Categories
мэдээ цаг-үе

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна DNN.mn

Бэлчээрийн ургамлын ургалт долоодугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Архангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховдын ганц нэг сумдын нутгаар сайн байна. 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд буюу Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу байна. Салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудайд голлолтын үе шатнаас түрүүлэлтийн үе шат явагдаж байгаа бол төмсөнд ихэнх нутагт хажуугийн нахиа үүсэх үе шатнаас цэцэглэлтийн үе шатанд байна. Улаан буудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, үе шатнаасаа хамааран харилцан адилгүй, 26-88 см байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Наранзун: Нүдээ нээсэн цагаасаа л би урлагаар хүмүүжсэн DNN.mn

Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунтай ярилцлаа.


-Юуны өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсонд тань баяр хүргэе. Энэхүү шагналыг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Нүдээ нээсэн цагаасаа л би урлагаар хүмүүжсэн хүн. Өнөөдрийг хүртэл урлаг гэдэг хүн төрөлхтний баяр жаргал, зовлон гуниг, сэтгэл хөдлөл бүхний илэрхийлэл болсоор ирсэн. Соёлын өвийг тээгч энэхүү гайхалтай гэр бүлд өсөж торнисны хүчээр урлагийг хайрлах, урлагийг шүтэх, бүтээх үйлсэд сонголтгүй орж ирсэн. Бага байхад өвөөгийн үеийн хамтрагч, уран бүтээлчид, шавь нар, эдүгээ урлагийн салбарт ажиллаж буй гайхалтай хүмүүс өвөөгийнд ирж ярьж хөөрдөг, амьдралынх нь мөч бүрийг тэдний хажуунаас нь харж өссөн болохоор урлагтаа би маш их хайртай. Өвөө минь өөрөө Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач, яруу найрагч, монгол хэлний шүлэгч, гүүш хүн байсан. Өвөө болон аавынхаа бэлдэж өгсөн урлагийн ертөнцөөр, замаар сүүлийн 30 жил алхлаа. Өвөө, аавын минь сургасан, заасан замналаар өнөөдрийн миний өчүүхэн амжилт үргэлжиллээ хэмээн бэлгэшээж сэтгэл маш их хөдөллөө. Аав минь төрийнхөө өндөр дээд шагналыг авч амжаагүй. Гэхдээ миний хичээл зүтгэлээр үргэлжилж байгаа болохоор тэнгэрээс аав минь хараад баярлаж байгаа байх гэсэн омогшил төрж байлаа. Би өвөө эмээгийнхээ гэрт өссөн. Манай эмээ хүний гавьяат эмч Х.Бадарч гэж хүн байлаа. Хүний сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээр намайг өсгөж хүмүүжүүлсэн. Даруу төлөв байх, хүнийг хүндэтгэх гээд олон сайхан зан чанарыг суулгасан. Буурлуудынхаа ачаар өнөөдөр би хүний дайтай явж байгаа гэж боддог доо.

-Гавьяат болох мэдээгээ хэзээ сонсов. Яаж хүлээж авсан бэ?

-Ер тийм юм мэдээгүй байж байтал над руу утсаар залгаад “Тэдэн сарын тэдэнд ирээрэй” гэсэн юм хэлээд л тасалчихсан. Очих өдрийг нь ч сайн сонсож чадаагүй. Тэгээд л хүн надаар тоглочихсон юм уу даа гэсэн шүү юм бодоод тоосонгүй (инээв). Найз нөхөд хоорондоо бие биенээрээ үе үе тоглоно шүү дээ. Тэгээд л наргиа байж магадгүй гэж бодсон л доо. Дараа нь хүнээр асуулгасан чинь жинхнээсээ албан ёсны юм байна гэж мэдсэн. Тэгээд л сандарсан даа.

-Танд Ерөнхийлөгч шагнал гардуулах үеэрээ ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-“Улам ихийг хийж, бүтээгээрэй. Баяр хүргэе” гэж байна лээ.

-Та энэхүү шагналыг авах үедээ өөртөө ямар нэгэн зорилго тавьж, цаашид хийх уран бүтээлээ бодож байв уу?

-Шагналтай, шагналгүй миний өөртөө тавьсан зорилго байгаа. Тэр зорилгоо л биелүүлнэ дээ. Шагнал гэдгийг урам гэж харж байгаа. Хийж буй зүйл минь зөв яваа юм байна. Хийсэн зүйлийг минь хүмүүс хүлээн авч, сонсож байна гэсэн сайхан урам л болж байна даа. Өөрийнхөө хийж байсан зүйлийг үргэлжлүүлэн хийгээд улам баталгаажуулъя гэсэн бодолтой л явна. Миний продюсерласан уран бүтээлч, дуучин Н.Наранбаатар (Наагий) маань хамт Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Их билэгшээлтэй зүйл боллоо. Наагийгаа хараад давхар баяр болж сэтгэл их хөдөллөө.

Зураг дээр баруунаас Ардын жүжигчин Д.Лувсаншарав, СГЗ Ж.Бадраа, УГЗ Т.Насанбуян. Урд зогсоо нь УГЗ Б.Наранзун

-Та “Манай өвөөгийнхөөр алтан үеийнхэн, найз нөхөд, шавь нар ирдэг байсан” гэж хэллээ. Тэрхүү бага насны дурсамжаасаа сонирхуулахгүй юу?

-Урлаг маш олон төрөлтэй. Өвөөгийнд тэр олон төрлийн уран бүтээлчид бүгд ирдэг байсан. Хамгийн их сэтгэгдэл үлдээж байсан хүмүүс гэвэл өнөөгийн агуу уран бүтээлч болох С.Гончигсумлаа гуай, Г.Бирваа гуай, Л.Мөрдорж гуай болон яруу найрагч, хөгжимчид гээд салбар бүрийн гайхалтай хүмүүс их ирдэг байлаа. Тэдгээр хүмүүсийн өвөр дээр эрхэлж өссөн. Тэр үеэс л намайг адисласан байх гэж боддог. Дууныхаа шүлгийг өөрөө бичээд аяа зохионо. Дууны шүлгийн яруу найраг гэдэг онцгой зүйл. Манайд яруу найрагчид ч их ирдэг байлаа. Монголын яруу найргийн оргилууд манайхаар ирнэ. Хамгийн сүүлд О.Дашбалбар гуай ирснийг санадаг юм. Хэл утга зохиол, орчуулгын мастерууд ч ирнэ. Намайг хамгийн их эрхлүүлдэг хүн нь Д.Лувсаншарав гуай миний өвөөгөөс өөрцгүй. Тийм агуу хүмүүст эрхэлж, тэдний дунд л өссөн дөө. Тэр бүх зүйлүүд энэ үед их үгүйлэгддэг юм байна. Хэрвээ би тэр үед том болоод ухаан суучихсан байсан бол олон зүйл асууж, сураглаж, суралцах байсан байх. Тэр боломжоо алдсан юм шиг сэтгэгдэл төрдөг юм. Мэдээж араас нь аавын үеийнхэн, орчин цагийн урлагт өөрсдийгөө зориулсан рок поп, страдын урлагийнхан ирдэг байлаа. “Инээмсэглэл”, “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхан, хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион ах гээд цааш хөвөрнө. Түүнээс хойш миний үеийнхэн орж ирнэ. Найз нөхөд минь ч гэсэн уран бүтээлээ хийгээд амжилттай явааг харахаар маш их бахархдаг.

-Та урлагийн гэр бүлээс төрсөн гурав дахь үеийн хүн. Тэгэхээр танаас асуух нь зүйтэй гэж бодож байна. Урлаг гэдэг цаг үетэйгээ уусан өөрчлөгддөг байх. Орчин үеийн урлаг ямар чиглэл рүү явж байна вэ. Манай урлаг бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд яваа бол?

-Урлаг гэдэг ямар орчин, нийгэм байгаагаас хамаараад өөрчлөгдөж байдаг. Орчин үеийн хөгжмийн уран бүтээлчид хип хоп, страд, рок поп гээд олон урсгалтай болсон. Яг өнөөдрийн өөрийнхөө цаг үед хүлээн зөвшөөрөгдсөн учраас тэд маань ч гэсэн ялгаагүй том гавьяатай гэж боддог. Яагаад гэвэл миний өвөө, аавын үеийнхэн ч тухайн үедээ хөл нийлүүлээд бүтээж л байсан. Сүүлийн үед залуу уран бүтээлчид надаар продюсер хийлгэхээр их ирдэг болсон. Залуучууд маань маш их авьяастай. Таны асуусан асуултад хариулахад эдгээр уран бүтээлчдэд маань харилцаа холбоо, хөрөнгө мөнгө, мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг туслалцаа байж чадах юм бол Монголын залуу уран бүтээлчид гадныхнаас нэг их дутагдаад байх зүйл байхгүй. Энэ залуусаа дэмждэг сэтгэл зүрхтэй хүмүүс олон байх юм бол жижигхэн улсын урлагаас дэлхийн хэмжээний уран бүтээлч гарах бүрэн бололцоотой гэж би итгэдэг.

-“Нүдээ нээсэн цагаасаа урлагаар хүмүүжсэн” гэлээ. Таныг бага байх үеийнхээс хойш үзэгчдийн боловсрол хэр өөрчлөгдсөн бэ?

-Боловсрол гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт л доо. Тухайн салбараасаа хамаараад боловсрол гэдэг зүйл өвөрмөц байдаг учраас дэлхий даяараа өөр хандлагатай болчихсон. Боловсролын мэдээллийн сан өргөн, нээлттэй болчихсон энэ үед хүмүүсийн мэдэх сурах эрмэлзэл өндөр болсон. Хувь хүн өөрийгөө хөгжүүлж чадах юм бол хязгаарлах аргагүй. Орчин үеийн залуусын боловсролыг хэмжих боломжгүй юм даа. Хичээл зүтгэл л нөлөөлөх болжээ. Надаас илүү мэдлэгтэй залуус над дээр ирдэг болсон. Тэгэхээр хүний боловсролыг дүгнэх боломжгүй юм. Үүнийгээ дагаад залуусын урлагийг ойлгох, мэдрэх мэдрэмж ч харилцан адилгүй өөрчлөгдсөн гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэрэндорж: Ганц км зам тавихад зуны турш зууралддаг цаг ард үлдсэн. Технологи хөгжсөн үед сарын хугацаанд л ашиглалтад оруулна DNN.mn

“Дэд бүтэц консул” ХХК-ийн ерөнхий инженер Б.Цэрэндоржтой ярилцлаа.


-Н.Содномын гудамжны зам засварын ажил хэзээ эхэлсэн бэ. Наадмаас өмнө амжиж дуусгахаар ажиллаж байна уу?

-Энэ гудамжны км гаруй зам засварын ажлыг зургадугаар сарын 9-ний өдөр эхлүүлэхээр төлөвлөөд байсан юм. Авто зам болон явган хүний замд иж бүрэн засвар хийхээр төлөвлөгөө гаргаад ажлаа эхэлсэн. Энэ жил шинэчлэл хийх төлөвлөлтөд орсон 14 замын нэг нь энэ л дээ.

-Өнөөдрийн байдлаар зам засварын ажил бараг дуусах шатандаа оржээ. Хар зам дээгүүр хэдэн өдөр асфальт цацаад л богино хугацаанд засварын ажил цэгцэрчихэж. Зам засвар тайгаа зуны турш зууралддаг цаг ард үлдсэн үү. Шинэ технологи нэвтрүүлэв үү?

-Бид төлөвлөсөн хугацаандаа ажлаа эхлүүлж чадаагүй. Зургадугаар сарын 9-ний өдөр ажлаа эхлээд л бүх техникийн бичиг баримтуудаа бүгдийг нь хураалгачихсан.

-Яагаад. Аль болох богино хугацаанд дуусгаад л замаа нээх чиглэл Зам тээврийн яамнаас та бүхэнд ирдэг биз дээ?

-Бидний ажлаа эхлүүлэх зөвшөөрөл шууд л гараад ирсэн. Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсээс зам хаах шийдвэр гарч ирдэггүй. Шалавлаад ажлаа эхэлтэл тэр дор нь бидний бичиг баримтыг хураагаад авчихдаг юм. Ингэж гурав хоногийн хугацаа алдаж зургадугаар сарын 12-ны өдөр ажлаа дахин эхлүүлсэн. 20 орчим хоногийн хугацаанд үндсэн ажил цэгцэрчихлээ. Наадмаас өмнө хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зарим тохиолдолд цагаа сунгаж ч ажиллах тохиолдол байна.

-Хугацааны тухайд шуурхай явжээ.

-Км гаруй замын засвар таны хэлж байгаагаар бүтэн зуныг авдаг цаг ард үлдсэн л дээ. Аль болох шуурхай хийгээд л замын хөдөлгөөнөө нээхийг л бодно. Гэлээ гээд улсын мөнгөөр гүйцэтгэж байгаа ажилд хайнга хандаж, чанаргүй бүтээн байгуулалт хийж болохгүй.

-Техник ч гэрлийн хурдаар хөгжиж байна л даа.

-Эрин зуун нь юм даа. Зам засварын ажилд хугацаа алддаг байсан үе саяхан. Тухайн үед зам засварын ажлын хэрэглэх техник тааруу байсантай холбоотой. Өнөөдөр өөр болсон. Зам засварын ажилд олон улсын шаардлага хангасан техник, тоног төхөөрмжтэй, чадварлаг боловсон хүчинтэй компаниуд шалгардаг болсон. Зам засварын ажлын явцад иргэдийн зүгээс янз бүрийн хандлага гаргах юм. “Эдийн засаг ийм хүнд үед зүгээр байсан замын хашлагыг хуу татлаа. Мөнгө угааж байна та нар” гэх ч юм уу. Бидний тухайд улсын төсвөөр бүтээн байгуулалт л хийж байгаа улс. Дундаас нь авч идэж уудаг асуудал огт биш. Үүнийг зөвөөр ойлгоосой гэж бодох юм.

-Хар зам тавих хялбар болсон уу. Технологи нь өөрчлөгдсөн үү?

-Улсын стандартын дагуу л тавигдаж байгаа. Та өөрөө материалуудыг үзэж болно. Замын инженерээр нь ажиллаж байгаа хүний тухайд 10 жилийн баталгаа өгнө. Энэ хугацаанд засвар үйлчилгээ хэрэггүй. Энэ жилийн тухайд цаг агаарын нөхцөл байдал амар биш байгааг та ойлгож байгаа. Гэсэн ч баяр наадмаас өмнө дуусгахаар ажиллаж байна. Баяр наадмын амралтын өдрүүд эхэлчихвэл төрийн байгууллагууд амраад явчихдаг шүү дээ. Тодорхой хэмжээнд хугацаа алддаг. Энэ ажлаа хүлээлгэж өгөөд дараагийн ажил шилээ дараад хүлээж байгаа.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn


2022.7.14, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.14, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 05.08-20.49
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-8 см өндөр ургасан байна DNN.mn


Ховд аймгийн нийт сумын нутгаар ургамлын дундаж өндөр 2-8 см байна. Өөрөөр хэлбэл,ургамлын ургалтын байдал Мөнххайрхан, Дуут, Цэцэг суманд сайн, Дарви, Мянгад суманд муу бусад суманд дунд гэсэн үнэлгээтэй байна.

Чийг бага, хөрсөн дээр 40 градусаас дээш халуун олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтад таагүй нөлөөлж, төлөөлөх болон нийт ургамлын ургалт саатсан хаталтын байдалтай байгаа гэж мэргэжилтнүүд хэллээ.

Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 18-30 хувийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.

Одоо сумдад сааль сүү бэлтгэх, мал оторлох, хонь хяргах, мал хөнгөлөх ажил үргэлжилж байгаа.

Өнгөрсөн 10 хоногт нийт нутгаар 34.4 мм тунадас орлоо. Хамгийн их нь Чандмань суманд 12.6 мм бороо орсон юм. Борооны өмнө салхи ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байсан.

Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно.

Иймээс тээврийн хэрэгсэлийн жолооч, малчид, иргэд гүүр, гарамгүй газраар авто машинаар болон явганаар гол мөрөн гатлахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж сэрэмжлүүлэг өгөх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, мөрөн, нуурын усанд орохгүй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Энэ сарын 10-нд Ховд аймгийн төвд бороо орсны улмаас Рашаант, Наран, Бичигт багийн нутаг дэвсгэрийн айл өрх, үйлдвэр, шатахуун түгээх станцууд үерт автаж, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай хаагдаж, нөхцөл байдал хүндэрсэн.

Уг нөхцөл байдал дахин давтагдах, борооны улмаас ихэнх гол, нуурын усны түвшин нэмэгдэн уулнаасаа сүйтгэл ихтэй үер буух магадлалтай тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

Герман улс ирэх сарын 1-нээс Оросоос нүүрс худалдан авахаа зогсооно DNN.mn

ХБНГУ наймдугаар сарын 1-нээс ОХУ-аас нүүрс худалдан авахаа бүрмөсөн зогсоож, 12 дугаар сарын 31-нээс Оросын газрын тосноос татгалзана гэж тус улсын Канцлер Олаф Шольцын эдийн засгийн асуудал эрхэлсэн туслах Йорг Кукис мэдэгдлээ.

“Зүүн Европ дахь Зөвлөлтийн эзэнт гүрний хэрэгсэл болж байсан газрын тос дамжуулах “Дружба” хоолойн түүхийг мэддэг хүн бүр энэ хараат байдлаас ангижрах нь тийм ч энгийн зүйл биш гэдгийг мэднэ, гэхдээ энэ бол бидний хэдхэн сарын дараа хүрэх зүйл юм” гэж Кукис өнөөдөр Сиднейн эрчим хүчний чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн ирээдүйд Оросын хийг орлох шийдлийг олох асуудал одоо улс орных нь хувьд гол бөгөөд маш хэцүү ажил гэдгийг тэмдэглэжээ. Үүнийг хийхийн тулд Герман улс байгалийн шингэрүүлсэн хий хүлээн авах терминалуудыг хурдацтай хөгжүүлж байгааг Кукис онцолсон байна. Үүний сацуу тэрбээр “АНУ, Катар улсууд хамтран 30 орчим тэрбум шоо метр шингэрүүлсэн хий Европт нийлүүлэх боломжтой” боловч ОХУ-ын хийг орлоход одоогоор хангалтгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Австралийн Засгийн газар болон Олон улсын эрчим хүчний агентлагаас хамтран зохион байгуулж буй Олон улсын эрчим хүчний чуулга уулзалт долоодугаар 12-13-ны өдрүүдэд Сидней хотноо болж байна.

Чуулга уулзалтад Австрали, Энэтхэг, Индонез, Самоа, АНУ, Япон улсын Эрчим хүчний сайд нар, бизнесийн салбарын төлөөлөл, ногоон технологийг хөгжүүлэгч томоохон компаниудын удирдлагууд оролцож, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг цэвэр эрчим хүч рүү шилжүүлж, нүүрстөрөгчөөс ангижруулах, олон улсын болон бүс нутгийн цэвэр эрчим хүчний нийлүүлэлтийн шинэ аюулгүй сүлжээг бий болгох, сэргээгдэх эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх, нөөцийг бий болгох, түүнчлэн санхүүжилт, хөрөнгө оруулалтын тэгш хүртээмжийг хангах асуудлуудыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний хурдан морьдын уралдааны эрлийз бага насанд түрүүлж, айрагдсан морьд DNN.mn

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний хурдан морьдын уралдааны эрлийз бага насанд түрүүлж айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.

Уралдаанд 204 эрлийз бага насны морьд бүртгүүлж 153 морьд гараанд гарлаа.

1 дүгээр байр: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач МУАМУ Мягмарсүрэнгийн Алтан-Очирын 417 дугаартай сартай хээр (Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

2 дугаар байр: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Баатарсайханы Дөлгөөний 777 дугаартай хүрэн халзан (Буян-Оршихын Энхбаяр, 11 настай, эрэгтэй)

3 дугаар байр: Дорноговь аймгийн Өргөн сумын уяач Гончигийн Амгаланбаатарын 1185 дугаартай бор халзан (унаач: Мөнхнарангийн Наранмөнх, 12 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Дорнод аймгийн Цагаановоо сумын уяач Гүнсэнгийн Чулуунбаатарын 113 дугаартай сартай хээр (унаач: Сайнзаяагийн Сайнсанаа 12настай, эрэгтэй)

5 дугаар байр: Архангай аймгийн Тариат сумын уяач Чулуунбатын Мөнгөнсүхийн 1616 дугаартай хул алаг (унаач: Мөнгөний Мөнгөнзул, 12 настай, эрэгтэй)

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зэлтэр, Хархираа гол үерийн аюултай түвшинд хүрчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зэлтэр, Хархираа гол үерийн аюултай түвшинд хүрчээ – updown.mn

7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Эг, Сэлэнгэ, Зэлтэр, Хэрлэн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-50 см нэмэгдэж, Зэлтэр гол үерийн түвшинг 5 см давсан байна. Мөн түүнчлэн Үүр, Онон, Улз голын адаг болон Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 15-45 см, Хархираа гол үерийн аюултай түвшинд хүрч тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 14-нд Сэлэнгэ мөрөн Хутаг-Өндөр сум Сүхбаатар хот орчимд болон Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх хандлагатай байна. Ойрын өдрүүдэд нутгийн баруун болон төвийн зарим хэсгээр үргэлжилсэн болон түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон баруун, төвийн аймгуудаар урсан өнгөрөх гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан DNN.mn

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

2022 оны 07-р сарын 13-ны 20 цагаас 07-р сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 19-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, талын нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хойд, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.