Categories
мэдээ цаг-үе

Ковидын 181 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Г.Ууганбаатар: “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хүний эрхийн гомдол,  мэдээлэл нэмэгдсэн

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 181 тохиолдол шинээр батлагджээ.

Энэ нь сүүлийн сар гаруйн хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн өндөр тохиолдол юм. Хамгийн сүүлд зургаадугаар сарын 4-ны өдөр 180 тохиолдол бүртгэгдэж байв.

зураг

Батлагдсан тохиолдлуудын

  • 143 нь Улаанбаатар хотод,
  • 38 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 932,058 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд хоёр, Дархан-Уулд долоо, Дорноговьд нэг, Орхонд нэг, Өмнөговьд 25, Ховдод гурав бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 105 хүн эдгэрсэн бол одоогоор 1,792 хүн хяналтад байна

Categories
мэдээ цаг-үе

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 89 хувиар өсчээ DNN.mn

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 20125 болж, өмнөх оны мөн үеэс 9530 89.9 хувиар өсээ. өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7527 (2.4 дахин),
  • хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1576 (45.4%),
  • хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 260 (82.8%),
  • хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 152 (60.8%)-оор өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 1015 болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар,

  • эмэгтэй хүн оролцсон хэрэг 2760 болж, 75.6 хувиар,
  • хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин,
  • согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3144 болж, 47.3 хувиар,
  • бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар,
  • мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 94 болж, 22.1% хувиар тус тус өсжээ.
Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Мөрдөн байцаалтын 1681 хэрэгт хяналт тавьж, 300 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллагаас мэдэгдэл гаргажээ

Прокурорын байгууллага 2022 оны 7 дугаар сарын 04-нөөс 7 дугаар сарын 08-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 38 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 288 даалгавар бичгээр өгсөн байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 1681 хэрэгт хяналт тавьж, 300 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165, Өмчлөх эрхийн эсрэг 57, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 11, Авлигын 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 6, Хүүхдийн эсрэг 3 хэрэг байна.

Мөн Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 13, Эдийн засгийн болон Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг тус бүр 1-ийг шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Тус барилдааны үеэр

– Шүхэрчдийн үзүүлбэр,

– цагдаагийн тусгай тасгийн үзүүлбэр

– гардан тулааны үзүүлбэр

– нохой сургуулийн үзүүлбэр

– урлагийн тоглолт

– бусад үзвэрүүд болох аж.

Уг арга хэмжээ үзэгчдэд үнэ төлбөргүй.

Categories
мэдээ цаг-үе

​Дуудлага худалдаагаар худалдах улсын дугааруудыг зарлалаа DNN.mn

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам” -ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.

1. Дуудлага худалдаа болох хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд

2. Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn

3. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:

➢000А,АААА 2,000,000 /хоёр сая төгрөг/,

➢00А0,0ААА,А000,00АА,0А00 500,000 / таван зуун мянган төгрөг/,

➢ 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ, бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 / нэг зуун мянган / төгрөг

4. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./

5. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд бид амарч чадсан шигээ ажиллаж чаддаг байх хэрэгтэй DNN.mn

Наадмын дараа монголчуудын их амралтын үе эхэлдэг. Бүгд л приусээ унаад хөдөө гадаа аялал зугаалга гээд алга болно. Энэ нь ч буруу юм биш. Монгол бол жилийн дөрвөн улирлын бараг гурван улирал нь хүйтэн сэрүүн байдаг, аравдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын сүүл хүртэл янгинатал хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай орон. Тиймээс наадмын дараах зурвасхан үед амарч, бүтэн жилийн алжаал ядаргаагаа тайлж, рашаан усанд орж, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялж зугаалах нь зүйн хэрэг. Эх орныхоо байгалийн сайхныг үзэн сэтгэлийн цэнгэл амсаж, эцэг өвгөд ижий аавынхаа нутгийг зорих нь юуны буруу байхав.

“Энэ улс оронд чинь ажил хийдэг хүн гэж алга. Бүгд амарч зугаалаад тэнээд явчихлаа. Эх орон чинь сүйрлээ” гэх хуучны хэнхэг үг бий. Мөн “Наадмын дараа намар” гэж ирээд л төрийн тэргүүнээсээ аваад хэн хүнгүй хий хоосон үглэнэ. Сүүлийн 30 гаруй жил ингэж худлаа улиглацгаан, ард олны амарч зугаалахыг хорьж, социализмын үеийн сэтгэлгээгээр явж ирсний үр дүнд юу гарав. Ёстой юу ч өөрчлөгдөөгүй, наадмын дараа намар гэсэн сануулга эцэстээ улиг болж, бидэнд хийж бүтээсэн зүйл гэж алга. Хуучны энэхүү улигт лоозонгийн сэтгэлгээнээс салж ард түмэн амардгаараа амарч, ажиллах нэг нь ажилладгаараа ажиллаж, амьдралын шинэ горимд хэвших цаг нь болжээ. Харин монголчууд бид амарч чадсан шигээ ажилладаг байх хэрэгтэй. Наадмын урт амралтыг далимдуулан амралтаа аваад долоо, наймдугаар сард нийтээрээ амарч дэлгэр зуны цагт байгалийн сайханд жаргасан шигээ ес, аравдугаар сараас бүгд ажилладаг байх хэрэгтэй.

Тэгэхдээ зүгээр нэг ногоо цагаа хураах, хадлан бордоо бэлтгэн, хашаа саравч янзлах, эс бөгөөс бордюр шинэчилсэн, замын хучлага хийсэн төдийхнөөр аргацаах биш улс орны оршин тогтнох тусгаар тогтнолын баталгаа болсон орчин цагийн зэвсэг техник, хөгжил дэвшлийн талбарт хүчээ сорих нь зүйтэй. Үндсэндээ оюун ухаан шингээсэн хөдөлмөр хийдэг болох хэрэгтэй байна. Дэлхий дахин аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал болох хиймэл оюун ухаан, ухаалаг робот, 3 хэмжээст хэвлэл, виртуал хийсвэрлэл, үүлэн тооцооллын систем ярьж байхад бид алийн болгон эсгий таавчиг хийснээ гайхуулж суух вэ. Төр засаг залуучуудаа бодлогоор оюуны салбар руу техник технологи, компьютер, инженерчлэлийн салбар руу зоригтой оруулах цаг нь болсон. IT-гийн чиглэлээр дэлхийн супер сургуулиудад боловсрол эзэмшсэн монгол залуус олон бий. Амазонд ажилладаг Амарбаяр гэж залууг таван жилийн өмнө бид биширч байсан бол түүн шиг маш олон залуучууд өнөөдөр бий болсон.

Мөн Англи, Америк, Японы инженерчлэлийн талбарт монгол хүний оюуныг бишрүүлж байгаа залуучууд олон. Энэ бүгдийг төр засаг бодлогоор зангидаж, инженер технологийн чиглэлийн залуусыг баг болгож Монгол Улсын хөгжлийн концевцоо тодорхойлон тэдний гарт атгуулах хэрэгтэй. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдсэн тухай бүгд л шуурч, цахим ертөнцөд төр засгаа зүхэж байна. Бид бензин шатахууны хувьд бусдаас хараат байхаа больё гээд зүтгэхэд гарц олдож л таарна. Шатахуун хэрэглэхгүй машин бүтээх, үндсэндээ зайгаар явдаг машин хийх гээд үзье л дээ. Сая наадмын парадад байлдааны хуягт машин угсраад явуулсныг харахад болмоор санагдсан. Физикийн шинжлэх ухааны доктор Х.Цоохүү “Африкийн халуун орнууд тэмээгээ цахилгаанаар саах хэрэгсэл бүтээсэн. Үүн шиг монголчууд үнээгээ цахилгаанаар саах бүрэн боломжтой. Үнээний хөх зөөлөн учир цахилгаан хэрэгслийн хувьд маш бага эрчим хүч зарцуулна. Саалтуурынх нь технологийг гаднаас авч таарах байх, гэхдээ бусад хэрэгслийг нь бид өөрсдөө, яваандаа бүгдийг дотооддоо угсрах хүчин чадалтай болно. Ингээд нар салхины эрчим хүчийг ашиглаад үнээгээ цахилгаанаар саадаг болъё. Физик технологийн хүрээлэнгийн Сарантуяа гэж эрдэмтэн литийн йоны батарей буюу хар тугалга оролцоогүй зоосон батарей хэдэн жилийн өмнө хийсэн. Төр засгаас бодлогоор дэмжээд өгвөл монголчууд автобус, машин монголдоо угсрах, яваандаа машины батарей хийх боломжтой” гэдгийг хэлсэн.

Бид машин угсрахаас гадна хамгийн гол нь дронтой болох нь чухал. Жижиг оврын нисэх онгоц өнөөдөр цөмийн зэвсгээс илүү дэлхий дахиныг цочроож буйг Туркийн нисэгчгүй дрон bayraktar-аас бид харж байна. “Дэлхийн нийтийн анхаарлыг татаад байгаа Туркийн байрактар дрон бензин мотортой. Украйнчууд моторыг нь хийдэг. Жижиг загварын онгоц гэсэн үг. Бидний хувьд Украйнаас моторыг нь худалдаж аваад Туркийн байрактар шиг дрон Монголдоо угсраад нисгэх боломж байгаа. Хэдэн жилийн өмнө Механик инженерийн сургуулийн оюутнууд багштайгаа нийлж хувийн машин тэргээ зараад 40 мянга билүү, 50 мянган ам.доллараар жижиг загварын онгоц угсарч Яармагийн дэнжид нисгэж байсан. Харамсалтай нь удирдлагад нь алдаа гарч өнөөх онгоц нь тэр чигээрээ нисээд алга болчихсон, буцаж ирээгүй. Механик инженерийн сургуулийн багш оюутнууд өмнө нь тэгж жижиг оврын онгоц буюу дрон угсарч нисгэсэн туршлагатай учир бидэнд боломж бий” гэж МУИС-ийн Электроник холбооны инженерчлэлийн тэнхимийн профессор Б.Ганбат хэлж байна.

Бид Чингисийн Монгол гэж бахархдаг. Энэхүү бахархлын цаана Чингисийн Монгол шиг хүчирхэг байх бодол хүн бүхэнд төрдөг нь мэдээж. Хэрвээ тэгж бодож бахархаж бахдаж байгаа бол бүгдээрээ Чингисийн Монгол шиг баян, хүчирхэг баймаар байна. Тийм байхын тулд ерөөсөө ажиллаж хөдөлмөрлөж, баялаг бүтээж, мөнгө олохын төлөө зүтгэх хэрэгтэй. XIII зуунд монголчууд тэр олон зэвсэг техникийг өөрсдөө хийж бүтээж байж, үйлдвэрлэгч гүрэн байж, хамгийн гол нь зэвсэг техникийн хувьд бусдаас хараат бус байж дэлхийн дайдыг эрхшээж байсан нь мэдээж. Эр бяр хүч тэнхээнээс гадна оюун ухааны хувьд хүчирхэг байснаараа дэлхийг сөхрүүлж байсан гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг. Яг л Чингисийн Монгол шигээ Монгол Улс дахин хүчирхэг болох хэрэгтэй байна. Дээр өгүүлсэнчлэн IT, инженер чиглэлийн залуусаа бодлогоор зангидаж, хөгжлийн гол тулгуур бодлогоо тэдний гарт атгуулж төсвийн мөнгөнийхөө тодорхой хувийг тэдэнд зориулж, хийж бүтээхийг хариуцлагатайгаар шахан шаардах хэрэгтэй байна. Хөдөө сум болгонд соёлын төв барихаас аваад зах замбараагүй зүйлд мөнгө зардгаа больж, улс орныхоо ирээдүйн төлөө, хамгийн гол нь техник техонологийн хөгжил бүр тодруулбал, нано технологи био технологид мөнгө зардаг болъё. Тэгж байж улс орон хөгжинө. Шинжлэх ухаан ямар хэрэгтэйг, инженерүүд улс орны хөгжлийн тулгуур гэдгийг ард нийтээрээ мэдэх болно.

Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалтай бид хөл нийлүүлэх боломж бий. Гаднаас худалдаж авч буй энэ олон трактороо автомат удирдлагатай болгочиход болно. Автоматаар удирдаад тухайн трактор болон техникийн хэрэгсэлд заавал жолооч байх хэрэггүйгээр газраа хагалаад, намар нь тариагаа хураагаад авчих боломжтойг мөн эрдэмтэд хэлж байна.

Ингэж бид бүхэн техник технологийн хувьд хувьсгал хийж, хөгжлийн бодлогодоо эрс эргэлт оруулахгүй бол одоогийнх шигээ алийн болгон хоёр хөршдөө могдорлуулсан, бусдаас царай алдсан, бүх зүйл нь гаднаас хараат ийм үхээнц дорой ард түмэн байх вэ. Амарч ч чаддаг, амарсан шигээ бүгд ажиллаж чаддаг, монгол хүн гэдгээ дэлхий дахинд бахархалтайгаар зарласан хүчирхэг ард түмэн болохын төлөө хүн бүхэн зүтгэх цаг нь иржээ. Хамгийн гол нь төр засаг хөгжлийн бодлогыг зангидсан оюун ухааныг дээдэлсэн тусгай хөтөлбөр боловсруулж, техник технологи инженерчлэлийн залуусыг нэгэн дор цуглуулах нь чухал

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний ногооны тариалалт 15 хувиар өсчээ DNN.mn

Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийн зээл олгоно

Улсын хэмжээнд энэ сарын эхний 10 хоногийн байдлаар үр тариа, төмс, хүнсний ногоо нийт 581 мянган га талбайд тариалжээ. Энэ нь өмнө оны мөн үеэс 10 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин техникийн ургамал 20 хувь, хүнсний ногооны тариалалт 15 орчим хувиар өссөн талаар ҮСХ-ноос мэдээллээ.

ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар тариалсан талбайн 85.7 хувь буюу 290.6 мянган га талбай хээрийн соёололтоор сайн үнэлгээ бүхий үзүүлэлттэй гарчээ. Энэ жил цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтыг 5 дугаар сарын 3-наас эхлүүлж, тариалалтыг технологийн хугацаанд буюу 17-24 хоногт багтаан гүйцэтгэсэн байна.

Энэ жил 339 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс тариалан бүхий ААН, иргэд 142 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийжээ. Цаашид салбарын яамнаас:

  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, шаардагдах шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодисын нөөцийг бүрдүүлж, тасалдалгүй хангах ажлыг үр дүнтэй зохион байгуулах,
  • эрт ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, агуулах зоорь бүхий ААН-үүдтэй хамтран хэрэгжүүлэх,
  • байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, дэвшилтэд техник, технологийн шинэчлэлийг эрчимтэй, иж бүрэн нэвтрүүлж, нутагшуулах,
  • таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах, сэлгээний болон шинэ таримлын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв.
Categories
мэдээ цаг-үе

Гашуунсухайт боомтоос Хятад руу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж эхэллээ DNN.mn

Гашуунсухайт хилийн боомтод AGV/Automatic Guided Vehicle/ буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг 2022 оны долдугаар сарын 16-ны өдрөөс амжилттай туршин, экспортын нүүрсийг гаргаж эхэлжээ. Ингэснээр Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ.

Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдрийн 11:10 цагийн байдлаар 20 машин 40 чингэлэг нүүрс экспортод гаргажээ.
зураг

ЗТХЯ

Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж буй нь энэ юм. AGV нь нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байна.

Цаашид уг технологийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлэх хэлэлцээг Хятадын талтай хийх тухай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлж байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Цогтгэрэл: АИХ байгуулснаар төрийн тогооны цоорхойг бөглөж, хуулийн завхралыг цэгцлэх ёстой DNN.mn

Монгол Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-ҮХНӨ оруулах эсэх асуудлыг олон нийтээр хэлэлцүүлж байна. Та уг асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-ҮХНӨ оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Учир нь 2019 онд оруулсан ҮХНӨ нэлээд дутуу дулимаг хийгдсэн нь нийгэмд дахин цогц шинэчлэл хийх шаардлага байгааг харуулж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг иргэдийн 85-90 орчим хувь нь дэмжиж байна. Энэ бол нийгмийн захиалга. Үүнд эрх баригчид соргогоор хандаж, уг өөрчлөлтийг хийх хэрэгтэй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ямар ямар асуудлыг тусгах нь зүйтэй хэмээн үзэж байна вэ?

-Гурван чухал асуудал бий. Нэгдүгээрт, эдийн засгийн бүлгийг нэмж оруулах, хоёрдугаарт, орон нутагт намчирхалыг саармагжуулах чиглэлд бас нэгэн заалт хэрэгтэй. Гуравдугаарт, УИХ-д ялж, олонх болсон намаас томилогддог байгууллагуудын хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд хэрэгтэй. Дээр дурдсан асуудлууд ганц нэгхэн заалтуудаар хязгаарлагдахгүй нь мэдээж Тэр дундаа эдийн засгийн асуудал нэлээд өргөн хүрээнд яригдана. Түүнчлэн УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдэд ҮХНӨ оруулах асуудлаар танилцуулсан сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх, мөн Ерөнхийлөгчийн томилгооны асуудлууд бий. Миний тухайд сонгуулийн пропорционал тогтолцоог Сонгуулийн хуулийн хүрээнд ашиглах боломжтой хэмээн нээлттэй орхих бус хуульчлах шаардлагатай гэж үздэг. Бид ийнхүү сонгуулийн тогтолцоогоо пропорционал байхаар хуульчилж, бөхөлж өгвөл олон шинэчлэлийн эхлэл тавигдана. Мөн Ерөнхийлөгч УИХ ба өргөтгөсөн байдлаар буюу бүх шатны ИТХ-ын тэргүүлэгчдийн өргөн оролцоог хангах ёстой. Үүний тулд анхан шатны иргэдийн хурал нь улс төрийн намын оролцоогүй зөвхөн иргэдээсээ байгуулагдсан байх ёстой.

-Одоо ч анхан шатны ИТХ иргэдээсээ бүрддэг шүү дээ?

-Хэлбэрийн хувьд тийм боловч агуулгын хувьд иргэдийн хурал гэж байгаа ч намуудын хурал болоод хувирчихсан шүү дээ. Энэ байдлыг халж “жинхэнэ” иргэдээсээ сонгогддог анхан, дунд шатны ИТХ-тай байж, түүний төлөөллөөр дамжуулж Ерөнхийлөгчөө сонгоход Үндэсний эрх ашгийг хангалттай төлөөлөх бололцоо бий болно. Магадгүй анхан шатны ИХТ-ийн дарга нараас бүрдсэн, мөн сонгогддог, томилогддог дарга нараас бүрдсэн Үндэсний эрх ашгийг хамгаалах төлөөлөгчдийн танхим буюу Ардын их хурлыг байгуулж болно. Уг асуудлыг ярихын тулд хоёр танхимын асуудал яригдана. Гэхдээ уг төлөөлөгчдийн танхим бүх хуулийг хэлэлцэж баталдаг биш, зөвхөн ёсчилдог эсвэл хориг тавьж буцаадаг байж болно. Мөн УИХ, Засгийн газраас байгуулагддаг зайлшгүй хараат бусаар ажиллах шаардлагатай Монголбанк, АТГ, Ерөнхий Прокурор, Ерөнхий шүүгч, Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл, СЕХ, Аудитын Ерөнхий газар зэрэг байгууллагуудын удирдлагыг томилох эрх нь Ардын их хуралд байх ёстой хэмээн үзэж байна. Үүний үр дүнд манай улсад парламентат ёс жинхэнэ утгаараа бэхжих юм. Хамгийн гол нь өнөөгийн нийгэмд үүсээд байгаа шударга бус байдал, авлига, хээл хахуулиас ангижрах бололцоо бүрдэнэ. УИХ-аас одоо яригдаад байгаа ҮХНӨ-ийн хүрээнд асуудлыг авч үзвэл Монголд шударга ёс тогтож, авлигаас салахгүй, төгрөгийн ханш тогтворжихгүй, гадаадын өр багасахгүй. Одоогийн яригдаж байгаа өөрчлөлтүүдийг хийснээр нийгмийн хүсэн хүлээсэн өөрчлөлт бий болох уу, үгүй юу. Эерэг хариу гарахгүй л байгаа. Үүнийг эрх баригчид ойлгож байгаа байх. Зөвхөн намын эрх ашгийг бодох биш Үндэсний эрх ашгийг бодох түүхэн цаг үе тулгараад байна.

-Иргэд төрийн данхар байдлыг халж, цомхон чадварлаг байхыг шаардаж байна. Энэ үед хоёр танхим байгуулж, Ардын их хурал байгуулах зэрэг асуудал хөндөгдөхөөр эрх мэдэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх нь гэсэн хардлагатай байх шиг байна?

-Шууд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярихаар нийгэмд гарцаагүй иддэг, уудаг, эрх мэдэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх нь гэсэн ойлголт бий болж байгаа юм. Манай Монгол Үндэсний Ардчилсан намын болон бусад төр, нийгмийн зүтгэлтнүүдийн дэвшүүлж байгаа хоёр танхимтай болох, АИХ байгуулах тухай асуудалд ямар ч идэж, уух, эрх мэдэлд хүрэх тухай асуудал хөндөгдөхгүй. Учир нь тус АИХ жилдээ хоёр удаа ч юм уу, шаардлагатай үед зарлаад хуралдуулах хурлын тухай яриад байгаа юм. Хоёрдугаарт, уг АИХ-ыг байнгын үйл ажиллагаатай болговол хяналтын чиг үүрэгт нэлээд шилжүүлэх учиртай. УИХ-ын бүрэн эрхт “хуулийн хэрэгжилтийг хянах” хэмээн заасан. Уг асуудал бүрэн орхигдсон. Одоо амьдралд нийцэж, хэрэгжих, хэрэгжихгүйгээс үл хамаараад 800 гаруй хууль баталчихаад байна. Тиймээс бодит байдал дээр хуулийн хэрэгжилт ямар байгаа, төрийн өмч, төсөв санхүү ямар байгааг хянадаг шалгадаг газар алга. Тиймээс АИХ-аас хяналтын хороо байгуулагдвал төрийн өмчөөс, улсын мөнгөнөөс өөрийн мэт идэж, уудаг урт гартнуудын тоо багасаж, цаашлаад манай улс хөгжлийнхөө зөв гольдролд орох юм. Харин одоогийн үрэлгэн зардал, хяналтгүй идэж уудаг байдлыг хоёр танхим ажиллахтай харьцуулахад тэмээ, ямаа, тэнгэр газар шиг зүйл л дээ.Тиймээс “Бог өгч байгаад бод иднэ” гэдэг шиг АИХ байгуулж, төрийн тогооны цоорхойг бөглөж, хуулийг завхралыг цэгцлэх ёстой.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоогоо өөрчилснөөр олон намын төлөөлөл төрд гарах боломжтой хэмээн үзэж байгаа. Үнэхээр пропорционал тогтолцоонд шилжснээр олон намын төлөөлөл төрд суух боломж бүрдэх үү?

-Ер нь бол гудамжинд хэрэлддэг биш, ордонд ороод хэлэлцдэг, мэтгэлцдэг, мэдлэг оюун, бодлогоороо уралддаг байх нь зүйтэй. Энэ үүднээсээ олон намын төлөөлөл парламентад суух эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Хоёрдугаарт, гадаад дотоодын олон хүчин зүйлийг харахад парламентын засаглалаа бэхжүүлэх шаардлага нэгэнт бий болчихсон байна. Парламентын засаглалыг бэхжүүлдэг үндсэн хоёр элемент нь улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо. Дан пропорционал биш шүү. Манай нам холимог тогтолцоог дэмжиж байгаа. Мөн пропорционал тогтолцоо улс төрийн намуудыг хөгжүүлдэг. Парламентын засаглалыг бэхжүүлдэг дараагийн бас нэг зүйл нь улс төрийн намууд. Манайд улс төрийн намууд огтхон ч бэхжээгүй байна. МАН-ын үндэс сайн тавигдаж, 100-н жилийн нүүр үзсэн учраас оршин тогтноод байгаа болохоос биш яг бодлогын нам болж чадаагүй л байгаа. Боловсон хүчин, судалгаа шинжилгээний хувьд болоогүй л байна. Сонгуулийн тогтолцоогоо пропорционал тогтолцоогоор өөрчиллөө гээд шууд л 5-6 намын төлөөлөл төрд ороод суучихна гэж бодохгүй байна. Эрх баригчдын хүсэл зоригоос ихээхэн хамаатай. Хэрэв намуудын босгыг нэг хувь болговол 4-5 намын төлөөлөл орж ирнэ. Үгүй бол бахь байдгаараа л байна.

-Том намуудтай харьцуулахад жижиг намууд мөрийн хөтөлбөр, үнэт зүйл, үзэл баримтлалаа иргэдэд танилцуулах боломж хомс шүү дээ. Жижиг, том нам байхаас үл хамаарч, ижил тэгш байдлаар олон нийтэд өөрсдийгөө танилцуулах боломж бий юү?

-Сонгуулийн тогтолцоо, санхүүжилтээс шууд хамаарна. Сонгуулийн тогтолцоо пропорционал болсон тохиолдолд намууд төлөвших суурь бий болно. Хоёрдугаарт,намууд мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулахад төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт олгодог, шуудангийн зардлыг нь даадаг гэх мэт санхүүгийн хөшүүрэг бий болсон цагт л бодитойгоор олон намын тогтолцоо руу явна. Жижиг гэлтгүй намууд төлөвшинө. Бид асуудлыг биеийн хэмжээгээр сэтгээд байна. Динозавр байгаад жижиг толгойтой байх уу, эсвэл шонхор шувуу шиг хурдтай байх уу гэдэг өөр асуудал.Том багаасаа илүүтэй ухаан бодлоо уралдуулж, тооцоо судалгааны үндсэн дээр боловсруулсан мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг байгаасай л гэж бодож байна.

-Гишүүд давхар дээлтэй байхыг дэмжих үү?

-Ямартай ч үндэсний эрх ашиг засаглах Ардын их хуралтай болсон тохиолдолд давхар дээлтэй Бага хурал байж болох юм. Тэр тохиолдолд хяналт тавих боломж бүрдэнэ. Үгүй бол хянах механизм байхгүй тохиолдолд давхар дээлтэй байна гэдэг бол төсвөө өөрөө батлаад, өөрөө зарцуулаад, өөрөө түүнийгээ хянана гэсэн үг. Энэ бол аль ч оронд байдаггүй, хэрэгждэггүй, шударга ёсыг тогтоодоггүй систем. Зарим нэг хүмүүс бусад оронд парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг хэмээн тайлбарладаг. Энэ бол парламент нь 600-700, 400-500 гишүүнтэй орнуудад л байдаг. Гэтэл манайх шиг нийт парламентын гишүүдийнх нь 20-25 хувь нь парламентын гишүүн болчихоор УИХ-аа базчихаад байдаг талтай. Үүнээс үүдэж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой DNN.mn

2022.7.19, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 21

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР
НЭГГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.19, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 05.13-20.44
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.