Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинжлэх ухааны фронтыг хөдөлгөсөн нь өөрөө хөгжил юм гэв DNN.mn

Шинжлэх ухааны академийн Физик Технологийн Хүрээлэн болон МУИС-ийн Физикийн тэнхимийн дэмжлэгтэйгээр “Бүдэг цэнхэр цэг”, “Quan­tum Mongolia Podcast”, “Gej Yu Ve?” шинжлэх ухаан сонирхогчдын хүрээллүүд хамтран “Хигс Бозон” олон нийтэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Тус өдөрлөг нь “Онолын физикийн зуны сургууль, бага хурал-2022” үйл ажиллагааны үргэлжлэл бөгөөд олон нийтэд зориулсан хэсэг нь юм. Өдөрлөгөөр Хигс бозон бөөмийг нээсний 10 жилийн ойд зориулан салбарын мэргэжилтэн, судлаач эрдэмтэд мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.


Өдөрлөгийн талаар “Gej Yu Ve?” сувгийн хамтран үүсгэн байгуулагч Б.Ганцацралаас тодрууллаа.


-Энэ өдөрлөгийн онцлог, зорилго юу вэ?

-Онолыг гаргасан хүнийх нь Хигс гэж нэрлэсэн. Хигс бозоныг нээсний 10 жилийн ойд зориулан шинжлэх ухаан сонирхогчдын өдөрлөг болж байна. Электроноос жижиг мөртлөө электрон дотор байгаа жижиг зүйлсийг масстай болгож байгаа зүйлийг нээж туршилтыг бодитоор баталсны 10 жилийн ой гэсэн үг.

-Хигс бозон гэж яг юу болох талаар тайлбарлаж өгөөч?

-Атом электрон протоныг задлахаар жижиг эгэл бөөмс бий. Эйнштейн “Масс нь энергитэй тэнцүү” гэж үздэг. Тэгэхээр энергитэй биетүүдийг хигс бозон гэдэг зүйл масстай болгодог. Цөмийн физикийн эгэл бөөмсийн нэг болох Хигсийн бозоныг 1964 онд Петр Хигс болон бусад таван физикч анх таамаглаж тодорхойлсныг 2012 оны долдугаар сарын 4-нд Швейцарийн Цөмийн Хурдасгуурын олон улсын эрдэмтдийн багийнхан баталж зарласан. Энэ нээлтээр Стандарт Загварыг судлахад чухал ач холбогдолтой Хигсийн орчин үнэхээр оршдог болохыг баталж цаашлаад яагаад зарим үндсэн эгэл хэсгүүдийн симметрийн харилцаагаар массгүй нь ажиглагддаг боловч масстай байдаг, яагаад сул хүч нь цахилгаан соронзон хүчнээс богино үйлчлэлийн зайтай байдгийг илүү тайлбарлах боломжууд гарна гэсэн үг.

-Яг юуг судалдаг юм бэ?

-Хигс бозон бөөмийг “Бурханы бөөм” гэж хочилдог. Тэгэхээр Эйнштейний масстай биеэс энерги, энергитэй биеэс масстай биеийг үүсгэж болно гэсэн томьёо байдаг. Цөмийн энерги нь маш их хэмжээний энергийг цөмийн харилцан үйлчлэлээс гаргаж авдаг. Тэгээд цөмийн зэвсэг, цөмийн цахилгаан станцыг бүтээж байна. эсрэгээрээ ертөнц анх үүсэхэд ямар нэг масстай биет огт байгаагүй, их тэсрэлтийн онолоос бүх зүйл үүссэн гэж ярьдаг шүү дээ. Массгүй энергүүд яаж явж байгаад масстай болоод биет болчихов гэдгийг судалсан. Гэтэл бурхны бөөм буюу хигс бозон гэдэг нь энергийг масстай болгож, элементүүдийг бүрдүүлдэг зүйл юм байна гэж тогтоосон.

-Хаана?

-CERN гэдэг бидний ашиглаж буй интернэт, анхны вэб хуудас хийгдсэн газар. Швейцарь болон Францын хил дээр хил залгаа оршдог судалгааны төв. Тэнд дэлхийн хамгийн том физикчид очиж судалгааны ажлуудаа хийдэг. Дэлхийн II дайны үед эрдэмтэд шоконд орж л дээ. Тэдний гаргаж ирсэн судалгааг цөмийн зэвсэг, химийн биологийн зэвсэг хийх гэх мэт муу зүйлд ашиглаад байсан. Тэгэхээр эрдэмтэд шинжлэх ухаан гэдэг зүйлийг өөр талаас нь ашиглах хэрэгтэй гээд ихэвчлэн европын орнууд хоорондоо нэгдэж 23 орноос бүрдсэн судалгааны төвийг 1954 онд байгуулсан. Судалгааны төв нь газар дор 100 метрийн гүнд 27км-ийн радиустай хоолой байгуулж дотор нь жижиг электрон, протоныг мөргөлдүүлсэн. Мөргөлдүүлснээр дотор нь бүрдүүлдэг эгэл бөөмсийг гаргаж авдаг. 2012 оноос өмнө хигс бозон гэдэг нь онолын түвшинд яригддаг байсан зүйл.

Бээжингийн Их Энергийн физикийн хүрээлэн, CERN LHCB-ын эрдэм шинжилгээний ажилтан Ц.Баасансүрэн “Хигсийн физик шинж чанаруудыг олоод сонин болгож гаргахад ойролцоогоор 10 тэрбум швейцарь франкийн төсөв гардаг. Хигсийн шинж чанар, массын талаар хоёр сонин хэвлүүлэхийн тулд 10 тэрбум швейцарь франк зарцуулсан гэсэн үг. Суурь судалгааны салбар учраас үүнийг дагаад дам бус байдлаар маш олон салбарыг хөгжүүлж байна. Хонгилын дор 1230 орчим хагас дамжуулагч, соронзон орон байгаа” гэж ярив.

Биднийг атом, цөмүүд бүрдүүлдэг. Тэр атом, цөмүүд бүтэцтэй. Эгэл бөөм гэдэг бүтцийг үүсгэж байгаа хамгийн жижиг нэгж. Бидний мэддэг элементүүдийг үүсгэхэд шаардлагатай бөөмсийн хамгийн бага нэгжийг эгэл бөөмс гэдэг аж. Ертөнцөд байгаа бүх электрон яг адилхан масстай, тэднийг ялгахын аргагүй. Олон төрлийн масстай электрон гэж байдаггүй. Атомын цацаж байгаа гэрэл бүгд адилхан. Ертөнцийг бүтээж байгаа эгэл бөөмс яг ижил, хаа сайгүй оршдог байна.

Хигс бозоныг баталсны ач холбогдлын талаар ШУА-ийн Физик технологийн хүрээлэн ба их энергийн физикийн лабораторийн эрхлэгч, доктор Ц.Энхбат “Шинэ юмыг нээхийн тулд шинэ багаж хэрэгтэй. Шинэ технологийн үсрэлт болох ёстой. Тэндээс гарах мэдээллийг боловсруулах асар том сүлжээ хэрэг болно. Жишээлбэл, хүн төрөлхтөн хөгжлийнхөө машин техник нээхээс өмнөх үед байна гэж бодъё. Зөвхөн морин тэргээр явдаг ч юм уу, тэр үед бид шинэ технологи нээхгүйгээр зогсчихсон бол илүү сайн морин тэрэг хийгээд л болино шүү дээ. Тэгэхээр бид одоо хэрэггүй гэж бодож байгаа ч ирээдүйг мэдэхгүй. Тэр үед юуг ч өөрчлөхийг таашгүй. Шинжлэх ухааны фронтыг хөдөлгөсөн нь өөрөө хөгжил юм” хэмээв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хавдрын туяа эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулсан IMRT, VMAT технологиудыг нэгэн зэрэг нэвтрүүлэв DNN.mn

Хорт хавдрын эмчилгээний чанар, хүртээмжийг сайруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам бодлогын хүрээнд анхаарч, хорт хавдрын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор 2011 оноос Хавдар судлалын үндэсний төвд “Хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” төслийг эхлүүлсэн. Санхүүжилтийг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэснээр хорт хавдрын туяа эмчилгээнд АНУ-ын “Varian Medical systems” үйлдвэрийн “Clinac iX” болон “Unique” гэсэн хоёр шугаман хурдасгуурт төхөөрөмжийг ХСҮТ-д суурилуулж, 2019 онд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Улмаар гурван хэмжээст конформал туяа эмчилгээг анх удаа эхлүүлсэн баяртай үйл явдал болсон талаар мэдээлж байв. Тэр үеэс хойш манай улсад хавдрын туяа эмчилгээ нэг алхам урагшилж, 20 жилийн хоцрогдлоо арилгаж чадсан байна.

Түүнчлэн шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний дараагийн дэвшилтэт технологи болох IMRT болон VMAT технологийг нэгэн зэрэг нэвтрүүлжээ. Ингэснээр манай улс туяа эмчилгээний хөгжлийн хоёр дахь том алхмаа хийж хорт хавдрын туяа эмчилгээнд дахин 20 жилийн дэвшлийг авчиржээ. Энэ талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Бид хожуу эхэлсэн ч чармайн ажилласны дүнд гурван жилийн хугацаанд туяа эмчилгээг дэлхийн түвшинтэй хөл нийлүүлэн хөгжүүлэх боломж бүрдлээ” гэж онцолсон юм.

IMRT (intensity modulat­ed radiotherapy) нь эрчмийг тохируулсан гурван хэмжээст конформал туяа эмчилгээг хийхэд зорилсан төхөөрөмж юм. Энэ нь цацрагийг хавдрын байн хэлбэр дүрсээр хэлбэржүүлэн 2-7 чиглэлээр тусган эмчилдэг аж. Улмаар хавдрын байг илүү нарийвчлалтай тодорхойлж, хэлбэржүүлсэн цацрагаа өөр өөр эрчмээр 9-19 чиглэлээр тусгаж, хавдрын байд өгөх цацрагийн тунг 10 Грэй хүртэл нэмэгдүүлснээр эмчилгээний чанар сайжирч, эдгэрэлт түргэсэхээс гадна хүндрэл, зовуурь, гаж нөлөө эрс багасдаг давуу талтай юм байна.

Тэгвэл VMAT (Volumet­ric modulated arc therapy) буюу эзэлхүүнт нуман туяа эмчилгээ нь мөн л шугаман хурдасгуур аппарат дээрээ түшиглэнэ. IMRT-ийн дараагийн шатны дэвшилтэт технологи VMAT нь эзэлхүүнт нум хэлбэрийн эргэлдэх хөдөлгөөнөөр эмчилгээг хийдэг тул эмчилгээний хугацаа IMRT эмчилгээнээс гурав дахин бага байх давуу талтай. Цацрагийг 200-600 өнцгөөр тусган эмчилдэг тул өндөр үр дүнтэй.

Цөмийн технологид суурилсан туяа эмчилгээ хийх гэдэг нь туяа эмчилгээний эмч,техникч, дозиметрист, эмнэлгийн физикч зэрэг олон мэргэжлийн багийн жигд, уялдаатай үйл ажиллагаагаар зохицууллагддаг нарийн, чимхлүүр, хариуцлагатай үйл ажиллагаа бөгөөд энэ чиглэлийн эмч мэргэжилтнүүдийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сурган чадавхжуулах ажлууд тасралтгүй хийгдсээр ирсэн юм.

Хорт хавдраар өвдсөн шаналсан хүмүүс эх орондоо дэлхийн хөгжилтэй орнуудад хийгддэг туяа эмчилгээнүүдийг хийлгэдэг болох боломжууд алхам алхмаар ийнхүү нэмэгдэж байна.


Энэ талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа.


-20 жил урагшлуулж наашлуулж байгаа энэ технологийг нэвтрүүлснээр хавдрын нөхцөл байдал сайжрах нь ээ?

-Хүн бүхэн баярлах учиртай үйл явдал тохиож байна. Учир юу гэвэл, туяа эмчилгээний хувьд манайх 40 жилээр хоцорсон байсан. 2019 онд шугаман хурдасгуур төхөөрөмжийг АНУ-аас оруулж ирсэн.Засгийн газар,Цөмийн энергийн агентлагийн тусламжтайгаар хоёр аппарат оруулж ирж байлаа. Тэгээд цахилгаанаас туяа эрчмийг үүсгэдэг уг аппаратын тусламжтайгаар ЗD конформалтуяа эмчилгээг хийж байв.Энэ нь туяа эмчилгээний хөгжлийн дөнгөж хоёр дахь үе л дээ.

Харин сүүлийн гурван жилийн хугацаанд бид дахиад 20 жилийн хоцрогдлыг ийн нөхөж байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахь шатнаас дөрөвдүгээр шатанд хүрсэн гэсэн үг. Тэрний цаана дахиад арван жилийн асуудал бий. Тэгвэл шугаман хурдасгуур дээр хэрэглэдэг аргачлал бүхий IMRTгэх төхөөрөмж нь эрчмийг тохируулдаг болнуман буюу VMAT нь ямар ч хавдрыг зай алдахгүйгээр эмчлэх юм. Урьд нь бид 3D-ээр бууддаг байлаа. Одоо 300 орчим өнцгөөс , тухайн хавдрын эсийг нэг ч шат алдахгүйгээр буудах юм. Ингэхдээ хажуу эрхтнийг гэмтээхгүйгээр буудах түвшинд хүрч байгаа билээ.

Туяаны өндөр тун өгөх бололцоотой болж байгаа юм. Учир нь хажуугийн эд эрхтнийг гэмтээчихвий гэж болгоомжлох шаардлагагүй. Тухайлбал, 10, 20 Грэй өгөх зэрэг өндөр тунгаар эмчлэх боломжтой юм. Одоогоор бид 1.8 Грэй өгдөг. Харин өндөр тунгаар буудсан тохиолдолд хажуу эрхтнээ гэмтээхгүй гэдэгтээ өндөр итгэлтэй болж байна аа гэсэн үг. Гэхдээ энэ үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд физикч, дозиметристууд, техникч эмч нарын төлөвлөлт болон цаг зарцуулалт маш чухал болж байгаа юм.

-Дээрх технологийг ашиглаад эмчилгээнд 11 хүн орсон гэлээ. Тэр хүмүүсийн биеийн байдал хэр байна?

-Үр дүн их сайн байгаа тул өнөөдөр бид итгэлтэйгээр нээлтээ хийж байна. Манай олон эмчлүүлэгч их баяртай байгаа. Ийм зүйлийг амьд дээрээ үзэх гэж хэлэх хүн цөөнгүй. Хамгийн гол нь ийм туяа эмчилгээг Монголд ойлгодог хүмүүс их ховор. Шинэ технологийг нэвтрүүлснээр улам боловсронгуй болж буйн илрэл юм. Өндөр тун өгөх бололцоотой болсон гэдэг нь их дэвшил юм. Учир нь урьд нь маш олон удаа туяа эмчилгээнд орж байдаг болсон бол энэхүү хугацааг багасгаж, цөөн удаа орж, эмчилгээ үр дүнтэй болох юм.

-Энэхүү технологийг дэлхийд хэдэн улс нэвтрүүлсэн байдаг вэ?

-Цөмийн энерги, туяа эмчилгээг Франц, АНУ, Япон, БНСУ олон оронд сайн хийгдэж байгаа. Хөгжиж буй улс орнуудын хувьд, манай Монгол Улс ч дээгүүрт орно. Дээрх технологийг ийнхүү нэвтрүүлснээр дэлхийд дээгүүр түвшинд хүрчихэж байгаа юм. Дараагийн алхам бол эдгээр төхөөрөмжүүдийг даатгалд бүртгүүлэх. Учир нь Монгол Улсад хавдрын эмчилгээ 100 хувь үнэ төлбөргүй иргэддээ хүргэдэг хуультай. Даатгалд хамруулчихвал эмчилгээний хүртээмж ч ихэсчихнэ. Урьд нь өвчтөнийг курс эмчилгээ хийлгэсний дараа л хяналтад оруулдаг байв. Одоо бол туяа эмчилгээнд орсон даруйд үр дүн өгсөн эсэхийг шууд үзэх боломжтой болж байгаа юм.

Боловсон хүчний тухайд?

-Монгол Улсад туяа эмчилгээ хөгжөөд 61 жил болж байна. Манай хавдар судлалын туяа эмчилгээний эмч нар Япон, ХБНГУ, БНСУ-д доктор, магистрын зэрэг хамгаалсан. Үүнээс гадна манай физикч инженерүүд, техникчид маань ч хилийн чанадад жил бүр сургалтад хамрагддаг. Хирошимагийн их сургуульд гэхэд удахгүй зургаан эмч мэргэжлээ дээшлүүлэхээр явна.

-Багаж хэрэгслийн хангамж хэр вэ?

-Туяаны тасаг нь техникч, физикч, дозиметрист зэрэг 40 гаруй ажилтантай. Туяаны тунг төлөвлөх, ямар эрхтнийг ямар хэлбэр дүрс, хэмжээгээр шарах, өвчтөний биеийн онцлог, эмчилгээг төлөвлөх зэрэг маш нарийн ажиллагаа шаардагддаг.

-Хошин урлагийн жүжигчид 200 гаруй сая төгрөгийн үнэтэй шинэ эхо аппарат Хавдар судлалын үндэсний төвд хандивласан. Монголд ийм төрлийн ганц аппараттай. Энэ нь хоёр дахь гэж мэдэгдсэний дараа олон нийтийн сүлжээгээр нэлээн шуугилаа. Гэтэл та сая удахгүй таван аппараттай болно гэж хэллээ. Энэ талаараа тодруулна уу?

-Энэ бол манай эмнэлгийн хувьд л даа. Улсын хэмжээнд хэд байдгийг сайн мэдэхгүй байна. Хошин урлагийн жүжигчдийн хандивласан төхөөрөмж бол хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж л дөө. Тэрнээс эхоны аппаратын өмнөх үеийн загварууд гэхэд ХСҮТ-д дөрөв, нийт 20 төхөөрөмж бий. Харин дээрх загварууд бол iPhone-аар харьцуулбал iPhone 14 л гэсэн үг л дээ. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар элэг, нойр булчирхай, хэвлийн эрхтнүүд, хөх зэрэг эрхтнүүдэд эрт илрүүлэг хийх, эмчлэх боломжтой.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Цагаагчин хонь өдөр DNN.mn

2022.7.17, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.17, Ням гараг
  • Наран ургах шингэх: 05.11-20.46
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгджээ DNN.mn

Долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Таац, Хөгшин Орхон, Бэлтэс, Хануй, Орхон, Онги, Зүүнтүрүү, Зэрстэй, Хурх голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна.

Мөн түүнчлэн Хөгшин-Орхон, Хархираа, Онон, Улз голын адаг болон Бэлтэс, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-40 см даван үерлэж харин Үүр-Цагаан гол үерийн аюултай түвшинд хүрч хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу долдугаар сарын 17-нд Туул-Лүн, Онги-Сайхан овоо, Онги-Арвайхээр 10-15 см орчим харин Хэрлэн-Өндөрхаан, Орхон-Өлзийт 5-10 см усны түвшин нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд нутгийн баруун болон төвийн зарим хэсгээр үргэлжилсэн болон түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон баруун, төвийн аймгуудаар урсан өнгөрөх гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд голын түвшин огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

Абэгийн аллагын сэжигтний ээж Эв Нэгдлийн сүмд 100 сая иен хандивлаж байжээ DNN.mn

Япон улсын ерөнхий сайд асан Абэ Шинзо өнгөрсөн долоо хоногт зэвсэгт этгээдийн халдлагад өртөж, амь насаа алдсан билээ.

Аллагын сэжигтэн болох 41 настай Тэцуяа Ямагами эхлээд ээжээс нь их хэмжээний мөнгө хандивт авч, гэр бүлийг нь дампууруулсан шашны байгууллагын тэргүүний аминд халдах төлөвлөгөөтэй байсан гэдэг.

Гэвч тэр сүүлд уг байгууллагыг дэмждэг гэсэн үндэслэлээр экс ерөнхий сайдын амийг бүрэлгэжээ. Сэжигтний авга ах өчигдөр Японы хэвлэлд ярихдаа Ямагамигийн ээж нийтдээ 100 сая иенийг ($721,000 орчим) Эв Нэгдлийн сүмд хандивласан болохыг баталсан байна.

Эв Нэгдлийн сүм нь 1954 онд Өмнөд Солонгост байгуулагдсан шашны байгууллага бөгөөд хүмүүсийн дунд Мүүний шашин гэж нэрлэгддэг. Тус байгууллага Японд 600,000 орчим гишүүнтэй томоохон салбартай юм байна. Гэр бүл нь 2002 онд санхүүгийн хувьд дампуурсан ч сэжигтний ээж бага хэмжээний мөнгийг сүмдээ цувуулан хандивласаар байсан гэнэ.

“Тэр сүмийнхээ маш идэвхтэй гишүүн болсон байсан. Түүний ухаан санаа бусдын хяналтад орсон байсан гэдэгт би итгэлтэй байна” гэж сэжигтний авга ах ярьжээ. 1984 онд эцэг нь амиа хорлосны дараа сэтгэл санааны хямралд орсон эмэгтэй 1991 оноос эхлэн Эв Нэгдлийн сүмд явах болсон гэнэ.

Ямагами эцгийнхээ адил толгой сайтай нэгэн байсан ч санхүүгийн боломжгүй учраас их сургуульд элсэж чадаагүйг авга нь ярьжээ. Тэрбээр 2005 онд амь насны даатгалын мөнгөө гэр бүлдээ өгүүлэхийн тулд амиа хорлохыг хүртэл завдаж байсан гэнэ. “Ерөнхий сайд агсан Нобусуке Киши сүмийн салбарыг Японд байгуулагдахад тусалж байсан. Тиймээс би түүний ач хүүг (Абэ) алсан юм” гэж Ямагами мэдүүлсэн тухай мөрдөн байцаалтын эх сурвалж мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас нийслэлд 18, орон нутагт долоон хүн гэмтжээ DNN.mn

Баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 675 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 392 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 18 хүн, Орон нутагт долоон хүн гэмтэж бэртэж нийт 25 хүн гэмтэж бэртжээ.

Ослын улмаас орон нутагт зургаан хүн нас барсан байна. Эдгээрийн нэг нь хүүхэд байжээ. Нийслэлд:

  • Явган зорчигч хэлбэрээр найман хүн гэмтсэнээс, дөрөв нь хүүхэд
  • Мөргөлдөх хэлбэрээр дөрвөн хүн
  • Мотоциклтой нэг хүүхэд гэмтсэн
  • Зорчигч гурван хүн гэмтэж бэртсэн байна.

Харин орон нутагт:

  • Мөргөлдөх хэлбэрээр таван хүн гэмтсэнээс нэг хүүхэд гэмтэж, таван хүн нас баржээ.
  • Мөн онхолдох хэлбэрээр хоёр хүн гэмтэж, нэг хүн өөд болсон байна.

Сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэхэд, 2022 оны долдугаар сарын 13-ны 11:05 цагт Төв аймаг Баян суманд Х.Саното-8 автомашин Т.Highlander автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч гурван хүн газар дээрээ нас барж, гурван хүн гэмтэж бэртсэн байна. Иймд иргэд та бүхэн орон нутгийн замд хурдаа тохируулж зорчихыг анхааруулж байна.

ТЦА-наас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 329 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол ес бүртгэгдсэнээс таван жолооч холбогдож, явганаар дөрвөн хүн зам тээврийн осолд өртсөн байна. Баяр наадмын өдрүүдэд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллаж байгаа аж.

Иймд наадмын өдрүүдэд орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэт ядарсан нойр дутуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн жолооч биш жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ӨМӨЗО-ы Улаанхадаас монгол бичигтэй хөшөө олджээ DNN.mn

ӨМӨЗО-ы Улаанхад хотод монгол бичигтэй хөшөө олджээ. Тус хөшөөг Их Юань улсын үеийн бүтээл хэмээн үзэж байгаа аж.

Хөшөөг ус дамжуулах хоолойн засвар хийх явцад олсон байна.

Судлаачдын үзэж буйгаар монгол их хаадын бунханы чулуу Хятадаас олдсон гэжээ. Улаанхад хотын Онниуд хошууны Борхотод ус дамжуулах хоолойн засвар хийх явцад олдсон их Юань улсын үеийн хөшөөнд “Дараач Жигүнтэйн явуулсан сайд үйлсийг ухуулхуй бий таш” гэж монгол бичгээр бичжээ. Тус хөшөөг Япон эрдэмтэн Тамура 1937 онд анх буулгаж аваад Mongolica сэтгүүлд нийтэлсэн ч уг хөшөө нь алдагдаад алга болсон бөгөөд ийнхүү санамсаргүй олдож буй аж.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 19-нд болно DNN.mn

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 101 жил, Дотоодын цэргийн 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Тодруулбал,

Categories
мэдээ үндэсний-бөx

“Дөрөв давсан бөхчүүдээс авсан шинжилгээг БНСУ руу илгээсэн” гэв DNN.mn

Наадмын өмнө УИХ-аас баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улсын баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Үүнээс өмнө тав давсан бөхчүүдээс шинжилгээ авдаг байсан юм. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Үндэсний их баяр наадмын тухай хуульд долоодугаар сарын 12-нд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар заасан. Энэ хууль журмынхаа дагуу дөрөв давсан бөхчүүдээс шинжилгээ авсан. Биеийн тамир, спортын улсын хороо, Олимпын хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран ажиллаж бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Допингийн эсрэг үндэсний байгууллага шинжилгээгээ Солонгост байдаг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Хариу нь тодорхой хугацааны дараа ирнэ. Лабораторийн ачааллаас болоод ирэх хугацаа нь хэлбэлздэг. Азийн орнуудад ковидын тархалт буураагүй байгаа учраас лаборатори нь ачаалалтай байгаа” гэлээ.