Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хамгийн өндөр настай гэр бүлд хотын дарга хүндэтгэл үзүүлэв DNN.mn

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн хамгийн өндөр настай гэр бүл болох Чогдовын Намдаг, Содовын Адъяа нарт хүндэтгэл үзүүллээ.

Ч.Намдаг, С.Адьяа нар нь гэр бүл болоод 78 жил болж буй бөгөөд хоёул энх тунх, урт удаан хамт амьдарч байгаа, Монгол Улсын хамгийн өндөр настай гэр бүл юм.

Монгол Улсын Гавьяат эдийн засагч Ч.Намдаг нь 1921 онд төрсөн, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул иргэн юм. Тэрбээр нийгмийн гурван үе, хоёр жарныг дамжин энх тунх амьдарч байгаагаас 71 жилийг нь нийслэл Улаанбаатар хотод өнгөрүүлжээ. Ч.Намдаг нь улс эх орондоо олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан учраас Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын жуух, Ардын хувьсгалын 1940-1990 оны ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Халх голын байлдааны медалиудаар шагнагдаж байв.

Гэргий С.Адьяа нь 1927 онд төрсөн, 11 хүүхдийн ачит эх, Улаанбаатар хотын Хөдөлмөрийн аварга, Жуулчдыг үйлчлэх газрын оны аварга, Худалдааны тэргүүний ажилтан цолтой. Тэрбээр нийслэл хотод 70 орчим ажиллаж байгаа бөгөөд Ардын хувьсгалын ойн медалиудаар мөн шагнагдаж байсан аж.

Тус гэр бүл 1973 онд Улаанбаатар хотын “Соёлч гэр бүл”-ээр шалгарч байсан бол 2012 онд Монгол Улсын “Шилдэг гэр бүл”-ээр шалгарч, С.Адьяа нь 2010 онд Улаанбаатар хотын Захирагчаас “Нийслэлийн ачлалт эх” өргөмжлөлийг гардан авч байв.

Эх сурьалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газа

Categories
мэдээ нийгэм

Н.Сугар: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна иргэдийг тухтай суухад зориулсан зүлэг хийсэн DNN.mn

Тайлбар байхгүй.

Баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн хорооноос мэдээлэл хийх үеэр НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийг хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл иргэд зүлгэн дээрээ иргэд тааваараа тухтай суух боломжтой. Гэхдээ хогоо замбараагүй хаяхгүй байвал илүү таатай орчин бүрдэнэ.

Стадионы суудлыг хөлөө тавих боломжгүй болгосон байна гэх асуудал олон нийтийн сүлжээгээр явж буй нь анхаарал татаж байгаа. Хоёр жилийн хугацаанд наадам зохион байгуулагдаагүй, засвар үйлчилгээ хийгдээгүй, целлойдин материалтай сандал нь суухаар бутарч унаад байсан тул бүгдийг сольсон. Суудалд хөлөө тавих зайгүй байна гэх асуудалд тайлбар өгөхөд суудлуудыг солиод бэхэлгээг хийгээгүй үеийн зургийг олон нийтийн сүлжээнд тавиад шүүмжлэл өрнөөд байгаа. Бэхэлгээ хийсний дараа суудлыг урагш нь шахах юм. Ингэснээр иргэд хөлөө тавих зай гарна.

Төв цэнгэлдэх хүрээлэн 60 жилийн өмнө баригдсан байгууламж, тиймээс шинээр л барихгүй бол давчуу байна гэх асуудлыг шийдэх боломжгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Эмээлтээс Төв аймгийн Лүн сум хүртэл түгжрэлтэй байна DNN.mn

Эмээлтээс Төв аймгийн Лүн сум хүртэл түгжрэлтэй байна

Баяр наадмын өдрүүдэд хотоос гарах иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Энэ жилийн хувьд түгжрэл урьд жилүүдийнхээс их байгааг анхааруулж, сонор сэрэмжтэй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Хотынхон хоёр жил хуримтлагдсан стрессээс салж, хорионы дараах холын аялалд гарах төлөвлөгөөгөө хэдийнэ боловсруулсан. Тэр тусмаа энэ жилийн баяр наадмаар иргэд “урт” амарна. Иймээс гэр бүл, ахан дүүс, найз нөхдөөрөө хаашаа явж амрах вэ гэсэн хүмүүс цөөнгүй. Зарим нь гадагшаагаа аялал сонирхож, зарим нь дотоодод аялахаар төлөвлөж байгаа талаар өмнө нь News.mn мэдээлсэн. Тиймээс хотоос гарах чиглэлийн урсгал урт дараалалд оржээ.

Тодруулбал, Эмээлтээс Төв аймгийн Лүн сум хүртэлх авто зам 3-4 цаг түгжирч байна.

2020 оны улсын баяр наадмаар Улаанбаатараас 430 мянга гаруй автомашин товчоодоор гарсан бөгөөд дунджаар нэг машинд гурван зорчигч байсан гэж тооцвол 1.2 сая хүн орон нутгийг зорьсон гэсэн үг. Харин энэ жил үүнээс ч их машин хөдөө, орон нутгийг зорих албан бус статистик байна. Иймд иргэд түгжрэлийг тооцож, орон нутгийн замд сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЦУОШГ: Наадмын өдрүүдэд бороотой байна DNN.mn

2022.07.10-ны 14:53 цагт гаргасан прогноз-

Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Булганы хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.

Долдугаар сарын 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус ;elggy^

Бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ШҮДЛЭН: “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайханы тогоруу зээрд халзан түрүүллээ DNN.mn

Төрийн их баяр наадмын хурдан шүдлэн насны морины уралдаанд нийт 412 шүдлэн бүртгүүлснээс 233 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлсөн юм.

Хурдан морины салбар хорооноос шүдлэн насны морьдын уралдааны дүнг танилцууллаа.

Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хужирт сум, “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайханы тогоруу зээрд халзан орж ирлээ. Хурдан хүлгийг 800 дугаартай, 12 настай Ц.Пүрэвбаатар унажээ.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аман хүзүүд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Д.ПБатбаярын хул орж ирснийг 525 дугаартай, 8 настай Б.Баттөр уналаа.

Айргийн гуравт Төв аймгийн Зуунмод сумын С.Батдоржийн халтар орж ирсэн ба 165 дугаартай, 11 настай П.Чингүүн унаж хурдлуулав.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Айргийн дөрөвт Дорнод аймгийн Хэрлэн сумын С.Галтын хонгор халзан давхилаа. Хурдан хүлгийг 963 дугаартай, 12 настай Ц.Улаанхүү унажээ.

Айргийн тавд Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат Б.Баярдоржийн хээр хурдалж, 99 дугаартай, 11 настай Б.Баттулга унажээ.

Categories
мэдээ нийгэм

Хүндэтгэлийн ёслолд Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн оролцлоо DNN.mn

Өнөөдөр Төрийн далбааны өдөр тохиож байна. Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд боллоо.

Хүндэтгэлийн ёслолд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын бусад гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл, Зэвсэгт хүчний төлөөлөл, ахмад дайчид, ард иргэд оролцож байна.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсынхаа хил хязгаарын халдашгүй дархан байдал, ард түмний амар тайван, аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид сүр хүчээ илтгэн, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэхээр цэргийн ёслолын жагсаалдаа жигдрэн жагссан байна.

Өндөр дээд төрийн тэгш ойнууд таширлан давхцаж, өргөн түмэн олноороо баярлан цэнгэж буй энэ цаг дор 4,000 гаруй цэрэг эрс, цэргийн ёслолын жагсаалд оролцож, монгол цэрэг, монгол инженерүүдийн ур ухаан, уран гараар бүтээсэн тусгай зориулалтын шинэ загварын авто машинууд болон бусад цэргийн зэвсэглэл техникийг ард түмэндээ анх удаа дэлгэн үзүүлэх гэж байна. Монгол цэргийн мэдлэг мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн цэрэг хэмээн нэрлэгдэж байгааг бахдан хэлэхэд таатай. Монгол цэргийн яруу алдар бадартугай” хэмээн онцоллоо.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХСИС, БХИС-ийн 4000 гаруй алба хаагч оролцсон юм. Түүнчлэн энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд морин цэрэг, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа 300 гаруй дугуйт болон хүнд гинжит техник оролцсоноороо онцлог байлаа.

Жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, бригадын генерал С.Ганбямба командаллаа. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-аас 2008 онд баталжээ. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд, Улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг уламжлал тогтсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн цаг авах утасны жагсаалт DNN.mn

Баяр наадмын өдрүүдэд өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүд, улсын томоохон эмнэлгүүд нэмэлт хуваарийн дагуу ажиллана. Яаралтай, зайлшгүй тохиолдолд утсаар цаг авч үйлчлүүлэхийг зөвлөж байна. Учир нь улсын бүх эмнэлэгтэй урьдчилан холбогдож, цахим дугаар авах боломжтой болсон. Тиймээс баярын өдрүүдэд эмнэлэгт дугаарлахгүйгээр урьдчилж цаг авахыг зөвлөж байна.

Цахимаар өрх, дүүрэг, улсын томоохон эмнэлгүүдэд үзлэгийн цаг авахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа заавал төлсөн байх ёстой аж.

Мөн цахимаар авсан үзлэгийн цагаасаа 30 минутын өмнө ирж цахим бүртгэлийн ажилтан дээр цагаа баталгаажуулах хэрэгтэйг албаныхан онцолжээ. Хэрэв цахимаар авсан цагаа баталгаажуулаагүй бол автоматаар цуцлагдах юм байна. Үзлэгийн цаг болон үзлэгийн кабинетыг сонгоход үзлэг хийх эмч сонгогдохгүй бол тухайн өдөр захиалах цаг байхгүй байна гэсэн үг. Хэрэв та цагтаа амжихгүй болон нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах дугаараар эмнэлэгүүдтэй холбогдоорой.

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг – 1900-2111 болон 1800-0119
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг – 70150234, 70150233
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг – 77046666, 77000352
  • Хавдар судлалын үндэсний төв – 70162529
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв – 80809102
  • Хүүхэд – 70141403
  • Эмэгтэйчүүдийн тасаг – 70121201
  • Арьсны өвчин судлалын үндэсний төв – 70135036
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв – 70187797, 70180136
  • Шүд эрүү нүүрний төв – 325731
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв – 70150065, 454004
  • Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв – 70007105, 314587
  • Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв – 350790
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв – 631108
  • Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв – 379258

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД 10:00-15:00 ЦАГТ АЖИЛЛАНА

Баярын өдрүүдэд нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Энхтүвшингээс тодрууллаа.

Тэрбээр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарч баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг урьдын адил хангаж ажиллаж, эрүүл мэндийн газрууд шуурхай штабын хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдлыг хангаж ажиллана. Ингэхдээ долдугаар сарын 11-18-н хүртэл нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинет 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Харин Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж 10:00-15:00 цагийн хооронд ажиллах юм гэлээ.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга монголчуудад мэндчилгээ дэвшүүлэв DNN.mn

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр АНУ-ын төрийн сайт дээр

“2022 оны Үндэсний их баяр наадмын мэндийг Монголын ард түмэндээ Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Хүнд хэцүү үед Наадам нь Монголын ард түмэнд тусгаар тогтнол, уламжлалт өв соёлоо тууштай харуулах боломж олгодог.Монгол Улсын стратегийн түнш, “гуравдагч хөрш”-ийн хувьд АНУ та бүхэнтэй харилцаагаа гүнзгийрүүлж, хамтын үнэт зүйлсээ сурталчлахад бэлэн байна.Монголын ард түмэн баяр наадмаа эв нэгдэлтэй энэ цагийг сайхан өнгөрүүлэх болтугай!”гэж нийтэлсэн байна.

Монгол Улс болон АНУ 1987 оноос хойш дипломат харилцаа тогтоож, өдгөө 35 жилийн ойн хүрээнд олон ажлууд төлөвлөөд буй.

Categories
мэдээ цаг-үе

Долдугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын хойд, урд замын хөдөлгөөнийг хаана DNN.mn

Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх орчимд замын хөдөлгөөнийг хязгаарлах талаар мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны дэд хурандаа н.Ганбат “Баяр наадмын өдрүүдээр замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангах бүрдүүлэх зорилгоор тус албанаас 580 алба хаагч Төв цэнгэлдэх хүрээлэн болон алсын сийрэгжүүлэлт буюу бусад хурдны замуудад ажиллана. Хүй долоон худагт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын тоо ороогүй. Тохижилт үйлчилгээний салбар хорооноос бэлтгэсэн байгаа автомашины зогсоолууд дээр алба хаагчид хяналт тавьж ажиллана. Төв цэнгэлдэхийн зогсоол хязгаартай, цөөн байгаа тул иргэдийг нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлэхийг уриалж байна.

Замын цагдаагаас бүх зогсоолуудыг хяналтад авч, маршрут заасан түр тэмдэг, тэмдэглэгээг бүрэн хийсэн байгаа.

Хаагдах замын тухайд долдугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын хойд талд буюу Гандийн гудамж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал буюу Нийслэлийн өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг хязгаарлана. Энэхүү хязгаарласан замаар зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд, шуурхай алба, нийтийн тээврийн автобус зорчино. Бусад тээврийн хэрэгсэл явахгүй.

Тухайн бүсийн оршин суугчид буюу Хан-Уул дүүргийн 15, 18 дугаар хорооны иргэд хорооны даргын албажуулж, тэмдэг дарсан зөвшөөрөл, иргэний үнэмлэх, хорооны Засаг даргын тодорхойлолт, түрээсийн байранд амьдардаг бол түрээсийн гэрээ гэсэн зүйлийн аль нэгийг хороон даргын зөвшөөрлийн хамт авч явж үзүүлэн заасан маршрут чиглэлээр хөдөлгөөнд оролцоно.

Хүй долоон худгийн замын хөдөлгөөний хувьд тухайн бүрд нь зохицуулалт хийж иргэддээ мэдээлэл өгөөд явна” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын үеэр улсын хэмжээнд 794 улсын байцаагч ажиллана DNN.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Үндэсний их баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд улсын хэмжээнд 794 байцаагч урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллана. Мөн төв, орон нутгийн хяналтын газруудад хариуцлагатай жижүүрүүдийг томилж, шуурхай багууд бэлэн байдалд дуудлагаар ажиллана.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж байна. Мөн наадмын өдрүүдэд явуулын болон түр лабораторийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт байршуулан худалдаанд буй хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд зарим үзүүлэлтээр шинжилгээ хийхээр бэлтгэл ажлыг хангуулаад байна.

Та бүхэн зөвшөөрөлтэй байршилд, зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэж буй газраар үйлчлүүлж, өөрийн болон гэр бүлээ болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

Санал хүсэлт, гомдол, мэдээллийг Улаанбаатар хотод 7012-8012 дугаарын утсаар, орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай утсанд холбогдож ирүүлээрэй.

Сайхан наадаарай.