Categories
мэдээ цаг-үе

Ковидын 323 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Ковид-19 халдварын эргэн тойронд: тандалт, судалгааны тойм–15 | News.MN

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 323 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 80-аар илүү байгаа юм.

Батлагдсан тохиолдлуудын

  • 193 нь Улаанбаатар хотод,
  • 130 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 934,357 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд хоёр, Баянхонгорт дөрөв, Дархан-Уулд нэг Дорноговьд дөрөв, Дундговьд дөрөв, Орхонд 10, Өмнөговьд 75, Сүхбаатарт зургаа, Увсад ес, Ховдод 13 бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 145 хүн эдгэрсэн бол одоогоор 3,628 хүн хяналтад байна.

зураг

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Уг хувилбараар өвчилсөн хүмүүст ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа аж.

Нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Зуун жилийн ой ба 100 жилийн хоцрогдол DNN.mn

Аймаг, сум, сургууль, цэцэрлэгийн тэгш ой шил шилээ даран тохиож байна. Тухайн аймаг сумдын удирдлагууд тэгш ойн баяраа дэнж хотойтол дэлгэр сайхан зохион байгуулахаар хэрэндээ л хичээж байгаа бололтой. Зарим нэг нь сумынхаа брэнд хонин сүргийг харуулахын тулд хүүхдүүдийг хонь болгоод талаар нэг бэлчээсэн бол зарим нь хүчит бөхийн барилдааны эхний даваанд 10 гаруйхан настай бяцхан хүүхдүүдийг ч барилдуулж олон түмнээ цэнгүүлж байна. Энэ мэт ойрд харагдаж үзэгдээгүй сонин содон нээлтүүд цаашид их л үзэгдэх бололтой. Бэлтгэлтэй л байгаарай та нар минь. Үнэндээ Монголчууд бидний тэгш тоо шүтсэн баяр наадмын хэнээрхэл хаана очиж дуусах юм бол. Бүхэл бүтэн нэгэн зууны түүхтэй суманд нь дэлхийд байтугай монголдоо танигдсан ганц ч үйлдвэр, брэнд бүтээгдэхүүн байхгүй, ажилгүйдэл, ядуурал нүүрлэчихсэн байхад юугаар огшиж, юугаараа ондооших гэж…

Тэгш ойн жилд зориулж тэрбум төгрөгөөр бурхан багшийн хөшөө босгосон түүх Сүхбаатар аймгаар л дуусаасай билээ. Өвлийн хүйтэнд бяцхан хүүхдүүд цэцэрлэгийнхээ гадна дагжин чичирч модон жорлондоо дугаарласаар байхад 100 жилийн ойгоо тэмдэглэхээс ичих хэрэгтэй. Байнгын ажиллагаатай ганц ч халуун ус, шүдний эмнэлэг, бүтэн биеийн оношилгооны аппарат ч байхгүй эмнэлгийн байгууллага 100 байтугай 1000 жилийнхээ ойг тэмдэглээд яах юм бэ. Хот хөдөөгийн ЕБС-ийн сургалтын чанар алд дэлэм байтугай хол зөрүүтэй байхад тэгш ойд зориулсан төгсөгчдийн хандиваар ширээ, сандал, ширдэг, буйдан авч байгааг ойлгох ухаан хайрла. Бид тооноос илүү чанарт ач холбогдол өгч үзүүлэнгээр биш үр дүнгээрээ бахархдаг, уралддаг цаг болсон л баймаар сан. Техник технологи, шинжлэх ухааны эрин үед зуун жилийн ойгоо 100 жилийн хоцрогдолтой баярлаж, хөөрч өнгөрүүлмээргүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Эрт ургацын төмс худалдаанд гарч эхэллээ DNN.mn

176.8 мянган тонн төмс хураана

Хүлэмжийн өргөст хэмх, ногоон сонгино, навчит ногооны хураалт жигдэрч, эрт ургацын манжин, лууван, төмсний түүвэр хураалт эхэллээ.

Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж, борлуулалтад гараад байна.

Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 7 дугаар сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна.

Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурах юм.

Улаанбаатарт өдөрт 10 орчим тонн хүлэмжийн нарийн ногоо захуудад хүрч, хэрэглэгчийн гарт очиж байна.

Тухайлбал, анх гарахдаа 1кг нь 7000 төгрөгөөр зарагдаж байсан хүлэмжийн өргөст хэмхийн үнэ 4000 төгрөг болж буурсан гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 18-30 насныхан байна DNN.mn

3 иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрчээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувь нь 18-30 насны хүмүүс байна хэмээн прокурорын байгууллагаас мэдээлэв.

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 206 хэрэгт хяналт тавьж, 128 яллагдагчид холбогдох 94 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон 186 хүний дийлэнх хувь нь залуучууд.

Тодруулбал 2.1 хувь нь 17 хүртэл, 2.7 хувь нь 45-аас дээш, 23.6 хувь нь 31-44, 71.5 хувь нь 18-30 насны хүмүүс байгаа бол 90.9 хувь нь эрэгтэй, 75.3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна гэв.

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт ажиллах коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд DNN.mn

Вакцин хадгалж, тээвэрлэх хөргүүр худалдан авч байгаа" | News.MN

Өнөөдөр нийслэл хотод коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 24 цэг, 2 түр цэг ажиллана.

Эдгээр цэгт нийтдээ 24 багийн 89 эмч, ажилтан ажиллах юм. Иргэн та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.











Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

2022 он дуустал АИ-92 автобензиний үнэ нэмэгдэхгүй DNN.mn

АИ-92 автобензиний 36 хоногийн нөөцтэй байна

ОХУ-ын “Роснефть” компаниас энэ оны долдугаар сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 1255 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллараар, Аи-95 автобензин 1355 ам.доллар, Аи-98 автобензин 1405 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллараар, дизель түлшний үнэ өмнөх сараас 135 ам.доллараар нэмэгдэж 1230 ам.доллар болж үнэ нь өссөн байна.

ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд газрын тосны үнийн өсөлт, импортын үнэ болон ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор А-80 бензиний дундаж өртөг 3758 төгрөг, Аи-95 бензиний дундаж өртөг 4145 төгрөг, харин дизель түлшний дундаж өртөг 4116 төгрөгт хүрч нэмэгдсэн байна. УУХҮЯ-наас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор ОХУ-ын Роснефть” компанитай хэлцэл хийж, энэ оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 бензиний хилийн үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр дөрөвдүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан Аи-92 бензиний жижиглэн борлуулалтын үнийг 2390 төгрөг болгож тогтворжуулаад байна. 2022 оны долдугаар сард ОХУ-ын Роснефть” компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 бензиний үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрээд байна. Ингэснээр 1285 ам.долларт хүрээд байсан Аи-92 бензиний хилийн үнийг тонн тутамд 830 ам.доллар буюу нэг литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 төгрөгөөр бууруулж, литр тутмыг 2390 төгрөгөөр он дуустал тогтвортой байлгах боломжтой болсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Хөгжлийн банкны зээлээс 502.7 тэрбум төгрөгийг эргэн төлүүллээ

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Монголбанкнаас 2021 оны арванхоёр дугаар сарын 21-ний өдөр гаргасан 12039/01 дугаартай актаар Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 57 хувь буюу 1.8 их наяд төгрөгт хүрээд байсан. Энэ нь тус банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх бодит үр дагавар үүссэн тул нөхцөл байдлыг харгалзаад 2022 оны нэг дүгээр сарын 20-нд олон нийтэд нээлттэй мэдэгдэж, Засгийн газар, Сангийн яам, төрийн холбогдох байгууллагууд хамтран ажилласнаар эхний хагас жилийн байдлаар 481.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлүүлсэн юм. Улмаар 07 дугаар сарын 17-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийн дүн 502.7 тэрбум төгрөг болжээ. Үүнээс 262.3 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж, зээлийн дансыг хаасан байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Ургац хураалтад иргэдийг сайн дураар оролцуулна

“Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Мөн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангалтад анхаарч ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх, ургац хураах, тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, засварлах ажлыг ургац тээвэр эхлэхээс өмнө гүйцэтгэж ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтар болон салбар хариуцсан бусад сайд нарт даалгалаа.Өнөөдөр улсын хэмжээнд 347.7 мянган га-д үр тариа, үүнээс 331.0 манган га-д улаанбуудай, 17.9 мянган га-д төмс, 7.9 га-д хүнсний ногоо, 16.8 мянган га-д малын тэжээл, 81.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 478.7 мянган га талбайд тариалалт хийгээд байна.

2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангахЗасгийн газрын тогтоол батлагдлаа

Дулааны улирлын цаг агаарын төлөв байдлаас харахад зуны саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан буюу олон хоногоор хэт халуун үргэлжлэх, гэнэтийн аадар бороо орж болзошгүй байна. Мөн малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр, малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн даац багтаамж жилээс жилд багасаж байгаа тул 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангах талаар ХХААХҮЯ-наас Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Энэ бүхнийг харгалзан үзэж Засгийн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол, мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн аюулгүйн нөөцөд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн хэмжээ зэргийг батлав.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл ажилд шаардагдах сэлбэг, материал, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн шуурхай байдлыг хангах талаар БНХАУ-ын талтай холбогдох уулзалтуудыг зохион байгуулж, үр дүнг 2022 оны наймдугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад даалгав. Валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж ОХУ-аас импортоор худалдан авч байгаа эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх, эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, 2022-2023 оны өвлийн их ачааллыг амжилттай давахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж, саналаа есдүгээр сарын 14-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2022 оны долдугаар сарын 18-ны байдлаар дунджаар 51.6 хувьтай үргэлжилж байна.

53 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-нд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан. Үүнтэй холбогдуулж “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” Ерөнхий сайдын албан даалгаврыг гаргаж, санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болголоо. Энэ хүрээнд хийгдэж буй ажлуудын явцыг 14 хоногийн дараа дахин шалгахаар болов. Долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар “Таван толгой түлш” ХХК нь баруун бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж нийслэлийн зургаан дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 53,061.0 тонн түлш нөөцлөөд байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа DNN.mn

Болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж  байна | Mand.mn

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хагаст сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын талын нутгаар 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Цог: Тариалангийн салбарынхан ашиг олох нь бүү хэл тариа тарьсан өртөг зардлаа нөхөж чадахгүйд хүрсэн DNN.mn

Монголын тариаланчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Б.Цогтой ярилцлаа.


-Цар тахал болон дайны нөхцөл байдал бидэнд дотоодынхоо хүнсний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах нэн шаардлагатай гэдгийг ойлгууллаа. Үүний тулд тариалан эрхлэгчдээ дэмжих төрийн бодлого чухал байх л даа. Энэ жил хэчнээн мянган га талбайд тариалалт хийв?

-Атрын IV аян 2019 онд зарлагдсанаас хойш газар тариалангийн үйлдвэрлэл хоёр жилийн дотор 20 хувиар өссөн. 2019 онд жилд 520 мянган га-д үр тариа, ногоо, тэжээлийн таримал тарьдаг байсан бол 2021 оны байдлаар 620 гаруй мянган га талбайд тариалдаг болж нэмэгдсэн. Харин энэ жилийн тухайд цар тахал, геополитикийн асуудал, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг орц найрлагын өсөлт зэргээс болоод газар тариалан эрхлэгчдийн тоо буурсан. ХХААХҮЯ-наас өгч байгаа мэдээллээр 570 мянган га-д тариалалт хийсэн гэх мэдээлэл бий. Газар тариалангийн салбарт ажиллах нь өнөөдөр тарихаар шийдээд маргааш нь тарьчихдаг, нөгөөдөр нь хураагаад авчихдаг тийм амар зүйл биш. Тариаланчдын нэг жилийн нийт зардлын 33 хувь нь дараа жилийн уринш тарих зардал байдаг. Хэрэв энэ жил тогтсон хугацаандаа уриншаа бэлдэж чадахгүй бол дараа жил ургац авч, уринш бэлдэх боломжгүй болно. Энэ жил тулгамдсан санхүүгийн бэрхшээл, хор хөнөөл нь ирэх жилийн ургацанд нөлөөлж болзошгүй.Манай салбар эрүүл, аюулгүй хүнсээр улс орноо хангах үүрэг хүлээж байгаа. Тиймээс бидэнд тулгамдаж байгаа асуудал гэдэг бол улс орны хэмжээнд тулгамдаж байгаа асуудал юм л даа. Газар тариалангийн үйлдвэрлэлийн үнийн өсөлт, бүтээгдэхүүний орцын нийлүүлэлт тасалдсанаас үүдэн энэ өвлөөс эхлээд хүнсний хангамж тасалдах магадлалтай. Зөвхөн 2021 оны зунтай харьцуулахад хүнсний ногоо тасалдсанаас үүдэн үнийн өсөлт 3.5-4 дахин нэмэгдсэн.Гэтэл энэ өсөлт нийлүүлэлт хэвийн болсон ч эргэж буурахгүй байна.

-Шатахууны үнийн өсөлт газар тариалан эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Тариалангийн компаниудын ашиглаж байгаа техник, технологиос шалтгаалж тарихаас хураах хүртэл нэг га тутам 20-35 литр түлш зарцуулдаг. Тухайлбал, 2000 га-д тариалан тарьдаг компани жилдээ 100 гаруй сая төгрөг түлшинд зарцуулдаг байсан бол энэ жил 200 гаруй сая төгрөг зарцуулахаар болж байна. Өнгөрсөн жил литр түлш 1900 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 4050 төгрөг болоод өсчихлөө.Энэ нь тариаланчдад маш хүндээр тусаж байна. Энэ бол ганцхан түлшний зардлын өсөлт. Түлшний зардал нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг. Үүн дээр бусад зардлууд болох ургамал хамгааллын бодис, бордоо гэх мэт тариалалтад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнэ ч мөн өссөн. Тухайлбал, нэг тонн бордоо 1.300.000 төгрөгөөс 3.800.000 төгрөг, ургамал хамгааллын бодис 40.000-аас 120.000 төгрөг болоод өсчихсөн. Тариалахаас хураах хүртэлх зардал тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөгийг бий болгож байгаа. Үйлдвэрлэлийн өртөг хамгийн багадаа 80-200 хувь нэмэгдсэн нь тариаланчдад хүндээр тусч байна.

-Үйлдвэрлэлийн өртөг өснө гэдэг борлуулалтын ханш өсөхийн шинж биз дээ?

-Тийм л дээ. Одоогоор газар тариалангийн үйлдвэрлэл 80-200 хувийн үнийн өсөлттэй байна. Яг өдийд бид ирэх жил тариа тарих талбайгаа бэлдэх ёстой. Хоёрдугаарт, энэ жил хур бороо элбэгтэй байсантай холбоотой зэрлэг ургамлын гарц нэмэгдсэн. Энэ бүхнээс шалтгаалаад бидний түлшний хэрэглээ өмнөх жилийнхээс 20 хувиар нэмэгдэж байна. Түүнчлэн хэдхэн хоногийн дараа тарьсан ургацаа хураах цаг болж байна. Яг ийм чухал үед түлшний үнэ өсч байгаа нь газар тариалан эрхлэгчдэд хүнд тусч байна. Хэдийгээр түлшний үнэ өссөн нь зөвхөн газар тариалан эрхлэгчдэд хүндээр тусч байгаа мэт боловч үүний цаана Монгол Улсын нийт хүн амын хүнсний хэрэглээг хангах асуудалд бэрхшээл тулгарч байгаа хэрэг л дээ.

-Үнийн өсөлтөд нөлөөлж байгаа түлшний үнийг бууруулахад төрийн оролцоо дэмжлэг юу байна вэ?

-Түлшний үнийг төрөөс хүчээр буулгаж, тариаланчдад олгох нь ямар ч үр дүнгүй арга болчихоод байгаа. Энэ бол шийдэл биш. Манай улсын хэмжээнд төрийн оролцоотойгоор үнийг нь барьж байгаа хоёр салбар байгаа нь газар тариалан, эрчим хүч. Улс түлшний зардлыг хямдрууллаа гэж бодоход энэ зардал нь тариаланчдын нийт өртөгийн ердөө л 20-30 хувийг эзэлж байна. Тэгэхээр үлдсэн 80 хувийн зардлыг бүгдийг нь төрөөс бууруулах юм уу. Тийм боломж байхгүй. 2021 оны байдлаар нэг га-д зарцуулж байгаа өртөг 480-590 мянган төгрөг байсан. Энэ жил одоогийн байдлаар будааны өртөг 650-780 мянган төгрөгийн өртөгтэй байна. Бидний нэг га-д зарцуулах зардал ийм өндөр байхад өнгөрсөн жил төрөөс нэг тонн будааг 650 мянган төгрөгөөр авсан. БНХАУ-д дотоодын тариаланчдаасаа нэг тонн будааг 1.600.000 төгрөгөөр худалдаж авч байна. Гэтэл манай улс БНХАУ болон ОХУ-аас ургамал хамгааллын бодис, бордоо, түлш, техникүүдээ импортоор авдаг. Өөрөөр хэлбэл, манай улсын газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн 90 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Гэтэл БНХАУ-д тонн будаа 1.600.000, ОХУ-д 1.000.000 төгрөгийн ханштай байхад манайд 650.000 төгрөгийн ханштай байгаа нь салбарт эрүүл бус харилцаа бий болсны дохио. Төрөөс түлшний үнэд хөнгөлөлт үзүүлсэн учраас тариалангийн салбар үнээ нэмэхгүй байх үүрэг өгдөг. Энэ нь тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Цаашид тариа тарих, энэ салбарт ажиллагсдын тоо хэмжээнд хүртэл нөлөөлнө. Тариалангийн салбарынхан ашиг олох нь бүү хэл тариа тарьсан өртөг зардлаа нөхөж чадахгүйд хүрсэн. Тэгвэл дараа жил хэн тариа тарих вэ. Тиймээс эрүүл харилцаа талаасаа төрийн зохицуулалт буруу байна.Үнэндээ, дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ, хөгжүүлнэ хэмээн уриалж байгаа боловч улаан буудай, рапсын тариалалтыг хязгаарлаад байгаа нь дэмжлэг мөн үү. Энэ байдлаараа улаан буудайн үнийг төрөөс удаан барих юм бол ирэх жил улаан буудайгаа тариалж чадахгүй. Өмнө нь 620 мянган га-д тариалалт хийж байсан бол энэ жил 570 мянган га болж буурсан. Бид ойролцоогоор 50 мянган га-д тариалалт хийж чадаагүй буюу нийт тарих талбайнхаа 10 хувьд тариалалт хийж чадаагүй байна. Ирэх жилүүдэд энэ тоо 20-30 хувьд хүрвэл юун дотооддын хүнсний хэрэглээгээ хангах байтугай, хүнсний хомсдолд орох магадлалтай. Угтаа зах зээлийнхээ зарчмаар газар тариаланг хөгжүүлбэл бид дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж бүрэн бий.

-Уг нь, шатахууны хөнгөлөлт, зээл, урамшуулал олгох гэх мэтээр газар тариалан эрхлэгчдийг төрөөс тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг. Эдгээр дэмжлэг нь бодит дэмжлэг болдоггүй гэж үү?

-Түлшний дэмжлэгийн тухайд жижиглэнгийн үнэ нь 4050 төгрөг байхад бөөний үнээр буюу 3900 орчим төгрөгөөр бодож 100-150 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж гэрээ хийдэг. Хавар,намарт авсан түлшний зээлээ намар эргүүлээд будаагаараа төлдөг. Монгол Улсын хэмжээнд 570 мянган га талбайд тариалалт хийж, 340 мянган га-д үр тариа тариалсан гэж тооцоход ХААДС-аас нийт үр тарианы 20 хувьд л зарцуулах түлшний дэмжлэг олгодог. Одоо тариаланчид улс дахиад улаан буудайн үнийг барьчихвал дампуурна гэсэн айдастай байна.

-Манайх чинь чөлөөт зах зээлд ардчилал гарснаас хойш шилжсэн шүү дээ. Төр газар тариалангийн салбар тэр дундаа улаан буудайн үнийг хүчээр үргэлжлүүлэн барих боломжтой гэж үү?

-Үнэндээ манайх чөлөөт зах зээлтэй гэж хэлэхэд үр тариа, эрчим хүчний үнийг хязгаарлачихаад байгааг юу гэж ойлгох вэ. Үүнээс чинь болоод газар тариалан эрхлэгчид үр тарианы салбараас татгалзахад хүрч байна. Хэрэв импортоор ОХУ-аас улаанбуудай авах юм бол тонныг нь 1.300.000 төгрөгөөр авахаар байгаа. Дотооддын үйлдвэрлэлээ дэмжинэ гэх хоосон уриа лоозон эсрэгээрээ дотооддын үйлдвэрлэлээ боймилж байна. Энэ бүх шалтгааныг том зургаар нь аваад үзвэл Худалдааны яам байдаггүйтэй холбоотой. Хэрэв Худалдааны яамтай байсан бол манай улс бодлого, стандарт, төлөвлөлт, зохицуулалттайгаар дотоодын бараа бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах боломжтой байсан. Дээр нь импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд ямар ч хяналт алга. Дотооддоо үйлдвэрлэх зардлаас гадаадаас бэлэн бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалах нь илүү ашигтай байна. Ингээд бодохоор хэн үйлдвэрлэгч байхыг бодох вэ. Энэ мэтээр бодлого зохицуулалт байхгүйгээс дотоодын үйлдвэрлэлүүд хаалгаа барихад хүрч байна. Хэрэв зөв бодлого хэрэгждэг бол улаанбуудай дээр ярихад бид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна улсын нөөцөд 50-100 мянган тонныг хуримтлуулаад илүү гарсан бүтээгдэхүүнээ зараад нэг их наяд төгрөг олох боломж бий.

-Энэ жилийн тухайд тариалалтын ургац ямар байна вэ?

-Байгаль цаг уурын тухайд таатай сайхан байгаа. Гэхдээ Монгол Улсын баруун бүс гантай байгаагаас газар тариалангийн үйлдвэрлэл хүндхэн байдалд орсон. Энэ хавар тариалалт эхлэх цагаар мөнгө санхүүгийн хямралд нэлээд орсон. Манай улсын хэмжээнд үр тарианд жилд 30 гаруй мянган тонн бордоо шаардлагатай байдаг. Бид 2021 онд бордоо шаардлагатай газрынхаа 30 хувьд нь бордоо ашигласан. Харин энэ жилийн тухайд 2000 тонн л бордоо ашигласан. Бордоо ашигласнаар таримал бүтээгдэхүүний гарцыг 40-60 хувь хүртэл нэмэгдүүлдэг. Энэ жил ийм бага хэмжээгээр бордоо авсан нь үнийн өсөлт, хил гаалийн гацаа, дайны нөхцөл байдлаас шалтгаалсан.БНХАУ энэ жил фосфорын бордооныхоо экспортыг зогсоосон. Фосфорын бордоо үрийн чанарт нөлөөлдөг. Харин ОХУ азотын бордоогоо экспортлохоо зогсоосон. Азотын бордоо тухайн таримал бүтээгдэхүүний жинг өсгөдөг. Гэтэл энэ жил бордооны хэрэглээ эрс багассан учраас байгаль цаг уурын таатай нөхцөлд найдаж суухаас өөр аргагүй байдалд хүрч байна.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 28-наас олгоно DNN.mn

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

НӨАТ-ын энэ оны II улиралын буцаан олголтыг 7 дугаар сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлснээр энэ сарын 28-наас эхлэн олгох юм байна.

НӨАТ-ын энэ оны II улиралын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улиралын буцаан олголтыг долдугаар сард, III улиралын буцаан олголтыг аравдугаар сард, IV улиралын буцаан олголтыг ирэх жилийн нэгдүгээр сард тус тус олгодог.

Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд татвар төлөгчдийн тухай улиралд хийсэн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохоор тусгасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Европын Холбоо гишүүн орнууддаа байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар танахыг уриалав DNNN.mn

МОНГОЛ УЛС ХААНААС БАЙГАЛИЙН ХИЙТЭЙ БОЛОХ ВЭ?

Европын Холбооны гүйцэтгэх дээд байгууллага өчигдөр гишүүн орнууддаа байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар танахыг уриалжээ.

Украины дайн эхэлснээс хойш тус холбоо Оросын эрчим хүчний хараат байдлаас гарахыг чармайж байгаа. Гэвч ирэх өвөл эрчим хүчний хямрал тохиолдох магадлалтай болоод байна.

Украины засгийн газрыг дэмжсэн бодлогынх нь хариуд Оросын тал Европын Холбооны арав гаруй улсад байгалийн хий нийлүүлэхээ зогсоож, Герман улсад нийлүүлдэг хийн хэмжээгээ бууруулах магадлалтай болсон юм.

Германы зах зээлд хий нийлүүлдэг “Умард Урсгал 1” дамжуулах хоолойн ээлжит засварын ажил дуусаж, өнөөдөр үйл ажиллагаа нь сэргэх хуваарьтай байгаа. Гэхдээ дамжуулах хийн хэмжээ нь нэлээд хэмжээгээр буурахыг Москва урьдчилж анхааруулсан юм.

Евро Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Орос биднийг сүрдүүлж, эрчим хүчээ зэвсэг болгон ашиглаж байна. Тэд хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоож, энэ нь Европын Холбоонд хүндээр тусах магадлал өндөр боллоо. Манай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон улсад хямрал үүсвэл бусад бүх гишүүн улсуудад нөлөөлөх болно” гэж өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Тэрбээр энэ үеэр ирэх өвлийг хэрхэн амжилттай давах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Төлөвлөгөөнд Европын Холбооны гишүүн орнууд наймдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл хугацаанд хийн хэрэглээгээ сайн дурын үндсэн дээр 15 хувиар бууруулах санаачилга багтсан байна. Энэ хэмнэлт нь сүүлийн таван жилийн дундаж хэрэглээтэй харьцуулсан тооцоо юм.

Европын Холбооны хамгийн том эдийн засагтай Герман улс Украины дайнаас өмнө нийт байгалийн хийн хэрэглээнийхээ 50 хувийг ОХУ-аас авдаг байв.

Европын Холбооны нийт хэрэглээний 40 хувийг ОХУ хангадаг байжээ. Одоогоор ОХУ-ын эрх баригчид Балтийн орнууд, Польш, Болгар, Финланд улсуудад хий нийлүүлэхээ бүрэн зогсоосон бол Герман, Итали, Австри, Дани, Словак, Нидерландын нийлүүлэлтээ багасгаад байна.

Тухайлбал “Умард Урсгал 1” дамжуулах хоолойн нийлүүлэлт дайны өмнөх үеэс 60 хувиар буурчээ. Ирэх өвөл ОХУ нийлүүлэлтээ бууруулсан хамгийн муу хувилбараар тооцоолоход Европын Холбооны эдийн засаг 1.5 хувиар агших төлөв гарсан байна.

Урсула фон дер Ляйены танилцуулсан төлөвлөгөөг Европын Холбооны гишүүн 27 орны эрчим хүчний сайд нар ирэх Мягмар гарагт хэлэлцэх юм.

Эх сурвалж: The Guardian