажилтан Л.Цолмон, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор “Төмөр замын уран бүтээлийн өвийн товчоо” ТББ-ын тэргүүн Л.Сэнгээ нарыг тус тус шагнав.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Д.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн яамны өндөр настан А.Зоригтбаатар, АПУ ХК-ийн орон нутгийн тээврийн жолооч О.Энхбатыг, Алтан гадас одонгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар, ЗТХЯ-ны шинжээч Н.Сугаржав, ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэ-Очир, мэргэжилтэн С.Эрдэнэчимэг, Далайн захиргааны ахлах мэргэжилтэн Д.Байгальмаа, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зүтгүүрийн депогийн өндөр настан Н.Ойдовдорж, Иргэний нисэхийн ерөнхий ахмад настан П.Энхтуяа, МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн нислэг үйлдвэрийн зохицуулалт, инженерингийн хэлтсийн агаарын хөлгийн диспетчер В.Мэндбаяр, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын жолооч В.Ганбат, МИАТ ТӨХК-ийн Б767-300 агаарын хөлгийн дарга Ө.Амарбат, Ц.Хонгорзул, Ц.Долгорсүрэн нарыг шагналаа.

Хөдөлмөрийн хүндэт медалиар ЗТХЯ-ны архивын эрхлэгч Д.Дэлгэрмаа, мэргэжилтэн Д.Батхүү, шинжээч Д.Бодьсайхан, шинжээч Т.Мягмарсүрэн, мэргэжилтэн Б.Ууганбаяр, МИАТ ТӨХК-ийн хууль, эрхзүйн газрын захирал Н.Гантулга, зорчигч үйлчилгээний хэлтсийн ачигч Л.Баярмагнай, санхүү, гадаад хэлтсийн мэргэжилтэн С.Пүрэвсүрэн, зорчигч үйлчилгээний хэлтсийн ачигч Д.Авирмэд нарыг шагналаа.

Салбарын шагнал болох “Хүндэт төмөр замчин” хүндэт тэмдгээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ахмад настан Б.Эрдэнэчимэг, “Тэргүүний замчин” хүндэт тэмдгээр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын төлбөр хураагч Л.Цэнд-Аюуш,“Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр “МИАТ” ТӨХК-ийн Марктенгийн хэлтсийн дарга А. Энхтуяа, “МИАТ” ТӨХК-ийн Бүртгэгч Деспетчер Ж.Мөнхжаргал,“Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр “Автобус”-1 баазын ахмад тээвэрчин Д.Ганхуяг, Монголын Автомашин Мотоциклын спортын механик, жолооч Ц.Нямдоржийг, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн замын дарга Х.Хэрлэн, Зам, тээврийн хөгжлийн яамны өндөр настан А.Пүрэвжав,С.Жамц, Ж.Сэрээтэр, Ч.Лхагвасүрэн, Ш.Ганхуяг, А.Зоригтбаатар, Ц.Энхбаяр, З.Цэрэнчимэг, Н.Оюунбилэг, Л.Оюунбилэг, Г.Баттуяа, С.Арслан, Д.Энхтуяа, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн авто тээврийн төвийн жолооч Л.Төмөрбаатар, МИАТ ТӨХК-ийн Техникийн үйлчилгээний хэлтсийн дарга Ю.Золжаргал, МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн билет бичигч Д.Туяа, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн татах хэсгийн машинч Б.Бадрах, нарыг тус тус шагнав.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар өрх, дүүргийн эмнэлгүүд 10:00-15:00 цагт ажиллана DNN.mn

Баяр наадмын өдрүүдэд нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Энхтүвшингээс тодрууллаа.

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарч баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг урьдын адил хангаж ажиллаж, эрүүл мэндийн газрууд шуурхай штабын хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдлыг хангаж ажиллана. Ингэхдээ долдугаар сарын 11-18-н хүртэл нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинет 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Харин Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж 10:00-15:00 цагийн хооронд ажиллах юм гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Наадмын өдрүүдэд 5 саяас дээш дүнтэй гүйлгээ хийгдэхгүй DNN.mn

Наадмын өдрүүдэд Монголбанкны их дүнтэй төлбөрийн систем ажиллахгүй.

Тиймээс долдугаар сарын 08-ны 16 цагаас хойш хийсэн 5-с дээш сая төгрөгийн банк хоорондын гүйлгээ 18-наас хойш хүлээн авагчийн дансанд орох аж.

No description available.

Эх сурвалж: Монголбанк

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

ХХААХҮЯ: Арьс, шир бэлтгэн тушаасан 47.602 малчинд урамшуулал олгов DNN.mn

“Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 онд гүн боловсруулах үйлдвэрүүдэд 3,006,589 ширхэг бог, 183,810 ширхэг бод нийт 3,190,399 ширхэг арьс, шир бэлтгэн тушаасан 47,602 малчин, мал бүхий этгээдэд 11.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ.

Мөн “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмын шаардлага хангасан 99 үндэсний үйлдвэрүүдэд 2021 онд 19,358 тонн хонины ноос, 821,8 тонн тэмээний ноос бэлтгэн тушаасан 85,612 малчин, мал бүхий этгээдэд олгох мөнгөн урамшууллаас урьдчилан тооцсон хувь хүний орлогын албан татвар суутгасан дүнгийн 50 хувийг тус тус малчдын нэрийн дансанд төрийн сангаас шууд шилжүүлэн олголоо гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын үеэр орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгддэг DNN.mn

Амралтын өдрүүдэд хөдөө, орон нутаг болоод амралтын газрыг зорихдоо гэрээ хөршдөө болон хамаатан садандаа захиж үлдээх, эргэж тойрч байхын чухлыг НЦУГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг анхааруулж байлаа.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагад ердийн үед өдөрт дунджаар орон байрны хулгайн гэмт хэрэг 10 орчим бүртгэгддэг бол иргэдийн эзгүй, амралт зугаалгын цагуудад энэ тоо 30 болж нэмэгддэг. Тиймээс орон байрны хулгайн гэмт хэргээс сэргийлэхийн тулд гэрээ эзгүй орхиж байгаа бол хөрш айл болоод ойр дотно хүмүүстээ захиж анхааруулах нь зүйтэй. Түүнчлэн иргэд цахим орчинд гэр бүлээрээ аялж, зугаалж буй тухай мэдээллээ түгээдэг. Энэхүү мэдээллийг гэрийнх нь хаяг байршлыг мэддэг шунахайн сэдэлтэй хүмүүс овжиноор ашиглаж, хулгай хийх магадлал өндөр байдаг.

Оны эхний зургаан сард 1400 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон харамсалтай мэдээлэл байна. Энэ жилийн хувьд хурдан морь унаж байгаад гэмтэж гэмтлээ даалгүй нас барсан 23 тохиолдол, өндрөөс унасан 10 тохиолдол, Туул гол орчимд живж нас барсан 11 тохиолдол бүртгэгдсэн. Эцэг эхчүүд, харгалзан дэмжигчид болоод том хүмүүсийн болгоомжгүй байдлаас хүүхэд эрсдэж байгаа нь үнэхээр харамсалтай.

Сүүлийн өдрүүдэд гол усны түвшин нэмэгдэж байгааг сэрэмжлүүлье. Олон улсын хэмжээнд урин дулааны улиралд хүүхэд осол гэмтэлд өртөх хамгийн эрсдэлтэй тохиолдол нь гол, усанд живэх явдал гэдгийг тогтоосон. Тиймээс НЦУГ болон Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагуудаас өдөр тутамд 3500 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Туул голын эрэг дагуу морьт, завьт эргүүл хийхийн дээр олон нийтийн болон оюутан цагдаа нарын хүчийг ашиглан ажиллаж байна” гэв.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Гар утас, IPTV төлбөрийг зээлийн мэдээллийн сангаас хасчээ DNN.mn

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Ковид-19” цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд орж, авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй иргэн, ААН-ийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулгыг хийжээ.

Үүнээс гадна, цаашид Монголбанкны Зээлийн мэдээллийн санд үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний (IPTV, интернэт, суурин утас) төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Categories
мэдээ нийгэм

Гол, нуур, тогтоол усанд зориулалтын бус хийлдэг завь, гудас ашиглахгүй байхыг анхааруулав DNN.mn

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд өнөөдрөөс эхэлж байна. Олон хоног үргэлжлэх амралтын өдрүүдийг аюул осолгүй, ая тухтай, амар тайван өнгөрүүлэхийн тулд мэргэжлийн байгууллагууд хэрхэн ажиллах хийгээд иргэд юунд анхаарах тухай мэдээллийг өглөөНОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар 1154 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага мэдээллээр алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдсэн. Нийт дуудлага мэдээллийн 1085 буюу 94 хувийг объектын гал түймэр, тав буюу 0.4 хувийг ой хээрийн түймэр, 64 буюу 5.6 хувийг аврах ажиллагааны дуудлага эзэлж байна. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослоос 1420 иргэний амь нас, эрүүл мэнд, 48 тэрбум 545 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Баяр наадмын амралт олон хоног үргэлжилж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргийн Онцгой комиссын гишүүд болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгосон. Байгууллага дээр жижүүр ажиллуулах, гамшиг ослын үед ажиллах аврах бүлгийг томилох, утсаа 24 цагийн турш нээлттэй байлгах үүрэг өгсөн.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлж, Туул, Тэрэлж, Хэрлэн голд завьт болон хөдөлгөөнт явган эргүүлийг 10:00-20:00 цагуудад 180 км газарт үүрэг гүйцэтгэж байна. Үүний үр дүнд Онцгой байдлын газрын алба хаагчид усанд осолдож, живж байсан 36 иргэний амийг авран хамгаалсны дээр усанд осолдсон 10 хүний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Онцгой байдлын газраас усны ослын тоо, хохирлыг бууруулах, иргэдийг урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах, мэдлэг мэдээллээр хангах зорилгоор “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аяны хүрээнд гол, усны аюул ослоос урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч байна гэлээ.

Иргэд гол, мөрөн, нуур, тогтоол усны орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг НОБГ-аас онцгойлон анхаарууллаа. Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран гол, нуурын завьт болон эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, аюулгүй байдлыг хангуулж, гол, нуур, тогтоол усанд зориулалтын бус хийлдэг завь, гудас, автомашины дугуйн дотуур хаймар ашиглахгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч, иргэд олноор цуглардаг гол дагуу эрсдэл бүхий газруудад усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбарыг шинэчлэн байрлуулж буй юм.

Цагдаагийн байдлаас өгсөн мэдээллээр иргэд олуулаа аялж зугаалах үедээ усанд эрдэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос эрсдэл үүсдэг аж. Мөн хүүхдэд тавих хараа хяналтыг сулруулснаас тогтоол ус болон Туул голын салбарт усанд орж, усанд осолдсон тохиолдол гарсан байна. Тиймээс иргэд голын эргээс 50 метрийн зайтай буудаллах, баталгаат зам, гүүр, гарц, гармаар гарч занших, хайртай дотно хүмүүсээ эрсдэлээс хамгаалж байхыг онцлон сануулж байна.

Эх сурвалж: ОБЕГ, Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын үерийн түвшин 10-35 см даван үерлэж байна DNN.mn

Долдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Зэлтэр, Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг ,Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Тэрэлж, Туул, Шарын гол, зүүн хажуугийн Балж, Хэрлэн, Улз зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Үүр, Балж, Онон, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см даван тус тус үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 10-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 15 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд 15-25 см, Хэрлэн голын эхээр 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Наадмын өдрүүдэд Орхон гол Сэлэнгэ мөрний сав газар болон нутгийн зүүн хэсгийн зарим газраар их хэмжээний аадар бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаараал халамжаа сайжруулах, зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан голд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.