Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Аюурзана: Эх орноо хамгаалахаар явсан хүү минь насаараа хэвтэрт байх магадлалтай болчихлоо DNN.mn


ГовьАлтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214 дүгээр ангид 2022 оны зургадугаар сарын 23ны өдөр хугацаат цэргийн алба хаагч А.Алтангэрэл гэмтсэн хэрэг гарчээ. Уг хэрэг юунаас болсон, яагаад гэмтэв гэдэг талаар түүний аав Д.Аюурзанатай ярилцлаа.


-Хүү тань хэзээ цэрэгт татагдсан юм бэ?

-Миний хүү 2022 оны тавдугаар сарын 2-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдсан. Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангид татагдан очоод зургадугаар сарын 12-ны өдөр Тангарагийн баяр нь болсон юм.

-Хүүгийнхээ Тангарагийн баяраар нь эргэж очсон уу?

-Очилгүй яах вэ. Бахархаж зогссон.

-Тангарагийн баярын үеэр бөхийн барилдаан болсон гэсэн үү?

-Тангарагийн баярын үеэр бөхийн барилдаан болдог юм билээ. Тэр барилдаанд 32 бөх барилдаж, манай хүү үзүүрлэсэн юм. Түрүүлсэн бөх нь Дагвадорж гээд Алтай сумын цэрэг.

-Хүү тань бэртэх үед ямар үйл явдал, хэзээ болсон юм бэ?

-2022 оны зургадугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш манай хүүг өөр гурван цэргийн хамт үхэр саа гээд явуулсан юм билээ. Хоёр нь түрүүлж дуусаад явчихсан. Манай хүү үхрээ сааж дуусаагүй байтал бөхийн барилдаанд түрүүлдэг Дагвадорж гэж хүү дуудсан гэсэн. Хүү маань цуг байсан цэрэгтэйгээ хамт очтол тамхи нэхээд жаахан хэг ёг хийсэн юм шиг байна лээ. Тэгтэл хоёулаа нэг барилдчихья гээд хоргоогоод эхэлсэн гэсэн. Үгүй гээд нэлээд дургүйцсэн ч хоргоогоод салахгүй болохоор нь “За тэгвэл ганц л барилдана шүү” гээд барилдсан. Тэгээд л хүү маань баруун хөлийг нь авчихсан юм байна лээ. Гэтэл өмднийх нь ард талаас аваад хойш давуулаад шидчихсэн. Түүнээс хойш манай хүү ухаан алдаад хэсэг хугацаанд юу болсныг санахгүй байгаа. Тухайн цэрэг өөр газар склад цэвэрлэж байсан юм шиг байна лээ. Тэндээсээ жорлон орчихоод ирье гэж яваад жорлондоо ч ороогүй үхэр сааж байгаа цэргүүд дээр очоод өдөж хоргоож эхэлсэн байдаг.

-Тухайн үед цэргүүдээс өөр хүн тэр хавьд нь байгаагүй юм уу?

-Байгаагүй. Тэр Дагвадорж нь миний хүүгээс биерхүү. Арагш давуулж шидэхэд нь толгойгоороо эгц доош унахдаа хүзүүгээрээ эвгүй дарсан юм шиг байна лээ.

Түүнээс болоод хүзүүний хоёр үе мултарсан. Хүзүүний эргэн тойронд бэхэлгээ гэж зүйл байдаг гэнэ лээ. Тэр нь бүгд тасарсан гэсэн. -Дагвадорж гэдэг цэрэг нь хуучин оны хал цэрэг үү. Ямар учраас хүүг тань өдөж хоргоосон юм бол?

-Үгүй. Хуучин оны хал цэрэг байгаагүй. Нэг оны цуг цэрэгт татагдсан хүүхдүүд. Бөхийн тэмцээнд манай хүүг үзүүрлэхэд л ямар нэгэн зүйл бодсон байж магадгүй л гэж санаад байгаа.

-Тухайн үйл явдал болсны дараа юу болов. Сумын төвөөсөө цэргийн анги хэдэн км-ын зайтай вэ?

-Хүүг маань хэсэг ухаан алдаад сэрэхэд 2-3 цэрэг дамжлаад цэргийн ангийн үүдээр гаргаж байсан гэсэн. Отрядын төвөөсөө байршиж байсан анги нь 150-иад км-ын зайтай юм шиг байна лээ. Тэгэхээр манай хүүг 50-иад км газар ямар ч хүзүүний бэхэлгээгүй, суугаагаар нь авч явсан.

-Ямар машинаар авч явсан юм бол?

-Хотод ирэхдээ 150 гэж машинтай ирсэн. Бодвол тэр машинаараа л зөөвөрлөсөн байх.

-Отрядын төв дээр очиход хамгийн анх ямар эмч тусламж үзүүлсэн юм бэ. Ямар нэгэн дүгнэлт хэлсэн үү?

-Тухайн үед нь шинэ эмч ирчихсэн байсан. Ирээд 2-3 хоносон юм уу даа. Ажлаа хүлээж авангуут ирлээ гэж тэр эмч нь ярьж байсан л даа. Тэгээд сумынхаа эмчтэй холбогдоод аймаг руу явах шаардлагатай гээд шууд аваад явсан байна лээ.

-Аймаг руу дахиад хэдэн км ямар байдалтай, яаж авч явсан юм бэ?

-Аймаг руу бараг 450 км газар бас тэрхүү машинтайгаа шороон замаар сэгсчүүлээд л аваад явсан. Зам нь бол аймшигтай.

-Цэргийн ангиас хүүгийн тань тухай мэдээлэл хэзээ та бүхэнд өгөв?

-Бид малаа дагаад хөдөө байдаг улс. Манай хадам ахынх аймгийн төв дээр байдаг. Эхлээд Алтангэрэлийн гар нь хугарчихлаа гэж хэлсэн гэсэн. Тухайн үед буруу дуулсан ч байж магадгүй. Тэгээд сумаас манай руу хүн явуулсан. Бид хоёр хэл аваад очих гэсээр байтал нэлээд удсан. Аймаг орох замд Төгрөг суманд Майнтын сайр гэж даваа байдаг. Тэнд уулзья гэж тохирсон. Тэгээд эхнэр бид хоёрыг тэр даваан дээр очиход түрүүлээд явчихсан байсан. Бид хоёр араас нь аймаг дээр очиж уулзсан. Очиж уулзахад тэргэнцэр дээр суучихсан. Хоёр гараа цээжнийхээ эгц хажууд нугалаад өргөчихсөн. Буулгаж болохгүй. Буулгахаар өвдөөд байна. Гар ч хүрч болохгүй хүрэхээр өвдөөд байна гээд хүргэхгүй. Хүзүү нь бэхэлгээтэй угтсан.

-Хотод хэзээ ирэв. Ямар эмнэлэгт хүргэсэн бэ?

-Аймагт очоод Гантөмөр эмчээс зөвлөгөө аваад шууд хот руу ирсэн. Ямар нэгэн онош тавиагүй эхлээд онош тодруулахаар явлаа гэж эхнэр хэлсэн. Хотод ирээд шууд Гэмтэл согог судлалын эмнэлэгт очсон. Энэ бүх хугацаанд би хүү эхнэр хоёртойгоо хамт байж чадаагүй. Эмнэлгийн машинд нь намайг багтахгүй гээд араас нь автобусаар очсон.

-Энэ хугацаанд тухайн цэргийн ангиас тантай холбогдсон уу?

-Хилийн цэргийн эмнэлэг хариуцсан дарга гэсэн байх аа Баярсайхан гэж хүн ярьсан. Гэмтлийн эмнэлэг рүү очиход урдаас нь тосон авсан юм байна лээ. Хотод ирэхэд тав дахь өдрийн орой байсан. Тэгээд хагас, бүтэнсайн, нэгдэх өдөр өнжөөд бүтэн 3-4 хоног хүлээлгээд “Наад хүүхдээ хурдан хагалгаанд оруулаад өгөөч” гэж гуйсаар байгаад гурав хоногийн дараа хагалгаанд орсон. Тэр хугацаанд нугасанд нь ямар үхжилт явагдсан, яасныг бид мэдэхгүй шүү дээ.

-Хүүг тань гэмтээсэн цэрэг, ар гэрээс нь холбогдсон уу?

-Холбогдох битгий хэл хүүг минь гэмтээсний дараа сумын наадамд түрүүлсэн гэж анги цэргийнхээ фэйсбүүк, интернэт хуудсанд тэр хүүхдийн зургийг тавьж бахархан алга ташиж байна. Энэ үнэхээр биднийг дорд үзэж даапаалсан асуудал гэж үзэж байгаа.

-Одоо хүүгийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Ямар ч байсан хөл дээрээ босох нь босож байгаа. Зүүн хөл нь жаахан чирэгддэг. Үе үе мэдээ алдаж нурж унаж байна. Хоёр гар нь мэдээ султай. Баруун гарын эрхий, долоовор хоёр хуруу нь халбагаа барих төдий. Арьс нь нүүгээд шуунд нь хүрэх төдийд л часхийж өвддөг гэсэн. Намайг эмнэлэг рүү ерөөсөө оруулахгүй байгаа. Утсаар ярихаар л “Аав миний шуу өвдөөд байна” гэдэг. Эргэлт оруулдаггүй. Нугасны мэдрэлээ дагаад үхжилт явагдаж байдаг юм биш байгаа. Хурууны үзүүрээсээ эхлээд өнгө алдаж, арьс хууларч байгаа гэсэн.

-Одоо хүү тань аль эмнэлэгт байгаа вэ?

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг рүү долдугаар сарын 4-ний өдөр шилжүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орчихоод Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт очсон.

-Үйл явдал болсноос хойш нэг сарын хугацаа өнгөрч байна. Та энэ хооронд хаана хандав?

-Үндсэндээ сарын хугацаанд би хүлээсэн. Цэргийн анги нэгтгэлээс нь, Хилийн цэргийн удирдах газраас, зэвсэгт хүчний байгууллага өөр ямар цэрэгтэй хамааралтай газар байдаг юм тэр бүгд бидэн рүү ядаж нэг залгаад уучлал гуйгаад, тусалж дэмжье гэх болов уу гэж. Миний хүү эв эрүүл, сав саруул эх орондоо зүтгэнэ гээд, цэргийн үзлэг норм, дэг жаяг бүх юманд нь тэнцээд эх оронд нь би өөрийн гараар хүлээлгэж өгсөн. Тэр байтугай миний хүү Тангарагийн баяраараа 32 бөхийн барилдаанд үзүүрлэсэн. Гэтэл миний хүүг эрүүл саруул авч явчихаад ийм байдалд хүргэсэндээ ганц нь ч гэсэн анхаарал хандуулах болов уу гээд дуугүй байсан. Хүүгээ өвчтэй зовлонтой байхад нь хэл ам хийгээд яах вэ гэж бодож явлаа. Би хүүгээ цэрэгт яаж мордуулсан яг тэр хэвээр нь эргүүлж босгож авмаар байна. Эхэндээ би хүүгээ хөл дээр нь босгоод авъя дараа нь энэ асуудлыг ярьж болох байх гэж бодсон. Цэрэг армиа хүндэлсэн. Зэвсэгт хүчнийг гутаачихгүй юм шүү гээд дуугүй байлаа. Хэн ч бидэнтэй холбогдсонгүй. Уулзсангүй. Дуудсангүй. Уучлал хүссэнгүй. Үнэхээр гомдолтой байна. Би эрүүл саруул голомт залгах ганц хүүгээ цэрэгт явж хат суугаад ир гээд явуулсан. Гэтэл одоо хөл дээрээ босох үгүй нь тодорхойгүй. Захын мэдрэлүүд өнгөө алдаад эхэллээ. Харамсаж байна үнэндээ. Хүнд тэсвэр тэвчээр гэж бий. Би эцсээ хүртэл харсан шүү. Бид хоёрын ганц хүү шүү дээ.

-Та өөрөө ямар нэгэн газар, албан тушаалтанд хандсан уу?

-22-ын товчоон дээр хүлээж байгаад уулзсан Баярсайхан гэж хүнтэй л холбогдсон. Дараа нь нэлээд юм болж байж уулзах хүсэлт тавиад хэн гэлээ байз нэрийг нь мартчихжээ нэг хүн хүлээж авч уулзсан. Миний хүүгийн хэргийн талаар эндээс хүн томилно. Удахгүй та нарт мэдэгдэнэ л гэсэн. Тэгээд л таг. Миний хүү насаараа хэвтэрт байх магадлалтай болчихлоо шүү дээ. Тиймээс арга буюу холбогдох хүмүүсээс тусламж хүсэж нэг талаараа хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна. Хүүд минь хугацаа алдахгүй туслаач. Би хүүгээ монголын төрд өгсөн. Төрийн хамгаалалтад цэргийн ангид, цэргийн алба хаалгах гэж, эх орноо хамгаал гэж өгсөн болохоос хэн нэгний тоглоом шоглоомын үзүүрт гэмтэл бэртэл аваад насаараа хөгжлийн бэрхшээлтэй үлдчихээсэй гэж өгөөгүй. Тэр байтугай Төрийн тусгай руу шилжүүлээд сахиж байсан эхнэрт маань эхний 2-3 өдөр эргэлт оруулахгүй гээд хоол ч өгөөгүй. Ийм л байдалтай хөдөөний хүн гэж үзээд даапаалж байгаад гомдолтой байна. Миний хүүхэд хот руу ирэх замдаа өвчин намдаах эмээр зогоож ирсэн. Нөгөөхийнх нь үйлчлэл гараад ирэхээр “Ээжээ намайг авраарай” гэж хэлдэг байсан. Хоёр ч удаа пүлс нь унаад зүрх нь зогсохоо алдсан. Миний гол хүсэж байгаа зүйл ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагууд ядаж уучлал гуйгаач. Тэр хүүг маань гэмтээсэн цэрэг хууль шүүхээрээ явна биз. Ийм байдлыг үүсгэсэн цэргийн анги удирдлага, төрийн өмнөөс ажил гүйцэтгэж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа хүмүүс сэтгэл гаргахгүй байгаад гомдолтой байна. Нэн тэргүүнд хүүг маань хурдан эмчилж өгөөч. Маш их хугацаа алдлаа. Одоо гар нь мэдээгүй болж байна. Аягатай цайгаа барьж чадахаа болилоо.

-Тухайн хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн зүйл байхгүй гэсэн үг үү?

-Байхгүй. Би өөрөө хэрэг болгож долдугаар сарын 5-ны өдөр аймаг руугаа явсан. Аймгийн цагдаад өргөдөл гаргачихаад буцаж ирлээ.

-Цагдаагаас эргэж холбогдсон уу?

-Холбогдоогүй. Би өөрөө өчигдөр (долдугаар сарын 18-ны өдөр) цагдаа руу ярьсан. Наадам гээд амарч байгаад нэгдэхээс ажил орлоо. Одоо ажиллаж эхэлнэ л гэж байна лээ.

-Одоо хүүд тань ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Долоон зүүний эмчилгээгэнэ үү. Тийм л юм хийж байгаагаас өөр эмчилгээ байхгүй. Эм тариа ч байхгүй. Монголд эмчилж чадахгүй бол хурдхан гадаад дотоод авч яваад хүүг минь хөл дээр нь босгоод өгөөч. Ийм л зүйлийг хүсэж танай сонинд хандаж байна. Манай аймгаас сонгогдсон гурван гишүүн надад дэм тус болооч. Хаана хандахаа би мэдэхгүй байна. Үнэхээр хүнд байдалтай байна. Дээрээс нь Улсын мөрдөн байцаах газарт өмгөөлөгчөөрөө дамжуулж хандахад Говь-Алтай аймгаас миний хүүд хамаарах хэргийг шилжүүлж, Улаанбаатар хотод шийдвэрлэж өгөөч. Хохирогч Улаанбаатар хотод байна. Бид бүгд хүүгээ сахиад энд байна. Сум орон нутаг нь нэг нэгнээ өмөөрөөд, нэгнийгээ өөгшүүлээд энэ хэрэг шийдэгдэхгүй шинжтэй. Наадмын өмнө бид хэрэг болгож аймаг руугаа очиж өргөдлөө өгсөн ч арваад хоног юу ч хийгээгүй байна.

Байлдагч А.Алтангэрэлийн өмгөөлөгчөөс энэ хэргийн талаар тодрууллаа.

Энэ өөрөө маш хэцүү хэрэг. Цэргийн анги удирдлагууд бол хоёр хүн хоорондоо ноцолдож л байдаг, барилдаж л байдаг, нэгнийгээ гэмтээж л байдаг гээд гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж хандаж буй нэг баримт харагдаж байгаа. Нөгөө талаас тухайн байлдагчид гэмтлийн зэргийг тогтоож, санаатай биш ч санамсар болгоомжгүйгээс бусдын биед гэмтэл учруулж байгаа баримттай холбогдуулан гэмтэл учруулсан зэрэгт хариуцлага хүлээх ёстой. Түүнээс илүү миний харж байгаа өнцөг бол энэ хэрэг дээр цэргийн ангийг хариуцагчаар татаж оруулж ирэх ёстой. Цэргийн ангид дүрмийн бус үйлдэл яваад байхад хараа хяналт тавиагүй энэ үйлдэл өөрөө буруу. Цэргүүд бие биедээ гэмтэл учруулах нөхцлийг бүрдүүлсэн цэргийн анги, застав, удирдлагууд өөр юу байдаг юм тэр хүмүүс бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт, дүгнэлт гаргаад байгаа эмч нарын асуудал. Аймгийн эмч нар зураг хөргийг нь үзээд хугархай байна гэж тогтоосон атлаа автозамын тээврээр явахыг зөвшөөрөөд дүгнэлт гаргаад байгаа нь өөрөө мэргэжлийн хувьд алдаатай. Тэр хүмүүсийг ч энэ хэрэгт хамаатуулах ёстой. Хэн хэн гэдэг эмч үзсэн юм бэ. Дээрээс нь тээвэрлэлтийн горим алдсан. Дүрэм журмаараа авч үзвэл байлдагч гэмтсэн мэдээллийг албан ёсоор төв рүүгээ мэдээлээд алсын зайны дуудлага гэж зүйл өгөөд нисдэг тэргээр авах юм уу, эмнэлгийн зориулалтын машинаар авч явах ёстой. Гэтэл зүгээр нэг машинд суулгаад авч явсан. Сүүлдээ толгой нь тогтохгүй байхаар нь магнайгаар нь хойшоо машины суудлын дэртэй баглаж боосон байдаг. Хүнийг ингэж тамлаж болдог юм уу. Хэвтүүлсэн бол бас өөр хэрэг. Ийм хүндрэл бэрхшээлтэй авч ирсэн байдал нь өөрөө нугас нуруунд гэмтэл үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Энэ бол цэргийн ангийн удирдлагууд ажилдаа асар хариуцлагагүй хандсаны хор уршиг. Энэ байлдагчийн амь нас, эрүүл мэнд маш богино хугацаанд аврагдах боломжтой байсан ч цаг хугацааны алдагдлыг бий болгосон гэж үзэж байгаа. Мөн хугацаат цэргийн алба хаагчийг яагаад шууд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт аваачаагүй вэ. Нууцаар тэр 22-ын товчоон дээр хүлээж аваад, Баярсайхан гэх ХЦУГ-ын албаны дарга гэх хүн хувийнхаа машинаар очиж тосоод, Гэмтэл согог судлалын эмнэлэг рүү аваачсан гэж байгаа. Хамгийн аймшигтай нь онош тодорхой гэж үзэн Гэмтэлд бүртгэж аваад хагалгаанд оруулсан. Өөр хэн нэгэн гэмтэж бэртээд очсон тохиолдолд цагдаа нар Гэмтлийн үүдэнд зогсож байдаг шүү дээ. Цагдаа хүлээж аваад юунаас болж бэртсэн юм бэ, гэмт хэргийн чанартай үйлдэл байна гэж бүртгэж аваад хэрэг үүсгэх үү, хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэх үү гэж яригдаад мэдүүлэг авдаг. Тэгэхгүйгээр тэнд хэд хоног хав дарж байгаад цэргийн тусгай руу аваачаад 14 хоног аргацааж байлгамар болгож “14-өөс илүү хоног хүн байлгаж болохгүй одоо энэ хүнээ өөр эмнэлэгт түр байлгаж байгаад буцаагаад аваад ирж болно” гэдэг байдлаар хандаж, хөдөөнөөс ирсэн хүмүүсээр доог тохуу хийж байгаа нь өөрөө ноцтой үйлдэл.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 21, Бархасвадь гариг. Билгийн тооллын 23, шийдэм од, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5:15 цагт мандан, 20:42 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26-28 хэм, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Aлтайн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө нутгийн баруун хагаст сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын талын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой (III)” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Г.Батзориг “УИХ-ын дарга нь
Далай ламд мөргөх гэх мэт
бодлогын алдаа гаргаад байвал
инфляц улам гаарна” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хөгжлийн банкны зээлээс
502.7 тэрбум төгрөгийг
эргэн төлүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой (III)” нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

“Лоо стратеги” хуулийн фирмийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа “Тэмдэг тэмдэглэгээгүй газраар хариулагагүй мал бэлчээсэн нь малчны буруу” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ

Наймдугаар сарын 10-ны дотор цэцэрлэгийн эхний бүртгэлийг хийнэ DNN.mn

Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулахгүй

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхлэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цэцэрлэгийн элсэлтийн тухайд хамран сургах тойрогт хэдэн хүүхэд байгаа, яаж хамран сургах тойрогт нь хамруулах талаарх ажлыг E-mongolia-тай хамтран хийж байна. Наймдугаар сарын 10-ны дотор эхний бүртгэлийг хийх боломж гарах болов уу гэж харж байгаа” гэв.

Түүнчлэн улсын хэмжээнд 36 шинэ сургууль, 37 шинэ цэцэрлэг, долоон дотуур байрыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг салбарын сайд онцоллоо.


Categories
мэдээ нийгэм

УДБЭТ-ын засвар, шинэчлэлийн ажилд 1.9 тэрбум төгрөг төсөвлөжээ DNN.mn


Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд засвар, шинэчлэлтийн ажлууд үргэлжилж байна.

Тухайлбал, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын засвар, шинэчлэлийн ажилд 1.9 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, энэ оны хоёрдугаар сард тендер нь зарлагдаж, засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар гадна багана, хана, дам нуруунууд, дээврийн карникын одоо байгаа будгийг бүрэн хусаж, архитектурын чимэглэлүүдийг гэмтээхгүйгээр баримал ба чимэглэлийн элементүүдийн гэмтсэн хэсгүүдийг нөхөн сэргээж байна.

Мөн 2020 оны аравдугаар сард барилгад хийсэн оношилгооны дагуу хуучин шавардлагыг буулган шинээр шавардлага хийж, дээврийн гөлмөн төмрийн ус гоождог хэсгүүдийг засварлаж, барилгын дулаалга зэргийг шинэчилж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар барилгын гадна талын хусалт, дүүргэлтийн ажил дууссан бөгөөд барилгын засвар, шинэчлэлийн ажлыг 7 болон 10 хоногийн төлөвлөгөөний дагуу хийж, холбогдох байгууллагууд хяналт тавьж байна.

зураг

Ташрамд дурдахад, энэхүү барилгыг 1946-1949 онд барьж, 1950 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээс хойш үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчлөлгүй ашиглаж ирсэн юм.

зураг

Мөн Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга нь театрын барилгын сонгодог жишээ бөгөөд дотор гадна чиглэлийн ажлыг 1950 онд архитектор Б.Чимэд болон түүгээр ахлуулсан монголын ахмад уран бүтээлчид буюу Төрийн хошой шагналт, Ардын зураач, XX зууны манлай зураач О.Цэвэгжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зураач Д.Чойдог, Төрийн шагналт зураач Д.Манибазар, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч С.Чоймбол ахмад, Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жамбаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Даваацэрэн, уран барималч А.Доржготов нар бүтээжээ.

Түүхэн зураг болон барилгын тайлбарыг Монгол Улсын Зөвлөх архитектор З.Оюунбилэгийн “Уран барилга бол чулуугаар бичсэн түүх” нийтлэлээс ашиглав.

Эх сурвалж: Соёлын яам

Categories
мэдээ нийгэм

Эх нялхсын баруун хойд уулзвараас зүүн хойд уулзвар хүртэлх замыг наймдугаар сарын 1-н хүртэл хаана DNN.mn

зураг

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн/ бидний хэлж заншсанаар эх нялхас/ баруун хойд уулзвараас зүүн хойд уулзвар хүртэлх замыг өнөөдөр буюу 2022.07.20-ны 23:00 цагаас 2022 оны наймдугаар сарын 1-ний 08:00 цагийн хооронд хаахаар болсон байна.

Энэ үеэр цэвэр усны шугамын шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтийн дүн 503 тэрбумд хүрчээ DNN.mn

Хөгжлийн банк"-ийг дампууруулагчид | News.MN

Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Монголбанкнаас 2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр гаргасан 12039/01 дугаартай актаар Хөгжлийн Банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 57 хувь буюу 1.8 их наяд төгрөгт хүрээд байсан. Энэ нь тус банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх бодит үр дагавар үүссэн тул нөхцөл байдлыг харгалзаад 2022 оны нэгдүгээр сарын 20-нд олон нийтэд нээлттэй мэдэгдэж, Засгийн газар, Сангийн яам, төрийн холбогдох байгууллагууд хамтран ажилласнаар эхний хагас жилийн байдлаар 481.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлүүлсэн юм.

Улмаар долдугаар сарын 17-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийн дүн 502.7 тэрбум төгрөг болжээ. Үүнээс 262.3 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж, зээлийн дансыг хаасан байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Монгол Улсын Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Ташрамд дурдахад, энэ оны эхэнд нийт 66 зээлдэгч байснаас долоон зээлдэгч зээлээ бүрэн төлж, зээлийн дансаа хаасан байна гэдгийг Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалтад оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон иргэдийг сайн дураар оролцуулна DNN.mn

намрын ургац хураалт | News.MN

Засгийн газраас ургац хураалтад иргэдийг сайн дураар оролцуулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал “Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан байна.

Ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг авна.

Мөн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангалтад анхаарч ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх, ургац хураах, тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, засварлах ажлыг ургац тээвэр эхлэхээс өмнө гүйцэтгэж ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтар болон салбар хариуцсан бусад сайд нарт даалгалаа.

Өнөөдөр улсын хэмжээнд 347.7 мянган га-д үр тариа, үүнээс 331.0 манган га-д улаанбуудай, 17.9 мянган га-д төмс, 7.9 га-д хүнсний ногоо, 16.8 мянган га-д малын тэжээл, 81.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 478.7 мянган га талбайд тариалалт хийжээ.

Categories
мэдээ нийгэм

ЦУОШГ: Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр үргэлжилсэн бороо орно DNN.mn

Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр усархаг, үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

2022 оны долдугаар сарын 20-ны 20:00 цагаас долдугаар сарын 21-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Aлтайн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө нутгийн баруун хагаст сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын талын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байх аж.

Эх сурвалж: ЦУОШГ